Friday, August 28, 2009

Хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө хэрэгжиж байна

Хуйвалдааны онол гэж байдаг. Энэ онолоор бол өнөөдөр хүн төрөлхтөн урьд өмнө учирч байгаагүй том хуйвалдааны золиос болоход ойрхон байна. 2007, 2008 онуудад баримтат киноны найруулагч Питер Жозеф (Peter Jozeph)-ийн “Zeitgeist” хэмээх цуврал кино гарснаар энэ тухай дэлхий нийтээр мэдэх болсон юм. Питер Жозеф 2003 оны есдүгээр сарын 11-нд АНУ дахь олон улсын худалдааны төвийг алан хядагчид онгоцоор мөргөж сүйтгэсэн баримтыг урьд өмнө болж байсан дайн мөргөлдөөн, алан хядлагын баримттай харьцуулан дүн шинжилгээ хийсний эцэст нэгэн гайхалтай дүгнэлтэд хүрчээ. Үүнийг өгүүлэхийн өмнө есдүгээр сарын 11-ний үйл явдлыг эргэн санацгаая. Хоёр өндрийг онгоц мөргөх үед ямар хүчтэй дэлбэрэлт болж, хүн төрөлхтний бахархал болсон бүтээн байгуулалт хэрхэн нуран сүйдсэнийг дэлхий нийтээрээ харсан. Тэр үед энэ том барилга онгоцоор мөргөхийн төдийд дэлбэрсний учрыг хэн ч ухан бодоогүй. Питер Жозеф чухам энэ өнцгөөс асуудалд хандсан учраас цөөнхийн олж харахыг хүсээгүй, олонхийн олж харах боломжгүй байсан нүцгэн үнэнийг ил гаргаж чадсан юм. Эцэст нь тэрээр ямар ч алан хядагчид байгаагүй, энэ бол сайтар төлөвлөсөн гэмт хэрэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингэж хэлэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.
Үндэслэл-1. Алан хядагчид ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө урьдчилан мэдэгдэж, хэн нэгнийг чөлөөлөх, эсвэл мөнгө өгөхийг шаарддаг. Энэ шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд эцсийн арга хэмжээгээ авдаг. Энэ удаад тэгээгүй нь анхаарал татна.
Үндэслэл-2. Олон улсын худалдааны төвийн барилгыг анх барихдаа нэг бус, хэд хэдэн удаа ч онгоц мөргөхөд тэсэхээр тооцоолсныг мэргэжлийн хүмүүс нотолдог. Зүй нь онгоц мөргөсөн хэсэгт л цөмөрч, эсвэл цоорхой үүсэн эвдрэх ёстой байтал барилга бүхлээрээ нурсан нь гайхалтай.
Үндэслэл-3. Тэр өндөр барилгаас бүтэн юм юу ч үлдэлгүй дэлбэрчээ. “Бидний олсон хамгийн том юм нь утасны тал аппарат л байлаа. Бүх эд хогшил үйрмэг болсон” гэж уг кинонод ярилцлага өгөгч хэлж байгаа нь энд асар хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ.
Үндэслэл-4. Барилгыг бөх бат болгохын тулд 47 ширхэг төмөр багана босгож, түүнийгээ металл хэсгүүдээр нягт холбон их биеийг бүтээжээ. Гаднын ямар нэгэн хүчтэй үйлчлэлийн улмаас барилга нурлаа гэхэд давхрууд дээрээсээ доошоо сугаран давхралдаад 300 метрийн өндөртэй энэхүү 47 ширхэг төмөр баган босоогоороо үлдэх ёстой байтал хайлш болон хувирчээ. Ингэж хайлахад цельсийн 1000 градусын халуун хэрэгтэй. Онгоцны шатахууны саван дахь түлш шатлаа гэхэд ялгаруулах дээд халуун нь түүнээс даруй 260 хэмээр доогуур байх ёстой байлаа.
Үндэслэл-5. Худалдааны төвийн барилгын 110 дахь давхраас билъярдын бөмбөг унагалаа гэхэд чөлөөт уналтын хурдаар бол тэр бөмбөг 80 секундын дараа газардах ёстой. Гэтэл уг барилга бүхлээрээ арав гаруйхан секундэд нуран унажээ.
Үндэслэл-6. Дэлбэрэлтийн дараа цагаан өнгөтэй их хэмжээний үүл боссон нь асар хүчтэй химийн бодисын дэлбэрэлт болсныг нотолно.
Үндэслэл-7. Худалдааны төвийн долдугаар байр ямар ч халдлагад өртөөгүй атлаа мөн адил дэлбэрсэн. Энэ тухай тухайн үед мэдээлээгүй. Долдугаар байр нь 47 давхар аварга барилга бөгөөд 2-3 дугаар давхарт нь гал гарч байгаад 17 цаг 15 минутад нуран унажээ. Энэ барилга эгц доошоогоо нурж, хэдхэн метрийн зайд байгаа бусад барилгад хор учруулаагүйг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа суурийн хэсгийг нь зориуд дэлбэлсэн гэж үздэг байна.
Үндэслэл-8. Халдлага үйлдсэн гэж зураг хөрөгтэйгээ зарлагдсан 12 хүний зургаа нь амьд байгаа, онгоц жолоодсон гэх Hani Hanjour онгоц жолоодож огт үзээгүй, тэгээд ч амьд сэрүүн байна.
Энэ бүхэн юу хэлнэ вэ? Энэ халдлага Осама бин Ладений ажил биш болохыг л харуулна. Энэ ажиллагааны тухай Осама ярьж буй видео дүрс олдсон ч тэр зураг дээрх Бин Ладен жинхэнээсээ хамаагүй өргөн шанаа түүшинтэй, илүү бараан царайтай нэгэн болохыг соргог хүмүүс анзаарч шуугиан дэгдээв. Тэгэхээр үүнийг хэн үйлдэв?
Кино бүтээгчид үүнд Тагнуулын төв газар, Америкийн ноёлогч давхаргынхныг буруутгажээ. Дэлхий нийтийг айдас хүйдэст автуулахын тулд, террористууд хэмээх дайсныг байнга сануулж, тэдэнтэй тэмцэх нэрээр бизнес хийхийн тулд энэ бүхнийг үйлдсэн гэж тэд дүгнэж байгаа юм.
Урьд өмнө нь ч ийм үйлдэл олон удаа гарч байв. Адольф Гитлер засгийн эрхийг гартаа авахын тулд ард түмний дайсны тухай үлгэр зохиож, олон нийтийн тархийг үндэсний үзэлтэй уран донгодолтоор угаасаар зорьсондоо хүрсэн. Дэлхийн нэгдүгээр дайнд жирийн хүмүүс үй олноороо хэлмэгдэн хохирч байхад тэрбумтан Рокфеллер 12 сая долларын ашиг олон халаасаа зузаалж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн нарийн бичгийн дарга нь олон жилийн дараа бичсэн дурсамжиндаа яавал япончуудын уурыг хүргэж, дайны гал дэгдээх вэ гэж эрхэм ерөнхийлөгч байж ядаж байсан тухай дурдсан нь бий. Энэ дайнаас том банкирууд, санхүүгийн аваргууд л хожсон байдаг. Нацист Германыг АНУ-ын Union banking corporation санхүүгийн хувьд дэмжиж байлаа. Энэ банкны тухайн үеийн удирдлага нь АНУ-ын Ерөнхийлөгч асан том Бушийн эцэг байв. Харин дараагийн Бушууд Бин Ладентай ойр дотно нөхөрлөж бизнесийн талаар хамтарч байсан мэдээ ч байдаг. Нацист Германы тухайд US Standard oil-ийн шатахуунгүйгээр тийм том хэмжээний дайн хийх боломжгүй байсан гэдгийг өнөөдөр судлаачид нотолж байна.
1964 оны Америк-Вьетнамын дайн удтал сунжирсны цаана мөн л бизнесийн ашиг сонирхол байсан тухай яригддаг. Гол зорилго нь ялалт байгаагүй энэ дайны улмаас Америкийн 48 мянга, Вьетнамын 3 сая хүн амиа алдсан. Өнөөх Рокфеллерийнхон маань шууд ба дам утгаар энэ дайны хоёр талын санхүүжүүлэгч байсан гэдэг. Хэн нэгэн үл үзэгдэгч энэ дайны үйл явцыг удирдаад байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан тухайгаа хожим нь дайнд оролцогсод дурсан ярьсан байдаг.
Тэгэхээр есдүгээр сарын 11-ний дараа террористуудтай тууштай тэмцэхээр АНУ ханцуй шамласан, Ирак, Афганистаны дайн зэрэг нь санхүүгийн томоохон эрх ашигтай холбоотой, харилцан уялдаатай үйл ажиллагаа болох нь ойлгомжтой гэсэн санааг киноны уран бүтээлчид гаргажээ.
Дэлхийг мөнгөтэй хэдхэн гэр бүл, цөөхөн хүмүүс захирдаг гэсэн яриа байдаг. Энэ кинонд өгүүлж буй баримтууд ч үүнийг баталж байна. Тэдний явуулж буй үзэл суртлаар өнөөдөр дэлхий амьсгалж байна. Зугаа цэнгэл, амар хялбар амьдралыг шүтсэн, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах чадваргүй зомбинуудыг мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевиз, интернэтийн тусламжтайгаар бий болгохыг тэд хүсч байна. ТВ шоу, зугаацуулан хөгжөөх мэдээллээр хүмүүсийг бөмбөгдөж, бодох сэтгэх, тунгаах нягтлах зав зай өгөхгүйг хичээсний үр дүнд өнөөдөр америкчуудын 15 хүрэхгүй хувь нь л ном сонин уншдаг ард түмэн болж хувираад байгаа юм. Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын түвшин доройтож буй нь ч тэдний тарьсан үр жимсэлж буйн нотолгоо.
Олон арван жилийн турш нууц далд байж, дэлхийн улстөрийг хөшигний араас удирдаж байсан нууц ноёнтнууд ил гарах цаг ойртож буй бололтой. Дэлхийн засгийн газар хэрэгтэй, нэг удирдлага дор нийтээрээ амар тайван амьдрах цаг айсуй гэсэн суртал ухуулга сүүлийн үед анзаарагдах болсон нь тэрхүү нууц ноёдын шидсэн чулуу ч байж мэдэхээр байна.
Канад, АНУ, Мексик гурав нэгдэж Европын холбоотой төстэй бүтэц бий болгохоор нууц тохироо хийсэн, тэр нь Хойд Америкийн холбоо гэсэн нэртэй байна, амеро гэдэг нэгдсэн мөнгөтэй болно гэсэн яриа ч сүүлийн жилүүдэд яригдах болсон. Тэгвэл дэлхий нийт хэдхэн том холбоонд нэгдэж, улмаар нэг удирдлагын гарт орох шат дараатай алхмууд хийгдэж байна гэж хардах эрх бидэнд бас бий.
Хүмүүсийг электрон паспорттой болгох, биед нь бичил дамжуулагч суулган аюулгүй байдлыг нь хянах зэрэг асуудлууд ч нэлээд хүчтэй яригдаж, эхний алхмууд хийгдээд байна. Террорист халдлагаас айсан ард иргэд аюулгүй байдал хангах энэ арга хэмжээнд дургүйцэхгүй байгаа. Гэвч үүний цаана хүн бүрийн үйлдлийг нэгд нэггүй хянан зохицуулах, удирдах боломж цөөн этгээдийн гарт төвлөрөх аюул бийг олон нийт олж харахгүй байгаа юм. Тэгэхээр мөнгөтэй, эрх мэдэлтэй цөөхөн хүмүүсийн мэдэлд өөрсдөө гүйж очоод орчих аюул тийм ч холгүй байна. Тэр цагт хүн төрөлхтнийг хувьчлан авах нууц төлөвлөгөө биеллээ олж, аль ч соёл иргэншлийн түүхэнд гараагүй хамгийн том хуйвалдаан амжилттай өндөрлөх юм.
Олон нийтийн сэтгэхүйг удирдах, тэдний итгүүлэгт автах босгыг намсгах, психотронын янз бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар хүн төрөлхтнийг зомбичлох оролдлого эртнээс хийгдсээр ирсэн бөгөөд техник технологийн өнөөгийн ололтууд үүнд улам бүр ташуур болж байгааг ойлгож, аливаа асуудалд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах нь чухлыг, нүдээр харсан бүхэн үнэн байдаггүйг ойлгохын чухлыг энэ кино хүн төрөлхтөнд сануулж байна.
Энэхүү өгүүллээр терроризмтэй тэмцэх ажлын чухлыг үгүйсгэх гээгүй бөгөөд гагцхүү асуудлыг өөр өнцгөөс харахыг оролдсон гэдгийг эцэст нь хэлэх минь.

"Зууны мэдээ" сонин. 2009.08.26-ны дугаарт

6 comments:

kakadu said...

Масоны нууц нийгэмлэг бүх хуйвалдааны ард байдаг гэж зарим нь ярьдаг. Ямар сайндаа л долларын дэвсгэрт дээр масоны тэмдэг байдаг гээ л ярьж байхав. Үнэхээр даян дэлхийн бүх хуйвалдааны ард америкчууд байсан/байгаа эсэхийг бүү мэд. Ямартай ч зарим том хэргийн ард үнэхээр тэд байсан нь одоо бол илэрхий гэж би хувьдаа боддог. 13- зуунд манай өвөг дээдсийн гаргууд хэрэглэж байгаад хэдэн зууны туршид мартагдаад байсан мэдээллийн дайн (information war) гэгчийг 20-р зуунд жинхэнэ утгаар нь хөгжүүлж, америк прагматизмээр амжилтанд хүрсэн нөхдүүд бол америкчууд л байх шив дээ. Миний санаанд буй хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн жилийн Орос-Гүржийн зэвсэгт мөргөлдөөн байна. Барууны бараг бүх медиагаар Оросууд Гүржид эхэлж халдан довтолж орлоо, Оросууд бараг Тбилисиг бөмбөгдөж байна, оросууд замдаа таарсан энгийн номхон иргэн бүрийг хүйс тэмтэрч байна энэ тэр гээд л мэдээлж байлаа. Барууны сэтгүүлчид, камерамэнүүд гүржийн ерөнхийлөгч Саакашвилиг тойрч гүйлдээд л, түүний айж балмагдан тэнгэр өөд харж буй дүрсийг гаргаад л, дээгүүр нь онгоцны шунгинах чимээ дуулдаад л, энэ бол Оросын бөмбөгдөгч онгоц байна гэж яриад л. Ийм их мэдээллийн "бөмбөгдөлт"-ийг жирийн, дундаж төвшний иргэн (middlebrow american or british) яаж цочирдож хүлээж авч байсан бол? Яг тэр үеэр би сонирхоод барууны сайтууд, блогуудаар хэсч хүмүүсийн коммент энэ тэрийг нь харж байлаа. Бараг гүрж, жоржиа (ану-ын муж улс, англиар аль аль нь адилхан georgia гэж бичигдэнэ) хоёрыг ялгахгүй шахам баагийнууд ч зөндөө байдым бна лээ хэ хэ хэ. За тэгээд оросын медиагаар бас л нөгөө талаа хэт буруутгасан мэдээллүүд цацагдана л даа. Гэхдээ л нэгэнтээ л "хоёр үнэн" гэж байдаггүй болохоор эцсийн эцэст мөргөлдөөнийг хэн өдөөсөн бэ гэдэгт тулаад ирэхээр гүржүүд л өдөөсөн болж таарч байгаам. Америкчууд энэ фактыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маш их гүрийсэн дээ. Мэдээллийн дайн аа гэж...

A.Амарсайхан said...

Манай Ху намын аваргууд ч цагаан байраа дотроос нь шатаачихсан байж болох тухай ярьдаг шүү дээ

kakadu said...

Наа чинь их сонирхолтой сэдэв л дээ. Нэр томъёогоор бол демагоги эсвэл популизм ч гэж хэлж болно. Сүүлийн үед их моодонд ороод байгаа. Юу гэхээр, хувьсгалт намын байр шатахаар хувьсгалт нам өөрөө шатаасан гээд л. Эхбаярын эхнэрийн 1,3 тэрбум $-ийн тухай мэдээжийн худал захидал гарч ирэхээр Энхбаяр өөрөө бичүүлсэн гээд л. Хэрэв энэ логикийг нь дагаад л байвал нөгөө Элбэгдоржийг хужаа гэсэн нэвтрүүлгийг Элбэгдорж өөрөө захиалж сэтгүүлч Ариунаагаар хийлгэсэн болж таарч байна даа. Хэ хэ хэ.

Гансүх said...

Маш сонирхолтой сэдвээр бичсэн нийтлэл болсон байна. Ер нь аль ч улс оронд массын тархийг угаахад хялбар байлгах төрийн бодлого байгаад байх шиг санагддаг юм. Гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү

Pearle Deppsu said...

сонирхолтой нийтлэл байна

би дээр бас нэг үүнтэй дүйх утгатай баримтат кино үзэж байсан.

террористууд нураагаагүй ээ гэсэн.

Anonymous said...

К слову, лучший способ защитить человека от шпионских жучков - применить Подавители сотовой связи