Saturday, February 15, 2014

Эзэн нь элэвч гавьяа нь үлдэнэ

Ирж буцахын төөрөгт орчлонгоос сайн хүмүүн одох нь үлдэгсдэд даанч хүнд. Хийсэн бүтээсэнтэй хүмүүнийг ийн одоход урт настай үгэн зул өргөх нь бийр хөшиж, бэх дундлагчийн  хийх ёстой үйл болой. 



Д.Салдан агсны гэгээн дурсгалд
Салдан гуай тэнгэрийн орноо одсон тухай мэдээг нарны гэрэлд солонгорон буух үл ажиглагдам цасан хялмаатай цуг сонсов. Танил хийгээд танил бус хэн хүний тухай ийм мэдээг нэг л өдөр сонсох нь гарцаагүй байдаг ч Монголын түүхийн тодорхой үеийн бодит төлөөлөл болсон цөөхөн хэдэн буурлуудын нэг ийнхүү гэнэтхэн, чимээгүйхэн буцчихжээ  гэсэн мэдээтэй эвлэрэхэд хэцүү аж. Яагаад гэвэл Монгол гэдэг улс олны жишгээр хоттой бол хоттой, хороололтой бол хороололтой, үйлдвэртэй бол үйлдвэртэй болоход  Салдан гэдэг хүний үүрэг оролцоо ямар их байсныг ойлгосон хүний нэг гэж би өөрийгөө боддог. Хуучин тогтолцоог хараал, үзэн ядалтаар хачирлан шүүмжлэх сэтгэл хөөрлийн үе нэгэнт улирч, түүхийн хар цагаан нь ялгаран тодорч, тэр үеийн удирдагч дарга нарын үг, үйлдлийн буруу зөвийг үнэнээр нь дэнслэх боломж өнөөдөр нэгэнт бий болсон. Ийнхүү он цаг, түүхийн шүүлтүүрийг давж эерэг сайнаар дурсагдан үлдэх гавьяатны нэг нь Дангаасүрэнгийн Салдан гуай яалтгүй мөн. Түүний албан ёсны намтар цадиг нэгэнт олонд тодорхой тул нуршихаас татгалзаж, анд нөхөд, сайн мэдэх хүмүүсийнх нь өвөр зуураа бахдан хэлэлцдэг “далд түүх”-ээс нь цөөн хэдийг өгүүлж дурсамжийн зул бадраая.
1.Эрх тэгшийн зарчим
Монгол улсад хөрөнгө оруулалт ч чухал, барилгажуулалт ч чухал болоод байсан цаг үе буюу 1958 онд хорин хэдхэн настай залуухан эдийн засагч Салдан Улсын төлөвлөгөөний комиссын их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга болжээ. 1967 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороог санаачлан байгуулалцаж, 1985 он хүртэл энэ хорооны дарга бөгөөд БНМАУ-ын сайдаар ажиллав. Энэ зуур тэрбээр Монгол орны үйлдвэржилт, хотжилт, хөгжилтэй холбоотой олон чухал үйл явдалд оролцож, гол үүрэг гүйцэтгэсний нэг нь 50:50 буюу эрх тэгшийн зарчмыг санаачилж, мөрдүүлсэн явдал юм. Зөвлөлтийнхөн Монгол улсын гадаад, дотоод бодлогод гараа лавхан дүрчихээд юу хийх, яахыг нь ид зааж зааварлаж байсан 1971 онд Салдан “Зөвлөлттэй хамтарсан байгууллага байгуулах үндсэн зарчим”-ыг   боловсруулж, талуудын эрх ашиг 50:50 буюу эн тэнцүү байхаар тусгаж, зөвшөөрүүлж чаджээ. Засгийн газар хооронд  энэ зарчмын дагуу гэрээ хэлэлцээр байгуулснаар “Эрдэнэт”, “Монголросцветмет”  бий болсон түүхтэй. Хожим нь “Монгол-Чехословак металл”, “Монгол-Болгар металл” үйлдвэр байгуулах хэлэлцээр ч бас л энэ  зарчмыг удирдлага болгожээ.
Эдгээр хэлэлцээрт хөрөнгө оруулалт 50:50, ашиг хуваарилалт 50:50 байгаа хэдий ч хамтарсан үйлдвэр нь Монголын хуулийн этгээд байх, Монголын хууль дүрмийн дагуу ажиллах, гадаад дотоод борлуулалтын үнэ, тооцоог бүгдийг монгол төгрөгөөр хийхээр тусгаж, ашиг ногдох бүтээгдэхүүнээ бусдад зарах эрхээ авч үлдсэн нь монгол талд “50+давуу байдал” гэхүйц нөхцлийг үүсгэж чадсан гэдэг. Тэр үед ийм том хэмжээний хамтарсан үйлдвэр байгуулах туршлага байгаагүй, хөрөнгө оруулагч уг үйлдвэрийг өөрийн талын хуулийн этгээд болгоно гэж зүтгэж байсан ч  50:50 нөхцлөөр тохирч чадсан нь том гавьяа байсан гэдгийг хэлмээр байна.
“Эрдэнэт”-ийн тухайд онцгой нэгэн түүх бас бий. Тэр үед оросууд зөвхөн уурхай,  байгуулж,  олборлосон хүдрээ төмөр замаар зөөнө гэж зүтгэжээ.  Д.Салдан сайд болохоор хот байгуулна, боловсруулах үйлдвэртэй болно гэсэн санал гаргаж. Эцсийн үр дүнг нь та бид мэднэ. Зэс боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрч чадаагүйдээ Салдан гуай нэлээд харамсдаг байсан гэдэг. Гэхдээ л  манай тал туйлбартай зүтгээгүй бол Монголыг өдий олон жил тэжээж яваа “Эрдэнэт” үйлдвэр, мөн хэдэн мянган хүний өлгий болсон Эрдэнэт хот бий болохгүй байлаа. Өөрөөр хэлбэл алтыг нь ухаад авдрыг нь хаях саналыг сөрөн зогсож, хэлэлцээрийг Монголдоо ашигтайгаар эргүүлж чадсан байна. Мөн үндэсний мэргэжилтэн, боловсон хүчний хүчирхэг армийг бий болгож, өнөөгийн уул уурхайн хөгжлийн суурийг зөв тавьж өгөхөд “Эрдэнэтийн хэлэлцээр” түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
2.“Говь”-той болсон түүх
Хоёр системийн өрсөлдөөн ид халуурал дээрээ байсан 1973 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо нэгэн тусгай тогтоол гаргажээ. Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо(ГЭЗХУХ)-ны дарга Д.Салдан энэхүү 61 тоот энэ тогтоолын дагуу Монгол-Японы эдийн засгийн харилцааны асуудлыг дангаараа хариуцах эрхтэй болжээ. Энэ бол хөрөнгөтөн орныхонтой Монголоо төлөөлөн уулзах, яриа хэлэлцээр хийх эрхийг ганцхан түүнд олгосон гэсэн үг. Социалист Монголын том дарга нар капиталистуудтай уулзаж учрах нь зохимжгүй гэж үзээд төлөөний хүндээ бүрэн эрх шилжүүлсэн нь энэ. Нөгөө талдаа бүрэн эрхт Монгол улсын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй хүн  хэмээн ганц хүнд ийм том итгэл, хариуцлага хүлээлгэсэн хэрэг.  Ийнхүү сонин содон түүхийн оролцогч болсон Д.Салдан  Монгол-Японы хамтын ажиллагааны хэлбэр зарчим ямар байх бодлогыг боловсруулж,  1974-1981 он хүртэл долоон жилийн турш Японы талтай хэлэлцээ хийж, 15 үйлдвэр санал болгосон байдаг. Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр, Цагаан суваргын зэс, Таван толгойн коксжих нүүрсийг ашиглах зэрэг саналын анхдагч үр дүн нь өнөөдөр дэлхийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг таван үйлдвэрийн нэг болсон “Говь” ХК юм.  Япончуудтай олонтаа уулзаж, яриа хэлцээ хийсний үр дүн ийнхүү гарч 1978 оны Улсын баярын өмнөхөн Д.Салдан “Говь” үйлдвэрийн улаан шугамыг таталцаад зогсож байсан түүх манай улсын аж үйлдвэржилтийн түүхийн нэгэн чухал хуудас билээ.
3. Түлхүүр гардаж авах арга
Улаанбаатарт Зөвлөлтийн техник туслалцаатайгаар автозасварын завод барихаар болжээ. Нүсэр, бас чухал ажил.  Барилгыг нь монголчууд барина, техник тоног төхөөрөмжийг нь оросууд өгнө. Монголчууд бүхэл бүтэн 11 жил болоод ч барилгаа дуусгаж чадсангүй. Хэлэлцээрийн барилгуудын ажил үүнтэй нэгэн адилаар удааширч, хойноос ирсэн тоног төхөөрөмжүүд барилгаа хүлээн хэвтэх болов. Дотоодын барилгын үйлдвэрлэлийн салбарын хүчин чадал яалтгүй дутаж байв.  Энэ үеэр Д.Салдан дарга нэгэн гарц олжээ. Тэрээр ЗХУ-ын Төлөвлөгөөний хорооны дарга Кольцовт “Түлхүүр гардаж авах” санал тавив. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн барилгын байгууллагуудыг Монголд байгуулж, томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг тэдний хүчээр бариулж, Монголын тал зөвхөн түлхүүр хүлээж авах санал гаргажээ. Энэхүү шинэ содон санаа Зөвлөлтийнхөнд ч таалагдсан гэдэг. Бүтээн байгуулалтын ажил  дан ганц үйлдвэр завод барихаар хязгаарлагдсангүй.  Дархан, Эрдэнэт хотуудыг байгуулах, нийслэлийн орон сууцны зарим хорооллыг барихад Д.Салдангийн энэхүү санаачлага ямар их түлхэц өгснийг энд өгүүлэх нь илүүц биз ээ.
Тэрээр “Харь хүний мөнгийг салгаж, нутагтаа барилга босгоно гэдэг гүйлгүүр ухаан, цог заль шаардсан хүнд ажил. Асуудал бөндгөртэй л яригддаг, ачаалал дарамт ихтэй үе байсан” хэмээн хожим нь охиндоо дурссан нь байдаг.
Ажил хийсэн, арга зам сүвэгчилсэн нь элдвээр хэлүүлдэг хорвоо хойно  “Зээлээр орон сууц бариулдаг эдийн засагч биш хүн” гэсэн шүүмжлэл дайралтад өртөж явсан нь ч олонтаа. Гэвч түүний зөв байсныг цаг хугацаа нэгэнтээ харуулсаан.
Ер нь аливаа гадаад хэлэлцээ болгон хүнд хэуүү байдаг, тэсвэр тэвчээр, хүлээц, сийрэг ухаан, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах чадвар шаарддаг. Зүүнхараагийн спирт бал бурмын үйлдвэр, нийслэлийн 220 мянгатын хоёрдугаар ээлж, нийслэл орчмын засмал замуудыг хүлээж авахын тулд 1970-1971 оныг дамнуулан хагас жилийн турш БНХАУ-ын талтай   хүндхэн хэлэлцээ хийж байсан түүх бас бий.
4. Хөшигний ар дахь түүх
1960-аад онд Варшав дахь Соёлын төвийн 20 давхар барилга ирж очигсдын хараа булаадаг байж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ энэхүү соёлын төвийг бэлэг болгон барьж өгснийг уг барилгыг барих ажлыг гардан хийлцсэн хүмүүсийн нэгнээс Д.Салдан сонссон байна. Иймэрхүү түүхийг хүмүүс бие биедээ ярьж л байдаг, ач холбогдол өгөх нь ховор. Харин Д.Салдан тийм сонсоод өнгөрдөг хүмүүсийн нэг биш байж.
Зөвлөлтийн төрийн тэргүүн Л.И.Брежнев Монголд хоёр дахь удаагаа айлчлахаар болов. Зөвлөлтийнхөн хаалттай урьдчилсан санал өгөхийг хүсчээ. Брежневийг айлчлах үеэр шийдүүлмээр юм юу байна, санал болго гэсэн үг л дээ. Бэлгийн барилгын жагсаалт 1974 оны дундуур гарч, тэрхүү жагсаалтад Соёл, шинжлэх ухааны төвийн барилга бариулах санал Д.Салдан оруулсан нь мөнөөх Варшаваас санаа авсан хэрэг байв. Түүнээс гадна Байшин үйлдвэрлэх гурван комбинатыг гурван жил үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй нь хамт, Улаанбаатарт 100 мянган амметр талбай бүхий орон сууц бариулах саналыг тэрээр гаргаж Зөвлөлтийн талд өгчээ.  Байшин үйлдвэрлэх комбинатаа л бариулчихвал болоо биш үү, гурван жил үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнтэй нь авч яах юм хэмээн манай зарим дарга нар тэр үед дургүйцэж байсан гэдэг. “БҮК гэдэг бол орон сууцны хананы хавтан үйлдвэрлэдэг анхдагч шат. Тэр олон хавтангаар өөрсдөө байшин барих хүчин чадал одоогоор бидэнд алга. Тийм учраас эхний гурван жилд нь байшингаа бариулж авах нь зүйтэй” гэсэн түүний үндэслэл Улаанбаатарын бэлгийн хорооллын хувь заяаг шийдэж өгчээ. 1974 оны эцсээр Л.И.Брежнев ирэх үед Д.Салдан Бэлгийн барилгын хэлэлцээрийн барьцаа ахиулж “Соёлын төвийн барилгыг соёл урлагийн ажилтнуудын орон сууцны хамт барьж өгнө” гэж зөвшөөрүүлэхээр зүтгэжээ. Ингэснээр нийслэлийн төвд Соёлын төв өргөө, Сөүлийн гудамжнаа түүнийг дагалдсан 3 өндөр орон сууц, мөн нийслэлийн гурав, дөрөвдүгээр хорооллын “Брежневийн бэлгийн хороололууд” боссон түүхтэй.
Тэрээр улс орны олон олон салбарын голомт нь болсон том том бүтээн байгуулалтын эхлэлийг ийнхүү тавьсан. Соёлын төв өргөөг гэхэд л манай соёл урлагийн төв голомт гэхэд хэн ч маргахгүй. Салдан гуайг өөрийнх нь санаачилж хөөцөлдөн бариулсан Соёлын төв өргөөнөөс Монголын ард түмэн эцсийн замд нь үджээ. Хувь заяаны эргэлт ийм буюу. Зөв сайн үйл хийсэн хүнд цаг хугацаа эргэн талархдаг ажгуу.
5.Нисэх буудал бариулсан түүх
Улаанбаатарын нисэх онгоцны хуучин буудал цагийн шалгуур даахаа болиод байсан үе. Шинэ буудлыг Зөвлөлтийнхнөөр бариулах санал гарч, хоёр улсын таван жилийн хэлэлцээрт тусгасан, бүр зураг төсөл нь хүртэл бэлэн болсон атал “Гадаадад онгоцны буудал бариулж байсан туршлага манайд байхгүй” гэдэг шалтгаар зөвлөлтийнхөн гэдийчихэж.  
Д.Салдан ГЭЗХУХ-ын даргын хувьд жил бүр Москвад очиж тухайн жилд барих барилгын жагсаалт, графикийг тохирдог байсан бөгөөд ЗХУ-ын ГЭЗХУХ-ны дарга С.Скачковтой дотночлон уулзаж нисэх онгоцны шинэ буудал барихгүй бол болохгүй байгаа учир шалтгаанаа аминчлан хэлж, нэхий дээл хүртэл бэлэглэжээ. Хүн хоорондын амьд харилцаа энэ удаад тусаа өгч тухайн жилд барих барилгын жагсаалтад Нисэх онгоцны буудал хэлэлцээрээс гадуур орж, Зөвлөлтийнхөн түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр барих болжээ.
Энэ мэтээр өнгөц харахад албан ёсны мэт боловч хэрэг дээрээ хувь хүний хүчин зүтгэл, овсгоо, харилцааны соёл, ухаан, тэвчээр, холч бодлогоос хувь заяа нь хамаарсан олон бүтээн байгуулалтын эх суурийг Д.Салдан сайд тавьж өгсөн, түүний үр шимийг нь монголчууд одоо ч хүртсээр байна.
Эрүүл мэндийн салбарт гэхэд л Хавдар судлал, Халдварт, Гэмтэл, Эх нялхас, Нэгдсэн 3 дугаар эмнэлэг гэсэн таван том эмнэлгийн барилгыг  бариулах зөвшөөрөл авахын төлөө арга ухаан сүвэгчилж, “Ийм цөөхөн хүнтэй жижигхэн хотод юун олон том эмнэлэг вэ?” гэсэн зэмлэл сонсож явсан ч Д.Салдан сайд холын хараатай бодлогоосоо ухарч няцаагүйн гавьяа улам бүр тодорном.
6. Эзэн нь элэвч үйлс нь мөнх
Д.Салдан эрхэм улсдаа 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан байдаг. Тэгэхдээ зүгээр нэг хувь хүн явсангүй. Улс орны эдийн засгийн бодлогыг түүчээлж, ачааны хүндийг үүрч, тэн тэнцүүлэх хариуцлагатай албыг нэр төртэй биелүүлж иржээ. Нотолгоо нь социализмын үед манай орны үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, соёл боловсролын салбарт гадаад орнуудын техник эдийн засгийн тусламжтайгаар баригдсан 340 гаруй барилга байгууламж.  Тэр болгонд ерөнхий захиалагчийн хувьд Д.Салдан гарын үсэг зурсан нь түүхэн баримт. Тэр болгоны цаана эх оронч сэтгэл, хариуцлага, улс Монголынхоо төлөө чөмгөө дундартал зүтгэсэн зүтгэл бий. 
Нийгэм ямар ч байж болно. Цаг үе ямар ч байж болно.  Гагцхүү хүмүүн биеийг олж төрөөд хэрхэн яаж амьдарснаар нь, юу бүтээснээр нь, ямар түүх үлдээснээр нь хувь хүнийг үнэлдэг. Нийгэм цаг үеийн сайн муугаас үл хамаараад сайныг бүтээсэн нь ч бий, мууг үйлдсэн нь ч бий. Тэгвэл  Салдан гуай өрөөлийн төлөө өөрийгөө мартан зүтгэгсдийн нэг байсан билээ.

Сэтгүүлч Б.Галаарид
2014.02.09

Эх сурвалж: http://www.mass.mn/103991.html

1 comment:

Anonymous said...

Зөв сайн үйл хийсэн хүнд цаг хугацаа эргэн талархдаг ажгуу.