Showing posts with label Хүн чанар. Show all posts
Showing posts with label Хүн чанар. Show all posts

Wednesday, March 19, 2014

Андад минь туслаарай, аз жаргал бэлэглээрэй

Сайхан мэдээ сонсов. Тэртээ баруун хязгаарт нэг ангид 8 жил цуг суралцсан анд минь эмчилгээнд орохоор болжээ.Түүнийг маань Содномын Баянмөнх гэдэг. Мөн ч сэргэлэн, эвтэй нөхөрсөг хүүхэдсэн. Гэтэл найм төгссөнийхөө дараахан мориноос унасны улмаас сонсголгүй болсон юм. Найз минь гучин жил сонсголгүй явсан. Чухам л ардаар яваад ч бараагүй, анагаахаар яваад ч бараагүй. Тэр минь хувь тавилантайгаа эвлэрч бусдын яриаг амных нь хайрцгаар уншиж, болохгүй бол бичгээр харьцдаг болсоор 30 жилийг үджээ. Гэхдээ би дүлий хүн гэж элгээ эвхэж суугаагүй, хувь заяанд гомдоллоогүй. Амраг ханьтай болж, алаг үрстэй болж, гал голомтоо бадрааж бусдаас дутуугүй аж төрөх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Манай ангийнхан найзаараа бахархдаг. Хаан тэвчээр, ноён нурууг нь бахдан хэлэлцдэг.
Гэтэл баярт мэдээ сонсогдлоо. Түүний сонсголыг эмчлэх эмч нар олджээ. Австралийн эмч нар 90 хувийн баталгаа амласан, хэзээ мөдгүй ирэх гэж байгаа гэнэ. Сайхан мэдээ... Гэхдээ эмчилгээнийх нь зардал чамгүй мөнгө гэнэ. Сайн санаат хүмүүс ээ, андад минь туслаарай. Гучин жил хорвоогийн авиа чимээг сонсоогүй андад минь өгсөн сэтгэлийн өглөг бол жинхэнэ буян болно шүү. Сайн сэтгэлт хүмүүн та доорхи холбоосоор нэг ороод үз дээ.
https://www.facebook.com/jargalbeleglene?fref=ts

Friday, June 19, 2009

Андаас хагацахуй

Олон жилийн өмнө.
-Чи найзынхаа төлөө явах уу гэж тэр надаас асуув.
-Асуух юун гэж би дуу алдаад түүний төлөө үхэн хатан зүтгэв.
Олон жилийн дараа.
-Чи миний төлөө явах уу гэж би түүнээс асуув.
-Чи миний хамгийн сайн найз учраас ойлго. Би сүргээсээ тасармааргүй байна гэж тэр хэлэв.
Өчигдөрхөн цөөврийн сүргийн хор хөнөөлийн талаар надтай удтал хөөрөлдсөн анд минь
өөрөө тэдний нэг байсансанж. Би түүнийг сүрэгтэй нь үлдээгээд ганцаар одлоо. Цагаан үнэний мөрөөр ийнхүү ганцаар замнан одоход цатгалан цагаан найз маань цөөврийн сүргээ бараадан харц буруулсаар үлдэв. Хүн хэмээн хүндэлж явсан түүнийг чоно хэмээн таних ямар хүнд юм бэ.

Wednesday, December 20, 2006

Мөстлөгийн эрин

Монголд маань хүн чанарын мөстлөгийн эрин эхэлчихэж дээ. Алтантуяа гэдэг бүсгүй Малайзад очоод зэрлэгээр хөнөөлгөхөд түүний өнгөрсөн амьдралаас нь хар бараан, муу муухайг олж сенсаац дэгдээх гэсэн сэтгүүлчид улай харсан хэрээнүүд \Хатуу үгэнд минь бүү эмзэглээрэй, мэргэжил нэгтнүүд минь\ шиг л шаагилдсан. Охиноо алдсан эх эцэг, ах дүүгийн сэтгэл зүрх рүү хэн ч шагайгаагүй. Хэн нь ч үйл явдлыг тэдний нүдээр харахыг хүсээгүй. Биеэ үнэлэгч, худалч, шантаажлагч гээд л ... Малайзын сэтгүүлчид Монголд ирж баримт цуглуулахад нь 10 долларын төлөө талийгаачийг муулсан ямар ч түүх зохиоход бэлэн шаарнууд хөлд нь орооцолдоод л...
Саяхан бас нэг эмгэнэлт явдал тохиолдов. Швейцарийн иргэн Изабелла гэгч бүсгүй гэр нь шатахад хүүхдүүдээ авраад өөрөө угаартан нас барав. 31-хэн настай цэл залуухан бүсгүй монголчуудын гудамжинд гаргачихсан 10 хүүхдийн ээж нь болж, айлын хашаанд гэр, орон сууцанд өрөө хөлслөн монгол маягаар амьдрахын төлөө үзэж дарж, эцэст нь аав ээжийнхээ хүрээд ир, сайхан амар гэж явуулсан мөнгөөр байшин бариулж авч. Гэтэл тэр нь шатаж, өөрөө амь алджээ.
Монголын гадуурхагдсан хүүхдүүдэд тусална хэмээн Швейцарт байсан бүх юмаа зараад Улаанбаатарт ирсэн энэ бүсгүй гологдож нүд үзүүрлэгдэж, эвдэрч замаа алдсан 10 хүүхдийг зөв замд нь оруулж, эхийн хайраар хайрлаж, хүний ёсоор амьдруулж, эцэст нь халуун галаас тоо бүрэн авраад өөрөө гарч амжилгүй гал нурманд даруулжээ. Ганц нэгхэн телевизээр хальт гарсан мэдээ, ганц нэгхэн сонинд янз бүрээр бичсэнийг эс тооцвол энэ талаар чив чимээгүй өнгөрөх бололтой. Зэрлэг балмад үйлдлийн уртын урт жагсаалт өдөр бүр үргэлжлэх атал зориг баатарлагийн ийм жишээ нэн ховор тохиолддог. Монголын төр тэр бүсгүйд баярлалаа гээд хэлчихэд юу нь болохгүй байгаа юм бол оо?
Болохгүйн учир тэр бүсгүй христэч гэдэгт байгаа бололтой. Шал тэнэг юм. Аль шашин шүтэх нь ямар хамаа байнаа? Хүн гэдэг утгаараа тэр бүсгүй дэндүү том гавьяа байгууллаа гэдгийг яагаад олж харахыг үл хүснэ вэ?
Хүний амь гэдэг дэндүү үнэтэй. Олон жилийн өмнө мэргэжлийн ажлаа хийж явахдаа би зовлон гунигийн эмзэг нарийныг яс махаараа мэдэрч билээ. Хөвсгөлийн Байшинтад болсон онгоцны ослын үеэр мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллаад энэ бол хэдэн жилийн өмнө Завханы Марз ууланд гарснаас том осол гэсэн дүгнэлт хийв. Би сурвалжлагаа энэ дүгнэлтээр гарчиглав. Уг нь баттай эх сурвалжаас авсан хөдөлбөргүй дүгнэлт хэдий ч үүний цаана хүний зовлон, хүний амь бий, эдгээрийг нэг нь их, нөгөө нь бага, аль эсвэл шинэ хуучин гэж ялгаж дугаарлаж болохгүй гэсэн ёс суртахууны бичигдээгүй хуулийг зөрчсөн минь насаараа өөрийгөө зэмлэхэд хүргэсэн билээ. Өдгөө би оюутнууддаа эхлээд чи хүн бол, дараа нь сэтгүүлч бол гэж хэлээд өөрт тохиолдсон энэхүү түүхийг ярих дуртай. Харин сүүлийн үед бид бүгдээрээ хүн биш юм шиг санагдаад байх чинь... Хүн чанар их мөстлөгт нэг автвал ч хэцүү дээ.

Wednesday, December 13, 2006

Өвгөд минь, хөгшид минь

Алтайн хөх салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг, говийн халуун наранд шаруулж нэг, төөнүүлж нэг үзсээр хатсан үдээр шиг болсон цэлдэн хөх банди их уулсын ирмэг хурц чулуун дунд эвэршиж хатуурсан нүцгэн хөлийнхөө тавхайг гялалзуулан дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар... Цагийн ихэнхийг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан туранхай хөх өвгөд ороод гарах, зөрөөд өнгөрөхдөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс л он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам ойртон тодорно. Хэлсэн эзэд нь орчлонгийн жамаар их уулсын зэрэглээ тонгочих бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ? Гэтэл арван жил, их сургуулийн танхимд эрдэм ухааны сор болсон ачит олон багш нараараа заалгасан бүхэн маань сэтгэлд ийн гүн бат хоногшоогүй, орхигдон мартагдаж шигшигдэн цөөрсөөр байдаг нь бас юуных вэ? Гучин таван үсэг танихтай үгүйтэй, гурван үгтэй өгүүлбэр бичихтэй үгүйтэй тэр өвгөд цөлх ухаанаа цөөн үгэнд шингээгээд өнөө эс гэхэд маргааш энэ хүүд хэрэг болно хэмээн зөв амьдрах, хүн байхын утга учрыг энгийнээс энгийнээр хэлж өгсөн нь тэр байж. Залуу насны оргилуун дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн хатуу зөөлөн, хар цагааныг эс ялган, хожим ирэх харуусал ухаарлыг эс мэдрэн жад шиг хурц, туг шиг босоо явах үедээ тэдний холч ухааныг олж анзаараагүй юмсанж. Ийнхүү галтай дөлтэй, эрчтэй хурдтай хэсэг явсны эцэст нэгтээ амсхийн өнгөрснөө эргэцүүлэхүй алдсан гэнэдсэн бүхэн минь нутгийн хөх өвгөдийн аядуу намуун өгүүлсэн энгийн хэдэн үгийг эс ухаарсны гор байх ажгуу. Буурлаас үг сонс гэж зүгээр ч нэг хэлчихээгүйг хүн бүр ухаарч өвгөд хөгшдийнхөө сургаал захиасыг байн байн эргэцүүлж байваас хожмын өдөр өөрийгөө яллахгүйсэн буюу.

Saturday, December 09, 2006

Утечка совести

Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэддэг гэж үг бий. Эргээд харахад Галаарид гэдэг хүний сэтгэлийн хаалгаар мөн ч олон хүн орж, бас мөн ч олон хүн гарчээ. Тун цөөхөн хүн хүндтэй суудалд налайсаар он жилийн уртыг элээж байх юм. Яагаад тэгэв? Би адгийн новш юм болов уу? Тэгвэл тэр олон хүмүүс анхнаасаа орж ирэхгүй байж болох биш үү? Эсвэл... За яршиг гол зүйлдээ оръё.
Олон оны өмнө "Комсомольская правда" сонины Улаанбаатар дахь сурвалжлагчаар Леонид Арих гэдэг залуу ажилладаг байв аа. Сайн бичдэг лут сэтгүүлч байсансан. Тэр нэг удаа "Утечка совести" гэж өгүүлэл бичсэнийг нь санаж байна. Уншсан цагаас хойш энэ гарчиг толгойд минь хадагдаад өдий олон жил болоход мартагдах нь бүү хэл байн байн бодогдож цагийн өнгө бүүдийж, хүний мөс нимгэрэх тусам сэтгэл зүрхний эмзэг нарийн утсыг энэ л хоёр үг базаад, маажаад,мэрээд малтаад байх шиг...
Олон сайхан нөхөд минь цагийн шалгуур эс даан миний сэтгэл зүрхнээс ачаа хөсгөө хөтөлсөөр холдон одож...Зарим нь нэг л мэдэхэд чимээгүйхэн явчихсан, заримыг нь би хөөгөөд явуулчихсан, заримтай нь зам нийлэхгүй заяа тавилангийн хатууг гайхалцаад тэврэлдэн салсан. Зарим нь эргэж бууя хэмээн үүд тогшиход би хаалгаа нээгээгүй. Заримыг нь эргээд ирээч хэмээн урин дуудахад нэгэнт оройтсон байсан. Зарим нь бууж мордож хуучин дурсамжаа сэргээн хуучлах төдий... Зарим нь өчнөөн хугацааны дараа эргэж учраад бидний хооронд он цагийн тасархай байсныг ор тас мартан хойморт минь заларч буй. Юм болгоныг гэгээнээр хардаг, хүн болгон ариун санагддаг залуу насанд энэ мэт орчил хөдөлгөөнийг ямар ч эмзэг хүлээж авдаг байж вэ... Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " гэсэн ад мөрийн зөн мэдрэмжтэй шүлгийн мөрийг тэр үед гүйцэд ухаарах билгийн мэлмий нээгдээгүй байж...
Үргэлж нээлттэй байж, ямагт бусдад туслах гэж өөрийгөө зольдог, үүнийхээ улмаас ойр дотныхонтойгоо хүртэл зөрчилддөг байсан минь намайг нийтийн хэрэглээний эд зүйл мэт болгож, овжин зальжин, ашигч хонжооч олон ч хүн надаар шатны гишгүүр, хаалт бамбай, гал хамгаалагч хийсэн дээ. Гэвч тийм хүмүүс үдлээд мордохоос үлдэж хоцордоггүй нь юутай сайн хэрэг билээ. Яруу найрагч Ойдовын Содномпил нэгэн шүлэгтээ "Намайг тойрон эргэлдсэн дагуул гаригууд хайчаа вэ?" гэж асуусан шиг тэд одоцгоосон. Тэхдээ тэд надад хамгийн үнэтэй зүйлийг үлдээгээд одсоноо мэдэхгүй л дээ. Тэр нь юу гээч? Ухаарал. Амьдралыг хайрлах, хүн чанарыг дээдлэх ухаарал. Энэ маань надад алдсанаа нөхөх, илүү сайн хүмүүстэй учрах үүд хаалгыг нээж өгсөн юм. Одоо би хаана утечка совести болж байгааг мэдэрдэг болсон. Харин энэхүү утечка совести гэдэг үгийг монгол хэлнээ буулгаж чадахгүй өдий хүрч байна. Монголын за
андгай буй заа хэмээх алдарт үг амьдралд дахин биеллээ олох хувь ерөөл бидний өмнө нэгэнт ойрхон тул ийнхүү эх хэлэнд маань буудаггүй ч юм бил үү? Тийм л байгаасай гэж юутай их хүснэ вэ...