Thursday, October 08, 2009

Мэдлэгийг мөнгө болгож, бүтээгдэхүүндээ мэдлэг шингээж байж Монгол хөгжинө

Б.Галаарид ("Зууны мэдээ" №236. 2009.10.09)
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв монголчууд дэлхийн хөгжлийг хөөж гүйцэхгүй бол угтаж тосон зам нийлье гэсэн нэгэн уран санааг хэдэн оны жилийн өмнө бичиж билээ. Энэ бол зүгээр нэг гоё үг биш, ерөөсөө бид богино хугацаанд хурдтай хөгжье гэвэл хөгжлийн стратегиа эргэн харж өөрчилж, бусдын яваагүй зам харгуйгаар дөтлөн тэдэнтэй алхаа нийлүүлье гэсэн маш прагматик санаа гэж би ойлгосон. Уг нь монголчуудын их тэсрэлтийн үе болох арвангурав, арвандөрөвдүгээр зуунд гадаадын улс орныг тэгшитгэн түвшитгэх, байлдан дагуулах цэрэг дайны үйлд ихэд хэрэглэдэг байсан арга л даа. “За, монгол цэргүүд тэрүүгээр тэрүүгээр яваад энд иртэл тэдэн сар, төдөн хоног болно” гэж нөгөө талынхан тооцоолчихоод аажуу уужуу сууж байтал нь нөхдүүд газрын бартаа, уулын өндрийг үл тоон зам товчлоод гэнэтхэн ороод ирдэг байж. Технологийн хөгжил асар их боломжийг дэлхийн улс орон болгон, хүн бүрт адил тэгш олгосон энэ цаг үед ингэж амдаж тосох боломж бидэнд үнэхээр бий. Хэдэн жилийн өмнө цахим ертөнцийн эчнээ танил болж, аутсорсинг, инновац, мэдлэгт тулгуурласан эдийн засаг, виртуал ертөнц гэхчлэн тухайн үедээ шинэлэг агаад ер бусын сонин сэдвүүдээр мэдээлэл, санал солилцож явсан блогч анд маань саяхан намайг нэгэн хүнтэй танилцуулж, хөгжлийн сэдвээр ярилцахыг санал болголоо. Шинэ танилыг маань Булгаагийн Ганбат гэдэг. Түүнийг сонсож, түншиж хэсэгхэн зуур хөөрөлдөөд салсны дараа хийж буй ажлынхаа талаар ярьж байхдаа энэ залуу нийт монгол хүний нийтлэг сайхныг эрэлхийлж, түүнд хүрэх арга замаа олчихсон мэт нүдэнд нь гэрэлтэж байсан гал сэтгэлээс ер гарсангүй. Эцэст нь түүний ярьсныг уншигчидтайгаа хуваалцахгүй байх нь дэндүү аминчхан хэрэг хэмээн шийдэж эдгээр мөрийг бичиж сууна. Уг нь би асуулт тавиад л, ярилцагч маань түүнд хариулсан уртын урт ярилцлага хийж болох л байх. Гэвч түүний сэтгэлд хадаатай явдаг бодлуудыг түүвэрлэн хүргэх нь илүү өгөөжтэй гэж шийдэв.
***
Манай Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг их буруу эхэлсэн юм. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулна, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар бүх зүйл аяндаа цэгцэрч хөлөө олоод явчихна гэсэн үзэл бодол давамгайлж байсан. Үүнээсээ болоод хорь шахам жил ямар ч бодлого, төлөвлөлтгүй явчихсан. Үр дүн нь тодорхой. Хэдхэн жилийн өмнө батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эс тооцвол бидэнд хөгжлийн үзэл баримтлал гэж байсангүй. Яаж хөгжих вэ, хаашаа ямар замаар явах вэ гэдэг тодорхой бодлого байх хэрэгтэй биз дээ. Хөгжлийн тодорхой цэгт хамгийн шулуун замаар явж очих нь мэдээж хамгийн сайн арга. Гэхдээ манайх шиг геополитикийн өвөрмөц орчин, уудам нутаг, цөөн хүн ам, 50 сая толгой мал, ихээхэн газрын баялаг бүхий оронд тохирох өөрийн гэсэн зам хэрэгтэй. Стратегийн үүднээс зарим зорилгод шулуун замаар, зарим зорилгод тойруу замаар хүрэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл уран нүүдэл хэрэгтэй. Тэгэхээр үүнийг хэн тодорхойлох вэ? Төлөвлөгчид үү? Үгүй. Стратегичид л тодорхойлно. Төлөвлөгч хүн бол хэзээ ч стратегич байдаггүй.
***
Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг оноор нь гаргасан үзүүлэлт энэ байна. Өнгөрсөн хоёр жилд л гэхэд манай боловсруулах үйлдвэр ДНБ-ий 6.1 хувийг эзэлжээ. Уул уурхай, олборлох үйлдвэр тэгэхэд бараг гучин хувийг эзэлж байна. Тэгэхээр бид боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргахгүй бол хэзээ ч олигтой хөгжихгүй. Түүхий эдийн үнийг глобал зах зээл л тодорхойлдог. Харин бүтээгдэхүүний үнийг үйлдвэрлэгчид тогтоодог. Тэгэхээр зэсийн баяжмал гаргахад үнийг нь гадаад зах зээл тогтоож өгөөд, бид тэр үнээр нь л борлуулна. Харин боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргавал үнээ бид өөрсдөө тогтооно. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ өөрийн хүссэн үнээр зарна. Энд л зарчмын ялгаа, бас бидний алдаа байгаа юм.
***
Гадаад зах зээлээ зөв тодорхойлж бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Жишээ нь, өнөөдөр Хятадын нийт хүн амын 10 хувь нь сард 2000$-оос дээш орлоготой хүмүүс байна. Өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад жирийн мэт боловч хэрэглээ нь дундаж хятад хүнийхээс хавьгүй илүү чанаржсан 120 сая хүн байна гэсэн үг. Энэ 120 сая хүн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд гадаадаас мах, төмс импортлож байна. Энэ чинь том зах зээл биш гэж үү? Бид өөрийн хэрэгцээнээс илүү үйлдвэрлээд энэ зах зээл рүү нэвтэрч яагаад болохгүй гэж?
***
Малайз улс хөгжлийн өнөөгийн түвшинд хүрэхэд нефтийн үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Экспортод түшиглэн хөгжилд хүрсэн. Гэтэл нефтийнх нь нөөц 3-5 жилийн дараа дуусна. Тэд манай нефть дууслаа гээд халаглаад сууна уу? Үгүй, тэд энэ хугацаанд бий болгосон баялагтаа түшиглээд дараагийн хөгжлийн сууриа тавьж байна.
Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр АНУ автомашины үйлдвэрлэлээсээ үндсэндээ татгалзаж, ихэнх үйлдвэрээ зарж байна. Асар олон салбарыг араасаа чирсэн, ажиллах хүчний нүсэр том багтаамжтай энэ салбараасаа АНУ яагаад татгалзав? Хөгжлийн бодлогоо нэгэнт тодорхойлчихсон, тэргүүлэгч гүрэн байх байр сууриа бэхжүүлэхийн тулд аж үйлдвэрийн ийм том салбараас татгалзаж, технологийн бүр өндөр түвшний үйлдвэрлэл рүү хандаж байна. Технологийн давуу тал бүх юмны давуу тал гэдгийг тэд аль эрт ойлгочихсон учраас нэгэнт эдийн засгийг чирэгч салбар биш болсон автомашины үйлдвэрлэлээсээ татгалзаж байна. Бид ч гэсэн ийм л түвшинд сэтгэж, ажиллах ёстой.
***
Социализмын үед оросууд Монгол Улсыг 1988-2005 онд хөгжүүлэх төлөвлөгөөг иж бүрнээр нь хийж, бүр биотехнологи, геотехнологи, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг тусгачихсан байсан юм билээ. Гэтэл бид одоо илүү нээлттэй орчинд, илүү мэдээлэлтэй, боломжтой нөхцөлд байгаа мөртөө бодлогоо зөв тодорхойлж, хэтийн болон дунд хугацааны стратегиа оновчтой сонгоогүйгээс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 135 орноос 117-д нь л нэг юм явж байна. Аймгуудаас гэхэд Өмнөговь аймаг л 300 гаруй эрдэмтэн судлаач дайчилж байж суурь судалгаагаа дэлхийн стандартаар хийж чадлаа. Бусдад нь алга. Гэтэл энэ чинь аймаг бүү хэл компани болгонд байх ёстой эд. Хөгжил эндээс л эхэлнэ.
***
Өвөг дээдэс маань бидэнд Оюутолгой, Тавантолгой гээд байгалийн асар их баялгийг өвлүүлж үлдээсэн нь факт. Үүнийг бид ашиглах ёстой. Гэхдээ яаж? Хүний нөөц, дэд бүтэц, технологи, үндэсний аюулгүй байдал гээд олон асуудалд бодлогоор хандах ёстой. Эдийн засгийн бүтээмж өндөр, экологийн хувьд хоргүй, хамгийн гол нь сүүлийн үеийн, дэвшилтэт залуу технологи хэрэглэхийг бид бодлогоор шаардах ёстой байсан. Ер нь хөрөнгө оруулагчийн санал болгосон технологийг биш, өөрсдийн судалж нягталсан технологийг зөвшөөрдөг хэлбэр рүү бид цаашид шилжих ёстой.
Технологи бол хүнтэй л адил төрж, өсч, өтөлдөг. Нэг технологиос олсон баялгаар илүү үр дүнтэй өөр нэг шинэ технологийг боловсруулж байдаг. Тиймээс технологийн хувьсалд мэдрэг байж, түүнийг судалж, авч хэрэгжүүлж чадвал бид амархан хөгжинө.
***
Монгол Улс хөгжье гэвэл инновацийг хөгжүүлэх хийх хэрэгтэй. Үүний тулд асар олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. Шинэтгэл хийхийн тулд яаж хийх эрх зүйн орчныг нь бүрдүүлж, юу хийх бодлогоо гаргаж, түүнийг хийх хүмүүсээ бэлдэж, одоо байгаа институцийн тогтолцоог өөрчлөх ёстой.
Өнөөдөр бид шинжлэх ухаандаа жилд төсвөөс 16 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Эрдэм шинжилгээний 60-аад хүрээлэн, арваад их дээд сургууль, 2000 орчим судлаач ажилтан энэ мөнгөөр жилд 400 гаруй төсөл хэрэгжүүлж үр дүнд нь 150 орчим шинэ патент санаа, бүтээл бий болгодог. Харамсалтай нь эдгээр 150 патентуудыг хэн ч лицензийн гэрээгээр авч ашиглахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орж мөнгө болж чадахгүй байна.
Мөнгийг мэдлэг болгохыг шинжлэх ухаан гэдэг л дээ. Гэхдээ тэр мөнгөөр бий болсон мэдлэгийг эргүүлээд мөнгө, баялаг болгох механизм нь ажиллахгүй байна. Уг нь инновац гэдэг чинь л мэдлэгийг мөнгө болгох ажил юм шүү дээ. Мэдлэгийг мөнгө болгодог аж үйлдвэр, үйлдвэрлэлийг эрхлэгч энтерпренерүүдийг бий болох хэрэгтэй байна. Тэгэхээр ийм мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих боломжтой бөгөөд үүнд төр гол үүрэг гүйцэтгэж, үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегиэр хангаж өгөх ёстой.
Бизнесийн салбарынхан ч гэсэн нэг технологи оруулж ирээд элтэл нь мөлхүүлдэг идэвхгүй хэрэглэгч биш, технологийн шинэчлэлийн хойноос эрчтэй хөөцөлддөг энтерпренерүүд болмоор байна. Жишээ нь, манай гол түүхий эдийн нэг ноолуураар франц, италиуд бизнес хийж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань ноолууран бүтээгдэхүүнээ “бөөстдөггүй” болгож, өнгө, загварыг нь шинэчилж, тэднээс илүү гарахын тулд судлаач, зохион бүтээгч, инженерүүдтэй яагаад хамтран ажиллаж хичээж болохгүй гэж.
***
Сүүлийн хориод жил манай улсын явж ирсэн замыг харахад “Алт”, “Ноос”, “Зэс” хөтөлбөр ч гэдэг юм уу, чиглэл чиглэлийн хоорондоо уялдаа муутай их олон хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд богино настай, засаг солигдоход концепц нь өөрчлөгддөг, тэргүүлэх чиглэл нь солигддог, залгамж чанаргүй, тууштай биш байсан нь хөгжилд ихээхэн садаа болж байв. Тэгэхээр хөгжлийн тэргүүлэх салбарыг оновчтой тодорхойлж, уялдаа холбоог нь хангаж өгөх асуудал нэн чухал байлаа. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог байгуулсны чухам учир үүнд л байгаа юм.
***
Бүтээгдэхүүний технологийн агууламж гэж ойлголт байдаг. Өндөр, дунд, нам технологийн бүтээгдэхүүн нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байна вэ гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр манайд өндөр технологийн ганцхан үйлдвэр байна. Гэхдээ энэ бол эхлэл. Био, нано, мэдээллийн технологид түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлж, мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ салбарт ажиллах аж ахуйн нэгж, хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нь хөгжлийн гарц. Үүнийг шийдвэр гаргагчид, улс төрийн намууд ойлгож байна уу, үгүй юу гэдгээс энэ салбарын хөгжил ихээхэн хамаарна. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг Засгийн газар хэдхэн хоногийн өмнө баталсан нь нэг том алхам. Инновацийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой хэд хэдэн хуулийг УИХ батлах гэж байгаа нь бас л нэг алхам. Өөрөөр хэлбэл тогтолцоо бий болгох хөрс суурь бий болох гэж байна. Үндэсний баялгийг яаж максимум хэмжээнд хүргэх вэ гэдэг стратегийг бол Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нэгэнт гаргаж эхлээд байна. Хэрхэн хүлээж авч, хэрхэн ажил хэрэг болгоход төрийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн идэвх чухал үүрэгтэй.
***
Ярилцагч Б.Ганбат хэмээх залуухан эрийн сэтгэлийн гүн рүү өнгийвөл ийм л бодол, итгэл тээж явах аж. Тэрээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын даргаар ажилладаг. Инноваци, Өндөр технологийн аж үйлдвэр, венч капитал, шинжлэх ухааны парк, өрсөлдөх чадвар гэхчлэн олон зүйлийн талаар ярьж, Монгол Улс, монгол хүн дэлхийд нэрээ дуурсгах боломж асар их байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлснийг нь энэ удаад азная. Улс орны хөгжлийг түргэтгэх олон аргаас хамгийн урныг нь олж, богино хугацаанд урагш цойлсон орон болгохсон гэсэн стратегич хүний хорхойсол нь миний Монгол хөгжинө өө гэсэн итгэлийг эрхтгүй төрүүлж байна лээ.

4 comments:

Unknown said...

Энэ хүний буюу ажиллаж буй хорооных нь дэвшүүлсэн зүйлс нь дэмжигдэхийг ерөөе.

Anonymous said...

oyu tolgoig uldeesen n fakt gej bitgii bicheerei.taniig hundetgedeg zaluu humuus bas tegj bichij ehelne shu.mongol ug bga bha.

Anonymous said...

[color=#473624][u]Артисты на праздник [url=http://dejavu-group.ru/index.php]Dejavu-group[/url] - это коллектив заслуженных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/about_us.php]Dejavu-group[/url]- лидер в области музыкального оформления корпоративных вечеринок, свадеб, торжеств, шоу программ, музыкальных вечеров.
В копилке Музыкантов Дежа вю более 3тыс. произведений.
Живая музыка. Диско, хиты 70-80-90-х, джаз, ретро, шансон, современная музыка, европейские хиты, фоновая музыка, поп .
Музыкальная группа Дежа вю располагает мощной качественной аппаратурой, позволяющей наполнить приятным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до 1000 человек).

Андрей +7 910 483 8294, Игорь +7 916 623 4047 [/u][/color]

Даваадорж said...

setgelgeenii erelhaiguuld hataj baigaa zaluust tus boloh saihan niitleluud baina