Wednesday, December 13, 2006
Өвгөд минь, хөгшид минь
Алтайн хөх салхинд илбүүлж нэг, шавхуурдуулж нэг, говийн халуун наранд шаруулж нэг, төөнүүлж нэг үзсээр хатсан үдээр шиг болсон цэлдэн хөх банди их уулсын ирмэг хурц чулуун дунд эвэршиж хатуурсан нүцгэн хөлийнхөө тавхайг гялалзуулан дэгддэг байсан он жилүүд улам бүр алсалсаар... Цагийн ихэнхийг нар салхи, цас бороон дор үдсээр зүс нь гундаж, дээл нь гандсан туранхай хөх өвгөд ороод гарах, зөрөөд өнгөрөхдөө сургах сануулахын завсар хэлсэн хармын хэдэн үгс л он цаг улирахын хэрээр холдон одох биш, бодол сэтгэлд улам ойртон тодорно. Хэлсэн эзэд нь орчлонгийн жамаар их уулсын зэрэглээ тонгочих бэл хормойн наран ээвэр хөрснөө аль эрт шингэсэн атал ийн улам бүр тодрохын чухам учир юусан билээ? Гэтэл арван жил, их сургуулийн танхимд эрдэм ухааны сор болсон ачит олон багш нараараа заалгасан бүхэн маань сэтгэлд ийн гүн бат хоногшоогүй, орхигдон мартагдаж шигшигдэн цөөрсөөр байдаг нь бас юуных вэ? Гучин таван үсэг танихтай үгүйтэй, гурван үгтэй өгүүлбэр бичихтэй үгүйтэй тэр өвгөд цөлх ухаанаа цөөн үгэнд шингээгээд өнөө эс гэхэд маргааш энэ хүүд хэрэг болно хэмээн зөв амьдрах, хүн байхын утга учрыг энгийнээс энгийнээр хэлж өгсөн нь тэр байж. Залуу насны оргилуун дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн хатуу зөөлөн, хар цагааныг эс ялган, хожим ирэх харуусал ухаарлыг эс мэдрэн жад шиг хурц, туг шиг босоо явах үедээ тэдний холч ухааныг олж анзаараагүй юмсанж. Ийнхүү галтай дөлтэй, эрчтэй хурдтай хэсэг явсны эцэст нэгтээ амсхийн өнгөрснөө эргэцүүлэхүй алдсан гэнэдсэн бүхэн минь нутгийн хөх өвгөдийн аядуу намуун өгүүлсэн энгийн хэдэн үгийг эс ухаарсны гор байх ажгуу. Буурлаас үг сонс гэж зүгээр ч нэг хэлчихээгүйг хүн бүр ухаарч өвгөд хөгшдийнхөө сургаал захиасыг байн байн эргэцүүлж байваас хожмын өдөр өөрийгөө яллахгүйсэн буюу.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Сайн байна уу. Санал асуулгад маань идэвхтэй оролцсонд их баярлалаа. Дүнг гаргачихсан шүү. Та Топ 10-н 9-рт орсон. Баяр хүргье.
Ай даа, тос даасан бор хурууд шиг өвгөдийн минь дүр сэтгэлд тодорч шүүрс алдлаа. Шаргын хоолойг элсэн шуурганаар туулах гэж тэмээний зогдорт нүүрээ наан нүдэндээ элс оруулчихгүй сэм сэм өвөөг харахад юуг ажирахгүй яваа нь сэтгэлд торов.
saihan tsegtstei bas mongol heliig vneheer zub bas taashaal abmaar heregleh um' ta.
Zarim blogch nertei nohoin baas shig um bichdeg ulsiig bodohoor uur hvreed bh um. Ted abiyasgvin deer MGL heliig burtaglaj buzarlaj baigaad haramsch bna.Ugaas zub bichgiin dvrem meddeggvi; vgiin uurhaigvi hvmvvs blogdoo bolimoor um. Ydaj baihad jijig uls jijighen um bichij tsagaa barah um.
Post a Comment