Wednesday, January 06, 2010

Дарь Сүхбаатар: Ардчилсан холбооны нөхөд маань эхэн үедээ шударга байсан ч эрх мэдэлд хүрээд зарим нь тангарагаасаа няцсан

Б.Галаарид, Х.Монголхатан

МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, Барилга, Геодези, зурагзүйн газрын дэд дарга бөгөөд Газрын харилцаа, Хот байгуулалтын албаны дарга Дарь Сүхбаатартай ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болох гэж байна. Түүх түүхээрээ л байх ёстой. 20 жилийн хугацаанд их олон зүйл өөрчлөгдсөн, зарим нь орхигдож мартагдан гуйвсан байдал ч ажиглагддаг. Халуун үйл явдлын цөмд нь байсан гол хүний хувьд Монголын ардчиллын бодит түүхийг ярьж өгөөч. Яг юунаас эхэлсэн, хэдэн хөдөлгөөн байсан, тэд яаж нэгдсэн болон өнөөгийн ардчилагчид тухайн цагт анх ирэхдээ хэн, ямар дүрх төрхтэй байсан гээд л асуух зүйл олон байна. Яагаад гэвэл монголын ардчилал, ялангуяа анхдагчидтай холбоотой янз бүрийн “өнгө будаг”-тай мэдээлэлд толгой эргэчихээд байна л даа?
-/Инээмсэглэв.сур/ Миний мэдэхээр манай С.Цогтсайхан тэр жил “Миний мэдэх МоАХ” гэж ном бичиж, өөрийнхөө хэмжээнд ардчиллын түүхийг гаргаж ирэх гэж оролдсон. Ч.Энхээ хоёр ч ном бичсэн. Ч.Энхээгийн номуудад түүх нэлээд бодитой байдаг юм. Ардчилсан холбоо 10 жилийн ойгоороо албан ёсны редакц байгуулж, С.Цогтсайхан, Ч.Энхээ бид оролцож 10 жилийн түүхээр ном гаргасан. Энэ номыг бүтээх Засгийн газрын тогтоол гарсан юм шүү. Ц.Нэгдэл гэдэг хүн ардчиллын түүх гэсэн ном бас бичсэн байдаг.
-Ардчиллын түүх ярихаас өмнө өөрийнхөө тухай ярихгүй юу. Тавь дөхөж байгаа хүн өөрийгөө дөвийлгөөд ч, дараад ч яах билээ?
-Би айлын том хүү. Хоёр охины дараа их ч хүсч хүлээлгэж, төрсөн болохоор намайг дураар гэхдээ зөв өсгөсөн. Намайг төрөхөд аав тээвэрт явчихсан байж. Ээж миний нэрийг будаан дундаас сугалтал Сүхбаатар гэдэг нэр таарч. Аав ирээд хүүгээ хараад, нэрийг нь сонсуутаа шууд зөвшөөрсөн гэдэг.
Би хоёр настайгаас хойших үеэ санадаг. Хөлд орчихсон байсан юмдаг. Намайг өвөл пийшин дээр суудал засаад зузаан дээлээр хучаад суулгадаг байсныг санаж байна. Нэг литрийн хөнгөн цагаан түмпэнд бахиар цорвойлгож хошуу гаргаад миний барж идэх, идэхгүй хамаагүй “Баатарын хошуутай түмпэн”-гээр заавал овоолон хоол хийж өгдөг байсан. Дөрвөн настайгаасаа аавыгаа дагаж явдаг болсон. Хамгийн анхны очсон газар бол Хөвсгөл далай. Ямар гайхамшигтай юм бэ гэсэн анхны сэтгэгдэл төрж, эх орноороо бахархаж эхэлсэн. Аравдугаар анги төгстөл би аавынхаа тээврийн тэрэгний бүхээгт явсан. Аавыгаа дагаж явах боломжгүй үед ээжийгээ дагана. Ээж маань оёдолчин, эмнэлэг, сургуульд үйлчлэгч хийнэ. Ээжээсээ гар чийдэн, жимс, самар, ном гээд л нэхсэн болгоноо авахуулна. Харин хоёр эгчийгээ дагаж хичээл хийсээр уншиж, бичиж сурчихаад долоон настайдаа сургуульд орох гэтэл заавал найман настай ордог ёстой гээд халгаагаагүй юм. Тэгээд хойтон нь манай тосгонд сургуулийн шинэ байр баригдаж, бид есдүгээр сард бус, аравдугаар сард хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байлаа. Захирал Ж.Нацаг багш намайг дуудаад хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохиулсан. Байнга л Дамдины Сүхбаатар гэдэг хүнийг хүндэтгэдэг, бичиг үсэг сурсан цагаасаа намтар түүхийг нь уншиж судалдаг хүүхэд байлаа. Нэрээ хүндэлдэг, сурлага, урлаг, спорт, сахилгагүйгээрээ хүртэл бүх юмаараа тэргүүлдэг байж.
Дөрөвдүгээр ангид байхад захирал дуудаад шинэ жилээр сүлд модны наадамд чоно бол гэлээ. Дургүй байсан ч дөрөв, тав, зургадугаар ангийн гурван шинэ жилээр чоно болсон. Гуравдугаар ангид байхад ээж надад шинэ ботинк авч өгөхөөр нь баярласан сэтгэлээ илэрхийлж анх удаа гурил зуурах гээд гараа дүрээд сууж байтал цагдаа орж ирээд ажилчны клубын цонхыг хагалсан гэж гүтгэдэг юм байна. Ингэж цагдаагийн талаар маш таагүй гүнзгий сэтгэгдэл үлдэж билээ. Харин долдугаар ангидаа сургуулийн сурагчдын зөвлөлийн даргаар сонгогдож, бакиалын түрүү эргүүлж явдаг сахилгагүй хүн чинь дороо томоожсон доо. Долоо, найм, ес, аравдугаар ангидаа, төгсөөд багшлахдаа гээд таван жил өвлийн өвгөн болсон.
Арав төгсөөд конкурсээ сайн өгч аймгийн 400-500 хүүхдээс ес дүгээр байранд орлоо. Дотоодын бүх их дээд сургууль, Зөвлөлтийн болон Унгар, Польшийн сургуулиуд ч байлаа. Миний шалгалтын дүнд Германы их сургууль таарлаа. Маргааш нь томилолтоо авахаар очтол “Хувийн хэрэгт чинь сахилгагүй, дураараа, зөрүүд гэж бичсэн байна. Ийм хүн социализмын оргил оронд тэнцэхгүй” гэлээ. Би заавал герман явна гээд гүрийгээд байлаа. Захирал ангийн багшийг дуудаж авчраад миний хувийн хэргийг засуулж байж Герман явах эрхийг нээж өгсөн дөө.
Германд очоод хоёрдугаар курсээсээ Монгол оюутны эвлэлийн үүрийн даргаар сонгогдлоо. Гэтэл оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга, НАХЯ-ны хүн намайг дуудаж авчраад үүрэг өгдөг юм байна. “Чи бүх оюутныг тагнах ёстой, хэн юу ярьж байна, ямар наймаа хийж байна, охид нь хэнтэй явж байна. Энэ бүхнийг надад мэдээлэх ёстой” гэлээ. Би ч “Уучлаарай” гээд гараад явсан.
1984 оны хавар сагс тоглож байхдаа хөлийнхөө шөрмөсийг таслаад гурван сар өвчтэй хэвтсэн. Хичээл тасарсан болохоор 1-2 шалгалт өгч чадсангүй. Сургуулийн удирдлагууд намар ирээд өгч болно гэсэн болохоор амралтаараа Монголдоо ирлээ. Гэтэл Буянт-Ухаа дээр миний гадаад паспортыг хураагаад авчихлаа. Гадаадад сурдаг оюутны паспортыг хурааж авах учиргүйг лавлатал “Чамд зөвхөн Монгол руу орох виз дарсан байна, буцах визгүй учир паспортыг чинь хурааж авлаа” гэв. Тэгээд гайхаж байсан ч дараа учрыг нь олъё гээд шууд Тосонцэнгэл руу нислээ. Гэртээ сайхан амраад найман сарын сүүлээр хотод орж ирээд яаман дээрээ очлоо. Учир нь би Барилгын яамны нэр дээр Герман руу сургуульд явсан юм.
1980 онд О.Телейхан сайд байсан. Харин 1984 онд Л.Цэрэндондог сайд байсан. Яамны оюутан хариуцсан Хүрэлтогоо гуайн өрөөнд ороод хажууд нь суутал “Бос чи, хөөгдөж ирчихээд ямар нүүрээрээ хүний хажууд сууж байгаа юм” гэдэг байгаа. Гэтэл Элчин сайдын яамнаас оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичиг Аваадорж гэдэг хүний гарын үсэг, тамгатай бичиг иржээ. “Дарь Сүхбаатар нь архи ууж, зодоон хийж, хөлөө хугалан 63 хоног хичээл тасалсан тул сахилгаар хөөлөө” гэсэн байна. Ийм юм огт болоогүй гээд би заргалдаад явлаа. Яамны боловсон хүчин дээр орлоо, сүүлдээ Л.Цэрэндондог сайдтай ч уулзлаа. “Элчин сайдын яамны тамга, тэмдэгтэй бичигт итгэхгүй яахав. Одоо ном журмын дагуу намын заасан газарт гурван жил ажилла” гэж байна. Би ч “Үгүй” гээд гүрийгээд хоёр сар өнгөрлөө. Энэ хугацаанд сайдын өрөөний факсаар сургуультайгаа харьцаж, надад хэрэгтэй баримтууд, өвчний акт, сургуулийн тодорхойлолт энэ тэрээ авчихлаа. Тэгсэн ч явж чадахгүй байсаар аргагүйн эрхэнд яамны заасан газар болох Тосонцэнгэлийн барилгын конторт шаварчнаар хуваарилагдлаа. Аавдаа болохоор өвчний улмаас нэг жилийн чөлөө авлаа гэж хэлсэн.
Тосонцэнгэлд очоод Ж.Нацаг захиралтай уулзаад сургуульдаа нэг жил багшиллаа. Тэгээд жилийн дараа бас барилга конторын даргаас ч, сургуулиасаа ч ажлын тодорхойлолт хийлгэж аваад яаманд очлоо. Тэгсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт засварчнаар ажилла гэж байна. Нэг жил тэнд ажиллахдаа залуучуудын гавшгайч бригад хоёрыг зэрэг байгуулаад, өөрөө удирдаж, энд байгаа ардчилсан Германы элчин сайдын яамтай шефийн холбоо тогтоолоо. Өдөр нь тоос шороотой хувцастай засварчин, орой нь цагаан цамцтай залуу дарга нартай хамт лекц уншдаг байлаа. Жил ажиллаад явах болоход үйлдвэрийн МАХН-ын дарга дуудаад “1000 гаруй ажилтантай үйлдвэрийн эвлэлийн хорооны даргаар ажиллаач, хоёр жилийн дараа Комсомолын дээдэд явуулна, намд орлогчгүй шууд элсүүлье” гэж байна. Би “Баярлалаа Даваа даргаа. Надад өөрийн бодол бий. Би сургуульдаа л явна” гэлээ. Тодорхойлолтоо аваад яаманд очиход барилгын гуравдугаар ТМС-д мастер багшаар ажилла гэж байна. Ингэж гурван жил ажиллаж, улсын зардлаар Германд сурсан төлбөрөө төллөө.
Гэтэл намайг Герман руу сургуульд явуулахгүй, дотооддоо л сур гэж байна. 1987 онд миний үеийнхэн төгсөөд ирж байлаа. Гэтэл би дөнгөж хоёрдугаар курст орох гээд байдаг. Тэгвэл ерөөсөө цэрэгт явна гээд Ш.Арвай генерал дээр орж хилийн цэрэгт явах хүсэлтэй байгаагаа хэлтэл гайхаж байснаа “Хавар цэрэг татлагаар хүрээд ир” гэлээ. Энэ хооронд МАХНамын төв хорооны хянан шалгах хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн Б.Ламжав гэдэг хүнд өргөдөл бичлээ. Хариу ирдэггүй. Тэр намар би Өмнөговийн жуулчны баазад орос, герман хэлний байнгын орчуулагчаар нэг сар ажилласан. Тэгсэн нэг өдөр Чехийн нам засгийн төлөөлөгчид цагаан онгоцоор ирж нэг хоноход. Б.Ламжав дарга хамт ирж байна шүү. Орой нь уулзлаа. Яриаг маань сонсоод,”Наадахаа дэлгэрэнгүй бичээд өглөө өгчих” гэв. Шөнө нь сууж биччихээд өглөө онгоц руу явж байхад нь хармаа руу нь шургуулчихлаа. Ажлаа дуусчихаад хотод ирээд байтал Төв хорооноос дуудаж байна гэнэ. Саарал байшингийн хаалганы өмнө анх удаа очсон маань тэр.
Хянан шалгахын ажилтан Аюур гуай хүлээн авч уулзаад “Чи даргатай уулзсан юм байна. Чамайг цагаатгасан шийдвэр гарсан.” гэж байна. Тэгвэл би сургуульдаа явья гэтэл “Хүү минь нас чинь явчихлаа, гэр бүлтэй ч болсон биз. Дарга чамайг Политехникийн дээдэд хоёрдугаар курст оруулах томилолт бичиж өгсөн. Энэ бол улсад их чухал мэргэжил” гэлээ. Томилолт, цагаатгалын бичгээ аваад шууд Тосонцэнгэл нислээ дээ. Германд сурч байхад “Манай удмаас тэр хол газар, Карл Маркс гэдэг их хүний сургуульд сурч байгаад аав нь үнэхээр их бахархаж байна” гэсэн захидал байнга ирдэг байсан юм. Гэтэл тэр бахархлыг нь хөсөрдүүлсэн болохоор надад гурван жил нүүр өгөөгүй юм. Харин нөгөө цагаатгалын бичгээ үзүүлсэн чинь уншсанаа “За хүүгийнхээ шар толгойг үнэрлэе” гэсэн. Долоо хоног гэртээ амраад сургуульдаа орлоо. Полийн дээд таван жилээр төгсдөг учраас би жил хожих гэж дөрвөн жилтэй сургууль хайгаад байлаа. Тэгсэн Багшийн дээдийн физикийн анги дөрвөн жилээр төгсдөг гэж байна. Захиралтай нь очиж уулзаад учраа хэлтэл “Хагас жилийн шалгалтын дүнг чинь харья” гэв. Хичээж байгаад бүх шалгалтаа онц өгсөн ч, оюутан шилжихийг дээд боловсролын хороо шийддэг юм гээд халгаадаггүй. Ашгүй 1988 оны гуравдугаар сарын 31-нд дээд сургууль хоорондоо зохицож болно гэсэн тогтоол гарч, би дөрөвдүгээр сарын 20-нд Багшийн дээдийн физикийн хоёрдугаар ангид шилжиж орлоо. Хоёроо төгсөх хавар аавын маань ах нас барж, үхэл хагацал гэдгийг үзэж бүх ёс дэг жаягийг сэтгэлдээ бичиж авлаа. Хэзээ нэгэн цагт миний аав тэнгэрт халина. Би айлын том хүү учраас энэ бүхнийг мэддэг байх ёстой гэж бодсон юм.
-Энд оюутан байхдаа сонин гаргаж, хаалгаж явсан гэж сонссон юм байна. Тэр тухайгаа яриач?
-Гуравдугаар курст манай ангийнхан Батсүмбэрийн сангийн аж ахуйд намрын ажилд гарлаа. Гэтэл архаг ангина үрэвсээд долоо хоног халуурч аж ахуйгаас ирлээ. Манай эхнэр бид хоёр арван жилийн нэг анги. Ленинградын сүлжмэлийн дээд сургууль төгссөн. Бид хоёр сүлжмэлийн үйлдвэрийн ажилчны байрны гурван өрөөний хамгийн жижигт нь таван жил амьдарсан. Гэртээ өвчтэй, зурагт хараад хэвтэж байтал Сөүлийн олимптой холбоотойгоор Солонгосын түүхийн нэвтрүүлгүүд гарч, Кванжугийн оюутны бослого, тусгаар тогтнол, ардчиллын төлөө яаж тэмцэл өрнүүлж байсан тухай гарлаа. Тэр үед өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж эхлсэн үе болохоор ерөөсөө оюутнуудыг хөдөлгөе гэсэн санаа төрлөө. Тэгээд яаж хөдөлгөх вэ гэж бодож байгаад “Сонин бол тэмцлийн хамгийн чухал зэвсэг” гэсэн Лениний үг санаанд орлоо. Сангийн аж ахуй ч бууж, хичээл эхлэхэд хамгийн түрүүнд Багшийн дээдийн утга зохиолын нэгдэл дээр орлоо. Ж.Болд-Эрдэнэ тэргүүлээд л яруу найрагчид шүлэг уншицгаав. Миний ээлж ирэхэд “Би та нарын дэргэд шүлэг уншихад ичмээр байна. Хамгийн гол нь нэгдэлд элсье, бүгдээрээ сонин гаргая” гэлээ. О.Сундуй, Ц.Дашдамба, П.Бөхбат, Ж.Батцэцэг нар юун сонин бэ гээд л гайхаад байна. Оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлье, өөрчлөлт шинэчлэлтийг оюутнууд л хийнэ гэлээ. Тэгсээр сонин хийхээр болон “Цагийн толь” гэдэг нэр өглөө. Яруу найрагч Б.Одгэрэлээр сонины нэрээ уйгаржин бичгээр бичүүлээд 1988 оны арваннэгдүгээр сарын 16-нд Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр эхний дугаараа гаргалаа. Их зохиолчийн хөргийг С. Бүрэнээ гэдэг оюутнаар зуруулаад доор нь “...Гагцхүү наран хэвээр үлдмой... Д.Нацагдорж” гэж бичлээ. Энэ манай сонины уриа байсан юм. Тэр үед төвийн том сонинууд 15-20 мөнгө байхад бид нэг төгрөгөөр зарахад дороо алга болов.
Би сонины эрхлэгч гэдгээрээ Захирлын зөвлөлд орчихсон, сургуулийн асуудал шийдэлцдэг байлаа. Сургуулийн намын хорооны дарга Б.Батхишиг дэмжиж бид гурван дугаар гаргалаа. Дөрөв дэх дугаараа бэлтгэж байтал арванхоёрдугаар сарын дундуур О.Отгонсүрэн захирал дуудаж “НАХЯ-аас чамтай уулзахаар хүн ирсэн” гэж байна. Өөрийгөө Бат-Эрдэнэ гэж танилцуулсан сайхан залуу уулзаад “Танай сониныг хаасан шийдвэрийг биеэрээ ирж танилцуулж байна. Та яаман дээр яваад оч” гэж байна. Би НАХЯ дээр очтол Төв хорооны даалгавар гэлээ. Ингээд сонин хаагдлаа.
1989 оны дөрөвдүгээр сард Монголын оюутны хоёрдугаар чуулганд төлөөлөгчөөр ороод, хаагдсан сониноо барьж байгаад Намын төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав гуайд хандаж "Танай НАХЯ манай сонинг хаасан. Оюутнууд яагаад үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм” гэсэн утгатай үг хэллээ. Ц.Балхаажав гуай хурал удирддаг индэр дээрээс шууд хариулж байна. “Монгол улс цаас үйлдвэрлэдэггүй. Цаасыг валют гэдэг юмаар гадаадаас авдаг. Валют үнэтэй. Та нар “Залуучуудын үнэн” сонинд “Оюутан” гэсэн нэг нүүр аваад юмаа гаргаж болно” гэж байна. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч Долгорын Нямаа гуайтай уулзсан ч биднийг олигтой дэмжсэнгүй.
-Сонин хаагдсан хэвээр... Тэмцэх тухай бодлоо орхисонгүй юу?
-Ер нь оюутнуудын байж байгаа байдал нийгмийг хөдөлгөх хүч биш болоод явчихлаа. 1989 оны намар залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болох тухай зар тарлаа. Зөвлөгөөнийг угтаж хотын эвлэлийн хорооны дугуй танхимд долоо хоног урлаг соёлын эвлэл, холбоодын өдөрлөг болов. Эхний өдөр нь Монголын зохиолчдын эвлэлээр эхэллээ. Дарга нараа, намаа магтсан үлбэгэр хурал болсон ч би жаахан юм донгослоо. Хэн ч хүлээж авсангүй. Харин сүүлийн өдөр киноны эвлэлийнх энэ өдөрлөгүүдийн оргил нь болсон юм. Г.Равдан жүжигчин бөөгийн хувцас өмсөж нээлтэн дээр бөөллөө. Залуучууд тойроод зогсчихсон. Дундуур нь гараад үгээ хэллээ дээ. “Оросууд бол муухай бодлоготой. Дамдины Сүхбаатар, Богд хааныг оросууд алсан. Х.Чойбалсанг ч оросууд алсан. Ер нь Монголчууд одоо өөрчлөлт шинэчлэлт хийж, биеэ даах ёстой” гээд ярилаа. Олон нөхөд дэмжиж байна. Тэгэхээр нь “Бидний яриаг дэмжиж байгаа залуус байвал үлдээрэй. Ярилцах зүйл байна” гэлээ. Архитектор Л.Нямсүрэн нар болон Ч.Энхээ, барималч Х. Цэгмэд, Л.Болд, зураач Н.Орхон зэрэг олон хүмүүсийн дунд ахмадаас С.Эрдэнэ, Т.Галсан, Ч.Галсан, Г.Аким, С.Оюун нар байв.
Ингэж 1989 оны арваннэгдүгээр сарын 20-доор “Дэвшилтэт залуусын эвсэл” нэртэй бие даасан байгууллага мэндэлж, тэргүүнээр нь Багшийн дээдийн физикийн оюутан Дарь Сүхбаатар миний бие, нарийн бичгээр нь архитектор Л.Нямсүрэн сонгогдлоо. Байгууллагадаа нэг, гурав, таван төгрөг гэлтгүй хандив өргөж, энэ мөнгөөрөө уриа лоозон хийж, бичиг цаас хэвлэж олшруулж, үзэл бодлоо тарааж эхлэв.
“Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн” –ий өмнөх өдөр... Гэтэл намайг төлөөлөгчөөр сонгодоггүй. Уг нь бид зөвлөгөөний индэрийг эзлэж, өөрчлөлт шинэчлэлтийн үгээ хэлэх байдаг. Эхлэх өглөө нь манай залуус мандаттайгаа Эвлэлийн төв хорооны дарга Ц.Нарангэрэл дээр ороод Дарь Сүхбаатарыг төлөөлөгчөөр оруулахгүй бол бид мандатаа хаялаа гэсэн. “Яагаад болохгүй байгаа юм, надад нэг эрх байна, түүнийгээ олгоё” гээд шууд мандат зүүж өглөө. Тэгээд л зөвлөгөөндөө ороод явчихлаа. Бүгд хэлэх үгээ сэдэв сэдвээр нь хувааж авлаа. Ардчилсан холбоо байгуулсныг зарлах нь надад оногдсон. Телевизийн киноны найруулагч Нарантуяа зэрэг хоёр бүсгүй, сэтгүүлч Д.Төрмөнх, жүжигчин Р.Мөнхсайхан, найруулагч Б.Баатар, Жумдаан нарын залуус. Тэгсэн завсарлагаанаар ардчилсан холбоо зарлахыг Дарь Сүхбаатар биш аядуу зөөлөн дуутайгаар нь Ц.Элбэгдоржоор хэлүүлье гэсэн саналыг Нарантуяа гаргалаа. Сүхбаатар хэтэрхий шулуун хэлээд хүн үргээчихэж магад гэж байна. Үг хэлэх хүмүүс эхнээсээ дуудагдаад л байлаа. Тэгсэн миний нэрийг өнгөрөөд явчихлаа.Сэтгүүлч Т.Даваадорж хамгийн түрүүнд “Гурван байхгүй юмны тухай хэлье. Энэ хуралд тэргүүлэгч байхгүй, лоозон байхгүй, ардчилсан уур амьсгалтай хурал болж байна” гэсэн утгатай үг хэлсэн. Гэхдээ тайзан дээр сууж хурал удирддаг байсан Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга, Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрай, Улаанбаатарын намын хорооны дарга, улс төрийн товчооны гишүүн Б.Алтангэрэл, улс төрийн товчооны орлогч гишүүн, үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав нар төлөөлөгчдийн суудлаас хурлыг удирдан чиглүүлж байсан.
Жүжигчин Базаррагчаа манай анхны нөхдийн нэг. Бид хоёр хуйвалдлаа. “Чамайг дуудах нь мэдээж. Чи өөрийн долоон минутынхаа хоёрт нь үгээ хэлээд буугаарай. Би зөрж гараад үгээ хэлье” гэлээ. Базаррагчаа ч хэлсэндээ хүрч, би зөрж гараад үгээ хэллээ. “Та бүхэн миний үгийг анхааралтай сонсоно уу хэмээн хичээнгүйлэн гуйж, хүндэтгэн ёслоё гээд индрийн хажуугаар төлөөлөгчид рүү тонгойлоо. Хүний анхаарал татах гэж байгаа нь тэр.
Маркс, Ленин нарын хэлсэн төрийн тухай үгээс эхлээд “Өөрчлөн байгуулалт хийхэд алдаа зөндөө гарна. Гэхдээ хамгийн том алдаа бол өөрчлөн байгуулалт хийхээс айгаад юу ч хийхгүй зогсох явдал “ гэж М.Горбачев хэлжээ гэлээ. Хүмүүс ч анхаарч байна. Тэгэхээр нь “Одоо би өөрийнхөө үгийг хэлье. Залуучууд бид өөрчлөн байгуулалтыг хийнэ. Бид өнөөдрийн сэхээтнүүд, уран бүтээлчид. Нийгмийг авч явдаг хүмүүс уран бүтээлчид байдаг. Бид хийхгүй бол өөр хэн хийх билээ” гээд төгсгөлд нь Бид “Ардчилсан залуучуудын холбоо” байгуулснаа зарлаж байна гээд хэлсэн чинь 630 төлөөлөгч чив чимээгүй болсон. Тэгснээ аадар нижигнэнэ гэдэг шиг бүгд зэрэг алга ташсан юмдаг.
Завсарлагаар С.Амарсанаа, Ц.Элбэгдорж бид нар дээр Ц.Намсрай гуай хүрч ирснээ миний мөрөн дээр алгадаад “Залуучууд зөв, өөрчлөн байгуулалтыг та нар л хийх ёстой” гэж хэллээ. Тэр хурал дээр “Залуучууд бидэнд цуглаад ил тод ярилцах боломжийг олгож, Залуучуудын соёлын төвийн бага заалыг бидэнд гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан юм. Бидэнд байр гаргаж өгсөн нь сайндаа биш хяналтандаа байлгах гэж бэлэн сайхан чагнах төхөөрөмж суулгасан байсан юм билээ. Ингээд зөвлөгөөн ч тарлаа. Цээжиндээ бугшиж байсан үгээ гаргаад хэлчихсэн төлөөлөгчид гэр гэртээ хариад л таг болчихлоо. Тэгэхээр нь нэг өдөр “Хөдөлмөр” сонин дээр очиж С.Амарсанаатай уулзаж ” Бидний үйл хэргийг амжилттай өрнөвөл С.Цогтсайхан, Э.Бат-Үүл зэрэг тавин хүн авчирна гэсэн яалаа” гэж асуусан. Тэднийгээ нэхэхээр очсон хэрэг. Бид хоёр тэндээсээ Ц.Элбэгдорж дээр очиж уулзаад дуудахаар ирээрэй гээд явлаа. Маргааш нь Жумдааныд очиж гэрийнх нь утсаар баахан залуучууд руу ярьлаа. Тэгээд Дээд шүүхийн дарга Л.Ренчин, Намын түүхийн институтын захирал К.Зардыхан, Засгийн газрын бодлогын хүрээлэнгийн захирал Д.Бямбасүрэн, төр засгийн нэгдсэн хэвлэлийн редакцийн эрхлэгч Б.Лигдэн, НАХЯ-ны сайд Л.Жамсранжав генерал зэрэг хүмүүстэй ярьж уулзахаар тохирлоо. Тэгээд 20-иод залуустай очиж уулзсан. Харин Д.Бямбасүрэн гуайтай Ц.Элбэгдорж бид хоёр очиж уулзахад социализмыг сайжруулах талаар мод зурж байгаад тайлбарлаж өгч билээ.
-Ингэхэд Ардчилсан холбооны анхдагчдын хэн нь хэнийгээ дагуулж ирснийг хэлээч?
-С.Амарсанаа С.Цогтсайханыг авчирч, тэр хоёр Э.Бат-Үүлийг авчирч, Баасан лам С.Зоригийг дагуулж ирсэн. Бид Барилгын зургийн институт, хотын эвлэлийн хорооны дугуй зааланд, Их сургуулийн криминалистикийн танхимд “малыш” Б.Энхтүвшиний өрөөнд, Залуучуудын соёлын төвийн бага зааланд цугладаг байлаа. Арванхоёрдугаар сарын эхээр биднийг цуглаад сууж байтал нэг хүн орж ирээд өөрийгөө Г.Бошигт гэж танилцуулсан. “Та нарын яриаг онгорхой цонхоор сонсоод орж ирлээ” гэж билээ. Өвлийн хүйтэнд, дөрвөн давхарт байгаа бидний яриаг гудамжнаас сонсоод л ороод ирсэн хүн дээ. Сониноос: Ардын хувьсгалын анхны долоогийн нэртэй бидний нэр нэлээд давхцдаг: Бодоо/ Баасан лам/, Сүхбаатар, Амарсанаа, Элбэгдорж Ринчино, Зориг Старков ... гэх мэт. Мөн манай хэдийн нэр Сүхбаатарын Амарсанаа, Сосорбарамын Цогтсайхан, Дорлигжавын Баасан ... гэж байх шиг.
Хүмүүс бага ирж байсан болохоор хэн л ирнэ хүлээж авна. Нэг өдөр дугуй зааланд 10-аад залуу нэмэгдэж ирлээ. Хүмүүстэйгээ танилцаад шууд элсүүлж авдаг байв. Үйлдвэрчний Соёлын төв ордны дэргэдэх “Орчлон” улс төрийн клубын эрхлэгч Б.Билэгт гэдэг хүн клубынхээ залуустай нийлэхээр ирсэн нь тэр байв. Мөн хуульч Б.Галсандорж, хотын эвлэлийн хорооны зааварлагч Д.Дорлигжав нарын нөхөд ч нэмэгдлээ.
Нэг өдөр С.Цогтсайхан Э.Бат-Үүлийг авчирлаа. Э.Бат-Үүл өөрийгөө танилцуулснаа “Би та бүхэнтэй нийлж чадахгүй, уучлаарай. Яагаад гэвэл хуудас нааж баригдахдаа НАХЯ-нд ахиж хэзээ ч ийм юманд оролцохгүй гэж ам өчгөө өгсөн. Хоёрт, “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуайтай ярьж, сэтгүүлчээр ажиллахаар тохирсон байгаа. Тиймээс намайг урьсан та бүхэнд баярлалаа” гээд гарах гэж байна. Тэгэхлээр нь С.Цогтсайхан бид хоёр татаж суулгаад “Э.Бат-Үүлээ чи ийм хулчгар байсан юм уу, чиний ам өчиг өгсөн ямар хамаатай юм. Тэр хуудас наах үйл ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг нь чи байсан гэсэн биз дээ” гэсээр хүчээр үлдээлээ.
1989 оны арванхоёрдугаар сарын 10 бүтэн сайн өдөр байсан. 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал анх гарсан өдөр тохиолдлоор таараагүй. Бид сонгосон. Манай С.Амарсанаа монгол хэлрүү анх хөрвүүлсэн юм. Харамсалтай нь урьдчилж мэдсэн МАХН бүх их дээд сургуулийн захирлуудад үүрэг өгч оюутнуудыг Хандгайтын цанын бааз руу явуулсан байсан. Манай багшийн дээдийн хэдэн оюутан болон бусад сургуулийн мэр сэр оюутнууд л тэр өдөр анхны цуглаанд оролцсон байдаг.
-Ер нь яг хэдэн хүн оролцсон байдаг юм бэ?
-НАХЯ-ны архивт 350 хүн оролцсон гэсэн нь бол бодит тоо байх.100-аад нь НАХЯ -ны ажилтнууд, сөрөг тагнуулынхан, цагдаагийнхан энгийн хувцастай байсан. 20-30-аад оюутан, бидний 30-аад нөхөд бусад нь сонирхогч, дэмжигчид байсан. Тэдний дунд “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, зохиолч Ч.Галсан гэх мэт олон хүмүүс харагдаж байсан. Ингээд анхны цуглаанаар юу болсныг хүмүүс мэдэж байгаа байх. 13 зүйлтэй өргөх бичгийг МАХН-ны Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд өгсөн. С.Амарсанаа, Ч. Энхээ хоёрт хотын захиргаанаас зөвшөөрөл авах ажлыг даатгасан. Зөвшөөрөл ч авсан. Дээд шүүхийн дарга Л.Ренчин, НАХЯ-ны орлогч сайд Цийрэгзэн, К.Зардыхан, Б.Лигдэн гуайтай яах гэж уулзсан бэ гэхээр, ний нуугүй хэлэхэд өөрсөддөө хамгаалалт болгож байсан юм. Бид дээд шүүхийн дарга Л.Ренчинтэй уулзаад “Бид ийм шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлэн, жагсаал цуглаан хийх гэж байна. Өнөөдрийн үйлчилж байгаа хуультай харшилдах зүйл байна уу” гэсэн. Тэрээр сонсож байгаад пиджакаа тайлж, сандал дээрээ тохчихоод босоод алхахад цамцных нь нуруу шал нойтон болтлоо хөлөрсөн байсан. Юу гэж хариулах вэ гэж бодож, сэтгэл нь хөдөлсөн байх. Буцаж суудалдаа суугаад “Хуулинд харшлах юм байхгүй, өөрчлөн байгуулалтыг залуучууд та нар хийх ёстой” гэдэг үг хэлсэн. Энэ үг биднийг баривчлахгүй, хүч хэрэглэхгүй байхад нэмэр болсон, тэгэх ч гэж уулзсан юм.
Тэр үед бүх хүчний байгууллагынхан, цэрэг, НАХЯ-ны оюутнуудыг хүртэл бэлэн байлгаж хонуулаад, сүүлийн хоногт нь зэвсэг, байлдааны сум тарааж өгсөн гэж байгаа юм. Байнга бэлэн байдалд, тушаал өгөхөд л бэлэн байлгасан. Ямар ч тушаал өгсөн биелүүлэхэд бэлэн гэж бичүүлж аван, сэтгэлзүйг нь бэлдсэн социологийн судалгаа явуулсан байдаг.Гэлээ ч цаанаасаа цаг эргэсэн байсан, өөрчлөн байгуулалт яригдаж эхэлсэн, монголын залуучууд дэмжиж байсан, “Үнэн” сонинд эрхлэгч Л.Түдэв гуай хүртэл төв хороог шүүмжилсэн мундаг нийтлэл бичиж байсан учраас энэ бүхэн тайван замаар болсон.
-Ардчилсан холбоо байгуулагдсан нь захиалгатай байсан гэдэг хувилбар яригддаг шүү дээ?
- Би лав мэдэхгүй. Харамсалтай нь тийм хувилбар явдаг юм. Явцын дунд миний, бидний бодож, хүссэнээр биш гажсан тал бий. НАХЯ-наас зохион байгуулалттайгаар хүмүүс оруулсан тал ч байдаг. Энэ тухай хангалттай ярьсан даа. Жинхэнэ анхны уран бүтээлч нөхөд маань өөрсдийн уран бүтээлээ хийнэ гээд хэлээд явцгаасан. Дараа нь орж ирсэн нөхдөөс анхны 13 гэдэг бий болсон. Монцамэ-аас гаргадаг “Цаг үе” гэдэг жижиг товхимолд 13 хүний товч намтар гарсан байдаг. Түүнээс хойш “анхны 13” гэдэг болсон. Бид уг нь тангараг өргөх болоход 15-уулаа байсан юм. Тэгсэн Г.Бошигт “Би ахмад хүн, та нарын ард байж зааж зөвлөж байя” гээд явсан. Ч.Энхээ хэзээ мөдгүй төрөх болсон эхнэрээ харуулж байгаад яваад өглөө. Ардын намын анхны долоогийн тангарагаас санаа авч миний бичсэн тангарагийг 13-уулаа өргөж байлаа.
-С.Зориг яагаад лидер болсон юм бэ. Та нартай хэзээ нэгдэв?
-Бид удирдагчаа сонгоё гээд бичгээр санал хураасан юм. Тэгэхэд Г.Бошигт тав, С.Зориг, “малыш” Б.Энхтүвшин нар хоёр, хоёр хүний санал авсан. Гэтэл Г.Бошигт нэрээ татаж, нөгөө хоёр дээрээ дахин санал хураахад С.Зориг долоо, “малыш” зургаан хүний санал авч ерөнхий зохицуулагч, дэд зохицуулагчаар сонгогдсон. Бид Ардчилсан холбооны анхны тэргүүлэгчид ингэж болсон. Энэ бүрэлдэхүүн 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Ардчилсан холбооны анхдугаар хурлаар дахин сонгогдсон.С.Зоригийг Д.Баасан лам анх дагуулж ирсэн. Сахал нь ургасан, жинсэн өмдтэй, туранхай, орос царайтай залуу орж ирсэн. Д.Баасан “Миний найз, МУИС-ийн Шуко-гийн багш” гэж танилцуулсан.Зориг яваандаа лидер болсон. Нэг номерын хүн богино хугацаанд суралцах, боловсрох зайлшгүй шаардлагатай учраас боломжийн лидер болсон. Харин маш чухал, хүнд хэцүү үйл явдал дээр хааяа алга болчихдог байсан. Энэ бол нууц юм биш. Бид хоорондоо байнга ярьдаг л байсан. Гэрт нь яваад очихоор унтаж байна. Жаахан хариуцлагагүй талдаа шүү.
-Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүх юмны анхдагч, санаачлагч Ц.Элбэгдорж гэсэн мессэж их явсан?
-Ний нуугүй хэлэхэд тэр бол нэг их хортой юм болоогүй. Сонгуулийн пиар хийхэд хэрэгтэй байсан байх. Гэхдээ түүх үнэнээрээ байх ёстой. Харамсалтай нь анхны нөхдийн нэг С.Амарсанаа Ц.Элбэгдоржийг “Ардчилал” сонины анхны эрхлэгч гэж бичсэн байсан. Үнэндээ бол өөрөө анхны эрхлэгч нь шүү дээ. Бусад хөдөлгөөний нөхдөө ч дурсмаар байна. Монголын ардчилалд томоохн үүрэг гүйцэтгэсэн хүнийг Б.Баабар гэж үздэг. Учир нь Баабар ардчилсан социалист хөдөлгөөний анхны тулгын гурван чулууны нэг. Миний мэдэхээр Баабар, Б.Ламжав багш, П.Улаанхүү гурав юм. Дөрвөн тулгууртай гэж үзвэл А.Ганбаатарыг нэрлэнэ. Үндэсний дэвшлийнх гэвэл арга байхгүй Д.Батсүх агсныг хэлнэ. За тэгээд Да. Ганболд, Б.Бямбаа гээд нэрлэх байх.
-Ардчилсан нам байгуулагдсан түүхээс яриач?
-Манай ардчилсан нам анх яаж бий болсон түүх сонин. Бид нэг удаа Монументал чимэглэлийн үйлдвэр дээр цуглаад, Ардчилсан холбоондоо үлдэж хөдөлгөөнөө бэхжүүлж явах хэсэг нь нэг талдаа, Ардчилсан намаа байгуулаад намаа бэхжүүлье гэсэн нь нөгөө талдаа зогсож хоёр хуваагдья гэлээ. С.Зориг, Ц.Элбэгдорж бидний хэсэг нөхөд Ардчилсан холбоондоо үлдээд, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын нөхөд намд орсон. Ардчилсан холбоо бол ард түмний хөдөлгөөн. Энд ямар ч намын хүн байж болно. МАХН-ын гишүүн М.Зэнээ гуай ч манай холбооны гишүүн байсан. Бид шаардлагатай бол тухайн үед нь намдаа элсээд явна гэсэн. Тэгээд МҮАН-д Ц.Элбэгдорж 1994 онд элссэн бол би Ардчилсан намд 2000 онд элссэн.
-Ардчилсан холбоонд С.Зориг гээд Дарь Сүхбаатарыг нэрлэдэг байсан үеийг сайн санаж байна. Гэтэл С.Зоригийн дараахан Сүхбаатар бас шахагдчих шиг санагдсан. Яг юу болсон юм бэ?
-1991 оны намар С.Зориг өөр нам байгуулна гээд Ардчилсан холбооны удирдлагаас чөлөө хүссэн өргөдлөө албан ёсоор өгсөн. Дүрмийн дагуу Ардчилсан холбооны ээлжит бус их хурлыг Багшийн дээдийн зааланд хийх болсон. Тэр хурал юу болсон талаар Эрдэнэхуяг гэдэг сэтгүүлч ”Ардчилал” сонинд “Самар цөмөх цагаар” гарчигтай нийтлэлдээ маш тодорхой бичиж байсан. Ерөнхий зохицуулагч чөлөө гуйсан учраас дэд зохицуулагч миний бие улс төрийн илтгэл бичиж, тавих үүргийг тэргүүлэгчдээс авсан. Хурал товын дагуу маргааш болох байтал урьд орой нь бид ажлын зөвлөгөө хийлээ. Түрүүлж ирсэн орон нутгийн цөөн төлөөлөгч болон нийслэлийн төлөөлөгчид 100 гаруй хүн цуглаад хуралдлаа. Би индэр дээрээс ажлын зөвлөгөөнөө удирдаад байж байтал МоАХ-ны тэргүүлэгч гишүүн, АН-ын дарга Э.Бат-Үүл “Ерөөсөө одоо ингээд Их хурлаа эхэлчихье” гэсэн санал гаргалаа. Би хурал удирдаж байгаагийн хувьд болох ёстой өдрөө болъё гэлээ. Тэгээд ч хөдөөний төлөөлөгчдийн ихэнх нь ирж амжаагүй байна гэтэл Э.Бат-Үүл шахаад болдоггүй. Би “Энэ чинь нийслэлийн бус Монголын ардчилсан холбооны хурал, товлосон цагтаа болох ёстой” гэтэл Э.Бат-Үүл “Энэ Сүхбаатар илтгэл бэлтгээгүй, өнөө шөнө сууж бичих гээд ингээд байна” гэдэг юм байна. Тэгэхээр нь би 20-30 хуудас бичсэн юмаа үзүүлээд “Илтгэл энэ байна, миний бичгийн чадвар чамаас хамаагүй илүү шүү” гээд уурслаа.
Тэгсэн өнөөдөр эхлэх үү, маргааш эхлэх үү гэдгээ санал хураагаад шийдчихье гэж байна. Тэгэхээр нь “Би энэ хурлыг чинь даргалахгүй шүү, хурлын даргаас огцорлоо” гээд буулаа. Тэгсэн хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгоод явчихлаа. Дарханы МоАХ-ны дарга Д.Баттулга, АН-аас Б.Галсандорж гэсэн гурван залуу сонгочихлоо. Тэгэхээр нь би үг авч байгаад индэр дээр гараад “Ингэж болохгүй” гэсэн ч юу юугүй л хурал эхэлж илтгэгч байхгүй, илтгэл байхгүй, хурлын дарга байхгүй хэрнээ асуудал яриад эхэллээ.
Гэтэл Завханы Яруугийн “том” Багабанди гэдэг ардчилагч өвгөн намайг дуудаж уулзаад “Сүхбаатараа хүү минь наадах чинь нэг л биш болоод явчихлаа. Чиний зөв ч, чи хурлаа удирддагаараа удирдаад яв, гарч болохгүй шүү. С.Зоригийн дараа ерөнхий зохицуулагч болох хүн чамаас өөр байхгүй. Тиймээс нэрээ татаж болохгүй” гэж байна. Эргэж ороод ахиад үг авлаа. Амьхандаа айлгах гэсэн байх. “Хэрвээ ингэж байгаа бол би ээлжит бус Их хурлын даргаас, Ардчилсан холбооны дэд зохицуулагчаас ч огцорлоо шүү” гэээд хурлаа хаяад гарсан чинь араас 50-иад залуу дагаад гарлаа. Гэртээ хариад маргааш нь ч очсонгүй. Ц.Элбэгдоржийн нэр дэвшээд Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар сонгогджээ. Ардчилсан холбооны дүрмийг өөрчилчихөж. Ардчилсан холбоо даргатай болоод даргынхаа доор ерөнхийлөгчтэй, гүйцэтгэх захирал, нарийн бичигтэй болсон байв. Дүрмийн хувьд ч явцуу, тэргүүлэгчид нь дүрмийг өөрчилж болохоор болгосон байсан.
-Нэг харсан чинь “Ардын эрх” сонинд сурвалжлагч болчихсон байсан...
-Дэд зохицуулагч байхдаа тогтмол цалинтай байсан болохоор ажилгүй болоод Ц.Балдорж эрхлэгч дээр очлоо. “Чамайг ажилд авья. Гэхдээ би чамайг авсан шигээ өөрөө хална шүү” гэж байна. Тэгээд жил ажиллалаа. Бал эрхлэгч нэг өдөр дуудаад “Эр улс ярьсандаа. Би чамайг халлаа” гэж байна. Яагаад гэж асуусан ч үгүй. Төрийн төв хэвлэлийн нийтлэлийн бодлогод миний бичсэн зүйл арай хатууддаг байсан болов уу. 1990 оны гуравдугаар сарын 11-нд “Монголын сүсэгтний холбоо”-г байгуулалцсан. Монголд шашин сэргэхэд хараас Дарь Сүхбаатар, шараас Д.Баасан лам их үүрэг гүйцэтгэсэн юм шүү.Гуравдугаар сарын 11-ний өдөр Б.Цэнддоо, Б.Батхүү нар “Малчдын төлөө хөдөлгөөн”-ийг зарласан. 1991 онд “Ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл”-ийг байгуулалцсан. 1993 онд “Монголын нүүдлийн соёл иргэншлийн олон улсын төв”-ийг байгуулж, банкнаас сарын 18 хувийн хүүтэй зээл аваад Парист очиж ЮНЕСКО-гийн чуулганд оролцож “Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг судлах, хадгалах, хөгжүүлэх олон улсын байгууллага байх ёстой” гэдэг асуудал дэвшүүлсэн.Би энэ хугацаанд зарим сонинд нийтлэл бичиж байлаа. Ингэж явсаар 1997 онд намайг Ардчилсан холбооны тэргүүлэгчээр дахин сонгосон. “Ардчилал” сонины эрхлэгчээр томилсон ч тэр үед мөнгө, санхүү тааруу байсан учраас миний эрхэлсэн сонин олигтой гарч чадаагүй.
-П.Нэргүй , “Буян” Жагаа нар Ардчилсан холбоонд яаж орж ирсэн юм бэ?
-Ардчилалд хувь нэмэр оруулсан олон хүний нэг бол яах аргагүй “Буян” Жагаа. Машинаа өгдөг, боломжийн хандив өргөдөг, олон жагсаалд оролцсон партизаны нэг. Жагаа П.Нэргүйг дагуулж ирсэн юм. Бидний, социализмын эдийн засгийн бодлогыг таних, ЗХУ Монголд ямар аймшигтай бодлого явуулж байсныг тоо баримтаар нь таних ийм боломжийг П.Нэргүй олгосон. Бидэнд маш их лекц уншсан. Тухайлбал, зааз төлөг 80 төгрөг байхад эр хонийг зургаан төгрөг, нас бие гүйцсэн шар 2000 байхад 36 төгрөгөөр ЗХУ авч, бид гадаад худалдааны асар их алдагдал хүлээж байсан байдаг. Бас дээр нь оросууд ямар ч үнэ төлбөргүй уран хулгайлж, цэрэг байршуулж, байгаль орчныг талхалж, орос цэргүүд ямар олон монгол бүсгүйчүүдийг бэлчээрт нь, олон эмгэдийг гэрт нь хүчирхийлсэн билээ, “Толь хад”-ыг АКМ буугаар шүршсэн, Монголын баялгийг яаж цөлмөсөн гээд олон зүйлийг ярьж болно.
-Таны намтарт төрийн албанд ажилласан гэх түүх алга байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Би өөрийнхөө араншингаас болсон, бас жудаг бодсон. Монголын төр бол аугаа төр. Монгол бол аугаа үндэстэн. Энэ аугаа үндэстний төрд алба хаана гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй асар их хариуцлага. Урд хийгээд хойд удмын хариуцлага. Энэ төрд тохиолдлын хүн алба хашиж болохгүй. Энэ бол эрхэм төр учраас би өөрийгөө чамласан. 1990 онд сургуулиа төгсөөд л төрд орох боломж байсан. Би Ардын их хурлын депутатад өрсөлдсөн ч харамсалтай нь МАХН-ын булхайгаар ялж чадаагүй. Гэхдээ би Ардын их хуралд оролцож, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан гэж бодож явдаг. Яагаад гэвэл “Ардын эрх” сониноос Ардын их хурлын Чуулганы бүх хуралдаанд намайг томилж оруулдаг байсан. Ардын их хурлын депутат нөхөдтэйгөө өөрийн санаа оноог нийлүүлж, олон сурвалжлага бичсэн. Улсын бага хурлын гишүүнд нэр дэвшихэд хэсэг нөхөд маань миний араншинг хөдөлгөөд татгалзуулсан юм. Д.Сосорбарам индэр дээр түрүүлж гараад “Дарь Сүхбаатар чи Ардчилсан холбоондоо байна биз дээ. Одоохондоо төрийн өндөр алба, Улсын бага хуралд орохгүй биз дээ” гэхээр нь “Тийм ээ би орохгүй, Ардчилсан холбоогоо бэхжүүлнэ” гээд ороогүй. Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд дөнгөж болонгуутаа намайг дуудлаа. Тэгээд намайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан эрхэлсэн Шадар сайд болгомоор байна гэлээ. Миний сэтгэл догдлоод явчихлаа. Тэгсэн ч “Баярлалаа Бямбасүрэн гуай, би өөрийгөө голж байна. Харин миний оронд Э.Бат-Үүлийг болговол ямар вэ. Надаас ах, тэгээд ч Ардчилсан намын дарга” гэлээ. Тэгээд Э.Бат-Үүлийг авчирч уулзуулахад бас татгалзаад гараад ирсэн. Намын дарга болоод удаагүй болохоор намаа бэхжүүлэх хэрэгтэй байна гээд. Тэгээд хоёулаа ярилцаж байгаад Д.Дорлигжавыг авчирч уулзуулж, ятгаж байгаад шадар сайд болгож байлаа. Дараа нь Ардчилсан намаас намайг Боловсролын сайдад нэр дэвшүүллээ. Хувьсгалт намаас Н.Уртнасан гуай, Социалдемократ намаас Б.Батбямба нар байсан юм. Дарааллаараа Н.Уртнасан гуайг эхэлж хэлэлцсэн. Д. Бямбасүрэн гуайн Засгийн газарт ганцхан хүний илүү саналаар сонгогдсон хоёр сайд байсны нэг нь Н.Уртнасан гуай, 50.3 хувиар ялсан. Хэрвээ нэг хүн татгалзсан бол дараа нь миний нэр хэлэлцэгдэх байлаа. Д.Бямбасүрэн гуай намайг дахин дуудаад “Дарь Сүхбаатараа чиний зөв юм байна, би чамайг төрд бэлдэнэ. Японы Сасакавагийн фонд манай улсад нэг сая долларын буцалтгүй тусламж өгч байгаа. Жилийн хүү нь 80 мянган доллар. Үүгээр нь чамайг хоёр жил сургуульд явуулна” гэлээ. Тэр үед бид Ерөнхий сайд, Бага хурлын дарга, Ерөнхийлөгчтэй чөлөөтэй уулздаг байлаа. Би Ерөнхийлөгчийн иргэний зөвлөлийн гишүүн байсан. Хоёр жил өнгөрлөө. Тэгсэн Японы талаас албан ёсны хариу өгөхгүй байсаар Д.Бямбасүрэн гуай бууж, 1992 онд П.Жасрайн Засгийн газар гарлаа.
-Ардчилсан хүчин 1996 онд ялахад та “бялуу” хүртсэн л байх ёстой доо?
-1996 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бат-Үүл байлаа. Би Завханы 23 дугаар тойрогт нэр дэвшинэ гэж ярилцаад, тохиров. Нэр дэвшигчээс нэг сая төгрөг авна гэхээр нь найз нөхдөөсөө цуглуулж дансанд нь шилжүүлчихлээ. Тэгсэн нэг өдөр Завханы МҮАН-ын дарга Н.Батцэрэг надтай гэрт ирж уулзсан юм. “Тойрогоо өгөөч, миний ганцхан боломжтой тойрог, танд олон боломж бий” гээд уйлаад байсан. Нулимстай бичиг нь хүртэл надад одоо бий. Тэгсэн маргааш нь Э.Бат-Үүл намайг дуудаж байна. “23 дуггаар тойрогт Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр боллоо. Чамд өөр тойрог өгье” гэлээ. За гээд байж байсан чинь ахиж дуудсанаа “Сүхээ уучлаарай, тойрог дуусчихлаа” гэдэг байгаа. “Чи юу яриад байгаа юм бэ, надаар тоглоод байгаа юм уу” гээд уурласан чинь “Аргагүй юм боллоо, засаг байгуулагдахаар сайд болгоё” гэж байна. Тэгэхээр нь би “Чи ямар хөгийн амьтан бэ. 1991 онд ээлжит бус Их хурал дээр чи яалаа, өлсгөлөнг яаж зогсоолоо, чамаас болж бид зөвхөн Улс төрийн товчоог огцруулаад дууссан. Уг нь хувьсгалт намыг хаана гэж шаардаж өлссөн. Чи ганцаараа эсэргүүцсээр зогсоосон биз дээ. Чи ер нь хэн юм. Чамайг С.Цогоо бид хоёр хэрэггүй л МоАХ-нд хүчээр оруулж дээ. Наад новшийн зангаа болихгүй бол чамтай өөрөөр ярина шүү” гэлээ. Нэг сая төгрөгөө найзууддаа буцааж өглөө. Сонгуулиар манайхан 50 суудалтай яллаа. М.Энхсайхан “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрын тэргүүн боллоо. М.Энхсайхан дээр ажил ярьж орсон. Бодноо гээд таг болсон.
-Дараа нь ардчиллын үйл хэрэгт хамт зүтгэж, хамт өлсөж явсан журмын нөхөр Ц.Элбэгдорж чинь Ерөнхий сайд болоо биз дээ?
-1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо. Тэгээд надад “Чамайг нэг сайдаар авъя, харин чи танхимд орж ирээд миний эсрэг үг хэлэхгүй шүү” гэж байна. Тэгэхээр нь “За тэгвэл баяртай” гээд гарсан. Ж.Наранцацралт Ерөнхий сайд болоод бас дуудаж “Чамайг танхимдаа авмаар байна. Дэд бүтэц, боловсрол, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын аль нь болох вэ” гэж байна. Тэгээд “Намын дарга, эвсэлийн удирдлагатайгаа уулзаад ир” гээд явууллаа. МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж, МСДН-ын дарга, УИХ-ын Р.Гончигдорж нар дээр орсон чинь нэг их дэмжсэнгүй. Дараа нь дахиад Ж.Наранцацралт дуудсанаа “Орхон аймгийн Засаг даргаар явах уу” гэж байна. “Тэгье” гэсэн. Тэгээд Ерөнхий сайдаас Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Дарь Сүхбаатарыг Ерөнхий сайдын зүгээс илгээж байна. Та бүхэн хууль дүрмийн дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийднэ үү” гэсэн бичиг өглөө. Тэгэхээр нь эвслийн удирдлагын дэмжлэгтэй очвол баттай байх гэж бодоод ахиад нөгөө хоёр дээрээ орлоо. Ц.Элбэгдорж “Дэмжилгүй яах вэ” гээд шууд гарын үсгээ зураад өгч байна. УИХ-ын дарга Р.Гончигдорж өөрийнхөө гарын үсэг зурах газар баахан юм бичээд суугаад байна. Гайхаад авсан чинь “Ц.Элбэгдоржид: Дархан-Уул, Орхон, Хэнтий гурван аймаг социалдемократынх гэдэг тохироо хэвээрээ гэж ойлгож байгаа. Р.Гончигдорж” гэсэн байв. Нөгөө бичгээ Ц.Элбэгдоржид оруулж шидчихээд “Та хоёр хуйвалдаа биз. Дэмжиж байгаа юм шиг царайлчихаад намайг дээшээ явах хооронд чи Гончигоо руу утсаар яриа биз” гээд гараад явлаа. Үнэхээр л тэр тохироогоор Социалдемократ намын Чагнаадорж гэдэг залуу Орхон аймгийн Засаг дарга болсон юмдаг.
-Ингэхэд ардчилагчдаас таныг дэмждэг хүн гэж ер нь байна уу?
-2006 оны арванхоёрдугаар сард “Ардчилсан холбоо” эвслийн ээлжит Их хурал болоод Удирдах зөвлөлийн даргаар Х.Баттулга сонгогдлоо. Намайг дуудаад “Та улс төрөө хийгээд аль. Би таныг ардчилсан холбоонд ажилд тавина. Би бол эдийн засгийн хүн учраас санхүүгийн талаар бэхжүүлье” гэлээ. Тэгээд би Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Ардчилсан холбооны нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн зохицуулагчийн албан тушаалд томилогдлоо. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод Ардчилсан холбооны олон ч нөхдөө ажил, амьдралтай болгосон. Намайг энэ хавар дуудаад “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн орлогч даргаар ажилла. Сайдын эрх мэдлийн хүрээнд чамайг томиллоо. Сайн, шударга ажиллана шүү, итгэж байна” гээд тавдугаар сарын 11-нд томилсон. Нөхрийн итгэлийг дааж, төрийн албыг тэгш дүүрэн хашихсан гэсэн бодолтой хичээж явна. Хамт олонтойгоо сайхан танилцаж, ажлаа гадарлаад ирж байна. Удахгүй доторлоно гэж бодож байгаа.
-Дарь Сүхбаатар ардчиллын түүх бичих гэж яваад хэрэгтэн болох шахсаныг мэдэх юм. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр би тасралтгүй 20 жил ажиллаж байна. Намайг 1990 онд Улсын бага хурал, Засгийн газарт ороогүй учраас нөхөд маань “сэтгэл гарган” Ерөнхийлөгчийн иргэний зөвлөлийн гишүүнээр томилсон. Орон тооны бус зөвлөх. Иргэний зөвлөлийн нарийн бичгийн даргаар Ш.Гунгаадорж гуай байснаа дараа нь Л.Жамсранжав генерал боллоо. Тэгээд би 1989 оны үйл явдалд ямар байр суурь барьж байв гэдгийг өөрийнх нь амнаас сонсож байлаа. Ардчиллын түүхийн баримтат киног хийсэн түүхч С.Баттогтох нар бид Ж.Батмөнх гуайн гэрт очиж уулзаж байсан. Ж.Батмөнх гуай, Л.Жамсранжав генерал хоёр бол ардчиллыг нухчин даруулаагүй, хүч хэрэглээгүй гол хоёр гавьяатан юм шүү.
Ардчилсан хөдөлгөөнийг дарах шийдвэрт Улс төрийн товчооны ихэнх гишүүд гар хөлийн үсэг зурчихаад Ардын их хурлын зарлиг гаргуулахаар Ж.Батмөнх гуай дээр оржээ. Тэгэхэд Л.Жамсранжав генералыг дуудаад “НАХЯ-ны сайдын хувьд чиний саналыг сонсоё” гэж. Л.Жамсранжав генерал “Би НАХЯ-ны сайд байсан цагтаа үүнийг зөвшөөрөхгүй шүү. Гэхдээ яах нь таны эрх” гээд гараад явж. Улс төрийн товчооны гишүүдийг дуудаад Ж.Батмөнх гуай шийдвэр гаргаж, “Би зарлиг дээр чинь зурахгүй, харин ч эсрэгээрээ огцорно” гэсэн гэдэг.Би ардчилсан хөдөлгөөний 10 жилийн ойн ном хийх даалгавартай Улсын төв архив, МАХН, НАХЯ-ны архивт орсон. НАХЯ-ны архивт ороход золоор ч юм уу, зориуд ч юм уу надад төрийн маш нууц материалыг танилцуулсан. Тэндээс би олон зүйлийн баримтыг харсан. Өөрийн болоод нөхдийн тухай, тэр үеийн төр засгийн болоод ардчилсан хөдөлгөөний зүтгэлтнүүдийн хэн, ямар байр суурьтай байсныг бичиж тэмдэглэж авсан. Бичиж тэмдэглэж авсан зүйлээ ном ёсоор нь тэмдэглүүлээд гарсан. Харамсалтай нь дараа нь төрийн нууц задалсан хэргээр хоёр жил мөрдөгдөж, ял сонссон. А.Энхбат гэдэг миний эрхэм нөхөр, сайн өмгөөлөгчийн хүч, шүүгчийн ухаан, өөрийн чадлаар ялаас мултарсан. НАХЯ-ны архивын дарга байсан Д.Тод гэж түүхч залуу хоёр жилийн тэнсэнтэй салсан даа. Миний хэргийн зүйл анги бол 1994 онд Ц.Элбэгдоржийн авсан тэр зүйл анги. Мөн А.Энхбат Ц.Элбэгдоржийг өмгөөлж, Сүхбаатар дүүргийн шүүгч Д.Алтанцол шүүсэн. Тэр шүүгч өөрийн итгэл үнэмшлээр зөв шийдвэрлэсэн.
-Таныхаар, 1990 онд мөр зэрэгцэж явсан анд нөхөд чинь одоо хэр өөрчлөгдсөн бэ?
-Ардчилсан холбооны нөхөд маань эхэн үедээ шударга байсан. Харамсалтай нь эрх мэдэлд хүрээд зарим нь тангарагаасаа няцсан. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэж айхтар үг бий. Тиймээс би эрх мэдэл багатай явахыг боддог байсан. Аав минь, эрхэм Чой.Лувсанжав багштан нар “Хүү минь дөч гарч байж төрийн албанд ороорой. Дөч гарсан эр, дөрөв дарсан ат гэдэг шиг Монгол эр хүн аяндаа тэгшрээд үзэл бодол нь тогтоод, бие, санаа, гэр бүл тогтворжоод ирдэг юм. Тэр үед л төрийн албанд зүтгээрэй” гэж захисан. Би дотроо энэ бодолдоо хатуу үнэнч байсан. Энэ бүхэн миний өдий болтол төрийн албанд ороогүйн нэг шалтгаан. Нөгөө талаар мэдээж миний зан араншин нөлөөтэй.
-Та бол ясны ардчилагч хүн. МАХН-ын талаар ямар бодолтой явдаг вэ.Яагаад ингэж асууж байна гэхээр ардчиллын зарим нөхөд одоо энэ намыг илжирсэн ялзарснаар нь дууддаг...?
-Хувьсгалт намын хувьд надад өөрийн үзэл бодол бий. 1989-1990 онд бол МАХН-ыг үзэл суртлын хувьд хаах нь зөв байсан. Цоо шинэ хөрсөн дээр жинхэнэ социалдемократ үзэлтэй хэсэг нь гарч ирэх байсан юм. Хувьсгалт намын хувь хүмүүстэй дайсан байхгүй. Харин ч намайг олон гишүүн дэмждэг, хүн ёсны сайн харилцаатай байдаг. Одоо МАХН магадгүй зарим талаар, тухайлбал бүтэц, үзэл баримтлалын хувьд АН-аас илүү ардчилагдсан байх шүү.
-Одоогийн төр барьж байгаа эрхмүүдээс тэгвэл хэд нь, хэр шударга байна?
-Харамсалтай нь тоогоор яривал 50-аас дээш хувь нь шударга бус байна. Цөөхөн хүмүүс л ард түмнийхээ төлөө ажиллаж байна. Тухайлбал Х.Баттулга сайд байна. Ийм УИХ-ын гишүүн, төрийн сайд төрд олон байвал манай улс хөгжихөд амархан байна. Х.Баттулгыг надад жудагтай хандсаных нь төлөө магтаж байгаа юм биш. Энэ үгийг МАХН-ын олон хүн хэлдэг. Би өөрийн гэсэн бодолтой. Х.Баттулгыг зөвхөн тамирчин, бизнесмэнээр бодоход гарлангүй лидер. Сүүлийн гурван жилд улс төрд ямар хурдан ахиж дэвшиж байна. Энэ бол төрмөл байгалийн өгөгдөл. Тиймээс зориуд цохож урмын үг хэлмээр байна. Хоосон магтаал биш. Нөхрийн хувьд ч хүн чанар сайтай эр хүн гэж бодож, хүндэлж явдаг.
-Тэгтлээ хүн магтаад байдаггүй, ялангуяа эрх мэдэлтнүүдэд тал засдаггүй зан чанарыг тань мэдэх юм. Тэгэхээр энэ үгнээс таныг мөнгөтэй хүнд худалдагдаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж болох уу.Бид хардах эрхтэй?
-Үгүй. Тулга хүн худалдаж авах ч хүн биш. Би ч худалдагдах хүн биш. Би тангараг өргөсөн хүн. Би үүнээс илүү өндөр албан тушаал, эрх мэдэлд хүрсэн ч өөрөөрөө байна гэдэгтээ бат нот итгэж байна. Гэхдээ хүн өөрийгөө байнга анхаарч, гишгэсэн мөрөө эргэн харж байх хэрэгтэй. Эрх мэдэл хүнийг эвддэг учраас өөрийгөө цэгнэж байх ёстой.
-Өмнө нь та төрийг ил задгай шүүмжилдэг байсан. Одоо төрийн албан хаагч болсон болохоор нэг л баригдаад байх шиг?
-Би төрийг цаад язгуур, агуулгыг нь бодож шүтэн шүүмжилдэг байсан. Төр бол өөрөө жудаг журамт хүмүүн. Төрийг хүн л төлөөлдөг. Төрд хүн л зүтгэдэг. Нам ч адил. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, төрийн албан хаагч, малчин, ажилчин, оюутан сурагч хэн ч бай, хүн бүр өөрсдөө үүрэг хариуцлагатай байх ёстой.
-Ардчилсан хүчин анхны Ерөнхийлөгчөө өлгийдөж авлаа. Түүнд хэр итгэж байна?
-Би итгэх ёстой гэж үзэж итгэж байна. Ц.Элбэгдоржийг нэр дэвшихээс нь эхлээд захиж хэлсэн үг бий. Ц.Элбэгдорж одоо намын дарга биш, Ерөнхий сайд биш, аугаа их Монгол Улсын төрийн тэргүүн. Маш хурдан дүрдээ орох ёстой, маш хурдан цэгцрэх, өсөх ёстой. Эс чадвал ард түмэн төрийн тэргүүнээ өөрчлөх ёстой болно.
-Хийж байсан алхам, шийдлүүдийг нь харахад хийтэй улстөрч шүү дээ. Ерөнхийлөгчийн суудалд очсоноор үүнийгээ засч чадах болов уу?
-Би жудаг бодож байна. Тэгж ч ирсэн. Би Ц.Элбэгдоржийг байнга шүүмжилж байсан. Яагаад гэвэл би мэдэх учраас, гараас нь хөтөлж авчирсан учраас шүүмжлэх ёс суртахууны эрхтэй, бас үүрэгтэй. Би нөхрийгөө, бие хүн Ц.Элбэгдоржийг сайн яваасай гэсэндээ хандаж байгаа. Үнэхээр хийтэй нь үнэн. Гэхдээ “Цол дагаж бяр” гэж Монгол сайхан үг байдаг. Энэ ганц бөхөд зориулсан үг биш. Төрийн тэргүүн болох хувь заяа тэгээд ч хүн болгонд оногдохгүй. Тиймээс төрийн тэргүүн бол заавал дүрдээ маш хурдан орох, дасах, өсөх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд П.Очирбат, Л.Түдэв гуай хоёрыг нэр дэвшихэд би Л.Түдэв гуайг дэмжиж байсан ч тоглоомын дүрмээр нэг талдаа байх ёстой учраас Ардчилсан хүчнээс дэвшиж буй П.Очирбат гуайг дэмжсэн. “Улаанбаатар” сонин дээр миний бичсэн шүүмжлэн, /уучлаарай тэгж хэлж болдог бол/ сургааль хэлж бичсэн нийтлэл бий. Төрийн тэргүүний титэм гэж байдаг. Энэ титэмд таарах толгой л тэр титмийг өмсөх ёстой болохоос биш дурын толгой очоод титмийг эвдэж, толгойдоо тааруулж болохгүй. Тиймээс чухамхүү төрийн тэргүүн болох хувьтайгаасаа илүү ёстой хүн нь болоосой гэж боддог.
-Таныг Монголын Ерөнхийлөгч болох төөрөгтэй хүн гэж хэлсэн ярилцлага байдаг. Ямар учиртай юм бэ?
-Миний тухай “Хөх тэнгэр” сонин дээр гарч байсан нийтлэлийг ярьж байна уу. Цэрэг болгон генерал болно гэж боддог, цэрэг шинелийн халаасанд генералын мөрдэс бий гэж ярьдаг. Түүн шиг улс төрч хүн, /би өөрийгөө улс төрч гэж хэлэхэд буруудахгүй болов уу гэж бодож байна/ тэр тусмаа төрийн хар хүн төрийн тэргүүн болохыг мөрөөддөг. Шударга хэлсэн нь дээр. Миний олон нөхөд ч мөрөөдөж байгаа. Мөрөөдөх ч эрхтэй. Магадгүй хувь заяа, ерөөл, шаардлага таараад, тэнцээд Монгол Улсын төрийн тэргүүн болоход гайхах зүйлгүй. Болоогүй байхад ч гайхахгүй.
-Улс төрчийн хувьд хор найруулга хэр хийж байна?
-Миний хүсдэг ч үгүй, чаддаг ч үгүй ганц юм даа. Тиймээс ганцаардсан чоно шиг явдаг биз.
-Өөрийн чинь хүссэн, хүсээгүй хор найруулгад оролцох шаардлага гарна биз?
-Ашиг хонжоо харж, хор найруулгад оролцоогүйгээрээ би л хохирно. Нийгэм, улс үндэстэн маань өчүүхэн надаас болоод хохирчихгүй байлгүй дээ. Хор найруулалцдаг байсан бол өдийд хэд хэдэн удаа сайд, гишүүн болчихгүй юугаа хийж байх вэ дээ. Гэхдээ энэ бол өөрийгөө дөвийлгөсөн зүйл биш шүү гэж хэлмээр байна.
-Улс төрийн сэдвээ орхиж, уран бүтээлээс чинь сонирхоё?
-Би нэг их уран бүтээлч хүн биш. Шүлгийн ганц ном гаргасан. Ахиад гаргаж чадахгүй байх. Орчуулгын ганц нэг ном хийсэн. Р.Таагүр, А.Пушкин, С.Есенин, Б.Васильев ганц нэг шүлэг, тууж, Германы Ё.Гёте, Б.Брехтээс мөн ганц нэг бүтээл орчуулсан. Саяхан герман хэлнээс сүнсний тухай, мөнхийн амьдрал, урд хийгээд хойд насны тухай, өнгөрсөн онд АНУ, Германд бестселлер болсон номыг орчуулж гаргалаа. Өнгөрсөн зун Монголын зохиолчдын эвлэлийн Их хурлаар Орчуулгын уран зохиолын үндэсний төвөөс нэр дэвшиж Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Герман, орос хэлнээс юм орчуулах бодол байна. Өөрийн бичиж нийтлүүлж байсан нийтлэл, ярилцлагаараа ном гаргахаар бэлдсэн. Миний хөргийг нэлээд хэдэн нийтлэлч бичсэн юм билээ. Түүнийгээ ч оруулъя гэж бодож байгаа. Ардчилсан хөдөлгөөний түүхийн талаар “Дорнын хувьсгал” нэртэй ном 1991 оноос бичиж 20 жилийн ойд зориулан гаргахаар бэлтгэж байна. Үүнийгээ герман хэл дээр ч бас гаргая гэж бодож байна. Монголын ардчиллын түүх Германтай салшгүй холбоотой. Социалист системийн хоёр хаяа буюу Цагаан хэрэмнэс Берлиний хана хүртэлх уудам орон зайд манай хоёр үндэстэн коммунизмын ханыг нураасан. Тиймээс Германы уншигчид Монголд дорнын ардчилсан хувьсгал яаж өрнөснийг мэдэхэд илүүдэхгүй болов уу гэж бодож байна.

“Зууны мэдээ” сонин. 2009 оны 11 сарын 20

6 comments:

Эбэ said...

За чи ч гэсэн өөрөө нэг муу газрын дарга болоод шударга бус л болчихсон байна лээ шд.

ìîíãîëõàòàí said...

Àðä÷èëñàí õºäºë㺺í ÿààã õýçýý, ÿàæ, õýí ýõë¿¿ëñýíèéã òóõàéí ¿åä áàë÷èðäààä ìýääýãã¿é áàéëàà. õàðèí ýíý õ¿íèé ÿðèàíààñ, èõ ó÷èð æàíöàíòàé óõàæ àñóóõ äàðãûíõàà àñóóëòíààñ ìýäëýã ìààíü îãöîì äýýøèëñýí ø¿¿. ãýõäýý õî¸ð ºäºð ¿éëèéã ìèíü ¿çñýí àéìààð óðò, òîì ÿðèëöëàãà áîëñîí ø¿¿. êêê

A.Амарсайхан said...

Anonymous монголхатан said...

Ардчилсан хөдөлгөөн яааг хэзээ, яаж, хэн эхлүүлсэнийг тухайн үед балчирдаад мэддэггүй байлаа. харин энэ хүний ярианаас, их учир жанцантай ухаж асуух даргынхаа асуултнаас мэдлэг маань огцом дээшилсэн шүү. гэхдээ хоёр өдөр үйлийг минь үзсэн аймаар урт, том ярилцлага болсон шүү. ккк

A.Амарсайхан said...

Дээрх бурзгар сэтгэгдлийг янзлаад оруулчихлаа. Одоо өөрийн санаа бодлоо бичье дээ.

Ер нь яах гэж улстөрийн үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Суудал авах гэж л бус уу?

Харин суудал авснаараа хэр ажил хийж, олон түмний төлөө яаж зүтгэл гаргах нь улстөрчийн соёл, ичих нүүрийн хэр хэмжээг илтгэдэг.

90 онд коммунистуудыг суудлаас нь ховхолж өөрсдөө тэр суудалд суух гэж л хувьсгал хийгээ биз дээ?

Одоо тэр суудлаа олж авлаа. Гэхдээ уран хөхөөгийн хэлдгээр "Шударга баймаар" байна шүү дээ.

90 онд та нар юу хэлж байлаа?
Төрийн 7 яамыг хэт олон байна. Хэт нүсэр захиргааталтын аппарат гэж цоллож, данхгар байна гэж байсан. Гэтэл одоо өөрсдөө хэдэн яам байгуулаад, хэдэн сайд суулгачихаад байна аа? 7 нүсэр үү? 16 нүсэр үү?

Ичих нүүр гэж байна уу, та нарт?

Оросуудыг луйварчин шулаачингаар дуудсан. Тэр оросууд нь Эрдэнэтийг өөрийн хөрөнгөөр байгуулсан хэрнээ бидэнд 51 хувийг нь эзэмшүүлж байлаа. Тэгтэл ардчилагчид та нар юу гэж туйлширлаа даа? Бараг л бид бүгдийг нь эзэмших ёстой гээд байсан биш билүү?
Одоо өөрсдийнхөө хийж байгаа гэрээнүүдээ хар даа. 34 хувь нь монголынх гээд сууж байна.

Ичиж үхмээр.

Энэ мэт ичмээр зүйлийг бичээд байвал хэдэн арав бус хэдэн мянган зүйл болж гарч ирнэ.

altaixangai said...

Амарсайхантай санал нэг байна

ganba0226 said...

энэ ардчилалын салхинд хичнээн ч хог новш тэнгэр бохирлон нисэв дээ эхлээд ердийн хэн ч тоож анхаарамгүй хөсрий цаас байсан бол боохой борооноор гэгчээр илд далд цусласаар өнөөдөр санаанд оромгүй хар хүчийг үүсгэгч хөдөлгүүр болчихсон төр барилцаад давхиж явах...харин энэ нөхөр бол тийм биш дэгээ.