Шинжлэх ухааны хөгжлийн түвшин үнэхээр өндөр байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн гээч маханбод 70 триллион эсээс бүтдэг гэдгийг нэгэнт тоолоод тогтоочихсон. Бөөр, зүрх мэтийн эд эрхтнийг шилжүүлэн суулгах бол ердөө нохойн наадам. Тэр бүү хэл эсийн аргаар хүн бүтээж болох нь ч тодорхой болсон. Осама Бин Ладен алан хядах ажиллагааг санхүүжүүлж буй мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг өөртөө зарцуулахад хоёр дахь биеэ бүтээчихэж болно гэсэн үг. Монголын мянгат малчин эр хоттой хонио ногоон болгон хувиргаж, түнтгэр түрийвчээ өвөртөө лавхан шургуулаад том хээтэй, тод өнгөтэй дээлийнхээ ханцуйг сугалдаргалж, хөлстэй бүрхээ далан дээрээ хаяад палигар монгол гутлаасаа тал нутгийн эрүүл тоос унагасаар дэлхийд нэртэй доовторыг зорьж очоод "За алив хүү минь, ахыгаа нэг хувилаад өг" гэж шавдуулахыг үгүйсгэж болохгүй нь. Нэгэн алуурчин луйварчин, эсвэл Долоон буудлаас хотын төв орохоор нийтийн тээврийн унаанд суусан ядарсан нэгний халаасыг нь хоосолж, голыг нь харлуулдаг жижигхээн хулгайч тохиолдлоор од нь гийж бөөн мөнгө олчихоод өөрийгөө хувилуулах минь гээд давхиж мэдэх.
За энэ ч яахав, арай гэгээтэй талаас нь харъя. Хүн төрөлхтөнд асар их ирээдүй авчирсан, сайн сайхныг бүтээсэн оюунлаг бурханлаг эрхмүүдээ эсийн аргаар хувилж, эрдэм оюуныг нь ашиглаад л ... гэхчилэн мөрөөдөхөд ч сайхан л байна санж.
Гэвч нэг л зүйлийг би ойлгохгүй нь. Маханбодыг шинжлэх ухаан яаж ч судалж, хувилж болдог юм байж. Оюун санааг яах вэ? Байдаг гэдгийг нь багцаалдаг ч барим тавим таньж чадахгүй аргаа барахдаа "нөгөө ертөнц", "далд ертөнц" гэж нэрлэчихээд түүнтэй холбоотой тайлбараас зугатаж, дөлсөөр байгаа шинжлэх ухаан маань үүнд хариу өгтөл өдий. Хүн төрөлхтөн балар эртнээс олж мэдэж, домог түүхэндээ шигтгэж, дом заслыг нь хүртэл бий болгосон сүнсний ертөнц нууцлаг бөгөөд шидлэг. Шинжлэх ухаан сүнсний зургийг нь авч, жинг нь тодорхойлж, байдаг гэдгийг нь хүлээн зөвшөөрч эхэлж буй ч таньж мэдээд өөрчилж хувьсгана нь гэдэг нь үлгэр бизээ. Ноён Х-ийг хувилж болж байна. Харин түүний сүнс нь ... Галаар наадах ч осолтой доо.
No comments:
Post a Comment