Thursday, August 09, 2012

Өөрөөр амьдрахуйн цагаан толгой


Сайхны тухай бичмээр санагдлаа. Сайхан гэдэг дэндүү харьцангуй ойлголт. Монгол найрагч Данзангийн Нямсүрэн “Эрээнцавд бороо орох сайхан” гэж нэг шүлгэндээ бичсэн байдаг. Түүнийг нь их л олон хүн эш татдаг. Энгийн, нэг хэлээд л толгойд тогтчихдог болохоор зарим нь эшилдэг байх. Зарим нь Нямсүрэн гэдэг найрагчаар өөрийгөө гоёх гэж эшилдэг биз. Зарим нь ч зүгээр л моодорхдог байх. Харин хур чийг багатай газарт бороо орно гэдэг ямар чухал үйл явдал болохыг яс махнаасаа мэдэрсэн хүнд бол энэ мөр үнэ цэнэтэй, утга учиртай.
Би Эрээнцавд очиж үзээгүй. Бодвол хур бороо багатай, манайхархуу нутаг биз. Манайх гэдэг маань холын цэнхэр Алтайн тэртээх баруун хаяа л даа. Тэнд  нэг удаа л сайхан бороо орчихсон байхад ангамал хөрсөн дорхи өвсний үндэс сэрж, хаа сайгүй агь таана
үнэртсэн сайхан зун болдог.  Ус чийг ховор газрын ургамал ногоо олдсон жаахан чийгээ хадгалах талаараа гаргууд. Тийм нутагт төрж өссөн нэгэн бол Д.Нямсүрэн найрагчийн тэр шүлгийн  сайхныг жинхэнээс нь мэдэрнэ.
Түүнлүгээ нэгэн адилаар сайхныг хүн юм болгоноос өөр өөрийнхөөрөө олж болно. Миний хувьд сэтгэлд гэгээ тусгасан номноос сайхныг эрэх дуртай. Саяхан “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” нэртэй нэгэн ном уншаад бас нэгэн сайхныг мэдэрлээ. Зохиогч нь Гомбосүрэнгийн Оюунгэрэл. Хүмүүс “Орифлеймын” гэхээр сайн  мэддэг дээ. Энэ эмэгтэй анхны номоо бичиж, түүндээ зөв амьдрахын утга учир, хүмүүн заяанд төрөхийн утга учрыг хэрхэн сэрж мэдэрсэн, олж таньснаа өгүүлжээ.
Хүн гэдэг анхнаасаа материаллаг сонирхолд хүлэгдсэн нүгэлт бодгаль биш, сэтгэлээрээ гэгээн тунгалаг байх учиртай бурхад гэдгийг хэрхэн олж мэдсэнээ тэрбээр энгүүн сайхнаар хүүрнэжээ. Энэ сэдэв сүүлийн үед их л моодонд орж, олон ч хүн лекц уншиж, олон ч хүн ном туурвисан. Орчуулгын бүтээлүүд ч зөндөө олноороо гарсан. Миний хувьд тэдгээрийг аль болох анзааралгүй өнгөрөөчихгүйг хичээж, бас өөнтөглөн сонжиж явдаг нэгэн. Тэр ч утгаараа хийрхэл, ташаарал, төөрөгдөл, хоосон номчирхол, мухар сүсгийн хүлээс,  сайхан ярьж мөнгө олох гэсэн атгаг санаа гээд  байр байцыг нь баримжаалахтайгаа болсон гэж боддог. Ерөнхийдөө сэтгэл дундуурхан явдаг гэх үү дээ. Харин Г.Оюунгэрэл гуайн номыг уншиж дуусгаад “Энэ хүн амьдралын утга учир нь өнгө мөнгө биш гэдгийг олж харсан, материаллаг шуналаас өөрийгөө чөлөөлж чадсан хүн юм” гэсэн бодол төрсөн шүү.
Тэрбээр хүмүүн заяаны утга учрыг олох гэж ихээхэн эрэлхийлж, лам болох гэж оролдож, Христ итгэлтэн болж үзэж, эцэст нь өөрийн дотор хүнээ, бодол санаагаа өөрчлөх нь хамгийн зөв гэдгийг ойлгон өөртэйгээ тэмцэж эхэлсэн түүхээ энгүүн ойлгомжтойгоор хүүрнэж, энэ тэмцлийн явцад монгол ардын сургаал үгсийн агуу утгыг хэрхэн мэдэрч монголчуудын өвөг ухаанд биширснээ хуучилжээ.
Түүний бичсэн бүхэн агуу гайхамшиг гэж би мэдээж туйлшрахгүй. Гэхдээ аливаад авах гээхийн ухаанаар ханддаг цөлх монгол ухааны шүүлтүүр даах олон сайхан зүйл байгааг хэлэхгүй өнгөрвөл нүгэл болно. Хамгийн гол нь тэрээр өөрийн олж таньсан үнэнээ л өчсөн болохоос минийх туйлын үнэн, бусдынх худлаа, баа-баа гэж зүтгээгүй, итгэл үнэмшлээ бусдад тулгаагүй нь сайшаалтай санагдлаа. Хөндсөн сэдэв нь мэдээж маргаантай, олон талтай, нотлоход бэрх ч гэлээ хүмүүний сэтгэлийг гэгээрүүлэхийн төлөө гэсэн, сэрж ухааруулах, угтан буй алдаа эндэгдлийг сэрэмжлүүлэх, монгол хүн монголоороо байх, үлдэхийн утга учрыг тайлан өгүүлэх гэсэн оролдлого нь өөрөө сайхны дээд илэрхийлэл юм. Ийнхүү Г.Оюунгэрэл орчлонгийн сайхныг нэгээр нэмж, сайхан ном бичжээ. Та нэг сонирхоорой.
2012.08.08.

5 comments:

Я.Одгэрэл said...

Сайнуу багшаа? Ажил ихтэй л байна уу?
Бороо гэснээс...
Зүүн аймагт Улс төрд нэр дэвшигч хоёр тойрогтоо очин лекцэлсэн юм байх. Нэг нь хөгжил дэвшил, техник технологи гээд том том юм ярьсан юм байх. Харин өнөөх нь -Би Цаг агаарын мэдээгээр Зүүн зүгийн нутгаар шуургатай гэхээр дотор муухайрдаг гэж хэлээд зааланд суусан хүмүүсийг бүгдийг нь огшуулжээ. тэрэн шиг үе үе Алтай яваад байгааг ч хэлэх үү
-Цаг агаарын мэдээгээр Баруун зүгийн нутгаар бороотой гэхээр сэтгэл гэгэлздэг болчихоод байгаа.Шууд гараад тэр зүг рүү гүйчихмээр...
Хэдэн өдөр биш юмаа гэхэд 2 өдөр сайхан орчихоосой гэж сураг тавьдаг болчихсон.
- тэр номыг заавал уншина аа

Anonymous said...

бороо орох сайхан гэдэг ийм учиртайм байжээ, бороо хур ховор биш нутгийн хүн болохоор ингэж бодож ойлгож байсангүй.

Орифлемийн оюунгэрэл туулсан үзснэнийхээ хирээр овоо ухаажсан шиг билээ, гэхдээ танд төрсөн сэтгэгдэл бол тэр хүнийг мэдэхгүй, оюун ухамсартай нь тулж харьцаагүй хүний сэтгэгдэл..

Giancarlo said...

Un caloroso saluto dall'Italia...ciao

Anonymous said...

Ι hаve rеaԁ so many artіcles conсеrnіng the bloggeг
loνers eхcept this articlе
іѕ really a good ρarаgraph, κееp it up.
my website - Wishcreditcard.Com

Тэмээчин бүсгүй said...

Ямар гоё бичдэг юм бэ.