Friday, July 17, 2009

Цөлжилт: Ногоон цөлжилт буюу бэлчээрийн тураал

Монгол орон жилд 60-65 сая хонь толгойтой мал тэжээх чадавхитай гэгддэг 110 сая га бэлчээртэй. Энэ нь Монголын нийт нутгийн 72.1 хувь. Сүүлийн 23 жилд малчдынх нь тоо 338, малынх нь тоо 150 орчим хувиар өссөн гэж байгаа. Харамсалтай нь энэ өсөлтийг дагаад бэлчээрийн зай талбай нэмэгдэх боломжгүй болохоор аливаа асуудал хүндрэлийг энэ л орон зай дотроо шийдэх ёстой.
Ер нь манай мал аж ахуй ихээхэн үрэлгэн гэмээр, амиа аргацаасан аж ахуй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Газар нутгийн 72.1 хувийг эзэлдэг, нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажилладаг атлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг л үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ 21 хувийг үйлдвэрлэхийн тулд жил бүр байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулж буйг тооцсон нэгдсэн статистик одоогоор алга. Манай эрдэмтэн судлаачид малын тоо толгойг хэдэд баривал зохистой болох, бэлчээрийн даац ямар байгаа, сүргийн бүтэц юу болж байгаа талаар үе үехэн дуугаравч төрийн бодлого буюу институцын тогтолцоо маань энэ бүгдийг анхаарч хайхрахдаа тун дурамжхан байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн менежментийн талаар ярьдаг дуугардаг эрдэмтэн мэргэд нь байвч тэдний дуу хоолойг сонсож, санаа авч ажил болгох механизмынх нь эрэг шураг зэвэрч муудаад, эвдэрч гацаад нэг л биш ээ.
Дэлхий даяараа экосистемийн доройтлын талаар ярьж, санаа зовниж буй энэ үед бие биенээсээ дэндүү харилцан хамааралтай энэхүү гараг ертөнцийн нэгээхэн хэсэг, тэгэхдээ нэлээдгүй том орон зайг нь эзэлсэн газар нутагтай улс атлаа ийнхүү алгуурлах нь дэндүү хариуцлагагүй явдал юм.
Сүүлийн үед гадаадын эрдэмтэд “ногоон цөлжилт” гэдэг нэр томъёог хэрэглэж эхэллээ. Тэрхүү ногоон цөлжилтийн хамгийн сонгодог жишээ нь Монгол орон болоод байна. Ургамлан бүрхэвч нь ногоон боловч судлаад үзэхээр тэр нь шимт чанараар бага, өөрөөр хэлбэл хогийн ургамал зонхилсон буюу дагнасан байхыг ногоон цөлжилт гэдэг. Товчхондоо, “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг холоос харахад нов ногоон газар, зориод очиход модлог бутлаг ургамал аруу таруухан ургасан, нарийн ногоо юу ч үгүй байдаг гэсэн үг.
Уг нь бэлчээрийн чанарын өөрчлөлт хүн бүрт мэдрэгдэхээр байгаа. Ерхөг, хялгана тэргүүтэй нарийн өвс найгаж байдаг, өнгө өнгийн цэцэг алаглаж байдаг, нялхсын зулай мэт зөөлөн зүлэг ногоорч байдаг асан олон сайхан газар өнөөдөр лууль, шарилжиндаа баригдчихсаныг хөдөөгийнхөн бүү хэл хотынхон ч анзаарч л байгаа. Энэ бол үет ургамалтай бэлчээрийг талхалж, гал түймэр тавьж, хоцрогдсон технологиор уул уурхай ажиллуулж, хаа дуртай газраа машин зам гаргаж, байгаль орчиндоо хүйтэн цэвдэг, эзэн сэтгэлгүй хандсаны үр дагавар юм. Байгаль орчноо хайрлан хамгаалж, амьдчилан харьцдаг өвөг монгол ухаанаа гээсний халгай юм.
Хэдхэн жилийн өмнө өвсөн дундуур нь явсан машины хөдөлгүүр рүү шивээ чихэж шатааж байсан Дорнодын их тал өнөөдөр шагайгаар татах өвсгүй шахам болчихсон, нефтийн хятад тэрэгнүүд хэдэн зуун салаа зам гарган сүлжиж, өлөн тоос хадааж байна. Мал амьтан хүртэл экологийн хувирлыг даган өөрчлөгдөж, говийн үхэр хэлээрээ өвс ороож идэж мэдэхгүй, бог мал нь хулан шиг ургамлын үндэс цавчин ухдаг болчихоод байна. Сүүлийн үед хонь махан тарга авахгүй, дан өөхөн тарга аваад байгаа нь ч мөн л ногоон цөлжилтийн ул мөр. Агь, шарилжнаас өөр идэх юмгүй болсон хонь яаж ч махан тарга авах билээ дээ.
“Хавар намартаа хавчигдаад зунгүй боллоо” гэдэг шиг оршихуй эс оршихуйн ширүүн тэмцэлд ялагдсан нэг наст ургамлууд олон наст ургамалд зайгаа тавьж, өвслөг бүрхэвч модлог бүрхэвчээр солигдон, үүний улмаас биологийн төрөл зүйлүүд ч устан үгүй болж эхэллээ.
Газрын төдөв байдал, чанарын талаар мэдээллийг сансрын зураг дээр үндэслэн Улаанбаатарт суугаа хэн нэгэн албан тушаалтан боловсруулбал амьдралаас юутай хол зөрөхийг ногоон цөлжилт бэлхнээ хэлээд өгч байна. Яагаад гэвэл сансраас авсан зургаар монголын бэлчээрийн байдлыг тодорхойлж, түүнийх нь дагуу отор нүүдлийг зохицуулна гэвэл лууль, шарилжнаас өөр ургамалгүй газар руу хэдэн малчдаа нүүхийг шаардана гэсэн үг.
Уг нь ногоон цөлжилтийн зовлон ганц Монголын зовлон бас биш юм. Цөлжилтөд газар нутгийнхаа тодорхой хэсгийг алдсан улс орон болгон түүний юу болохыг мэднэ. Энэ бол цөлжилтийн онцгой шат буюу яаралтай арга хэмжээ авахгүй бол болохоо байсны дохио. Өвчтэй хүнээр бол өвчин нь үгдэрч хүндрэн хэвтэрт орж эхэллээ гэсэн үг. Оновчтой зөв эмчилгээ хийвэл босоод ирнэ, олигтой анхаарахгүй бол үхэл рүү улам дөхнө.
Африк, Австрали, АНУ-ын баруун өмнөд хэсэгт ийм ногоон цөлжилттэй газрууд бий. Эрдэмтэд үүнийг экосистемийн доройтлын гинжин хэлхээний нэг хэсэг, бэлчээр талхагдаж, хөрсний шим тэжээл буурснаар ашиггүй хог ургамал ихээр ургаж, уугуул ургамлан бүрхэвчийг үгүй болгон, улмаар биологийн төрөл зүйлийг доройтуулж буй нь энэ гэж тайлбарладаг.
Биологийн төрөл зүйл доройтох нь өөрөө эргээд сөрөг хариу үйлдэлтэй үйл явц юм. Тухайлбал, махчин амьтад нь алга болчихвол өвсөн тэжээлтнүүд хязгааргүй өсч, хөрс бэлчээр талхлагдаж, ургамал ногоо муудах зэргээр зохистой харьцаа заавал алдагддаг. Тийм учраас монголчууд амьтдыг хоморголон алдаггүй, ургамал ногоог хамаагүй тасаддаггүй, байгалийн амьд харилцан шүтэлцээг эвддэггүй байжээ. Ингэсний хүчинд л харьцангуй хуурай сэрүүн уур амьсгалтай, эмзэг хөрстэй энэ бүс нутагт олон мянганы турш байгалийн ноцтой шийтгэл амсалгүй хорьдугаар зууны дунд үе хүрч чадсан байдаг. Гэвч хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас энэ уламжлал гээгдэж, үүнтэй зэрэгцэн хотжилт, атар газар эзэмших кампанит ажил гэхчлэн хөрсний бодлогод урвуу нөлөө бүхий олон үйл явц өрнөснөөр цөлжилтийн хурдац нэмэгдсэн байдаг. 1990-ээд оноос нийгмийн шинэ харилцаанд шилжиж, зах зээлийн баримжаат эдийн засгийн бодлого барих үед хөрс хамгааллын асуудал бүр орхигдож, Засгийн газрын “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр байдал улам дордов. Ноолуурын үнэ өсч хөрсний дайсан ямааг малчид ихээр өсгөсөн, уул уурхайн хайгуул, ашигт малтмалын зөвшөөрлийг замбараагүй, хяналтгүй олгосон, хэт ашгийн төлөө улайрагчид мөнгө болж болох бүхнийг байгалиас авч эхэлсэн, уур амьсгалын дулаарал давхацсан, төрөөс малчдын талаар явуулж буй бодлогод экологийн нөлөөллийн асуудал тусгагдаагүй гээд бэлчээр, хөрс доройтох хүчин зүйлүүд ар араасаа нэмэгдсээр байна.
Одоогоос таван жилийн өмнө Байгаль орчны яам гол горхи, усан хангамжаа бүртгэж үзэхэд хэдхэн жилийн дотор 700 гол горхи, 1484 булаг шанд, 760 нуур цөөрөм ширгэсэн байв. Гэтэл үүнийг төр засаг ч, иргэд олон нийт ч төдийлөн анзаарахгүй, харин ч дасан зохицох, зүй ёсны үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөх хандлагатай байгаа нь харамсалтай. Энэ бүртгэлээс хойш мөнгөн ус, цианит натри зэрэг хорт бодис ашиглан алт, үнэт металл олборлох бизнес цэцэглэн хөгжсөн болохоор экологийн доройтол ямар түвшинд хүрснийг төсөөлөхөд амархан.
Малын тоо толгойг хэт өсгөх нь ногоон цөлжилт буюу бэлчээрийн доройтолд хүргээд байгааг хаа хаанаа бодолцож, энэхүү сүйрлийн хэмжээг бодитоор тогтоох аргачлал боловсруулж, тэмцэх арга замаа тодорхойлж, дорвитойхон хөдлөхгүй бол Монгол орон минь газрын тураалаар өеөдчихөөд тамир алдран хэвтэнэ биш үү?
Хүмүүн гэгч энэ ертөнцөд төрж, өтөл насалтлаа их л удах мэт боловч үнэндээ цаг хугацааны дэндүү өчүүхэн нэсгийг хумсалж орхиод, үлдсэнийг ирээдүйд даатган оддог билээ. Төрт ёсны 2000 гаруй жилийн уламжлалтай монголчууд өнгөрсөн бүх хугацаанд мандан бадрах, гундан доройтохын аль алийг ханатлаа үзэхдээ нэг л зүйлийг орхилгүй дээдэлж ирсэн. Тэр нь байгалиа хайрлах хамгаалах явдал. Энэ уламжлалыг хэт ашгийн төлөө харалган бодлогоор сольж орхивол ирээдүй үе маань биднийг уучлахгүй. Хойч үеийнхнийхээ хишиг буяныг өнөөдөр сэгсэрч суугаа нүглээ эртхэн цайруулж, алдаагаа засъя гэвэл одоохондоо бас ч боломж байна. Гэхдээ одоохондоо шүү. Харин дараа бол үгүй. Хэзээ ч үгүй.

3 comments:

Anonymous said...

Mash sonirholtoi bailaa. 'Home' gedeg shinjleh uhaan tanin medehuin angli kinond suurin mal aj ahuin tejeever maliin tejeel otog buuts bas baigal hund hortoig haruulj baisan. Mah idehee bolimoor ch yum shig setgegdel toruulsen.

Anonymous said...

Нүүдлийн мал аж ахуй улирлын болон ургацын байдлаас болоод нутаг сэлгэдэг байхад суурин аж ахуй нэг л газраа байдаг болохоор өтөг бууц нь муудддаг биз дээ. өрөөний халуун, малын өөрийнх нь илч, идэж буй өвс тэжээлийн байдал гээд нөлөөлөх зүйл олон л доо.

Anonymous said...

http://boldbaatar.blogspot.com

Uhriin baasnaas tsahilgaan erchim huch gargah talaar niitlel baina