Showing posts with label Амьдрал. Show all posts
Showing posts with label Амьдрал. Show all posts

Thursday, March 27, 2014

АЛУУРЧИН ГЭГДЭХ Ч.БАТТУУЛ ХЭРЭГТЭН ҮҮ, ЗОЛИОС УУ?


Б.Галаарид
Ч.Баттуул гэдэг бүсгүй нэгэн америк эрийг хөнөөсөн гэх хэргээр хоёр жил мөрдөгдөөд саяхан 23 жилийн ял авсан. Элдэв янзын гэмт хэргийн тухай мэдээлэлд дарагдсаар дөжирсөн олон нийт үүнийг нэг их анхаарахгүй байна. Харин Ч.Баттуулын ар гэрийнхэн, өмгөөлөгч нь энэ хэрэгт учир зангилааг нь тайлаагүй ээдрээ будлиан их байна, жинхэнэ алуурчин (алуурчид) ял завшаад байгаа юм биш үү гэсэн гомдол саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл дамжуулан илэрхийлж байна. Төсөрхөн түүний өмгөөлөгч Л.Баттогтох энэ талаар бас нэг  ярилцлага өгчээ (http://www.24tsag.mn/content/52308.shtml).  Энэ ярилцлагад анхаарууштай хэд хэдэн зүйл байна. Идэр есийн хүйтэн буюу нэгдүгээр сарын 5-ны шөнийн 02 цагт 23 настай бүсгүй 60 метрийн  зайнаас хохирогчийг ангийн буугаар 8 удаа буудаж алаад, цогцсыг нь шатаагаад  хөлдүү газар ухан булсан гэдэгт эргэлзэж буйгаа тэр илэрхийлжээ. Энэ аллагын цаана хар тамхины наймааны хэрэг байгааг хангалттай шалгалгүй, зөвхөн Баттуулын мэдүүлэгт хөтлөгдсөнөөс хууль хяналтын байгууллага хуумгай шийдвэр гаргасан гэж тэр үзэж байгаа аж.
Үүнээс улбаалаад Баттуул гэх бүсгүйн талаар урьд өмнө нь  ямар мэдээлэл гарч байсныг сонирхвол хоорондоо зөрүүтэй олон л мэдээлэл байх аж. Тэдгээр дундаас Ч.Баттуул 2014.02.12-нд бичиж Батаар.мн сайтад нийтлэгдсэн захидлын зарим үг өгүүлбэр анхаарал татлаа. Тэрээр “Жон манай Монголд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян хүн болох хүслийг өвөртөлж ирсэн. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10 мянган ам. доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ. 
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. 
Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ бол
ьчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэсэн байна. (http://www.bataar.mn/10020167)
Тэрбээр өөрийгөө ямар ч аргаар хамаагүй зөвтгөхийн тулд үүнийг өгүүлэв үү? Эсвэл хэргийн нөхцөл байдал үнэхээр тэс өөр байв уу? Хэргийн мөрдөн байцаалт дутуу дулимаг болсон уу, эсвэл бодит үнэнийг хөдөлбөргүй тогтоосон уу? Баттуул хэрэгтэн үү, эсвэл золиос уу? Далдыг харагч Далай лам гээч нь биш учраас энэ талаар надад хэлэх үг алга. Харин гэмт хэргийн онцгой нөхцөл байдал, мөн хэргийг илрүүлэх уламжлалт бус аргын тухайд бол санаа оноо байна аа.
Эхлээд Ч.Баттуул золиос байж болох магадлалыг авч үзье. Тэрээр америк эрийн  авчирсан хар тамхийг зарж борлуулахын тулд хэсэг хүмүүстэй ороолджээ. Хар тамхины наймаанд цэвэр ёс суртахуунтай, зөв сайн  хүмүүс оролцдоггүй. Ямар ч хэрэг хийхэд бэлэн, хэнийг ч юунд ч хутгахаас буцахгүй хүмүүс л ийм зүйлд оролцдог. Тэд Баттуулыг мансууруулж өөрийгөө хянах чадваргүй болгосон байж болох уу? Болно. Өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ түүний хийсэн ажил хийсэн мэтээр итгүүлэгт автуулсан байж болох уу? Бас байж болох хувилбар.  Энэ хэргийг үүрч гарахгүй бол хамгийн дотно хайртай хүмүүсийг чинь ална гэж сүрдүүлэх замаар худал мэдүүлэг өгүүлсэн байж болох уу? Болно. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис, бэлдмэлийн нэр төрөл улам бүр олширч, үнэртэх, татах, уух, тарих гээд хэрэглэх арга нь ч улам баяжиж байгаа. Хамгийн сүүлд хөгжмийн тусламжтайгаар  хөөрөл мансууралд оруулдаг арга технологи хүртэл бий болоод байна. Энэ бүхнийг хэрэг нягтлах явцад анхаарч шалгасан, мухарласан нь хэр бол?
“... би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан” гэж Баттуул шоронгоос бичсэн захидалдаа өгүүлсний цаана юу оршино вэ?
Үүний учрыг олж хужрыг тунгаахад хэрэг болж мэдэх нэгэн саналыг дэвшүүлье. Ийм ээдрээтэй нөхцөл байдлын дүр зургийг сэргээн тодруулахын тулд парапсихологичид ховсын онцгой нэгэн арга болох  регрессийг ашигладаг. Регресс гэдэг нь ухрах буцах гэсэн агуулгатай үг бөгөөд хэн нэгнийг ховсдон өнгөрсөн амьдралынх нь тодорхой үйл явдал, тэр бүү хэл хэдэн үеийн  өмнөх тодорхой цаг хугацаанд нь аваачин юу хийж, бодож, үйлдэж байгааг нь яриулах арга юм. Олон жилийн өмнө би регресс, прогрессын тухай бичиж байсан болохоор үнэнч уншигчдын минь хувьд энэ бол шинэ сэдэв, гайхмаар юм биш. Харин Ч.Баттуул шиг хүмүүсийг регресст оруулан гэмтэн үү, золиос уу гэдгийг ялган тогтоох учиг олох тухай санал минь бол Монголын криминалистикийн хувьд шинэ зүйл. Уг нь энэ бол зарим улс оронд гэмт хэрэг илрүүлэхдээ хэрэглэж л байдаг эд л дээ. Ялангуяа Ч.Баттуулынх шиг холбогдож буй гэмт хэргийнх нь үйлдэгдсэн цаг хугацаа тов тодорхой үед бол ховсдон яриулж нөхцөл байдлыг тодруулах нь мөн ч амархан байна даа.  
                                                                                                                                           2014.03.28 

Wednesday, March 19, 2014

Андад минь туслаарай, аз жаргал бэлэглээрэй

Сайхан мэдээ сонсов. Тэртээ баруун хязгаарт нэг ангид 8 жил цуг суралцсан анд минь эмчилгээнд орохоор болжээ.Түүнийг маань Содномын Баянмөнх гэдэг. Мөн ч сэргэлэн, эвтэй нөхөрсөг хүүхэдсэн. Гэтэл найм төгссөнийхөө дараахан мориноос унасны улмаас сонсголгүй болсон юм. Найз минь гучин жил сонсголгүй явсан. Чухам л ардаар яваад ч бараагүй, анагаахаар яваад ч бараагүй. Тэр минь хувь тавилантайгаа эвлэрч бусдын яриаг амных нь хайрцгаар уншиж, болохгүй бол бичгээр харьцдаг болсоор 30 жилийг үджээ. Гэхдээ би дүлий хүн гэж элгээ эвхэж суугаагүй, хувь заяанд гомдоллоогүй. Амраг ханьтай болж, алаг үрстэй болж, гал голомтоо бадрааж бусдаас дутуугүй аж төрөх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Манай ангийнхан найзаараа бахархдаг. Хаан тэвчээр, ноён нурууг нь бахдан хэлэлцдэг.
Гэтэл баярт мэдээ сонсогдлоо. Түүний сонсголыг эмчлэх эмч нар олджээ. Австралийн эмч нар 90 хувийн баталгаа амласан, хэзээ мөдгүй ирэх гэж байгаа гэнэ. Сайхан мэдээ... Гэхдээ эмчилгээнийх нь зардал чамгүй мөнгө гэнэ. Сайн санаат хүмүүс ээ, андад минь туслаарай. Гучин жил хорвоогийн авиа чимээг сонсоогүй андад минь өгсөн сэтгэлийн өглөг бол жинхэнэ буян болно шүү. Сайн сэтгэлт хүмүүн та доорхи холбоосоор нэг ороод үз дээ.
https://www.facebook.com/jargalbeleglene?fref=ts

Tuesday, August 06, 2013

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид: “Үзэсгэлэнт байгалиа мухар сүсгийн золиос болгомооргүй байна


        Далд үзэгдэл судлаач, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-ны орчмыг цэвэрлээд ирсэн билээ. Түүнийг бөө мөргөлийн чиглэлээр олон жил судалгааны ажил хийж явааг уншигч та мэдэж байгаа. Тэрээр гурван сард “Мөнх тэнгэрийн ухаан” лекцээ хүмүүст үнэ төлбөргүй уншиж, тэнд очсон олон хүнийг гэгээрүүлж, ухааруулж чадсан. Түүнтэй уулзаж цөөн хорол хөөрөлдсөн юм.

-Та сая хэсэг хүмүүсийн хамт “Ээж мод” яваад сайн дураараа цэвэрлээд ирсэн. Яагаад ийм ажил санаачлах болов ?

-Өнгөрсөн сард би “Амьд байгалиа хайрлая” нэртэй сайн санааны аяныг санаачилж байгаагаа зарласан. Энэ маань тохиолдлын хэрэг байсангүй. Манайхны байгаль дэлхийдээ хандах хандлага даанч хүйтэн хөндий, эзэн сэтгэлгүй байна. Ургаа модонд уясан хадаг яндар эцэст нь тэр модоо үхүүлж байна, энд тэнд хаясан хог хаягдал амьд байгалийг мөхөөж байна. Ялангуяа сүсэг бишрэлтэй холбоотойгоор орчноо бохирдуулж байгааг асуудалд олон нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг  ойлгосон учраас ийм санаачлага гаргасан юм. Жиргээчид, сэтгүүлчид, жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, лам бөө гээд нийгмийн бүхий л төлөөлөл үүнийг маань дэмжсэний үр дүнд өнгөрөгч бямба гарагт 50 гаруй хүн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг “Ээж мод”-ны орчмыг бүрэн биш ч боломжоороо цэвэрлээд ирсэн. Тэр хавийн мод болгоныг хадгаар багласан учраас хэдхэн жилийн дараа тэр үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ мөхөх аюул тулгараад байгаа юм. Бидэнд туслаж дэмжсэн, хамт явсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

-Монголчууд эрт дээрээс л хадаг яндрыг бурхантайгаа зэрэгцүүлж шүтсээр ирсэн. Тийм нандин зүйлийг хаа хамаагүй уяж зангидах нь зөв үү?

-Уг нь ч эдийн дээд хадаг л гэдэг байлаа. Сүүлийн үед хадагны үнэ цэнэ даанч их унасан. Булаг рашааны эх, бут сондуул, ургаа мод, унанги дархи, гүүрний хашлага, хашааны шон гээд хаа л бол хаана хадаг уяастай. Ингэж болохгүй гэдгийг учир мэдэх хөгшид, лам хуврагууд бүгд л хэлж байна. Мухар сүсэг газар авсан учраас даанч сонсож ухаарахгүй нь бололтой. Тийм болохоор л “Ээж мод”-ыг сонгож цэвэрлэсэн юм. Олон түмнийг сануулж сэрүүлэх гэсэн оролдлого л доо. 
-Эсэргүүцэх хүн олон байна уу?

-Байна аа, байна. Хүмүүсийн сүсэг бишрэлд ингэж халдаж болохгүй л гэнэ. Хэсэг хүний сүсэг бишрэлийг хүндэлж байгаа нь энэ гэж дураар нь дургиулаад үлдсэн хүмүүс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулаад, унаган байгалиа сүйтгүүлээд суух юм уу? Түүний оронд буруу гэдгийг нь хэлээд ойлгуулаад, нэгэнт тарьсан хогийг нь цэвэрлээд өгөх нь дээр биз дээ? Биднийг муу хэлэх яах вэ, иргэдийн маань ухамсар бага ч болов дээрдэж, ургаа модоо бага ч болов хайрладаг болвол том дэвшил.

-Ингэж хадаг уях ёс хэзээнээс дэлгэрчихэв ээ? Бөөгийн ёс уу, ламын ёс уу?

-Алиных нь ч ёс биш. Амьд байгалиа сүйтгэх ёс алинд нь ч байхгүй. Энэ бол манайхны мухар сүсгийн илэрхийлэл. Худлаа мэдэмхийрч, элдэв зан үйл бодож олон сүсэгтэн олныг мунхруулагчид, бусдын итгэл сэтгэлээр бизнес хийгчдийн л гай нь ийм гамшиг дагуулж байгаа юм.

-Модонд уясан хадгийг авч хаявал лус хилэгнэдэг гэх юм? Та айхгүй байна уу?

-Хүнээр зүйрлээд үзье. Мөч бүхнийг  нь хүлж баглаад үхүүлэх гэж байгаа хүнд баярлах уу, тэр хүлээсийг тайлж гарцаагүй үхлээс аварсан хүнд баярлах уу? Хүн амьдралдаа ядаж нэг мод тарих ёстой гэдэг дээ. Тэгвэл тарчилж буй модыг үхлийн савраас аврах ч бас буян л байж таарна даа. Зөв юм хийж байгаа болохоор юунаасаа айх билээ дээ. Хадам ээж минь ная гарсан хөгшин бий. Биднийг ийм ажил хийгээд ирснийг сонсоод “Хүүхэс минь буянтай сайхан ажил хийж” гээд уйлсан. Тэр сайхан сэтгэлээс илүү том шагнал гэж байхгүй. Би урамшсан, омогшсон.

-Хадаг уяад байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүст ингэх сэдлийг нь төрүүлээд байгаа тэр лам бөө, домч засалч хүмүүс хамгийн түрүүнд ухаараасай гэмээр байна. Аргаа бараад өөрт чинь хандан тусламж хүссэн нэгний гарт хадаг бариулаад ургаа мод руу явуулах нь “Чи сайн сайхан болохын тулд тэдний нялх балчир хүүхдийг боогоод алчих” гээд олс атгуулаад илгээхтэй агаар нэг. Ийм буян нүглийг ялгахгүй хүнд итгэх нь зөв үү,  буруу юу гэдгээ иргэд маань ч цаашид эргэцүүлж бодоорой.

-Бөө нар модон дунд хадгаар хүрээ татаад орхичихдог, түүнд нь хүмүүс халдаж хүрэхгүй юм. Энэ ер нь хэдийнээс улбаатай ёс вэ?

-Ямар юмных нь ёс байхав дээ. Сүүлийн үед бий болсон буруу үзэгдэл. Уг нь бөө нар хээр хөдөө бөөлөхдөө хүрээ татаж хамгаалалт тавьдаг ёс бол бий. Тэгэхдээ сүү, тариа будаа тойруулан цацаж хүрээ татлаа гэж домнодог, олс дээс, сур аргамжаар хүрээ тавиад үйлээ дуусмагц хураагаад авчихдаг, эсвэл чулуугаар хүрээ татдаг байсан байна. Яаж ч бодсон байгальд хоргүй байгаа биз дээ. Тэгж л хүрээ тавих гээд байгаа бол энэ уламжлалаа сэргээцгээ гэж хэлмээр байна.  

-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

- “Амьд байгалиа хайрлая” аяныг бүх нийтийн хөдөлгөөн болтол нь өргөжүүлэхийг хичээнэ. Ямар ч айл хэд хоноод орон гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Тэгвэл монголчууд бид ядаж хавар, намартаа ганц ганц удаа орон даяараа  ийм цэвэрлэгээ хийж, хог буртагнаасаа салдаг албан ёсны өдөртэй болчих юмсан. Тэгвэл мөн хэрэгтэй еэ.

-Таны хувьд байгаль эхээ хүн хайрлахын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. Байгаль дэлхий маань амьд шүү, бидний л адил зовдог энэлдэг, бас баярладаг талархдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн бол байгальд халтай алхам хийхгүй дээ. Байгалийн сайхныг мэдэрдэггүй, онгон дагшин байгалиараа бахархдаггүй, түүнийг үр хүүхэд хойч үедээ үлдээх ёстойгоо ойлгодоггүй хүмүүс л байгаль хамгаалах аяныг эсэргүүцэх байх.  

-Таны “Мөнх Тэнгэрийн Ухаан” лекцэнд суусан. Сонирхолтой, бас их мэдээлэлтэй лекц байсан. Ганцхан би гэхгүй тэнд очсон бүх хүн тэндээс их юм мэдэж, ухаарч авсан байх. Тэгэхээр сүүлийн үед олширсон энэ олон бөө нараас жинхэнэ, худлааг нь яаж ялгах вэ?

-Мөнх тэнгэрийн ухаан бол бөө мөргөлөөс хамаагүй өргөн ойлголт юм шүү гэдгийг эхлээд хэлье. Энэ бол монголчуудын амьдрахуйн ухаан, оршихуйн ухаан, ертөнцийн зүй тогтлыг ойлгож түүнд зохицон аж төрөхүйн ухаан. Харин бөө мөргөл бол түүний нэгээхэн хэсэг нь төдий.
Худал үнэн бөөг таньж ялгахад хэцүү нь үнэн. Гэхдээ тэдний үг хэл, үйлдэл, байр байц нь монголчуудын өнө эртнээс дагаж мөрдөж ирсэн хүнлэг байх, чин шударгуу байх, аливаа шунал тачаалыг хазаарлан барих, ам андгайдаа үнэнч байх, ёс бусыг хийхгүй байх бичигдээгүй хуулиас гажиж байвал хуурамч бөө гэсэн үг.    

-Миний асуугаагүй ч таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Үйлийн үрийн өр төлөөс хатууг монголчууд минь ухаараасай. Амьд байгалиа хайрлаж, өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан нутгаа хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн төлөө хүн бүр хичээхсэн гэж л уриалмаар байна.

Эх сурвалж:www.aravt.mn

Sunday, October 11, 2009

Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна

Б.Галаарид ("Гэрэлт Цалиг" сонин )
Хүн төрөлхтний түүхэнд агуу зохион бүтээгч гэдгээрээ мөнхөрсөн Томас Эдисон “Зохион бүтээхийн тулд бөөн хог, ургуулан бодох сайн чадвар хэрэгтэй” гэсэн байдаг. Бөөн хогноос өмнө нь хэзээ ч байгаагүй бүтээгдэхүүн, бүр бизнесийн бүхэл бүтэн салбар хүртэл бий болгож чаддаг нь түүний ургуулан бодох чадвартай салшгүй холбоотой байжээ. Харин өндөр технологийн эрин буюу энэ цаг үед бөөн хог хэрэггүй болж, бөөн санаа үнэд орж байна. Үүний бодит нотолгоо нь Forbes-ын гаргасан жагсаалт юм. Forbes тэрбумын орлого олсон 10 бүтээлийг нэрлэсний тав нь Америкт бүтээгджээ.

1. Мишель Ферреро, түүний гэр бүл. Европ. 10 тэрбум
Санаа: Шоколадыг өглөөний цайны бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд бутербродын зориулалттай тосыг шоколадтай болгох.
Феррерогийн гэр бүл Европын шоколад үйлдвэрлэгч томоохон нэгжийн нэг. Ferrero Rocher, Nutella, Tic Tac, Kinder Eggs тэдний брэндүүд.Бизнесээ Азид өргөжүүлж, ялангуяа Хятадын зах зээлд ихээхэн орон зай эзэлсэн.Мишель Ферреро Монте-Карлод, хөвгүүд нь Бельгид амьдардаг.

2. Брэд Хьюз. 5.3 тэрбум $
Санаа: Автозам дагууд хүссэн хүн тээш хадгалуулах автомат хадгаламжийн газар нээх.
Тээш хадгалах чиглэлээр үзүүлж буй үйлчилгээгээрээ Брэдийн Public Storage компани Америктаа хамгийн том. Тэднийх 2 мянган салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн нэгэн компанид топ менежерээр ажиллаж байхдаа энэ санааг анх олж, өөрийн бизнесээ эхлүүлжээ.

З.Лаурен Ральф. 5 тэрбум $
Санаа: жирийн поло цамцан дээр морины дүрстэй шошго нааж, 50 доллараар үнэлэн хэрхэн борлогдохыг нь үзэх.
Бронкст төрсөн Ральф Лаурен алдарт Polo-гоо үйлдвэрлэж эхлэхийн тулд 1967 онд анх 50 мянган доллар зээлжээ. 1994 онд өөрийн компанийн 20 хувийг Goldman Sachs фирмд 138 сая $-аар заржээ.

4. Жефф Бизос. 4,4 тэрбум $
Санаа: Номын дэлгүүр рүү явж цаг алддаг хүмүүсийн цагийг нь хэмнэхийн тулд интернэтээр зарах.
Дэлхийн хүчирхэг виртуаль дэлгүүр болох Amazon.com-ыг үндэслэв. Бизос Техас, Флоридад өссөн бөгөөд их сургууль дүүргээд Уолл-стрийтэд ажиллаж байв. Тэгээд гучин насандаа амьдралын том эргэлт хийхээр зориглон интернетээр ном зарж эхэлжээ. Анхны оффис нь Сиэтлийн нэгэн гарааж байв. Жефф 1997 онд тэрбумтан болжээ.

5. Тай Уорнер. 4,5 тэрбум $
Санаа: Энхрий сайхан нэртэй бяцхан зөөлхөн хулганан тоглоомыг цуглуулгын үнэт зүйл болгохын тулд маш цөөхнөөр үйлдвэрлэх.
Уорнер Бинни нэрт хулганыг үйлдвэрлэж, хүү нь энэхүү зөөлөн тоглоомыг зарахын тулд сургуулиа хаяжээ. Бинни хулгана 1986 онд гарч ирэнгүүтээ адил төстэй бүтээгдэхүүнүүд дундаа тэргүүлж эхэлжээ.Уорнер тэндээс олсон ашгаа үл хөдлөх хөрөнгө болгож, Нью-Йоркийн хамгийн үнэтэй, нэг өрөө нь хоногийн 30 мянган долларын зочид буудлыг бариулжээ.

6. Калео Ювидиха, Тайланд, 3.1 тэрбум $. Дитрих Матешиц, Австри. 3,1 тэрбум $
Санаа: Тамирчид, шөнийн амьдралд дурлагсдад зориулжсахар-кофейноор В витаминаар баялаг, эрч хүч нэмдэг ундаа хийж зарах.
Ювидиха, Матешиц хоёр Red Bull-ээ байгуулж, спортоор хичээллэж, идэвхтэй амьдралаар амьдрагч залууст зориулсан энергийн ундаа хийж эхлэв. Энэ ундааны жилийн борлуулалт 3.4 тэрбум $-т хүрсэн байна. Энэ брэндийг хоёул 49:49 хувиар эзэмшдэг. Уралдааны "Формула 1", хөл бөмбөгийн Red Bull Salzburg , мөн New York Red Bulls гэсэн хоёр багийн эзэд. Ювидиха нь хувийн тай эмнэлгийн сүлжээтэй. Мөн Тайландад энергийн ундаа үйлдвэрлэгч, 170 сая долларын өртөгтэй TC Pharmaceuticals компанитай. Матешиц нь агаарын тээвэртэй холбоотой бизнес төслүүд хэрэгжүүлдэг.

7. Марио Моретти Полигатто. Итали. 3 тэрбум $
Санаа: хүмүүсийн хөлийг хуурай, шивэргүй байлгах зорилго бүхий бяцхан нүхнүүдтэй өсгий бүхий гутал үйлдвэрлэх.
Geox shoes компанийг үндэслэгч. 1994 онп Невадад ууланд авирч явахдаа “амьсгалдаг” гутал хийх санаагаа олжээ. Тэр үед маш халуун байсан болохоор хөл нь их хөлөрч, кроссовканыхаа уланд нүх гаргахад хүрсэн байна. . Тэгээд санаагаа Nike-д зарах гэсэн боловч тэд төслийг нь тоож харсангүй.
Өдгөө Мариогийн өөрийнх нь фирм жилд 16 сая хос гутал борлуулж байна. Ромын пап хүртэл түүний үйлчлүүлэгч.
Тэрээр үнэтэй машин, араб адуу, хуучин мотоцикль зэргийг сонирхон цуглуулж, чөлөөт цагаараа нүдний шил засах хообийтой.

8. Жеймс Дайсон. Англи. 1,6 тэрбум $
Санаа: Тоосыг 320 км/цаг, түүнээс дээш хурдтайгаар сорох, тоосоо гадагш алддаггүй тоос сорогч бүтээх.
1993 онд Англид анх танилцуулсан тоос сорогчоо 5127 удаа хийж үзэж байж бий болгожээ. Дайсоны DC12 загварын тоос сорогч хамгийн сайн тоос сорогчтой гэгддэг Японы зах зээлд хүч түрэн орж, Sharp, Sanyo-г нь борлуулалтаараа гүйцээд байна.
9. Ханс ба Поль Райгели, ХБНГУ. 1,5 тэрбум $ (тус бүр)
Санаа: Амтлаг, янз бүрийн хэлбэртэй зажилдаг чихэр хийх.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ах дүү хоёр гэр бүлийнхээ чихрийн үйлдвэоийг дахин сэргээсэн байна. Одоо тэдний хүүхдүүдийн жилийн эргэлт нь 2 тэрбум $ болоод байгаа юм. Чихрийн төрөл зүйлийг ихэвчлэн Ханс бодож олдог. Тэрээр комикс ном уншиж, хүүхэлдэйн кино үзсэнийхээ дараа ихэвчлэн шинэ санаа бодож олдог.

10. Говард Шульц, 1,1 тэрбум $
Санаа:Америкийн өнцөг булан бүрт кофены дэлгүүр ажиллуулах
Кофейны хаан, Starbucks сүлжээний эзэн Шульц Бруклинд өсч, , Умард Мичиганы их сургуульд сурсан. Нью-Йорк анх ирээд шведийн аяга, сав суулга зардаг байжээ. Италид жуулчилж явахдаа экспрессо зардаг бар нээх хүсэлд автсан ч боссууд нь “Үгүй” гэсэн хариу өгчээ. Тэрээр 1985 онд өөрөө уг бизнесийг эхлэхээр зориглож, 1992 онд өөрийн компанийн үнэт цаасыг нийтэд худалдаалж эхлэв. Өнөөдөр түүний 12 мянган цэгээр долоо хоногт 40 сая америк хүн үйлчлүүлж байна.

Wednesday, December 13, 2006

Өвгөд минь, хөгшид минь

Алтайн хөх салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг, говийн халуун наранд шаруулж нэг, төөнүүлж нэг үзсээр хатсан үдээр шиг болсон цэлдэн хөх банди их уулсын ирмэг хурц чулуун дунд эвэршиж хатуурсан нүцгэн хөлийнхөө тавхайг гялалзуулан дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар... Цагийн ихэнхийг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан туранхай хөх өвгөд ороод гарах, зөрөөд өнгөрөхдөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс л он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам ойртон тодорно. Хэлсэн эзэд нь орчлонгийн жамаар их уулсын зэрэглээ тонгочих бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ? Гэтэл арван жил, их сургуулийн танхимд эрдэм ухааны сор болсон ачит олон багш нараараа заалгасан бүхэн маань сэтгэлд ийн гүн бат хоногшоогүй, орхигдон мартагдаж шигшигдэн цөөрсөөр байдаг нь бас юуных вэ? Гучин таван үсэг танихтай үгүйтэй, гурван үгтэй өгүүлбэр бичихтэй үгүйтэй тэр өвгөд цөлх ухаанаа цөөн үгэнд шингээгээд өнөө эс гэхэд маргааш энэ хүүд хэрэг болно хэмээн зөв амьдрах, хүн байхын утга учрыг энгийнээс энгийнээр хэлж өгсөн нь тэр байж. Залуу насны оргилуун дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн хатуу зөөлөн, хар цагааныг эс ялган, хожим ирэх харуусал ухаарлыг эс мэдрэн жад шиг хурц, туг шиг босоо явах үедээ тэдний холч ухааныг олж анзаараагүй юмсанж. Ийнхүү галтай дөлтэй, эрчтэй хурдтай хэсэг явсны эцэст нэгтээ амсхийн өнгөрснөө эргэцүүлэхүй алдсан гэнэдсэн бүхэн минь нутгийн хөх өвгөдийн аядуу намуун өгүүлсэн энгийн хэдэн үгийг эс ухаарсны гор байх ажгуу. Буурлаас үг сонс гэж зүгээр ч нэг хэлчихээгүйг хүн бүр ухаарч өвгөд хөгшдийнхөө сургаал захиасыг байн байн эргэцүүлж байваас хожмын өдөр өөрийгөө яллахгүйсэн буюу.