Saturday, November 13, 2010
"Агуу Гетсби" монгол хэлээр гарлаа
Ямартай ч миний бичсэн өмнөх үгтэй, бас хоёрын ч зэрэг өгүүллэг дагуулсан дажгүй сайхан ном болжээ. "Хоёр буруу", "Галзуу ням гараг" гээд хоёр өгүүллэгийг нь орчуулж байхад олоон жилийн өмнө үүнийг бичиж байхдаа зохиогчийн сэтгэл санаа нэг иймэрхүү байсан болов уу гэсэн бодол төрж, сүрхий автсан юм даг.
Ялангуяа "Эрт ирсэн амжилт" гэдэг зохиогч өөрийнхөө тухай бичсэн эсээг нь орчуулж дуусахад эрт ирсэн алдар хүндийн золиос болсон түүний цаасан өсгийтэй хямдхан шаахай углаад Нью-Йоркийн гудмаар тэнэж явсан, ядуугийн улмаас хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийж чадахгүй шаналж явсан тэр л залуу насыг нь жигтэйхэн хайрлаж билээ.
Америк даяар шуугиан тарьж, мөнгийг өөр дээрээ бороо мэт оруулж байсан зохиолч маань дөчин дөрөвхөн насандаа орь ганцаар байж байгаад үхэхэд түүнд шарилыг нь төрөлх хотод нь дөнгөн данган хүргэх хэмжээний мөнгө л үлдсэн байсан гэдэг. Гэтэл амьдрал түүнийг авсанд орохыг л хүлээж байсан мэт тохуутай загнаж, түүний бүтээлүүдийг нийгэм цоо шинэ нүдээр харж, алдар хүнд үхсэн хойно нь эргэн ирж, "Агуу Гэтсби" хорьдугаар зуун төдийгүй бүх цаг үеийн шилдэг романы нэг гэгдэх болжээ.
"Агуу Гэтсби" монгол хэлээр гарлаа. Энэ удаад орос хэлнээс орчууллаа. Эрдэм чадалт эрхэм нөхөд эх хэлнээс нь буулгаж, молхи миний хөрвүүлэг дэх андуу эндүүг засна биз ээ хэмээн найдна.
Sunday, December 24, 2006
Хэлтэй бол хөлтэй
Өчигдөр орой манай отгон телевизүүдийн нэг "ntv"-гээр нэгэн нэвтрүүлэг хараад энэ дурсамж сэргэв. Тэд маань "Монголын гаднах монгол алдартан" гэдэг хөөрхөн нэвтрүүлэг санаачлан анхны дугаараа толилуулж байх юм. Анхны нэвтрүүлгийн баатар нь Борхүүгийн Амархүү гэдэг 19 настай хүү. Оросын төв телевизийн "Народный артист" гэдэг шилдэг дуучин шалгаруулах үндэсний хэмжээний томоохон проектод оролцон түрүүлжээ.
Тус проектыг хэрэгжүүлэгч нь "Бид Амархүүгээр дамжуулан Монголыг илүү сайн мэдэрлээ. Амархүүд сайхан хоолой, хөдөлгөөний гайхалтай эвсэл, ер нь бүх юм бий. Ганцхан дутагдалтай. Тэр нь юу вэ гэвэл тэр дэндүү залуухан. Дөнгөж 19-хөн настай. Оросын эстрадын тайзанд олон жил од болон гялалзах боломж түүнд бий. Гэхдээ сонголтоо хийх эрх түүнд нээлттэй. Бид авьяастныг тодруулах үүрэгтэй. Түүнийгээ амжилттай биелүүллээ. Дараагийн сонголт өөрийнх нь" гэх утгатай зүйл яринэлээ.
Нэгэн монгол хүүд өөрийгөө, эх орноо наана хэлэхэд оросоор яригч 250 сая хүн, цаашилбал бүр олон сая хүнд илэрхийлэх алтан боломж нээгджээ. Амархүү орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшээгүйсэн бол дуучны агуу авьяастай төрлөө ч зөвхөн Монголдоо л байх ч байсан юм бил үү?
Түүн шиг эрдэм, авьяас, хэлний төгс мэдлэг, хувь хүний шалгуур даах үзүүлэлтээрээ гадаад ертөнцийг гайхуулах монгол хөвгүүд охид улам олон төрөөсэй. Бид үгүйдээ гэхэд хоёр талын асар том зах зээл, цаашлаад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц супер хувь хүмүүсийг бэлдэх талаар онцгой анхаарвал "Алт" хөтөлбөр хэрэгжүүлж авдрынхаа буланг маажин амиа аргацаахаас хавьгүй өгөөжтэй байхсан. Хөрсөн доорх эрднээс гадна хүмүүний толгой дахь эрдэм, авьяасыг үнэлэх алтан цаг үе хэлтэй бол хөлтэй гэдэг юутай үнэн үг болохыг нотлоод байнам бус уу...
Thursday, December 21, 2006
Нэр томъёоны орчуулгын тухай
Мэргэжлийн нарийн нэр томъёог аль болох орчуулалгүй хэрэглэсэн нь дээр гэж яагаад өмнө нь яриад байснаа тайлбарлах гэж оролдъё.
Нэгэнт олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэж хэвшсэн нэр томъёог тэр чигээр нь хэвшүүлбэл хүмүүсийн гадаад хэлний мэдлэгт нэмэртэй, нөгөөтэйгүүр бусад орны ижил төстэй мэргэжлийнхэнтэй харьцахад ч дөхөм байх болов уу. Монголоороо орчуулаад нэрлэчихвэл сайн л байна. Гэхдээ яг оновчтой орчуулаад, тэр нь хэрэглээ болоод хэвшинэ гэдэг хэцүү дээ. Зарим тохиолдолд нөгөө монголчилсон үгээ эргэж орчуулах ажил гарахыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь зураач нар будгаа найруулдаг зүйлийг оросоор палитра гэдгийг та мэднэ. Гэтэл үүнийг их олон жилийн өмнө хүчиндээд шахам "будаг нийлүүр" гэж нэрлэхээр тогтсон боловч өнөөдөр тэгж хэлж байгаа зураач алга л байна.
Харин гадаад үгийг гадаад хэвээр нь тэгэхдээ монгол дуудлагаар хэрэглэж хэвших бас нэг практик бий. Саяын палитра-г яг ингэж хувирган палийтр гэж хэлээд бүр хэвшчихсэн байх жишээтэй. Стартер-ыг астаачир гээд асаах гэсэн монгол үгрүү дөхүүлээд авчихсан, гараж-ийг гарааш, буфер-ийг гүүпэр, кесерово сечение-ийг хийсвэр хийх\хийлгэх\ гэхчлэн хэвшүүлснээс муудсан юм алга л байна.
Монголд л тохиолддог байгалын өвөрмөц хүндрэл болох зудыг олон улсын түвшинд үнэн зөвөөр ойлгуулах оновчтой үг ололгүй зуд гэдгээр нь нэрлэхээр тогтсон тухай хэдэн жилийн өмнө яригдаж байсан даа. Энэ бол олон хэлэнд орчуулахад тухайн үндэстэн, тэдний сэтгэлгээ,газар нутгийн онцлогоос болоод зудын язгуур чанар танигдахаа болихоос сэргийлсэн хэрэг гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл цас хэзээ ч ордоггүй халуун орныхон бол нөгөө далайн хар салхи, үер усны аюулаараа л төсөөлөхөөс зуд гэж яг юу байдгийг огт мэдэхгүй. Энэ мэтийн огт хамаагүй мэт боловч асар олон хүчин зүйлүүд хэлний баяжилт, шинэчлэлд нөлөөлдөг.
Бас нэг зүйл гэвэл муу орчуулснаас огт орчуулаагүй нь дээр байдаг. Тухайлбал "агаарын цулс хувирахуй \трансформация воздушных масс\, хүчтэй болчимт амьд хэв шинж\сильный уравновешенный живой тип\ зэрэг нэр томъёонууд хэр монгол сонсогдож байна. Хэр идэвхтэй хэрэглэгдэж байна гэдэг бодох л асуудал.
Thursday, December 07, 2006
Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон
Аливаа нэгэн хэлнээс нөгөө рүү орчуулга хийнэ гэдэг эн тэргүүнд тухайн буулгаж байгаа хэлээрээ илүү сайн сэтгэнэ гэсэн үг юм шиг байгаа юм. Монгол хэл рүү буулгалаа гэхэд энэ өгүүлбэрийг монгол хүн ингэж хэлж, ингэж хүлээж авна даа гэдгийг хамгийн түрүүнд бодож чадвал орчуулга сайн болно. Түүнээс биш нөгөө хэл дээрээ сэтгэх юм бол монгол үгтэй, гадаад галбиртай эрлийз бүтээл төрнө.
Хэл болгон өөр өөрийн гэсэн логиктой, тэр нь өөр хэлнийхтэй тохирохдоо тохирч, зөрөхдөө зөрдөг. Энэ зөрөөг хэр сайн номхотгож чадаж буйгаар нь орчуулагчийн чадлыг хэмжиж болно.
Зохиолч хүн сэтгэлд буусан бодлоо өөрийн дураар найруулан буулгаж болдог бол орчуулагчид тийм эрх байхгүй. Тэд бусдын бүтээсэн суварганы хэлбэр дүрсийг өөрчлөх эрхгүй. Чанар чансаа, өнгө будгийг нь муутгах эрхгүй. Тухайн хэлэнд байхгүй нэр томъёо, ойлголтыг утга оноон буулгахаас өөр аргагүй. Ийнхүү хязгаарлагдмал орчинд өндөр хариуцлага, хүнд дарамт дор зүтгэдэг амаргүй алба бол орчуулагчийн хөдөлмөр билээ. Үүнийг ойлгож үнэлэхээсээ муулж өөлөх нь их байдаг болохоор чухамдаа орчуулагч гэдэг тамд өөрийгөө сайн дураар тушаагчид байдаг. Тэдний оновчтой оноон буулгасан үг тухайн хэлийг баяжуулан сэлбэдэг. Нутагшин өөриймшдөг. Оновчгүй нь цагийн шалгуураар орхигдон хаягддаг. Анекдот гэдэг үгийг 1980-аад оны дундуур шог үг, шог яриа зэргээр орчуулж байснаа сүүл хавь руу онигоо гэдэг болсныг би тодхон санаж байна. Тэр цагийн нэртэй сэтгүүлч Тогмидын Даваадорж онигоо гэж хэвшүүлэх нь зөв гэж үзээд 1990 онд тийм нэртэй сонин гаргаснаар манай үгийн санд энэ үг зохих байраа нэгэнт эзэлж чадсан юм. Риск гэдэг үгийг 1990-ээд оны тэргүүн хагасаас эрсдэл гэж оноон орчуулсан нь тухайн үедээ жаахан хөндий сонсогддог байсан бол одоо нэгмөсөн өөриймшжээ. Энэ мэтээр шинэ үг үүсгэх нь зүйтэй ч дэлхий нийтээр нэг үгээр нэрлэж хэвшсэн зүйлсийг заавал орчуулах албагүй санагддаг. Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг.
Ном орчуулан хэвлүүлж буй залуу орчуулагчид өөрийн хэл найруулгадаа итгэхгүй тохиолдолд сайн редакторт хандах нь дээр. Редактор гэдэг үүний тулд л байдаг. Тэрээр орчуулагчийг халтирахад нь түшиж, хазайхад нь тулдаг үнэнч туслагч, замч нь. Орчуулгын ертөнцөд хол зам туулъя гэвэл сайн редактортой хамтрах нь хамгийн зөв сонголт, холч бодлого буюу.
Saturday, December 02, 2006
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-2
ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
...Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.
Tuesday, October 24, 2006
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө
Саяхан нэг залуу орчуулагч орчуулж буй номынхоо хэсгээс үзүүлж зөвлөгөө авах үед хэлсэн зүйлээ тэр чигээр нь дор тавив. Бусад хүмүүст ч хэрэг болох нь юуны магад.
Орчуулгын талаар саналаа хэлэхэд
Баяр хүргэж, амжилт хүсье. Тун дажгүй орчуулга болсон байна.
Ганц нэг газар үгийн байрлал буруу байна. Ж нь: хоёр бага оврын фургон гэснийг бага оврын хоёр фургон гэх нь зүйтэй.
Зөв бичгийн дүрмийн хувьд эр, эм үгийн “ы” , “ий” –г буруу хэрэглэх дутагдал давтагдаж байна. Мөн “ь”–ийн байх, байхгүй газрыг нь хольж хутгажээ. Гэхдээ энэ бол сүртэй юм бишээ. Редактор тэртэй тэргүй засчихна.
Ер нь нэгэнт орчуулаад эх хэл дээрээ буулгачихсан текстээ 2-3 удаа гүйлгэн уншиж, үгийн эргэлтүүдээ сайтар нягтлах нь зүгээр байдаг. Өө сэв нь дарагдсан текст уншихад аяндаа урсаад явчихдаг бол өө сэвтэй нь болохоор нэг л явж өгдөггүй шүү дээ. Тэгэнгүүт нь тогтож сайтар ажигла. Үг бүрийг нь амандаа хэлэн анхааралтай унш. Тэр үед чинь “хүмүүс тийм амархан шинэ боломж олддоггүйг” гэснийг “хүмүүст шинэ боломж тийм амархан олддоггүйг” гээд засчихвал дээр ч юмуу гэсэн бодол аяндаа орж ирэх вий. Эхнийх нь амархан шинэ боломж гэсэн санаа, хоёр дахь нь шинэ боломж амархан олдоггүй гэсэн санаа байгаа биз?
Өөрийн чинь орчуулж буйтай адил хэлбэрийн бичлэгтэй номыг орчуулахад шинэ орчуулагчдын гаргадаг хамгийн том алдаа нь тэр тэгж хэлснээ тэгж хэлэв гэж товчхонд нь томъёолж болох хэсгүүд байдаг. Ж нь: “Аутсорсинг бол дэлхий дээр болж байгаа энэ нүсэр зүйлийн ердөө ганцхан хэмжигдэхүүн юм” хэмээн Нилекани тайлбарлаад... гээд цааш явахад тухайн хэлний (эх текстийн) онцлогт баригдаад өгүүлбэрээ төгсгөлгүй орхих нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл чи эх текстийг бүрэн орчуулчихсан байдаг. Гэтэл монгол хэл дээр нөгөө өгүүлбэр, хэсэг чинь бүрэн төгсөөгүй мэт болчих нь бий. Энэ нь дараахь өгүүлбэртэй адил алдаа юм. “Чи бол сайн оюутан” гэж багш хэлээд “Гэхдээ чи үүндээ тайвширч болохгүй”. Энд ердөө “гэлээ, хэмээлээ, гэж хэлэв, гэж өгүүлэв” гэсэн төгсгөл нь дутагдаад буй хэрэг.
Энэ мэтийг анзааран засчихад чиний орчуулга тун дажгүй болох нь ээ. Амжилт хүсье.