Saturday, November 13, 2010

"Агуу Гетсби" монгол хэлээр гарлаа

Б.Чимэдбатын "Өдөр шөнө" хэвлэлийн газар Америкийн зохиолч Фрэнсис Скотт Фитжеральдын "Агуу Гэтсби" романыг саяхан худалдаанд гаргалаа. Уг нь би энэхүү романыг тэдний захиалгаар 2005 онд орос хэлнээс орчуулж, хэвлэлтэд бэлэн болгож өгсөн юм. Уншаад нухаад ирэхээр, ялангуяа зохиолчийн өөрийнх нь эмгэнэлт амьдралын талаар бодохоор нэг л тийм зүрх базсан гуниг ч гэмээр, харуусал ч гэмээр зүйл сэтгэлд манан мэт буучихаад арилж өгөхгүй удаж билээ. Тухайн үедээ номоо хурдан гараасай гэж их хардаг байв. Яагаад ч юм хэвлэгдэхгүй л байлаа. Харин сая, 2010 оны сүүлээр хэвлэгдэн гарахад нь тийм ч их баяр төрсөнгүй. Бодвол хүлээлт маань гарахгүй нь дээ гэсэн цөхрөлөөр солигдсон хэрэг байх л даа.
Ямартай ч миний бичсэн өмнөх үгтэй, бас хоёрын ч зэрэг өгүүллэг дагуулсан дажгүй сайхан ном болжээ. "Хоёр буруу", "Галзуу ням гараг" гээд хоёр өгүүллэгийг нь орчуулж байхад олоон жилийн өмнө үүнийг бичиж байхдаа зохиогчийн сэтгэл санаа нэг иймэрхүү байсан болов уу гэсэн бодол төрж, сүрхий автсан юм даг.
Ялангуяа "Эрт ирсэн амжилт" гэдэг зохиогч өөрийнхөө тухай бичсэн эсээг нь орчуулж дуусахад эрт ирсэн алдар хүндийн золиос болсон түүний цаасан өсгийтэй хямдхан шаахай углаад Нью-Йоркийн гудмаар тэнэж явсан, ядуугийн улмаас хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийж чадахгүй шаналж явсан тэр л залуу насыг нь жигтэйхэн хайрлаж билээ.
Америк даяар шуугиан тарьж, мөнгийг өөр дээрээ бороо мэт оруулж байсан зохиолч маань дөчин дөрөвхөн насандаа орь ганцаар байж байгаад үхэхэд түүнд шарилыг нь төрөлх хотод нь дөнгөн данган хүргэх хэмжээний мөнгө л үлдсэн байсан гэдэг. Гэтэл амьдрал түүнийг авсанд орохыг л хүлээж байсан мэт тохуутай загнаж, түүний бүтээлүүдийг нийгэм цоо шинэ нүдээр харж, алдар хүнд үхсэн хойно нь эргэн ирж, "Агуу Гэтсби" хорьдугаар зуун төдийгүй бүх цаг үеийн шилдэг романы нэг гэгдэх болжээ.
"Агуу Гэтсби" монгол хэлээр гарлаа. Энэ удаад орос хэлнээс орчууллаа. Эрдэм чадалт эрхэм нөхөд эх хэлнээс нь буулгаж, молхи миний хөрвүүлэг дэх андуу эндүүг засна биз ээ хэмээн найдна.

5 comments:

Anonymous said...

Х.Монголхатан:
Шууд уншмаар санагдлаа...

Шувуухай said...

Орчуулгынхаа тухай өгүүлсэн тань над мэтийн мэдлэг дорой, дэлхийн соёлоос хол хүмүүст энэ номын хамгийн сайн сурталчилгаа боллоо хэхэ /унших хүсэлийг төрүүлэв/ Таны номын цагаан буян дэлгэрэг

Anonymous said...

Za bayar hurgey!! Avch unshinaa.

Barimalch

Er_ene said...

Ван Гог бас нэг иймэрхүү амьдарлаар дууссан юмуу даа. үхэж байхад нь зураг нь гудамжных нь нөгөө талд хэдэн арван мянгаар зарагдаж байсан гэдэг. avch unshna

saixan said...

Nadad Great Gatsby-g 20r zuunii shedevruudiin neg gej bodood anx unshixad tiim ch setgeld xureegui, gexdee tanii ene post oilgoxgui dutaad bsan xooson zaig noxood ogox shig sanagdlaa.