Monday, June 03, 2013

Залуу сэтгүүлчид илгээх захидал №001

Сайн байна уу, мэргэжил нэгт анд минь ээ?

     Би сэтгүүлч мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай нэгэн. Тийм болохоор бидний дараа дараагийн үе ямар байх бол гэдэгт үргэлж санаа зовж, илүү хошуулдаг гэмтэй. Багшилж байхдаа "Та нар эхлээд хүн бол. Дараа нь сэтгүүлч бол" гэж шавь нартаа хэлдэг байсан минь буруу биш байжээ гэж сүүлийн үед улам их бодох боллоо.
     Хүнтэй хэрхэн мэндлэхээс хэн болох чинь танигддагийг эрхэм дүү нар минь эхлээд нэг саначихаарай. Камер мөрлөн сүрхийн орж ирж ирээд микрофоноо буу мэт тулган  дээрэнгүй түрэмгий загнах, хүний яриан дундуур орж ирэнгүүт хоёр өгүүлбэр бичив үү, үгүй юу таг дуугүй эргээд явах, ярианы төгсгөлд "Та овог нэр, албан тушаалаа хэлчих" гээд бичигчээ амруу чихэх дөхөх, ярилцлага авч байхдаа амандаа бохь зажлан тас няс хийлгэх, микрофоноо зүглүүлчихээд өөрөө цаашаа харах, ажил ихтэй хүмүүс "Түр хүлээж бай" гэхээр хаалгыг нь байн байн онголзуулах зэргээр нүүр улайлгах явдал надад олон удаа анзаарагдаж байна. Тэр бүү хэл хэзээ хойно утсаар овог нэр асуух нь ч бий. Хэвлэлд ярилцлага тогтмол өгдөг хүн болгон иймэрхүү адал явдалтай учирч байсан тухайгаа ярьж, тэр болгонд нь мэргэжил нэгтнүүдийнхээ өмнөөс ичиж улайх юм даа.
    Ажлын шаардлагаар  мэргэжил нэгтнүүдтэйгээ цаг болзох минь олон. Ихэнх тохиолдолд хоёр янзын түрэмгийлэлд өртдөг. Нэгдэх нь болзсон цагаасаа хэзээ хойно ирэх, заримдаа бүр сураггүй алга болчих. "Яасан бэ?" гэж асуувал "Өө уучлаарай, өөр ажил гарчихлаа" гэх. Хоёрдахь нь уулзах цаг завтай эсэхийг асуулгүйгээр шууд л "Та хаана байна. Одоо яваад очъё" гэж тулгах.
Сэтгүүлч хүн ихэвчлэн олны танил, цаг зав муутай, ажил ихтэй хүмүүстэй уулздаг. Ямар ч тохиолдолд өөрийгөө, бас ярилцагчаа хүндлэх ёстой. Бас тэр хүндээ гологдохгүйн тулд ярилцах сэдвээ, ярилцагчаа урьдчилан судалсан байх ёстойгоо та нар минь юунд үл тооно вэ?
     Нэлээд хэдэн жил сэтгүүлчээр ажиллаж буй бүсгүй  надад хандлаа. Сэлэнгэ аймагт саяхан болсон нэгэн сургалтад оролцоод мэргэжил нэгт бүсгүйчүүдээсээ хэрхэн ичсэнээ тэрээр халаглан өгүүллээ. Семинарын төгсгөлд зохион байгуулагч зоог барьжээ. Тэгэхдээ "Та бүхэн намайг уучлаарай. Би хундаганы өмнө уртхан үг хэлэхэд хүрэх нь" гээд ажлынхаа тухай хэсэгхэн ярьтал төвийн гайгүй гэгддэг 2 телевизийн  шинэхэн сурвалжлагч охид "Одоо болъё оо, архиа ууяа" хэмээн хашгирсан байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Та бид хөгшин ч бай, залуу ч бай Сэтгүүлчид гэдэг нэг тогооныхон. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэж монголчууд хэлэлцдэг. Алхам тутамдаа энэ мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж явах ёстой улс шүү гэдгийг л сануулъя.

2 comments:

Anonymous said...

Ta ih zuv hellee. Manai zaluu setguulchid sudalgaa ogt hiihgui bna. Uil yavldiig toimlohiiin orond dan huviin judgement hiideg n buruu. Uuniig turshlagatai expertuud ta buhen helj zasahiig bol uzegchid bol chadahgui ee.

Canadaas.

uyanga sainjargal said...

За энэ бол наад захын асуудал, үүнийгээ засаагүй хүмүүс ямар байх нь ойлгомжтой. Би өөрөө сэтгүүлч мэргэжлээр төгссөн боловч одоо хэвлэл мэдээллийн хариуцсан менежер хийдэг. Манай сэтгүүлчид бат нотолгоо олохгүйгээр ам дамжууд яриа, сэтгэл хөдлөл дээрээ дөрөөлөн шал худлаа мэдээлэл олон нийтэд түгээх нь маш нийтлэг болсон. Мөн хүний үгийг сонсохгүй би бол сэтгүүлч надтай аятайхан харьцаарай гэсэн дээрэнгүй өнгө аясаар ярихаар барахгүй өөрийн мэргэжлээрээ бизнес хийж, шалдар булдар, ховийн чанартай мэдээлэл хийж, хувь хүн болоод байгууллагын нэр төрд халддаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сайтууд нэг нэгийхээ мэдээллийг хуулан тавьж, мөнгө нэхэх, хаалтыг гэрээ хийнэ гэх нэрийн дор хэд хэдэн саяар нь мөнгө салгах тухай л бодож явдаг. Юун тэр улс орон, ард түмний эрх ашиг. Худлаа мэдээлэл тавьсных нь төлөө шүүхэд хандлаа гэхэд хэрэг нь хэтэрхий удаан шийдэгддэг. тэр хооронд аль хэдийн тэр худал мэдээлэл нь нэгнээс нөгөөд хуулагдан хүмүүс буруу мэдээллийг түгээсээр байдаг. Тэрний хичнээн хүмүүс,хичээн байгууллагын эрх ашиг зөрчигдөөд явж байгаа билээ, тэрийг хэрхэн засаж залруулах билээ.Ямар ч хариуцлага хүлээх чадваргүй, мэдлэггүй, дүн шинжилгээ хийх чадваргүй,боловсролгүй, хүн болоогүй нэг үгээр хэлбэл энэ бүх өөдгүй зүйлсээрээ хүнийг зодож, алж, нэр төрийг унагаж, дэвсэж сурсан тэрнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэмт хэрэгтнүүд бол сэтгүүлчид байна. Мэдээж би бүгдийг нь хэлээгүй ер нь бол нийтлэг нэг иймэрхүү болж ээ. Манай өдөр тутмын Өдрийн сонин дээр хүртэл хүний овог нэрийг буруу тавьсан байна лээ. Номтойбаярын зодооны тухай бичихдээ.