Wednesday, November 29, 2006

Чингис хааны электрон цаг

Яг одоо Ата-Мелик Жувейний "ЧИНГИСХААН Дэлхийг байлдан дагуулагчийн түүх" \Москва.,2004\ номыг уншиж байна. Эртний персийн сурвалжит гэр бүлээс гаралтай энэ хүн Хүлэг хаанд шадар явахдаа үзсэн харсан, дуулсан сонссоноо нэгтгэн 13-р зууны Монгол, Эзэн Чингис, түүний дараагийн 3 үеийн тухай бичсэн юм байна. Тэрбээр 1252 оны 5-р сард 27 настайдаа Хархоринд ирэхдээ энэ номоо бичиж эхэлсэн гэнэ. Энэ номыг персээс англи руу, англиас орос руу дамжуулан орчуулсан болохоор газар ус, түүхэн хүмүүсийн нэр хувирсан гажсан гэж янзутай. Жишээ нь Ван хан абугайтан л гэхэд Онг хан болчихсон байх шиг. Ясны мусульман энэ хүн Чингис хааныг "хараал идмэр" гэж үзэн яддагаа номондоо огт нуулгүй олонтаа бичсэн ч монголчуудын шударга,ёс журамтай,сахилга баттай зэрэг олон сайн чанарыг бахадсан байх юм. Ганц нэгэн жишээ татъя.
"...Хэрвээ гэнэтхэн цэрэг хэрэг болвол төдөн мянган хүн тийм газарт өдөр, шөнийн төдөн цагт ир гэсэн зарлиг гарна. Тэд өчүүхэн төдий ч хождохгүй, бас цагаасаа өмнө ирэхгүй. Тэд тушаал зарлигийг сонсож мөрдөхдөө туйлын үнэнч агаад Хаанаас наран ургахаас шингэх хүртэл алс газарт түмтийн захирагч хэрэг тэрьсан байлаа гэхэд түүнийг гэсгээхээр хаан ганцхан морьтон илгээнэ. Морьтон толгойг нь ав гэсэн бол түүнийг нь авна, алтыг нь хураа гэсэн бол түүнийг нь хураана...."
"... Чингис хаан ямар ч шүтлэг шүтэж ямар ч номлол дагадаггүй байсан болохоор аль нэгэн шашныг эс тэвчих,илүү үзэх байдал гаргадаггүй, харин ч эсрэгээр нь бүх шашны эрдэмтэй шударгуу хүмүүсийг нь хүндлэн эрхэмлэж, үүнийгээ Бурхны тааллаар Хаанчлахуйн баталгаа гэж үздэг байв... "
"...Тэд од нь гийсэн агуу хүчирхэг хүмүүст үргэлж байдаг цол тушаал шүтэх, алдар хүндээрээ гайхуулах,хэтэрхий ихэмсэглэх, бусдаас ангид байх явдлын үүдийг хаасан бас нэгэн магтууштай ёсыг тогтоосон юм. Тэдний хэн нэг нь хаан суудалд суулаа гэхэд тэдний нэрэн дээр зөвхөн хан, эсвэл хаан гэж нэмэх бөгөөд албан ёсны бичиг баримтанд ч өөр юу ч бичихгүй. Түүний хөвгүүд, ах дүү нарыг нүүрэн дээр нь ч, далд ч төрөлх нэрээр нь л дуудна. Энэ ёс жирийн ардууд болоод язгууртны аль алинд нь адил үйлчилнэ. Тэрчлэн захидал бичиж хандахдаа язгууртан болоод энгийн ардыг үл ялган дан ганц нэрийг нь бичиж элдэв магтаал, хэллэгээс зайлсхийж,зөвхөн гол зүйлээ л бичдэг..."
Энэ мэтээр сонин содон юм их л байна лээ. Миний хувьд монголчуудын цаг яс барьдаг байсан гэсэн мэдээлэл их чухал байгаа юм. Яагаад гэвэл биднийг угаасаа цаг нар гэж юм мэдэхгүй 20-р зуунтай золгосон юм шиг ярьцгаадаг. Гэтэл "Монголын нууц товчоо"-нд Ван хан, Тэмүжин, Жамуха нар гурван мэргэдийг дайлаар мордохоор тохиролцохдоо "хуралтай боловч хугацаандаа уулзана" гэж хэлэлцээд хоцорч ирсэн нь хүлцэл өчдөг. "Хуртай боловч хугацаандаа, бороотой боловч болзоондоо" гэсэн гэж зарим газар бичсэн ч харагддаг. Тэр олон мянган цэрэг дайчид болзсон цагт болзсон газарт түрүүлэхгүй, хоцрохгүй яг цагтаа очдог байсан гэхээр Чингис хааныхан электрон цагтай байсан аж. Гэхдээ тэр цаг нь төмөр мэт сахилга бат, үүрэг хариуцлагаа ухамсарлах биелүүлэх чадвар юм.

6 comments:

Confidence of Youth said...

Үнэхээр Монголчууд цаг барьж, товлосон хугацаандаа нам ирж байсан бол өнөөдөр юуны учир хүмүүс цаг барихаа больчив? Би бас заримдаа бодоод л байдаг юм. Энэ асуулт хариулт хүлээсээр...

Galaarid said...

Хэлсэн л бол хийдэг, амласан л бол биелүүлдэг, болзсон л бол ирдэг яс зан уг нь саяхныг болтол байсан юм уу гэж бодогддог. Би аавд чинь, ээжид чинь тээр жил тэгээд амлачихсан юм, одоо тэр үгэндээ хүрье гээд үр хүүхдүүдтэй нь ирж уулзаад амласнаа ажил болгочихоод "За одоо санаа амар үхэж болно" гэж буй хөгшчүүл байж л байдаг. Харин одооныхон бол тэгэхгүй талдаа юм шиг. Ер нь социализм гэдэг бидэнд худал хэлэх, хулхидахын их сургууль болсон юм биш үү? Нийгмээрээ худал амлаж, худал тайлагнаж, ер нь амьдрал тэр чигээрээ худал дээр тогтож байсан хачин цаг шүү. Зах зээлд шилжихэд нэг хэсэг тэр аргаараа амьдрах гэж хэсэг үзээд шударга, хариуцлагатай, итгэл даадаг байхын ач холбогдлыг одоо л нэг ойлгож байх шиг санагддаг.

Buyantsogtoo said...

Цаг барихгүй байх энэ тэрийг бол тэр соцнийгмээс сурсан гэдэг чинь үнэн байх оо. Би хэдэн жилийн өмнөөс вээтнамуудтай жаахан ойр байсан юм. Тэгээд одоо хүртэл хомнизмийг байгуулсаар байгаа тэр нөхдүүдийг харахад ер нь манай дээрхэн үеийн үнэр тэр чигээрээ ханхална шүү. Цагаас хоцрох бол энүүхэнд. Тогжийсон хөөрхөн юмнууд байж биеэ их тоосон маягтай, багаар ажиллах тал дээр тун хэцүү байх шинжтэй. Тэхлээр тэр соцнийгмийн хор нөлөө бидэнд одоо хэр нь маш их байх шиг байдаг. Хөдөөгийн малчдыг жишээ татъя л даа. Үд хүртэл ногоортлоо унтдаг малчин ер нь хайгаад хайгаад тийм ч олон олдохгүй дээ. Цаанаасаа л нэг яс шинжтэй өвгөчүүл олон бий шүү. Харин энэ хотжоод ирсэн чинь л цоо шинэ хачин бөгөөд бүдүүлэг талдаа соёл бий болсон юм бишүү.

А.Ганбаатар said...

Нөгөө Ренчин гуайн "Монголын за андгай буйзаа" гэсэн үг санаанд орчихлоо. Энэ үгийг анх уншиж байхдаа за тэр ч дээ.. Ухааны юм бодогдож байсы шүү. Сайхан бичлэг байна. Баярлалаа...

Anonymous said...

Сайхан л бичиж. Үнэхээр соц нийгмийн үр дүнгээр цагаас гадна ёс заншил, удам судар олон юм алддагдсан байх. Энэ талаар залуу үед дуулгах, хэлж бичихид судлаач, сэтгүүлчид ер нь мэддэг хүмүүс анхаарвал буянтай үйлс болох биз.

Anonymous said...

Предстовляю вам в пользование сайт интим знакомст В данный момент самое просматриваемое эро-видео Японец женился на электронной женщине Без рекламы, без тормозов, без смс! Ведь в себе держать сексуальную энергию не вкоем случае нельзя. Даже если вы живете не одни (одна) это хороший повод узнать что то новое и попробовать самим. А если вы одна (одни) в этом случае вашей фонтазии нет предела!
От Интим знакомства www.SEEXi.NET