Thursday, December 07, 2006

Элбэгдоржийг өмөөрч, Энхболдод талархахын учир

Өнөөдөр сонин, 2006.12.06
2000 онд МАХН-д арай дэндүү гэмээр ялагдсан ардчилсан хүчнийхэн дараагийн сонгууль хүртэл амь амиа хоохойлохоос аргагүйд хүрэх үед зарим лидерүүд нь АНУ-д сурахаар явж одсон. Тэдний нэг Ц.Элбэгдорж буцаж ирмэгцээ компьютер яриад салахаа больчихсон. Хэзээний өөнтөгч хэвлэлийнхэн түүнийг янз бүрээр ярьж, бичиж, малчны хотонд очоод компьютерүүдийн тухай ярилаа хэмээн шоолцгоосон.

Ардчилсан хүчний өөр нэг нөлөөтэй улс төрч З.Энхболд мөн л Америкт сураад эргэж ирэхдээ аутсорсинг (outsourcing)-ийн талаар ярьж эхлэв. Энэ удаад Монголын агуу шоочид элдэв бусын онигоо зохиогоогүй ч, гайхасхийгээд өнгөрөв.

Тэгж байтал сонгууль болж, улс төрийн “халуун чичрэг” өвчин дээд цэгтээ хүрч, юун компьютер, юун аутсорсинг, хоёр саяулаа улс төржөөд бүгд мартагдав.
Уг нь бид улс төржиж давхихаасаа илүүтэйгээр тэдний шинэ орчноос олж ирсэн шинэ мэдрэмжийг нь сонирхсон бол үр дүн нь арай дээр байх байлаа. Яагаад гэвэл биднийг “Би монгол хүн. Билиг танхай хөдөөний хүн” гэж дуулан ханхалзаж явах хооронд дэлхий ертөнцөд нэгэн том хувьсгал болсныг, “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэгчээр тэд ухаарч мэдрэн, ирсэн хэрэг.

Тэр хувьсгал нь юу байв Мэдээллийн технологийн салбар дахь агуу дэвшил дэлхий нийтийн хувь заяанд цоо шинэ ирээдүй, цоо шинэ уур амьсгал авчирсныг би хувьсгал гэж хэлээд байна. Дамдины Сүхбаатар хэсэг морьтон дагуулан Шивээ Хиагт руу дайрах, Дарь. Сүхбаатар улаан дээл өмсөн Төв талбай дээр цуглаан хийхийг хувьсгал гэдэггүйг амьдрал өнөөдөр бидэнд ухааруулж байна.
Хүн төрөлхтний түүхэнд анир чимээгүй атлаа агуу их өөрчлөлт авчирсан мэдээллийн технологийн хувьсгал нь дэлхий хэмээх бөөрөнхий гариг дээр хол ойр гэсэн ойлголт харьцангуй төлөвт шилжиж, том жижиг компаниуд, хар, шар, цагаан арьстай хэнд ч болов гарааны адил тэгш нөхцөл буй болсныг зарлан тунхагласан юм.

Энэ нөхцөлд дэлхий нийтийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлийг төгс эзэмшиж, дэлхий нийтийн харилцааны гол хэрэглүүр интернэт ертөнцөд илүү гүнзгий нэвтэрч чадсан хүнд хамгийн их боломж буйг мэдэрсэн Ц.Элбэгдорж цахим хөтөлбөрөө ярьж эхэлсэн. Соёл иргэншлийн энэхүү хүчтэй түрлэг, их тэсрэлтийн ай чимээг олж сонсоогүй “билиг танхай монголчууд” түүнийг шоолон нулимсаа гартал инээлдсэн.

З.Энхболдын хувьд залуучууддаа эхлээд англи хэл сургая, түүний дараа хил хязгааргүй ажиллах, оюунаа үнэлүүлэх боломж байна гэсэн үгтэйгээр Америкаас эргэж ирсэн нь чухамдаа аутсорсинг, хоүмсорсинг зэрэг цоо шинэ үзэгдлээс хоцорч болохгүй, үлдэж хоцорвол бид л хохирно гэдгийг олон нийтэд дуулгах гэж яарсан хэрэг байх.
Одоо тэгэхээр дэлхий нийт хошуурч байгаа бидний монголчуудын хувьд ихээхэн явцуу хүрээнийхэн л ойлгоод байгаа дээрх асуудлуудыг цөөн үгээр тоймлон хэлэх гэж оролдъё.

Америкийн сэтгүүлч Томас Фрийдман 2005 онд “Дэлхий бол хавтгай” гэж зарласан нь бидний мэдэрч амжаагүй мөнөөх хувьсгалын мөн чанарыг лут олж хэлсэн хэрэг байлаа.
Та гайхах хэрэггүй. Дэлхийн бөмбөрцөг хэлбэрээ өөрчлөөгүй, тэнхлэгээ тойрон эргэдгээрээ эргэж, өдөр шөнө ээлжилдгээрээ ээлжилж л байна. Гагцхүү хүмүүс хоорондын харилцаанд урьд өмнө нь байсан асар том саад хаалтууд арилан дэлхий дахиныг эзэлсэн өрсөлдөөний тэв тэгшхэн талбар бий болсныг л Том найз ойлгоод “Дэлхий хавтгай” гэж дуу алдсан хэрэг.

“Билиг танхай хөдөөний монгол” гэрийнхээ хоймортоо завилж суугаад Америк, Япон, аль дуртай орныхоо ямар ч компанид ажил хийж, оюуны хөдөлмөрөө үнэлүүлэх боломжийг мэдээллийн технологийн хувьсгал олгож байна.
Тоон системд хувиргаж болох үйлчилгээ бүхнийг өнөөдөр хаана хямд чанартай, ажиллах хүч байгаа газарт хийлгэдэг болоод байна. Жишээ нь, америкчууд өнөөдөр санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Энэтхэг, Австралийн эмч нараар уншуулж, оношлуулж байна.

Өөрийн орондоо өндөр цалин төлж хийлгэх үү, эсвэл өөр нэг оронд буй ижил мэргэжлийн, ижил төвшний (илүү ч байж мэднэ) чадвартай хүнд хямд хөлс өгч хийлгэх үү гэдэг үйлдвэрлэгчийн хувьд чухал асуудал. Захиалагчийн хувьд хүссэн зүйлээ хугацаандаа, чанартай хийлгэж, сэтгэл ханамжтай л байвал хаана, хэрхэн хийсэн нь сонин биш. Энэтхэг ня-бо, эмчийн хувьд сэтгэлд нийцсэн хөлс авах нь л чухал. Ийнхүү эцсийн дүндээ бүгд сэтгэл хангалуун хоцордогт аутсорсингийн давуу тал оршдог. Бас нэг давуу тал нь цаг хожих, өдөр шөнийн ялгааг арилгадаг явдал юм.

Энэ нь юу гэсэн үг вэ? Чи ажил дээрээ орой болтол суулаа. Ажлаа дуусгаж яавч чадахгүй нь. Маргааш чухал ажилтай тул сайхан амарч, эрч хүчтэй, толгой сэргэлэн байх ёстой. Гэтэл өглөө бэлэн болгосон байх ёстой ажил “Намайг хурдан дуусгаад өгөөч” гэж бодол оюуныг шөвөгдөөд байдаг. Яах вэ? Яг өдийд өглөө болж буй газарт амтат нойрноосоо дөнгөж сэрэн таатайхан суниаж буй нэгэн рүү ажлаа интернэтээр шилжүүлээд л гүйцээ. Харьж тухтайхан амарчихаад эрч хүч, урам зориг дүүрэн ирэхэд чинь захиалга ёсоор гараас гаргасан ажил хүлээж байна.

Эсвэл чи гайгүй унацтай ажил оллоо. Хугацаа нь дэндүү шахуу, амжих эсэх нь эргэлзээтэй байя. Мэдээ, баримт цуглуулах, боловсруулах цаг үрсэн ажлаа хэр боломжийн хөлсөөр хэд хэдэн хүнд хуваагаад өгчихье. Тэдний нэг нь Европт, нөгөө нь Энэтхэгт, гурав дахь нь ертөнцийн эсрэг бөөрний хаана ч юм байг. Тэд үүрэгт ажлаа хугацаанд нь чанартай, найдвартай хийж ирүүллээ. Тэр бүгдийг нэгтгэн базах ажил л үлдэнэ. Ямар ч стресс, бухимдал, сандралгүйгээр бүх зүйл ОК.

Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байна. Улс орон болгон энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна. Азидаа хөгжлөөр төдийлөн сайнгүйд орох Непал хүртэл даяаршлын ертөнцөд мэдээллийн технологиор тодорхой байр суурьтай болно, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн бодлого явуулахаа зарлачихаад байна.

Зам дагаж хөгжил түрж, цахилгаан дагаж хөгжил ирж байсантай адилаар цахим мэдээллийн сүлжээг аль болох өргөнөөр бий болгосон улс орон л хожно гэдэг нь өнөөдөр тодорхой байна. Хаана чадварлаг, хямд ажиллах хүчин байна, хаана ямар аутсорсинг хийж болох вэ гэсэн эрэлд гадаадын компаниуд нэгэнт мордчихоод байна.

“Монголчууд оюуны потенциал сайтай” гэж хөдөө хотгүй, хөгшин залуугүй л цээж дэлдэцгээдэг. Одоо тэгвэл тэр потенциал чинь хамгийн үнэтэй, эрэлттэй байх цаг үе нэгэнт эхэлжээ.
Монголчууд аа, мориноосоо буугаад глобал сүлжээнд нэгдэцгээе!

4 comments:

Anonymous said...

very nice Mongolian blog

http://www.goojuur.com

Anonymous said...

check this

Artur Fillip said...

Sain baina Galaa
Chamruu zahia yavuulsan
Haryu bicheerei
KUDS, Mongolkino yu bolj baina aa?
Shine tusol sanaa onoo uy baina ?

Anonymous said...

Ene ercheeree uragshaa, Galaarid! Alga bolchixson Galaarid ner daxin serj baigaad bayartai baina