Өчигдөр нэг эртхэн харьж телевиз энэ тэр харж хэвтэж суухыг хослуулан баахан юм болов. Одоо Улаанбаатарт телевизийн 10 суваг цацагдаж байгаа аж. Олон телевиз гэдэг олон уран бүтээлчийн олон өнгө төрхийг ажих боломж гэсэн үг. Бүх телевизээр адилхан мэдээлэл урсч, бүгд л хэвлэлийн бага хурал тэргүүтэй бэлэн хоолоор мэдээний цагаа бөглөжээ. Асуудлыг олон өнцгөөс харж эргэцүүлэх боломж олгосон мэдээлэл тун ховор тохиолдоно.
Эх нялхсын төвд тог тасарч сэхээнд байгаа 10 гаруй хүүхдийн амь нас хутганы ирэн дээр байна гэж NTV нэвтрүүлгээ таслан шуурхай мэдээллээ. Байдлыг тодруулахаар газар дээр нь очсон сэтгүүлчдэд бодит мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Хамгаалалтын албаны нэг залуу хасар басар мэт хар хурхийж, сэтгүүлч залууг хааш нь ч юм чирэх гэж оролдоно. Камер өөрөөс нь салсан бол цохиод авах энүүхэнд харагдана. Эмнэлгийн ажилтан бололтой цагаан хувцастай бүсгүй гарч ирснээ "Тог зөндөө л тасардаг ш тээ. Та нар тэр Цахилгаан шугам сүлжээ рүүгээ очооч" гэж зааварлав. Уг нь түүнээс хиймэл амьсгаатай байгаа хүүхдүүдийн хувь заяаны талаар асуусан атал ийм хачирхалтай хариулт өгч байх юм. Удалгүй хэд хэдэн телевизийнхэн ирж бүл нэмсэн сэтгүүлчид арайхийж харанхуй эмнэлэг рүү нэвтрэв. Нэвтэртлээ мянга наян юм болсоон. Хоёр тал улайрч бие биендээ хатуу ширүүн үг хэлцгээх нь заримдаа гудамжинд хоёр согтуу авгай хэрэлдэх мэт харагдаж байсныг өгүүлэх юун. Сүүлийн үед сэтгүүлчдэд хүч хэрэглэх үзэгдэл түгээмэл болж байна. Үүнийг төр эхлүүлсэн гэж хэлж болно. Тээр жилийн тракторчдын цуглаан, энэ жил Сүхбаатарын талбай дээрээс иргэний хөдөлгөөнийхнийг хүчээр зайлуулах үед сэтгүүлчдийн биед цагдаа нар халдаж мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж байсан бол одоо дурын хувийн хамгаалалтынхан хүч хэрэглэдэг болох нь. Тэгээд ч аль аль талд нь харилцааны соёл дутагдаж байна.
Монголын сэтгүүлчид хэвлэлийн тоталитар эрх чөлөөнөөс хэмжээгүй эрх чөлөөнд шилжиж хэсэг туйлсан. Тэр нь өрөөлийг гутаан доромжлох, үндэслэлгүй гүтгэх, зохиож бичих, худалдагдах, биеэ үнэлэх, бусдыг шантаажлах гээд өчнөөн муу үр дагавар дагуулж, ардчиллын хоточ нохой гэгддэг чөлөөт сэтгүүлзүйн маань нэр хүнд шавартай хутгалдсан. Одоо хэвлэлийн эрх чөлөө бол хязгааргүй эрх чөлөө биш, сэтгүүлчийн ёс зүйгээр хамжаарга хийсэн хариуцлагатай эрх чөлөө юм гэдгийг ойлговол ойлгомоор доо.
Мэдээлэл өгөгч тал маань ч хаалгаа түгжиж, нохойгоо турхирч, орон доогуураа нуугдахын оронд нээлттэй байж асуудлыг үнэн бодитоор нь танилцуулдаг болчихвол хэн хэн нь бухимдахгүй, тэр бүгдийг харж суугаа үзэгч ч бухимдахгүй, хаа хаанаа амар байхсан. Нээлттэй нийгэм гэж үүнийг л хэлдэг бус уу? Эрх чөлөөний монгол загвар үүнээс арай л өөр харагдаад байх чинь.
3 comments:
Setgvvlchid ene talaar oorsdoo bainga duugarch baij l ene balai baidliig eces bolgono shvv dee.
Mongoliin ali baiguulaga, alban tushaaltanaas medeelel avahaar ochson setguulch bolgon ene zovlongmedne dee. Mongold baidag niitleg l dur zurag.
Аль аль талдаа хариуцлагатай соёлтой байх ёстой гэж таны хэлсэн яахын аргагүй үнээн. Сэтгүүлчид голын нэг эрэг дээр, түшмэдүүд нөгөө эрэг дээр зогсож байна гээд тэд хоорондоо уулзахын туод гүүр барих хэрэгтэй. Тэгвэл гүүрээ хоёр талаас нь эхлүүлж, дунд хавьцаа нь уулзан учирч байж л амжилттай болох байлгүй дээ тэ. :)
Post a Comment