Монголын ардчилсан холбоо саяхан 10 жилийн ойгоо тэмдэглэв. Энэ бол үндсэндээ Монгол орон ардчиллын үнэр авсны 10 жилийн ой л доо. Энэ үйл явдлыг хүмүүс анзаарах нь анзаарч, анзаараагүй нь анзаараагүй л байх. Миний тухайд тэр он жилүүдэд үйл явдлын гүнд нь байж гар бие оролцож байсан хүний хувьд тэр үеийн бидний хүсч мөрөөдөж байсан зүйлийн юу нь биелж, юу нь замхрав гэдгийг цухас боловч бодсон шүү. Ялангуяа өөрийн мэргэжил болох сэтгүүлзүйн салбарын тухай эргэцүүлбээс тун сонин дүр зураг гарч байх юм. Бид тэр үед сэтгүүлзүй бол ардчиллын баталгаа, нийгмийг эрүүлжүүлэгч, дөрөвдэх засаглал гэж ярьж бичиж, гэгээн сайхан ирээдүйг төсөөлдөг байлаа. Одоо ч тэр итгэл үнэмшлээсээ ухраагүй. Гэвч зах зээлд шилжих шилжилтийн үеийн сүүдэртэй талыг тэгэхэд даанч олж харсангүй. Сэтгүүлзүй ардчиллын алуурчин болж хувирна гэж огт бодож явсангүй. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад сэтгүүлзүй маань шударга үнэний бэлгэдэл болсон баатар эр, эсвэл ариун сайхны бэлгэдэл болсон үзэсгэлэн гоо дагина биш, харин наашаа харж инээж цаашаа харж ярвайгч хоёр нүүртэн мэт болсон байх юм.
Саяхан тэс өөр салбарт ажилладаг нэгэн найз маань хоёр нүд нь ухархайнаасаа бүлт үсэрчихсэн давхиж ирлээ.
-Пөөх...
-Яав?
-Та нар ч аймаар юм аа.
-Та нар гэж хэн?
-Танай сэтгүүлчид
-Яасан? Яагаад айх болов?
-Шантаажилдаг гэжийншдээ.
Сэтгүүлчдийн дунд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэсэн нөхдүүд олон болсныг нөхөр маань сая л анзаарчээ. Энэ халдварт өвчин архагшин хүрээгээ тэлж Эрүүл бус сэтгүүлзүй гэдэг эвгүй үнэртэй намаг балчиг бий болгосныг олж мэдэнгүүт даралт нь цочир өсч байж сууж ядаж яваа нь энэ юмсанж.
"Сэтгүүлчид бол улстөрийн янхан" гэж Ленин бичсэнийг оюутан ахуйдаа уншаад миний нүд нэг тэгж орой дээрээ гарч, даралт дээш доошоо чавхадсан юмдаг.
Одоо бол тэгж цочирдохоо больсон ч хайран сайхан мэргэжлийн нэр хүнд гэж бодохоор зүрх минь шимширдэг.
Хэн нэгэн албан тушаалтан, олны танил хүмүүсийн тухай таагүй мэдээ, олны нүд чихнээс нуувал зохих баримт фактыг гартаа оруулсан сэтгүүлч түүнийхээ үнэн зөвийг нягталж олны хүртээл болгохоосоо илүүтэйгээр наймаалцах, айлган сүрдүүлэхийг оролдох явдал газар авсан нь тодорхой байна. Энэ нь хувь сэтгүүлчийн хүрээнээс хальж, эзэд, хэвлэл мэдээллийн байгууллагын мөнгө олох арга хэрэгсэл болж, бүхэл бүтэн үзэгдлийн хэмжээнд очоод байгаа нь харамсалтай. Мөнгө үнэртдэггүй хэмээх зарчим баримтлагчид сэтгүүлзүйг ямар ч аргаар хамаагүй мөнгө олох хэрэгсэл болгож буруу замаар будаа тээлгэж байгаад цөөн хэдэн хүн гаславч хүч нь даанч мөхөсдөнө. Үүнээс ангижирч, сэтгүүлзүйн хөгжлийг зөв гольдролд нь оруулах ганц гарц нь иргэдийн идэвхтэй оролцоо буюу иргэний сэтгүүлзүйг хөгжүүлэх асуудал болоод байна. Уг нь сэтгүүлзүй нийгмийг эрүүлжүүлдэг атал одоо сэтгүүлзүйг өөрийг нь эрүүлжүүлэхээс болшгүй нь ээ.
2 comments:
Homsog zangidan baij unshlaa.
Гуниг шүү. За яахав үүнээс хойш үүр хаяарах байгаа.
Post a Comment