Monday, May 06, 2013

Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт шинэчлэлийн эзэд нь байж чадах уу?


Сэтгүүлзүйн салбар нь нийгмийн оюун санааны манлайлагчийн хувьд аливаа өөрчлөлт шинэчлэлийг бусдаас түрүүлэн мэдрэгч, өөрөө ч ямагт шинэлэг байх ёстой салбар билээ. Зуун жилийн түүхтэй Монголын үндэсний сэтгүүлзүй шинэтгэл өөрчлөлт рүү нийгмийг уриалан дуудах үүргээ цаг ямагт онцсайн биелүүлсээр ирсэн түүхэн уламжлалтай. Харин салбар маань өөрийгөө шинэчлэх тал дээр тийм түргэн шуурхай байж чаддагсан бил үү? Зарим утгаараа чаддаг, зарим утгаараа үгүй. Ялангуяа “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх”  гэдэг сэдвийн хүрээнд авч үзэх юм бол “Хэзээ ч үгүй” гэсэн харамсмаар хариулт гарч ирж байна. Яагаад ийм болов? Үүнд хариулахын тулд Монголын сэтгүүлзүйн түүхэн үечлэлийг эхлээд тодруулах хэрэгтэй болно. Монголын сэтгүүлзүйн 100 жилийн түүхэн замналыг үндсэнд нь 3 хэсэг үечлэх ёстой гэж үзэж байна. Эдгээр үеүд нь дотроо дэд хэсгүүдэд задрахаар байгаа ч хэлэлцэн буй асуудалд онцын холбогдолгүй тул нарийвчлалгүй орхиё.
Нэгдүгээр үе буюу үндэсний сэтгүүлзүй бүрэлдэн бий болохын эхлэл болох 1913-1921 оны хооронд Монголд үндэсний сэтгүүлч боловсон хүчнүүд төрж, анхны тогтмол хэвлэлүүд гарч эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн харилцааны асуудал хараахан яригдах болоогүй, үйлдвэрчний эвлэлийн тухай монголчуудын ойлголт нэн сул байсан үе юм.
Хоёрдугаар үе буюу 1921-1990 оны хооронд Монголын үндэсний сэтгүүлзүй бие даасан салбарын хувьд бүрэн төлөвшиж, өөрийн гэсэн боловсон хүчний нөөцтэй, үйлдвэрлэлийн бааз суурьтай, сургалтын системтэй, нийгэмд гүйцэтгэх үүргийн хувьд онцгой чухал салбар болж чаджээ. Гэхдээ тухайн цаг үеийн нийгмийн тогтолцооноосоо болоод Хэвлэлийн эрх чөлөөг ойлгох ойлголт, Ажиллагсдын хөдөлмөрлөх эрхэнд хандах хандлагын хувьд нэлээд өөр байр суурьтай байсныг хэлэх ёстой. Түүхийн энэ зурвас үед Монголын сэтгүүлзүй нь коммунист үзэл суртлын гол зэвсэг байв. Сэтгүүлчдийг ч үзэл суртлын байлдагч гэдэг утгаар нь бэлтгэдэг, ажиллуулдаг байлаа. Сэтгүүлзүйн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааны асуудыг ч үзэл суртлын хэмжүүрээр хэмждэг байлаа. Монголын сэтгүүлзүй үйлдвэрчний эвлэлийн тухай ойлголтыг нийгэмд өгөх ажилд идэвхтэй оролцож 1928 ҮЭ-ийн анхны тогтмол хэвлэл болох “Бүх Монголын улаан үйлдвэрчин” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан ч салбар доторхи хөдөлмөрийн харилцааны асуудал тийм ч сайн байгаагүй нь түүхэн үнэн. Өнөөдөр миний толгойлж буй МСЭ-ийг анх 1951 онд Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн харьяанд байгуулсан боловч ингэж байгуулах шийдвэрийг тухайн үеийн үзэл суртлын асуудлыг зангидан базагч МАХН-ын Төв хороо гаргаж байв. Үүнийг чөлөөт үйлдвэрчин гэж нэрлэж хэрхэвч болохгүй нь тодорхой.
Гуравдугаар үе буюу 1990 оноос өнөөдрийг хүртэлх цаг хугацааг бид Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлзүйн хөгжил, төлөвшлийн үе хэмээн авч үзэж байна. 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд чөлөөт сэтгүүлзүй хөгжих хөрс суурь бүрдсэн билээ. Энэ цаг мөчид  Монголд жинхэнэ утгаар нь ҮЭ байгуулах нөхцөл ч бас бүрдэж, манай сэтгүүлзүйн томоохон төлөөлөгчдийн нэг Ц.Дашдондов энэхүү хөдөлгөөнийг санаачилж, тэргүүлж байв. Сэтгүүлчдийн байгууллага нь эн тэргүүнд сэтгүүлчдээ хамгаалдаг ҮЭ-ийн байгууллага байх ёстой гэдэг санал энэ үеэс эхлэн хүчтэй яригдаж  Ц.Дашдондов тэргүүтэй хэсэг сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж МЧАСЭ-ийг 1991 оны сүүлээр байгуулсан нь сэтгүүлчид жинхэнэ утгаараа хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт шинэчлэлийн эзэд болсон сайн жишээ байв. Монгол оронд чөлөөт ардчилсан сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан энэ байгууллага шинэ тулгар үүсч байсан хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгслүүдийг дэмжих, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бий болгох талаар ихээхэн зүйл хийсэн хүчтэй манлайлагч байгууллага байсныг бид талархан тэмдэглэж байна.
Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ, Монголын сэтгүүлзүйд өөрчлөлт шинэчлэл үгүйлэгдэж байна уу, сэтгүүлчид өөрсдөө хувь заяаныхаа эзэн болж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөхийгоролдъё. Би 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаас МСЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон, энэхүү үүрэгт албыг хашаад үндсэндээ жил хагасын нүүрийг үзлээ. Энэ хооронд олж харсан асуудал, шийдвэрлэх гэж оролдсон туршлагынхаа талаар ярья гэж бодож байна.
Монголын сэтгүүлзүй өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж буй салбарын нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн хэрэгслүүд олноороо нэмэгдэж, ялангуяа нэг дор олон хүн ажиллуулдаг телевизийн салбарт ажиллагсдын тоо огцом нэмэгдэж, цахим сэтгүүлзүйн салбарт ч асар олон ажлын байр бий боллоо. Үүнийг дагаад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй эсэх, нийгмийн асуудал гээд олон олон асуудлууд тулгамдаж эхлээд байна. Манай сэтгүүлчид МСЭ энэ бүхнийг шийдсэнгүй, сэтгүүлчдийн цалин хөлс, нийгмийг асуудлыг шийдэх талаар юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. 
Үүнд анхаарлаа хандуулж, дорвитойхон ажиллах сонирхол одоогийн МСЭ-д байгаа юу гэвэл байна аа. Гэхдээ эрх зүйн чадамжгүй учраас дурын үүсгэл санаачлага хий хоосон яриа болон хувирч байна. Энэ юунаас болов?   
МСЭ бол үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байгууллага гэж сүүлчийн их хурлаараа тодорхойлсон. Бид ч энэ чиглэл рүү түлхүү ажиллах, салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг түлхүү хамгаалах гэж оролдсон. Харамсалтай нь МСЭ бол Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ТББ, тэгээд ч удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи нь шийдвэр гаргагчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, эрлэгч, удирдлагууд байдаг. Тэгээд ч их хурлаасаа баталсан дүрмийнхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулна. Харин ҮЭ-ийн асуудал ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр аливаа төрийн бус байгууллага ҮЭ болно гэж хүсээд л ҮЭ болчихдоггүй, сайхан тэмүүлэл  бодит амьдрал хоёр заримдаа зөрчилддөгийг бид ойлгох цаг нэгэнт болжээ.
Монголын сэтгүүлчдийн ууган байгууллага МСЭ  сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчилтэй тэмцэж чадаж байгаа юу гэвэл чадаж байгаа. Сэтгүүлчдийн  мэдлэг чадвар, чадавхийг дээшлүүлэх талаар ажиллаж, төр засгийн өмнө тэдний дуу хоолой, төлөөлөл болж чадаж байна уу гэвэл чадаж байна. Харин сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хүчин мөхөсддөг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт  хийвэл зохих хамгийн том өөрчлөлт энд л байна. Үүнийг хууль эрх зүйн хувьд хэн хэрхэн хийх боломжтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь ч тодорхой. Салбарын ҮЭ л энэ чиглэлд дорвитой алхам хийж чадна. Харин салбарын ҮЭ-г зөвхөн сэтгүүлчид л байгуулж чадна.
Намайг ингэж тайлбарлахаар тэгвэл тэр ҮЭ-ээ та нар байгуулаад өг л дөө, МСЭ биднийг хамгаалах үүрэгтэй биз дээ гэж сэтгүүлчид тулгадаг. Бид ҮЭ байгуулах эрх бүхий субъект байсансан бол аль эрт үүнийг хийгээд эхэлчих байсан. Салбарын хүчирхэг үйлдвэрчний эвлэлтэй бол МСЭ одоо байгаагаасаа хэд дахин хүчтэй ажиллах боломжтой, тийм  боломжоос татгалзах нь ч тэнэг хэрэг байхсан. Гэвч ҮЭ бол иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байж хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах хэлбэр юм. ҮЭ байгуулах асуудлыг хөндлөнгөөс зохион байгуулах, тулган шаардахыг хуулиар хориглосон учраас л өнөөдрийгхүртэл  МСЭ энэ асуудалд оролцож чадахгүй, гагцхүү зөвлөмж өгөх, сануулах уриалах төдий  үүрэгтэй байгаа юм.
Монголын сэтгүүлзүй өнөөдөр үндсэндээ хувийн хэвшил дээр суурилж байна. Ажил олгогч, эздийн хувьд аль болох бага зардлаар их ашиг олох сонирхолтой байдаг нь нууц биш. Сэтгүүлзүйн салбарт хөрөнгө оруулагчид ч мөн л ашгийн төлөө ажиллаж байгаа учраас ажиллагсдад аль болох бага цалин өгч, нийгмийн асуудалд нь аль болох бага зардал зарцуулахыг хичээдэг. Харин ҮЭ байгаа газарт ажиллагсад түүгээр дамжуулан эзэдтэйгээ хэлэлцээрт орж, хамтын гэрээ байгуулж, хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Ажлын байраа хууль ёсоор баталгаажуулж, хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулж, хийсэн цалиндаа тохирсон хөлс авах боломжтой болно. ҮЭ-ийн хамгийн давуу тал нь босоо тогтолцоо бүхий хүчирхэг бүтэц бөгөөд хуулиар сайтар хамгаалагдсан учраас хүчтэй, зоригтой ажиллаж, хүссэн үр дүндээ хүрэх бодит боломжтой юм.
Монголын сэтгүүлчид бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө, шударга үнэний төлөө, нийгмийн  сайн сайхны төлөө  цаг наргүй хөдөлмөрлөх атлаа өөрсдийн эрх ашгаа хамгаалах, хүчирхэг үйлдвэрчний эвлэлтэй болох талаар өдийг хүртэл дорвитой ажиллаж чадахгүй байгаа нь манай салбарт ҮЭ-ийн хүчтэй манлайлагч үгүйлэгдэж байгаатай, мөн хувь сэтгүүлчид ҮЭ-ийн ач холбогдлыг ойлгохгүй ойшоохгүй байгаатай, эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах туршлага байхгүйтэй, өөрсдийн хувь заяаг өрөөлд даатгаж хэн нэгэн өмнөөс нь диваажин байгуулж өгөхийг хүсдэг хэрэглээний сэтгэхүйтэй нь холбоотой гэдгийг хэлмээр байна. Сэтгүүлчид өөрсдийгөө ядуу хэмээн тодорхойлох нь элбэг. Тэгвэл тэрхүү ядуурлын үндэс суурь нь хаана байна вэ гэж асуумаар байна. Ядуурлын үндэс нь бага орлого, татуу цалинд байгаа юм биш. Ядуурлын үндэс нь хууль ёсны эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалж чадахгүйд, сэтгэхүйн ядуурал давамгайлсанд байгаа гэж хэлмээр байна. Сэтгэхүйн ядуурал халаас хоосрохоос аюултай. Хуулиар хамгаалагдсан боломж  байсаар байтал түүнийг ашиглаж чадахгүй байгаа нь аягалаад өгсөн хоолыг халбагадаад ам руугаа хийчихэж чадахгүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсныг харуулж байна. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай учраас би ийм хатуу үг хэлж байна. МСЭ-ийн Ерөнхийлөгч болсноос хойшхи нэг жил хагасын хугацаанд сэтгүүлчдийн хууль ёсных нь эрх ашгийг хамгаалах талаар хэр чадлаараа оролдож, аливаа ТББ хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулах эрхзүйн чадамжгүйг ухаарч, хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ-ээ байгуулаад өгөөч ээ, хамтран ажиллаж илүү ихийг хийе хэмээн байнга уриалж сануулаад тусыг эс олсон хүний хувьд би сэтгүүлчдэдээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ийнхүү хатуу үнэнийг  сануулж байна.
Сэтгүүлчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалж эвлэлдэн нэгдэж чадваас илүү хүчирхэг болно. Тэр хэмжээгээр салбараа өөрчлөн шинэчилж чадна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт хүлээгдэж буй өөрчлөлт шинэчлэлийн эзэд нь болж чадна. Үүний тулд эвлэлдэн нэгдэцгээ, эрхэм сэтгүүлчид ээ. МСЭ үргэлж та бүхэнтэй хамт байх болно.
Б.ГАЛААРИД   (МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ)
МХХ, МСЭ, Фридрих Эбертийн  сангаас хамтран 2013.05.02-нд зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэгт хэлсэн үг

1 comment:

Frank said...

Эрх зүйн хүрээнд асуудал шийдвэрлэх эрх бүхийн чөлөөт нийтлэг (үйлдвэрчний эвлэл) байгуулах нь ажил олгогч эздэд ашиггүй тул бүх талаар хориглох хандлагатай байдаг. Харин үүнийг даван эрхийнхээ төлөө тэмцэх сэтгүүлчид ховор байгаа нь үүргээ ухамсарлаагүйд л орших мэт.. Өнөөдрийн өмх талхнаас ирээдүйн бүтэн бялуу чухал баймаар санагдах юм