Сэтгүүлч
бол онцгой мэргэжил
Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэсэн асуулт аливаа
асуудалд адармаатай эргэлзээтэй зүйл олон байдгийн сонгодог жишээ юм. Гэвч энэ
маргааныг эцэслэн шийдээгүйгээс болоод амьдрал зогсчихоогүй. Хүмүүс өндгийг ч,
тахиаг ч хүнсэндээ хэрэглэсээр байна. Хүний амьд байх эсэх нь хүнс тэжээлээс хамааралтай
учраас тэр.
Тэгвэл сэтгүүлч мэргэжил мөн үү, сэтгүүлзүй шинжлэх ухаан
мөн үү? Эрдэмтэн судлаачид тийм, үгүй гэсэн эсрэг тэсрэг хариултын алийг нь
сонгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байна. Гэвч энэ асуудлыг тодлон
шийдээгүйн улмаас сэтгүүлзүй оршин тогтнохоо байчихаагүй, харин ч улам бүр
хөгжиж, арга хэлбэр, агуулга нь өргөжин тэлж байна. Хүмүүн гэдэг нийгмийн
амьтан учраас, тэдний оюун санааны хоол тэжээл нь мэдээлэл учраас тэр.
Ихэнх улс орон
анагаах, хууль зэрэг салбарынхныг онцгойлон үзэж, энэ салбарт заавал мэргэжлийн
хүн ажиллах ёстой хэмээн зааж, мэргэжлийн холбоотой байх асуудлыг нь хуульчилж,
хариуцлагын тогтолцоог нь баталгаажуулж өгдөг. Тэдний алдаа хор хохирол ихтэй
учраас гэж үүнийгээ тайлбарладаг. Тэгвэл
сэтгүүлч хүн мэргэжлийн алдаа гаргаснаас үүсэх хор хохирол нь бүр ч их. Нэг эмч
мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд хэн нэгэн хүн, түүний ахан дүүс хохирно. Харин
сэтгүүлчийн алдаанаас болоод нийгэм бүхлээрээ ч хохирч мэднэ. Тийм ч учраас
сэтгүүлзүйг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар гэж үздэг. Тэгэхээр
сэтгүүлзүй бол онцгой мэргэжил юм. Онцгой мэргэжил учраас мэргэжлийн нэгдмэл
холбоотой, хариуцлагын нэгдсэн тогтолцоотой,
ёсзүйн нэгдсэн зарчимтай, мэргэжлийн нэгдсэн дүрэмтэй байх ёстой. Ийм байх
нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй хэлбэр хэмээн зарим хүн шүүмжилж байгаад
үгүй хэмээн хариулмаар байна. Энэ бол сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг
хамгаалах, өргөх тухай асуудал. Энэ бол сэтгүүлчид мэргэжлийн байх,
хариуцлагатай байх, ёс зүйтэй байх тухай асуудал. Энэ салбар хүчтэй, чадавхтай,
мэргэжлийн байх тухай асуудал юм. Хэвлэлийн эрх чөлөөг хязгааргүй эрх чөлөө
буюу анархи байдал болгон хувиргаж, энэ байдлыг нь хэлсэн, засаж залах гэсэн
аливаа оролдлогыг хэвлэлийн эрх чөлөөнд
халдсан халдлага хэмээн буруутгаж, олж авсан мэдээллээрээ хэн нэгнийг айлган
сүрдүүлж, рэкетлэж, болохгүй бол бүлэглэн намнаж, шударга ёсны эрх ашгийн
үүднээс нийгэмд түгэх ёстой мэдээллийн
урсгалыг хувийн зорилгоор ашиглаж, зэрлэг капитализмыг өөгшүүлж буй хэсэг бүлэг
этгээд Монголын сэтгүүлзүйн нэр хүндийг шороотой хутгасан. Тэд абсолют эрх
чөлөөндөө хэзээ ч сэтгэл ханахгүй нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Тэд
Монголын сэтгүүлзүйг мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, эрүүл байхын эсрэг
тэмцэж байна.
Сэтгүүлч бол
мэргэжил, тэр дундаа ямар ч мэргэжлийн хүн мэргэшиж болдог онцлог мэргэжил. Энэ
утгаараа суурь мэргэжил нь өөр ч сэтгүүлч болох хүсэлтэй олон олон хүн манай
салбарт урваж, биднийг илүү чадварлаг, илүү хүчирхэг болгож ирсэн, цаашид ч
тийм л байх болно. Мэргэжлийн холбоо байгуулагдвал тэр хүмүүсийг яах вэ гэдэг
асуулт мэдээж гарна. Олон жил ажиллаж, ур чадвараа баталсан хүмүүст мэргэшсэн
үнэмлэхийг нь шууд олгож болно. Бусдынх нь тухайд сэтгүүлч мэргэжлээр боловсон
хүчин бэлтгэж буй одоогийн бааз суурь маань тэднийг богино хугацаанд
мэргэшүүлэх хангалттай боломжтой.
Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх
гол механизм болсон мэргэжлийн холбооны чиг үүргийг хуулиар тогтоохоос өөр
хэлбэрээр төр оролцох ёсгүй. Өөрөөр хэлбэл энэ нь нийт сэтгүүлчдийн төлөөлөл
болсон Сэтгүүлчдийн их хурлаар байгуулагддаг, их хурал нь сэтгүүлчдийн холбооны
бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлж, Сэтгүүлчийн мэргэжлийн дүрэм,
бусад дүрэм журмыг баталдаг байх нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд “Бүгдээрээ
хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээн ардчилал, зөвшилцлийн
зарчмаар асуудлыг шийдвэл алдаа гардаггүйг эрт дээрээс сургасаар ирсэн. Бид ч
гэсэн бүгдээрээ хэлэлцэн байж сэтгүүлчдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох
мэргэжлийн холбоогоо байгуулж, ойрын
болон хэтийн зорилгоо тодорхойлж, салбарын хувьд нэгдсэн бодлоготой, хүчтэй
болж чадна.
Сэтгүүлзүйн салбарт ажиллагсад мэргэжлийн байхын чухлыг
дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид ч хүлээн зөвшөөрч эхлээд байна. “Орчин
үеийн мэдээллийн шинэ хэрэгсэлд ажиллагсад ямар нэгэн гэрчилгээ үнэмлэхгүй,
мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, өөрсдийн дур зоргоор үйл ажиллагаа явуулж
байгаа нь эрсдэлтэй” хэмээн үзэх хандлага сүүлийн үед идэвхжиж байгаа нь
тэдгээрийг үгүйсгэсэн хэрэг биш, харин мэдээлэл олох, боловсруулах, түгээх үйл
ажиллагаа мэргэжлийн байхын чухлыг өгүүлж буй хэрэг юм.
Чөлөөт
хэвлэл бол хариуцлага
Сэтгүүлч онцгой мэргэжил. Тийм болохоор сэтгүүлчийн
онцгой эрхийг үндсэн хуулиараа хамгаалсан улс орнууд нэлээд байдаг. 1831 онд
баталсан Бельгийн Үндсэн хуулийн 25-р зүйлд “Хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой,
мэдээллийн агуулгыг хянах ёсгүй, зохиогч нийтлэгч хэвлэгч нараас баталгаа
шаардах ёсгүй” гэж заасан байдаг. АНУ-ын Үндсэн хуулинд 1791 онд оруулсан
алдарт нэгдүгээр нэмэлтийг бүгд мэднэ. Шведийн хэвлэлийн эрх чөлөөний акт
нь тус орны үндсэн хуулийн бүрэлдэхүүн
хэсэг бөгөөд мэдээллийн эх сурвалжаа илчилсэн сэтгүүлчид хариуцлага тооцох заалттай.
Японы үндсэн хуулийн 21 зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь мөн л
сэтгүүлчдийн сурвалжлах эрхийг хамгаалдаг.
Ер нь бол дэлхийн 80 гаруй орон мэдээллийн эрх чөлөөг
үндсэн хуулиар олгогдсон эрх гэж тодорхойлж, 70 гаруй улсад хэвлэлийн эрх
чөлөөний бие даасан хууль үйлчилж байна. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг
хуульчлан баталгаажуулах асуудал юутай чухлын нэгэн нотолгоо юм. Чөлөөт
хэвлэлийн үзэл санааны талаар бид хангалттай мэдэх учраас давтан нуршихаас
зайлсхийж сэтгүүлчийн хариуцлагын талаар хэдэн үг хэлье.
Хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч, мэдээлэл түгээгчид маш их боломж олгодог.
Онцгой нөхцөл боломж ч гэж хэлж болно. Энэ онцгой нөхцөл боломжийг хэмжээ хязгааргүй ашиглавал хэвлэлийн
эрх чөлөөг бүрдүүлэгч хүчин зүйлсийн зохист харьцаа, тэнцвэр алдагдаж, гажуудал
үүснэ. Үүнээс сэргийлж тэнцвэржүүлэгч хүчин зүйл нь сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлага,
ёс зүй юм. Нэгэнт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдэлсэн л бол хариуцлагаа ч бас биелүүлэх ёстой. Онцгой эрх
эдлээд үүрэг хариуцлага хүлээхийг хүсэхгүй байх нь нийгмийн аливаа зөвшилцөөн
зохицлоос ангид зэрлэг бүдүүлэг байдлыг хүсч буй хэрэг юм. Ийм нөхцөл байдал
нийгэмд үүсч болдгийг шүүмжлэн дурдсан бүтээлүүд цөөнгүй байдаг. Нэг жишээ
татъя.
“Хэвлэн нийтлэгч авьяас билгийн ямар ч үнэргүй, худал
хуурмаг, эсвэл хор хөнөөл бүхий номыг хэвлүүлж, телевизийн ивээн тэтгэгч
өөрийнх нь үзэл бодлыг уландаа гишгэдэг тоймчдыг санхүүжүүлж, сонины эзэд
хэвлэлийн боолчлолын тухай бархирагч залуу хулигаанд сониныхоо орон зайг тавьж
өгөх болох нь. Өөрөөр хэлбэл, нэгэн хэсэг хүмүүс хэмжээ хязгааргүй эрх чөлөөг
эдэлж, нөгөө хэсэг нь арчаагүй хариуцлагагүй байдалд умбах болох нь” гэж Айн
Рэнд олон арван жилийн өмнө “Капитализмыг
өмөөрөх нь” бүтээлдээ бичиж байсан нь өнөөдөр манай нийгэмд яв цав, хэв
хэвээрээ анзаарагдаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэнд ажиллагсдад
хариуцлага юутай чухлыг бэлхнээ хэлээд өгч байна.
Сэтгүүлчийн
ёс зүй бол хэвлэлийн эрх чөлөөний манаач
Дэлхийн ямар ч оронд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг
туйлын эрх чөлөө гэж тодорхойлдоггүй. Олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг
харгалзан энэхүү эрх чөлөөг хязгаарладаг янз бүрийн зохицуулалт байдаг.
Тэдгээрээс хамгийн ихээр анхаарарл татдаг нь сэтгүүлчийн ёс зүйн асуудал.
Үүнийг бид их томоор сэтгэж, өргөн хүрээтэй ярьдаг. Гэтэл хэрэг дээрээ сэтгүүлчийн ёс зүй туйлын
бага зүйлээс эхэлдэг. Тухайлбал АНУ-ын
хэвлэл мэдээллийн байгууллагуудын дагаж мөрдөж буй ёс зүйн дүрэм, журмуудад
түгээмэл анзаарагддаг нэг зүйл нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангахын тулд
мэдээний эх сурвалжаас бага ч болов бэлэг авахыг хориглодог, өөрийн гэр бүлийн
хүний ажилладаг компанийн талаар мэдээ бэлтгэхийг хориглодог гэх мэт. Энэ
мэтээр сэтгүүлч хүний дагаж мөрдөх ёс хэм хэмжээг дүрмээр тодорхойлох практик
олон оронд мөрдөгдөж байна. Жишээ нь Их Британийн үндэсний сэтгүүлчдийн холбоо
нь ийм ёс зүйн дүрэмтэй. Зарим оронд
сэтгүүлчдийн мөрдөх ёс зүйн зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Аль ч тохиолдолд
сэтгүүлчийн ёс зүйн дүрэм нь тухайн редакц, сэтгүүлч аливаа маргаантай
асуудлаар шүүхэд очихоос өмнө зохицуулалт хийх, хуулийн хариуцлага хүлээхээс
өмнө ёсзүйн хариуцлага тооцон нэг ёсондоо хамгаалалт үүсгэхэд чиглэгдсэн
байдаг. Монголд сэтгүүлчийн ёс зүйн дүрэм мөрдөх оролдлогууд олон удаа
хийгдсэн. Бүр социализмын үеэс ч улбаатай гэж хэлж болно. МСЭ, Монголын чөлөөт
сонинуудын холбоо, зарим редакцууд өөр өөрийн гэсэн ёсзүйн дүрэм баталсан ч
хяналт тавих, хариуцлага тооцох механизм нь бүрдээгүйн улмаас бүрэн дүүрэн
хэрэгжиж чадахгүй байна. Гэхдээ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага,
редакц хүсэх юм бол энэ тийм ч хэцүү
зүйл биш гэдгийг нотлох жишээ бидэнд байна.
2012.05.03-нд “ЗА
суваг” тв-ийн эзэд, редакцийн хоорондоо
хараат бус байдлын гэрээ байгуулж , редакцын дүрмээ баталжээ. Ингэхдээ эзэд нь
редакцийн бодлогод оролцохгүй, сэтгүүлчид нь олон түмний мэдэх эрхийг дээдэлж,
ёсзүйн зарчмаа чанд мөрдөнө гэдгээ гэрээгээр тохиролцсон байна. Редакцийн
дүрмэндээ болохоор хөрөнгө оруулагч, редакц, сэтгүүлч, редакцийн зөвлөлийн эрх
үүргийг тус бүрт нь зааж өгчээ. Жишээ нь, хөрөнгө оруулагч редакцийн бодлого,
үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Редакц болохоор сэтгүүлчийн ёсзүй,
зарчимтай зөрчилдөх мэдээ мэдээллийг нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй. Сэтгүүлч
нь аливаа мэдээллийг өөрийн итгэл үнэмшлээр бэлтгэнэ, хөрөнгө оруулагчийн нэр
хүнд, ашиг сонирхолд харш мэдээллийг ч нэвтрүүлэх эрхтэй бөгөөд гагцхүү үнэн
бодитой эсэхийг нь өөрөө хариуцна. Редакцийн зөвлөл нь ерөнхий редактор,
сэтгүүлчдийн төлөөлөл, иргэний төлөөллөөс бүрдэх бөгөөд тус телевизийн
сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой өргөдлийг шийдвэрлэнэ гэдгийг энэ дүрмэнд
тусгажээ.
“За суваг” телевизийн энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл
зөрчигдөөгүй, ямар нэг зөрчил хүндрэл үүсээгүй нь бид хүсвэл ёсзүйн зарчмаа
чанд мөрдөн хараат бусаар ажиллаж чадна гэдгийг харуулж байна.
Сэтгүүлчид өөрийн эрхээ хэтрүүлэн ойлгох, ёсзүйн хэм
хэмжээгээ мэдэхгүй байх, өөрсдийгөө дөрөвдэх засаглал гэж эндүүрэн захирч
засаглах, хүчлэх, сүр үзүүлэх оролдлого хийх, ёс суртахууны хамгийн энгийн
хэмжүүрт ч тэнцэмгүй ёс бус үйлдэл гаргах явдал түгээмэл байгаа нь хэвлэл
мэдээллийн эрх чөлөөг сэтгүүлчид өөрсдөө боомилох, мэргэжлийн нэр хүндээ
унагаах үндэслэл болж байна.
Эцэст нь хэлэхэд “Хэвлэл мэдээлэл чөлөөт биш, үг хэлэх
эрх бие даасан биш, оюун санаа чөдөртэй, айдас хүйдэст хүлэгдсэн бол төр
засгийн ямар хэлбэр дор амьдарч буйгаас үл хамааран та иргэн биш, харин субъект
л байх болно” гэж 1917 онд АНУ-ын сенатч Уильям Бора хэлснийг сануулмаар байна.
Тэгвэл өнөө цагийн монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг
мэдээллээр өвч хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл
бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх
мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байх уу гэдэг нь сэтгүүлч
бидний мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус, эр зоригтой ажиллаж
чадах эсэхээс туйлын хамааралтай байна.
МСЭ-ийн
ерөнхийлөгч Б.Галаарид
2012.11.06-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний
танхимд зохион байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн
хэлэлцүүлэгт тавьсан илтгэл
2 comments:
Saikhan bichsen baina, thank you.
"Сэтгүүлчийн ёс зүй бол хэвлэлийн эрх чөлөөний манаач" энэ үг маш их таалагдлаа.Олон олон сонирхолтой нийтлэл танаас хүлээж байх болно шүү,Танд ажлын өндөр амжилт хүсье!
Post a Comment