Thursday, November 30, 2006

Еэ богд минь ээ...

Өглөө босоод телевиз асаав. Хэнтийн нэг баагий ярилцлага өгч байна. Бид эзэн Богд Чингэс хааны нутгийнхан гээд л цээлхэн урсгаж байноо. \Энэ жилээс эхлэн их хааны нэрийг Чингэс гэж нэг мөр бичиж байхаар албан ёсоор тогтсоныг би өчигдөр мартаад хуучнаараа биччихсэн байна лээ. Уучлаарай\. Тэгтэл дээр нь өчигдөрхөн А.Ганбаатарын блогоос төрийн ордонд залсан Чингэсийн хөргийн тухай бичлэгийг умшаад коммент биш, арай дэлгэрэнгүй юм бичье гэж бодсон минь санаанд ороод үүнийг тэрлэлээ.
Бид түүхээ ярихдаа зайлшгүй бодолцох ёстой нэг зүйл бол Чингэс хааныг минь яагаад богд гэх болсон асуудал юм. Энэ маань явсаар байгаад Ганбаагийн хачирхаад байгаа хөрөгтэй их нарийн сэжмээр холбогдохыг цөөн үгээр илэрхийлэх гэж оролдъё.
Чингэс хаан тэнгэр шүтлэгтэн байсныг бид мэднэ. Мөн шашны итгэл үнэмшил гэдэг асар хүчтэйг ухаарсан улстөрчийн хувьд түвшитгэсэн орныхоо иргэдэд өөрийн шүтлэгээ тулгадаггүй, тэдний шашныг хөнддөггүй, ялгаварлан гадуурхдаггүй учир эзлэгдсэн орных нь иргэд түүнийг дайснаа гэхээсээ бидний үйлдсэн нүгэл хилэнцийг нимгэлэхээр илгээгдсэн бурхны элч, тэнгэрийн ташуур гэж хүлээж авч байсан нь анзаарагддаг. Ийнхүү дэлхий дахинаа дуурссан түүний нэр хүндийг Буддын шашин Монголд дэлгэрэхдээ тун овжин ашигласан юм. Тэд Чингэс бол Богд Очирваань бурхны амилсан дүр байсан гэсэн суртал түгээж, их хаанаа дээдлэх монголчуудын сэтгэлгээгээр тоглож эхэлсэн байдаг.
Буддын шашныг манай үндэсний шашин гэж ярьдаг эрхмүүд намайг эсэргүүцэж, Чингэсээс хамаагүй өмнө энэ шашин нэвтэрсэн гэж хэлнэ л дээ. Тэр нь ч үнэн. Христийн тооллын өмнөх 121 онд хятадын жанжин Хо Цюй-бин Хөх нуур орчимд байсан Хүннүгийн ван Сюту руу довтлон түүний шүтээн алтан хөргийг нь булааж аваачихад Хан улсын эзэн хаан У-ди түүнийг нь шүтээнээ болгосон гэдэг. Гэхдээ тэр нь яг бурхны хөрөг мөн гээд яг таг нотолчихоогүй. Тэгээд ч Хүннүгийн хаад бурхны шашин шүтдэг байсан тухай баримтыг түүхчид олоогүй. Хүннүгийн хожуу үед нэвтэрсэн байх магадлалтай л гэж үздэг. Тоба аймаг олон сүм хийдтэй байсан, Сүмбийн үед буддын шашны зан үйл хийгддэг байсан, Их Нируны зарим хаадын үед буддын шашин төрийн шашин гэгдсэн гээд энэ шашин язгуур монголчуудын дунд хөл тавьсан, хүзүү холбосон түүхийг би үгүйсгэх гээгүй. Гагцхүү Чингэс хаан хүчирхэгжиж, Их Монгол гүрэн байгуулагдахад энэ шашны нөлөө өчүүхэн ч байгаагүй, төрийн тайлга тахилгын бүх зан үйлд дандаа бөө нар оролцож байсныг л хэлэх гэсэн юм. Харин 18-20-р зуун бол шарын шашин Монголд ноёрхсон цаг үе. Түмэдийн Алтан хан 1578 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг урьж "Далай лам" гэдэг цол олгосноор монголчууд шарын шашинд автах үүд хаалга нээгдсэн түүхтэй. Үүний цаана Төвд буюу Тангуд, Манж, Хятадын төр, шашны асар нарийн бодлого явагдаж, тэнгэр шүтлэгт цөс ихт монголчуудыг язгуур шүтлэгээс нь салгаж номхон хүлцэнгүйг номлогч шарын шашнаар дамжуулан мөхөөх санаагаа нэн таашаалтай гүйцэлдүүлсэн билээ.
Тэд Чингэс хааныг бурхан байсан гэх үлгэр зохиож, эрт дээдийн уг гарвалыг нь хүртэл шашны домогтой санаатайгаар хольж, монголчуудын уул усны тахилгын ерөөл тэргүүтнийг төвд хэлрүү буулган заавал ламаар уншуулдаг болгож, тэнгэр шүтлэгийгхавчин гадуурхаж, хар муу юм гэсэн ойлголтыг нийтэд гүн бат суулгаж өгчээ. Улмаар шашин төрийг хослон барих хос ёс бий болгон монголчуудын төрөө дээдэлдэг уламжлалт сэтгэхүйгээр нь тоглосон нь тоймгүй. Энэ нь сүүлдээ олдмол соёл биш, язгуур ёс мэт болчихоод байгааг бид цагаан сарын шинийн нэгний өглөө төрийн томчууд урт урт дээл өмсөн Гандан хийдэд очиж Мэгжиджанрайсэг бурханд духаа томбойтол мөргөдгөөс харж болно. Эцэст нь их хааныхаа хөргийг төрийн ордондоо Пүрэвбат ламаар зуруулж заллаа. Уг хөрөг нь монгол зургийн аргаар бус, жинхэнэ төвд барилаар бүтээгдсэн гэж учир мэдэх хүмүүс бичсэн харагдсан. Бас ордны өмнөх өргөтгөлийн Чингэсийн хөшөөг аравнайлж, дотор нь Очирваань бурхан шүншиглэнэ гэх санал өнгөрсөн зун сонсогдож элэг хатаах шахсан. Арай тэгж нүдний булай болоогүй байх л даа. Энэ мэтээр төр шашин холилдож байгаа жишээ баримт хар мянга есөн зуун наян ес байгаа ч таны алтан цагийг хэмнэж амаа татъя.
21-р зууны ардчилсан Монголын төр нь ийнхүү өөрийн мэдэлгүй Манж, Төвдийн бодлогыг залгамжлан явуулсаар байгаа нь эмгэнэлтэй. Манж гэдэг улс нь мөхчихсөн байхад бодлого нь үргэлжилсээр байна гээд бод доо. Углуургатай байгаа биз? Бид уг нь тэднээс илүү сэтгэж, том хийж, алсыг харж явсан язгуур монголчуудын үр сад юмсан. Жаахан бодлоготой байхгүй бол эмгэнэлт инээдмийн жүжгийн гол дүрд байсхийгээд л тоглоцгоох гээд байх юм. Өнгөрсөн жил "Тулгар төр байгуулагдсаны 800 жил" гэж даян дэлхийд зарлаж, нөгөөдүүл нь та нар чинь 1206 оноос өмнө төр улсгүй, түүхгүй байсан юм уу гэж лавлах тавлахыг хослуулахаар нь сая нэг сэхээрч "Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой" гэж нэлээд оройтож залруулах шиг болсон. Энэ мэтийн эндүүрэл будилааны үрийг таригч шашин төрийн хос ёсноосоо хэзээ нэг татгалзах юм бол? Тэр цагт их хаанаа Богд гэж дуудан тэнгэр хилэгнүүлэхээ больцгоох байх даа...

8 comments:

Зэлмэ said...

goyo bichleg bichjee. bi bas jaahan tuuh sonirhdog uhaantai. tanii bichlegiig unshaad saihan sanagdaj baina. Uuriin bodoj yavdag gants 2 sanaagaa helye. manaihan zuvhun chingis haanii tuhai yariad baihaas bish tsaana ni zunduu aguu haad bas bii shuu. ugudei, tsagaadai, bat, hubilai geed l. tsergiin janjinguud ch gesen uneheer augaa. zev, subeeteigiin gaihamshigt dairalt, muhulai vangiin uhaan geed l edgeerees zuvhun negiig l bichehed odoonii ter solongosuudiin uhaant hatan myoson ch biluu tergnii hajuud hamaagui tom sedev garah buizaa.

Galaarid said...

Баүарлалаа. Их цагаан хэрмийг барьсан ард түмний түүх агуу, түүнийг барихад хүргэсэн ард түмний түүх бүр ч агуу гэдэг биз дээ? Чингэс, түүний дараа үеийн хаад жанждаас гадна Их Нирун, Сүмбэ, Хүн гүрний үеийн агуу хүмүүсийн түүх гэж гайхамшиг бий. Манайд сүүлийн үед энэ талын судлалын ажил овоо урагшлах төлөвтэй байгаа шүү.

Anonymous said...

Sain baina yy Galaa
holboo yaj barih ve?

Galaarid said...

Анонимус танаа
galaarid@gmail.com хаягаар захиа бичээрэй

Н. Байгалмаа said...

Хүн Гүрнийг Туркүүд өмчлөөд, тэд чинь түрэг үндэстэнгүүд ээ гээд чичрээд дайрчдаг. Цагаан хэрмийг биднээс айсан Хятадууд барьсан юм гэж ирээд хөөрцөглөөд байдаг. Уг нь бол ч монголчууд л гэдэг дээ. Тэгээд одоо яг яамаар ч юмб дээ :)

Galaarid said...

Байгальмаа-д
Хүн гүрнийг түргүүд хойшид өмчирхөх нь арай багасах биз дээ. Хүннү судлалын сүүлийн үеийн ололтууд дандаа бидэнд ашигтайгаар эргэж байгаа шүү. Өмнө нь бид дөрөвхөн хааны нэртэй суудаг байсан бол одоо 32 хааны нэртэй болсон. Геродотын түүх, өөр бусад эх сурвалжуудыг овоо ашиглаж эхэлж байна. Өвөрмонголоос хүннүгийн хааны шонхор сүлдтэй алтан титэм олдлоо гээд ярьвал ч бас овоо юм бий шүү.

Anonymous said...

Tsagaan kherem gesnees hyatadiin toriin duulal ni ikh sonirkhol tatav.
Босцгоо! боол болох дургvй хvмvvс ээ !
Мах цусаараа бид шинэ цагаан хэрэм байгууляа !
Хятадын vндэстэнvvд хамгийн аюултай vед хvрээд байна
Хvн бvхэн сvvлчийн дуугаа хашгирч байна
Босцгоо! Босцгоо! Босцгоо!
Бид сэтгэл нэгтэйгээр
Дайсны бууны галыг сєрєн урагшилъяа!
Дайсны буугийн галыг сєрєэн урагшилъяа
Урагш аа! Урагш аа! Урагш аа!

Ш. Баатар said...

"-Хүннүгийн хаад бурхны шашин шүтдэг байсан тухай баримтыг түүхчид олоогүй" гэж та бичсэн байна. Тийм байж магад. Гэтэл сүүлийн үед Монголын нутгаас олдсон хүннүгийн оршуулгаас зулай дээр нь өргөсөн зулын цөгц олджээ. Энэ бол тэднийг бурханы шашин шүтдэг байсныг харуулах мэт санагдаж байна.