|ӨГҮҮЛЛЭГ|
“Энэ муу хар модны байж байгааг хараач. Ус шийгээд л, гэр дулаацуулах нь бүү хэл, гал авалцахгүй юм. Нутагтаа байсансан бол ч .....” гээд ээж маань зуухныхаа ам руу толгойгоо шургуулчихав уу гэлтэй таг чиг боллоо.
“Энэ сайхан нутагт ирчихээд зовлон тоочоод байхдаа яахав дээ” гэсэн гоморхуу бодол төрж “Хөрзөнгийн галаар хоол болгох гэж явдлын улсын цаг барж суудаг газраас энэ бөөн модон дунд ирчихээд дэмий юм ярих юм. Манай нутаг хэзээ л модтой байлаа.” гэчихлээ. “Тоорой, сухай, заг, бургас гээд л юу дуртайгаа түүж ирээд түлдэг миний нутаг ч сайхан шүү.” хэмээн ээж маань зуухны амнаас толгой өндийлгөлгүйгээр аяархан өгүүлэв. “Энэ тэнэг үрийг яана даа” гэсэн гоморхол, зовинол хоёр дууных нь өнгөнөөс хослон сонсогдоно.
Дал гарсан ижийгээ би гэнэт жигтэйхэн өрөвдөв. Хэлэх гэснээ хэнд ч шулуухан, хатуухан хэлчихдэг гоолиг, жавхаалаг дүр нь гэгээн дурсамж болон үлдэж, нуруу нь асуултын тэмдэг мэт бөгтийн бүтэн тохой агшсан ээж минь хувь тавилангийн зараалаар Улаанбаатар хэмээх их хөлийн газарт ирж, хэл нэвтрэхгүй харийн бэр мэт ааш аягийг нь мэдэхгүй нойтон хар модтой ноцолдож суухдаа нутгаа санасан сэтгэлээ нууж чадалгүй хоёр үг унагасных нь төлөө дэндүү хатуу үг хэлснээ мэдээд би дахиж дуугарсангүй. “Хөвчийн нурууны арц мөн сайхан сан. Үнэр ч гэж үнэр дээ.” гээд л ээж минь гал нь бөхсөн нүдээрээ алсыг ширтэх нь төрсөн нутгаа хараачлах мэт ээ. Мянган бээрийн цаадтай орших суунаг цэнхэр Алтай, өрмөн шаргал говио магтах гэж хэлэх үгээ олж ядах цагаан толгойтой эмгэнийг хараад “Ээж минь нутгаа ямар их санана вэ? ” гэж гэнэт бодохуйд хэдэн оны тэртээх нэгэн түүх сэтгэл зурсхийн буувай.
* * *
Хар бага наснаасаа винайн ёсыг сахиж, буддын шашны хөлгүй их эрдмийн гүнд хүрсүгэй хэмээн нойр хоолоо хасч явсан нь нэг л өдөр Цэдэнжавт гай боллоо. Лам нэртэй хэнийг боловч хорьж цагддаг, зиндаа өндөртэйг нь алж хяддаг хатуу цаг ирж, эрдэм чадалтай хөгшчүүд толгой дараалан ачигдаж, усанд хаясан чулуу мэт сураггүй болоод, ар гэр ахан дүүс нь нус нулимсандаа хутгалдаж суухыг дэндүү олонтаа харсан Цэдэнжав нэг л өдөр өөрийнх нь ээлж болж, бензин тосны үнэр ханхийсэн орос тэрэгний тэвшин дээр буутай цэргээр харгалзуулан ачуулж, арван хэдэн жил шоронд суух, эсвэл алуулахын аль нэг тавиланг өөрийн дураар биш хүний эрхээр сонгоно гэдгийг совингоороо мэдрэв. Эрдмийн чинадад хүрэх гэсэн гэгээн хүсэл нь амь насны үнэтэй тэнцэх болсныг ухаарсан Цэдэнжав хүү хувь тавиланг дагаж толгой бөхийхгүй гэж эрсхэн шийдэв. Уужим хорвоогийн аль нэгтээ амьдрах орон зай олдож л таараа гэж бодсон тэрээр Монгол нутгийн төвөөс ирэх аймшигт аюулаас зугтан хөлгүй их зэрэглээн дунд торолзон баралзах алс баруун зүгрүү зориглон явж одов. Түүнд очих цэг байсангүй. Ердөө л эх газрын хүчит шуурга мэт, тэнгис далайн сүрт давалгаа мэт гэнэтийн аюулыг зөн совингоороо мэдэрсэн унаган мэдрэмж нь түүний ядарсан хөлийн алхааг түргэтгэж, буларсан биеийн чилээг мартагнуулах аж. Хөхрөх алсыг давбал аюулаас ангижирна гэсэн гэнэн бодол нь тус болсонгүй. Амьдрахын тулд, утсан чинээ улаан амиа тээхийн тулд тэрбээр Шинжаан, Уйгар, Энэтхэг, Пакистанд очиж эцэст нь Ази хэмээх эх газрын хаяанд гээгдсэн мэт бүртийх арлын орон Тайваньд ирэв. Тайвань гэдэг нэр эх хэлээр нь бол тайван амгалан гэсэн үгтэй аялга дүйдэг нь сүүдрээсээ өөр нөхөргүй болж, хувь тавилангийн хатуу тохуурхалд автан хөлгүй далайд хаягдсан өнчин завь мэт сэгсчүүлж явсан түүнд аврал энэрлийн орон мэт санагдсан ч байж мэднэ. Юутай ч үлдсэн цагаа энд өнгөрөөхөөр шийджээ. Адуу мал бэлчиж, дөрвөн улирал ээлжлэн байдаг төрөлх газраас нь даанчиг өөр энэ нутагт хувь тавилангийн оногдсон хэлтэрхийг элээн байсан тэрбээр насны бөгсөнд баярт мэдээ сонсов. “Аав аа, би Монгол руу явах боллоо” гэсээр амин хайртай хүү нь ороод ирэв. Талын зэлүүд салхийг далайн задгай агаараар орлуулан сэтгэлээ хуурч олон оныг үдсэн Цэдэнжав нас өндөрт гарч, төрсөн газартайгаа эргэн холбогдож чадахгүй нь гэж нэгэнт итгэчихсэн байсан болохоор энэ мэдээг сонсонгуут өөрийн мэдэлгүй цээж бачууран үг хэлж эс чадна.
“Хүү минь миний Монголд очих нь ээ. Эцгийнхээ төрсөн нутагт очих нь. Өдий болтол хүсэн хүлээсэн тэр газарт очих нь. Бүх насаараа, зүрх сэтгэлээрээ хүсэн тэмүүлж асан хөх Монголд минь очих нь. Яамай даа“ гэж бодохуйд зовхи нь нойтогноод ирэв.
Үхэхээс бусдыг үзэж, үлгэрээс бусдад хууртсаар цөхөрч дуусаад элдүүр нь ханасан сур шиг болсон сэтгэл нь хуртай зуны цэцэг мэт амирлахуйн туйлд хүрч, зовох цагт дуусаагүй нулимс нь өөрийн эрхгүй мэлтрэхэд амьдрахуйн эрхэнд дэр нэгтгэсэн ч он цагийн шаглаасанд салахын аргагүйгээр холбогдсон тайвань эхнэр, монгол сэтгэлтэй ч монгол ахуйгаас ангид өссөн хүү хоёроосоо зовсхийн хоосон өрөө рүү зүглэв. Эзэнгүй өрөөнд орж ирсэн хойноо ажвал зүрх нь түг түг хийн цохилж, бадриун чийрэг атлаа нялхарч зөөлөрсөн гар нь үл ялиг чичрэх аж. Торго мэт зөөлөрсөн булцгар цагаан гараа хараад далайн чийглэг уур амьсгалд эх газрын хүний арьс дэвтэхээс, сэтгэл дэвтдэггүй л юм байнаа даа гэсэн бодол зурсхийнэ. Эцгийн сэтгэлд ямархан шуурга хуйларч буйг эс мэдсэн томоогүй хонгор хүү орж ирээд “ Аав аа? Би Монголоос танд юу авчрах вэ?” гэж шалгаана. “Захья гэвэл ч мөн ч их юм захихсан. Өчнөөн жил хориотой байгаад арайхийн нэг үүдээ нээж байгаа төрөлх нутаг руугаа элдвийг захивал хүүд минь гай болж мэднэ” гэсэн бодолд автан хэсэгтээ чимээ алдрахад хүлээж цөхсөн хүү нь чимээгүйхэн гарч одов.
Цэдэнжав өвгөн хэд хоног нойр нь хүрэхгүй сэвэлзэв. Түүний сэтгэл зүрх хүүтэйгээ хамт Монгол руу нисэн оджээ. Өнөөдөр онгоцны буудал дээр хүүгээ тосч авахаас наана тайвширч яагаад ч чадахгүй нь.
Тэрээр хүүгээ явахад нь юу захих вэ гэж бүтэн шөнөжин бодож билээ. Хамгийн түрүүнд нутгийн чулуу бодогдсон. Гэтэл “Сууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог. Нутгаасаа явсан хүн насан туршдаа зовдог” гэсэн өвөг дээдсийн захиас үг санаанд орж, нутгийн минь чулуу нутагтаа л байг даа гэсэн бодол төрсөн. Тунгалаг Туулын уснаас савлаад ирээч гэвэл болох л байсан. Гэвч ус л бол ус шүү дээ. Тэгээд ч энэ насандаа уснаас их юм үзсэнгүй. Эцэст нь тэрээр нэг л зүйл захихаар шийдсэн. Түүнийг нь авчирч байгаа хүүгээ тосохоор явж буй өвгөнд цаг хугацаа зогссон мэт, тултал нь хаазалсан машины хурд мэлхийнийх шиг санагдана.
Онгоцны буудал дээр аавдаа үнсүүлэхдээ хүү нь гарт нь захиасыг нь атгуулав. Цагаан цаасанд нандигнан боосон, атга дүүрэхтэй үгүйтэй тэрхүү зүйлийг бушуухан задалмаар, үнэрлэж үзмээр болно. Гэвч түүнийг үзэх л юм бол нулимс нь сад тавин урсчихна гэдгийг мэдэх болохоор гэртээ ортлоо алгандаа энхрийлэн атгав. Гэртээ орж ирээд Цэдэнжав хүүтэйгээ үг сольж, аян замын сонин ч сонссонгүй, шууд л өрөө рүүгээ ороод тухтай нь аргагүй завилж аваад захиасаа задлав. Одоо түүнд яарах юм байсангүй. Эх нутагт нь газраар нэг хөглөрөн байдаг, идэр залуу насандаа даанч эс тоож асан тэр зүйл өмнө нь байна. Байх байхдаа эх нутгаасаа аргагүйн эрхэнд хагацан салсан он жилүүдийн нөхөөс болж, Монгол чинь байдгаараа л байгаа юм шүү гэж хэлэх мэт санагдана. Өнгө нь бууралтаж , хөхрөх аяс орсон ганц ширхэг хомоолыг нандин эрдэнэ мэт энхрийлэн илбэхэд өргөслөг хатуу гадаргуу нь хурууны өндөг хатгахыг Цэдэнжав эс анзаарна. Тийн хэсэг сууснаа ганц хомоолоо сангийн бойпортоо үйрүүлэн хийгээд унгатгалаа. Хар нялхаасаа үнэртэж өссөн даан ч танил, даанч дотно үнэр өрөөгөөр нэг тархахад Цэдэнжавын сэтгэл өөрийн мэдэлгүй хөвсөлзөж, эх нутагтаа хүрээд ирсэн мэт санагдахуйд хоёр нүднийх нь нулимс мэлтрээд ирэв.
Нүдээ аньж, алга хавсран залбирч суугаа түүнд Булган голынх нь намуухан атлаа ихэмсэг урсгал мяралзан үзэгдэж, тоосноосоо бусган давхилдах сүргийн омголон төвөргөөн, уянгат янцгаалт сонсогдож, айраг цагааны үнэр ханхийв. Ханхар өргөн цээжтэй аав нь тогтож ядан эргэцэх омголон моринд шавхийн мордож, эрдүү цээл хоолойгоор уртын дуу шуранхайлсаар хязгааргүй их талын гүнрүү давхин одох мэт, их талын энгээр хивс мэт алаглах цэцэгсийн үнэр хамар цоргих мэт, дөрвөн улирлын эргэлтэнд мөнх цастай дүнхийх Алтайн их уулсын оргил үүл нэвтлэн цайвалзах мэт, эх газрын сэвшээ хонгор салхи сэр сэр үлээх мэт боллоо. Ийнхүү Монгол нутагтайгаа дурсамжаараа холбогдож, монгол үнэрийг биеэрээ мэдэрч суусан Цэдэнжавын сэтгэлийн шарх аньж, Монголынхоо төлөө миний хийж чадаагүйг хүү минь гүйцээж чаднаа гэж бардамхан бодов. Хөх хомоол уугиж дуусаад, харь орчноос даанч ангид үнэр нь өрөөнөөс салж ядан ханхална. Хомоолны утааг үнэртэнгүүт сад тавьсан нулимс нь гарахаа болиод Цэдэнжавын сэтгэл ч бас дэвтжээ. “Нутагтаа очоод ирснээс ялгаагүй боллоо. Одоо би үхсэн ч яахав” гэж бодоод тэрбээр уужим амьсгаа авлаа.
* * *
Нойтон хар мод “Би үнс, утаа болмооргүй байна” гэж эсэргүүцэх мэт хэсэг шийгснээ шад пад асч удалгүй гэрт халуу дүүглээ. Ээж минь сая нэг сэтгэл амрав бололтой зуухны өмнөөс босч гараа угаагаад бурхныхаа өмнө өвдөглөн сууж зул асаав. Нүдээ аньж, алга хавсран залбирах ээжийгээ хараад Цэдэнжав яг ингэж залбирч суусан байх даа гэж бодогдов. Ээж минь Цэдэнжав өвгөний бодлыг давтан бодож байж ч магадгүй.