Саяхан нэг хуралд суудал бөглөж, сул толгойлж хэсэг суув. Сэтгүүл зүйн онол практикиин хурал. Уг нь гайгүй гайгүй юм нэлээд яригдсан л даа. Харин иргэний сэтгүүл зүйн тухай асуудлаар ёстой тэмээ буйлахын оронд ямаа майлж байна лээ дээ. Асуудлыг уламжлалт сэтгүүл зүйн хүрээнд ярихаар чинь яаж ч олигтой юм болох вэ дээ. Мэргэжлийн сэтгүүлчид л мэдээллийг олж, боловсруулж, түгээх ёстой гэж өмчлөөд байх нь утгагүй,ирээдүйгүй болчихсон цаг үе гэдгийг олж харахыг хүсэхгүй байна л даа. Нэг нөхөр бүр "иргэний сэтгүүл зүй гэдэг чинь мэргэжлийн сэтгүүлч иргэний нийгмийн асуудлыг бичихийг л хэлнэ " гэж донгодчоод нээх том нээлт хийчихсэн мэт дүрд хувираад ардчилал, хэвлэлийн эрх чөлөө яриад явчихвал ямрав?
Уг нь иргэний сэтгүүл зүй гэдэг иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй юм. Мэдээ мэдээллийг олж авах,боловсруулах, түгээхэд иргэд идэвхтэй оролцож , ингэснээрээ хараат бус, өргөн хүрээтэй, чөлөөт мэдээлэл бүхий media бий болгох л асуудал шүү дээ. Соцнийгмийн үед улстөр, үзэл суртлын цагдан хяналттай ч гэсэн иргэдийн мэдээ материалыг "идэвхтэн бичигч" нэрийн дор нийтэлдэг байсан нь хэлбэрийн хувьд иргэний сэтгүүл зүйтэй дөхөж очдог ч зарчмын асар том ялгаатай.
Иргэний сэтгүүл зүй буюу citizen journalism-ын асуудал анх Америкт 1988 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа яригдаж эхэлсэн гэдэг. Тэр үед мэдээллийн хэрэгсэлд итгэх олон нийтийн итгэл буурч, яавал сэтгүүл зүйг хүмүүсийн төлөө үйлчилдэг болгох вэ гэдэг асуулт гарч иржээ. Эхлээд мэргэжлийн сурвалжлагч нарын ажлын арга барилыг өөрчилснөөр амжилтад хүрнэ гэж бодсон нь олигтой болсонгүй. Тэгмэгц иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал гэдгийг мэдэрч, мэдээллийн технологийн хөгжил хурдсахын хэрээр олон нийт өөрсдөө сэтгүүл зүйг бүтээх боломжтой болжээ. Мэргэжлийн болоод мэргэжлийн бус сэтгүүлчийн хооронд асар том зөрөө байх нь мэдээж боловч citizen journalism хүнд илүү ойр, амьдлаг,эмоцлог гэдгээрээ, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх бололцоог бүгдэд тэгш олгодгоороо давуу талтайг Өмнөд Солонгосын "Ohmynews"-ийн жишээнээс харж болно.
Өнөөдөр "Иргэний сэтгүүл зүй сайн байна уу?" гэж хэлэх цаг монголчуудын хувьд нэгэнт болчихоод байна. Төр нь дампуу, нийгэм нь гаж хөгжилтэй, хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгсэл нь улс төр, бизнесийн том том бүлэглэлүүдэд үйлчилдэг, эсвэл шууд тэдний хөрөнгөөр байгуулагдсан, сэтгүүлчид нь ёс зүйгээ уландаа гишгэсэн,иргэний зориг биш хэтэвчний сонирхол нь давамгайлсан, ардчиллын хоточ нохой биш авилгачдын үнэнч банхар болсон энэ цаг үед шударга үнэнч сэтгүүлчдийн тоо цөөн, хүч мөхөс байна. Тэд ардчиллын дуу хоолой болж, нийгмийн гаж тогтолцоог үнэн мөнөөр нь, өнгөтэй будагтай нь харуулхад хүч мөхөсдөнө. Харин иргэний сэтгүүл зүй хөгжөөд, хүчээ аваад ирэхийн цагт нийгмийг эрүүлжүүлэх олон нийтийн оролцоонд том дэвшил гарч иргэд төрөө жинхэнэ утгаар нь хянаж чаддаг болж ардчиллын баталгаа хангагдах билээ.
1 comment:
Загатнасан газар маажиж өгсөнд баярлалаа. Иргэн идэвхгүй улсад ардчилал хэрхэн тогтох билээ.
Post a Comment