Monday, October 05, 2009

Шидтэнүүдтэй учраад үнэнийг ухаарсан түүх

Б.Галаарид ("Гэрэлт Цалиг" сонин)
Болгарын алдарт үзмэрч Вангаг амьд сэрүүн ахуйд Оросын академич Наталья Бехтерева түүнийг гоц чадварын учрыг олох шинжлэх ухааны зорилготойгоор очжээ. Ванга түүнтэй уулзмагцаа “Намайг судалж шинжлэхээр ирснийг чинь би мэдэж байна. Чи өөрөө өөрийгөө догдлуулаад байх юм. Сандрах хэрэггүй. Бүх зүйл сайн сайхан болно” гэж хэлэв. Тэгээд нэг эгч чинь эдгэршгүй өвчтэй юм байна гэжээ Үнэхээр түүний нэг эгч нь архаг өвчтэй юмсанж. Ванга дараа нь нөхрийнх нь тухай асуулаа. “Нөхөр маань зүгээр ээ. Ленинградад байгаа” гэтэл Ванга нүүрээ үрчийлгэснээ “Тэр ямар нэг асуудалтай л байна даа. Бараг харагдахгүй юм” гэж үглэжээ. Жилийн дараа Бехтеревагийн нөхөр нас барсан байна.
Наталья Бехтерева нь алдарт Тархи судлалын хүрээлэнг удирддаг, академич хүн юм. Тэрээр гоц мэдрэхүйтний мөн чанарын тухайд “Худлаа цэцэрхэлгүй үнэнийг хэлэх нь дээр. Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны ямар ч аргаар тайлж болшгүй зүйл. Ирээдүй бидэнд нэгэнт өгөгдчихсөн, одоо оршин буй зүйл гэж хэлж болно. Илүү нарийн томъёолол өгөхийг одоохондоо хүлээзнэмээр байна. Яагаад гэвэл тархи судлалын чиглэлийн шинжлэх ухааны ололтууд асар их болохоор энэ асуудлыг ил болгох ямар нэг нээлт хийгдэх ч юм бил үү” гэсэн байдаг.
Шашны мунхруулагч чанарыг илүү сайн нотлохын тулд социализмын үед МАХН-ын Төв Хорооны даалгавраар манай нэгэн эрхэм Төвдийг зорьжээ. Түүнийг нэгэн лам хүлээж авсан байна. Шашны талаар манай хүн байр сууриа илэрхийлээд нөгөө ламтан энэ талаар ямар бодолтой байгааг сонирхжээ. Лам хариу хэлэхийн оронд харсаар байтал долоовор хуруугаа сүмийн хана руу далд ортол шургуулжээ.Тэгснээ “Танай шинжлэх ухааны хэлээр тайлбарлая. Ертөнцийн бүх зүйл молекул бүтэцтэй. Миний бие, энэ хана, энэ агаар гурвын молекул нь нягт сийргээрээ л ялгаатай болохоос уг чанартаа нэг л зүйл юм. Тэгэхээр бид хоосон чанарын ачаар энэ ялгааг арилгаж чадах ухаанд л суралцдаг” гэсэн утгатай зүйл ярьжээ. “Та тэгвэл наад ханаараа нэвт гараад явчихаж чадах уу?” гэж асуувал “Мэдээж” гэж хариуллаа. Хэсэг хөөрөлдсөний дараа ламтан сүмийн дотор, гадна талыг зочиндоо сонирхуулах юм болоод явчихаж. Сүм нь гаднаас ордог ганцхан хаалгатай бөгөөд ламтан зочиндоо бүх зүйлийг үзүүлснийхээ дараа “Хоёулаа дотор уулзъя. Та энэ хаалгаар орж бай” гэсэн байна. Түүнийг босгоор дөнгөж давтал ламтан хэдий нь дотор орчихсон түүнийг угтаж авахаар зогсч байжээ. “Та хаагуур хэдийдээ ороод ирэв ээ?” гэж асуутал “Би хана нэвтлээд л ороод ирлээ. Надад ямар ч хаалга үүд хэрэггүй” хэмээв. Ийнхүү материалист үзлийн үүднээс шашны харанхуй бүдүүлэг байдлыг илчлэхээр зорьж очсон эрхэм төлөөлөгч маань буддын шашны шидлэг чанарыг гайхсаар эргэн ирсэн гэдэг.

No comments: