Wednesday, January 19, 2011

Ирээдүй цаг руу аялах боломж


Б.Галаарид (Сэтгүүлч, зохиолч, далд үзэгдэл судлаач)

Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь ховсын тусламжтайгаар хүмүүсийг регресс хийж өнгөрсөн цаг руу аялуулсан талаар би өмнө нь бичиж байсан1. Тэгвэл энэ удаад прогресс буюу ирээдүй цаг руу аялуулсан талаар нь өгүүлье. Чингэхийн өмнө прогресс гэж юу болох талаар тодруулга хийх нь зүйтэй санагдана.

Хүн төрөлхтний мөнхийн мөрөөдлийн нэг нь ирээдүй цаг руу хийх аялал гэж хэлж болно. Уг нь хүмүүн төрөлтүүд оюун ухааны онцгой чадвараа алдаагүй байсан тэр цаг үед өнгөрсөн, ирээдүй рүү аялах нь тийм ч гайхалтай зүйл байгаагүй бололтой. Харин хүмүүн төрөлхтөн оюунлаг чанараа гээж, онцгой мэдрэмжээ алдах нь нийтлэг болсноос хойш ингэж аялах, өнгөрсөн ирээдүйг үзмэрчлэх боломж гагцхүү дээд хүчний ивээлээр уугуул чадвараа авч төрсөн цөөн хэдхэн далдыг харагч, гоц чадвартнуудад заяадаг болсон бөгөөд үлдсэн хэсэг нь тэдэнд үргэлж сайн сайхнаар хандаж байсан гэвэл худал болно. Тэднийг муу ёртон, нүгэлтэн гэж үзэж жигшиж цэрвэх, дөлж тойрох төдийгүй алж шатаах ч энүүхэнд байв.

Шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр хүмүүсийн санаархал ч цадигаа алдаж, болж өгвөл цаг хугаааны дундуур аялдаг унаа бүтээчих санаатан олон гарсан ч харамсалтай нь энэхүү санаа одоогоор уран сайхны ном зохиол, жүжиг кино тэргүүтэнд л биеллээ олсон болохоос бодит амьдрал дээр нэг ч алхам ахиж чадсангүй гэчихвэл хилсдүүлсэн болохгүй байх. Өнөө цагт хиймэл ой ухаан бий болгох, хиймэл тархи бүтээх асуудал тийм ч гайхмаар зүйл биш. Харин тэрхүү хиймэл тархи нь Нострадамус, Иерусалимын Иоханн шиг ирээдүй цагийн хэдэн мянганыг тольдон өгүүлж эхэлбэл гайхамшиг болох юм.

Ирээдүй судлаачид болохоор баримт факт, үйл явдлыг харьцуулж таамаглах замаар ойрын ирээдүйн ерөнхий төлвийг зураглаж чадаж байгаа ч энэ нь далд мэдрэхүйн тусламжтайгаар олж авдаг мэдлэгийн дэргэд “ичмээр дамшиг” л даа.

Харин прогресс хийх арга бол өөр. Америкийн эмчилгээний ховсны нийгэмлэгт ховсын арга техникийг судалдаг доктор Брюс Голдберг (Bruce Goldberg)2 регрессийн том мэргэжилтэн бөгөөд 1977 онд нэгэн эмэгтэйн амьдрал тэгшрэхгүй байгаагийн учир шалтгааныг өнгөрсөн амьдралаас нь эрэхээр ховсонд оруултал бүсгүй өнгөрсөн цаг руу биш, харин ирээдүй рүү зорчсон байна. Санамсаргүй энэ тохиолдол прогресс хэмээх шинэ салбарын эхлэлийг тавьж өгчээ. Брюс Голдберг тэр цагаас хойш хорин жилийн дотор 5000 гаруй хүнийг прогресст оруулж, энэ салбарыг бодит туршлага дээр үндэслэн бий болгож чадсан байдаг. Тэрээр “Би өөрийнхөө “Өнгөрсөн амьдрал-ирээдүйн амьдрал” (1988) номондоо телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг эрд тохиолдсон явдлыг дүрслэн бичсэн билээ. Тэр ирээдүй рүү нэвтэрсэн, үүнийг нь баримтаар баталсан нотолгоо байгаа юм. Түүнээс гадна миний олон үйлчлүүлэгч прогресст орох үеийн ирээдүйн дүр зургууд хожим нь бодит байдалтай яв цав таарсан гэж мэдээлцгээх нь элбэг байдаг.

Би энэ амьдралын цаг хугацаан дотор ирээдүй рүү шилжихийг зураглан бичихдээ “энэ насны прогресс” гэдэг нэр хэрэглэдэг. Харин ” Ирээдүйн амьдрал руу прогресс хийнэ” гэдэг нь бид өөр физик биетэй байх ирээдүйн тусгай амьдрал руу цаг хугацаан дундуур шилжинэ гэсэн үг. Эхнийх нь хоёр дахиасаа ялгарах гол ялгаа нь ирээдүйн амьдралын прогресс нь насны прогрессыг бодвол хавьгүй тогтвор муутай. Энэ насны регресст орох үед ховсдуулагч хүн тохиолдож буй үйл явдлыг ёс мэт дэс дараатай, эмх замбараатай ярьдаг. Харин ирээдүйн амьдрал руу прогресс хийх үед ирээдүйн үйл явдлууд үйлчлүүлэгчийн нүдний өмнө нэгээс нөгөө рүү нэлээд эмх замбараагүй үсчсэн байдалтайгаар үзэгддэг”3 гэж прогрессын талаар бичсэн байна.

Ирээдүй, эсвэл өнгөрсөн цаг руу аялах аялал нь хувь хүн болгоны далд ухамсарт хадгалагдаж байдаг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн амьдралын тухай мэдээлэлд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл ховсын тусламжтайгаар тухайн хүний далд ухамсарт нэвтэрч өнгөрсөн, ирээдүйг нь кино зураг мэт харуулна гэсэн үг.

Хоёр төрлийн прогрессын аль алиных нь хувьд ховсдолтын зарчим адилхан гэж хэлж болно. Ховсдогч нь тухайн хүнийг трансад оруулахдаа их хэмжээний цагаан гэрлэн бүрхүүлээр өөрийгөө нөмрөн хамгаалж байна хэмээн эхний ээлжинд итгүүлдэг. Дараа нь түүнийг дуу хоолойгоороо удирдан нэгэн зүйл хоолой руу оруулна. Энэхүү хоолой нь төгсгөлдөө хоёр салаалж, нэг нь ирээдүй, нөгөө нь өнгөрсөн цаг руу орох хаалга болж өгнө.

Ховсдогч тодорхой тоог өсөх дарааллаар тоолж ирээдүй цагаар үйлчлүүлэгчээ аялуулаад, мөнөөх тоогоо буурсан дарааллаар тоолон ирээдүйгээс эргүүлэн гаргадаг.

Ховсдуулагч ирээдүйн чухам хэддүгээр онд яг хаана, юу хийж буй, хэн болохоо тодорхой мэдэж ярьж чадна.

Далд үзэгдэл судлаач Д.Батсуурь 2001 оны есдүгээр сарын 01-нд 19 настай Ойнбаяр гэгч эмэгтэйг прогресст оруулж үзсэн нь судлаачийн хувьд тэрээр хүнийг ирээдүй рүү хөтлөн зорчуулсан анхны тохиолдол байлаа. Ховсдуулагч Ойнбаяр тэр үед нэгэн дээд сургуулийн оюутан болж хөдөөнөөс ирээд байсан бөгөөд энэ сургуулиа төгсөөд нэг жил үргэлжлүүлэн сурна, 32 насандаа гурван ам бүлтэй айл болсон байна, 35 насандаа 450 мянган төгрөгийн цалин авна, Улаанбаатар хотод амьдарна, эрдмийн ажил хийнэ, 2 дүү нь дээд сургууль төгсөнө гэдэг мэдээлэл авснаа тэр үед хэлж байжээ.

2011 он гараад, өөрөөр хэлбэл прогресст оруулснаас арван жилийн дараа Ойнбаярын тэр үед хэлснийг одоогийн бодит байдалтай харьцуулж үзэхэд дараах байдалтай байна. Тэрээр сургуулиа төгсөөд нэг жил үргэлжлүүлэн сурсан, одоо нөхөр хүүхдийн хамт гурвуул Улаанбаатар хотноо аж төрдөг, өнгөрсөн жил докторантурт элсэх боломж гарсан ч төлбөрийн асуудлаас болоод хараахан сураагүй байгаа, хоёр дүүгийн нэг нь энэ жил дээд сургууль төгсөнө, нөгөө нь одоо хоёрдугаар дамжаанд сурч байгаа аж. Ойнбаяр өөрөө нэгэн улсын байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллаж, сардаа 450 төгрөгийн цалин авдаг байна. 2001 онд 450 мянган төгрөгийн цалин гэдэг санаанд багтамгүй их мөнгө байсан болохоор эргэлзээ төрүүлж, тэнд байсан хүмүүс ямар их мөнгө вэ хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ойнбаярын хувьд ирээдүйн нөхрийнх нь нэр л зөрж, бусад бүх зүйл нь биеллээ олжээ.

Судлаач Д.Батсуурь 2011 оны нэгдүгээр сарын 9-нд 19 настай Бямбахишиг гэдэг эмэгтэйг прогресст оруулахад “2016 онд гадаадын нэг оронд нөхөр, хүүхэд, найз нарын хамт явж байна. Нөхөртэй, нэг хүүтэй болсон байна. Америкийн туг харагдаж байна” гэснээ дараагийн үйл явдал нь болохоор “2020 он байна. Би Монголдоо, Улаанбаатарт байна. Шинэ гурван өрөө байр авчээ. Хоёр хүүхэдтэй болсон байна. Хоёр дахь нь охин юм. Би өөрөө улсын нэг байгууллагад ажиллаж байна. Орчин нь нэг их сайхан биш юм. Нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Энэ мэтээр нэлээд олон удаагийн сеансыг судлаач Д.Батсуурь удирдаад байгаа, гагцхүү тэнд яригдсан зүйлс цаг хугацааны явцад хэдэн хувийн биелэлттэй байхыг хүлээж байна. Тэгэхдээ Д.Батсуурь дандаа “Энэ насны прогресс” хийсэн бөгөөд “Ирээдүйн амьдралын прогресс”-ыг хараахан хийж үзээгүй байна. Тэрээр өнгөрсөн цаг руу ч, ирээдүй рүү ч аялуулахдаа зөвхөн мэдээлэл авч байгаа болохоос тэнд ямар нэг засал, засвар хийгээгүй байна. Ер нь бол далд үзэгдэл судлаачид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэгэн цэгт оршдог гэсэн дүгнэлтийг сүүлийн үед хийх болсон. Хүний өнгөрсөн цаг руу аялж аль нэг үе дээр нь үүссэн үйлийн үрийн зангилааг тайлах, ирээдүй рүү нь нэвтэрч мөн адил үйлдэх нь өнөөдөр гоц чадвартнуудын хийж чаддаг ажлын нэг юм.

Хүний амьдралын өнгөрсөн цаг ч, ирээдүй цаг ч ганцхан зам буюу хувь тавилантай байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн мөчид хүн олон зам, олон боломжит хувилбарын аль нэгийг сонгодог бөгөөд тэр нь хэрвээ буруу байвал үр дагавар нь аль нэг насны амьдралд, эсвэл ирээдүйн бүх үеийн амьдралд нөлөөлдөг. Гоц чадвартнууд регресс, прогрессын тусламжтайгаар тухайн хүнийг алдаа гарсан, эсвэл ирээдүйд гарах тэр цаг хугацаанд нь аваачин тэрхүү алдааг зассанаар хүний одоо, ирээдүйн амьдрал илүү сайн замаар явах боломжтой болдог.

Доктор Брюс Голдбергийн үзэж буйгаар бол хүний амьдралын ирээдүйд үндсэн таван чиглэл байдаг аж4. Өөрөөр хэлбэл хүн таван янзын ирээдүйгээс нэгийг нь сонгох боломжтой байдаг гэнэ. Алийг нь сонгосноос ямар амьдрах нь хамаарна. Доктор Голдбергийн номноос жишээ авъя.

1984 онд Пит гэдэг сэтгэлзүйч түүнтэй утсаар ярьж, гараа байн байн угаах хүслээс нь салгаж өгөөч гэж хүсчээ. Тэрээр бохир муухайгаас тамтаггүй айдаг, өдөрт гараа мянгантаа угааж, хувцсаа хэдэнтээ сольдог гаж гэмээр зуршилтай юмсанж. Түүнээс гадна 8-ын тоо насан туршдаа түүнтэй холбоотой, утасны дугаар авсан ч наймын тоотой, аливаа үйл явдлууд нь ч наймдугаар сар, эсвэл ямар нэгэн наймтай холбогддог байж. Мөн Тереза гэдэг нэр үргэлж дагана. Сэтгэлзүйч хүний хувьд тэрээр өөрийнхөө байдлыг нухацтай, тэгээд ч энгийн логикоор тайлбарлахын аргагүй гэдгийг мэдэж байсан учраас доктор Голдбергт ханджээ.

Доктор Голдберг энэ бүхний учир шалтгааныг өнгөрсөн цагаас олоогүй учир ирээдүйг нь шинжилжээ. Гэтэл ноён Пит 2074 онд Оклахома мужийн Тулса хотод Бэн Кэнсли нэртэйгээр амьдарч байх аж. Тэрээр атомын эрчим хүчийг илүү үр дүнтэй ашиглах, цөмийн шаарыг илүү аюулгүй устгах талаар судалгаа хийдэг нэгэн хүрээлэнгийн Тэрэз-Альфа нэртэй тасгийг удирдаж байна. Тэрээр цаашаагаа 2088 он руу шилжлээ. Тэр буруу тооцоо гаргасны улмаас цөмийн түлш алдагдаж, цацраг идэвхт бодис тархжээ. Бэн 2088 оны наймдугаар сард нас барлаа.

Пит гараа их угаадаг, наймын тоотой холбоотой, Тереза гэдэг нэр түүнийг үргэлж мөрддөгийн учир нь ийнхүү ирээдүй цагт байж. Доктор Голдберг ирээдүйн таван хувилбарын хамгийн муу хувилбараас нь түүнийг татгалзуулж, үлдсэн дөрвөөс хамгийн боломжтой гэснийг нь сонгуулан тэр нь бодитой байхаар хөтөлбөрчилж өгсөн байна. Тэгэхдээ түүнийг дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо инженер биш, харин цөмийн физикч мэргэжлийг сонгохоор болгосноор ирээдүйг нь засч чадсан байна. Тэгээд дахин 2088 онд очуулж үзэхэд тэрээр Тэрэзэ-Альфа тасагтаа ажиллах бөгөөд тэдний хийсэн туршилт амжилттай болж өнгөрсөн дүр зураг харагджээ. Үүнээс хойш Пит 8-ын тоо, мөн Тереза нэрнээс айхаа больсон байна.

Энэ жишээ бол хүний ирээдүй энэ цаг дээр байдгийн нотолгоо гэж хэлж болно. Өнгөрсөн цагийн тухайд ч бас нэгэн адил. Гагцхүү түүнийг зөв олж харж, хэрвээ тэнд ямар нэгэн алдаа байвал сонголтоо зөв хийх ёстой болж байна.

1. Б.Галаарид “Өнгөрсөн цаг руу аялж, урьд төрлөө мэдэх нь тийм ч хэцүү биш”. “Гэрэлт Цалиг” сонин. 2009. №4.

2. www.drbrucegoldberg.com

3. Брюс Голдберг. “Гипноз третьего тысячилетия”. Санкт-Петербург., 2004. 153-р тал.

4. Мөн тэнд.

2010.01.14.

Эх сурвалж: “Гэрэлт Цалиг” №02(77)

9 comments:

Toshiloo said...

маш гайхалтай

naraa said...

Ёстой гайхмаар юмаа. Ховсонд оруулж өнгөрсөн рүү нь л очуулж болдог гэж боддог байсан чинь бас ирээдүй рүү аялж болдог байх нь ээ. Бүр тэгээд Монголд тийм зүйл болж байна гэхээр үнэхээр гайхалтай санагдаж байна. Хамгийн сүүлийн туршилт нь саяхан хэдхэн хоногийн өмнө хийгдсэн байна шүү дээ. Тэр Батсуурь гэдэг хүнд нэг юм захимаар байх юм. Дараагийн удаа ирээдүй рүү нь хэн нэгнийг аялуулахдаа Улаанбаатар утаагүй болж уу үгүй юу асуугаадхаарай. Тэр л хамгийн чухал байна. Энэ утаа хэдэн ч хүний ирээдүйд нөлөөлж байгаа юм билээ бид мэдэхгүй шүү дээ.

Anonymous said...

Оросууд бас ховсдох дамжаа их ажиллуулж, бас итгүүлэх ховсдох аргаар нүдээ аниад унших, сохор хүнийг дүрс харуулж, уншуулж байгаа гээд байсан.

Anonymous said...

сайн байна уу? Энэ Батсуурь гэж хүнийг яаж олох вэ? та туслаач. хариу хүлээе.

Алтанхүү said...

Ирээдүй цаг руу нэг талын бодит аялал хийх боломжийг аль хэдийн нээчихсэн шүү дээ Эйнштейний харьцангуйн тусгай онолын мөрдлөгүүд

Anonymous said...

Батсуурь гэдэг хүнтэй нь уулзаж болох болов уу. Туршилтанд нь оролцох гэсэн юм. Амидаа нь байна.

Mendee said...

Шимтэж уншлаа. Нээрээ ирээдүй рүү аялаад 20 жилийн дараах амьдралаа урьдчилаад нэг мэдчих юм сан

Anonymous said...

http://www.litru.ru/bd/?b=10264

Sodnom Jargal said...

Сайн байна уу. Би өөрийгөө итгүүлж ховсдуулах гэсэн юмаа. Яаж холбоо барих вэ?