Monday, October 26, 2009

Найруулгазүйн тухай-1

Ажлын онцлогоос болоод миний гарт эхлэн бичигчид, элдүүр нь ханаагүй сэтгүүлчдийн бичсэн утга найруулгын алдаатай мэдээ, бичвэр олонтаа орж ирдэг. Түүнийг засаж найруулаад явуулах нэг хэрэг, харин тэнд гарч буй алдааг бусдад жишээ болгон хүргэвээс нэг ч болов хүнд хэрэг болох ч юм бил үү хэмээн бодоод найруулга зүйн тухай цуврал практик зөвлөмж бичье гэж шийдлээ. Мэдээж би өөрөө төгс төгөлдөр хүн биш учраас эндүүрэл ташаарал байх аваас шүүмжлэлийг талархан хүлээж авах болно.
Жишээ: Хятадын дөрвөн цагдаа, Монголын арван цагдаагийн ажилтнуудын тусламжтайгаар...
Алдаа: Арван гэдэг үгийн байрлалыг буруу сонгосон байна. Энд арван хүний тухай яригдаж байгаа тул уг тодотголыг ажилтан гэх үгийн өмнө оруулах нь зүйтэй. Хоёр дахь алдаа нь ажилтнууд гэж олон тооны дагавар залгажээ. Арван сайдууд
гэж хэлдэггүй, арван сайд л гэдэг нь монгол хэлний онцлог.
Цагдаа гэх үг нэгд цагдаагийн ажилтан, хоёрт цагдаагийн газар гэсэн утгыг илэрхийлэх тул түүний өмнө тоон тодотгол оруулснаар буруу утга үүсэх магадлал бас бий.

Жишээ: Улсынхаа удмыг таслахгүйн төлөө их эзэн Чингисийн айлтгаж...
Алдаа: Удам гэдэг үгийг гагцхүү хүнтэй холбоотойгоор л хэрэглэдэг. Түүний, тэрний удам, удам судар, үр удам гэх мэт. Төр улсын тухайд ийн хэрэглэх нь зохимжгүй төдийгүй, ойлгомжгүй утга үүсгэж байна.

Жишээ: Тавин настайдаа улстөрийн үйл ажиллагаагаа эхэлж, өндөр тушаалын түшмэл болон ажиллаж...
Алдаа: Улстөрийн үйл ажиллагаагаа эхэлж гэдэг нь туйлын болхи хэллэг. Улстөр сонирхож, улстөрч болж, улстөр рүү алхан орж гэхчлэн уг утгыг янз бүрээр илэрхийлж болно. Өндөр тушаалын түшмэл болон ажиллаж гэдэг ч бас болхи найруулга. Өндөр албанаа тохоогдох, томилогдох, зиндаа өндөртэй түшмэл болох гээд
түмэн янзаар найруулан бичиж болно. Нэгэнт чухал албанаа тохоогдсон, түшмэл болсон л юм бол ажиллах нь ойлгомжтой учраас ажиллаж гэдэг үг ч илүү юм.

7 comments:

eebee said...

Миний блог руу орж саналаа бичсэн тань их баярлалаа.Миний бичлэгүүдийн алдаа мадгийг засаж өгч байхыг бодоорой. Найруулгазүйн тухай ингэж бичиж байвал их хэрэгтэй юм байна шүү. Маш хэрэгтэй юм байна.

Э. Баярсайхан said...

Үгээ буруу бичиж буй хүмүүст, найруулга гэж ярихаар дэмий зүйл ч болох вий.

Тэгэхдээ цааш үргэлжлүүлэн бичээд байгаарай. Би бас суралцъя.

Arsun said...

Монголын цагдаагийн арàв, Хятадын цагдааãèéí дөрâºí ажилтнû тусламжтайгаар...ãýõ ¿¿.

Anonymous said...

Монголын цагдаагийн арав, Хятадын цагдаагийн дөрвөн ажилтны тусламжтайгаар...гэх үү.

batu1225 said...

"Улс төр рүү алхан орж" биш "улс төрд алхан орж" гэвэл зүгээр биш үү. Манайхан энэ "руу, рүү"-нүүдээ цэгцэлмээр юм аа. Орос, англи хэлнээс орчуулахад дандаа "руу, рүү" гэсээр байгаад сүүлдээ бүр тогтчих шинжтэй болж байх шиг. Уул нь бид "дэлгүүр оръё", "хөдөө явъя", "гэртээ ор" гэж ярьдгаас биш "дэлгүүр рүү оръё", хөдөө рүү явъя", "гэр рүүгээ ор" гэж ярьдаггүй шүү дээ.

Pearle Deppsu said...

Өчигдөр таныг мэдээгээр харавш. Тэгж нэг гэгээн мэлмийг тань тольдов :P

Таны жүжгийг үзнээ :)

Амжилт

songool said...

http://buryat-mongolia.info/bloguud/songool/archives/110