Showing posts with label парапсихологи. Show all posts
Showing posts with label парапсихологи. Show all posts

Thursday, March 27, 2014

АЛУУРЧИН ГЭГДЭХ Ч.БАТТУУЛ ХЭРЭГТЭН ҮҮ, ЗОЛИОС УУ?


Б.Галаарид
Ч.Баттуул гэдэг бүсгүй нэгэн америк эрийг хөнөөсөн гэх хэргээр хоёр жил мөрдөгдөөд саяхан 23 жилийн ял авсан. Элдэв янзын гэмт хэргийн тухай мэдээлэлд дарагдсаар дөжирсөн олон нийт үүнийг нэг их анхаарахгүй байна. Харин Ч.Баттуулын ар гэрийнхэн, өмгөөлөгч нь энэ хэрэгт учир зангилааг нь тайлаагүй ээдрээ будлиан их байна, жинхэнэ алуурчин (алуурчид) ял завшаад байгаа юм биш үү гэсэн гомдол саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл дамжуулан илэрхийлж байна. Төсөрхөн түүний өмгөөлөгч Л.Баттогтох энэ талаар бас нэг  ярилцлага өгчээ (http://www.24tsag.mn/content/52308.shtml).  Энэ ярилцлагад анхаарууштай хэд хэдэн зүйл байна. Идэр есийн хүйтэн буюу нэгдүгээр сарын 5-ны шөнийн 02 цагт 23 настай бүсгүй 60 метрийн  зайнаас хохирогчийг ангийн буугаар 8 удаа буудаж алаад, цогцсыг нь шатаагаад  хөлдүү газар ухан булсан гэдэгт эргэлзэж буйгаа тэр илэрхийлжээ. Энэ аллагын цаана хар тамхины наймааны хэрэг байгааг хангалттай шалгалгүй, зөвхөн Баттуулын мэдүүлэгт хөтлөгдсөнөөс хууль хяналтын байгууллага хуумгай шийдвэр гаргасан гэж тэр үзэж байгаа аж.
Үүнээс улбаалаад Баттуул гэх бүсгүйн талаар урьд өмнө нь  ямар мэдээлэл гарч байсныг сонирхвол хоорондоо зөрүүтэй олон л мэдээлэл байх аж. Тэдгээр дундаас Ч.Баттуул 2014.02.12-нд бичиж Батаар.мн сайтад нийтлэгдсэн захидлын зарим үг өгүүлбэр анхаарал татлаа. Тэрээр “Жон манай Монголд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян хүн болох хүслийг өвөртөлж ирсэн. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10 мянган ам. доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ. 
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. 
Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ бол
ьчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэсэн байна. (http://www.bataar.mn/10020167)
Тэрбээр өөрийгөө ямар ч аргаар хамаагүй зөвтгөхийн тулд үүнийг өгүүлэв үү? Эсвэл хэргийн нөхцөл байдал үнэхээр тэс өөр байв уу? Хэргийн мөрдөн байцаалт дутуу дулимаг болсон уу, эсвэл бодит үнэнийг хөдөлбөргүй тогтоосон уу? Баттуул хэрэгтэн үү, эсвэл золиос уу? Далдыг харагч Далай лам гээч нь биш учраас энэ талаар надад хэлэх үг алга. Харин гэмт хэргийн онцгой нөхцөл байдал, мөн хэргийг илрүүлэх уламжлалт бус аргын тухайд бол санаа оноо байна аа.
Эхлээд Ч.Баттуул золиос байж болох магадлалыг авч үзье. Тэрээр америк эрийн  авчирсан хар тамхийг зарж борлуулахын тулд хэсэг хүмүүстэй ороолджээ. Хар тамхины наймаанд цэвэр ёс суртахуунтай, зөв сайн  хүмүүс оролцдоггүй. Ямар ч хэрэг хийхэд бэлэн, хэнийг ч юунд ч хутгахаас буцахгүй хүмүүс л ийм зүйлд оролцдог. Тэд Баттуулыг мансууруулж өөрийгөө хянах чадваргүй болгосон байж болох уу? Болно. Өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ түүний хийсэн ажил хийсэн мэтээр итгүүлэгт автуулсан байж болох уу? Бас байж болох хувилбар.  Энэ хэргийг үүрч гарахгүй бол хамгийн дотно хайртай хүмүүсийг чинь ална гэж сүрдүүлэх замаар худал мэдүүлэг өгүүлсэн байж болох уу? Болно. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис, бэлдмэлийн нэр төрөл улам бүр олширч, үнэртэх, татах, уух, тарих гээд хэрэглэх арга нь ч улам баяжиж байгаа. Хамгийн сүүлд хөгжмийн тусламжтайгаар  хөөрөл мансууралд оруулдаг арга технологи хүртэл бий болоод байна. Энэ бүхнийг хэрэг нягтлах явцад анхаарч шалгасан, мухарласан нь хэр бол?
“... би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан” гэж Баттуул шоронгоос бичсэн захидалдаа өгүүлсний цаана юу оршино вэ?
Үүний учрыг олж хужрыг тунгаахад хэрэг болж мэдэх нэгэн саналыг дэвшүүлье. Ийм ээдрээтэй нөхцөл байдлын дүр зургийг сэргээн тодруулахын тулд парапсихологичид ховсын онцгой нэгэн арга болох  регрессийг ашигладаг. Регресс гэдэг нь ухрах буцах гэсэн агуулгатай үг бөгөөд хэн нэгнийг ховсдон өнгөрсөн амьдралынх нь тодорхой үйл явдал, тэр бүү хэл хэдэн үеийн  өмнөх тодорхой цаг хугацаанд нь аваачин юу хийж, бодож, үйлдэж байгааг нь яриулах арга юм. Олон жилийн өмнө би регресс, прогрессын тухай бичиж байсан болохоор үнэнч уншигчдын минь хувьд энэ бол шинэ сэдэв, гайхмаар юм биш. Харин Ч.Баттуул шиг хүмүүсийг регресст оруулан гэмтэн үү, золиос уу гэдгийг ялган тогтоох учиг олох тухай санал минь бол Монголын криминалистикийн хувьд шинэ зүйл. Уг нь энэ бол зарим улс оронд гэмт хэрэг илрүүлэхдээ хэрэглэж л байдаг эд л дээ. Ялангуяа Ч.Баттуулынх шиг холбогдож буй гэмт хэргийнх нь үйлдэгдсэн цаг хугацаа тов тодорхой үед бол ховсдон яриулж нөхцөл байдлыг тодруулах нь мөн ч амархан байна даа.  
                                                                                                                                           2014.03.28 

Sunday, March 17, 2013

ГҮРТЭН ЧОЙЖИНГИЙН ТАЛААРХИ ГҮЙМЭГХЭН БИЧИГЛЭЛ

Б.ГАЛААРИД Судлаач

Гүртэн чойжингийн талаар өгүүлэх цаг нэгэнт болжээ хэмээн санана. Өвөг дээдэс дунд маань гүртэн хүн байсан юм гэнэлээ гэх, тэр бүү хэл ургийн овгоо хүртэл гүртэнтэй холбон авсан хүн олон ч гүртэн гэж чухам ямар хүнийг хэлээд байгаа талаар тоймтой мэдлэггүй байх нь олон. Чойжин гэхээр мөн л ялгаагүй ламын талын догшин сахиустан гэхээс хэтрэхгүй. Гэтэл хэрэг дээрээ сахиустныг бус, харин сахиусыг нэрлэсэн нэр байх юм. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө толь бичиг, тайлбар толь сэлт сөхөн харвал эдгээр үг ихэнхэд нь алга байна. Харин И.Дамбажавын дэлгэрэнгүй тайлбар толиноо Чойжин гэдэг үгийг түвэд гаралтай “Номын сахиус” гэсэн утгатай хэмээн тайлаад “Гонгор, Дамдинчойжоо, Жамсран, Лхам, Намсрай, Цамба, Шалши зэрэг бурхдыг чойжин сахиус гэж нэрлэнэ. Жилийн гай барчдыг арилгах, тэрсүүд дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсч, сүсэгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай”1 гэж нэмж тайлбарласан байна.

Мөнөөх толь бичигт гүртэнтэй холбоотой  үгсийн тайлбар хайвал “Гүртэм - шарын шашны чойжин бурханы сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цол; гүртэмбэ ч гэдэг”, “Гүртэмч - гүртэм буулгадаг хүн”2 гэсэн байна.
Монголчууд шашингүйн үзэлд хүчээр автаад байсан хорьдугаар зуунд гүртэн, чойжинг судлах бүү хэл, тэр тухай ярих ч халгаатай байсан боловч их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн абугай хууч яриа тэмдэглэх нэрийн дор олон сайхан мэдээ занги үлдээсэн байдаг. Мөн ардуудын дунд ч янз бүрийн домог яриа их байх боловч нэгэнт хэдэн үе дамжин яригдаж буй тул үнэн худлыг ялгах, хэтрүүлэг даваадуулга буй эсэхийг мэдэхэд бэрхтэй байна.
Харин иргэд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсон, шашин шүтлэгийн тухай ил тод ярьдаг болсон, хүмүүс өөрсдийн өвөг дээдсийн тухай ном дурдатгал ихээр хэвлүүлэх болсны ачаар бодит гэрчтэй, илүү үнэмшилтэй мэдээ занги нэлээд гарах болов. Жишээ болгож “гүртэн” Чойндон гэдэг хүний тухай баримтыг хоёр  номноос эшлэе.
Г.Хандхүү гэдэг хүн  "Зүүдэнд ч ороогүй тавилан" номоо 2008 онд хэвлүүлжээ. Энэ нь нэмж засварласан хоёр дахь хэвлэл юм байна. Энэ номонд байгаа "Гүртэн Чойндон" гэсэн гарчигтай дурсамждаа Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт байсан Усан Зүйлийн хүрээ хэмээх алдарт хүрээнд сууж байгаад 1930-аад оны үед шар шувталсан ч ойролцоох хэдэн сумандаа ид шидээрээ гайхагдаж байгаад баривчлагдан хэлмэгдэж байсан Луузангийн Чойндон ламын тухай өгүүлсэн байна. Чойндон лам хоёр ч удаа баривчлагдаж, 1950-иад оны сүүлээр суллагдан хүрээ хотод амьдрах болсон байна.
“...Дараа нь Улаанбаатар хотод Зайсангийн аманд суурьшин амьдарчээ. Энэ үед зээ хүү болох Мажаагийн Дэмчиг дэргэд нь хань бараа болдог байж. Олон жил хажууд нь байсан Дэмчиг мөн л олон янзын тохиолдлуудаас хуучилдагсан.
-Өвөөгийн нүдний хараа нэлээд муудсан үе байлаа. Нэг удаа гаднаас намайг орж иртэл танихгүй хүн өвөөгийнд сууж байснаа ширээн дээрх том мөнгөн аягыг нь өвөртлөөд яаран гарав. Би учрыг нь сайн олоогүй ч "Өвөө та саяын хүнд мөнгөн аягаа өгсөн юм уу. Аягыг тань аваад явчихлаа" гэв. Өвөө:
-Үгүй ээ, үгүй. Хулгайч л биз, алив би зогсоож байя. Чи араас нь гүй гэлээ. Би араас нь гүйж гарвал нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан гэж Дэмчигийн ярьсныг Говь-Алтай аймгийн арван жилийн дунд сургуулийн захирал Осорын Төвд хуучлав.
Шог зохиолч М.Дэмчиг 1972, 1991 онуудад Говь-Алтай аймгийн зарим сумдаар сурвалжлах ажлаар явахдаа нэг айлд ортол айлын эхнэр танимхайраад цайлж дайлаад хөл алдаад явчихсан гэнэ. Тэгээд мөнөөх айлын эхнэр ийн хуучилжээ.
-Би танай өвөөгийн ачаар хүн болсон хүн. Намайг өлгийтэйд өвчин ороогоод байдаг байж л дээ. Тэгээд үзүүлж харуулж ном айлтгуулахаар Чойндон лам ахыг авч иржээ. Лам ах намайг үлдээгээд бусдыг нь хөөж гаргачихаад том тогоог гал дээр тавьчихаад галаа өрдөнгөө намайг нүцгэлэн хэдэн хэсэг мөчлөөд тогоо руу үйж эхэлжээ. Ээж энэ бүгдийг тотгороо өнгийн харж байгаад ухаан алдаад ойччихож. Нэлээд байж байгаад ухаан оруутаа гэртээ гүйж орвол хүүхэд нь зүв зүгээр орон дээрээ унтаж байж гэнэ.
Лам ах "Одоохон хүүхэддээ буруу энгэртэй бариувч шидэж өг" гэчихээд мордоод явчихсан гэдэг. Ээ дээ, мөн лут хүн байсан юм билээ гэж тэр эмэгтэй сүсэглэн ярьсан гэнэ”3 хэмээн энэ номонд бичжээ. Афоризм зохиохдоо гаргуун нэгэн байгаад даанч эрт хорвоог орхисон манай сайн зохиолчдын нэг М.Дэмчигийн тухай энд өгүүлж байгааг эрхэм уншигч анзаарсан биз ээ.
Гүртэн хүмүүс нялхсыг мөчлөх, чанах зэргээр эдгээдэг байсан тухай олон ихэнх хууч ярианд байдаг бөгөөд хоорондоо нэг их зөрөөд байдаггүйгээс харахад энэ нь нэлээд түгээмэл арга засал байсан бололтой.  Гүртэн хүний гол багаж нь том хутга, заримдаа сэлэм байсан нь ч үүнийг нотолдог.
Олноо “Ташууртай эмээ” гэж нэрлэгдсэн, чулуу татаж мэргэлэхдээ гарамгай, арга дом сайтай Цэндсүрэн хэмээх буянтай буурал гүртэн удамтайгаа хэлж, гүртэн ах нь өөрийн сэлмээ тарнийн хүчээр зангидаад ууланд тавьчихсан, нутаг явбал олчихмоор бодогдох юм хэмээн нас дээр гарсан хойноо мөхөс бичээч надад хэдэнтээ ярьж байгаад амжилгүй өөд болсон юм. Тэрээр бага залуудаа гүртэн өвөөгөө бууж байхыг олон удаа харсан, хоёр гартаа нэг нэг сэлэм бариад буух үедээ хоёр сүвээ рүүгээ бүлэхэд гэдсэн дотор сэлэм хэрхэн харшилдах нь сонсогддог байсан хэмээн хуучилдагсан. Тэрбээр Ховд нутгийн хүн байсан бөгөөд ер нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутгаар гүртэн удамтан олон байгаа нь анзаарагдаж байна. “Ташууртай эмээ”-гийн маань өгүүлдэгтэй төстэй хуучийг Говь-Алтай аймгийн уугуул Г.Хандхүү бичсэн номондоо бас оруулсан байна. 
“Бас нэг удаа нэг айл хүүхдээ ороогоод байхаар нь аврал хүсч Чойндон лам ахыг залжээ. Гэрийнхнийг нь хөөж гаргаад хэвтэрт байсан гурван настай хүүг нь татаж босгоод сураар ороолгоод, хутгаар нэвт сүлбэж эхэлснээ цогшсон харганаар төөнөж гарсан гэнэ. Лам ахыг дагаж очсон дүү Бэгз нь үүнийг хараад ихэд айж "Хүүе, болиоч ээ" хэмээн хашгирч орхижээ. Энэ дуунаар хүүгийн эцэг, эх хоёр гэртээ харайж орвол хүүхэд нь орон дээрээ, Чойндон лам ах галтай цуцлаа зуух руу нь шургуулж байсан гэдэг.
Итгэмээргүй ийм сонин явдлаар дүүрэн энэ Чойндон лам ах гурван үеийн гүртэн байсан аж”4 гэж энд бичсэн бөгөөд энд нэр дурдагдаж буй Бэгз нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, яавч худал хэлэхээргүй тулхтай сайхан хүн байсныг би мэдэх юм.
Эдийн засгийн ухааны доктор Д.Шомбодон  “Миний ээж Удвал гурав дахь төрөлт дээрээ их удаан өвдөж сандаргахад аав маань Чойндон лам ах дээр очжээ. Чойндон лам ах байдлыг сонсоод тарни уншиж сэржим өргөөд:

-Санаа битгий зов, чамайг харихад эхнэр чинь төрчихсөн байна. Баруун нүдэндээ улаан гэрэлтэй эрэгтэй хүүхэд байна. Их эрдэм номтой хүн болно. Харин жаахан бөхөлгөө хэрэгтэй юм байна даа хөө гээд жижигхэн чөдөр, төө хэрийн улаан сухай ташуур, хоёр ширхэг сахиус өгчээ. Аавыг гэртээ ирэхэд ээж төрчихсөн, шөл уугаад сууж байхыг хараад нүдэндээ итгээгүй гэдэгсэн.
Аав маань Чойндон лам ахыг "Ээ дээ, мөн ховор хүн шүү" гэж байнга дурсан ярьдаг байсан юм. Би найман нас хүртлээ хоёр сахиус зүүж, чөдөр, ташуур хоёр маань орны толгой дээр байдаг байсан”5 гэж ярьсныг зохиогч мөнөөх дурсамждаа бас оруулсан байна. Л.Чойндонгийн төрсөн дүү Л.Шаравын хүү, сэтгүүлч Ш.Содномжамц “Далд түүхийн ил хуудас” номондоо “Авга ламын тухай миний аав, авга нар болон нутгийн хөгшчүүд, манай сумтай залгаа оршдог Бугат, Төгрөг, Шарга, Дарви сумдын ахмадууд үлгэр домог мэтийн үүх түүх ярьдаг байлаа. Энэ тухай мэдэх, ийм түүх хуучлах ахмадууд манай нутагт одоо ч мэр сэр байгаа”6 гэж баталж байна.
“1973 оны зун миний бие авга ах Д.Дорж болон Гэндэнгийн Балхүү нарыг дагаж Чойндон гавжийнд очих завшаан тохиолдсон юм. Тэгэхэд Гаадангийн Чойжил ажаад тэр хоёр хөгшин буяны ном хуруулахаар, бас өөрсдөө ч уншихаар явахад нь би тэдний ном судрыг хүмүүсээс нууж 70 кг-ын шуудайд хийж үүрч явсан билээ. Чойндон гавжийнх тэр үед Зайсан толгойн урд өвөрт цас бороо, салхи шуурганаас хамгаалсан төмөр дээвэртэй гэрт байсан бөгөөд тохой өндөр алтан шармал гуулин 3 бурхантай, олон судар номтой, цай идээний 9 цөгцтэй айл байв. Тэр үеийн төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Улс төрийн товчооны нэг гишүүн Т.Рагчаа нар Чойндон гавжид үзүүлж зам мөрөө засуулдаг мөртөө энгийн иргэд хөдөлмөрчид биднийг хориглоод байх юм гэж Д.Дорж, Г.Балхүү нар харилцан ярилцаж байв”7 гэж О.Дүгэрсүрэн бичсэн нь ч үүнийг давхар нотолж байгаа юм.
Энд өгүүлж буй гүртэн Чойндонтой нутаг залгаа, одоогийн Говь-Алтай аймгийн Бугат суманд ойролцоогоор 200-гаад жилийн тэртээ амьдарч байсан “Гүртэн Даажаа” хэмээх Доржийн тахиж байсан уул хайрхан нь өнөө ч Гүртэнгийн хар нэрээрээ оршиж, түүний үр хүүхэд нь өнөр олуул болжээ. Энэхүү гүртэн болоод хүү Чойндон нарынх нь үзүүлж асан ид шидийн талаар нутгийн олон дунд домог яриа нэлээд бий.
Гүртэн чойжингийн талаар мэдээ сэлт цуглуулж, харьцуулж үзэхэд энэ нь олон талаараа бөө мөргөлийн онго дуудахтай адил төстэй нь анзаарагдаж байна.
Энэ талаар илүү тодорхой өгүүлсэн хүн бол XIV Далай лам юм. XIV Далай лам Данзанжамц өөрийн намтар сэлтээ англиар өгүүлснийг Abacus хэвлэлийн газар хэвлэн гаргасан, түүнийг нь орос хэлнээ орчуулсан хоёр эхээс ид шидийн тухай өгүүлсэн нэгэн бүлгийг нь бидний хүндэтгэл хүлээсэн номт хүмүүн Д.Төмөртогоо абугай харьцуулан байж монгол хэлнээ буулгасан нь энэхүү гүртэн чойжингийн тухай мэдээ сурвалж юм.
“...хүний сэтгэлийн ертөнц, байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эр эм хэн нэгэн хүн байдаг бөгөөд тэднийг “Гүртэн” буюу “шүтээн орших бие” гэсэн утгаар ойлгогдохоор нэрлэдэг юм. Тэрчлэн зөнчдийн тухай ярихдаа тэднийг хүн мэтээр хэлэх нь зүгээр л дөхөмчилсөн хэрэг болохоос нарийвчлан үзвэл угтаа тэр нь аль нэгэн тодорхой эд юмс (Бурханы дүр мэт), эсвэл газар орон, уул ус, хүн зон лугаа холбогдон шүглэсэн “Сүнс” байдалтай гэж тодорхойлбоос зохих зүйл. Харин үүнийг хүн төрөлхтнөөс ангид өөр биет байдгийг шүтдэг мэтээр ухаарвал буруутна” гээд “Нэйчүн чойжин нь анх Энэтхэгийн мэргэн гэгээн Дармабалын хувилгааны залгамжлагчийг Төв Азийн Бата-Хор хэмээх нутагт залрахад бараа болж Түвэдэд хамт ирсэн байна. Улмаар манай эриний наймдугаар зуунд Түвэдийн Тисрон Дэвзэн хааны үед түүнийг Энэтхэг Тантра ёго, Түвэдийн шашны дээд авралт дээд багш ловон Бадамжунай Түвэдийн Самъяа хийдийн ... сахиусаар залжээ. Хожим тухайн үедээ Бэрээвэн хийдэд шадарлах болсон үед нь хоёрдугаар Далай лам түүнтэй тун нягт харилцах болсон бөгөөд сүүлдээ Далай ламын бүх дүрийн чойжин сахиус нь Дорж дагдан болжээ”8 гэж Далай лам өгүүлсэн нь бөө нөр өвөг дээдсийн сүнс лугаа харьцахад тэдгээр онгын аль нэг нь  толгой онго буюу голлох сахиус болдогтой адил байна.
Далай лам болоод Түвэдийн засгийн газар жил бүрийн цагаан сараар энэхүү Нэйчин чойжинтой зөвлөдөг уламжлал тогтоод хэдэн зууныг элээсэн, яаралтай шаардлага гарсан тохиолдолд хэдийд ч залж болдог, XIV Далай лам өөрөө түүнтэй жилдээ хэд хэд харьцдаг гэдгээ энэ номонд илэн далангүй бичжээ. Үүнийхээ зөвтгөл болгон тэрбээр “Хорьдугаар зууны өрнөдийн уншигч авгай нарт энэ үг ихээхэн этгээд сонсогдож магад. Тэр ч байтугай өөрийгөө “дэвшилттэй” гэж тооцох болсон зарим түвэд хүн хүртэл намайг ийм эртний аргаар мэдээлэл авч буйг сөргөсөн санаа бодолтой байдаг. Гэвч чухамхүү гэгээн сахиус миний асуусан тухай бүр гарцаагүй үнэн зөв хариу өгдөг цорын ганц энгийн бөгөөд үнэн шалтгааны улмаас би ямагт түүнтэй харилцдаг юм”9 гэж учирласан байна.
Ер нь хүний оюун ухаан зуурдын байдалд орших үед хүлээж авсан мэдээлэл өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд ч  хамаарах бай туйлын үнэн зөв  байдаг зүй тогтолтой. Ямар ч үндэстний онго буулгах, сахиус оршоох зан үйл нь энэхүү үнэнийг олж мэдэх л эцсийн зорилготой байдаг. Гэхдээ жинхэнэ буух ёстой онго сахиус нь үнэн зөвөөр буусан тохиолдолд л ийм байдаг бөгөөд чадвар мөхөс, зан үйлээ буруу үйлддэг, учраа олоогүй нэгэн ямар нэг арга технологи ашиглан завсрын байдалд орсноор төөрч будилах магадлал өндөр байдаг. Өнөөдөр хуурамч бөө нар олширлоо гэж гаслаад буйн чухам учир энэ бөгөөд дан ганц бөө нар ч биш, ерөөсөө бясалгал хийдэг, зуурдын орноор аялдаг, зэрэгцээ ертөнцтэй харьцдаг бүх хүнд хамаатай.
Чойжин сахиус буулгах нь бөөгийн онго залах үйлтэй агаар нэг байгааг нотлох бас нэг зүйл нь чойжин буух үед хэрэглэдэг хувцас хэрэглэл юм. Энэ талаар Далай лам өгүүлэхдээ “Нэйчүн чойжин Дармасалад өөрийн хийдтэй боловч над дээр ихэвчлэн өөрөө ирдэг. Албан ёсны үйл явдлын үед бол чойжин гадуураа улаан, хөх, ногоон, шар өнгө алагласан угалзан хээтэй хуучны алтан утаст хоргой баримтаг өмсгөл бүхий олон давхар дотуур хувцас өмсөж этгээд сонин хувцасладаг юм. Энгэр дээр нь Дорж Дагдан сахиусанд хандсан маанийн самгарьд үсэг бүхий оюу эрдэнийн хүрээтэй гялалзтал зүлгэсэн дугуй толь зүүнэ. Ёс төрөө үйлдэхээсээ өмнө биедээ мөрөвч тоног гэмээр юм хийж түүндээ гурван ширхэг хийморийн дарцаг, дөрвөн хиур зүүдэг. Нийт дүнгээрээ гучаад кг (далан фунт) илүү болох тул онгод нь ороогүй цагтаа тэрбээр арай чүү хөдөлж харагддаг юм”10 гэсэн байна.
Орон орны бөө нарын хувцас хэрэглэл ч бас л этгээд сонин, олон янз байдаг. Зарим нь элдэв шувууны өд, туг хиур  сэлтийг энд тэндээ  зүүж тогтоосон, өмсгөл хэрэгслийн нийт жин нь эзэндээ ахадмаар байх нь элбэг. Ялангуяа хорьдугаар зуунаас өмнөх үеийн бөө нарын хуяг хувцас, хамгаалалтын төмөр эдлэлийн жин нь 30-40 кг татах энүүхэнд байдаг. Тэгээд бөө нар онго нь орсон үед хувцас эдлэлийнхээ хүндийг огт мэдрэхээ больж, дэгдэж дүүлж, үсэрч харайх энүүхэнд. Далай лам энэ байдлыг дүрслэхдээ “Ингэсний дараагаар тэр нэг туслахынхаа барьж байгаа ёслолын илдийг шүүрэн авч нэг цовхорсноо улмаар аажуухан бөгөөд хангалуун төрхөөр бас ч сүрлэгээр цамнаж эхэлнэ. Цамнаж дуусаад миний өмнө ирж бүсэлхийгээрээ бөхийж өнөөх хүнд баримтаг өмсгөлөө үл хайхран бүх биеэрээ тонгойн титмээ шаланд хүртэл надад аажуухан мөргөснөө огцом босож, тэр их хүнд юмсыг ер тоохгүй цамнана. Түүнд шүглэсэн их хүчит сахиусны хэмжээлшгүй чадал хүчин нь чойжингийн биеийг дэлбэ татах шахан түүнийг ямар нэгэн асар хүчирхэг чанга пүршээр тоноглосон резин эдээр хийсэн юм шиг уян хатан бөгөөд огцом ширүүн хөдөлгөөнтэй болдог тул тэр байж ядан цамнах бөлгөө”11 гэж бичсэн нь бөөгийн онго орж, элдэв хөдөлгөөн үйлдэхтэй ав адилхан байна.
Бөө хүн онго сахиусуудаа нийтэд нь  дуудахдаа арай нийтлэг хэлбэрийн, тухайлан аль нэгийг нь залахдаа зөвхөн түүнд зориулсан үгийг (бөөгийн онгодын дуудлага, тамлага гэдэг) хэц хэнгэргийн дэлдэлттэй  ая дан хоршуулан дууддаг. Мордуулж одуулахдаа ч мөн адилаар аялгуулан өчдөг.
“Гүртэнгүүдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай унш-лага, шившлэгтэй байдаг бөгөөд түүнийг нь солхи гэдэг. Солхи уншихгүйгээр сахиус оршдоггүй, буцаах солхийг нь уншихгүй бол явдаггүй гэдэг”12 хэмээн миний бие нэлээд хэдэн оны өмнө бичиж байсан. Ийнхүү онго сахиус дуудах зан үйл ихэвчлэн адил төстэй, өмнө хойно нь хэлдэг үг шившлэгт ч тодорхой учир холбогдол байгаа нь анхаарал татаж байна.
Тэр бүү хэл “Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер уриан залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна”13  гээд туульчид туулиа ид хайлах үедээ зуурдын байдалд ордог гэсэн санаа дэвшүүлсэн маань алдаа биш байсныг саяхан Киргизэд очоод гурав дөрөвхөн настай манасч хүүг зуурдын байдлаас хүчээр гаргахыг хараад ойлгосон билээ. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэх хэлц үг баруун монголчуудад байдаг нь үүнийг бас давхар давхар нотлох мэт санагдана.
Далай лам Нэйчүн чойжингийн буух мордох байдлыг зурагласан нь ч  бөөгийн онго орох, гарахаас нэг их зөрөхгүй байгаа нь гайхам зүйл биш ээ. Тэрбээр “Тэгээд гүртэнгийн амаар Дорж Дагдангийн сахиус үгээ хэлж дуусмагц гүртэн төгсгөлийн өргөл өргөөд бие нь амьгүй мэт унаад өгнө. Энэ нь сахиус буцан одсоны тэмдэг болой. Ингэнгүүт туслахууд нь яаруу очиж титэмний бүчийг даруй суллах бөгөөд түүнийг сэргэтэл нь тусгай өрөөнд аваачдаг”14  гэж бичжээ. Бөө нар ч гэсэн онго нь гарсны дараа амьгүй мэт сулбайн унах, үлээлгэх, зөөлөн сэгсчих зэрэг гаднын нөлөөгөөр сэргэх байдал ажиглагддаг.
Чойжин гэх нэрийн чой нь монголоор ном гэсэн үг бөгөөд бүхэлдээ “номын сахиус” гэсэн утгатай үг болохыг өгүүллийн эхэнд тайлбар толь түшин өгүүлсэн. Тэгэхээр чойжин буулгадаг хүнийг чойжинч гэх нь зүйн хэрэг. Гагцхүү ардын ярианаа энэхүү ялгаа зааг гээгдсэнээс номын сахиусыг ч чойжин, тэрхүү сахиусыг буулгадаг эрдэм чадалтныг ч чойжин гэж ялгалгүй нэрлэдэг болжээ гэмээр байна. Энэ нь бид Чойжин ламын сүм музей гэж нэрлэдгээс тодорхой харагдана.
Монголын бурханы шашны тэргүүн VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдав чойжинч байсан бөгөөд өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тусгай өрөө хүртэл байсныг түүний сүм музейг сонирхсон хүнд тайлбарлагч нь бэлхнээ хэлээд л өгнө. Монголын шашин төрийг хослон баригч Богд Жабзундамба хийгээд түүний Засгийн газрын сайд нар чойжинч ламын буулгасан сахиусны айлдварыг ихэд анхаардаг байсан баримт байгаа нь Далай ламын бичсэнтэй агаар нэг байна.
Борын Жамбал гэдэг өвгөн 1958 онд 77 нас сүүдэртэйдээ их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнд  “Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, Гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш. Зэмэр мөн их догшин биш. Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиус оршиж байхад чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годосхийгээд, амнаасаа хөөс буруулж их догшин дүрэмтэй байдагсан” хэмээн хуучилсныг тэмдэглэн үлдээжээ.
Далай ламын дэргэдийн гүртэн чойжин буулгахыг харсан хүн сэтгэгдлээ бичихдээ “2005 онд би Энэтхэгт байсан юм.. Нэгэн өдөр миний танил нэг лам надад чи Чойжин бууна гэж яадгийг үзсэн үү гэдэг юм  байна.
Миний амьдарч байсан газараас холгуйхэн байх Далай Ламын Чойжингийн хийдэд тэр өдөр олон хун цугларчээ. Олон лам нар ирсэн ямар нэгэн ном уншиж байх юм. Тэгэхдээ бугд зогсоогоороо л ном уншаад байх. Тэгж байтал нэг хөгшин ламыг тэргэн дээр түрээд ороод ирлээ. Би ч дотроо энэ нөгөө Чойжин нь юм байх л гэж бодлоо. Тэгээд найз ламаасаа асуувал Чойжингийн хэлийг орчуулдаг орчуулагч нь юм гэнэ. Чойжин нь бол тэнгэрийн хэлээр ярьдаг юм байх. Тэр хэлийг нь мэдэх хүн байхгуй болохоор хэлийг нь сайтар судалсан хэлмэрч бас байдаг юм гэнэ.
Тэгж байсан чинь нөгөө удаан хулээлгэсэн Чойжин нь орж ирлээ. Сонин хээтэй хувцас өмссөн, дунд хэрийн насны хун гарч ирээд л нэг том сандал дээр суулаа.
Тэнд байсан лам нар номоо уншиж дуусаад нөгөө ламд чинь нэг их том малгай өмсуулчихлээ. Хоёр талаас нь малгайг нь түшээд зогсох юм. Их л хунд байгаа бололтой.
Тэгэээд  дахин ном уншлаа. Энэ удаад уншиж байгаа ном нь маш сонин, өөр ч аялгуутай юм шиг санагдлаа. Урьд нь олон л удаа Төвд ном сонсож байсан ч ийм аялгатайг нь сонсож байгаагуй юм.
Нилээд хугацаа өнгөрсний дараа нөгөө Чойжингийн чинь нүүр нь хөөгөөд л томроод ирдэг юм байна. Сайхан жужиглэж байна даа л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нүд ам нь мурилзаад сонин сонин болж байснаа  исгэрээд ч байгаа юм уу, яагаад ч байгаа юм мэдэхгүй нэг л сонин авиа гаргаж байснаа гэнэт босоод ёстой л дэвж гарлаа даа. Нөгөө толгойд нь багтахгуй байсан малгай нь ургачихсан юм болов уу л гэмээр наалдчихсан хөдөлгөөнд нь огт саад болохгуй байна”15 гэсэн нь дээр эшлэсэн “Шид хийгээд нууцсын тухайд” номонд өгүүлснээс огтхон ч зөрөхгүй байна.
Далай ламын дэргэдийн гүртэн 17 дахь үеийнх гэгддэг. Урьдын цагт Түвэд даяар хэдэн зуун ийм гүртэн байсан гэж Далай лам өөрөө бичсэн байна. Харин Монголд байдал ямар байсныг тоймлоход бэрх ч гэлээ энд тэнд гүртэн удамтан нэлээд байгагаас харахад бас л цөөнгүй байсан бололтой. Гэхдээ монголчууд тэнгэр шүтлэгээс ихэд хожуу салсан учраас гүртэнгийн үе үе удмын асуудал ч хожуу үед хамаарч мэдэхээр байна. Гэхдээ энд Монгол бөө мөргөл Түвэдийн шашинд нөлөөлж, Монгол нутагт эргэн нэвтрэхдээ Түвэдийнх мэт төөрөгдөл дагуулсан гэмээр сэжим буйг хойно тодорхой өгүүлье.
 Дээр өгүүлсэн Жамбал донир хэлэхдээ Бадруулт төрийн үед Маймаа хотын Цэрэндорж удирдаж Лувсанхайдавыг чойжинч болгосон гэсэн нь өмнө нь Монголд  төрийн хэмжээнд чойжин буулгах зан үйл  байгаагүйн нотолгоо ч байж мэднэ. Өдгөө музей болоод буй Чойжин ламын сүмийг 1904-1908 онуудад уран барилгач лам Омбо удирдан монголчууд өөрсдөө барьсан байдаг.
Өгүүллийн цээжинд дурдсан Чойндон гэхэд л 1895 оны орчим төрсөн бөгөөд  “гүртэн” Луузангийн ууган хүү, гуравдахь үеийн гүртэн  гэхээр он цагийн хувьд мөн л хоёр зуу хүрэхгүй жилийн тэртээгээс тэдний удамд гүртэн тодорсон болж таарна.
Монголын төр нэн эртнээс шашин шүтлэгийг өөртөө ашигласаар ирсэн уламжлалтай. Чингэс хааны үед бүх шашинд хүндэтгэлтэй хандаж байсан хэдий ч төрийн гол зан үйл, дайн байлдаан зэрэг чухал үйлнээ бөө мөргөлийг эрхэмлэж байсан нь хөдөлшгүй баримттай. Тэгээд ч төр, цэргийн эрхтэн дархтнууд дунд бөө олон, Чингэс хаан ч өөрөө тэнгэртэй харьцах увдистай нэгэн байсныг “Монголын нууц товчоо” болоод бусад эх сурвалжууд нотолдог. “Аравтын даргаас дээш цөм тэнгэрийн хэл мэдмүй” хэмээх үг ч үүний дам нотолгоо мэт санагддаг.
Энэ уламжлал хожмоо шарын шашинд орсон үед ч хадгалагдсан бөгөөд цэргийн жанжид догшин сахиустай харьцдаг, хутагт хувилгаад төрийн сайд болдог онцлог Богд хаант Монгол улсын үеийн томилгоо өргөмжлөлөөс харагддаг. Тухайлбал, Богд хаант Монгол улсын үеэс л алдар гавьяа нь түгсэн цэргийн жанжин Хатанбаатар Магсаржавыг чойжинч байсан гэдэг. Богд хаант Монгол улсын нутаг руу Хятадын хар цэрэг довтлоход Хатанбаатар Магсаржав цэрэг ахлан морджээ.
“Хатан баатар ван ганц үхэр буугаа шившиж буудсанд сум нь хятад цэргийн их буугийн амаар орж дэлбэрээд олон хятад цэргийг хядаж... Богд эндээс бичиг явуулжүхэр бууг “Жанжин буу” гэж цол өгөөд Хатанбаатар ванд гүн ван цол өгөөд одоо бууж ир гэж зарлиг буужээ... Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан”16 гэж нүдээр үзсэн амьд гэрчийн хуучилсныг их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн “Өвгөн Жамбалын яриа”-ндаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн баруун замын байлдаанд явж байхдаа Хатанбаатар ван чойжин буулгаж байсан тухай домог яриа олны дунд байдаг нь үнэний ортой байж мэдэхээр байна. 
Мөн Ардын засгийн газрын Ерөнхий сайд байсан Анандын Амар “17-26 насандаа чойжин байсан гэж өчиг өгч байжээ”17 гэсэн мэдээлэл ч бас байна. Энэ бүхэн нь төрийн үйлийг тэнгэр язгууртад, мөн тэнгэрийн “хэл мэддэг” хүмүүст даалган хариуцуулдаг эртний уламжлал хорьдугаар зууны эх хүртэл Монголд хадгалагдсаар байсныг харуулж байгаа хэрэг юм.

Ер нь махан бие, цусан зүрхэт хүмүүн бидний харж мэдэрдэг тэрхүү хязгаарын гадна орших ертөнцийн тухай мэдлэгийг эртний монголчууд тэнгэр шүтлэг, онго сахиусны тусламжтайгаар олж мэдэж, нартын амьдрал, төрийн үйлээ хүртэл түүнтэй уялдуулж чаддаг байсан нь өнөө улам бүр тодорхой болж байна. Монголчуудыг хэнд ч ялагдашгүй болгосон тэрхүү агуу чадварыг өөриймшүүлэх арга замыг Буддын шашинтнууд анх олж харсан нь тодорхой байгаа бөгөөд тэд монгол бөөгийн онго сахиустай харьцдаг, тэдний ивээл хамгаалалтыг авдаг арга техникийг судалж, тэр ч битгий хэл мөнөөх сахиусуудыг урхидан эрхэндээ оруулах, хулгайлах зэрэг олон арга хэрэглэж байжээ. Далд ертөнцийн энэхүү тулаанд түвэдүүд ялснаар гүртэн чойжин бий болсон гэж дүгнэх үндэс байгаа юм.


Нийтийн тооллын VIII зууны үед монголчуудын номын их сахиусыг түвэдүүд нутагтаа хулууж аваачин тахиж, ивээл ачлалыг нь хүртэх болсон бөгөөд мөнөөх сахиус нь 1544 онд л анх удаа хүний биед буусан, тэр гүртэнгийн нэр нь Лувсанбалдан гэдэг болох  нь түүх сударт тов тодорхой тэмдэглэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл монголчууд бөөлөөд буулгачихдаг байсан сахиусыг түвэдүүд ийнхүү гүртэнгийн биед Буддын шашны уншлага тарнийн аргаар оршоож сурсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн сахиус өөрөө таалаагүй тохиолдолд биелшгүй зүйл бөгөөд түвэдүүд урт удаан хугацаанд догшин сахиусыг аргадаж, өөриймшүүлж чадсанаар ийнхүү чойжин буулгах хэмээх нэгэн гайхамшгийг бий болгож чаджээ гэмээр байна.
Далай ламын дэргэд одоо байгаа гүртэн Түвдэнготов бээр “Гүртэнгийн чойжин буух үедээ өмсдөг өмсгөл нь бэлгэдлийн нарийн утга учиртай... Гутлыг монгол гутлын загвараар бүтээсэн нь Пехар бурхны үүсэл гарлыг сануулж буй мэт”18 гэсэн нь мөнөөх монгол сахиусыг хэлж буй хэрэг билээ.
Түвдэнготов гүртэн нь 1957 онд төрсөн, 1987 оноос Далай ламын чойжингоор тодорсон нэгэн бөгөөд 1990 онд Улаанбаатарт болсон Азийн буддистуудын бага хуралд оролцож байжээ. Дараа нь 2008 оны зун дахин ирж Отгонтэнгэр ууланд очжээ. Тэр тухайгаа “Тэнд Түвэдийн цэргийн хүчин Пехар бурхны “сүлд оршигч”-ийг олж авсан бөгөөд тэр дотор бурхны арьсан баг байсан гэдэг... Тэнд би залбирал үйлдэж тахил өргөв”19 гэж Түвдэнготов гүртэн номондоо өгүүлсэн байна.
Энд өгүүлэн буй Pe har бурхан нь асар хүчтэй хамгаалагч тэнгэр бөгөөд Нэйчүн хийдийн Дорж дагдан сахиус нь түүний өмнөөс “бие төлөөлөгч” болон буудаг гэнэ. Монгол бөөгийн том тэнгэрүүд нартын оронд өөрөө буухгүй, өмнөөсөө элч зараал илгээдэгтэй энэ нь адилхан байна.




Эх сурвалжууд:
1. Д.Дамбажав “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн
    дээж” тайлбар толь бичиг. Тал-1003.
2. Мөн ном. Тал-483.
3. Г.Хандхүү "Зүүдэнд ч ороогүй тавилан", 2008. Тал-142-145.
4. Мөн тэнд
5. Мөн тэнд
6. Ш.Содномжамц “Далд түүхийн ил хуудас” УБ., 2011. Тал-214.
7. О.Дүгэрсүрэн “Уугуул түмний минь удмын бахархал” Эрдэнэт., 2006.
    Тал-157-158.            
8. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд” (Оточ
    Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011. Тал-15.
9. Мөн ном. Тал-16.
10. Мөн ном. Тал-18.
11. Мөн ном. Тал-19.
12. Б.Галаарид.”Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” УБ., 2010. Тал-100.
13. “Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна”
 ярилцлага. “Гэрэлт Цалиг” сонин. 2010.01.21. №03 (34).
14. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд”
      (Оточ Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011. Тал-20.
15.  www.temuujin-miniiblog.blogspot.com
16. Эмхэтгэгч Х.Сампилдэндэв “Монгол хууч ярианы дээж” УБ., 2003.
      Тал-82.
17. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд” (Оточ овогт
      Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011.  Тал-72.
18. Түвдэн Готов “Би Далай ламын чойжин” УБ., 2011. Тал-165.
19. Мөн ном.Тал-186-187.
2012.03 сар

Wednesday, January 19, 2011

Ирээдүй цаг руу аялах боломж


Б.Галаарид (Сэтгүүлч, зохиолч, далд үзэгдэл судлаач)

Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь ховсын тусламжтайгаар хүмүүсийг регресс хийж өнгөрсөн цаг руу аялуулсан талаар би өмнө нь бичиж байсан1. Тэгвэл энэ удаад прогресс буюу ирээдүй цаг руу аялуулсан талаар нь өгүүлье. Чингэхийн өмнө прогресс гэж юу болох талаар тодруулга хийх нь зүйтэй санагдана.

Хүн төрөлхтний мөнхийн мөрөөдлийн нэг нь ирээдүй цаг руу хийх аялал гэж хэлж болно. Уг нь хүмүүн төрөлтүүд оюун ухааны онцгой чадвараа алдаагүй байсан тэр цаг үед өнгөрсөн, ирээдүй рүү аялах нь тийм ч гайхалтай зүйл байгаагүй бололтой. Харин хүмүүн төрөлхтөн оюунлаг чанараа гээж, онцгой мэдрэмжээ алдах нь нийтлэг болсноос хойш ингэж аялах, өнгөрсөн ирээдүйг үзмэрчлэх боломж гагцхүү дээд хүчний ивээлээр уугуул чадвараа авч төрсөн цөөн хэдхэн далдыг харагч, гоц чадвартнуудад заяадаг болсон бөгөөд үлдсэн хэсэг нь тэдэнд үргэлж сайн сайхнаар хандаж байсан гэвэл худал болно. Тэднийг муу ёртон, нүгэлтэн гэж үзэж жигшиж цэрвэх, дөлж тойрох төдийгүй алж шатаах ч энүүхэнд байв.

Шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр хүмүүсийн санаархал ч цадигаа алдаж, болж өгвөл цаг хугаааны дундуур аялдаг унаа бүтээчих санаатан олон гарсан ч харамсалтай нь энэхүү санаа одоогоор уран сайхны ном зохиол, жүжиг кино тэргүүтэнд л биеллээ олсон болохоос бодит амьдрал дээр нэг ч алхам ахиж чадсангүй гэчихвэл хилсдүүлсэн болохгүй байх. Өнөө цагт хиймэл ой ухаан бий болгох, хиймэл тархи бүтээх асуудал тийм ч гайхмаар зүйл биш. Харин тэрхүү хиймэл тархи нь Нострадамус, Иерусалимын Иоханн шиг ирээдүй цагийн хэдэн мянганыг тольдон өгүүлж эхэлбэл гайхамшиг болох юм.

Ирээдүй судлаачид болохоор баримт факт, үйл явдлыг харьцуулж таамаглах замаар ойрын ирээдүйн ерөнхий төлвийг зураглаж чадаж байгаа ч энэ нь далд мэдрэхүйн тусламжтайгаар олж авдаг мэдлэгийн дэргэд “ичмээр дамшиг” л даа.

Харин прогресс хийх арга бол өөр. Америкийн эмчилгээний ховсны нийгэмлэгт ховсын арга техникийг судалдаг доктор Брюс Голдберг (Bruce Goldberg)2 регрессийн том мэргэжилтэн бөгөөд 1977 онд нэгэн эмэгтэйн амьдрал тэгшрэхгүй байгаагийн учир шалтгааныг өнгөрсөн амьдралаас нь эрэхээр ховсонд оруултал бүсгүй өнгөрсөн цаг руу биш, харин ирээдүй рүү зорчсон байна. Санамсаргүй энэ тохиолдол прогресс хэмээх шинэ салбарын эхлэлийг тавьж өгчээ. Брюс Голдберг тэр цагаас хойш хорин жилийн дотор 5000 гаруй хүнийг прогресст оруулж, энэ салбарыг бодит туршлага дээр үндэслэн бий болгож чадсан байдаг. Тэрээр “Би өөрийнхөө “Өнгөрсөн амьдрал-ирээдүйн амьдрал” (1988) номондоо телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг эрд тохиолдсон явдлыг дүрслэн бичсэн билээ. Тэр ирээдүй рүү нэвтэрсэн, үүнийг нь баримтаар баталсан нотолгоо байгаа юм. Түүнээс гадна миний олон үйлчлүүлэгч прогресст орох үеийн ирээдүйн дүр зургууд хожим нь бодит байдалтай яв цав таарсан гэж мэдээлцгээх нь элбэг байдаг.

Би энэ амьдралын цаг хугацаан дотор ирээдүй рүү шилжихийг зураглан бичихдээ “энэ насны прогресс” гэдэг нэр хэрэглэдэг. Харин ” Ирээдүйн амьдрал руу прогресс хийнэ” гэдэг нь бид өөр физик биетэй байх ирээдүйн тусгай амьдрал руу цаг хугацаан дундуур шилжинэ гэсэн үг. Эхнийх нь хоёр дахиасаа ялгарах гол ялгаа нь ирээдүйн амьдралын прогресс нь насны прогрессыг бодвол хавьгүй тогтвор муутай. Энэ насны регресст орох үед ховсдуулагч хүн тохиолдож буй үйл явдлыг ёс мэт дэс дараатай, эмх замбараатай ярьдаг. Харин ирээдүйн амьдрал руу прогресс хийх үед ирээдүйн үйл явдлууд үйлчлүүлэгчийн нүдний өмнө нэгээс нөгөө рүү нэлээд эмх замбараагүй үсчсэн байдалтайгаар үзэгддэг”3 гэж прогрессын талаар бичсэн байна.

Ирээдүй, эсвэл өнгөрсөн цаг руу аялах аялал нь хувь хүн болгоны далд ухамсарт хадгалагдаж байдаг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн амьдралын тухай мэдээлэлд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл ховсын тусламжтайгаар тухайн хүний далд ухамсарт нэвтэрч өнгөрсөн, ирээдүйг нь кино зураг мэт харуулна гэсэн үг.

Хоёр төрлийн прогрессын аль алиных нь хувьд ховсдолтын зарчим адилхан гэж хэлж болно. Ховсдогч нь тухайн хүнийг трансад оруулахдаа их хэмжээний цагаан гэрлэн бүрхүүлээр өөрийгөө нөмрөн хамгаалж байна хэмээн эхний ээлжинд итгүүлдэг. Дараа нь түүнийг дуу хоолойгоороо удирдан нэгэн зүйл хоолой руу оруулна. Энэхүү хоолой нь төгсгөлдөө хоёр салаалж, нэг нь ирээдүй, нөгөө нь өнгөрсөн цаг руу орох хаалга болж өгнө.

Ховсдогч тодорхой тоог өсөх дарааллаар тоолж ирээдүй цагаар үйлчлүүлэгчээ аялуулаад, мөнөөх тоогоо буурсан дарааллаар тоолон ирээдүйгээс эргүүлэн гаргадаг.

Ховсдуулагч ирээдүйн чухам хэддүгээр онд яг хаана, юу хийж буй, хэн болохоо тодорхой мэдэж ярьж чадна.

Далд үзэгдэл судлаач Д.Батсуурь 2001 оны есдүгээр сарын 01-нд 19 настай Ойнбаяр гэгч эмэгтэйг прогресст оруулж үзсэн нь судлаачийн хувьд тэрээр хүнийг ирээдүй рүү хөтлөн зорчуулсан анхны тохиолдол байлаа. Ховсдуулагч Ойнбаяр тэр үед нэгэн дээд сургуулийн оюутан болж хөдөөнөөс ирээд байсан бөгөөд энэ сургуулиа төгсөөд нэг жил үргэлжлүүлэн сурна, 32 насандаа гурван ам бүлтэй айл болсон байна, 35 насандаа 450 мянган төгрөгийн цалин авна, Улаанбаатар хотод амьдарна, эрдмийн ажил хийнэ, 2 дүү нь дээд сургууль төгсөнө гэдэг мэдээлэл авснаа тэр үед хэлж байжээ.

2011 он гараад, өөрөөр хэлбэл прогресст оруулснаас арван жилийн дараа Ойнбаярын тэр үед хэлснийг одоогийн бодит байдалтай харьцуулж үзэхэд дараах байдалтай байна. Тэрээр сургуулиа төгсөөд нэг жил үргэлжлүүлэн сурсан, одоо нөхөр хүүхдийн хамт гурвуул Улаанбаатар хотноо аж төрдөг, өнгөрсөн жил докторантурт элсэх боломж гарсан ч төлбөрийн асуудлаас болоод хараахан сураагүй байгаа, хоёр дүүгийн нэг нь энэ жил дээд сургууль төгсөнө, нөгөө нь одоо хоёрдугаар дамжаанд сурч байгаа аж. Ойнбаяр өөрөө нэгэн улсын байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллаж, сардаа 450 төгрөгийн цалин авдаг байна. 2001 онд 450 мянган төгрөгийн цалин гэдэг санаанд багтамгүй их мөнгө байсан болохоор эргэлзээ төрүүлж, тэнд байсан хүмүүс ямар их мөнгө вэ хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ойнбаярын хувьд ирээдүйн нөхрийнх нь нэр л зөрж, бусад бүх зүйл нь биеллээ олжээ.

Судлаач Д.Батсуурь 2011 оны нэгдүгээр сарын 9-нд 19 настай Бямбахишиг гэдэг эмэгтэйг прогресст оруулахад “2016 онд гадаадын нэг оронд нөхөр, хүүхэд, найз нарын хамт явж байна. Нөхөртэй, нэг хүүтэй болсон байна. Америкийн туг харагдаж байна” гэснээ дараагийн үйл явдал нь болохоор “2020 он байна. Би Монголдоо, Улаанбаатарт байна. Шинэ гурван өрөө байр авчээ. Хоёр хүүхэдтэй болсон байна. Хоёр дахь нь охин юм. Би өөрөө улсын нэг байгууллагад ажиллаж байна. Орчин нь нэг их сайхан биш юм. Нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Энэ мэтээр нэлээд олон удаагийн сеансыг судлаач Д.Батсуурь удирдаад байгаа, гагцхүү тэнд яригдсан зүйлс цаг хугацааны явцад хэдэн хувийн биелэлттэй байхыг хүлээж байна. Тэгэхдээ Д.Батсуурь дандаа “Энэ насны прогресс” хийсэн бөгөөд “Ирээдүйн амьдралын прогресс”-ыг хараахан хийж үзээгүй байна. Тэрээр өнгөрсөн цаг руу ч, ирээдүй рүү ч аялуулахдаа зөвхөн мэдээлэл авч байгаа болохоос тэнд ямар нэг засал, засвар хийгээгүй байна. Ер нь бол далд үзэгдэл судлаачид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэгэн цэгт оршдог гэсэн дүгнэлтийг сүүлийн үед хийх болсон. Хүний өнгөрсөн цаг руу аялж аль нэг үе дээр нь үүссэн үйлийн үрийн зангилааг тайлах, ирээдүй рүү нь нэвтэрч мөн адил үйлдэх нь өнөөдөр гоц чадвартнуудын хийж чаддаг ажлын нэг юм.

Хүний амьдралын өнгөрсөн цаг ч, ирээдүй цаг ч ганцхан зам буюу хувь тавилантай байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн мөчид хүн олон зам, олон боломжит хувилбарын аль нэгийг сонгодог бөгөөд тэр нь хэрвээ буруу байвал үр дагавар нь аль нэг насны амьдралд, эсвэл ирээдүйн бүх үеийн амьдралд нөлөөлдөг. Гоц чадвартнууд регресс, прогрессын тусламжтайгаар тухайн хүнийг алдаа гарсан, эсвэл ирээдүйд гарах тэр цаг хугацаанд нь аваачин тэрхүү алдааг зассанаар хүний одоо, ирээдүйн амьдрал илүү сайн замаар явах боломжтой болдог.

Доктор Брюс Голдбергийн үзэж буйгаар бол хүний амьдралын ирээдүйд үндсэн таван чиглэл байдаг аж4. Өөрөөр хэлбэл хүн таван янзын ирээдүйгээс нэгийг нь сонгох боломжтой байдаг гэнэ. Алийг нь сонгосноос ямар амьдрах нь хамаарна. Доктор Голдбергийн номноос жишээ авъя.

1984 онд Пит гэдэг сэтгэлзүйч түүнтэй утсаар ярьж, гараа байн байн угаах хүслээс нь салгаж өгөөч гэж хүсчээ. Тэрээр бохир муухайгаас тамтаггүй айдаг, өдөрт гараа мянгантаа угааж, хувцсаа хэдэнтээ сольдог гаж гэмээр зуршилтай юмсанж. Түүнээс гадна 8-ын тоо насан туршдаа түүнтэй холбоотой, утасны дугаар авсан ч наймын тоотой, аливаа үйл явдлууд нь ч наймдугаар сар, эсвэл ямар нэгэн наймтай холбогддог байж. Мөн Тереза гэдэг нэр үргэлж дагана. Сэтгэлзүйч хүний хувьд тэрээр өөрийнхөө байдлыг нухацтай, тэгээд ч энгийн логикоор тайлбарлахын аргагүй гэдгийг мэдэж байсан учраас доктор Голдбергт ханджээ.

Доктор Голдберг энэ бүхний учир шалтгааныг өнгөрсөн цагаас олоогүй учир ирээдүйг нь шинжилжээ. Гэтэл ноён Пит 2074 онд Оклахома мужийн Тулса хотод Бэн Кэнсли нэртэйгээр амьдарч байх аж. Тэрээр атомын эрчим хүчийг илүү үр дүнтэй ашиглах, цөмийн шаарыг илүү аюулгүй устгах талаар судалгаа хийдэг нэгэн хүрээлэнгийн Тэрэз-Альфа нэртэй тасгийг удирдаж байна. Тэрээр цаашаагаа 2088 он руу шилжлээ. Тэр буруу тооцоо гаргасны улмаас цөмийн түлш алдагдаж, цацраг идэвхт бодис тархжээ. Бэн 2088 оны наймдугаар сард нас барлаа.

Пит гараа их угаадаг, наймын тоотой холбоотой, Тереза гэдэг нэр түүнийг үргэлж мөрддөгийн учир нь ийнхүү ирээдүй цагт байж. Доктор Голдберг ирээдүйн таван хувилбарын хамгийн муу хувилбараас нь түүнийг татгалзуулж, үлдсэн дөрвөөс хамгийн боломжтой гэснийг нь сонгуулан тэр нь бодитой байхаар хөтөлбөрчилж өгсөн байна. Тэгэхдээ түүнийг дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо инженер биш, харин цөмийн физикч мэргэжлийг сонгохоор болгосноор ирээдүйг нь засч чадсан байна. Тэгээд дахин 2088 онд очуулж үзэхэд тэрээр Тэрэзэ-Альфа тасагтаа ажиллах бөгөөд тэдний хийсэн туршилт амжилттай болж өнгөрсөн дүр зураг харагджээ. Үүнээс хойш Пит 8-ын тоо, мөн Тереза нэрнээс айхаа больсон байна.

Энэ жишээ бол хүний ирээдүй энэ цаг дээр байдгийн нотолгоо гэж хэлж болно. Өнгөрсөн цагийн тухайд ч бас нэгэн адил. Гагцхүү түүнийг зөв олж харж, хэрвээ тэнд ямар нэгэн алдаа байвал сонголтоо зөв хийх ёстой болж байна.

1. Б.Галаарид “Өнгөрсөн цаг руу аялж, урьд төрлөө мэдэх нь тийм ч хэцүү биш”. “Гэрэлт Цалиг” сонин. 2009. №4.

2. www.drbrucegoldberg.com

3. Брюс Голдберг. “Гипноз третьего тысячилетия”. Санкт-Петербург., 2004. 153-р тал.

4. Мөн тэнд.

2010.01.14.

Эх сурвалж: “Гэрэлт Цалиг” №02(77)

Thursday, September 23, 2010

Замчид найдсан заяач хөөрхий

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин. 2010.09.23)

Бөө болох ёстой хүнийг онготой нь холбогч багш буюу замчийн тухай өгүүлэхийн өмнө нэгэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна.
Бөө мөргөлийн тухай аливаа мэдээлэл нь тухайн цаг үед онгодоор дамжуулан өгөгдөж буй түвшинд л эргэлдэх бөгөөд илүү ихийг гүнзгийрүүлэн ухах, нягтлах боломжгүй байдаг. Жишээ нь, одоогоос арав хорин жилийн өмнө өгч байсан мэдээлэл өнөөгийнхтэй жишихэд харьцангуй энгийн түвшний, тэгээд ч бүдэг бадаг байлаа. Тэр мэдээллийн хэмжээнд бөөгийн ертөнцийг төсөөлж дүгнэлт хийх нь ихээхэн эрсдэлтэй алхам байсныг цаг хугацаа харуулж байна. Өнөөдөр бол нэлээд дээд түвшнээс мэдээлэл авах боломж бүрдсэн тул цаг хугацааны уртад хувирч өөрчлөгдөхгүй байх магадлалтай зүйлийн талаар л би зориглон дуугарч байгаа болохоос эргэлзээ төрүүлсэн, нягталбаас зохих зүйлсийг ер хөндөхгүйг хичээж байна. Гэхдээ ирээдүйд ичиглэхээс эмээн мэдсэн сонссоноо хав даран дуугүй суух нь бас гэм буруутан болохын нэгэн язгуур мөний учир төөрч будилж яваа нэгэнд тус болуужин хэмээн цуврал нийтлэл тэрлэж байгаагийн энэ удаагийнх нь багш буюу замчийн тухай болой.
Бөөгийн багш гэж хэн бэ? “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг олон жилийн дадлага туршлагатай бөөг багш бөө гэнэ”1 хэмээн манай нэртэй судлаач О.Пүрэв эрхэм тодорхойлжээ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ”2 гэж нэрт түүхч Ч.Далай “Монголын бөө мөргөлийн түүх” гэдэг алдарт бүтээлдээ бичжээ.
Аль аль нь тухайн цаг үедээ зөв боловч эдүгээ хуучирсан тодорхойлолт юм. “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулъя. Харанхуйн орон гэдэг ойлголт маань гэхэд онго сүнснүүд оршдог нэг л орны нэр бөгөөд зэрэг дэвээсээ хамаарч оршдог суудаг газар нь өөр өөр гэдэг нь одоо тодорхой болоод байна. Ид шид хэмээх үг маань эсрэг утгат үгс бөгөөд ид нь сайн эрдмийг, шид нь муу эрдмийг нэрлэдэг болохыг эртний нэгэн онго молхи бичээч надад учирлаж, бичсэн номын минь нэрийг шүүмжилсэн билээ. Хар цагаан, сайн муу, гэрэл сүүдэр гэхчлэн хоршуулж харьцуулж хэрэглэдгийн нэг адилаар ид шид хэмээснийг бид анзааралгүй өдий хүрчээ. Зүй нь багшлаач нь ид бахыг үзүүлэн шавиа замчлах ёстой юмсанж. “Шидийг үзүүлж шилээвэр үлээх” гэдэг саар мууг илэрхийлсэн хэллэг байдаг нь шидийн мөн чанарыг эндүүрээд байгааг хэлээд л байна даа. “Дасгалжуулах” гэдгийн тухайд мөн л шүүмжлэх юм гарч байна. Бөө бол тамирчин биш. Түүнийг дасгалжуулах хэрэг байхгүй. Угийн юмтайгаа зөв сайн холбогдсон бөөг онго нь хөтөлж залаад явчихдаг. Энэ талаар дор дэлгэрэнгүй өгүүлнэ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ” гэсэн Ч.Далай докторын үгэнд ч бас тухайн цаг үеийн мэдлэг мэдээллээс улбаатай андуу эндүү байна. Ахмад бөө нь залуу бөөд бөө гэж өөрийгөө нэрлэх зөвшөөрөл өгдөг, үүний тулд шалгалт авдаг гэж ойлгогдож байна. Уг нь багш бөө нь замчлах, угийг нь холбож өгөх л үүрэгтэй. Тухайн хүнд онго суулгаж чадах эсэх нь нэг талаас багшийн чадвар, нөгөө талаас бөө болох гэж байгаа хүнээс өөрөөс нь ихээхэн хамаардаг зүйл. Энд эргэж нягтлах асуудал бий ч шалгалт шүүлэг авна хэмээн махчлан ойлгож болохгүй. Бөөд замчлахаас багшилдаггүй, замчилж өгсөн хүний ачийг үргэлж санаж, хүндлэх ёстой болохоос багш шавь гэж үргэлж хэлхэлдэж явдаггүй гэж гэж эртний сайхан онгууд сургаж байгаа нь багшлах нэрээр шавь сургалт мэт юм зохион байгуулдаггүй, өнөө хийгээд байгаа элдвийн хүндрэлтэй үйлүүд байхгүй байсныг харуулж байна.
“Монгол харын бөөгийн ёсонд бөө болгоно гэж онош тавиулсан хүнийг бөө нарын дүрсэлдэг “харанхуйн орноор” дагуулж газарчлан явах зан үйлийг бөөгийн зам заах ёс гэдэг”3 гэсэн О.Пүрэв докторын тайлбар ч мөн л өрөөсгөл юм. Замчлах үйлийн нэгээхэн хэсэг нь л харанхуйн орноор дагуулах явдал юм. Тэгэхээр замчлах гэдэг нь бөө болох ёстой хүний уг гарвалыг тодруулахаас эхлээд хувцас хэрэглэлийг нь бэлдүүлэх, онготой нь учруулж, биед нь суулгах хүртэлх харьцангуй өргөн утгыг агуулна.
Монгол хэлний тайлбар тольд “Замч(ин) 1.Зам заагч 2.Зам засагч; Замчлах- зам зааж, бусдыг удирдан дагуулан явах; Замчлуулах- бусдаар зам заалгах, зам хөтлүүлэх”4 гэснээс үзвэл замч гэдэг бол замыг нь заадаг, чигийг нь гаргадаг хүн болохоос багш биш аж. Угаасаа онго болгон өөрийн гэсэн эрдэм чадалтай байдаг, түүнийгээ улаачаар дамжин буухдаа гаргадаг учраас улаачид багшилж, юм заана гэдэг нь илүүц, зарим тохиолдолд харш юм.
О.Пүрэв доктор зам заах ёсыг гурван үе шаттайгаар явуулдаг, долоон шөнө багш нь шавиа дэргэдээ нөмгөнөөр суулгаж бөөлөөд бие сэтгэлд нь өөрчлөлт орохгүй бол түүнийг бөө болохгүй хүн гэж үздэг гэж цааш өгүүлсэн нь ч үнэнд нийцэхгүй, зарим утгаараа ихээхэн буруу харш байна.
Угаа барьж бөө болж буй хүнийг эрт үед ихэвчлэн заяач гэдэг байж. Энэ нь бөө болох заяатай төрсөн, бөө болохоор заяасан хүн гэсэн утга агуулдаг байсан бололтой. Заяач гэдэг үгийн энэ утгыг өнөө хүртэл бөө судлаачид судалгааны эргэлтэд оруулаагүй байгаа нь “Заяач хэмээх үг монгол хэлнээ: 1.Заяач тэнгэр 2.Заяач хэмээх буумал шүтээн 3.Заяач хэмээх дүрс онгод буюу эмгэлж гэсэн гурван утгатай”5 гэснээс тодорхой байна.
Энэ мэтээр нэр томъёо, ойлголтын зөрүү ихээхэн байгаагийн зэрэгцээ замч хүний үүрэг нь юу болохыг тодорхой мэдэхгүй, эсвэл ашиг хонжоо харж санаатайгаар гуйвуулсны улмаас заяачид замчлах зан үйл энэ цагт ихээхэн ээдрээтэй, эргэлзээтэй болоод байна.
Зөв сайн бөө нар хүний уг гарвалыг тодруулахдаа аль болох сэрээж босголгүйгээр алсаас танддаг. Эцэг эхийн аль талаас хэд дэх үеийн ямар онго болох, хэрхэн бөөлдөг, ямар хувцас хэрэглэлтэй, ямархуу хүч чадалтай байсныг нь хүчтэй сайн бөө бол заавал дуудаж сэрээлгүйгээр тандан хэлж чаддаг. Зарим онго хар муу үйл хийдэг хатуу догшин байх юм бол сэрээлгүй өнгөрөөх арга зам хайдаг. Мөн улаач заяач нь овилгогүй, явдал мөр буруу, сэтгэл санаа хар бараан бол аль болох холбохоос зайлсхийдэг. Аль ч тохиолдолд хожмын үр дагавар нь сөрөг муу учраас чингэдэг болой.
Гэтэл сүүлийн үед зарим бөө тэнгэрээс тэмдэгтэй бөө болох хүмүүнийг угийн их онготой нь уулзуулж замчлахын оронд амар хялбарыг бодож тийрэн хөллүүлж босгон өөрийгөө ч ялд унаган, өрөөлийг ч зовлонд умбуулдаг болжээ.
Төсөрхөн нэгэн улаач надтай уулзан энэ талаар олон түмэнд дуулгаж өгөөч гээд өөрийн нүдээр харсан зүйлээ ярьж өгсөн юм. Багш нь нэгэн шинэ шавийнхаа онгыг босгож өгөхөөр болжээ. Энэ зан үйлээ хээр хөдөө хийхээр болж хамаг л шавь нараа дагуулан бараа өүртэй нь аргагүй явж гэнэ. Шинээр бөө болох гэж байгаа залуухан охины аав ээж ч хөл хөөр болж, ах дүү, амраг саднаа бүгдийг нь дагууллаа. Идэж уух, өгөх өргөхөд гар татсангүй. Гэтэл багш нь харсаар байтал хөөрхий охиныг тийрэнтүүлчихэв. Ах дүүс нь мэдсэн шинжгүй “Онго орлоо” гээд л сүйд. Арай шударга, зоригтой шавь нар нь “Багш аа, та яаж байгаа юм бэ? Тийрэнтүүлчихлээ шүү дээ” гэтэл “Чимээгүй чимээгүй. Хоёр жилдээ л гангарна” гэж хэлээд инээжээ.
Мөн “Хүний угийг нь мөшгөх гэж зовж байснаас тийрэн хөллүүлчих нь амар юм” гэж нэлээд туршлагатай гэгдэх хоёр бөө хоорондоо ярилцаж байхыг нь сонсчихоод ухаан алдах шахсан тухайгаа нэгэн зайран ярьж байв.
Хүний биед орсон ад тийрэн заримдаа авсаар танигддаггүй, хэсэгтээ л ил далдыг хэлж, эмнэж домнож, арга засал хийдэг учраас хүмүүс онго байна, өвөг дээдэс минь бууж байна гэж эндүүрдэг. Тэгвэл өнөө цагийн өнгө мөнгөнд автсан бөө нэртүүд заяачид замчлахын оронд ад тийрэн босгож, өөрсдөө эгээ л тийрэн лүгээ адил загнах аж.
Ингэж буруу үйл хийсэн бөө яахав үйлийн үрээ хэзээ нэгэн цагт үүрнэ. Тэнгэрийн гэсгээлээс зайлж чадахгүй. Хамгийн өрөвдмөөр нь замчид найдсан заяач болоод түүний эргэн тойрныхон. Өвөг дээдэстэйгээ учирна, удмын алтан хэлхээгээ сэргээнэ хэмээн хөөрч баярласан тэднийг мэдэхгүйг нь далимдуулан ад зэтгэр, алив муу бүхэнтэй холбож өгнө гэдэг үнэхээр аймшиг. Хэдэн халтар төгрөгний төлөө ийм нүгэл үйлдэж байгаа бөө нэртүүдийг орчин цагийн муур багш гэвээс зохилтой. Муур багш шавь оготнуудаа нэг нэгээр нь зооглодог бол ухвар мөчид бөө нар холбосны хөлс хэмээх хэдэн халтар төгрөгнийхөө төлөө гэмгүй нэгнийг гал голомтоор нь, ахан дүүсээр нь ад тийрэнгийн идэш болгож байна. Хүний итгэл сэтгэлээр тоглосон, онго тэнгэрээр тоглосон, бөөгийн ертөнцийн хатуу зан үйлээр даажигнасан, муу зүгийн сүнс сүүдэр амилуулсан гээд давхар давхар ялд унаж буйгаа мэдсээр атал шунал гэдэг, мөнгөнд хордсон сэтгэл гэдэг хүчтэй байдаг аж.
Мөн өрөөлийн онгыг хулуух булаах, бие биедээ нааж өгөх, энд тэндхийн тэнэмэл босгож элдэв зан үйлд зараал болгох зэргээр байж болшгүй нүгэл хурааж байгаа бөө нар өнөө чадаж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ наана хэлэхэд онгодын зэрэг дэвээ бууруулж, чадал чансаагүй болох, цаанадаж өөрийн болоод ураг төрлийн халуун амиар наадах хатуу гэсгээл рүү өөрсдийгөө чирч буйгаа эртхэн ухаарч ойлгоосой.
1. О.Пүрэв “Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар толь” УБ.,2003.17 дахь тал
2. Ч.Далай “Монголын бөө мөргөлийн түүх” УБ., 2009. 94 дэх тал.
3. О.Пүрэв “Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар толь” УБ.,2003.25 дахь тал
4. И.Дамбажав “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж” монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг. УБ., 2010. 761 дэх тал.
5. Ш.Сүхбат “Монгол бөө” Дэлгэрэнгүй толь III. УБ., 2010. 111 дэх тал.
2010.09.21.