Tuesday, July 07, 2009

Цөлжилт: Газартайгаа дайтсан гашуун түүх

Хүн гээч бодгаль байгалаас дэндүү хамааралтай. Соёл иргэншил хөгжихийн хэрээр, технологийн дэвшил нарийсахын хэрээр хүн байгалыг улам бүр эрхшээлдээ оруулж чадна гэдэг үзэл онол абсурд болох нь батлагдаж, нийгмийн амьдралыг байгалын хуульд захируулах оролдлого сүүлийн үед хийгдэж эхэллээ. Ингэхээс ч аргагүй юм. Хүн төрөлхтөн байгалын хуулийг зөрчиж, зөвхөн баялгийн хойноос улайран тэмцсэн хязгааргүй шунал, тэмүүлэл нь эцэстээ дэлхий нийтийг хамарсан экологийн сүйрэлд хүргээд байна. Энэ бол байгалтайгаа амьдчилж харьцдаггүй, ухаалаг хэрэглээнд захирагддаггүй, байгалын баялгийг “Ашиг, бас дахин ашиг” зарчмаар хүч түрэмгийлэн эзэмдэж байсны үр дагавар юм. Амьдран суугаа, ашиг шимийг нь хүртэж буй газар шороондоо эрлэгийн элч мэт хатуу харгис хандсан түүхэн баримт олон бий.
Өнөөдөр дэлхийн 100 гаруй орны нутаг дэвсгэр цөлжилтөд эмзэг гэсэн судалгааны дүн байдаг. Дэлхийн хуурай газрын гучин хувь, нэг тэрбум орчим хүнд бодит аюул учруулаад байгаа цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийн 87 хувь нь газар, ус, ургамал, байгалын бусад баялгийг зүй бусаар ашигласан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж байна. Хүн төрөлхтөн зөвхөн хэрэглэгч байх үеэс эхтэй энэ сөрөг үйл ажиллагаа хүмүүс бүтээгч болсноос хойш улам бүр өсөн нэмэгдсээр өнөөдөр ийм дүр зургийг бий болгоод байгаа юм. Энэ удаад би дан ганц газар ашиглалтын сөрөг үр дагаврын талаар өгүүлье.
Хүн төрөлхтөн жимс ногоо түүх, ан агнах төдийгөөр өөрийгөө аргацааж байсан тэр үе өдгөөгөөс 35-40 мянган жилийн тэртээ билээ. Дараа нь газар тариалан эрхэлж, амьтдын гаршуулан тэжээж ихэнх хэрэгцээгээ хангах болов. Тэгэхдээ ургамал дотроос эрдэнэшиш, будаа, улаан буудай зэрэг хамгийн үржил шимтэйг нь, амьтад дундаас хонь, үхэр, ямаа, нохой мэтийн хамгийн ашиг тустайг нь олж сонгож чадсан байдаг.
Хүн чухам хэдийнээс газрыг боловсруулж, тариалан эрхлэх болсон талаар эх сурвалжууд он тооллын хувьд зөрүүтэй мэдээлэл өгдөг. Тэр бүү хэл бидний өвөг дээдэс л энэ бүгдийг бий болгосон гэж өмчлөхийг оролдсон, шашинжуулсан мэдээ баримт туйлын их байдаг.
Улс үндэстний зан заншил, соёл, бүс нутгийн онцлогоос болоод газарт хандах хандлага, газартай харьцах харьцаа өөр өөр байдаг. Гэхдээ эцсийн эцэст газар нийтийн , төрийн, хувийн алиных нь эзэмшил вэ гэдгээс түүний хувь заяа хамаардаг. Христийн тооллын өмнөх 1800-гаад оны үед Вавилоны хаан Хамеурапи газар зарах, худалдан авах, түрээслэх асуудлыг зохицуулсан хууль гаргаж байв. Хятадад христийн тооллын өмнөх гуравдугаар зуунд газрыг төрийн өмч болгож, энэ уламжлалыг нь Чин улсын үед давтаж байлаа.
Европ, Ази, Африкийн уудам тал нутгуудад хүрэл зэвсгийн үед мал аж ахуй ихээхэн хөгжсөн гэж үздэг. Эртний Египет, Грек, Ромд ч газар эзэмшлийн асуудал чухлаар тавигдаж, тэр бүү хэл газар нутгаа томсгох хүслэн Ромын эзэнт гүрнийг бий болгож байлаа.
Хүн төрөлхтөн ийнхүү газарт шунан тэмүүлж, түүний төлөө үеийн үед дайн байлдаан хийж, цус урсгасаар ирснийг нь харвал газрын үнэ цэнийг дээд зэрэг мэдэрч ухварласан мэт. Гэтэл их хэмжээний газрыг үржил шимгүй болгож, үхүүлж доройтуулсныг нь харвал газарт үргэлж дайсагнаж байсан мэт. Энэ дайсагнал нь газрын доройтол гэгчийг хүн төрөлхтөнд “бэлэглэсэн” юм. Христийн тооллоос өмнөх дөрөвдүгээр зуунд гүн ухаантан Платон “Урьд өмнөхтэй нь харьцуулбал хүнд өвчинд нэрвэгдэж араг яс болсон бие шиг байна” хэмээн доройтсон газрыг тодорхойлсон байдаг. Монголчуудын холын өвөг гэдгийг сүүлийн үед түүхч судлаачид олж тогтоогоод байгаа сүмэрчүүд бараг 4000 оны тэртээ “Ой модыг тайрч устгавал цөлжилт нүүрлэнэ” гэдгийг сануулан ном сударт бичиж үлдээсэн гэх мэдээ ч бас байна.
Тэгэхээр газрын хөрсийг доройтуулж, цөлжилтөд хамгийн ихээр нөлөөлж буй салбар бол газар тариалан юм. Ялангуяа хоцрогдсон, буруу, хортой технологи хэрэглэх нь цөлжилтийн эрчийг огцом нэмэх шалтгаан болж өгдөг. Үржил шимээ нэгэнт өгөхөө больсон газрыг зөнд нь орхиж, шинэ газар руу дайрч сүйтгэдэг харалган үйлдэл цөлжилтөд асар их хувь нэмэр оруулжээ. Ямартаа л Бенжамин Франклин “Дэндүү их газартай учраас л бид муу фермерүүд” гэж байхав дээ. АНУ-ыг үндэслэгчдийн нэг Жон Тейлор америкчуудын газар ашиглах аргыг “Хөрсний алуурч” гэсэн нь бусад үндэстэнд ч хамаатай юм. Дашрамд өгүүлэхэд 18-19 дүгээр зууны Америкийн түүх энэ ард түмэн газартаа их халтай байсныг нотолдог. Тухайлбал, 18 дугаар зуунд Америкийн өмнөд мужуудын гол экспорт нь тамхи байлаа. Гэтэл тамхины ургамал хөрсийг хамгийн түргэн үхүүлдэг, жинхэнэ “хөрсний алуурч”. Үүний дараагаар хөрсний хамаг шим шүүсийг сорогч гэгддэг хөвөнгийн ургамал ихээр тариалж байлаа. Энэ мэтээр түр зуурын ашиг орлогын төлөө мөнхийн капитал болох газар шороогоо сүйтгэсэн жишээ олон бий.
Хорьдугаар зуун хүн төрөлхтний урьд өмнө байгаагүй их туршилтын зуун байж, олон сөрөг үр дагавар авчирсан. Газар тариалангийн салбар ч үүнд ихээхэн нэрвэгдсэн юм. Өнгөрсөн зууны эхээр Америкийн их талыг газар тариалангийн бүс болгох бодлогогүй алхам 40 сая га газрын хөрсийг улаанаар нь эргүүлсэн. Америкчууд энэ алдаагаа засч байх хооронд Евразийн асан том үржил шимт газар болох Черноземийн бүс нутгийг ЗХУ мөн сүйтгэж орхисон байдаг. Хрущевын атрын аян 1953-1964 онуудад зохиогдож анх төлөвлөснөөсөө 4 дахин их газар хагалж, тал хээрийн хуурай бүс нутгийн 20 сая га хөрсийг эргүүлсэн нь өнөөдөр ихээхэн том алдаа байсан гэгдэж байна. Энэ бүс нутгийн ургамлын уугуул бүрхэвч нөхөн сэргээгдэхгүйгээр устаж талхлагджээ. Атрын аяны гол зорилго нь 1914 оноос Америкт алдаад байсан үр тарианы үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах явдал байсан ч энэ аян оновчтой бодлого гэхээсээ солиорол байжээ гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. ЗХУ тэр үед 1 га-д 1-2 центнер үр цацаж, цэврээр 4-6 центнер ургац авч байжээ. Эдийн засгийн алдагдлаа цэрэг, оюутан, илгээлтийнхэн гэх мэт үнэгүй ажиллах хүчээр хаахыг оролдсон нь ч амжилтад хүрсэнгүй. Тэр үед Голланд 1 га газраас авсан ургацаараа 16.5 хүн тэжээж байхад ЗХУ 1.2 хүн тэжээдэг байв. Арга мухардсан ЗХУ 1963 оноос гадаадаас үр тариа худалдан авч эхэллээ. Зөвхөн 1976-1985 оны хооронд л гэхэд 308 сая тонн тариаг 50 тэрбум доллараар авчээ. Энэ мөнгийг олохын тулд нефть их хэмжээгээр олборлосон бөгөөд 1960-1970-аад оны нефть олборлох технологийн сөрөг үр дагаврын улмаас газрын гадаргын болон гүний цэвэр ус их хэмжээгээр давсжиж хөрс доройтож, агаар бохирдов. Түүхч Ключевский “Оросын тариачид газар хоосруулах онцгой авьяастай” гэж нэгтээ дуу алдсан нь 20 дугаар зууны сүүлийн хагаст ийнхүү дахин нотлогдов. Атрын аяны хугацаанд нэг ч дархан газар байгуулсангүй, харин ч хуучин байсан дархан газруудаа тариалангийн зориулалтаар хагалж орхижээ. Энэ бодлогогүй алхмын гороор Орос орон үндсэндээ бэлчээргүй, малгүй, махгүй орон болж хувирсан юм. Байдал ийнхүү нүдэн дээр муудсаар байхад тэр үеийн удирдлагууд шийдвэртэй арга хэмжээ аваагүйгээр барахгүй хөрс сайжруулах нэрээр газар тариаланд зохимжгүй газруудаа хүртэл ухаж хөндөж, унаган төрхийг нь алдуулж байлаа. Энэ ажил 1990 он буюу ЗХУ-ыг задартал үргэлжилсэн юм.
ЗХУ-ын атар эзэмших нэрээр газар шороотойгоо хийсэн энэхүү дайны улмаас олон тэрбум тонн хөрсний ялзмаг алдагдаж, 1 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд дэгдэн дэлхийн бөмбөрцгийн озон давхарга цоороход “үнэтэй” хувь нэмэр оруулжээ. Мөн хагалсан газрын өнгө илүүтэй бараантдагийн улмаас хөрс илүү халж хуурайшин гол ус олноороо ширгэх бас нэг нөхцөл болжээ.
Өнгөрсөн зууны эхээр Столыпины атрын шинэчлэлийн үеэр Уралын өмнөд бие, Казахстаны хойд хэсэг, Дорнод Сибирьт 3.3 сая тариачин авчран уугуул хөрсийг эвдсэн, 1930-аад онд Ростов мужийн Салийн талыг устгасан оросууд ийнхүү гуравдахь удаагийн дайралтаараа үржил шимтэй ихээхэн нутгаа сүйдэлсэн билээ. Оросын эрдэмтэн В.В.Докучев 1880-аад онд хөрс судлал хэмээх шинжлэх ухааны шинэ салбарыг үндэслэж хүн төрөлхтний өмнө үлэмжийн гавьяа байгуулсан ч хойч үеийнх нь “хэтэрхий мэргэн жараахайнууд” их эрдэмтний сургаал номлолыг ийнхүү сөрсөн түүхтэй.
Газар тариаланг хэтийн бодлоготой эрхэлж, хэт ашиг хөөхөөсөө өмнө экосистемийн харилцан шүтэлцээг бодолцохгүй бол ямар гунигт үр дүнд хүрдгийг бусад орны жишээнээс ч харж болно. Жишээ нь, Нигери улс экспортын зориулалтаар газрын самар их хэмжээгээр тариалсны улмаас үнэ нь унажээ. Тэгмэгц газрын самарны оронд хар будаа тариалтал хөрс нь идэгдэн дан элс болсон байна. Европын өндөр хөгжилтэй Испани, Итали зэрэг орон оливын мод ихээр тариалснаас болж мөн хөрсөө үхүүлсээр байна. Африкийн Сахельд 1970-аад оны эхээр хүн ам огцом өсч, газрын шимийг түргэн шавхсаны улмаас 200 мянга гаруй хүн өлбөрч үхсэн гашуун түүх ч бий.
Хөрсний үржил шимийг амархан сордог рапсыг ашиг хөөгчид тариалах сонирхол ихтэй байдаг ч хор хөнөөлийг нь ойлгосон улс орнууд өөртөө тариалахаас татгалзаж эхлээд байна. Рапсын тариалан сүүлийн үед экологийн бодлого сул, ядуу буурай улс орнууд руу шилжих төлөвтэй байгаа аж.
Газар тариалангийн буруу үйл ажиллагаанаас дутахгүй гамшиг тарьж, цөлжилтөд хүргэж мэдэх өөр нэг салбар бол мал аж ахуй юм. Бэлчээр ашиглаж буй арга хэлбэр, бэлчээрийн даацыг хэтрүүлсэн эсэхээс хөрсний талхагдал, ургамлын бүрхэвчийн ядуурал хамаардаг. Мал аж ахуй амьжиргааны гол эх үүсвэр болсон бүс нутгуудад хэт ашиг хөөн бэлчээрийн даац хэтрүүлэх, сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдах явдал түгээмэл гардаг.
Газар, түүний баялгийг буруугаар ашигласнаас цөлжилт үүсгэж буй хүчин зүйлийн тоонд ой модыг хайр гамгүй огтлох, уул уурхайн үйлдвэрлэлийн хоцрогдсон технологи, хотжилт, автозамын замбараагүй сүлжээ зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Дээр дурдсан хүчин зүйлүүдийн ихэнх нь өнөөдрийн Монголд бодит зүйл болоод байгаа нь бид газар нутгаа цөлжилтөд идүүлсэн эмгэнэлт түүхийн тоог нэгээр нэмэхэд ойрхон буйг харуулж байна. Газар шороогоо доройтуулсан бусдын гунигт түүхийг мэдсээр байж давтвал ирээдүй үе биднийг хэзээ ч уучлахгүй.
Өнөөдөр Африкийн Кени улс газар нутгийнхаа 80 хувийг цөлжилтөд өртүүлсэн “амжилт”-аар дэлхийд тэргүүлж байгаа. Монголчууд тууштай цогц арга хэмжээ авахгүй бол 2080 онд газар нутгийнхаа 90 хувийг цөлжилтөд “бэлэглэсэн” амжилтаар тэднийг гүйцэж түрүүлэх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа гарчихаад байна. Олимпын наадамд монгол тамирчин кенийн гүйгчийг гүйцэж түрүүлбэл бахархах сан. Харин цөлжилтийн үзүүлэлтээр тэднийг гүйцэж түрүүлбэл даанч эмгэнэлтэй.
Б.Галаарид

2 comments:

ЗОРИГТ8 said...

www.monsoc.blogspot.com

Anonymous said...

Sain baina uu,
Tand ene odriin mend hurgie. Tanii orchuulgiin tuhai bichsen niitleluudiig unshlaa, ih taalagdsan.
Ta zavaaraa orchuulga hiideg uu? Mongol helnees gadnii yamar hel uruu orchuulga hiih bololtsootoi ve? Tolinoos heden ug harj holbood ooriigoo orchuulagch gedeg bolson ene tsag ued jinhene sain orchuulga hiideg, mongol helendee sain hun hovor bolson bololtoi.
Hariu bichne gedegt naidaj baina.
allesinfo@yahoo.com

Hundetgesen
Tsogoo