Saturday, October 17, 2009

Хүн хувьтавилангаа өөрөө л өөрчилж чадна

Сэтгэлзүйч, “ Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шинжээч Михаил Виноградов Аюулаас хамгаалах системд гоц мэдрэхүйн асуудлыг олон жил хариуцаж ирсэн туршлагатай нэгэн. Тэрээр гоц мэдрэхүйн асуудал нь ид шид гэдэг ойлголтоос ангид авч үзэх ёстой бодит зүйл гэсэн итгэл үнэмшлээр асуудалд ханддаг нэгэн билээ. Түүнтэй хийсэн нэгэн ярилцлагыг санамсаргүй олж үзээд баримт фактууд нь онцгой сонирхол татсан учраас "Гэрэлт Цалиг" сонинд орчуулж нийтэлснээ блогтоо оруулж байна.


-Зөн билгийн тулаанд үнэхээр гоц чадвартнууд ордог уу? Эсвэл ээлжит шоу юу?
–Нэвтрүүлэг эхлэх бүрт ойролцоогоор 1000 орчим хүн ирдэг. Тэднээс авьяас чадвартай гэсэн 100 орчмыг нь үлдээгээд түүнээсээ арвыг нь сонгодог. Тэднээс үнэхээр шалгарсан гурвыг тодруулдаг.
Гоц чадвар гэдэг бол илүү мэдрэмж. Гурав ангилж болно. Нэгдүгээрт, эмчлэх чадвар. Хоёрдугаарт, болж өнгөрсөн үйл явдал руу нэвтэрч чадах далдыг мэдрэгч чадвар. Гуравдугаарт, үйл явдлыг угтан хэлж чадах далдыг харах чадвар. Алинд нь ч ямар нэг ид шидийн, ойлгомжгүй зүйл байхгүй. Лут их нууц гэж байхгүйг би Аюулаас хамгаалах яамны тусгай судалгааны төвийг толгойлж байсны хувьд хэлнэ. Дэлхийн бүх л тусгай албадын нэг үүрэг нь гоц мэдрэхүйг судлах асуудал байдаг.
Хүн бол хүлээн авч дамжуулагч адармаатай систем шүү дээ. Анагаах ухааны олон арга үүн дээр л үндэслэдэг. Бид биотог, дулаан цацаргалт, соронзон давтамжийг бичиж авдаг. Гоц мэдрэхүй гэдэг бол илүү нарийн мэдрэмж, хүн өөрийн эрчмээ ямар нэг зүйлд хандуулж, хариу авах чадвар. Энерги хадгалагдах хуулиар яривал хүн үхэхэд түүний энергетик нь хий бие (фантом) хэлбэрээр сансарт оршдог. Хаана гэдгийг нь би мэдэхгүй. Хүний биеэс гэрлийн хурднаас илүү хурдтайгаар сансар руу гараад хариу болон эргэж ирдэг тусгай цацраг байдаг. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Би шашин судлаач биш. Материалист ухааны үүднээс яривал гоц үзэгдэл гэгч яалтгүй байгаа бөгөөд бодит хөрстэй гэдгийг хэлэх байна. Гоц үзэгдлийг дэлхийн бүх тусгай албад судалдаг. Английн тагнуулын алба хэд хэдэн тайланг нээлттэй болгож, ТТГ-т үйлчилдэг хүрээлэнгүүдийг нэрлэсэн. Манайхан ч энэ асуудлыг судалж байсан, судалж ч байна. Бидний шаардлага хангахуйц гоц мэдрэхүйтэн улс орон бүрт 19-20 л байдаг. Японд 21, Америкт 20, хуучин ЗХУ-д 22 байсан. Лабораторийн тухайд зөвлөлт засгийн бүр эхэн үед Сталины шийдвэрээр байгуулагдсан. Гоц үзэгдэлтэй би дөчин жилийн өмнө залуухан эмч байхдаа ийм чадвартай эмэгтэйг судалснаар анх учирсан. Гоц мэдрэхүй хүн төрөлхтний хувьд эртнээс танил зүйл. Балар цагт үүнийхээ ачаар л хүн төрөлхтөн тэсч үлдсэн. Амьтад бол одоо хүртэл гоц мэдрэхүйгээ хадгалж байна. Амьтад үүрэндээ хүрэх замыг өчнөөн бээрийн цаанаас олсон тохиолдол олон. Би гэртээ янз бүрийн цагт л харьдаг. Гэхдээ нохой маань намайг очихоос яг хорин минутын өмнө цонх руу очин гарааш руу хардаг. Хүнээс ялгарч буй цацрагийг хүлээн авах боломжийг бид цэрэг дайчдын бэлтгэл сургуулилтад ашигладаг. Тэд өнжин хонон хоол ундгүй явах нь хэвийн үзэгдэл. Бид тэднийг дулаан ялгаруулж буй эх үүсвэр рүү буудахад сургадаг. Тусгайгийнхан таг харанхуйд ч байгаа бүрэн устгаж чадна.
Анагаах чадварын тухайд гоц мэдрэхүйтэн өөрийн мэдрэмжээрээ өвчтэй эрхтнийг тодорхойлдог. Харин эмчилгээг телевизээр үзүүлэх боломжгүй. Яагаад гэвэл үр дүн нь гартал цаг хугацаа хэрэгтэй. Тийм болохоор телешоугаар харуулах боломж хомс.
Бид нас барсан 3, амьд 2 хүний гэрэл зургийг дугтуйлаад гоц мэдрэхүйтнүүдэд өгөхөд илж үзээд ямархуу төрхтэй, ямар хувцастай, яаж үхсэнийг нь хэлж чадаж байсан. Тэнд Сталин, Ванга, Диана гүнж гурвын зураг байсан. Амьд хүмүүсийн тухайд гэвэл нэгийг нь үхэл амьдралын зааг дээр гурвантаа очно, нөгөөг нь зүрх асуудалтай гэсэн. Үнэхээр эхний хүнд гурван удаа ноцтой аюул тулгарч, нөгөө хүнийх нь зүрх хоёр долоо хоногийн дараа өвдсөн.
Гэрэл зураг хэдийгээр мэдээлэл ялгаруулдаггүй ч тэд гоц мэдрэхүйтэн, объект хоёрын хооронд холбогч, ямар нэг мэдээлэл тээгч болдог. Гэхдээ ихэвчлэн төвлөрөхөд нь тусалдаг.
Угтан харахын тухайд гэвэл бид цунами, хүчтэй шороон шуургыг угтан хэлж чадна. Гоц мэдрэхүйтнүүдийг эртний нэгэн овгийнхны эзэмшил газар, оршуулган дээр зоогийн газар барьсан цэгт аваачсан юм. Оршуулга байсан гэдгийг, таагүй газар юм гэдгийг бүгд хэлсэн. Тэгэхээр ямар нэгэн энергетик үлдсэн байж таарах нь.
Залуухан эмэгтэй үрэгджээ. Мөрдөгчид галтай болгоомжгүй харьцсанаас болсон гэж үзжээ. Түүнтэй хамт нохой нь бас шатжээ. Гэтэл гоц мэдрэхүйтнүүд энэ бол аллага гэж үзсэн төдийгүй алсан хүнийх нь нэрийг ч хэлсэн. Танайд амьтныг хүнтэй хамт оршуулдаг уу гэсэн асуултаараа гоц мэдрэхүйтэн бидний эргэлзээг арилгасан. Булшийг даавуугаар бүтээсэн байлаа. Гоц мэдрэхүйтэн тэр булшинд байгаа нохой ярьж байна гэсэн. Гэтэл шатсан яснуудыг ялгаж чадаагүй учир хамт оршуулсан болж таарсан. Ийм юмыг гагцхүү гоц мэдрэхүйтэн л хэлж чадна.
-Та нэвтрүүлгээс хойш тэдэнтэй ажилладаг уу? Гоц мэдрэхүйтнүүд нийгэмд тус хүргэж чадах уу?
-Нийгэм гэдгээс эхэлье. Үүнд үйл явдлыг задлан шинжлэх, нэмт хэрэг илрүүлэхэд туслах зэрэг орно. Гоц мэдрэхүйтэн болгон өөрийн гэсэн чиглэлтэй байдаг. Туршилт даваад чадвар нь батлагдсан хүнийг тухайн тохиолдолд боломжтой гэж үзвэл санал болгодог.
Гоц мэдрэхүйтнүүд эмчилж анагааж чаддаг. Тэд сэтгэлзүйч, мөн биоэнергиэр эмчлэгч гэсэн давхар үйлчилгээ үзүүлж чадна. Хуурамч зальтнуудын тухайд бол эмч нар дунд ч ёс зүйгүй, мэдлэггүй хүмүүс байдаг шүү дээ. Зарим мэс засалчид мафийн захиалгаар эрүүл хүний хөлийг нь тайрч, тэр нь дараа нь тэргэнцэр дээр суучихаад гуйлга гуйж явдаг. Харин жинхэнэ баатрууд хэзээ ч тэгж доош ордоггүй.
Гоц мэдрэхүйтнүүд тусгай албадад тус болох нь бий. Цэргийн хүрээлэнд АНУ-ын цэрэг дайны чадавхийг тодорхойлох хэсгийг толгойлж байсан нэгэн авьяаслаг эрдэмтэн, гоц мэдрэхүйтнийг би мэднэ. Тэрээр Нэгдсэн улс нэгэн зэвсэг бүтээж байгааг дүүжингийн тусламжтайгаар мэдсэн гэжээ. Захирал нь үүнийг яах вэ гэж надад хандлаа. Шалгах үүрэг өг гэж би хэллээ. Цэргийн технологийн шинэ чиглэлийн тухай түүний таамаг гурвантаа батлагдсан юм. Тийм хүмүүсийг тусгай зорилгоор ашиглаж болно.
Ахуйн түвшинд гэвэл хүн худлаа хэлж байвал хэн ч түүн дээр ирэхгүй. Хэрэв хүмүүс ирээд байвал үнэн хэлж, ашигтай зөвлөгөө өгч, хэлсэн нь биелж байна гэсэн үг.
-Хувь тавиланг өөрчилж болох уу? Эсвэл бүгд эртнээс шийдэгдчихсэн байдаг уу?
-Энэ асуулт олон хүнийг догдлуулдаг. Гүн ухаан, шашин, зүгээр л амьдралын туршлага талаас харвал хүний амьдрал эхнээсээ төгсгөлөө хүртэл хэмжигдчихсэн байдаг. Хүн амьдралын замыг туулах явцдаа өөрийн хувь тавилангаа бүтээж байдаг.Эрин зууны шинжтэй үйл явдлаас бусад нь хүний өөрийнх нь гарт бий. Хувь заяандаа хүн болгон нөлөөлж чадна. Эхлэх цэг, дуусах цэг хоёр л хэмжээтэй, түүнээс зайлах аргагүй. Үлдсэн бүгд тухайн хүний өөрийнх нь хөтөлбөрт хувилбар хэлбэрээр агуулагддаг. Хазгай юу, тэгш үү гэдэг өөрөөс чинь л хамаарна.
-Өөрийнхөө чадварыг яаж мэдэх вэ? Эсвэл хуурамч үзмэрчдийг яаж таних вэ?
-Хуурамч шидтэнийг туршилтаар л танина. Хүн болгонд гоц чадвар байдаг. Жирийн сорилт-тест аваад л мэргэлж чадах эсэхээ шалгачихаж болно. Гэхдээ хөгжимчид олон ч Ростропович ганц гэдэг шүү дээ. Жинхэнэ гоц мэдрэхүйтний чадвар мянгад ганц заяадаг. Ихэнх хүмүүс бие махбод, сэтгэл зүйн цохилт гэмтлийн дараа л өөрийн гоц чадвараа мэдэрдэг. Гоц мэдрэхүйтэн гэдэг янз бүрийн суваг дээр тохируулсан өнгөт зурагт л гэсэн үг.
Их олон шидтэн, их олон хуурамчууд гарч байна. Чумак яаж ус цэнэглэдэг байсан тухай ярьж болно. Намайг шинжээчээр урьж байсан. Кашпировскийг гарч ирэхэд би шинжлэх ухааны төвийг тэргүүлж байсан. Анагаахын судалгаа практик хоёр салшгүй. Кашпировскийн үйлчлүүлэгч нь том түшмэлийн эхнэр байсан тул намайг шинжээчээр урьсан. Тэр гоц чадвараа миний дэргэд гаргахыг хүсээгүй. Тэнд байсан санваартныг гаргахыг шаардсан. Ёс зүйн утгаараа туйлын сөрөг байдал харуулсан гэж санагддаг. Эмнэлзүйн ховсыг шоу болгож болохгүй. Энэ бол хүнд туслах агуу хүчирхэг хэрэгсэл. Түүнийг тэрээр мөнгө олох арга болгосон. Хүмүүсийн бие нь муудаж байсан. Ховсчин хүн өвчтөнд туслах ёстой болохоос гай болох ёсгүй. Ялангуяа ийм зүйл дээр бүхнийг зөвшөөрсөн задгай байдлыг халж, хүнд гай болохгүй зүйлийг л хийх хэрэгтэй. Би ховсчны чадвартай, эмчийн ажлаа ховсоор эхэлсэн хүн. Дараа нь шинжлэх ухаан руу шилжсэн. Миний санаачилгаар төв байгуулж, түүнийгээ би удирдаж байлаа. Дайны үед хүн амын сэтгэл зүйг хамгаалах арга зүйн чиглэлээр ажиллаж байлаа. Нийтийг хамарсан сүйрлийн үеийн сэтгэл хөдлөл, айдас, барьц алдалт гэсэн ойлголт байдаг. Би бүх л сүйрлийн үед ажилладаг багийг толголйж байв. Бидний боловсруулсан шуурхай тусламжийн аргуудыг одоо Онц байдлын яам, сүйрлийн анагаах ухаан хэрэглэдэг. Хоёр удаа Чернобыльд ажиллаж, тусгай албад, аврагчдын ажлын чадварыг дээшлүүлж, сандрал түгшүүрээс гаргаж байлаа. Үймээн сандраан дэгдээгч химийн бодис хэрэглэдэг психотрон, психотропын зэвсэг гэгч ойлголт байдаг. Би мэргэжилтний хувьд энэ бүхэнтэй ажиллаж байсан. Чумак мөн л ийм замаар миний гарт орж ирсэн. Түүний усны шинж чанарыг тодорхойлж өгөөч гэж надаас хүссэн. Ус бол хамгийн хүчтэй мэдээлэл дамжуулагч. Түүний мөн чанарыг дэлхийн олон орны эрдэмтэд судалдаг. Ариун усны тухайд бол үнэхээр хүчтэй шинж чанартай. Санваартнууд шившлэгийн хүчээр цэнэглэж чаддаг. Мөн гоц мэдрэхүйн замаар ч цэнэглэж болно. Усны физик чанар хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан туршилтууд байдаг. Чумак өмнөө байгаа усыг хэрхэн цэнэглэх чадвартай нь надад ойлгомжгүй. Сэжиг төрүүлдэг ч Чумакт орлого авчирч байна. Түүнийг яагаад зурагтаар гаргаж эхэлсэн нь миний ярих асуудал биш.
-Михаил Викторович, эмэгтэйчүүд яагаад илүү их гоц мэдрэхүйтэй байдаг юм бэ?
-Эмэгтэйчүүдийг дутуу үнэлэх нь тусгүй гэж тархины үйл ажиллагааг судалдаг мэргэжилтний хувьд хэлмээр байна. Эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс өөр байдаг нь үнэн ч авьяаслаг эмэгтэйчүүд эрчүүдээс олон байдаг. Эмэгтэй хүний бие махбод илүү мэдрэмтгий учраас гоц чадвар илүүтэй байдаг.
-Гоц чадвартнууд хар тамхины донгоос салгаж чадах болов уу?
-Хэн нэг гоц чадвартан, эсвэл эмч хар тамхинаас үнэхээр гаргаж чаддаг байсан бол түүний гадаа олдон мянган хүний дараалал үүсэх сэн. Энэ шалтгаанаар ямар ч гоц чадвартанд бүү хандаарай гэж зөвлөе. Бид тусалж чадахгүйдээ асуудал байгаа юм биш. Энэ бол нийгмийн хүнд асуудал. Тус болж чадах эмч, гоц мэдрэхүйтэн олон ч эмчлүүлэгч маань эргээд л нөгөө орчиндоо очдог. Хүнийг хамаарлаас нь гаргаад, бие махбодыг нь цэвэрлээд гаргангуут түүнийг эмчлүүлэхээр чирч очсон хүмүүс нь өөрсдөө “За гараад ирэв үү? Алив ууя” гэх. Тэгэхээр асуудал нь эмчилж чадах эсэхдээ биш, харин тэр хүн хуучин орчиндоо эргээд очиж буйд байгаа юм.

5 comments:

Anonymous said...

Сонирхолтой байлаа.

Single_Leaf said...

тун сонирхолтой юм.

bolor7erdene said...

Энэ сэдэв үргэлж сонирхол татдаг. Психотронийн чиглэлд сонирхол татагдаад бгаа нь энэхүү зөн билэгтэй ч холбоотой байж болох юм. Сонирхолтой яриа бсаан, уншсан.

Anonymous said...

yheed sansar luu haash yavdagiig ni carlos castaneda geed neg ANU nohor baahan burj aldsan bdgiin...

Anonymous said...

Сайн байна уу? Шинэ оны мэнд xүргэе
Таниас нэгэн зүйлийг асууx гэсэн юм,xариулан гэдэгт итгэж байна.Зөнч xүний ур чадвар биенд нь шингэсэн бол яаж тэрнийг илрүүлэн гаргаж ирэx вэ? Яаж??? Энэ талаар надад туслаач.
Xүндэтгэсэн Аагий