Wednesday, May 01, 2013

Чөлөөт хэвлэлийн үзэл санаа Монголд дэлгэрсэн нь

Б.Галаарид 
1980-аад оны дунд үеэр ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явц Монголын нийгмийн амьдралд нөлөөлж эхэлсний бодит илрэл нь намын төв хэвлэл “Үнэн” сонины нийтлэлийн бодлогод гарсан өөрчлөлт гэж хэлж болно. Монголын сэтгүүлзүйн нэрт төлөөлөгч Лодонгийн Түдэв 1984 оны сүүлээр тус сонины эрхлэгчээр томилогдож, 1985 оноос эхлэн нийтлэлийн шинэ бодлого барьж эхэлсэн нь тухайн үеийн бусад мэдээллийн хэрэгсэлд ажилагсдад ч эерэгээр нөлөөлсөн байдаг.  Тэр үеийн “Үнэн” сонин асуудалд хандах шинэлэг хандлага, далайцын хувьд ЗХУ-д өрнөж буй перестройка-гийн уур амьсгалаас бага зэрэг хоцрогдонгуй ч тэр үед төрийн эрхийг дангаар барьж байсан МАХН-ын Төв хорооноос  хавьгүй түрүүлж байсан нь олон баримтаар нотлогдож байна. Энэ нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодлогод ч тусгалаа олж, Монголын сэтгүүлзүй олон  өнгөөр дуугарах эхлэл тавигдаж эхэлсэн гэж хэлж бас болно. Гэхдээ оршин буй нийгмийн тогтолцоогоо ил тодоор чөлөөтэй шүүмжилж чадахгүй байсаар 1989 оны ардчилсан хувьсгалтай золгосон байна.
1988 онд тухайн үеийн УБДС-ийн оюутан Дарь.Сүхбаатар нарын хэсэг залуус “Цагийн толь” хэмээх сонин эрхлэн гаргаж эхэлсэн нь хараат бус, чөлөөт хэвлэл эрхлэн гаргах анхны оролдлого байсан боловч эхний дугаарынхаа тэргүүн нүүрт нэрт зохиолч Д.Нацагдоржийн шүлгээс “гагцхүү наран хэвээр үлдмой” гэсэн мөрийг эшлэсэн нь НАХЯ-ны анхаарлыг татаж нийгмийг бүхлээр нь өөрчлөх далд утгыг агуулсан гэх хардлагын улмаас хаагдсан нь үүний бодит нотолгоо юм.
Чөлөөт хэвлэлийн үзэл санаа Монголын нийгэмд 1988 оны сүүл үеэс, тодруулбал шинэчлэгч үзэл санаатай сэхээтэн залуусын бүлгэмүүд энд тэнд бий болж, өөрчлөн байгуулалтыг эрчимжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө оюун санаагаа уралдуулж эхэлсэн үеэс анх нэвтэрч эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед “Шинэ үе” бүлгэм гудамжинд ухуулах хуудас наан НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ард олонд сурталчлан таниулахыг шаардсан нь хэрэг дээрээ иргэдийн мэдэх эрх, мэдээлэл олж авах эрхийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан анхны алхам байжээ гэмээр байна.
1989 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо болсон МоАХ-ны анхдугаар цуглаанаас гаргасан өргөх бичгийн агуулгад ч  чөлөөт хэвлэлийн үзэл санаа тусгалаа олжээ.
1990 оны хоёрдугаар сарын 18-нд чөлөөт хэвлэл болох “Шинэ толь” сонины анхны дугаар хэвлэгдэж, улмаар мөн ондоо багтан “Ардчилал”, “Үг”, “Үндэсний дэвшил” зэрэг сонинууд шинэ тулгар байгуулагдсан улстөрийн нам, хүчнүүдийн  харьяан дор мэт боловч хэрэг дээрээ харьцангуй чөлөөт байдлаар хэвлэгдэн гарснаар Монголын чөлөөт хэвлэлийн үндэс суурь жинхэнэ утгаараа бүрэлдэн бий болжээ.
1991 онд байгуулагдсан МЧАСЭ Монголд чөлөөт хэвлэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт хэвлэлийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ байгууллагыг үүсгэн байгуулж, чөлөөт хэвлэл бүрэлдэн төлөвших эхлэл үеийн ачааны хүндийг үүрсэн чөлөөт үйлдвэрчний эвлэлийг хөдөлгөөний удирдагч, сэтгүүлч Ц.Дашдондов болон түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж байсан хэвлэл мэдээллийн салбарын эрүүл хөгжлийн төлөө санаа зовиногч олон арван сэтгүүлч сэхээтнүүддээ бид “Баярлалаа” гэж хэлэх ёстой. Монголчууд чөлөөт хэвлэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах үйлсэд даян дэлхийтэй дуу хоолойгоо нийлүүлэх, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх ажлыг ч Ц.Дашдондов тэргүүтэй МЧАСЭ-ийнхэн эхлүүлсэн гавьяатайг онцлон дурдахыг хүсч байна.
Иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг  1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн нь 1989-1990 оны ардчилсан хувьсгалын шууд үр дүн бөгөөд Монгол Улс чөлөөт хэвлэлийн үзэл санааг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, чөлөөт хэвлэл мэдээллийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх бололцоог эх хуулиараа нээлттэй болгож өгсөн түүхэн гавьяатай.
Хэдийгээр ийнхүү Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн ч гэлээ Монголын чөлөөт хэвлэлийн хөгжлийн зам тийм ч дардан байсангүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэд хэдэн төсөл парламент дахь улстөрийн амбиц, хуучинсаг байдлаас болж батлагдаагүй бөгөөд 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” ихээхэн бартаа саадтайгаар батлагдсанаар Монголын төр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлан гаргахгүй байх, цензур хяналт тавихгүй байх, өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй   байх үүрэг хүлээсэн билээ. Энэ хуулийг батлан гаргуулахын төлөө хичээн зүтгэсэн Э.Бат-Үүл тэргүүтэй улстөрчдөд Монголын иргэд олон нийт, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан үргэлж талархаж явах учиртай.
Монголд чөлөөт хэвлэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих талаар ардчилал хөгжсөн орнууд, хүний эрхийг дэмжигч олон улсын байгууллагууд ихээхэн анхаарч туслаж ирснийг бид бас мартах учиргүй. Данийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төслийн үр шимийг хүртээгүй мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч тун цөөхөн. Энэ төсөл Монголд чөлөөт хэвлэл хөгжиж бэхжихэд хамгийн бодитой туслалцаа үзүүлсэн, Данийн тусламжаар байгуулагдсан Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Чөлөөт хэвлэл” сан өнөөдөр ч сэтгүүлзүйн хөгжилд онцгой үүрэгтэй байгаа  гэдгийг талархан тэмдэглэмээр байна. Нээлттэй нийгэм хүрээлэн, олон улсын бусад байгууллагууд ч энэ чиглэлээр олон жил тогтвортой, үр дүнтэй ажиллаж, ардчилал, чөлөөт хэвлэлийг  жинхэнэ утгаар нь хөгжүүлэх  үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж байгаад гүнээ талархаж байна.
Ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн  чадвар чадавхыг дээшлүүлэхийн төлөө Монголын иргэний нийгмийн төлөөллүүд цаг ямагт санаа тавьсаар ирсэн бөгөөд чөлөөт хэвлэлийн үзэл санааг ийнхүү тууштай дэмжигч Глоб интернэшнл төв зэрэг олон байгууллагын хүчин зүтгэл чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар буйд энэ өдөр онцлон талархаж байна.
Чөлөөт хэвлэлийн үзэл санаа ийнхүү Монголд түгэн дэлгэрч, энэ нь дан ганц хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдэд хамаатай асуудал биш, харин  иргэн бүр   үгээ айдас дарамтгүй хэлж, үзэл бодлоо аливаа хягаарлалтгүй илэрхийлэх эрхээр хангагдах ёстой гэсэн илүү өргөн утгаар яригдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээллийн шинэ хэрэгсэл болох цахим сэтгүүлзүйн аюулгүй байдалд энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр  дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш билээ. Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг өдүүлэгсэд ял шийтгэлгүй үлдэх, нэр төдий шийтгэл хүлээгээд өнгөрөх байдал байсаар байгаад дэлхий нийт бас анхаарал хандуулж байна. Манайд ч эдгээр асуудал байсаар байгаад олон нийт, улстөрчид, шийдвэр гаргах түвшнийхэн анхаарлаа хандуулаасай гэж бид хүсч байна. 
Зуун жилийн түүхтэй үндэсний сэтгүүлзүйн түүхэнд өөрийн гэсэн том орон зайтай, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр   зүтгэдэг, Монголын сэтгүүлчдийн ууган байгууллага болох МСЭ өөрийн сэтгэл нэгт анд нөхдийнхөө хамтаар үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөөний төлөө цаашид ч тууштай тэмцэх болно гэдгээ дэлхий нийтээрээ 20 дахь удаагаа тэмдэглэж байгаа хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дахин баталж байна.

2013.05.01-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан  Глобинтернэшнл ТББ, МСЭ, Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулсан арга хэмжээн дээр хэлсэн үг


 

No comments: