Tuesday, August 06, 2013

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид: “Үзэсгэлэнт байгалиа мухар сүсгийн золиос болгомооргүй байна


        Далд үзэгдэл судлаач, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-ны орчмыг цэвэрлээд ирсэн билээ. Түүнийг бөө мөргөлийн чиглэлээр олон жил судалгааны ажил хийж явааг уншигч та мэдэж байгаа. Тэрээр гурван сард “Мөнх тэнгэрийн ухаан” лекцээ хүмүүст үнэ төлбөргүй уншиж, тэнд очсон олон хүнийг гэгээрүүлж, ухааруулж чадсан. Түүнтэй уулзаж цөөн хорол хөөрөлдсөн юм.

-Та сая хэсэг хүмүүсийн хамт “Ээж мод” яваад сайн дураараа цэвэрлээд ирсэн. Яагаад ийм ажил санаачлах болов ?

-Өнгөрсөн сард би “Амьд байгалиа хайрлая” нэртэй сайн санааны аяныг санаачилж байгаагаа зарласан. Энэ маань тохиолдлын хэрэг байсангүй. Манайхны байгаль дэлхийдээ хандах хандлага даанч хүйтэн хөндий, эзэн сэтгэлгүй байна. Ургаа модонд уясан хадаг яндар эцэст нь тэр модоо үхүүлж байна, энд тэнд хаясан хог хаягдал амьд байгалийг мөхөөж байна. Ялангуяа сүсэг бишрэлтэй холбоотойгоор орчноо бохирдуулж байгааг асуудалд олон нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг  ойлгосон учраас ийм санаачлага гаргасан юм. Жиргээчид, сэтгүүлчид, жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, лам бөө гээд нийгмийн бүхий л төлөөлөл үүнийг маань дэмжсэний үр дүнд өнгөрөгч бямба гарагт 50 гаруй хүн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг “Ээж мод”-ны орчмыг бүрэн биш ч боломжоороо цэвэрлээд ирсэн. Тэр хавийн мод болгоныг хадгаар багласан учраас хэдхэн жилийн дараа тэр үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ мөхөх аюул тулгараад байгаа юм. Бидэнд туслаж дэмжсэн, хамт явсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

-Монголчууд эрт дээрээс л хадаг яндрыг бурхантайгаа зэрэгцүүлж шүтсээр ирсэн. Тийм нандин зүйлийг хаа хамаагүй уяж зангидах нь зөв үү?

-Уг нь ч эдийн дээд хадаг л гэдэг байлаа. Сүүлийн үед хадагны үнэ цэнэ даанч их унасан. Булаг рашааны эх, бут сондуул, ургаа мод, унанги дархи, гүүрний хашлага, хашааны шон гээд хаа л бол хаана хадаг уяастай. Ингэж болохгүй гэдгийг учир мэдэх хөгшид, лам хуврагууд бүгд л хэлж байна. Мухар сүсэг газар авсан учраас даанч сонсож ухаарахгүй нь бололтой. Тийм болохоор л “Ээж мод”-ыг сонгож цэвэрлэсэн юм. Олон түмнийг сануулж сэрүүлэх гэсэн оролдлого л доо. 
-Эсэргүүцэх хүн олон байна уу?

-Байна аа, байна. Хүмүүсийн сүсэг бишрэлд ингэж халдаж болохгүй л гэнэ. Хэсэг хүний сүсэг бишрэлийг хүндэлж байгаа нь энэ гэж дураар нь дургиулаад үлдсэн хүмүүс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулаад, унаган байгалиа сүйтгүүлээд суух юм уу? Түүний оронд буруу гэдгийг нь хэлээд ойлгуулаад, нэгэнт тарьсан хогийг нь цэвэрлээд өгөх нь дээр биз дээ? Биднийг муу хэлэх яах вэ, иргэдийн маань ухамсар бага ч болов дээрдэж, ургаа модоо бага ч болов хайрладаг болвол том дэвшил.

-Ингэж хадаг уях ёс хэзээнээс дэлгэрчихэв ээ? Бөөгийн ёс уу, ламын ёс уу?

-Алиных нь ч ёс биш. Амьд байгалиа сүйтгэх ёс алинд нь ч байхгүй. Энэ бол манайхны мухар сүсгийн илэрхийлэл. Худлаа мэдэмхийрч, элдэв зан үйл бодож олон сүсэгтэн олныг мунхруулагчид, бусдын итгэл сэтгэлээр бизнес хийгчдийн л гай нь ийм гамшиг дагуулж байгаа юм.

-Модонд уясан хадгийг авч хаявал лус хилэгнэдэг гэх юм? Та айхгүй байна уу?

-Хүнээр зүйрлээд үзье. Мөч бүхнийг  нь хүлж баглаад үхүүлэх гэж байгаа хүнд баярлах уу, тэр хүлээсийг тайлж гарцаагүй үхлээс аварсан хүнд баярлах уу? Хүн амьдралдаа ядаж нэг мод тарих ёстой гэдэг дээ. Тэгвэл тарчилж буй модыг үхлийн савраас аврах ч бас буян л байж таарна даа. Зөв юм хийж байгаа болохоор юунаасаа айх билээ дээ. Хадам ээж минь ная гарсан хөгшин бий. Биднийг ийм ажил хийгээд ирснийг сонсоод “Хүүхэс минь буянтай сайхан ажил хийж” гээд уйлсан. Тэр сайхан сэтгэлээс илүү том шагнал гэж байхгүй. Би урамшсан, омогшсон.

-Хадаг уяад байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүст ингэх сэдлийг нь төрүүлээд байгаа тэр лам бөө, домч засалч хүмүүс хамгийн түрүүнд ухаараасай гэмээр байна. Аргаа бараад өөрт чинь хандан тусламж хүссэн нэгний гарт хадаг бариулаад ургаа мод руу явуулах нь “Чи сайн сайхан болохын тулд тэдний нялх балчир хүүхдийг боогоод алчих” гээд олс атгуулаад илгээхтэй агаар нэг. Ийм буян нүглийг ялгахгүй хүнд итгэх нь зөв үү,  буруу юу гэдгээ иргэд маань ч цаашид эргэцүүлж бодоорой.

-Бөө нар модон дунд хадгаар хүрээ татаад орхичихдог, түүнд нь хүмүүс халдаж хүрэхгүй юм. Энэ ер нь хэдийнээс улбаатай ёс вэ?

-Ямар юмных нь ёс байхав дээ. Сүүлийн үед бий болсон буруу үзэгдэл. Уг нь бөө нар хээр хөдөө бөөлөхдөө хүрээ татаж хамгаалалт тавьдаг ёс бол бий. Тэгэхдээ сүү, тариа будаа тойруулан цацаж хүрээ татлаа гэж домнодог, олс дээс, сур аргамжаар хүрээ тавиад үйлээ дуусмагц хураагаад авчихдаг, эсвэл чулуугаар хүрээ татдаг байсан байна. Яаж ч бодсон байгальд хоргүй байгаа биз дээ. Тэгж л хүрээ тавих гээд байгаа бол энэ уламжлалаа сэргээцгээ гэж хэлмээр байна.  

-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

- “Амьд байгалиа хайрлая” аяныг бүх нийтийн хөдөлгөөн болтол нь өргөжүүлэхийг хичээнэ. Ямар ч айл хэд хоноод орон гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Тэгвэл монголчууд бид ядаж хавар, намартаа ганц ганц удаа орон даяараа  ийм цэвэрлэгээ хийж, хог буртагнаасаа салдаг албан ёсны өдөртэй болчих юмсан. Тэгвэл мөн хэрэгтэй еэ.

-Таны хувьд байгаль эхээ хүн хайрлахын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. Байгаль дэлхий маань амьд шүү, бидний л адил зовдог энэлдэг, бас баярладаг талархдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн бол байгальд халтай алхам хийхгүй дээ. Байгалийн сайхныг мэдэрдэггүй, онгон дагшин байгалиараа бахархдаггүй, түүнийг үр хүүхэд хойч үедээ үлдээх ёстойгоо ойлгодоггүй хүмүүс л байгаль хамгаалах аяныг эсэргүүцэх байх.  

-Таны “Мөнх Тэнгэрийн Ухаан” лекцэнд суусан. Сонирхолтой, бас их мэдээлэлтэй лекц байсан. Ганцхан би гэхгүй тэнд очсон бүх хүн тэндээс их юм мэдэж, ухаарч авсан байх. Тэгэхээр сүүлийн үед олширсон энэ олон бөө нараас жинхэнэ, худлааг нь яаж ялгах вэ?

-Мөнх тэнгэрийн ухаан бол бөө мөргөлөөс хамаагүй өргөн ойлголт юм шүү гэдгийг эхлээд хэлье. Энэ бол монголчуудын амьдрахуйн ухаан, оршихуйн ухаан, ертөнцийн зүй тогтлыг ойлгож түүнд зохицон аж төрөхүйн ухаан. Харин бөө мөргөл бол түүний нэгээхэн хэсэг нь төдий.
Худал үнэн бөөг таньж ялгахад хэцүү нь үнэн. Гэхдээ тэдний үг хэл, үйлдэл, байр байц нь монголчуудын өнө эртнээс дагаж мөрдөж ирсэн хүнлэг байх, чин шударгуу байх, аливаа шунал тачаалыг хазаарлан барих, ам андгайдаа үнэнч байх, ёс бусыг хийхгүй байх бичигдээгүй хуулиас гажиж байвал хуурамч бөө гэсэн үг.    

-Миний асуугаагүй ч таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Үйлийн үрийн өр төлөөс хатууг монголчууд минь ухаараасай. Амьд байгалиа хайрлаж, өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан нутгаа хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн төлөө хүн бүр хичээхсэн гэж л уриалмаар байна.

Эх сурвалж:www.aravt.mn

3 comments:

Anonymous said...

Уг нь Монголд хүн бурхан 2 мэндлэхээс наана үлэг гүрвэлүүд энэ газрыг 200 сая жилийн турш эзэгнэж бүхнийг мэдэж байсан. Үлэг гүрвэлүүд ямар шашинтай байсан юм болоо.

Anonymous said...

"Мөнх тэнгэрийн ухаан бол бөө мөргөлөөс хамаагүй өргөн ойлголт.Энэ бол монголчуудын амьдрахуйн ухаан, оршихуйн ухаан, ертөнцийн зүй тогтлыг ойлгож түүнд зохицон аж төрөхүйн ухаан. Харин бөө мөргөл бол түүний нэгээхэн хэсэг нь төдий" Урьд нь энэ талаар мэдлэггүй, ялгааг нь олж хардаггүй байлаа,Баярлалаа!

Anonymous said...

тантай яж уулзах вэ? Манай ээж бөө юм. Тантай уулзмаар байна гэсэн.