Thursday, January 13, 2011

Монголын төр бурханы шашныг хэлмэгдүүлсэн хэвээр байна

“Төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлнэ”. Төр шашны асуудлыг ардчилсан Монгол Улс Үндсэн хуулиараа ингэж зохицуулсан. Иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөг хязгаарлахгүй байх нь ч төрийн үүрэг болсон.

Шинэ үндсэн хууль батлахдаа шашны асуудлыг хэдийгээр ингэж зөв зүйтэй шийдсэн ч түүхэн үйл явдлуудын учир шалтгааныг нухацтай авч үзээгүйн улмаас монголчуудын олонхийн шүтлэг Бурханы шашныг төр зарим утгаараа “хэлмэгдүүлсэн хэвээр байгаа” гэж хэлж болно.

Яагаад гэвэл төр шашныг тусгаарлахдаа Монголын бурханы шашинтнуудын гол билэгдэл соёмбыг нь буцааж өгөөгүй билээ. Үүний цаана олон асуудлын зангилаа байгааг тухайн үед анзаараагүй бололтой. Тодруулан өгүүлье.

Өндөр гэгээн Занабазар 1686 онд соёмбо үсгийг зохиосон. Эртний энэтхэгийн судрын хэлээр бол “өөрөө тодорсон” гэх утга агуулдаг гэх соёмбо үсгийг анхдугаар Богд шашны ном судрын бичгийг төрийн монгол бичгээс ангид байлгах зорилгоор зохиосон бололтой. Ийм жишиг олон оронд байжээ. Тухайлбал, Оросын эзэн хаан гэхэд л төрийн бичиг хэрэг, шашны ном судар, жирийн иргэдийн хэрэглэх бичиг үсгийг зарлигаар ялган тогтоож байсан удаатай. Соёмбо үсэг шашны ном сударт ч түгээмэл хэрэглээ болж чадсангүй. Гэхдээ толгой буюу титэм үсэг нь ном судрын эх, сүм хийдийн барилгын чимэглэлд хэрэглэгдсээр хорьдугаар зуунтай золгожээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол улс Манжийн дарлалаас салж, тусгаар улс болсноо зарлахдаа соёмбыг төрийн сүлд болгов. Хэдэн мянганы түүхтэй Монголын төр соёмбо үсгийг сүлдээ болгосон түүх энэ өдрөөс эхлэв.

Ингэхэд яагаад заавал соёмбо үсгийг төрийн сүлд болгоход хүрэв гэсэн асуулт гарч ирнэ. Соёмбо үсгийг Монголын бурханы шашны анхдугаар Богд өөрөө зохиож, толгой үсгийг нь гарын тамгаа (бирга) болгон ашигладаг байв. Түүний наймдахь дүрийг тусгаар тогтнолоо дахин олсон Монгол улсын хаанаар залж, шашин төрийг хослуулан бариулах болсон нь үүнд хамгийн ихээр нөлөөлжээ. Наймдугаар Богдын зарлигаар цагаан лянхуа цэцэгнээ суурилуулсан соёмбыг төрийн сүлд болголоо. “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга”-ны бичээсийг монгол, дөрвөлжин, соёмбо үсгээр сийлэв. Нэгэнт төрийн хэрэг шийдэгч хаан тул төрийн монгол бичгээр, шашны тэргүүн тул анхдугаар дүрийнхээ зохиосон соёмбо үсгээр, мөн шашин төрийг хослуулан баригч тул хос ёсны үндсийг тавигч Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгээр ийнхүү тамгаа сийлжээ.

1911 онд тусгаар тогтнолоо зарласан Монголын төр яалтгүй шарын шашныг өөрөөсөө өндөрт тавьсан төр байлаа. Тийм ч учраас төрийн далбааныхаа голд мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр соёмбо тэмдгийг байрлуулж, тугны гурван хэлэн дээр “Ум”, “Аа”, “Хум” гэж бичиж, монгол, түвд, ланз үсэг ихээр хэрэглэсэн байна. Мөн төрийн далбааг төрийн үйлээс гадна Майдар залах зэрэг шашны томоохон үйлүүдийн үеэр хийсгэх зарлигтай байв. Шашны хутагт хувилгаад, сүм хийдийн газар ч мөн адил хийсгэх үүрэгтэй байжээ.

Соёмбо монгол төрийн билэгдэл болсон нь наймдугаар Богд Монголын хаан болсонтой холбоотой нь ийнхүү тов тодорхой байна. Тэгэхээр “алтан соёмбот төр”-ийн түүх ердөө л нэг зуун жилийн настай. Харин соёмбо үсгэн биргаараа шашны үйлээ батламжилж явсан Өндөр гэгээний түүх бол хэдэн зууны настай.

Богдтой холбоотой бас нэг асуудлыг энд сөхөх хэрэгтэй болох нь. Богд Жавзандамбын хувилсан дүрүүд нь Монголын бурханы шашны үе үеийн тэргүүнүүд юм. Амьд бурхан Богд Жавзандамба , Ванчинбогд, Далай лам нар хэн нэг нь илүүрхдэггүй, эн тэнцүү зэрэг зиндаатай бөгөөд тус тусын газраа шажин номын үйлээ толгойлон суудаг байжээ. Тийм учраас өөр өөрийн эзэмшил газраас тодорсон хутагт хувилгаадуудаа өөрсдөө л батламжилдаг, харин хэн нэг нь жанч халвал дараа дүрийг нь нөгөө хоёр нь батламжилдаг байж.

1924 онд Монголын Засгийн газрын тогтоол гарч Монголд хутагт хувилгаад тодруулахыг албан ёсоор хориглосон байдаг. Өнөөдөр энэ тогтоолыг хүчингүй болгоогүй. Тэгэхээр хууль ёсоор үйлчилж байгаа гэсэн үг. Энд тэндээс хутагт хувилгаад тодруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн үг. Монголын бурханы шашинтнууд тэргүүнээ тодруулах, залах асуудал төрийн зүгээс хаалттай байгаа гэсэн үг.

Бурханы шашны тэргүүн Богдоо тодруулах, залах эрх нь хаалттай, зарлиг айлдвараа батламжилдаг мутрын тэмдгийг нь төр өөрийн дураар хэрэглээд байгааг л би хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна гэж хэлсэн юм.

Төр нь төрөөрөө, шашин нь шашнаараа, түүх нь түүхээрээ байвал сайнсан.

Урианхан Б.Галаарид 2010.XII.23

Жич: Энэхүү бичвэрийг "Лам нарын сэтгүүл"-ийн 2010 оны 12 дугаар сарын №4-т нийтэлжээ. Дашрамд хэлэхэд тун сайн сэтгүүл байна лээ шүү. А4-ийн 199 нүүртэй, материал нь их чамбай сэтгүүл гардаг юм байна.

5 comments:

XChuluun said...

www.khurleegiin.blogspot.com

Anonymous said...

Mongol ba shashin gej yarih yum bol yur n Buddiin shahsin gedeg chine yaj baigaad Mongold tarsang avch uzeh heregtei shuu dee. 1600-aad ond Mongoliin tor zasag uimerch manjuudad ezlegdej baisan uyed Manjiin bodlogoor Mongol huniig nomhon bool bolgoho gej tarhaasan. Yurdoo l iim. Buddiin shashinaas omno 1200-1600 onuudad Mongol undestnii sergen mandliin uye baisan harin 1600-1920 on hurtel Buddiin sashinii noyrholiin uyed Mongol undesten 0,7 say boltloo tsoorch buh turliin haldvart ovchind barigdsan boosoo tuuj iddeg hagas adguus dursend ortson baisang onoodor martah yanz garaad baina!!

Mongol undesten hogjij sergeh ter zamaa songoh yostoi harin uund Buddism gai bolsong n Mongoliin 3 zuunii tuuh batalna!!!

Anonymous said...

Onoodor Mongol undesten Buddiin horlloos bolj het nomhon iljig boloogui bol Ar Mongol, Ovor Mongol, Buriad gej 3 huvaagdaa ch uu ugui?!!

Onoodor delhii deer ingej 3 huvaagdsan uls zuvhun Mongol l baigaa bolovuu [thanks to Buddhism.]

Yur n buddhismd het orson undestnuud gazar nutagaa alddagiin jisheeg bas tovduudeer ch boon olon asuudal jishee bosgoj bolno. Yagaad Buddhismiig Sanskrituud ehelj neecheed heden zuunii daraa hayad Hindi shashintan bolson shaltgaaniig ch manaid ih chimeegui nuun daragduuldagiig sanatsgaay!!

Anonymous said...

Монголд шашин Бурхан багшийн үеэс л дэлгэрсэн. Хожмын үеийн гуйвуулагчид, туйлширсан бишрэгчид л ийм байдалд хүргэчихээд байгаа юм.
За тэгээд олон урсгалуудыг ярих юм биш. Энэ бохироос салгачихвал... Тэр Шамбалын орон нь аяндаа олны өмнө ил харагдана гэдэг юм билээ.

Oros said...

Та энэхүү бичвэрийн орос орчуулга үзмээр байвал энд дарна уу:http://oros-oros.blogspot.com/2012/08/blog-post_14.html