Monday, September 19, 2011

"Өнөөдөр" мэндэлсэн түүхнээ нэмэх бяцхан таталбар

Б.Галаарид (“Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, зохиолч, сэтгүүлч)

“Өнөөдөр” сонины түүхт ойг тохиолдуулан үе үеийн “Өнөөдөрчүүд”, цаг цагийн уншигчдадаа баярлалаа гэж хэлье. Анхдагчдад онцлон талархаж байна. Яагаад гэвэл “Өнөөдөр” гэдэг айлын буурийг нь тэгшилж, ханыг нь шийрлэж, өрхийг нь татаж, галыг нь бадрааж, “Өнөөдөр” гэдэг шинэ бүтээгдэхүүнээр уншигчдаа “дайлах” эрхэм хувь А.Баасандорж, Д.Баасанжаргал, Р.Байгалмаа, Ц.Балдорж, Д.Батцэнгэл, Б.Галаарид, Ш.Даваадорж, Д.Заяабат, Б.Лигдэн, З.Мэндсайхан, А.Мягмаржав, Ж.Орхон, Б.Нацагдорж, Б.Пүрэвдаш, Д.Энхболдбаатар, С.Энхжаргал, Р.Эрдэнэдэлгэр гэсэн 17 хүнд ноогдсон байдаг. Тэр 17 хүний “чанасан цай”-г эхэлж амтлах аз нэг түмэн уншигчид ноогдсон. Тэгэхээр “Өнөөдөр” сонины анхны дугаар 10000 хувь сониныг эхэлж уншсан хүмүүсийг ч би бас анхдагч гэж үзэн тус сонины анхны ерөнхий эрхлэгч(редактор)-ийн хувьд онцгойлон талархал илэрхийлж байна.

Эргээд харахад “Өнөөдөр” мэндэлж байсан мөчөөс хойш 15 он нэгэнт улирч, тэр үеийн бүх үйл явдал нь түүх, тэдгээр үйл явдалд оролцогсод нь түүхийн гэрчүүд болж хувирчээ. “Өнөөдөр” сонины тав, арван жилийн ойгоор ч, энэ удаад ч олон хүн дурсамж бичиж, ярилцлага өгч түүхээ тодлож байна. Тус сонины үүтгэл үеийн түүхийг хамгийн нарийн тодорхой мэдэх хүний хувьд зарим нөхдийн үл ялиг андуу эндүүг залруулах, бас бусдын огт мэдэхгүй түүхийг сөхөх нь өөрийг үүрэг гэж үзлээ.

Эхлээд хувийн чанартай нэг тодруулга хийе. Б.Галаарид гэдэг хүн хэн юм, яагаад “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор болсон юм гэж сонирхох хүн мэдээж байгаа. Би Ц.Балдорж эрхлэгчийн багт, төрийн төв хэвлэл-“Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад “Өнөөдөр”-ийг үүсгэн байгуулалцсан хүн. Энэ тухай “Өнөөдөр” сонины 2006 оны наймдугаар сарын 28-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн, манай анхдагчдын нэг Д.Заяабат хийж, Бал эрхлэгч маань өөрөө уншиж хянасан “Б.Галаарид: “Өнөөдөр”-ийг нийгэм хүлээж байсан юм шүү” ярилцлагад хэрхэн өгүүлснийг ишлэе.

“...УИХ-ын1996 онд болсон сонгуулийн үр дүн нийгэмд олон зүйлийг тодруулсан. Сөрөг хүчин анх удаа сонгуульд ялалт байгуулж засгийн эрх барих боллоо. Үүнийг дагаад хэвлэл мэдээллийн салбарт том өөрчлөлт орж эхэлсэн. Засгийн эрхэнд гарч ирсэн улстөрийн шинэ хүчин хуулийн дагуу төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг томилох нь гарцаагүй байв. Тиймээс энэ сонинд ажиллаж байсан сэтгүүлчдийн хувьд аль нэг намын харьяат хэвлэлд ажиллах уу, эсвэл чөлөөт, хэнээс ч хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйгээ дагах уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. Миний хувьд анхнаасаа ардчиллын төлөө явсан, Говь-Алтайд Ардчилсан холбоо байгуулж, Социал демократ намд хүчин зүтгэж, “Үг” сониныг анх гаргаж байсан гэдэг утгаараа ялсан улстөрийн хүчинд илүү талархалтай хандаж байлаа.

Түүнчлэн “Ардын эрх” сонинд ажиллаж, Балдорж гэж хэн бэ, ямархуу сэтгүүлч, уран бүтээлч, менежер вэ гэдгийг сайн мэддэг болсон байснаас сэтгэл хоёрдсон. Эрхлэгчид шинэ сонин гаргах санаа байсан нь лавтай. Дээрээс нь би “За эрхлэгч ээ, та шинэ сонин гарга. Би тэр сониныг чинь сонин шиг сонин болгоход тантай хамтран ажиллая. Хөл дээрээ баттай зогссоны дараа би явна. Надад өөрийн зам мөр бий” гэж хэллээ. Энэ яриа манай байшингийн үүдэнд болсон юм. Эрхлэгч намайг гэрт минь дөхүүлж өгөөд гадаа хэсэг ярилцаж зогсох үед бидний хооронд ийм яриа болсон хэрэг.

Тухайн үед “Ардын эрх” хамгийн шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн хүчирхэг баг байв. Энэ хүчирхэг баг өөрсдийн итгэл үнэмшил, үзэл бодлоороо хуваагдахдаа тулсан. “Өнөөдөр” сониныг улстөрийн аль нэг нам, хүчний харьяат бус байлгаж, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэсэн сонирхол эрхлэгч бид хоёрт байсан учир би энд ирсэн. Тэрч шалгуураар багаа бүрдүүлэх гэж оролдсон. Сонин анхны дугаараасаа эхлэн чөлөөт, ардчилсан гэдэг зарчим баримталсаар ирсэн...”

“Өнөөдөр” сониныг гаргахаар зориглоцгоосон түүх гэвэл энэ. Сониноо бүртгүүлэх, ямар баг бүрдүүлэх, хэнийг авах, сонины ерөнхий бодлого, загвар дизайн гээд бүх зүйл дээр шийдвэр гаргах эрхийг Бал эрхлэгч надад өгч, шаардлагатай гэж үзсэн үедээ л ярьж зөвлөж байсан болохоос хөндлөнгөөс хүчээр далайлгадаггүй, харьцангуй эрх чөлөөтэй ажиллах боломж олгодог, тэр хэрээр ажил урагштай явдаг байв.

Анх бид Соёлын төв өргөөний доод давхрын нэг жижигхээн өрөөнд, “ЖААГ” радиогийн хаяанд толгой хоргодох зуураа “Монгол ньюс” компанийг байгуулж, хуулийн этгээд болох эхний алхмаа хийсэн. Шинэ компани тэгэхэд Ц.Балдорж эрхлэгчийн барьсан цүнхэнд бүхлээрээ багтаж, “рекламны” Баярсайхан бид хоёр баруун зүүн гар нь болон татварын албанд бүртгүүлэх, данс нээх, тамга захиалах гэхчлэн аж ахуйн нэгж шинээр байгуулахад хийдэг хамаг ажилд гурвуулаа хэлхэлдэн хэд хоног явсан сан.

Дараа нь “Шинэ интернэшнл” компанийн байр руу нүүж, сонины редакц маань эхлээд нэг жижигхэн өрөөнд орсон. Нэг ширээ, хоёр сандалтай. Анхны дугаарын материалуудыг Р.Эрдэнэдэлгэр, Р.Байгалмаа нар шивж, Д.Батцэнгэл макет хийсэн. Жижигхэн өрөөнд олуулаа шахцалдаж овооролдохоор байр сав маань хэдий тавилгагүй ч гэсэн ер хоосон бодогдохгүй, хоосон сав шиг дүнгэнэх цуурайлах юмгүй их л дүүрэн сайхан байсан юмдаг.

Сэтгүүлчид маань өөр өөрийн боломжоор мэдээгээ цуглуулж, цонхны тавцан, цүнх сав аль таарсан юман дээрээ цаас дэлгэн бичицгээдэг байв. Шөнө өдөргүй ажиллацгааж байж дээ. Ямар ч тохижилтгүй тэр өрөөний цементэн шалан дээр нь сонин дэвсэн дугхийж байгаад жиндэн хатгаа авч, түүнийгээ тоохгүй явж байгаад хүндрүүлж сүйд болох шахсанаа санаж байна.

Анхны дугаараа бэлдэх зуур сонины эрхээ хөөцөлдсөн. “Монгол ньюс” ХХК байгуулагдаж, ерөнхий захирал Ц.Балдорж О1 тоот эхний тушаалаараа намайг “МН-Өнөөдөр” сонины ерөнхий редактороор томилж, сониныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг үүрэгдэв. Энэ бол 1996 оны есдүгээр сарын 18-ны өдөр.

Энэ тушаалтай холбогдуулан нэг тодруулга хийх ёстой байх. “Өнөөдөр” сонин анх ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, ерөнхий редактор Б.Галаарид гэсэн салаа удирдлагатай байсан, мөн анхнаасаа дороо олон орлогч эрхлэгчтэй нүсэр бүтэц байсан мэтээр сүүлийн үед энд тэнд бичдэг боллоо. Энэ бол эндүүрэл.

Ц.Балдорж эрхлэгч маань “Монгол ньюс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь байсан. “Мн-Өнөөдөр” сонин бол тус компанийн салбар нэгжүүдийн нэг, ерөнхий редактор нь Б.Галаарид миний бие байсан. “Ерөнхий редактор” гэдэг нэрийн тухайд бид бас бодож, хэлэлцэж байж өгсөн юм. Барууны орнуудад Editor-in-Chief гэж байдгийг “Ерөнхий редактор” гэж хэвшүүлье гэж хэлэлцээд анхны дугаартаа “Ерөнхий редактор Б.Галаарид” гэж тавьж, нэрийн хуудсандаа ч англи монголоор мөн тэгж оноон бичиж байв. Харамсалтай нь энэ нэр томъёог “их мэдэгчид” хуулбарлахдаа хоёр өөр үүрэг функцтэй албан тушаал гэж ойлгох болсныг одоо ч олон сэтгүүл, сониноос харж болно. Бид тухайн үедээ энэхүү марзан эндүүрлийг ихэд шоолон хэлэлцдэг байсан бөгөөд нэгэнт нийгэмд ийм гаж ойлголт үүссэн учраас “Ерөнхий эрхлэгч” гэдэг хуучин нэр томъёогоо эргүүлэн хэрэглэх нь дээр юм гэж ярилцах болсон Editor-in-chief-ийг Ерөнхий эрхлэгч гэж оноох болсон нь “Өнөөдөр”-ийн хувьд бүр хожмын, Б.Пүрэвдаш эрхлэгч ажлаа өгснөөс дараа үеийн хэрэг билээ.

Сонин маань анхандаа маш энгийн бүтэцтэй байсан бөгөөд хожим нь хөлөө олж бэхжихийн хэрээр удирдлагын бүтцээ зайлшгүй томруулах шаарлагатай болж, орлогч эрхлэгчидтэй болсон юм. Тодруулбал, 1997 оны аравдугаар сарын эхээр, намайг ажлаа өгч, Б.Пүрэвдаш гуай ерөнхий редактор болсон үеэс нэгдүгээр орлогч, мөн гурван орлогч эрхлэгчтэй болсон .

Одоо “Өнөөдөр”-ийн анхны дугаар хэрхэн хэвлэгдсэн түүхийг өгүүлье. Бал эрхлэгч ер нь аливааг хийхдээ зоригтой ч, зангарагтай ч хөдөлдөг нэгэн гэдгийг олон хүн мэднэ. Тэрээр сонины редакцаа хамгийн орчин үеийн маягаар тохижуулна хэмээн ширээ сандал, компьютер зэргийг авахаар хамаг мөнгөө шилжүүлчихсэн, нэг том танхим тохижуулаад эхэлчихсэн үеэр анхны дугаараа хэвлүүлэх боллоо. Дугаар хэвлэлтэд бэлэн болсон ч түүнийгээ хэвлүүлэх мөнгө байсангүй. Тэр үед “Чөлөөт хэвлэл” сангийн удирдлага нь Х.Наранжаргал байлаа. Тэдний хэвлэх үйлдвэр зээлээр нэг ч сонин хэвлэхгүй гэсэн хатуу журамтай. Зарчимч, шударга, дүрэм журмаа ягштал барьдаг Х.Наранжаргал эгч маань Бал эрхлэгч бид хоёрын гуйлтыг зөвшөөрч анхны дугаарыг маань зээлээр хэвлэж өгөхөөр болсон нь тухайн үедээ юутай ч зүйрлэшгүй том тус байж билээ.

Сонины хэвлэх үйлдвэрийн дарга Б.Галсандорж анд маань анхны дугаар хэвлэлийн машинаас гарч ирэх агшныг нүдээрээ харах хүсэлтийг минь зөвшөөрч үйлдвэр рүүгээ нэвтрүүллээ. Галаагийн ачаар би тийнхүү “Өнөөдөр” сонины хамгийн анхны дугаарыг хэвлэх машинаас гарахад нь дэлгэн үзэх хувь тохиосон юм. Гэрэл зургийн сурвалжлагч Р.Даваажав аливаа шинэ соргог үйл явдлыг үргэлж мэдчихсэн байдаг төрөлхийн мөрдөн сурвалжлагч зангаараа яг тэр эгшнийг хальснаа буулгаж авсан. Тэр зургууд бодвол архивт нь байдаг байх.

Би эхэлж авсан мөнөөх дугаараа гараасаа салгалгүй барьсаар редакц дээрээ ирж,тэнд байгсад уг сонин дээр бүгд гарын үсгээ зурцгаасан. Тэр мөчид “Хонгор зул” сонины эрхлэгч, яруу найрагч Я.Бадамсүрэн бидний баярыг хуваалцсан бөгөөд сонин сониноо дэмжлээ хэмээн ихэд баярлаж мөнөөх гарын үсэг бүхий сониноо би түүнд дурсгал болгон өгсөн юм даг. Тийм дурсгалтай сониныг Я.Бадамсүрэн алга болгоогүй нь лавтай. Манайхан хөөцөлдөж олж авбал маш сонин байх биз.

Анхны дугаарын материал бүрдүүлэлт их амархан байсан. Чадварлаг сайн баг гэдэг юунд ч түүртдэггүйг тэгэхэд л би харсан. Хүн болгон хоёр гурван материал бариад ирэхээршигшилт сонголт хийх ажил л үлддэг юм билээ. Анхны дугаарыг Б.Лигдэн, Б.Пүрэвдаш хоёр аль эрт бэлэн болгочихсон байсан гэж манай анхдагчдын нэг Б.Нацагдорж яагаад эндүү бичсэнийг би үнэндээ ойлгоогүй. Тийм холоос төлөвлөсөн бодлого бидэнд байгаагүй. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ар араасаа маш хурдтайгаар хөвөрсөн үйл явдлуудын өөрчлөлт, хувиралтын явцад шинэ сонин байгуулах шийдвэр гаргаж, багаа яаралтай бүрдүүлж, хэнд ямар материал байна, аваад ир гэж л хүссэн. Галаарид тэр олон материалаас сонголт хийх гэж зүдэрсэн байх гэж Б.Пүрэвдаш гуай хашир хүн болохоороо үнэн бичсэн байна лээ.

“Өнөөдөр” маань үндэсний хэмжээнд тардаг өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл. Анхдагч байна гэдэг бүх саад бэрхшээлийг эхэлж туулна, бүх зам мөрийг эхэлж гаргана гэсэн үг. Анхдагчийн гаргасан мөр, тогтоосон жишиг ямар байхаас дараа дараагийнхны хувь заяа их хамаардаг. Энэ бол анхдагчийн хамгийн гол хариуцлага. “Өнөөдөр” сонин энэ хариуцлагаа сайн мэдэрч, бүрэн дааж чадсан. Бодлогоор ч, техник технологиор ч тэргүүлэгч байх гэж тэмүүлдэг нь энэ сонины хувьд уламжлал, бас мөнхийн мөрдлөг болсон нь сайн хэрэг.

Би “Өнөөдөр”-т удаан ажиллаагүй. Хожим нь Бал эрхлэгч маань хүрээд ир гэж урихад нь очиж чадаагүй. Очиж чадаагүй учраа нэг сайхан тайлж хэлнэ дээ гэж бодсоор явтал эрхлэгч маань энэ хорвоогоос буцчихсан. “Өнөөдөр”-ийн ололт амжилтыг өөртөө хамаатуулах эрх надад байхгүй, тийм ёс суртахуун ч байхгүй. Гэхдээ анхдагчийн хувьд, “Өнөөдөр” гэдэг их айлын галыг нь бадраахад голлох үүрэгтэй оролцсон хүний хувьд, анхны ерөнхий эрхлэгч нь байсны хувьд өөрт хамаатай, өөрийн мэдэх цаг үеийн түүхийг үнэн мөнөөр нь тодлон үлдээх нь үүрэг гэж үзэн энэхүү дурсамжийг халтартууллаа.

“Өнөөдөр” сониныг өмнөх он жилүүдэд Монголын топ сонинуудын нэг байлгаж чадсан бүх хүмүүст, тэр уламжлалыг нь буухиалан хадгалж буй өнөөгийн хамт олонд, бүх цаг үеийн “Өнөөдөр”-ийн үнэнч уншигчдад 15 жилийн ойн мэнд дэвшүүлье.

“Өнөөдөр” сонин. №209. 2011.09.13.

Saturday, May 21, 2011

Фауст шиг сүнсээ арилжсан бөө нэртүүд

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” №8. 2011он.)

Хүн төрөлхтөн түүхэн урт удаан хугацааны туршид далд хүчний утга учрыг тайлахаар оролдож ирсэн, энэ нь бас ч гэж ахицтай байгаа гэж олон хүн боддог. Харин энэ ойлголт, хандлагыг эсрэг өнцгөөс нь харж, дуугарах нь ховор. Өөрөөр хэлбэл хүний таван мэдрэхүйгээс ангид буюу чинад ертөнцийг хүн төрөлхтөн сайн мэддэг, харилцаж чаддаг, бодит ба бодит бус ертөнц хамтдаа байж байж бүтэн болдгийг эрт дивангарт ойлгочихсон байсан, харамсалтай нь хүмүүс элдэв сургааль номлол зохиож, өөрсдөө түүндээ итгэх дуртай учраас эртний мэдлэгийг дараа дараагийн үеийнхэн баллуурдсаар эцэс сүүлдээ бараг байхгүй болгочихсон, эсвэл тэр нь утга учиргүй зүйл мэт бодогдох болсон гэдэг өнцгөөс асуудалд хандахыг нэг л хүсдэггүй нь шинжлэх ухаанч бус гэдэг тодотголыг зүүхээс эмээсэн хэрэг ажгуу.

Гэтэл мөнөөх шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, өрнийн дээд боловсролын байгууллагыг үүсгэн санаачлагч гэгддэг агуу Платон “Эфир биет болон хий биет амьд зүйлсийн аль аль нь тув тунгалаг учраас бидэнд ойрхон байлаа ч үл мэдэгдэнэ. Аль аль нь гайхалтай ухаантай учраас ойлгож ухамтгай, санаж тогтоомтгой. Тэд бидний бодол санаа бүрийг мэдэж байдаг бөгөөд хэн сайн, буянтайд нь талархаж, маш муу хүмүүсийг болохоор зовж зүдрэх ёстой хэмээн үзэн яддаг гэж хэлмээр байна” гэж бичиж байжээ. Тэрээр эртний сэтгэгч Сократын шавь, Аристотелийн багш бөгөөд энэ тооллоос өмнөх 428/427-348/347 онуудад амьдарч байсан гэхээр тэр үед далд ертөнцийн тухай мэдлэг ямар хэмжээнд байсан, өнөөгийн шинжлэх ухааны өвөг дээдэс уг асуудалд хэрхэн ханддаг байсныг тодхон харж болно1. (1.Платон “Послезаконие”)

Бидэнд харагдаж мэдрэгддэг бодит ертөнц маань сайн муу, гэрэл сүүдэр, нүгэл буян, жаргал зовлон хослон байдгийн нэгэн адилаар далд ертөнцөд ч сайн муу хүчний аль аль нь байдаг аж. Үүнийг хүн төрөлхтөн сайтар мэддэг байсны бодит нотолгоо нь улс түмнүүдийн үлгэр домог, тууль, аман ярианд мянга мянгаараа үлдэж хоцорсныг мөнөөх мартамхай, өмнөхөө үгүйсгэгч хүн төрөлхтөн маань бодит байдлын зураглал гэхээсээ фантааз, уран сэтгэмж гэж үзэх нь илүүтэй байсан цаг үе саяхан. Гэхдээ хүн төрөлхтөн сайн хүчийг шүтэж бишрэхийн зэрэгцээ муу хүчнээс айн ширвээтэх нь үеийн үед байсаар ирсэн үзэгдэл гэж хэлж болно.

Ялангуяа дундад зууны үед хар хүч, муу хүчний шидийг ашиглагчдын тухай ихээр яригдах болж олон мянган хүнийг хоморголсон гэсгээн цээрлүүлэлт хүртэл гарч байв. Ийм гэсгээлтийн үндэс нь чөтгөрүүд хувь хүнтэй гэрээ байгуулж, тохиролцоонд хүрснээр түүнийг өөрийн хар муу үйлд ашигладаг тухай номлол юм.

Үүний сонгодог жишээ болгож Urbain Grandier-ийн түүхийг өгүүлдэг. Тэрээр 1590 Онд төрсөн, сайн боловсрол эзэмшсэн, уран илтгэгч, санваартан атлаа хормой хотны явдлаас ангид биш нэгэн байжээ. Түүнийг чөтгөртэй гэрээ хийсэн гэж буруутган 1643 онд амьдаар нь шатаажээ. Тэгэхдээ нотлох баримт болгосон гэрээ нь өнөөг хүртэл хадгалагджээ. Энэ нь нэг талаас чөтгөрүүд бичсэн гэх, нөгөө талаас Урбен Грандьегийн гараар бичигдсан гэх хоёр баримт юм. Чөтгөрийн бичиг нь болохоор толины тусгал мэт урвуу бөгөөд ер нь буруу номын юм бүхэн эсрэгээрээ байх ёстой гэж үздэг. Тэр бичиг нь бид Урбен Грандьетай хамтрах гэрээг үйлдэж байна, ингэснээр бид түүнд сайхан хүүхэн, хайрын явдал, нийтийн хүндлэл, эд баялаг, дээдийн таашаалыг эдлүүлнэ, харин тэр болохоор жил бүр бидэнд өргөл өргөнө, тэрээр газар дэлхий дээр хорин жил амьдарсны эцэст тамд очно гэсэн агуулгатай. Урбен Грандье болохоор би насан туршдаа чөтгөрт үйлчилж, аль болох олон муу үйл хийж, бусдыг ийм үйлд уруу татаж, ийсүсийн ивээлээс татгалзана, хэрэв би чөтгөрт өдөрт гурвантаа өргөл өргөж мөргөхөөс татгалзвал амь биеэ өгнө гэсэн утгатай андгай бичжээ.

Санваартан Грандьег хэдэн өдөр дөрөөлөн тамлаж, хамаг ясыг нь үйрүүлж, халуун төмрөөр хайрсан боловч ийм зүйл хийсэн гэдгээ хүлээгээгүй гэдэг.

Энд нэг зүйлийг онцлох ёстой. Дундад зууны үеийн инквизаторын хөдөлгөөн нь нэг талдаа түүхэн их хэлмэгдүүлэлт байсан бөгөөд хэн нэгэн хүн далд хүчинтэй холбоотой байж мэднэ гэх сэжиг гарах төдийд аймшигтайгаар тамлан зовоож хэргийг нь хүлээлгэдэг, үүний улмаас бүхэл бүтэн хотод хоёрхон эмэгтэй хүн үлдэж, бусад нь шатаалгаж байсан аймшигт түүхийг үүнийг бичигч нэлээд хэдэн жилийн өмнө “Ягчис намнах цуст дайн” өгүүлэлдээ бичиж байсан билээ.

Парисын их сургууль 1398 онд дом шид үйлдэхийн тулд заавал чөтгөртэй гэрээ байгуулдаг гэсэн онол гаргасан нь инквизаторуудад ташуур болж өгсөн юм. Сүм хийдүүд чөтгөртэй холбогдогсдын эрэлд гарч, инквизаторууд сэжигтний өмнөөс гэрээ бичиж, хүчээр гарын үсэг зуруулж байсан учраас тэрхүү гэрээнүүд нь агуулга хэлбэрийн хувьд хоорондоо дэндүү адилхан гэж судлаачид үздэг учраас энэ түүхийг эрхэм уншигч өөрийн мэргэн ухаанаар шүүтүгэй.

Эртний үлгэр домогт ч ийм түүх зөндөө бий. Жишээ нь, Америкт Stacker Lee сүнсээ худалдаад оронд нь шидэт малгай авсан тухай домог их яригддаг аж. Стекали энэхүү малгайныхаа ачаар амьтай амьгүй юу ч болж хувирах шидийг олоод эмс хүүхнүүдийн сэтгэлийг булааж, галын шид үзүүлж, юу хүссэнээ хийнэ. Гэвч тэрээр шидийн хүчийг өөрийн мэтэд бодон биеэ ихэд тоох болсон тул чөтгөр түүний малгайг хулгайлуулна. Уур нь хүрсэн Стекали малгай хулгайлагчийг буудан алснаар тамд унана.

Үүнтэй адил түүх хамгийн ихээр хүчээ авсан он жилүүд бол дундад зуун бүхэлдээ, мөн 16-17 дугаар зуун юм. Чөтгөрийн муу хүч хүн, амьтны дүрд хувилан ирж хэн нэгэнтэй уулзаад туслаж чадахаа амлана. Тухайн хүн юу хүссэнээ адын хүчээр бүтээж байгаад гэрээт хугацаа дуусмагц үхэхэд сүнс нь тамд очдог гэж үзнэ.

Ийм түүх дотроос хамгийн алдартай нь Иоханн Фаустын түүх ч байж мэднэ. Тэрээр өөрийн сүнсээ Мефистофель хэмээх хар хүчний төлөөлөлд худалддаг. Фауст уг нь бодит хүн юм. 1480-1540 оны хооронд амьдарч байсан гэж үздэг. Тэрээр хар дом судалж, алхими сонирхож, олон хүнийг анагааж, эрдмийн оргилд хүрсэн гэгддэг нэгэн байж. Өөрийгөө Ийсүсийн бүтээсэн гайхамшиг бүхнийг давтаж чадна гэж сайрхдаг, Европ даяар хэрэн хэсэгч түүний тухай дурсгалын самбар Германы Wittenberg хотын Collegienstrasse гудамжнаа орших байшингийнх нь ханан дээр байдаг.

1540 оны намар оройхон Wurttemberg хотын нэгэн бяцхан зочид буудалд тавилга сэлт унаж, хөлийн чимээ сонсдож, аймшигтай орилоон чарлаан болжээ. Тэр шөнө мөнөөх зочид буудлын яндангаас цэнхэр өнгийн дөл хэдэнтээ улалзаж, цэлмэг тэнгэрт цахилгаан гялбаж, буудлын үүд хаалга өөрөө саван хаагдаж нээгдэж байсан гэж нутшийн оршин суугчид хожим нь дурссан гэнэ. Орилоон чарлаан, үл ойлгогдох чимээ хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд буудлын эзэн, ажилчид өглөө болж гэгээ орсон хойно л тэр өрөө рүү шагайж зүрхэлжээ. Эвдэрч хэмхэрсэн тавилган дунд хавирга нь хугарч, нүд нь бүлтэрч, шарх сорвинд баригдсан эрийн цогцос эвдэрч хэмхэрсэн тавилга дунд эвхрэлдэн хэвтэж байжээ. Энэ нь доктор Фаустын цогцос байсан бөгөөд 24 жилийн гэрээнийх нь хугацаа дууссан тул түүний хүзүүг Мефистофель хуга мушгиад сүнсийг нь там руу илгээсэн гэх яриа тэр дороо хот даяар тарж, улмаар олон зуун жилийн турш Европын утга зохиолын гол сэдэв болж хувирчээ.

Фаустын тухай зохиолуудаас хамгийн алдартай нь Гётегийн алдарт жүжиг. Зохиолч жүжгийн санаагаа анх олсноосоо хойш 60 жилийн турш бодож бичсэн гэдэг. Манай уншигч үзэгчид ч энэ л зохиолоор Фаусттай танил болсон байдаг.

Уг нь энэ бүхнийг судалдаг demonology гэдэг бие даасан салбар ухаан бас бий. Энэ нь грекийн daimon хэмээгч үгнээс гаралтай гэнэ. Одоо цагт демон гэхээр хар муу хүч гэж нийтээрээ ойлгох болж. Манай хэлний томчууд Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нар энэ үгийг “шулам, шулмас” гэж буулгасан байна.

Тэгэхээр demonology маань демоны тухай янз бүрийн домгийг судлах ерөнхий судлалын нэр бөгөөд демоны дүр төрх, ааш аяг, үйлдэл, тэднийг хэрхэн дуудах, тэдэнтэй хэрхэн тэмцэх, яаж дарах зэрэг олон асуудлыг энэ судлалд хамаатуулж болно. Үүнтэй холбоотойгоор шашны болоод дом шидийн олон зан үйлийг судлахад хүрдэг бөгөөд хачирхалтай нь шашин нь өөрөө демонд туйлын сөргөөр хандах байдал ажиглагддаг.

Уг нь эртний европчууд Бурхан, хүн хоёрын завсрын амьтныг л демон гэж нэрлэсэн юм билээ. Энэ нь дорныхоор бол асур тэнгэртэй дүйж мэдэх ойлголт бололтой. Мефистофель гэхэд л бурхантай шадарлаж, Фаустын далд муу чанарыг түрүүлж таньж, улмаар буруу үйл, буртагт амьдралынх нь төлөөсөнд тамд очуулдаг. Гэхдээ сахиулсан тэнгэрээс ялгаатай нь буруу үйл хийх нөхцлийг нь хангаж өгснөөрөө тэрээр муу хүчний төлөөлөл болдог. Нөгөө талаас нь харвал буруу зөв, буян нүглийг ялгагч яалтгүй шударга хүч ч гэмээр.

Христүүдийн уламжлалт хандлагыг харахад сахиусан тэнгэрүүд биеэ тоох зэрэг шалтгаар буруутан доош унахаараа демон болдог гэдэг байжээ. Сахиусан тэнгэрүүд бол сайн сүнс, харин демон бол муу сүнс гэж тэд үздэг. Тэгэхээр монголчуудын уламжлалт ойлголтоор демон нь чөтгөр, шулмасын төрөлд яалтгүй хамаарна.

Христүүдийн номлолоор бол адислуулсан хүн болгоныг сахиусан тэнгэр хамгаалж байдаг. Харин адислуулаагүй хүн ад зэтгэрийн “өмч” болох нь амархан гэнэ. Аливаа үзмэрч, мэргэч төлгөч, тайлгач, гоц мэдрэхүйтэнд хандах нь чөтгөр шулмастай нөхцөхтэй агаар нэгэн гэж христ сургаалтнууд үзнэ. Энэхүү хар хүчнээс салахын тулд нүглээ наманчлах ёстой гэнэ.

Тэгсэн атлаа христийн ертөнцөд демоныг тусгай аргаар дуудан ирүүлж өөрийн зорилгодоо ашиглах явдал түгээмэл байдаг. Өнгөрсөн зуунд бий болсон New Age-ийн чиглэл урсгалууд ч, шашны янз бүрийн сектүүд ч мөн ингэж ашиглахыг оролддог. Тэр бүү хэл демон шүтлэгтнүүд хүртэл бий болж, өөрийн шашнаа демонолатриа гэж нэрлээд байна. Тэд демоныг аргадаж, гуйж мөргөж үйлээ бүтээхийг хичээдэг.

Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир юун гэвээс сүүлийн үед Монголд анзаарагдаж буй үйл явдлууд яалтгүй хар муу хүчний тухай өгүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж буйд юм. Энэ нь ялангуяа эргэн сэргэж буй бөө мөргөл, энд тэндээс нэвтэрч буй шашны урсгалууд, дом шидийн элдэв арга технологитой нягт холбоотой асуудал юм.

Энэ тухай ярихын өмнө сүнсний талаар бага боловч өгүүлэх ёстой болно. Яагаад гэвэл бид анхнаасаа сүнсийг худалдан авагч, эрхшээгч хүчний тухай, эздийн тухай л ярьсан. Тэгвэл янз бүрийн шашны зан үйлийн талаар яриад эхлэхээр эдгээр эздээс гадна хувь хүний сүнсийг хэрхэн эзэмддэг, яаж буруугаар ашигладаг, түүнээс хэрхэн сэргийлбээс зохистой талаар ярихаас аргагүй.

Сүнс нь хүнийг дан ганц махан бие биш, сэтгэдэг, мэдэрдэг, боддог, ухаардаг, бурханлаг болгогч гол хүч юм. Үе үеийн сэтгэгчид, цаг цагийн судлаачид, бүх л шашныхан ямагт анхаарлаа хандуулсаар ирсэн сэдэв бол анимизм буюу сүнс судлал. Латины anima хэмээх үгнээс улбаалан анимизм, анимист гэх ойлголтууд бий болжээ.

Зарим нь зөвхөн хүн л сүнстэй гэнэ. Зарим нь амьд бүхэн сүнстэй гэнэ. Гэхдээ амьд гэдэгт юуг хамаатуулан ойлгож буйгаас асуудал бас өөр өөр болоод явчихна. Юутай ч сүнс байдаг, энэ нь физик биегүй ч материаллаг орчинд нөлөөлөх чадвартай, сүнс нь үхэшгүй мөнхийн гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа бололтой. Юутай ч эрхэм уншигч та сүнсний ертөнцийн талаар илүү нарийныг мэдье гэвэл далд ертөнцтэй харьцагч Кончетта Бертолдийн “Үхэгсэд үнэхээр бүхнийг хардаг уу?” хэмээх номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. Энэ номыг Дарь. Сүхбаатар 2009 онд герман хэлнээс хөрвүүлж Монголын психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан билээ. Энэ номон дахь зарим мэдээлэл бидний олж авсантай зөрж байгаа ч дийлэнх нь тохирч байгаа тул нэлээд бодитой сайн бүтээл хэмээн үзэж танд санал болгож байна.

Монголчууд эртнээс нааш сүнсний тухай өөрийн гэсэн ойлголттой явж ирсэн, тэр нь буддын шашны түгэлтээс ч, бурхангүйн үзлийн дарамтаас ч үл хамааран амь бөхтэй байсаар ирснийг бидний зан үйл нотолдог. Монголчууд сүнс хийморь хоёрыг ямагт хамтад нь авч үзэж, хувь хүнийг цог золбоо, ажил үйлсээр нь шинжин сүнс сүлдийг нь тодорхойлох нь элбэг. Сүнс нь зайлсан, махан биеэс нь салчихсан хүн харахад амьд хүн боловч хамаг үйл нь нурж, өвчин зовлонд ээрүүлж, улмаар амь насаа алддаг учраас элдэв янзын дом шидээр сүнсийг нь дуудаж, сүлдийг нь босгох эрдмийг ч төгс эзэмшсэн байж. Үхэгсдийн сүнс хаашаа оддог, түүнд хэрхэн хандах нь зохистойг ч сайн мэддэг байж.

Монголчууд энэ насандаа нүгэл хилэнц их хийвэл үхсэн хойно сүнс амирлахгүй гэж үзэн буруу хазгайгаас аль болох зайлсхийж явсан нь зүгээр нэг мухар сүсэгт суурилсан ойлголт, мухар сохроор дагаж мөрддөг зарчим биш байсан нь үйлийн үрийн сургаалиас тодорхой байна. Үхэгсдийн сүнсийг амирлуулахын тулд хоногийн цээр барих, араас нь буян үйлдэх нь өнөөдөр аль нэг хүрээ хийдэд очоод хэдэн номны нэр бичүүлчихээд санаа амрахаас арай өөр ойлголт байжээ. Ер нь үхэгсдийн сүнсээр оролдох дургүй байсан нь далд ертөнцийн тухай ойлголт зөв, сүнс тэнэж төөрөх ямар муу урхагтайг сайн мэддэг, тэнэмэл сүнс бие махбодь, материаллаг эд зүйлст хүчтэй нөлөөлж чаддагийг аль эртнээс таньж мэдсэний шинж тэмдэг юмсанж.

Харамсалтай нь сүүлийн үед хүмүүс сүнсээр хамаагүй оролдох боллоо. Сүнсээр наадах нь галаар наадахаас долоон дор гэдгийг мартах боллоо. Энэ нь шашны янз бүрийн урсгалууд сүнстэй холбоотой элдэв зан үйл их хийдэг болсон, сүнсний тухай буруу зөв мэдээллийн их урсгал олон нийтийг нөмөрсөнтэй холбоотой юм. Үүн дээр монголчуудын уламжлалт шүтлэг бөө мөргөлийг эргүүлэн сэргээхдээ хэтэрхий их алдаа гаргаж, доктор Б.Ринчин утга зохиолын орчуулга дахь алдаа завхралыг хараад тэсэлгүй “Марк Твений минь махыг нь идэж дээ” хэмээн дуу алдсан шиг халагламаар болгосонтой ч бас холбогдоно. Тэгэхээр би энэ удаад зөвхөн сүүлийнх буюу бөө мөргөлтэй холбоотойгоор хэдэн зүйл хэлмээр байна.

Монгол бөөгийн ёсонд сүнсний тухай өөрийн гэсэн ойлголт, хандлага эртнээс тогтсон байжээ. Энэ нь сүнсний гурван хэлбэр буюу махан биеийн сүнс, ясан биеийн сүнс, оюун ухааны сүнс гэсэн ойлголт юм. Махан бие үгүй болоход эхний сүнс үгүй болно. Ясан бие үгүй болоход хоёр дахь нь үгүй болно. Харин гуравдахь буюу оюун санаа нь мөнхөд оршино гэж үздэг байв. Ясан биеийн сүнс сүүжний нүхэнд орогнодог гэж үздэг учраас аливаа амьтны сүүжний ясыг заавал сэтэлж мөнөөх ясан биеийн сүнсийг дэгдээн зайлуулах дом хийдэг байсан нь өнөө ч хэвээр хадгалагдан үлджээ.

Гуравдахь буюу оюун ухааны сүнс нь тэр хүн махан биетэй байхдаа туулсан явдал зам хэр цагаан байснаас хамааран эсвэл тэнгэрт сууж, эсвэл уул усанд шингэж, эсвэл дараа төрөл олтлоо тэнүүчлэх, энд тэнд дарагдан хэвтэх хувь зохиолтой учирдаг гэж үздэг байжээ. Энд төрөл олох гэдэг нь дан ганц хүмүүн биеийг олж төрөх гэсэн утга биш, шийтгэлээ эдэлж дуусаад зэрэг дэв дээшлэх ч мөн үүнд хамаатай.

Үүнийг монголчууд сайн мэддэг байсан учраас үхэгсдийн хойноос буян үйлдэж, гэм нүглийг нь хэлтлэлцэж, төрөл дээшлэхэд нь тусалдаг байж. Хоног тавин гашуу зарлаж, тэр хоорондоо сайн төрөл олох зам мөрийг нь засч өгдөг байж. Төрөл олоогүй, зам нь шуудраагүй сүнс энэ ертөнцөөс тэмдэг дохио ирвэл буцаж ирээд хоргодчих аюул байдаг учраас түүнийг дууддаггүй, талийгаачийн нэрийг ч хэлдэггүй байж.

Бөөлнө гэдэг нэг ёсондоо сүнстэй харьцаж буй хэрэг юм. Гэхдээ тэнгэрт суудлаа олсон, уул хайрхан, ус голдоо эзэн суусан, өөрөөр хэлбэл тэнэмэл төөрмөл заяанаас ангид сүнсийг л онгод болгон буулгадаг ёстой. Буулгана ч гэж дээ, хэнд буух, хэнийг унаа улаачаа болгохоо тэд өөрсдөө шийдэж эртнээс тэмдэг дохиогоо өгдөг, тэр тэмдэг дохионых нь дагуу шинжиж мөшгөж, лавлаж тандаж байж бөө болгодог байжээ. Нэгэнт өндөрт суусан онгодод дутах гуцах зүйл үгүй бөгөөд шунал хүсэл, хомхой сэтгэл, хорон муугаас ангид учраас түмний төлөө буянт сайн үйлийг хийхээс бузар муутай хэрхэвч ороолддоггүй, дааж давшгүй өргөл барьц нэхэж өрөөлийг зовоодоггүй, элдэв яэзын авир үзүүлж хүмүүсийг шаналгадаггүй номтой.

Харамсалтай нь сүүлийн үед бөө нэртэй, өнгө мөнгөнд шунасан буруу явдалтнууд дэндүү олон болж, онго тэнгэрүүдээ сэвтүүлэн зэрэг зиндаа доошилж, сүүлдээ хар муу хүчинд эзлүүлэх нь даанч ихэсчээ. Нэгэнт ингэж сэвтсэн тэд буян нүглийн зааг ялгаа, үйлийн үрийн өр төлөөсийг бодохоо больж, мөнгө л олж байвал хэнийг ч юутай ч холбохоос буцахгүй болсон учир үүгээр түүгээр хэсэгч хэрмэл тэнэмэл сүнсийг хэнд ч болов “нааж” өгөөд “Бөө болгов” хэмээн их мөнгө авдаг болжээ.

“Бид хүмүүст онго “нааж” өгдөг л дөө” гэж хэнэг ч үгүй ярьж байгаа бөөтэй таарч л явлаа. “Наана” гэдэг нь бөө болох ёсгүй, онгодын нэхэлд ороогүй хүнийг чи бөө болох ёстой юм байна хэмээн мунхруулж, хаа хамаагүй тэнэмэл сүнстэй холбож өгөхийг хэлдэг нэгэн зүйл өвөрмөц хэллэг (slang) юм даа.

Нэгэн бөө миний сайн мэдэх хүмүүсийн ээж нь нас бараад хоног хураагаагүй байхад үр хүүхдээс нь бөө төрүүлэх зан үйл үйлдсэн байх юм. Хоног хураагаагүй айлын юмыг бөөлж үзэж болдоггүйг мэддэггүйдээ ингэв үү гэтэл дараагийн удаад үхэл хагацал тохиоход нь “49 хоногийг нь дуустал бөөлж болохгүй шүү” гэж анхааруулснаас харахад мэдэх нь мэддэг, гагцхүү бөө төрүүлж мөнгө “үйлдвэрлэх” шунал нь түүнийг зүгээр суулгаагүй бололтой. Ингэж буруу үйл үйлдсэнээс нь болоод тэр айлаас үхэл салахаа байсныг хэлж өгсөн өөр бөөг болохоор “Юу ч мэддэггүй чадалгүй юм худал хэлж байна” хэмээн тэртэй тэргүй зовлонд уначихаад явж буй хүмүүсийн сэтгэлзүйгээр тоглож, улмаар нэг удмын ах дүүс ламтах, бөөтөхөөс болон хагаралдаж эхэлжээ. Уг нь жинхэнэ сайн бөө бол зовлонгийн үр үндсийг нь тасалж, үг хэл нь ч, үйл ажил нь ч үлгэр авмаар, хайрлаж хүндэлмээр байх ёстой сон.

Бөө нартай холбоотойгоор заавал сануулах бас нэг зүйл бол үхэгсдийн сүнсийг биедээ оруулж яриулах асуудал. Ингэж яриулах нь бол байдаг л үзэгдэл. Тэр бүү хэл гоц үзэгдэл сонирхон судлаачид үхэгсэдтэй холбоо тогтоох янз бүрийн багаж хэрэгсэл хүртэл хийж, арга техник боловсруулсан л байдаг. Бөөгийн онго үүнийг өлхөн л хийнэ. Гэхдээ болох болохгүй юм гэж байдаг. Болох болгохын хязгаар гэж бас байдгийг мартмааргүй байна. Жишээ нь, талийгаачийн сүнсийг биедээ оруулж ахан дүүстэй нь яриулах боломж нь нээлттэй ч эрх нь тэр бүр бөөд байдаггүй гэнэ. Тийм эрх тэнгэрээс аваагүй бөө ийм үйл хийвэл хийсэн, хийлгэсэн аль алинд нь муу үр дагавартай учраас хэрхэвч болохгүй гэж нэлээд өндөр суудалтай онготой хөөрөлдөхөд хэлж байв. Төрөл олоогүй тэнэж яваа, шийтгэлээ хүлээн зовж яваа, дэгдэж чадалгүй шаналж яваа сүнсийг олон удаа өөртөө оруулснаас болж бөө өөрөө сэвтэж, улмаар тийрэнтэх нь энүүхэнд гэнэ. Талийгаачийн сүнс ч гэсэн ахан дүүсээ хараад хоргодох дагах, салахгүй зовоох нь энүүхэнд гэнэ.

Уг нь буян болъё гэвэл төөрч зовсон сүнсийг дэгдээж өгөх, сайн төрөл олуулах үйл хийх ёстой атал ийнхүү хүний ертөнц рүү дуудаж, үхсэн амьд болоод энэ тэр ертөнцийг хооронд нь хольж бантагнуулах нь яавч сайн үйл биш бөгөөд өөртөө төдийгүй үр хүүхдэдээ зовлон хурааж байгаагаа яагаад бодохгүй байна вэ?

Тэр бүү хэл хараал хорлол зэрэг хар муу үйл хийхдээ хүртэл төөрсөн сүнс ашиглах, илгээх явдал гарах болжээ. Энэ бол ёс суртахууны хувьд байж болшгүй муу явдал, тэнгэрээс ирэх гэсгээл нь дэндүү хатуу гэдгийг тийм үйл хийж буй эрхмүүд бодохгүй байна гэж үү? Тэд Фаустын мөн чанарыг бурхдад харуулахын тулд Мефистофель хэрхэн нүгэл үйлдэх замыг нь зассаар эцэст нь тамд унагадаг сургамжит түүхийг яагаад эргэцүүлэн бодохгүй байна вэ?

Далдын хүчтэй харьцдаг хүн дээд зэргийн ёс суртахуунтай байхыг бодит байдал шаарддаг.Тийм ч учраас энэ биеэ огоорч гэгээрсэн хүнд, эсвэл “дээр”-ээс энэ л чадна гэж оноож сонгосон хүнд далд ертөнцийн үүд хаалга нээгддэг. Гэгээрлийн төлөө энэ биеэ огоорсон хүн ийм нүгэл үйлдэхгүй нь ойлгомжтой. Гэтэл бөө буюу оноолттой хүмүүс маань яагаад ийм байдалд хүрээд байна гэсэн асуулт гарах нь мэдээж. Хариулт нь ч тодорхой. Нэгдүгээрт, бөөг замчилж холбох гэж байгаа хүн тэр хүн онгодын унаа болж чадах хүн үү, зан ааш ямар вэ, шунал хүсэл хэр вэ, их эрх мэдэл гарт нь атгуулахын цагт хувирах уу үгүй юу, бусдын төлөө өөрийгөө золин байж буян үйлдэж чадах хүн үү үгүй юу гэдгийг шинжиж байж бөө болгодог, эсвэл давуулдаг ёсыг умартаад байна. Хоёрдугаарт, тухайн хүнд буух гэж нэхэл дагуул болоод буй онгод маань аль түвшнийх вэ, буулгаж болох эд үү үгүй юу, орж ирээд хар муу юм хийгээд байх муу зүгийн юм биш биз, эсвэл архи дарс, хэмжээлшгүй өргөл барьц нэхээд, элдэв авир гаргаж нартын орныхныг айлгаж ичээгээд байх нь уу, үнэхээр буянтай сайхан үйл хийж улаачийн болоод ахан дүүсийнх нь амьдралыг тэгшлэх онгод мөн үү гэхчлэн маш олон талаас нь харж шинжээд болмооргүйг нь бол хааж, онгодын нэхлийг нь зайлуулж өгдөг ёсыг өнөө мөрдөхгүй байна. Гуравдугаарт, бөөлөх, бөө холбох зан үйлийг санаатайгаар мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах сонирхол асар олон хүнд бий болж, амар хялбар, муу аргаар мөнгө олох боломж байгаа газар руу хамгийн түрүүнд хошуурдаг залилан хийгчид, үл бүтэх хүмүүс, мөнгө олж байвал буян нүглийг ялгахаа байсан этгээдүүд бизнесийн сүлжээгээ энд цэцэглүүлж байна. Тэдний мөнгөний төлөөх “аян дайны” хөлд нартын орон төдийгүй сүнс, хий биеийн ертөнц ч нэрвэгдээд байна. Өнөөдөр зуун бөө дотор ганц зөв бөө байна уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байгаа нь энэ цагийнхан дан ганц Америк, Солонгос гээд харийн оронд бөөн бөөнөөрөө хууль бусаар амьдардаг юм биш, сүнсний ертөнц рүү хүртэл “виз”-гүй зорчиж, тэндхийн хуулийг зөрчих явдал ямар их байгаагийн нотолгоо юм.

Ийнхүү үхэгсдийн сүнсийг ч амирлуулахгүй байгаа энэ замбараагүй байдлаас гарах гарц бий юу? Ганц л бий. Тэр нь Тэнгэрт мэдүүлэх. Өнөөдөр зөв сайхан яваа, эсвэл буруугаа ойлгон алдаа нүглээ засах гэж хичээж байгаа бөө нар энэ зах замбараагүй байдлыг Тэнгэрт мэдүүлж, буруу муу явдалтнуудад зохих шийтгэлийг нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ. Гэхдээ үүнийг хууль цааз зэрэг газрын үйл, ойлголттой хольж, гэмгүй хүмүүсийг дундад зууны инквизаторууд шиг хэлмэгдүүлэх ёсгүй. Тэнгэрийн үйлийг газрын ухаанаар хэмжинэ гэдэг мөн том тэнэглэл шүү гэдгийг хүн төрөлхтний түүх нэгэнт баталчихсан. Мөн Тэнгэрт худал мэдүүлж хожим нь давшгүй гэсгээлд өртөж болохгүй. Хэн худал хэлэв, хэн зөв шударга байна, хэн мууг үйлдэв, хэн сайныг бүтээв гэдэг Тэнгэрт даанч тодорхой билээ. Тэнд арын хаалга гэж байхгүй, аргалах хуурах явдал гэж үгүй.

Эцэст нь хэлэхэд манайд эргэн сэргэж буй бөө мөргөлийг буруу тийш нь чангааж хар мууг хийж буй бөө нэртүүд хэрэг дээрээ өөрийн сүнсээрээ тансаг амьдран, сэтгэл ханамжийг худалдан аваад адаг сүүлд нь тамд очсон Фаустаас нэг их ялгаагүй билээ. Яагаад гэвэл тэд эртхэн сэхээрч нүглээ цайруулахгүй бол очих газар нь там.

Эх сурвалж: www.galaarid.mn

Wednesday, March 30, 2011

Дэлхий ертөнцөд санамсаргүй зүйл нэг ч болдоггүйн учир


Б.Галаарид

Зохиолч, сэтгүүлч

Францаар franc mason, англиар free mason хэмээх үгээс үүдэлтэй чөлөөт чулуучин гэж орчуулагдах нийгэмлэгийн талаар домог их. Уг нь тэднийг XVIII зуунд үүссэн гэдэг. Нэг хэсэг нь XVII зуунд ч гэдэг. Ямартай ч Англид үүсээд дараа нь Европын бусад орнууд, улмаар АНУ-д түгэн дэлгэрсэн гэх юм билээ. Үүсч бий болсон цаг хугацаа нь хүн төрөлхтөн үүх түүхээ баримтжуулан үлдээдэг жишиг нэгэнт тогтсон хэзээ хойно гэж бодохоор уг нь тэдний түүх тийм учир битүүлэг, домог мэт баймгүй. Гэтэл энэхүү шашин-гүн ухааны нийгэмлэгийн талаар хамгийн хачирхалтай, яг л тийм байгаа гэж сэжиг төрмөөр, яалтгүй үнэн байна гэж дуу алдмаар мянга түмэн түүх энд тэндгүй тэнүүчилж явдаг нь хэсэг бүлэг хүмүүсийн бий болгосон домог, энэ бол тийм айхтар байгууллага биш гэж зарим нь мэдэмхийрнэ. Дэлхий дахинаа нөлөөгөө тэлэхийн тулд өөрсдөө ийм домог тараадаг гэж зарим нь үзнэ.

Масончуудтай хамгийн их холбогдож яригддаг нь АНУ-ын ерөнхийлөгчид. Ер нь масончууд Шинэ Атлантидыг байгуулах зорилготой байсан, тэрнийх нь биелэл АНУ гэцгээдэг.

Америк 1776 оны долдугаар сарын 4-ний үдэш Тусгаар тогтнолын тунхаглалаа баталсан. Энэ тунхаглалыг баталсан 56 хүний гурваас бусад нь масончууд байсан гэлцдэг. Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Томас Жефферсон гээд үе үеийн ерөнхийлөгчид масончид байсан, Франклин болохоор пенсильванийн масончуудын салбарын их мастер зэрэгтэн, Жорж Вашингтон ч ялгаагүй дээгүүр зиндаатай гэх.м Линдон Жонсон ердөө доод буюу сурагчийн, харин Эндрю Жексон, Харри Трумэн нар агуу мастерууд зэрэглэлийнх байжээ. АНУ-ын 15 ерөнхийлөгч масонч байсан нь одоогоор тодорхой болоод байна.

Бас Английн ханхүү нар ихэнхдээ масонч байдаг, тэднээс л хаан тодордог уламжлал нэгэнт тогтсон гэдэг.

Ямартай ч АНУ-ын төрийн хоёр талт тамганы ар тал нь масончуудын тамгатай адилхан, нүүрэн тал нь болохоор мөн л масоны бэлгэ тэмдэг гарьд шувуу. Төрийн тамганы төсөл боловсруулсан Франклин, Адамс, Жефферсон нар гурвуулаа масоны нийгэмлэгийн гишүүд байсан, тэгээд ч шинэ тивд шинэ улс байгуулах үйл хэргийг зохион байгуулж “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан хүмүүс бараг бүгдээрээ тус нийгэмлэгийнх гэхээр үүнд нэг их гайхах зүйлгүй мэт.

Дэлхийн засгийн газар хэмээх нууц байгууллага байдаг, аливаа том шийдвэр болгоны ард тэд зогсдог, энд тэндхийн дайн байлдаан, улс орон бий болох устах зэрэг нь цөм түүний ажил, тэр бүү хэл 1917 оны Октябрийн хувьсгал ч, хоёр мянганы зааг дээрх даяарчлалын үйл явц ч тэдний бодлогын хэрэгжилт гэж ил тод өгүүлсэн ном хэвлэл гарч, олны гайхшийг төрүүлж байгаатай масончуудын тухай домгийг давхцуулан тавиад XVIII зуунаас хойшхи дэлхийн гол гол түүхийг тайлбарлах гэж үзвэл сонин дүр зураг гарна. АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн “Бүх цаг үед, ялангуяа өнөө цагт хэзээ нэгэн цагаас илүүтэйгээр нууц нийгэмлэгүүд л дэлхийг удирдаж байна”, “Улстөрд санамсаргүй зүйл хэзээ ч болдоггүй. Ямар нэг юм боллоо гэхэд тэгүүлэхээр бодсон л гэсэн үг” хэмээн тухайн үедээ хэлж байсныг үүн дээр нэмээд үзэхээр хардах эрх улам ч илүү болно.

Үүн дээр Америк соёлын түрэмгийлэл, христийн шашны нөлөөгөө тэлж буй арга замууд, газарзүйн зураглал, дэлхийн улс түмнүүд өөрийн гэсэн онцлог шинжээ ямар хурдан алдан ижилсэж буйг харах юм бол үнэхээр нууц номлол байдаг, түүнийг хэрэгжүүлэхээр үл үзэгдэгч гар дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг чадварлаг удирдаач мэт дохин өөрийн хүссэнээр хөдөлгөж байна гэмээр сэжиг төрнө. Гэхдээ энэ бол сэжиг таамаг, энд тэндхийн хэсэг бусаг баримт, тэнд энд бичигдсэн зүйлсийг нэгтгэн базаж үзэхээр тодрон гарч байгаа дүр зураг болохоос барим тавим нотолгоотой зүйл биш л дээ.

Уг нь би одон тэмдгийн тухай, тодруулбал бидний сайн мэдэх “Алтан гадас” одонгийн талаар бичих гэсэн юм. Энэ тухай бодол маань тэнүүчилсээр масончуудын тухай болчихож. Одоо тэгэхээр үндсэн сэдэвтээ оръё.

Монголчууд одон тэмдэг гэдэг юмтай танил болоод ганц л зууныг элээж байгаа юмсанж. Энэ нь монголчууд ерөөсөө хүний гавьяаг үнэлдэггүй байсан гэсэн үг бас биш юм шүү. Төрд гавьяа байгуулсан хүнийг төдөн малаар, төчнөөн албатаар, ийм үазар нутгаар, эсвэл төдөн удаагийн ялаас хэлтрүүлэх зэргээр урамшуулдаг л байж. Харин одон гэдэг юм бий болгосон түүх нь л саяхных гэж хэлэх гээд байна.

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээснээ дэлхий нийтэд зарлалаа. Энэхүү тусгаар тогтнолоо бататгах, ялангуяа умард хөрш Оросоор хүлээн зөвшөөрүүлэх нь туйлын чухал байлаа. 1912 оны өвөл Хаант Орос улсад тухайн үеийн Гадаад яамны сайд Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Богд хаан илгээв. Оросын II Николай хаан тусгаар Монголын төлөөлөгчдийг хоёр төрлийн одонгоор шагнажээ.

Монголчууд хэргэм зэрэг, отго жинсээр шагнадаг манж ёсноос татгалзаж, өрнийн жишгийг дагахаар шийдэж 1913 онд Санкт-Петербургийн нэгэн пүүснээ “Эрдэнийн очир” одонг захиалан хийлгэжээ.

1921 онд ялсан ардын хувьсгалын удирдагчид хуучи нхаант засгийн одон шагналыг хэсэгтээ хэвээр ашигласан бололтой. Ямартай ч 1922 онд Зөвлөлт Орос улсаас Монгол улсад суух элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Андрей Яковлевич Охтин, цэргийн штабын дарга Владимир Антснович Хува нарыг "Эрдэнийн очир" одонгоор анх шагнаж байжээ.

1925 оноос ЗХУ-ын одон медалийн системийг дуурайлган гавьяа шагналын систем бий болгосон учраас "Эрдэнийн Очир" одонг дахин хэрэглэхээ болиод бүр хожим 1991 оны аравдугаар сараас л сэргээн хэрэглэх болжээ. Тэр үед Улсын бага хуралаас тогтоол гарган "Эрдэнийн очир" одонг "Сувдан шигтгээт", "Шүрэн шигтгээт", "Оюун шиптээт" гэсэн гурван зэрэг дэвтэйгээр хэрэглэхээр тогтсон байдаг. Энэ одонгоор олон улсын харилцааны шударга ардчилсан зарчмыг бататгаж, Монгол Улстай найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж гавьяа байгуулсан гадаад улсын төр, засгийн газрын тэргүүн, төр, олон нийтийн бусад зүтгэлтнийг шагнадаг.

1925 онд Цэргийн гавьяаны, Бичгийн гавьяаны гэсэн хоёр одон гаргасан нь өнөөдөр Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэгдэж байна. Сонирхолтой нь эдгээр одон тэмдгийн эх загварыг Дотоод яам, Цэргийн яамныхан боловсруулж байжээ. Тэгээд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Хатанбаатар Магсаржав нарыг Цэргийн гавьяаны, Д.Лосол, Б.Цэрэндорж нарыг "Бичгийн гавьяа"-ны одонгоор анх шагнасан байна. Д.Сүхбаатарын монгол дээлийн энгэрт байдаг одон бол чухамдаа энэ шагнал юм.

1913 онд “Эрдэнийн очир” одон бий болгохдоо “Одон” хэмээх үгийг “орден” гэдэг үгээс монголшуулсан бололтой байдаг. Тайлбар толь сэлтэд “одон” гэдгийг “Эх орон, ард түмнийхээ төлөө онцгой гавьяа байгуулж алдаршсан хүмүүсийг шагнадаг тусгай ялгах тэмдэг” гэж тодорхойлсон байна. Тусгхй ялгах тэмдэг гэхээр зэрэг дэв гэсэн үг санаад бууна. Тэгвэл orden” гэдэг герман үг нь латины “ordo” буюу зэрэг дэв гэсэн үгнээс үүдэлтэй юмсанж. Orden, ordo, order гэхчлэн янз бүрээр бичигдэнэ. Бас олон утгатай. Нэгдүгээрт ямар нэгэн гавьяа байгуулсны төлөө олгодог одон тэмдгийг хэлнэ. Хоёрдугаарт, дундад зууны үеийн католик шашны тодорхой дүрэм журам бүхий тусгай нийгэмлэгүүдийг бас ингэж нэрлэдэг байж. Доминиканы, иезуитүүдийн гэхчлэн нийгэмлэгүүд бий. Зарим нууц нийгэмлэгийг мөн орден гэдэг. Жишээ нь дээр дурдсан масоны нийгэмлэгийг мөн орден гэнэ. Ер нь бол өөрсдийн итгэл зорилгоо биелүүлэхийн төлөө нууцаар нэгдэж оюун санааны ахан дүүс болохыг хэлнэ гэчихэд нэг их буруудахгүй болов уу. Ихэнх нь далд ухаан, нууц мэдлэг, ид шидийг судлан эрхэмлэгч бүлэглэлүүд байдаг.

Гишүүдийнхээ сүсэг бишрэлийн асуудлыг хөндөхгүй гэдэг ч Христ, Ислам, Иудаизмыг л эрхэмлэж, Библи, Коран, Тоорагийн судрууд дээр гар тавьж тангараг өргүүлдэг гэхээр бас эргэлзээтэй. Масоны байгууллагууд хоорондоо зөрчилдөх нь бас бий. Бүх шашныг устгаад нэг л шашинтай болно гэж тэмүүлдэг бүлэг ч бий.

Ер нь бол монголчууд дээр үед аравтын системээр хүн амаа бүлэглэн зохион байгуулснаар амжилтад хүрсэн шиг тэд мөн өөрийн гэсэн тодорхой системийг бий болгосон байдаг. Орон нутгийн хэмжээнд 40-50 хүнтэй бүлгүүд байна. Нэг улсад ийм бүлгүүд хэд ч байж болно. Хамгийн гол нь улс орон болгонд ганц л байх ёстой Дээд зөвлөлдөө тэд захирагдана. Нийгэмлэгийнхээ гишүүнийг насан туршид нь хараандаа байлгаж, шагнаж урамшуулж, эсвэл шийтгэл хүлээлгэнэ. Масоны гишүүд нэрээ нууцлах эсэх нь тухайн нийгэмлэгийн дүрэм журмаас хамаарна. Зарим нь гишүүдээ нээлттэй нэрлээд үйл ажиллагаагаа ил тод мэдээлдэггүй. Англид гэхэд л Хааны гэр бүл нь Английн их лоож-United Grand Loge of England-ын удирдагчид байх жишээтэй.

Масончууд өөрсдийгөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж зарладаг. Буяны ажлууд ч их хийдэг. Гэхдээ тэдний зорилго нь нийгмийн дээд давхаргыг хянаж, тэдэн дундаас эгнээгээ тэлснээр улс орныг, бүс нутгийг, цаашилбал дэлхий ертөнцийг хяналтдаа байлгах явдал гэж масоныг шүүмжлэгчид үздэг. Үнэхээр ч тийм гэхээр байдал ажиглагддаг. Масоны нийгэмлэгт боловсролгүй, хөрөнгө бэлгүй, нийгэмд нөлөөгүй хүнийг хэзээ ч элсүүлдэггүй нь энэхүү сэжиг таамгийг улам ч баталгаажуулдаг.

Масончууд ихэнх билэгдэл, сүлдээ христийн шашин, иудаизмаас хуулбарласан байна. Жишээ нь, ерөнхий билэгдэл болох дундаа нүдтэй гурвалжин нь христийн шашны бүхнийг харагч мэлмий –Eye of Providence байх жишээтэй. Бүр эртдээ, христээс өмнө болохоор Египетүүд ийм нүдийг дээдэлдэг байж. Тэд үүнийгээ Хор бурхны нүд гэдэг, түүнийг шүтээн болгож зүүвэл муу бүхнээс хамгаална гэж үздэг байлаа. Тэд хор бурханы зүүн нүд нь сар, баруун нүд нь нар юм, Хор бурхан өөрөө тэнгэрийн эзэн, төрийн эзэн, улс орныг захирч суугаа хаан бол Хор бурханы амтлсан дүр юм хэмээн итгэдэг байжээ. Хор бурханы нүдээ тэд шонхор шувууны нүдийг дуурайлган зурдаг байв.

Масончууд мөн өөрийн гэсэн одонтой, шагнал урамшууллын системтэй. Энд би масоны ид шидийн “Тримверум” нийгэмлэгийн Сарнай, Загалмайн одонгийн талаар онцлохыг хүслээ. Сарнайн одонг анх 1815 онд баталжээ. Энэ одон зэс, мөнгө, алт, цагаан алтан гэсэн дөрвөн зэрэгтэй. Энэ одонгуудаар нийгэмлэгийн төлөө ямар гавьяа байгуулснаас хамааран хүмүүсийг шагнадаг бөгөөд зарим тохиолдолд зөвхөн дотооддоо шагнадаг нууц шагналууд ч бий гэлцдэг. Энэ нь гавьяагаа гадагш зарлах биш, зөвхөн гишүүдийнхээ хүрээнд мэдэж хүндлэх, онцлох, гавьяаг нь үнэлэх тогтолцоо гэсэн үг. Зарим нь энэ бол гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг биш, ердөө л тухайн нууц бүлгэм, сектийн гишүүн боллоо гэдгийг батламжилж буй хэлбэр нь одон юм гэж үздэг. Одон тэмдгийн загварыг зохиохдоо түүний утга агуулга, билэгдлийг эн тэргүүнээ эрхэмлэдэг.

Тэгвэл манайд одон тэмдгийн систем хэрхэн бий болов? Ямар утга агуулга бүхий билэгдлийг тэдгээртээ шингээж өгөв гэдэг асуудал сонирхол татна. Юуны өмнө голлох одонгуудын ерөнхий хэлбэр дүрсийг харвал таван хошуу буюу пентаграмм, зургаан хошуу буюу гексаграмм суурьтай байна.

Билэгдэлзүйн үүднээс авч үзвэл аль аль нь эртний ард түмнүүдийн түгээмэл хэрэглэдэг, гэхдээ хээ чимэг хэлбэрээр гэхээсээ дом шидийн агуулгаар түлхүү хэрэглэдэг байсан тэмдгүүд. Таван хошууг гэхэд л шашин, үзэл суртлын билэгдлээр ашигласан түүх нь хэдэн мянганаар яригдана. Гэхдээ ихэвчлэн өнөөгийн Грек, Иран, Ирак, Туркийн нутгаас тотем хэлбэрээр зурсан зураг дүрснүүд олддог. Жүүдүүд таван хошуу тэмдгийг Бурханаас тусгайлан Моисейд бэлэглэсэн гэж зүтгэнэ. Христүүд болохоор энэ бол Ийсүс Христийн таван удаа шархадсаныг ббилэгдэн өгүүлж байгаа дүрс гэнэ. Уруугаа харсныг нь болохоор сатан, муу хүчний сүлд тэмдэг гэдэг. Үүнийг 1966 онд байгуулагдсан сатаны нэгэн сүмийн зургаас тодорхой харж болно.

Гексаграмм буюу зургаан үзүүрт тэмдгийг болохоор Соломон хааны тамга ч гэдэг, Давидын од ч гэдэг. Энэ нь адил тэнцүү хоёр гурвалжныг дээш доош зөрүүлэн үүсгэсэн зургаан талт юм. Давид болохоор христийн тоолол эхлэх зааг үе хүртэл 40 жил хаан суусан жүүдийн хоёрдахь хаан юм. Түүний цэргүүд нь олон дайн байлдаанд ялж алдраа дуурсгасан бөгөөд гексаграмм хэлбэр бүхий бамбайтай ыайснаас Давидын од гэдэг нэр гарсан гэх. Гэхдээ жүүдүүд энэ тэмдгийг өөрийн билэгдэл болгосон нь 14 дүгээр зууны түүх. Ромын эзэнт гүрний хаан IV Карл 1354 онд одоогийн Чехийн нийслэл Прагад байсан жүүдүүдэд өөрийн гэсэн туг далбаатай болохыг зөвшөөрснөөр зургаан үзүүрт од бүхий улаан өнгийн далбаатай болж, тэр нь Давидын туг гэгджээ. Энэ нь хожмоо, хорьдугаар зууны дундуур газар газрын жүүдүүдийн агуу их хичээл зүтгэлээр Израйль хэмээх улс бий болж, өөрийн гэсэн газар нутагтай болохын цагт нийт жүүдийн билэгдэл болон баталгаажвай. Тэр үед ч, тэрнээс өмнө ч жүүдүүдийн дэлхийд ноёрхох холч бодлого тов тодорхой байсан бөгөөд энэ үзэл санааны мистик дүрслэл нь гексаграмм гэж хэлж болно. Жүүдүүд болохоор масоны янз бүрийн нийгэмлэгт идэвхтэй хамрагддаг, дэлхийн бодлогыг ил, далдаас удирддаг гол хүмүүс гэдгийг бодохоор энэхүү зургаан талт дүрс бүхий аливаа билэгдэлд ихээхэн учиртай хандахаас аргагүй болно.

Гэтэл манай ихэнх одон тэмдгийн суурь дүрс нь үндсэндээ масончуудын, цаашилбал тодорхой шашны билэгдлтйг агуулж байгаа нь анхаарал татна.

Дээр дурдсан Сарнай, Загалмайн одонгийн загварыг манай “Алтан гадас” одонтой харьцуулаад үзэхээр голын сарнай, сүлд хоёроос бусад нь усны дусал мэт адилхан байгаа нь гайхаш төрүүлнэ. Тохиолдол уу? Тохиолдол гэхэд итгэмээргүй адилхан юм. Бүр үзүүр хоорондын сэртэнгийн тоо хүртэл адилхан юм гээч. Тэгэхээр одонгийн загвар бүтээхдээ зүгээр л хуулчихсан байж болно. Гэтэл энэ мэт ажлыг Зөвлөлтийн зөвлөхгүйгээр огт хийдэггүй байсан тэр үед зүгээр л хуулаад зурчихна гэж байх уу? Хууллаа гэхэд мэдээлэл хомс тэр цагт харь тивийн шашин-улстөрийн нууц нийгэмлэгийн одонг хаанаас олж үзсэн байх вэ? Тэгээд ч үзэл суртлын үүднээс асуудалд тун анхааралтай ханддаг байсан үе шүү дээ.

Бодлого уу? Бодлого гэхээр хэний бодлого, ямар учиртай бодлого вэ? Энэ тухайд таамаг хийх гэж оролдъё.

1917 оны Октябрийн хувьсгал мөнөөх үл үзэгдэгч хүчний захиалгаар хийгдсэн гэдэг хувилбарыг үнэн гэж үзвэл энэ нь бодлого байх бүрэн боломжтой. Яагаад гэвэл дэлхий ертөнцийг үзэл санааны хувьд хоёр фронтод хуваагаад хоорондын зөрчлийг нь мөнхөд өдөөж, аль аль талд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар ирээдүйн их орлогынхоо эх булгийг бий болгох сонирхол тэр үеэс л биеллээ олж эхэлсэн учраас масоны үзэл санааг Ази хэмээх бие даасан нууцлаг, аминчхан, бас адармаатай ертөнц рүү нэвтрүүлэх олон гарцын нэг нь Монгол байсан байж болно. Москвагийн зулайд улаан таван хошуу хэлбэрээр залагдсан энэ үзэл санаа Төв Азийн мартагдмал буурай улс орноор дамжин ертөнцийн зүүн хагас руу өнгийхдөө балар эртнээс зөрчилдсөөр ирсэн тэнгэр үзэл, мөн сургаал номлолын хувьд хол зөрөөтэй Буддизмыг ч бас давхар дарж авах, өөрсдийн үзэл билэгдлээ ил эс гэхэд далдуур тулгах, өөрөөр хэлбэл оюун санааны хувьд ялах гарц нь болсон учраас ийнхүү одон тэмдэг зэрэг төрийн билэгдэлт зүйлсэд нь шингээгээд өгчихсөн юм биш биз? Шинэ Монголын төрийн сүлдний оройд, мөн төрийн далбаан дахь соёмбо тэмдгийн галны дээр таван хошуу байрлуулсан нь ийнхүү билэгдлийн үүднээс харвал ихээхэн утга учиртай зүйл болж хувирна. Энэ нь баатарлаг дайчин түүхээрээ дэлхийг гайхуулдаг монгол цэргийн мөрдэст ч тусгалаа олов. Харин 1990-ээд оны ардчилсан хувьсгалын дараа үндэсний уламжлалаа эргэн санагалзаж урт удаан хугацаанд оршихын бэлэгдэл өлзий хээгээр цэргийнхний мөрдэсийг сольсон нь мэдэж хийсэн ажил гэхээсээ сэтгэлийн хөөрөл, үндэсний гэх бүхнээ сэргээх гэсэн оролдлогын илрэл байсан бололтой. Гэвч масончууд нэг барьж авсан олзоо зүгээр тавиад явуулчихдаггүй. Тэд санасандаа ил аргаар хүрэх нь ховор. Харин урт удаан хугацааны тархи угаалт, дам нөлөөллийн явцад өөрийн санааг өрөөлөөр гүйцэлдүүлж чаддаг. Түүнийг нь хийсэн хүн, эсвэл хэсэг бүлэг энэ бүхнийг өөрөө бодож олсон, дэвшилтэт сайн юм хийсэн гэдэгтээ итгэл төгс, санаа амар, сэтгэл өөдрөг байдаг нь инээдтэй. Өчигдөр Монголын армийн дээд тушаалын дарга нарын мөрдэсийн ялгах тэмдгийг дахиад таван хошуу болгон солих үеэр энэ салбарынхан таван хошууг ихэд сайшааж, хэрхэн санагалзсанаа өгүүлж буйг хараад ийм бодол төрсөн билээ.

Түүнээс гадна Монголын улстөрийн амьдралын сайн муу бүхний хариуцлагыг хамгийн ихээр хүлээх ёстой, Монголын улстөрийн бодлогыг хамгийн урт хугацаанд тодорхойлсон хуучнаар МАХН, одоогийн МАН-ын билэгдэл хэрхэн өөрчлөгдөж байсныг харахаар мөн л тодорхой гаргалгаа хийх боломж харагддаг. Энэ нам 1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа өөрийн үзэл баримтлалаа хэдэнтээ өөрчлөн тунхагласан. Тэр бүрт дүрэмд нь өөрчлөлт орж, билэгдэл нь ч өөрчлөгдөж байв. МАХН Социнтернд элссэний дараа билэг тэмдэг нь Улаан сарнай боллоо. Үндэсний гэдэг өнцгөөс харвал улаан сарнайнд монгол гэх үнэр огтхон ч байхгүй. Эртний Грек, Ромд ихэд онцолж үздэг байсан энэ цэцэг Монголд огт ургадаггүй байсан учраас ямар нэг зан үйлд хэрэглэх, утга агуулга шингээх шаардлага байсангүй. Харин эртний ромчуудад сарнай нь нууцын билэгдэл болдог байжээ. Заавал нуух нууцын тухайд “Sub rosa distum” буюу “Сарнайн дор хэлсэн” гэдэг хэлц үг хүртэл байдаг байж. Тэгэхээр нам нийлж, сэм хуйвалдах гэдэг утганаа сайн нийцэх билэгдэл мөн нь мөн. Мөнөөх л нууц нийгэмлэгийнхний нэг rosenkreuzer-үүд голдоо загалмай бүхий сарнайг билэгдлээ болгосон нь үүний илэрхийлэл. Харин МАХН үүнийг гол билэгдлээ болгож, дороо “Улаан сарнай” нэртэй улстөрийн байгууллага хүртэл бий болгож байсны чухам учрыг энэ бүхэнтэй хэрхэн холбогдох, эс холбогдохыг хэлж мэдэхгүй юм. Юутай ч өөрсдөө болохоор сарнай бол эрч хүч, эр зоригийн билэгдэл гэх юм билээ. Хаана хэн тэгээд хэлчихсэн, ямар ард түмэнд тийм заншил байдгийг мэдэхгүй юм. Яахаараа сарнай цэцэг эр зоригийг төлөөлөх болчихсон нь ч сонин.

Ямартай ч намаа уугуул байдлаар нь сэргээлээ хэмээн МАН нэртэй болохдоо баталсан билгэдэлд нь уугуул байдал биш, харин масончуудын нөлөө хавьгүй ихээр туссан талаар одоо өгүүлэх гэж байна. Гэхдээ энэ нь санаатай үйлдэл гэхээсээ илүүтэйгээр масончууд дэлхий нийтийн тархийг юутай хүчтэй угааж, өөрсдийн бэлгэдэл сэлтээ хахь хамаагүй, огт өөр зан заншилтай, тэс өөр соёлтой улс үндэстний толгойд хүртэл өөриймшүүлэн суулгаж чадсаны гавьяа ч байж мэдэхийг урьдчилаад хэлчихье.

МАН-ын шинэ билэгдэл нь таван дэлбээт улаан сарнай дэвсгэртэй аж. Ингэхдээ таван хошуу хэлбэрийн улаан сарнайн дээр уруугаа харсан таван дэлбээт сарнайг арай жижгээр давхар байрлуулснаар гексаграммын хоёр чанар буюу христийн таван шарх, бурханаас Моисейн авсан бэлэг хэмээх шашинлаг утга хийгээд муу хүч болох сатаны билгэдэл дүрсийн аль алийг нь өөрийнхөө үйл ажиллагааны үндэс суурь болгохоо тунхаглав бололтой. Үүн дээрээ соёмбо тэмдгийг хөх суурьтайгаар байрлуулжээ. Хачирхалтай нь энэ тэмдэг маань мөнөөх дээр дурдсан розенкрейцерүүд буюу сарнай-загалмайтны бэлгэдлийн гол дахь загалмайг соёмбоор сольсон төдий байгааг тохиолдол гэх үү, санаатай гэж үзэх үү? Санаатай гэвэл өнөө цагийн Монголын улстөрийн олон үйл явдлыг өөр өнцгөөс харах хэрэг гарна.

Соёмбо нь 1911 оноос Богд хаант Монгол улсын сүлд тэмдэг болсон, уг гарвал нь Өндөр гэгээний гарын тамга буюу бирга тэмдэг. Богд хаан нь Монголын шашин төрийг хосолсон тэргүүн нь байсан учраас ийнхүү түүний анхдугаар дүрийн гарын тэмдгийг төрийн бэлгэдэл болгосныг эргэн харах цаг болоод байгааг сануулахгүй байх сонирхол Монголын төрд буй нь анзаарагддаг. Энэ нь улстөрийн гол намын бэлгэдлээс ч тов тодорхой байна. Тэгэхээр МАН-ын шинэ бэлгэдэл нь масончуудын дэлхийг захирах, Манжийн төрийн монголчуудыг шашнаар номхотгох, Түвдийн ламаистуудын өөрийн шашнаа түгээх бодлого зэрэг өнгөрсөн, одоо цагийн асар олон харь бодлогын илэрхийллийг өөртөө цуглуулсан өөх ч биш, булчирхай ч биш зүйл болж хувирчээ.

Уг нь намаа анхдагч утгаар нь сэргээнэ гэвэл хас тэмдгэн бэлгэдлээ санах учиртай байв. МАН-ын анхны тамганаа хас бэлгэдэл тодорхой байдаг сан. Бодоо, Данзан тэргүүтний тэр үеийн бодлого тэнгэр үзлээс үүдэлтэй, хас сүлдэн бэлгэдэлтэй байж. МАН-ын гишүүний бат илэрхийлэх нь ч гэсэн хас тэмдгэн дардастай байв. Бүр 1930-аад оны үед ч монголчууд хас тэмдгийг төрийн бэлгэдэл утгаар хэрэглэсээр байсан нь Бошгыг халах залуучуудын эвлэлээс Коминтернд бэлэглэсэн тугнаас харагддаг. Хэрвээ дорнын гүн ухааныг шүтэгч, далд хүчинд итгэгч Хитлер хасыг 1933 онд Германы үндэсний социалист намын бэлгэдэл болгож, энэхүү хас тэмдгийн дор цуст дайн дэгдээгээгүй бол хасыг бид өнөө ч нүүр бардам хэрэглэсээр л байх байсан биз.

Тэгэхээр одоо улстөрийн гол намын тухай яриагаа Монгол төрийн бэлгэдэл рүү шилжүүлье.

1924 онд баталсан БНМАУ-ын сүлд тэмдэг нь бадамлянхуа суурин дээрх соёмбо байв. Өөрөөр хэлбэл Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон илэрхийлэгч билэгдэл хэвээр хадгалагджээ. Тэгэхдээ соёмбоны оройд таван хошуу тавиагүй байсныг анхааралдаа аваарай. Харин 1940 онд баталсан төрийн сүлдний оройд таван хошуу аль хэдий заларчээ.

Ийнхүү монголчуудын хас шүтээн шахагдан орхигдож, масончуудын билгэдэл монголчуудын магнай дээр залрах болов. Ид шид, сүлд шүтээн, тэмдэг тэмдэглэгээг аль ч улс орон чухалд үздэг. Тийм ч учраас тусгаар улс болгон өөрийн гэсэн шүтэх сүлд, дээдлэх билэгдэлтэй байдаг. Тэр билэгдлээ өрөөлийнхөөр солих нь үзэл бодол, оюун санааны хувьд дагаар орохын илэрхийлэл буюу. Масончуудын нөлөөгөө тэлэх далд дайнд монголчууд өртөн ийнхүү ялагдав. Ялагдлаа ухаарч, үүнийгээ ялалт болгон хувиргах цаг хэзээг үл мэднэ.
Эх сурвалж: "Гэрэлт Цалиг" 2011. №06