Wednesday, June 17, 2009

Түйрэнгийн түйвээн

Нутаг нутгийн салхи өөр өөрийн нэртэй, бас өөр өөрийн онцлогтой байдаг. Оросын Тверь мужийн Селигер гэдэг үзэсгэлэнт нуур орчимд өдөртөө дэгдэж, шөнөдөө намждаг салхи бий. Нутгийнхан шөнөдөө амирладаг болохоор нь түүнд Эхнэртэй салхи гэдэг нэр өгчээ. Сахарын цөлд үдийн халууны дараа дэгддэг Жэйни (djani), Швейцарьт уулын хөндий дагадаг Дэйвосэр тэйлвайнд (Davoser Talwind), Каспийн тэнгисийн орчимд хойноосоо салхилдаг Иван нэртэй салхи байх жишээтэй. Желаргы шамалы гэлцэн киргизүүд сандраад эхэлбэл нутгийн хүчтэй салхи заавал дэгдэнэ. 2003 онд Иракт Хамсин (арабаар “50 салхи”) гэдэг хар салхи гарч, хүч нь заримдаа 95 м/с хүрч Америкийн цэргийн ажиллагаанд хүндрэл учруулж байв. Харин Монголын говьд шуурга хэрхэн дэгддэгийг зураглаад үзье.
…Эргэн тойрон гэв гэнэт жигтэй хачин нам гүм болов. Сэтгэлд түгшүүр төрүүлэхүйц сэжигтэй нам гүм байдалд говь хэмээх уужим орон зай тэр чигээрээ автав. Тэнгэрийн хаяанаа гарч ирсэн малгайн чинээ үүлийг эс тооцвол энэ их уужим дайдад оршин буй бүхэн цөм хөшиж царцав уу гэлтэй аж. Гагцхүү тэнгэрийн хаяанаа гарч ирсэн үүл л энэ нам жим, хөгжил хөдөлгөөнгүй байдалд үл захирагдан хором хормоор томрон тэлж, өнгө нь улам өтгөрч харлана. Хаанаас ч юм сэр сэр салхи үүсч говийн шаргал элсийг илэх мэт сэвэлзсэнээ гэнэтхэн уурсан догширч нүүр нүдгүй шороогоор балбав. Салхины хурд хэдий нь 30 м/с-ээс давжээ. Энэ хүчтэй шуурганд говийн эмзэг сул хөрс ховх сорогдон агаарт дэгдэж тэнгэр газар нийлэв…
Монголын говьд хавар цагт үе үе дэгддэг хүчтэй шороон шуурганы эхлэл ер нь л иймэрхүү байдаг. Энэ шуургыг дэлхий дахинаа Говийн элсэн шуурга гэж нэрлэдэг. Мөн шар салхи (Хятадаар бол хуан фэнг) гэдэг нэр ч их танил. Солонгосууд “Азийн тоос”, японууд “шар шуурга” буюу “сажин араши” гэнэ. Монголчууд өөрсдөө үүнийг түйрэн гэдэг. Хамаг юмыг түйвээгээд сандаачаад хаячихдаг болохоор нь түйрэн гэсэн юм уу, аль эсвэл муу муухай, гайтай хорлонтойн жишиг болсон ад тийрэн гэдэг үгнээс үүдэлтэй юм уу, бүү мэд. Юутай ч түйрэн гэдгийг манайхан сайн мэднэ. Харин энэхүү түйрэн маань хэдийнээс гадаадад тийн алдаршив аа?
Японы алдарт зохиолч Акутагава Рюноскэгийн нэгэн өгүүллэг байдаг. Одоогоос зуу шахам жилийн өмнө бичигдсэн энэ өгүүллэг “Морины хөл” нэртэй. Нэгэн япон эр нас барж, нөгөө ертөнцөд очтол тэр дор нь эд эрхтэнээр нь тасчин салгаж эхэлжээ. Гэтэл мань эр хэн нэгний алдаагаар андуурагдан тэнд хүргэгдсэн нь тогтоогдож эх дэлхий рүү нь буцаах болтол хоёр хөл нь олдсонгүй. Аргаа барсан нөгөө ертөнцийнхөн дэргэд нь хэвтэх адууны хөлийг залгаж өгөөд явуулчихжээ. Тэр нь монгол адууны хөл байсан юмсанж. Энэ ертөнцөд эргэж ирсэн мань эр адууны хөлөө амьтан хүнээс нуух том ажилтай болжээ. Монголын тал нутагт дэгдсэн шар шороон шуурганы үзүүр хавар болмогц Японд хүрэхэд унасан газрынхаа салхины үнэрийг мэдэрсэн адууны хөл нь эзэндээ захирагдалгүй нутгийн зүг тоос татуулан давхив… Өгүүллэгийн товч утга нь ерөнхийдөө иймэрхүү. Тэгэхээр зуугаад жилийн өмнө манай говийн шар шороон шуурга Японд очдог л байж. Гэхдээ одоогийнх шигээ аюул сүйтгэл дагуулдаггүй байсан аж. Шар шуурганаар туугдан ирсэн 0.005 мм-ээс томгүй ширхэгтэй тоостой цуг загас, мод ургамалд хэрэгтэй шим тэжээл Монголоос тээгдэн ирдэг учраас япончууд яг ийм нарийн шар тоосыг нь “коса” гэж нэрлэдэг, бас чиг нэг их тээршаадаггүй байжээ.
Одоо бол Монголын говьд дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайран баахан хүч нэмж аваад Солонгосын хойгийг бүрхэж, Японыг эрхэндээ оруулж, улмаар Номхон далайг торох юмгүй гатлан Канад, Хойд Америкт хүрдэг болжээ. Өөрөөр хэлбэл 13 мянга гаруй км зам туулж далайн чинадын агаар, хөрс бохирдуулж, тэндхийн оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн үг. Ийнхүү хөл нь чангарч, явдал нь холдсон төдийгүй Хятадын аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман зам гудаст таарсан амьд бүхнийг хордуулдаг болсон гэж байгаа. (Хятадын аж үйлдвэрийн бүсийн агаарт дэгдсэн, газрын хөрсөнд шингэсэн хүнд металл, диоксин зэрэг хүний биед хортой бодисууд түйрэнгийн нөлөөгөөр тардаг.)
Түйрэн түйвээсэн газарт үзэгдэх орчин муудаж авто ослын тоо ихсэх магадлал нэмэгдэнэ. Амьсгалын замын болон зүрх, нүдний өвчин эрс ихсэнэ. Онгоцны нислэгүүд хойшлогдоно. Үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орно. Солонгост сургуулиуд түр хаагдаж, Тайваньд гадаа удаан зугаалахгүй байх, амны хаалт нэмж авахыг сануулж эхэлнэ. Япончууд ч ялгаагүй түйрэнтэй тулалдахаар зэхнэ. Түйрэнгийн замдагуух орнуудад жуулчдын тоо эрс багасдаг шинэ үзэгдэл сүүлийн үед ажиглагдаж байна.
Шар шуурганаар шорооны том ширхэгтэй хэсэг нь ойрхон газар хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн босоо хуй хэлбэрээр хэдэн мянган км зам туулдаг. Энэхүү нарийн ширхэгтэй шороо нь электроникийн бичил схемүүдийн ганц заналт дайсан болдог. Гэтэл электроник хамгийн их хөгжсөн, түүнээсээ хараат болсон орнууд түйрэнгийн зам дагуу оршдог.
Түйрэн өнгөрсөн зууны дундуур буюу 1950-ад оны үед жилд дунджаар таван удаа болдог байсан бол өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жил гуч гаруй удаа ч шуурч байна.
Элс шороо дэгдэмхий бас нэг бүс нутаг бол Төв Ази. Энд байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр асар их газар цөлжсөн байдаг. Мөн Арал тэнгисийн ус сүүлийн жилүүдэд огцом багасч, нуурын эрэг хавийн ихээхэн хөрс давс хужраар хучигдаад байна . Үүний улмаас энэ бүс нутагт элс шороо, давс хужир холилдсон шуурга ихээхэн асуудал үүсгэдэг.
Азид ийнхүү элдэв янзын шуурга түйвээж байхад Африкт мөн л үүнтэй төстэй үзэгдэл болдог. Африкийн хуурай газраас боссон их тоос Атлантын далайг гатлан Карибын тэнгис, Төв Европ хүрч цаг уурт нөлөөлөх төдийгүй алдарт шүрэн арлуудыг мөхөөх нэгэн хүчин зүйл болж байна. Мөн далайн амьтан, ургамалд сөргөөр нөлөөлж, өвчлөл үүсгэдэг.
Сахарын шороон шуурга л Европт нөлөөлж байна гэдэг үзэл сүүлийн үед бас өөрчлөгдлөө. 2007 оны гуравдугаар сард Украйнд бий болсон тоосон үүл Словак, Польш, Чех, Германыг нөмөрч, тэр бүү хэл Британид хүрсэн нь үүний нотолгоо юм. Энэ шороон үүлний нийт жин нь 600 мянган тонн гэж судлаачид тооцжээ. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний шороо элс Украйны хөрснөөс дэгдэн Европ даяар тоосрон буужээ. Чехийн геологчид энэ нь ихээхэн дутуу тооцоо, үүлний жин ойролцоогоор 3 сая тонн байсан гэж үзжээ. Европт 1кубметр агаарт дунджаар 50 микрограмм тоос байвал хэвийн гэж үздэг. Тэгвэл 2007 оны Украйны шороон үүлний үеэр энэ үзүүлэлт 4-60 дахин ихэсч байв. Украйн олон жил газар тариалан эрчимтэй эрхэлсний улмаас хөрс ихээр элэгдсэний гор ийнхүү гарчээ. Япон, Солонгос зэрэг Азийн орныхон амны хаалт ихээр хэрэглэдгийг хачирхдаг байсан Европчууд ийм тоосон үүлийг зогсоох ямар ч боломжгүйн улмаас тэдний нэгэн адил амны хаалттай нөхөрлөх болсны гол буруутан нь хөрсний элэгдэл, цөлжилт юм.
Австралийн төв хэсэг ган гачиг, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод бас л шороон шуурганд автдаг. Хүчтэй шороон шуурга эндхийнхний эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтцэд ихээхэн түйтгэр тарьдаг. Ялангуяа Өмнөд Австралийн хойд хэсгээр жилдээ 60 хүртэл удаа шороон шуурга дэгдэж, тухай бүртээ ихээхэн хохирол учруулдаг.
Дэлхийн өнцөг булан бүрт ийнхүү их бага хэмжээгээр шуурга дэгдэж, шороо тоосон үүл нүүж байдаг. Үүнд ган, хуурайшилт, уур амьсгалын дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөө байдаг ч гол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Хүмүүс газрын даацыг хэтрүүлж, эсвэл буруу ашигласнаас хөрсний үржил шимт өнгөн давхарга устаж үгүй болдог. Газар тариаланд хэт шүтэх, мал олноор өсгөх, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх нь хөрсний эвдрэлийн гол шалтгаан болдог. Хайр гамгүй ашигласан газрын хөрсөн дэх шимт бодисууд устан үгүй болж, ургамал ногоо ургахаа болино. Хөрсний өнгөн хэсэг салхинд туугдаж, усанд идэгдсээр ашиглахын аргагүй болно. Хүнээр бол өвчин хуучинд идэгдэж, хүч тамир нь алдарч, наснаасаа эрт доройтлоо гэсэн үг. Ус чийг дутаж, өгөршиж гандсан газрын хөрс сул шороо болон хувирна. Тэгээд л салхины аясаар туугдан улс гүрэн дамжин, тэнгис далай гатлан тэнүүчилж эхэлнэ. Газрын өнгөн хэсгийн шимт хөрс урт удаан хугацаанд бүрэлдэн бий болдог (1 см-ийн зузаантай шимт хөрс бий болоход 100 жил шаардагддаг) учраас ийнхүү салхинд тавиад туучих нь онцгой хохиролтой. Байгаль цаг уурын онцгой үзэгдэл болох түйрэнг захирч чадахгүйгээс хойш яалтай ч билээ, тэгээд ч дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй л ийм салхи гарч байдаг юм байна шүү дээ гэж Та бодож байж болох юм. Гэвч түйрэнгийн аюулыг зогсоож чадсан сайхан жишээ хүн төрөлхтөнд бий юм шүү.
Та XIX зууны сүүл хавийн газрын зураг дахь “Америкийн их цөл” гэж тэмдэглэгдсэн хэсгийг өнөө үеийн газрын зурагтай харьцуулаад үз дээ. Тал хээрийн энэ өргөн уудам бүс нутагт үе үе хүчтэй ган болдог, хуурайшилт ихтэй, тухайн үедээ газар тариалангийн зориулалтаар ашиглах , хүн амьдрах боломжгүй гэж үздэг байж. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны үед үр тарианы үнэ өссөн нь фермерүүд энэ бүс нутгийг сонирхоход хүргэв. Тэгээд ч тухайн цаг үед хур бороо элбэгшиж, тал хээрийн бүсэд амьдрал сэргэсэн нь тэдний хорхойг хүргэсэн биз. Хязгааргүй мэт орон зай, үнэгүй газар, шинэ амьдрал эхлэх боломж олон олон аз жаргалын эрэлчнийг Грийт Плайн руу дуудлаа. АНУ-ын чийг ус сайтай бүс нутагт газар тариалан эрхэлж байсан фермерүүд энд ирж хэдэн сая га газарт улаан буудай тариалав. Модон анжис мориор чирүүлж газар хагалдаг үе трактор хэмээх техникийн дэвшилд байраа тавьж өгснөөр газрын хөрсийг 20 дахин илүү хурдтайгаар “хүүчиж” эхэллээ. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр улаанбуудайн үнэ унав. Үнэ унах бүрт фермерүүд тариалалтын талбайгаа нэмэв. Үржил шим сайтай газраа хагалж дуусаад өмнө нь голж орхисон арай бага шимтэй газар руугаа дайрлаа. Тэгж байтал 1931 онд жинхэнэ улаан ган болж, дараагийн арван жилийн турш хур усаар дутлаа. Бүх тариалангийн талбай хатав. Уугуул ургамал нь хөрс барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол улаанбуудайн хатсан үндсэнд тийм шид байсангүй. Хэдэн зууны турш бага багаар хуримталсан үржил шимт хөрс салхинд хийсч, тоос шороо хэдэн бээрийн өндөртэй хар үүл болж замд таарсан бүгдийг шороогоор дарав. Хөрсний эвдрэл, хөдөө аж ахуйн буруу үйл ажиллагаанаас болж асар их хэмжээний газраа хар шуурганы ай сав болгож орхисон америкчууд алдаагаа түргэн ойлгож, зөв шуурхай арга хэмжээ авснаар байдлыг засч чадсан юм. Хэрхэн гэдгийг дараагийн нийтлэлд өгүүлнэ. Одоо энэ бүс нутагт тодорхой давтамжтай ган гачиг болж, салхи салхилав ч америкчууд 1930-аад оны сүүлийн хагас шиг барьц алдаж, хохирол амсахаа нэгэнт больсон гэнэм. Тэгэхээр түйрэнгийн түйвээн их ч, түүнээс зайлах арга бас байдаг аж. Цөлжилтийн аюул нүүрлэсэн орны тоонд дээгүүрт нэрлэгддэг монголчууд бидэнд бусдын сайн аргаас суралцаж, өөрсдөө бас бий болгох онцгой шаардлага байна. Яагаад гэвэл бид түйрэнгийн эхлэлийн цэг дээр амьдардаг.
Б.Галаарид

3 comments:

Javkhlan said...

saihan niitlel bolson baina.

ganga said...

Зх, далайд дусал нэмэр гэж ямар ч болсон өөрийн муу блогтоо, японд байдаг монголчуудын "Vimo" нэтэд энэ цуврал гарч буй талаар бяцхан мэдээ гаргачихлаа.

"түйрэн" гэж хараалын үг гэж боддог байсан ийм учиртай үг болоод манай ингэтлээ цэрвэдэг байж.

kakadu said...

"Тиран" гэдэг үг "түйрэн"-гээс гарсан юм биш биз?