Showing posts with label Бөө мөргөл. Show all posts
Showing posts with label Бөө мөргөл. Show all posts

Sunday, March 17, 2013

ГҮРТЭН ЧОЙЖИНГИЙН ТАЛААРХИ ГҮЙМЭГХЭН БИЧИГЛЭЛ

Б.ГАЛААРИД Судлаач

Гүртэн чойжингийн талаар өгүүлэх цаг нэгэнт болжээ хэмээн санана. Өвөг дээдэс дунд маань гүртэн хүн байсан юм гэнэлээ гэх, тэр бүү хэл ургийн овгоо хүртэл гүртэнтэй холбон авсан хүн олон ч гүртэн гэж чухам ямар хүнийг хэлээд байгаа талаар тоймтой мэдлэггүй байх нь олон. Чойжин гэхээр мөн л ялгаагүй ламын талын догшин сахиустан гэхээс хэтрэхгүй. Гэтэл хэрэг дээрээ сахиустныг бус, харин сахиусыг нэрлэсэн нэр байх юм. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө толь бичиг, тайлбар толь сэлт сөхөн харвал эдгээр үг ихэнхэд нь алга байна. Харин И.Дамбажавын дэлгэрэнгүй тайлбар толиноо Чойжин гэдэг үгийг түвэд гаралтай “Номын сахиус” гэсэн утгатай хэмээн тайлаад “Гонгор, Дамдинчойжоо, Жамсран, Лхам, Намсрай, Цамба, Шалши зэрэг бурхдыг чойжин сахиус гэж нэрлэнэ. Жилийн гай барчдыг арилгах, тэрсүүд дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсч, сүсэгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай”1 гэж нэмж тайлбарласан байна.

Мөнөөх толь бичигт гүртэнтэй холбоотой  үгсийн тайлбар хайвал “Гүртэм - шарын шашны чойжин бурханы сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цол; гүртэмбэ ч гэдэг”, “Гүртэмч - гүртэм буулгадаг хүн”2 гэсэн байна.
Монголчууд шашингүйн үзэлд хүчээр автаад байсан хорьдугаар зуунд гүртэн, чойжинг судлах бүү хэл, тэр тухай ярих ч халгаатай байсан боловч их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн абугай хууч яриа тэмдэглэх нэрийн дор олон сайхан мэдээ занги үлдээсэн байдаг. Мөн ардуудын дунд ч янз бүрийн домог яриа их байх боловч нэгэнт хэдэн үе дамжин яригдаж буй тул үнэн худлыг ялгах, хэтрүүлэг даваадуулга буй эсэхийг мэдэхэд бэрхтэй байна.
Харин иргэд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсон, шашин шүтлэгийн тухай ил тод ярьдаг болсон, хүмүүс өөрсдийн өвөг дээдсийн тухай ном дурдатгал ихээр хэвлүүлэх болсны ачаар бодит гэрчтэй, илүү үнэмшилтэй мэдээ занги нэлээд гарах болов. Жишээ болгож “гүртэн” Чойндон гэдэг хүний тухай баримтыг хоёр  номноос эшлэе.
Г.Хандхүү гэдэг хүн  "Зүүдэнд ч ороогүй тавилан" номоо 2008 онд хэвлүүлжээ. Энэ нь нэмж засварласан хоёр дахь хэвлэл юм байна. Энэ номонд байгаа "Гүртэн Чойндон" гэсэн гарчигтай дурсамждаа Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт байсан Усан Зүйлийн хүрээ хэмээх алдарт хүрээнд сууж байгаад 1930-аад оны үед шар шувталсан ч ойролцоох хэдэн сумандаа ид шидээрээ гайхагдаж байгаад баривчлагдан хэлмэгдэж байсан Луузангийн Чойндон ламын тухай өгүүлсэн байна. Чойндон лам хоёр ч удаа баривчлагдаж, 1950-иад оны сүүлээр суллагдан хүрээ хотод амьдрах болсон байна.
“...Дараа нь Улаанбаатар хотод Зайсангийн аманд суурьшин амьдарчээ. Энэ үед зээ хүү болох Мажаагийн Дэмчиг дэргэд нь хань бараа болдог байж. Олон жил хажууд нь байсан Дэмчиг мөн л олон янзын тохиолдлуудаас хуучилдагсан.
-Өвөөгийн нүдний хараа нэлээд муудсан үе байлаа. Нэг удаа гаднаас намайг орж иртэл танихгүй хүн өвөөгийнд сууж байснаа ширээн дээрх том мөнгөн аягыг нь өвөртлөөд яаран гарав. Би учрыг нь сайн олоогүй ч "Өвөө та саяын хүнд мөнгөн аягаа өгсөн юм уу. Аягыг тань аваад явчихлаа" гэв. Өвөө:
-Үгүй ээ, үгүй. Хулгайч л биз, алив би зогсоож байя. Чи араас нь гүй гэлээ. Би араас нь гүйж гарвал нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан гэж Дэмчигийн ярьсныг Говь-Алтай аймгийн арван жилийн дунд сургуулийн захирал Осорын Төвд хуучлав.
Шог зохиолч М.Дэмчиг 1972, 1991 онуудад Говь-Алтай аймгийн зарим сумдаар сурвалжлах ажлаар явахдаа нэг айлд ортол айлын эхнэр танимхайраад цайлж дайлаад хөл алдаад явчихсан гэнэ. Тэгээд мөнөөх айлын эхнэр ийн хуучилжээ.
-Би танай өвөөгийн ачаар хүн болсон хүн. Намайг өлгийтэйд өвчин ороогоод байдаг байж л дээ. Тэгээд үзүүлж харуулж ном айлтгуулахаар Чойндон лам ахыг авч иржээ. Лам ах намайг үлдээгээд бусдыг нь хөөж гаргачихаад том тогоог гал дээр тавьчихаад галаа өрдөнгөө намайг нүцгэлэн хэдэн хэсэг мөчлөөд тогоо руу үйж эхэлжээ. Ээж энэ бүгдийг тотгороо өнгийн харж байгаад ухаан алдаад ойччихож. Нэлээд байж байгаад ухаан оруутаа гэртээ гүйж орвол хүүхэд нь зүв зүгээр орон дээрээ унтаж байж гэнэ.
Лам ах "Одоохон хүүхэддээ буруу энгэртэй бариувч шидэж өг" гэчихээд мордоод явчихсан гэдэг. Ээ дээ, мөн лут хүн байсан юм билээ гэж тэр эмэгтэй сүсэглэн ярьсан гэнэ”3 хэмээн энэ номонд бичжээ. Афоризм зохиохдоо гаргуун нэгэн байгаад даанч эрт хорвоог орхисон манай сайн зохиолчдын нэг М.Дэмчигийн тухай энд өгүүлж байгааг эрхэм уншигч анзаарсан биз ээ.
Гүртэн хүмүүс нялхсыг мөчлөх, чанах зэргээр эдгээдэг байсан тухай олон ихэнх хууч ярианд байдаг бөгөөд хоорондоо нэг их зөрөөд байдаггүйгээс харахад энэ нь нэлээд түгээмэл арга засал байсан бололтой.  Гүртэн хүний гол багаж нь том хутга, заримдаа сэлэм байсан нь ч үүнийг нотолдог.
Олноо “Ташууртай эмээ” гэж нэрлэгдсэн, чулуу татаж мэргэлэхдээ гарамгай, арга дом сайтай Цэндсүрэн хэмээх буянтай буурал гүртэн удамтайгаа хэлж, гүртэн ах нь өөрийн сэлмээ тарнийн хүчээр зангидаад ууланд тавьчихсан, нутаг явбал олчихмоор бодогдох юм хэмээн нас дээр гарсан хойноо мөхөс бичээч надад хэдэнтээ ярьж байгаад амжилгүй өөд болсон юм. Тэрээр бага залуудаа гүртэн өвөөгөө бууж байхыг олон удаа харсан, хоёр гартаа нэг нэг сэлэм бариад буух үедээ хоёр сүвээ рүүгээ бүлэхэд гэдсэн дотор сэлэм хэрхэн харшилдах нь сонсогддог байсан хэмээн хуучилдагсан. Тэрбээр Ховд нутгийн хүн байсан бөгөөд ер нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутгаар гүртэн удамтан олон байгаа нь анзаарагдаж байна. “Ташууртай эмээ”-гийн маань өгүүлдэгтэй төстэй хуучийг Говь-Алтай аймгийн уугуул Г.Хандхүү бичсэн номондоо бас оруулсан байна. 
“Бас нэг удаа нэг айл хүүхдээ ороогоод байхаар нь аврал хүсч Чойндон лам ахыг залжээ. Гэрийнхнийг нь хөөж гаргаад хэвтэрт байсан гурван настай хүүг нь татаж босгоод сураар ороолгоод, хутгаар нэвт сүлбэж эхэлснээ цогшсон харганаар төөнөж гарсан гэнэ. Лам ахыг дагаж очсон дүү Бэгз нь үүнийг хараад ихэд айж "Хүүе, болиоч ээ" хэмээн хашгирч орхижээ. Энэ дуунаар хүүгийн эцэг, эх хоёр гэртээ харайж орвол хүүхэд нь орон дээрээ, Чойндон лам ах галтай цуцлаа зуух руу нь шургуулж байсан гэдэг.
Итгэмээргүй ийм сонин явдлаар дүүрэн энэ Чойндон лам ах гурван үеийн гүртэн байсан аж”4 гэж энд бичсэн бөгөөд энд нэр дурдагдаж буй Бэгз нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, яавч худал хэлэхээргүй тулхтай сайхан хүн байсныг би мэдэх юм.
Эдийн засгийн ухааны доктор Д.Шомбодон  “Миний ээж Удвал гурав дахь төрөлт дээрээ их удаан өвдөж сандаргахад аав маань Чойндон лам ах дээр очжээ. Чойндон лам ах байдлыг сонсоод тарни уншиж сэржим өргөөд:

-Санаа битгий зов, чамайг харихад эхнэр чинь төрчихсөн байна. Баруун нүдэндээ улаан гэрэлтэй эрэгтэй хүүхэд байна. Их эрдэм номтой хүн болно. Харин жаахан бөхөлгөө хэрэгтэй юм байна даа хөө гээд жижигхэн чөдөр, төө хэрийн улаан сухай ташуур, хоёр ширхэг сахиус өгчээ. Аавыг гэртээ ирэхэд ээж төрчихсөн, шөл уугаад сууж байхыг хараад нүдэндээ итгээгүй гэдэгсэн.
Аав маань Чойндон лам ахыг "Ээ дээ, мөн ховор хүн шүү" гэж байнга дурсан ярьдаг байсан юм. Би найман нас хүртлээ хоёр сахиус зүүж, чөдөр, ташуур хоёр маань орны толгой дээр байдаг байсан”5 гэж ярьсныг зохиогч мөнөөх дурсамждаа бас оруулсан байна. Л.Чойндонгийн төрсөн дүү Л.Шаравын хүү, сэтгүүлч Ш.Содномжамц “Далд түүхийн ил хуудас” номондоо “Авга ламын тухай миний аав, авга нар болон нутгийн хөгшчүүд, манай сумтай залгаа оршдог Бугат, Төгрөг, Шарга, Дарви сумдын ахмадууд үлгэр домог мэтийн үүх түүх ярьдаг байлаа. Энэ тухай мэдэх, ийм түүх хуучлах ахмадууд манай нутагт одоо ч мэр сэр байгаа”6 гэж баталж байна.
“1973 оны зун миний бие авга ах Д.Дорж болон Гэндэнгийн Балхүү нарыг дагаж Чойндон гавжийнд очих завшаан тохиолдсон юм. Тэгэхэд Гаадангийн Чойжил ажаад тэр хоёр хөгшин буяны ном хуруулахаар, бас өөрсдөө ч уншихаар явахад нь би тэдний ном судрыг хүмүүсээс нууж 70 кг-ын шуудайд хийж үүрч явсан билээ. Чойндон гавжийнх тэр үед Зайсан толгойн урд өвөрт цас бороо, салхи шуурганаас хамгаалсан төмөр дээвэртэй гэрт байсан бөгөөд тохой өндөр алтан шармал гуулин 3 бурхантай, олон судар номтой, цай идээний 9 цөгцтэй айл байв. Тэр үеийн төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Улс төрийн товчооны нэг гишүүн Т.Рагчаа нар Чойндон гавжид үзүүлж зам мөрөө засуулдаг мөртөө энгийн иргэд хөдөлмөрчид биднийг хориглоод байх юм гэж Д.Дорж, Г.Балхүү нар харилцан ярилцаж байв”7 гэж О.Дүгэрсүрэн бичсэн нь ч үүнийг давхар нотолж байгаа юм.
Энд өгүүлж буй гүртэн Чойндонтой нутаг залгаа, одоогийн Говь-Алтай аймгийн Бугат суманд ойролцоогоор 200-гаад жилийн тэртээ амьдарч байсан “Гүртэн Даажаа” хэмээх Доржийн тахиж байсан уул хайрхан нь өнөө ч Гүртэнгийн хар нэрээрээ оршиж, түүний үр хүүхэд нь өнөр олуул болжээ. Энэхүү гүртэн болоод хүү Чойндон нарынх нь үзүүлж асан ид шидийн талаар нутгийн олон дунд домог яриа нэлээд бий.
Гүртэн чойжингийн талаар мэдээ сэлт цуглуулж, харьцуулж үзэхэд энэ нь олон талаараа бөө мөргөлийн онго дуудахтай адил төстэй нь анзаарагдаж байна.
Энэ талаар илүү тодорхой өгүүлсэн хүн бол XIV Далай лам юм. XIV Далай лам Данзанжамц өөрийн намтар сэлтээ англиар өгүүлснийг Abacus хэвлэлийн газар хэвлэн гаргасан, түүнийг нь орос хэлнээ орчуулсан хоёр эхээс ид шидийн тухай өгүүлсэн нэгэн бүлгийг нь бидний хүндэтгэл хүлээсэн номт хүмүүн Д.Төмөртогоо абугай харьцуулан байж монгол хэлнээ буулгасан нь энэхүү гүртэн чойжингийн тухай мэдээ сурвалж юм.
“...хүний сэтгэлийн ертөнц, байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эр эм хэн нэгэн хүн байдаг бөгөөд тэднийг “Гүртэн” буюу “шүтээн орших бие” гэсэн утгаар ойлгогдохоор нэрлэдэг юм. Тэрчлэн зөнчдийн тухай ярихдаа тэднийг хүн мэтээр хэлэх нь зүгээр л дөхөмчилсөн хэрэг болохоос нарийвчлан үзвэл угтаа тэр нь аль нэгэн тодорхой эд юмс (Бурханы дүр мэт), эсвэл газар орон, уул ус, хүн зон лугаа холбогдон шүглэсэн “Сүнс” байдалтай гэж тодорхойлбоос зохих зүйл. Харин үүнийг хүн төрөлхтнөөс ангид өөр биет байдгийг шүтдэг мэтээр ухаарвал буруутна” гээд “Нэйчүн чойжин нь анх Энэтхэгийн мэргэн гэгээн Дармабалын хувилгааны залгамжлагчийг Төв Азийн Бата-Хор хэмээх нутагт залрахад бараа болж Түвэдэд хамт ирсэн байна. Улмаар манай эриний наймдугаар зуунд Түвэдийн Тисрон Дэвзэн хааны үед түүнийг Энэтхэг Тантра ёго, Түвэдийн шашны дээд авралт дээд багш ловон Бадамжунай Түвэдийн Самъяа хийдийн ... сахиусаар залжээ. Хожим тухайн үедээ Бэрээвэн хийдэд шадарлах болсон үед нь хоёрдугаар Далай лам түүнтэй тун нягт харилцах болсон бөгөөд сүүлдээ Далай ламын бүх дүрийн чойжин сахиус нь Дорж дагдан болжээ”8 гэж Далай лам өгүүлсэн нь бөө нөр өвөг дээдсийн сүнс лугаа харьцахад тэдгээр онгын аль нэг нь  толгой онго буюу голлох сахиус болдогтой адил байна.
Далай лам болоод Түвэдийн засгийн газар жил бүрийн цагаан сараар энэхүү Нэйчин чойжинтой зөвлөдөг уламжлал тогтоод хэдэн зууныг элээсэн, яаралтай шаардлага гарсан тохиолдолд хэдийд ч залж болдог, XIV Далай лам өөрөө түүнтэй жилдээ хэд хэд харьцдаг гэдгээ энэ номонд илэн далангүй бичжээ. Үүнийхээ зөвтгөл болгон тэрбээр “Хорьдугаар зууны өрнөдийн уншигч авгай нарт энэ үг ихээхэн этгээд сонсогдож магад. Тэр ч байтугай өөрийгөө “дэвшилттэй” гэж тооцох болсон зарим түвэд хүн хүртэл намайг ийм эртний аргаар мэдээлэл авч буйг сөргөсөн санаа бодолтой байдаг. Гэвч чухамхүү гэгээн сахиус миний асуусан тухай бүр гарцаагүй үнэн зөв хариу өгдөг цорын ганц энгийн бөгөөд үнэн шалтгааны улмаас би ямагт түүнтэй харилцдаг юм”9 гэж учирласан байна.
Ер нь хүний оюун ухаан зуурдын байдалд орших үед хүлээж авсан мэдээлэл өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд ч  хамаарах бай туйлын үнэн зөв  байдаг зүй тогтолтой. Ямар ч үндэстний онго буулгах, сахиус оршоох зан үйл нь энэхүү үнэнийг олж мэдэх л эцсийн зорилготой байдаг. Гэхдээ жинхэнэ буух ёстой онго сахиус нь үнэн зөвөөр буусан тохиолдолд л ийм байдаг бөгөөд чадвар мөхөс, зан үйлээ буруу үйлддэг, учраа олоогүй нэгэн ямар нэг арга технологи ашиглан завсрын байдалд орсноор төөрч будилах магадлал өндөр байдаг. Өнөөдөр хуурамч бөө нар олширлоо гэж гаслаад буйн чухам учир энэ бөгөөд дан ганц бөө нар ч биш, ерөөсөө бясалгал хийдэг, зуурдын орноор аялдаг, зэрэгцээ ертөнцтэй харьцдаг бүх хүнд хамаатай.
Чойжин сахиус буулгах нь бөөгийн онго залах үйлтэй агаар нэг байгааг нотлох бас нэг зүйл нь чойжин буух үед хэрэглэдэг хувцас хэрэглэл юм. Энэ талаар Далай лам өгүүлэхдээ “Нэйчүн чойжин Дармасалад өөрийн хийдтэй боловч над дээр ихэвчлэн өөрөө ирдэг. Албан ёсны үйл явдлын үед бол чойжин гадуураа улаан, хөх, ногоон, шар өнгө алагласан угалзан хээтэй хуучны алтан утаст хоргой баримтаг өмсгөл бүхий олон давхар дотуур хувцас өмсөж этгээд сонин хувцасладаг юм. Энгэр дээр нь Дорж Дагдан сахиусанд хандсан маанийн самгарьд үсэг бүхий оюу эрдэнийн хүрээтэй гялалзтал зүлгэсэн дугуй толь зүүнэ. Ёс төрөө үйлдэхээсээ өмнө биедээ мөрөвч тоног гэмээр юм хийж түүндээ гурван ширхэг хийморийн дарцаг, дөрвөн хиур зүүдэг. Нийт дүнгээрээ гучаад кг (далан фунт) илүү болох тул онгод нь ороогүй цагтаа тэрбээр арай чүү хөдөлж харагддаг юм”10 гэсэн байна.
Орон орны бөө нарын хувцас хэрэглэл ч бас л этгээд сонин, олон янз байдаг. Зарим нь элдэв шувууны өд, туг хиур  сэлтийг энд тэндээ  зүүж тогтоосон, өмсгөл хэрэгслийн нийт жин нь эзэндээ ахадмаар байх нь элбэг. Ялангуяа хорьдугаар зуунаас өмнөх үеийн бөө нарын хуяг хувцас, хамгаалалтын төмөр эдлэлийн жин нь 30-40 кг татах энүүхэнд байдаг. Тэгээд бөө нар онго нь орсон үед хувцас эдлэлийнхээ хүндийг огт мэдрэхээ больж, дэгдэж дүүлж, үсэрч харайх энүүхэнд. Далай лам энэ байдлыг дүрслэхдээ “Ингэсний дараагаар тэр нэг туслахынхаа барьж байгаа ёслолын илдийг шүүрэн авч нэг цовхорсноо улмаар аажуухан бөгөөд хангалуун төрхөөр бас ч сүрлэгээр цамнаж эхэлнэ. Цамнаж дуусаад миний өмнө ирж бүсэлхийгээрээ бөхийж өнөөх хүнд баримтаг өмсгөлөө үл хайхран бүх биеэрээ тонгойн титмээ шаланд хүртэл надад аажуухан мөргөснөө огцом босож, тэр их хүнд юмсыг ер тоохгүй цамнана. Түүнд шүглэсэн их хүчит сахиусны хэмжээлшгүй чадал хүчин нь чойжингийн биеийг дэлбэ татах шахан түүнийг ямар нэгэн асар хүчирхэг чанга пүршээр тоноглосон резин эдээр хийсэн юм шиг уян хатан бөгөөд огцом ширүүн хөдөлгөөнтэй болдог тул тэр байж ядан цамнах бөлгөө”11 гэж бичсэн нь бөөгийн онго орж, элдэв хөдөлгөөн үйлдэхтэй ав адилхан байна.
Бөө хүн онго сахиусуудаа нийтэд нь  дуудахдаа арай нийтлэг хэлбэрийн, тухайлан аль нэгийг нь залахдаа зөвхөн түүнд зориулсан үгийг (бөөгийн онгодын дуудлага, тамлага гэдэг) хэц хэнгэргийн дэлдэлттэй  ая дан хоршуулан дууддаг. Мордуулж одуулахдаа ч мөн адилаар аялгуулан өчдөг.
“Гүртэнгүүдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай унш-лага, шившлэгтэй байдаг бөгөөд түүнийг нь солхи гэдэг. Солхи уншихгүйгээр сахиус оршдоггүй, буцаах солхийг нь уншихгүй бол явдаггүй гэдэг”12 хэмээн миний бие нэлээд хэдэн оны өмнө бичиж байсан. Ийнхүү онго сахиус дуудах зан үйл ихэвчлэн адил төстэй, өмнө хойно нь хэлдэг үг шившлэгт ч тодорхой учир холбогдол байгаа нь анхаарал татаж байна.
Тэр бүү хэл “Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер уриан залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна”13  гээд туульчид туулиа ид хайлах үедээ зуурдын байдалд ордог гэсэн санаа дэвшүүлсэн маань алдаа биш байсныг саяхан Киргизэд очоод гурав дөрөвхөн настай манасч хүүг зуурдын байдлаас хүчээр гаргахыг хараад ойлгосон билээ. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэх хэлц үг баруун монголчуудад байдаг нь үүнийг бас давхар давхар нотлох мэт санагдана.
Далай лам Нэйчүн чойжингийн буух мордох байдлыг зурагласан нь ч  бөөгийн онго орох, гарахаас нэг их зөрөхгүй байгаа нь гайхам зүйл биш ээ. Тэрбээр “Тэгээд гүртэнгийн амаар Дорж Дагдангийн сахиус үгээ хэлж дуусмагц гүртэн төгсгөлийн өргөл өргөөд бие нь амьгүй мэт унаад өгнө. Энэ нь сахиус буцан одсоны тэмдэг болой. Ингэнгүүт туслахууд нь яаруу очиж титэмний бүчийг даруй суллах бөгөөд түүнийг сэргэтэл нь тусгай өрөөнд аваачдаг”14  гэж бичжээ. Бөө нар ч гэсэн онго нь гарсны дараа амьгүй мэт сулбайн унах, үлээлгэх, зөөлөн сэгсчих зэрэг гаднын нөлөөгөөр сэргэх байдал ажиглагддаг.
Чойжин гэх нэрийн чой нь монголоор ном гэсэн үг бөгөөд бүхэлдээ “номын сахиус” гэсэн утгатай үг болохыг өгүүллийн эхэнд тайлбар толь түшин өгүүлсэн. Тэгэхээр чойжин буулгадаг хүнийг чойжинч гэх нь зүйн хэрэг. Гагцхүү ардын ярианаа энэхүү ялгаа зааг гээгдсэнээс номын сахиусыг ч чойжин, тэрхүү сахиусыг буулгадаг эрдэм чадалтныг ч чойжин гэж ялгалгүй нэрлэдэг болжээ гэмээр байна. Энэ нь бид Чойжин ламын сүм музей гэж нэрлэдгээс тодорхой харагдана.
Монголын бурханы шашны тэргүүн VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдав чойжинч байсан бөгөөд өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тусгай өрөө хүртэл байсныг түүний сүм музейг сонирхсон хүнд тайлбарлагч нь бэлхнээ хэлээд л өгнө. Монголын шашин төрийг хослон баригч Богд Жабзундамба хийгээд түүний Засгийн газрын сайд нар чойжинч ламын буулгасан сахиусны айлдварыг ихэд анхаардаг байсан баримт байгаа нь Далай ламын бичсэнтэй агаар нэг байна.
Борын Жамбал гэдэг өвгөн 1958 онд 77 нас сүүдэртэйдээ их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнд  “Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, Гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш. Зэмэр мөн их догшин биш. Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиус оршиж байхад чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годосхийгээд, амнаасаа хөөс буруулж их догшин дүрэмтэй байдагсан” хэмээн хуучилсныг тэмдэглэн үлдээжээ.
Далай ламын дэргэдийн гүртэн чойжин буулгахыг харсан хүн сэтгэгдлээ бичихдээ “2005 онд би Энэтхэгт байсан юм.. Нэгэн өдөр миний танил нэг лам надад чи Чойжин бууна гэж яадгийг үзсэн үү гэдэг юм  байна.
Миний амьдарч байсан газараас холгуйхэн байх Далай Ламын Чойжингийн хийдэд тэр өдөр олон хун цугларчээ. Олон лам нар ирсэн ямар нэгэн ном уншиж байх юм. Тэгэхдээ бугд зогсоогоороо л ном уншаад байх. Тэгж байтал нэг хөгшин ламыг тэргэн дээр түрээд ороод ирлээ. Би ч дотроо энэ нөгөө Чойжин нь юм байх л гэж бодлоо. Тэгээд найз ламаасаа асуувал Чойжингийн хэлийг орчуулдаг орчуулагч нь юм гэнэ. Чойжин нь бол тэнгэрийн хэлээр ярьдаг юм байх. Тэр хэлийг нь мэдэх хүн байхгуй болохоор хэлийг нь сайтар судалсан хэлмэрч бас байдаг юм гэнэ.
Тэгж байсан чинь нөгөө удаан хулээлгэсэн Чойжин нь орж ирлээ. Сонин хээтэй хувцас өмссөн, дунд хэрийн насны хун гарч ирээд л нэг том сандал дээр суулаа.
Тэнд байсан лам нар номоо уншиж дуусаад нөгөө ламд чинь нэг их том малгай өмсуулчихлээ. Хоёр талаас нь малгайг нь түшээд зогсох юм. Их л хунд байгаа бололтой.
Тэгэээд  дахин ном уншлаа. Энэ удаад уншиж байгаа ном нь маш сонин, өөр ч аялгуутай юм шиг санагдлаа. Урьд нь олон л удаа Төвд ном сонсож байсан ч ийм аялгатайг нь сонсож байгаагуй юм.
Нилээд хугацаа өнгөрсний дараа нөгөө Чойжингийн чинь нүүр нь хөөгөөд л томроод ирдэг юм байна. Сайхан жужиглэж байна даа л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нүд ам нь мурилзаад сонин сонин болж байснаа  исгэрээд ч байгаа юм уу, яагаад ч байгаа юм мэдэхгүй нэг л сонин авиа гаргаж байснаа гэнэт босоод ёстой л дэвж гарлаа даа. Нөгөө толгойд нь багтахгуй байсан малгай нь ургачихсан юм болов уу л гэмээр наалдчихсан хөдөлгөөнд нь огт саад болохгуй байна”15 гэсэн нь дээр эшлэсэн “Шид хийгээд нууцсын тухайд” номонд өгүүлснээс огтхон ч зөрөхгүй байна.
Далай ламын дэргэдийн гүртэн 17 дахь үеийнх гэгддэг. Урьдын цагт Түвэд даяар хэдэн зуун ийм гүртэн байсан гэж Далай лам өөрөө бичсэн байна. Харин Монголд байдал ямар байсныг тоймлоход бэрх ч гэлээ энд тэнд гүртэн удамтан нэлээд байгагаас харахад бас л цөөнгүй байсан бололтой. Гэхдээ монголчууд тэнгэр шүтлэгээс ихэд хожуу салсан учраас гүртэнгийн үе үе удмын асуудал ч хожуу үед хамаарч мэдэхээр байна. Гэхдээ энд Монгол бөө мөргөл Түвэдийн шашинд нөлөөлж, Монгол нутагт эргэн нэвтрэхдээ Түвэдийнх мэт төөрөгдөл дагуулсан гэмээр сэжим буйг хойно тодорхой өгүүлье.
 Дээр өгүүлсэн Жамбал донир хэлэхдээ Бадруулт төрийн үед Маймаа хотын Цэрэндорж удирдаж Лувсанхайдавыг чойжинч болгосон гэсэн нь өмнө нь Монголд  төрийн хэмжээнд чойжин буулгах зан үйл  байгаагүйн нотолгоо ч байж мэднэ. Өдгөө музей болоод буй Чойжин ламын сүмийг 1904-1908 онуудад уран барилгач лам Омбо удирдан монголчууд өөрсдөө барьсан байдаг.
Өгүүллийн цээжинд дурдсан Чойндон гэхэд л 1895 оны орчим төрсөн бөгөөд  “гүртэн” Луузангийн ууган хүү, гуравдахь үеийн гүртэн  гэхээр он цагийн хувьд мөн л хоёр зуу хүрэхгүй жилийн тэртээгээс тэдний удамд гүртэн тодорсон болж таарна.
Монголын төр нэн эртнээс шашин шүтлэгийг өөртөө ашигласаар ирсэн уламжлалтай. Чингэс хааны үед бүх шашинд хүндэтгэлтэй хандаж байсан хэдий ч төрийн гол зан үйл, дайн байлдаан зэрэг чухал үйлнээ бөө мөргөлийг эрхэмлэж байсан нь хөдөлшгүй баримттай. Тэгээд ч төр, цэргийн эрхтэн дархтнууд дунд бөө олон, Чингэс хаан ч өөрөө тэнгэртэй харьцах увдистай нэгэн байсныг “Монголын нууц товчоо” болоод бусад эх сурвалжууд нотолдог. “Аравтын даргаас дээш цөм тэнгэрийн хэл мэдмүй” хэмээх үг ч үүний дам нотолгоо мэт санагддаг.
Энэ уламжлал хожмоо шарын шашинд орсон үед ч хадгалагдсан бөгөөд цэргийн жанжид догшин сахиустай харьцдаг, хутагт хувилгаад төрийн сайд болдог онцлог Богд хаант Монгол улсын үеийн томилгоо өргөмжлөлөөс харагддаг. Тухайлбал, Богд хаант Монгол улсын үеэс л алдар гавьяа нь түгсэн цэргийн жанжин Хатанбаатар Магсаржавыг чойжинч байсан гэдэг. Богд хаант Монгол улсын нутаг руу Хятадын хар цэрэг довтлоход Хатанбаатар Магсаржав цэрэг ахлан морджээ.
“Хатан баатар ван ганц үхэр буугаа шившиж буудсанд сум нь хятад цэргийн их буугийн амаар орж дэлбэрээд олон хятад цэргийг хядаж... Богд эндээс бичиг явуулжүхэр бууг “Жанжин буу” гэж цол өгөөд Хатанбаатар ванд гүн ван цол өгөөд одоо бууж ир гэж зарлиг буужээ... Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан”16 гэж нүдээр үзсэн амьд гэрчийн хуучилсныг их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн “Өвгөн Жамбалын яриа”-ндаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн баруун замын байлдаанд явж байхдаа Хатанбаатар ван чойжин буулгаж байсан тухай домог яриа олны дунд байдаг нь үнэний ортой байж мэдэхээр байна. 
Мөн Ардын засгийн газрын Ерөнхий сайд байсан Анандын Амар “17-26 насандаа чойжин байсан гэж өчиг өгч байжээ”17 гэсэн мэдээлэл ч бас байна. Энэ бүхэн нь төрийн үйлийг тэнгэр язгууртад, мөн тэнгэрийн “хэл мэддэг” хүмүүст даалган хариуцуулдаг эртний уламжлал хорьдугаар зууны эх хүртэл Монголд хадгалагдсаар байсныг харуулж байгаа хэрэг юм.

Ер нь махан бие, цусан зүрхэт хүмүүн бидний харж мэдэрдэг тэрхүү хязгаарын гадна орших ертөнцийн тухай мэдлэгийг эртний монголчууд тэнгэр шүтлэг, онго сахиусны тусламжтайгаар олж мэдэж, нартын амьдрал, төрийн үйлээ хүртэл түүнтэй уялдуулж чаддаг байсан нь өнөө улам бүр тодорхой болж байна. Монголчуудыг хэнд ч ялагдашгүй болгосон тэрхүү агуу чадварыг өөриймшүүлэх арга замыг Буддын шашинтнууд анх олж харсан нь тодорхой байгаа бөгөөд тэд монгол бөөгийн онго сахиустай харьцдаг, тэдний ивээл хамгаалалтыг авдаг арга техникийг судалж, тэр ч битгий хэл мөнөөх сахиусуудыг урхидан эрхэндээ оруулах, хулгайлах зэрэг олон арга хэрэглэж байжээ. Далд ертөнцийн энэхүү тулаанд түвэдүүд ялснаар гүртэн чойжин бий болсон гэж дүгнэх үндэс байгаа юм.


Нийтийн тооллын VIII зууны үед монголчуудын номын их сахиусыг түвэдүүд нутагтаа хулууж аваачин тахиж, ивээл ачлалыг нь хүртэх болсон бөгөөд мөнөөх сахиус нь 1544 онд л анх удаа хүний биед буусан, тэр гүртэнгийн нэр нь Лувсанбалдан гэдэг болох  нь түүх сударт тов тодорхой тэмдэглэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл монголчууд бөөлөөд буулгачихдаг байсан сахиусыг түвэдүүд ийнхүү гүртэнгийн биед Буддын шашны уншлага тарнийн аргаар оршоож сурсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн сахиус өөрөө таалаагүй тохиолдолд биелшгүй зүйл бөгөөд түвэдүүд урт удаан хугацаанд догшин сахиусыг аргадаж, өөриймшүүлж чадсанаар ийнхүү чойжин буулгах хэмээх нэгэн гайхамшгийг бий болгож чаджээ гэмээр байна.
Далай ламын дэргэд одоо байгаа гүртэн Түвдэнготов бээр “Гүртэнгийн чойжин буух үедээ өмсдөг өмсгөл нь бэлгэдлийн нарийн утга учиртай... Гутлыг монгол гутлын загвараар бүтээсэн нь Пехар бурхны үүсэл гарлыг сануулж буй мэт”18 гэсэн нь мөнөөх монгол сахиусыг хэлж буй хэрэг билээ.
Түвдэнготов гүртэн нь 1957 онд төрсөн, 1987 оноос Далай ламын чойжингоор тодорсон нэгэн бөгөөд 1990 онд Улаанбаатарт болсон Азийн буддистуудын бага хуралд оролцож байжээ. Дараа нь 2008 оны зун дахин ирж Отгонтэнгэр ууланд очжээ. Тэр тухайгаа “Тэнд Түвэдийн цэргийн хүчин Пехар бурхны “сүлд оршигч”-ийг олж авсан бөгөөд тэр дотор бурхны арьсан баг байсан гэдэг... Тэнд би залбирал үйлдэж тахил өргөв”19 гэж Түвдэнготов гүртэн номондоо өгүүлсэн байна.
Энд өгүүлэн буй Pe har бурхан нь асар хүчтэй хамгаалагч тэнгэр бөгөөд Нэйчүн хийдийн Дорж дагдан сахиус нь түүний өмнөөс “бие төлөөлөгч” болон буудаг гэнэ. Монгол бөөгийн том тэнгэрүүд нартын оронд өөрөө буухгүй, өмнөөсөө элч зараал илгээдэгтэй энэ нь адилхан байна.




Эх сурвалжууд:
1. Д.Дамбажав “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн
    дээж” тайлбар толь бичиг. Тал-1003.
2. Мөн ном. Тал-483.
3. Г.Хандхүү "Зүүдэнд ч ороогүй тавилан", 2008. Тал-142-145.
4. Мөн тэнд
5. Мөн тэнд
6. Ш.Содномжамц “Далд түүхийн ил хуудас” УБ., 2011. Тал-214.
7. О.Дүгэрсүрэн “Уугуул түмний минь удмын бахархал” Эрдэнэт., 2006.
    Тал-157-158.            
8. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд” (Оточ
    Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011. Тал-15.
9. Мөн ном. Тал-16.
10. Мөн ном. Тал-18.
11. Мөн ном. Тал-19.
12. Б.Галаарид.”Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” УБ., 2010. Тал-100.
13. “Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна”
 ярилцлага. “Гэрэлт Цалиг” сонин. 2010.01.21. №03 (34).
14. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд”
      (Оточ Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011. Тал-20.
15.  www.temuujin-miniiblog.blogspot.com
16. Эмхэтгэгч Х.Сампилдэндэв “Монгол хууч ярианы дээж” УБ., 2003.
      Тал-82.
17. Дээрхийн гэгээн Далай лам “Шид хийгээд нууцсын тухайд” (Оточ овогт
      Д.Төмөртогоогийн орчуулга). УБ., 2011.  Тал-72.
18. Түвдэн Готов “Би Далай ламын чойжин” УБ., 2011. Тал-165.
19. Мөн ном.Тал-186-187.
2012.03 сар

Thursday, November 18, 2010

Зайран Ч.Чингис: Эмэгтэй хүн л түүнийг алаад өг, хараагаад өг гэж гуйдаг юм


Ярилцсан Б.Галаарид

"Гэрэлт Цалиг" №40(71). 2010 оны 11-р сар.

Дархад зайран Чулууны Чингисийг “Гэрэлт Цалиг” танилцуулж байна. Тэрээр олны танил Ч.Чинбат зайрангийн төрсөн ах нь бөгөөд онго тэнгэртэйгээ холбогдоод 20 гаруй жил болж байгаа нэгэн. Манай сурвалжлагч түүнтэй уулзаж бөө болсон түүх, монгол бөөгийн өнөөгийн дүр төрхийн талаар яриа өрнүүлжээ.

-Та жинхэнэ дархад бөө мөн үү? Ийм хачин асуулт тавьсныг минь өршөөгөөрэй. Яагаад гэвэл би Хөвсгөлийнх, би дархад гэж айлгах гээд ч байгаа юм шиг, анхааруулах гээд ч байгаа юм шиг ярьдаг бөө нар сүүлийн үед олон болчихоод байна л даа.
-Би Хөвсгөлийн Рэнчинлхүмбэд төрсөн. Дөрвөн сартайдаа Улаан-уул суманд ирсэн юм гэнэ лээ. Гуравдугаар ангид байхад минь манайх Алаг-Эрдэнэ сумандшилжин ирж, тэндээ сургууль дүүргэсэн дээ. Аав ээжийн аль аль тал нь бөөгийн удамтай. Би гэхэд Дэлдэн удганы өвөр дээр ганц хоёр жил эрхэлсэн хувьтай үр. Өвөөгийн минь ээж нь. Бөө мэддэг хүмүүс Цэвэл удган гэхээр анддаггүй юм. Хар ногоон өнгийн сарлагийн зурагтай чихэр, мушгиа боов хоёроор намайг мөн ч их эрхлүүлсэн дээ, хөөрхий. Равдан дарханы авгай, Цэвэл чавганц гэдэг байлаа.
-Анх яаж бөө болсон бэ? Одооны бөө нарыг харахад мөн ч их хөл болж байж нэг юм ёсоо гүйцээх юм. Уг нь дархадууд их хялбархан, хөнгөхөн босгодог юм шиг байдаг...
-Эхлээд 1987 онд гэнэтхэн элийрч балайрдаг юм. Тэгэхэд би Цагааннуур суманд ой, ан хамгаалах байгаль орчны байцаагч хийж байсан юм. Нөгөө мундаг байцаагч чинь сураар чулуу баглаад үүрчихсэн, сумын дэлгүүр дотор цохиж явбал яахав? Бөөгийн өвчнөөр өвдсөн нь тэр юм байж. Алс бөглүү газар тулдаа л болсон байх. Түүнээс биш төв суурин газар байсан бол галзуурчихлаа гээд Шар хаданд хэвтүүлж, хэд хүчтэй тариад л ноомойлгож авна биз дээ. Бас ч гэж бөөтэй газар гэдэг чинь учиртай. Энэ бөө болох нөхөр л манаргаж явна гэдгийг мэдэлгүй дээ. Хойтон нь Улаан-Уул суманд Цэгмид удган дээр очлоо.
-Цэгмэд удган гэдэг чинь Чинбат зайрангийн багш мөн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Тэр үед чинь юм их тодорхой байлаа. Бөө гэхэд цаатнууд дунд Гомбохүү зайран, Баянзүрхэд Балжир удган, Улаан-Уулд манай багш гурав л байлаа шүү дээ. Багшийнх маань тэгэхэд Ушгидай гэдэг газар байсан юм даг. Хуур татаж явган бөөлөөд л холбож өгсөн. Уулын орой дээр их гал түлж байгаад бөөлж ибилээ. Нэг хуур амилуулж өгөөд “Үүнийг татаж бай” гэсэн.
-Уг мөшгөх, дуудлага хэлэх, хувцас хуяг амилуулах зэрэг зан үйл хийгээгүй гэж үү?
- Дархадын бөө холбох ёс их энгийн. Онгодонд чинь мэдүүлж таниулаад л орхино. Чи үнэхээр сайн бөө юм бол аандаа л учраа олоод, хүчээ аваад босоод ирнэ. Чадахгүй бол хохь чинь. Шударга байгаа биз дээ? Байгалийн шалгарлын хууль үйлчилдэг гэж хэлж болно.
- Анх ямар засал хийв? Бөө болсон гэдгээ мэдэрсэн үе чинь хэдийнээс вэ?
-1993 онд юм байна. Цэгмид удган намайг дуудуулжээ. Мөрөнд нэгдүгээр хороонд байсан юм. Шар ахаар замчлуулж очлоо. Шар ах гэдэг маань багшийн төрсөн хүү, одоо Улаанбаатарт байгаа зайран Чулуунбаатар шүү дээ. Гэтэл намайг айлд очиж хүүхдийнх нь хөлсөөг гарга гэнэ. Хөлсөөг нь гаргалаа, хүүхэд ч зүгээр боллоо. Ямар ч байсан болсон. Тэгэхэд миний онгод хэл ороогүй байсан юм.
-Хэлгүй байсан гэнэ ээ? Тэгээд хэзээ яаж хэл оров?
-Аяандаа л тэгж байгаад хэл орсон. Эхлээд “Гоолингоо” дууны үгийг зүүдэлдэг юм. Тэр дууг чинь би мэдэхгүй шүү дээ. Нэг шөнө унтаж байтал л “Арван түмэн адуун сүрэг...” гээд үг нь ороод ирсэн. Ямар ч үгийн зөрөөгүй зүүдлэгдсэн байсан. Энэ бол хэл орох дохио байсан юм билээ.
-Яг тамлага дуудлагаа хэлж орж ирсэн нь хэзээ вэ?
-Хуур татаж байхад янз бүр л болдог байлаа. Хэдийд гэдгийг нь санахгүй байна. Нэг удаа “Ар Тагныг дэрлэж төрсөн
Арцтай ногоон тайгыг тэвээлж өссөн бие минь...” гээд л ороод ирсэн.
Дархадыг өнөр өтгөн байхад
Даалимбыг найман амтай байхад
Бургалтай, Зөөлөн хоёрыг цам майдартай байхад
Буян, Содном тэргүүтнийг отго жинстэй байхад
Өвөр зөөлөн биеийг харж л амилахаар
Өргөн алаг Шишгэдээс салж л нүүж билээв гээд гарчихдаг юм.
-Бургалтай, Зөөлөн гэдэг нь хүрээ хийд бололтой. Буян, Содном гэдэг нь хэн бэ?
-Зөөлөнгийн хийд гэдэг нь Рэнчинлхүмбэд байсан юм билээ. Бургалтай нь хаа байсныг мэдэхгүй. Буян, Содном гэдэг нэрийг ч мөшгөж сонирхоогүй орхисон.
-Ямартай ч Дархдын хотгорт шарын шашин нэвтэрсэн, монгол хүний нэр ус төвд болсон, ноёд баяд манж ёсоор отго жинстэй болсон үеийн онго байх нь ээ.
-Тэгж таарч байгаа юм. 18-19 дүгээр зууны үеийнх л байх. Одоо ч гэсэн үе үе орж ирж л байдаг юм. Ер нь тэгээд онго тэнгэрүүд гэдэг чинь цэцэн цэлмэг ч гэж бэрх шүү дээ. Жишээ нь, “Оч бадарсан манант хар үүлнээс
Олон онгод зорчсон
Огторгуйн гүн хязгаараас...” тэгж тэгж, ингэж ингэж ирлээ гээд л бууж байх нь ч бахадмаар шүү. Энгийн цагт намайг тэгж мөр толгой холбоод хэлээдэх гэвэл барах уу даа? Би ч бас хэлэмгий доломгой л хүн, гэхдээ ингэтэл уран цэцэн хэлж яавч барахгүй ээ.
- Бөө болгон ямар нэг үйлд илүү гаршсан, илүү сайн байх нь бараг зүй тогтол гэмээр ажиглагддаг. Өөрийн чинь хувьд ямар үйлэнд илүү сайн бэ? Энийг л би нэг чадна даа гэж бардам хэлэх зүйл юу байна?
-Нялхсын үйлд бол ер нь сайн шүү. Хөлссөн цочсон, гэмтсэн сэвтсэн гээд нялх хүүхдийн засалд сайн сайн. Тэгэхдээ миний сайных биш, онгодын сайных шүү. Би өөрийгөө магтаагүй, онго тэнгэрүүдээрээ бахдаж байна. Ер нь нялхсыг цааш нь алдсан удаагүй.
Хоёрт гэвэл, хилс хэргээр шорон оронд суусан хүний асуудлыг наашлуулахдаа сайн. Харин яалтгүй өөрийн буруугаар шоронд орсон хүнийг бол барахгүй юм билээ. Саваагүйтэж бас үзэж л явлаа. Ер нь онго тэнгэрүүд чинь шударга үнэний талд бат зогсдог, худал хуурмагийг үздэггүй юм шүү дээ.
Гуравт, онго тэнгэртэй хүнд хөтөч болж, угийн их тэнгэртэй нь уулзуулж таниулж өгөхийг бол хийж болж байна аа. Тэгэхдээ хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг бол зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Тэрнээс биш огтоос онго тэнгэргүй мөртөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө л болмоор байн гэх хүн таарч л байдаг юм. Нэг удаа саваагүйтэж хийж үзсэн болж л байна лээ. Гэхдээ ар нь хатуу. Хүсэх юм биш. Бусад олон бөөг ч гэсэн тийм нүгэл битгий үйлдээрэй гэж захья. Эзэнгүй сүнсэндээ ч муу, энэ биеэ өгч байгаа хүндээ ч муу, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Тэгж давхар давхар нүгэл хийгээд яахав. Сураг сонсоход ийм төрлийн үйлээр дагнасан улс ч байгаа юм шиг. Ээ дээ, тэсгүй шүү. Эртхэн наад нүгэлт үйлээ зогсоо гэж хэлмээр байна.
-Бөө болох ёстой хүнийг хүнийх нь хувьд шинжиж, атаач жөтөөч, хонзогнуур, хөнгөн гоомой хүнийг бол онго тэнгэрт нь учир мэдүүлэн давуулах, дараа үе рүү нь шилжүүлэх зэрэг зан үйлүүд орхигдоод байна уу даа гэж бодогдох юм. Бөө болох хүнийг нь шинжих нь бүү хэл, бөөд хамаагүй хүнийг ч гэсэн бөө болгож хэдэн төгрөг салгах гээд л уралдаад байх шиг...
-Тийм тал ажиглагдаж байна аа. Таарсан хүн бүрийг холбож болохгүй ээ. Ялангуяа эмэгтэй хүнийг их нарийн шинжиж байж бөө болгохгүй бол хэцүү. Хүнд хараал хийгээд өгөөч, алаад өгөөч гэж эмэгтэй хүн л гуйж ирдэг юм. Өдий олон жил бөөлөхдөө тэгж хэлж ирсэн нэг ч эр хүнтэй таараагүй. Харин эмэгтэй хүн бол зөндөө. Яасан ч муухай хор хонзон, ямар ч хүчтэй үзэн ядалт тээж явдаг юм бэ дээ, эмэгтэй хүн гэдэг. Эм хүний язгуур чанарт нь ийм зан байдаг учраас манай ард түмэн “Эм хүний ухаан богино, үс урт” гэж хэлсэн болохоос одоо яриад байгаа шиг дорд үзэж ялгасан хэрэг биш юм шиг байна. Үзсэн ном, сурсан сургуулиараа хэнээс ч давахаар эмэгтэй хүнээс хүртэл тийм үзэн ядалт, өс саналт гардаг л юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг хатуу зөөлний хоёр туйл ч юм шиг. Гэтэл үр хүүхдэдээ хамгийн ойр байж, зааж сургадаг нь эмэгтэйчүүд гэж бодохоор бидний ирээдүй мөн ч харанхуй байна аа. Айн?
Мэдээж нүгэл буяны ялгаа заагийг олж таньсан, гэгээрч ухаарсан эмэгтэйчүүд бий л дээ. Харамсалтай нь тэд даанч цөөхөн.
-Эрхи зүүснийг нь харахаар лам мэт, толь зүүснийг нь харахаар бөө мэт хүмүүс олон байх юм. Хийж байгаа зан үйл нь ч гэсэн холимог саармаг. Тэр талаар та юу бодож явдаг вэ?
-Лам ч биш, бөө ч биш нөхөд олон байна. Бөө юм уу гээд үзэхээр онгодгүй, чойжин юм уу гэхээр буултгүй хэцүү л улс харагддаг. Бид хэдийгээр ах дүүгээрээ бөө ч гэсэн ламаар хийлгэх засал байж л байдаг. Өвөө маань лам байсан. Өвөөгийн минь ээж удган байсан. Тэглээ гээд бид бөөгийн онгодын хүчээр лам өвөөгийнхөө сүнсийг дуудаад, өөрсдөө лам удамтай гэж эрхи зүүгээд явахгүй л байна. Харин ном судрыг нь лам залж тоослуулаад, бурхан шүтээнийг нь дээдлэх ёстой улс нь залаад л явдаг. Юманд чинь зааг ялгаа байдаг. Лам нь ламаараа, бөө нь бөөгөөрөө л баймаар байна.
-За, хоёулаа бөөгийн тухай баахан ярилаа. Энэ сэдвийг орхиод Чингис гэдэг хувь хүний тухай бяцхан тодотгол хийе. Өөрөө дөрвөн төрлөөр спортын мастер болсон бас нэг өвөрмөц амжилттай хүн. Тийм хүн Монголд өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэр талаараа яриач.
-Хэрэг байна уу даа. Өөрийгөө магтсан болох вий. Аравдугаар ангийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн төрлөөр спортын мастерын болзол хангасан. 1987 онд тэшүүрийн улсын аваргын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж спортын мастер болсон. 1988 онд цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байрт орж энэ төрлөөрөө спортын мастер болсон. Ингэж спортын гурван төрлөөр мастер хийсэн юм. Харин дөрөвдэх буюу олон улсын хэмжээний мачтер цолоо ыөхөөр авсан. Самбо, жудо-гоор нэлээд үзсэн. Даанч 60 кг-ын жинд тэр үед Баттулга мулга гээд дэлхийн аваргууд байгаад гарч улсад түрүүлж чадаагүй. Гэхдээ олон улсын хэмжээний мастер болсоон, хөөрхий.
Шинэ цэрэг байхдаа улсын наадамд гурав давж байлаа. 60 кг-ын жижигхэн биетэй хүнд бол чамлахааргүй амжилт. Цэргээс очсон жил сумын наадмын засуул өвгөн “Цэргийн хүүхдийн хөл нь чанга байдаг юм” гэж хэлээд чирч аваачаад барилдуултал үзүүрлээд начин болчтхдог юм. Дээд тал нь улсын цолтныг давж, доод тал нь сумын наадмын нэгийн даваанд зургадугаар ангийн хүүхдэд унаж байж дээ.
-Одоо та хаана амьдарч, юу хийж байна? Холбоо яаж барих вэ?
-Улаанбаатарын иргэн болоод хэдэн жил болж байна. Чингэлтэй хайрхан уулынхаа суга цээжинд нөмөрдөж, ээл ивээлд нь багтаж амьдардаг даа. Зовлонтны зовлонг нимгэлж, золтны хийморийг нэмэх энэхэн насны үйлд онго тэнгэрийн зараалаар зүтгэж л байна, хөөрхий. Надтай 9601-1936 тоот утсаар холбогдож болно.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Thursday, September 23, 2010

Замчид найдсан заяач хөөрхий

Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин. 2010.09.23)

Бөө болох ёстой хүнийг онготой нь холбогч багш буюу замчийн тухай өгүүлэхийн өмнө нэгэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна.
Бөө мөргөлийн тухай аливаа мэдээлэл нь тухайн цаг үед онгодоор дамжуулан өгөгдөж буй түвшинд л эргэлдэх бөгөөд илүү ихийг гүнзгийрүүлэн ухах, нягтлах боломжгүй байдаг. Жишээ нь, одоогоос арав хорин жилийн өмнө өгч байсан мэдээлэл өнөөгийнхтэй жишихэд харьцангуй энгийн түвшний, тэгээд ч бүдэг бадаг байлаа. Тэр мэдээллийн хэмжээнд бөөгийн ертөнцийг төсөөлж дүгнэлт хийх нь ихээхэн эрсдэлтэй алхам байсныг цаг хугацаа харуулж байна. Өнөөдөр бол нэлээд дээд түвшнээс мэдээлэл авах боломж бүрдсэн тул цаг хугацааны уртад хувирч өөрчлөгдөхгүй байх магадлалтай зүйлийн талаар л би зориглон дуугарч байгаа болохоос эргэлзээ төрүүлсэн, нягталбаас зохих зүйлсийг ер хөндөхгүйг хичээж байна. Гэхдээ ирээдүйд ичиглэхээс эмээн мэдсэн сонссоноо хав даран дуугүй суух нь бас гэм буруутан болохын нэгэн язгуур мөний учир төөрч будилж яваа нэгэнд тус болуужин хэмээн цуврал нийтлэл тэрлэж байгаагийн энэ удаагийнх нь багш буюу замчийн тухай болой.
Бөөгийн багш гэж хэн бэ? “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг олон жилийн дадлага туршлагатай бөөг багш бөө гэнэ”1 хэмээн манай нэртэй судлаач О.Пүрэв эрхэм тодорхойлжээ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ”2 гэж нэрт түүхч Ч.Далай “Монголын бөө мөргөлийн түүх” гэдэг алдарт бүтээлдээ бичжээ.
Аль аль нь тухайн цаг үедээ зөв боловч эдүгээ хуучирсан тодорхойлолт юм. “Харанхуйн орон хэмээгч үл үзэгдэгч орчноор шавийгаа дагуулан ид шидийн хүчийг хэрэглэн зорчих замыг заан дасгалжуулдаг” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулъя. Харанхуйн орон гэдэг ойлголт маань гэхэд онго сүнснүүд оршдог нэг л орны нэр бөгөөд зэрэг дэвээсээ хамаарч оршдог суудаг газар нь өөр өөр гэдэг нь одоо тодорхой болоод байна. Ид шид хэмээх үг маань эсрэг утгат үгс бөгөөд ид нь сайн эрдмийг, шид нь муу эрдмийг нэрлэдэг болохыг эртний нэгэн онго молхи бичээч надад учирлаж, бичсэн номын минь нэрийг шүүмжилсэн билээ. Хар цагаан, сайн муу, гэрэл сүүдэр гэхчлэн хоршуулж харьцуулж хэрэглэдгийн нэг адилаар ид шид хэмээснийг бид анзааралгүй өдий хүрчээ. Зүй нь багшлаач нь ид бахыг үзүүлэн шавиа замчлах ёстой юмсанж. “Шидийг үзүүлж шилээвэр үлээх” гэдэг саар мууг илэрхийлсэн хэллэг байдаг нь шидийн мөн чанарыг эндүүрээд байгааг хэлээд л байна даа. “Дасгалжуулах” гэдгийн тухайд мөн л шүүмжлэх юм гарч байна. Бөө бол тамирчин биш. Түүнийг дасгалжуулах хэрэг байхгүй. Угийн юмтайгаа зөв сайн холбогдсон бөөг онго нь хөтөлж залаад явчихдаг. Энэ талаар дор дэлгэрэнгүй өгүүлнэ.
“Бөө удган болох нь санааны зоргоор шийдэгдэх асуудал биш бөгөөд ихээхэн бэлтгэл хийж, ахмад бөөдөө шалгуулан тэдний зөвшөөрлийн дагуу бөө, удган нэр хүртэнэ” гэсэн Ч.Далай докторын үгэнд ч бас тухайн цаг үеийн мэдлэг мэдээллээс улбаатай андуу эндүү байна. Ахмад бөө нь залуу бөөд бөө гэж өөрийгөө нэрлэх зөвшөөрөл өгдөг, үүний тулд шалгалт авдаг гэж ойлгогдож байна. Уг нь багш бөө нь замчлах, угийг нь холбож өгөх л үүрэгтэй. Тухайн хүнд онго суулгаж чадах эсэх нь нэг талаас багшийн чадвар, нөгөө талаас бөө болох гэж байгаа хүнээс өөрөөс нь ихээхэн хамаардаг зүйл. Энд эргэж нягтлах асуудал бий ч шалгалт шүүлэг авна хэмээн махчлан ойлгож болохгүй. Бөөд замчлахаас багшилдаггүй, замчилж өгсөн хүний ачийг үргэлж санаж, хүндлэх ёстой болохоос багш шавь гэж үргэлж хэлхэлдэж явдаггүй гэж гэж эртний сайхан онгууд сургаж байгаа нь багшлах нэрээр шавь сургалт мэт юм зохион байгуулдаггүй, өнөө хийгээд байгаа элдвийн хүндрэлтэй үйлүүд байхгүй байсныг харуулж байна.
“Монгол харын бөөгийн ёсонд бөө болгоно гэж онош тавиулсан хүнийг бөө нарын дүрсэлдэг “харанхуйн орноор” дагуулж газарчлан явах зан үйлийг бөөгийн зам заах ёс гэдэг”3 гэсэн О.Пүрэв докторын тайлбар ч мөн л өрөөсгөл юм. Замчлах үйлийн нэгээхэн хэсэг нь л харанхуйн орноор дагуулах явдал юм. Тэгэхээр замчлах гэдэг нь бөө болох ёстой хүний уг гарвалыг тодруулахаас эхлээд хувцас хэрэглэлийг нь бэлдүүлэх, онготой нь учруулж, биед нь суулгах хүртэлх харьцангуй өргөн утгыг агуулна.
Монгол хэлний тайлбар тольд “Замч(ин) 1.Зам заагч 2.Зам засагч; Замчлах- зам зааж, бусдыг удирдан дагуулан явах; Замчлуулах- бусдаар зам заалгах, зам хөтлүүлэх”4 гэснээс үзвэл замч гэдэг бол замыг нь заадаг, чигийг нь гаргадаг хүн болохоос багш биш аж. Угаасаа онго болгон өөрийн гэсэн эрдэм чадалтай байдаг, түүнийгээ улаачаар дамжин буухдаа гаргадаг учраас улаачид багшилж, юм заана гэдэг нь илүүц, зарим тохиолдолд харш юм.
О.Пүрэв доктор зам заах ёсыг гурван үе шаттайгаар явуулдаг, долоон шөнө багш нь шавиа дэргэдээ нөмгөнөөр суулгаж бөөлөөд бие сэтгэлд нь өөрчлөлт орохгүй бол түүнийг бөө болохгүй хүн гэж үздэг гэж цааш өгүүлсэн нь ч үнэнд нийцэхгүй, зарим утгаараа ихээхэн буруу харш байна.
Угаа барьж бөө болж буй хүнийг эрт үед ихэвчлэн заяач гэдэг байж. Энэ нь бөө болох заяатай төрсөн, бөө болохоор заяасан хүн гэсэн утга агуулдаг байсан бололтой. Заяач гэдэг үгийн энэ утгыг өнөө хүртэл бөө судлаачид судалгааны эргэлтэд оруулаагүй байгаа нь “Заяач хэмээх үг монгол хэлнээ: 1.Заяач тэнгэр 2.Заяач хэмээх буумал шүтээн 3.Заяач хэмээх дүрс онгод буюу эмгэлж гэсэн гурван утгатай”5 гэснээс тодорхой байна.
Энэ мэтээр нэр томъёо, ойлголтын зөрүү ихээхэн байгаагийн зэрэгцээ замч хүний үүрэг нь юу болохыг тодорхой мэдэхгүй, эсвэл ашиг хонжоо харж санаатайгаар гуйвуулсны улмаас заяачид замчлах зан үйл энэ цагт ихээхэн ээдрээтэй, эргэлзээтэй болоод байна.
Зөв сайн бөө нар хүний уг гарвалыг тодруулахдаа аль болох сэрээж босголгүйгээр алсаас танддаг. Эцэг эхийн аль талаас хэд дэх үеийн ямар онго болох, хэрхэн бөөлдөг, ямар хувцас хэрэглэлтэй, ямархуу хүч чадалтай байсныг нь хүчтэй сайн бөө бол заавал дуудаж сэрээлгүйгээр тандан хэлж чаддаг. Зарим онго хар муу үйл хийдэг хатуу догшин байх юм бол сэрээлгүй өнгөрөөх арга зам хайдаг. Мөн улаач заяач нь овилгогүй, явдал мөр буруу, сэтгэл санаа хар бараан бол аль болох холбохоос зайлсхийдэг. Аль ч тохиолдолд хожмын үр дагавар нь сөрөг муу учраас чингэдэг болой.
Гэтэл сүүлийн үед зарим бөө тэнгэрээс тэмдэгтэй бөө болох хүмүүнийг угийн их онготой нь уулзуулж замчлахын оронд амар хялбарыг бодож тийрэн хөллүүлж босгон өөрийгөө ч ялд унаган, өрөөлийг ч зовлонд умбуулдаг болжээ.
Төсөрхөн нэгэн улаач надтай уулзан энэ талаар олон түмэнд дуулгаж өгөөч гээд өөрийн нүдээр харсан зүйлээ ярьж өгсөн юм. Багш нь нэгэн шинэ шавийнхаа онгыг босгож өгөхөөр болжээ. Энэ зан үйлээ хээр хөдөө хийхээр болж хамаг л шавь нараа дагуулан бараа өүртэй нь аргагүй явж гэнэ. Шинээр бөө болох гэж байгаа залуухан охины аав ээж ч хөл хөөр болж, ах дүү, амраг саднаа бүгдийг нь дагууллаа. Идэж уух, өгөх өргөхөд гар татсангүй. Гэтэл багш нь харсаар байтал хөөрхий охиныг тийрэнтүүлчихэв. Ах дүүс нь мэдсэн шинжгүй “Онго орлоо” гээд л сүйд. Арай шударга, зоригтой шавь нар нь “Багш аа, та яаж байгаа юм бэ? Тийрэнтүүлчихлээ шүү дээ” гэтэл “Чимээгүй чимээгүй. Хоёр жилдээ л гангарна” гэж хэлээд инээжээ.
Мөн “Хүний угийг нь мөшгөх гэж зовж байснаас тийрэн хөллүүлчих нь амар юм” гэж нэлээд туршлагатай гэгдэх хоёр бөө хоорондоо ярилцаж байхыг нь сонсчихоод ухаан алдах шахсан тухайгаа нэгэн зайран ярьж байв.
Хүний биед орсон ад тийрэн заримдаа авсаар танигддаггүй, хэсэгтээ л ил далдыг хэлж, эмнэж домнож, арга засал хийдэг учраас хүмүүс онго байна, өвөг дээдэс минь бууж байна гэж эндүүрдэг. Тэгвэл өнөө цагийн өнгө мөнгөнд автсан бөө нэртүүд заяачид замчлахын оронд ад тийрэн босгож, өөрсдөө эгээ л тийрэн лүгээ адил загнах аж.
Ингэж буруу үйл хийсэн бөө яахав үйлийн үрээ хэзээ нэгэн цагт үүрнэ. Тэнгэрийн гэсгээлээс зайлж чадахгүй. Хамгийн өрөвдмөөр нь замчид найдсан заяач болоод түүний эргэн тойрныхон. Өвөг дээдэстэйгээ учирна, удмын алтан хэлхээгээ сэргээнэ хэмээн хөөрч баярласан тэднийг мэдэхгүйг нь далимдуулан ад зэтгэр, алив муу бүхэнтэй холбож өгнө гэдэг үнэхээр аймшиг. Хэдэн халтар төгрөгний төлөө ийм нүгэл үйлдэж байгаа бөө нэртүүдийг орчин цагийн муур багш гэвээс зохилтой. Муур багш шавь оготнуудаа нэг нэгээр нь зооглодог бол ухвар мөчид бөө нар холбосны хөлс хэмээх хэдэн халтар төгрөгнийхөө төлөө гэмгүй нэгнийг гал голомтоор нь, ахан дүүсээр нь ад тийрэнгийн идэш болгож байна. Хүний итгэл сэтгэлээр тоглосон, онго тэнгэрээр тоглосон, бөөгийн ертөнцийн хатуу зан үйлээр даажигнасан, муу зүгийн сүнс сүүдэр амилуулсан гээд давхар давхар ялд унаж буйгаа мэдсээр атал шунал гэдэг, мөнгөнд хордсон сэтгэл гэдэг хүчтэй байдаг аж.
Мөн өрөөлийн онгыг хулуух булаах, бие биедээ нааж өгөх, энд тэндхийн тэнэмэл босгож элдэв зан үйлд зараал болгох зэргээр байж болшгүй нүгэл хурааж байгаа бөө нар өнөө чадаж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ наана хэлэхэд онгодын зэрэг дэвээ бууруулж, чадал чансаагүй болох, цаанадаж өөрийн болоод ураг төрлийн халуун амиар наадах хатуу гэсгээл рүү өөрсдийгөө чирч буйгаа эртхэн ухаарч ойлгоосой.
1. О.Пүрэв “Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар толь” УБ.,2003.17 дахь тал
2. Ч.Далай “Монголын бөө мөргөлийн түүх” УБ., 2009. 94 дэх тал.
3. О.Пүрэв “Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар толь” УБ.,2003.25 дахь тал
4. И.Дамбажав “Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж” монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг. УБ., 2010. 761 дэх тал.
5. Ш.Сүхбат “Монгол бөө” Дэлгэрэнгүй толь III. УБ., 2010. 111 дэх тал.
2010.09.21.

Saturday, September 18, 2010

Уншигчдадаа хүргэх үг

Б.Галаарид “Гэрэлт Цалиг” сонины эрхлэгч
Гэгээн сонин-“Гэрэлт Цалиг”-ийн уншигч эрхэм Таны амгаланг айлтгая. Манай сонин мэндлээд хоёр жил боллоо. Үүний нэг бүтэн оныг үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинтой хамт үджээ. Өдөр тутмын сонинууд дундаа уншигч захиалагчийн тоогоор аман хүзүүддэг “Зууны мэдээ” сонины хамт олондоо ч, манай хавсралтын алдаа оноог хэлж, алхаа гишгээг тэгшилж ирсэн эрхэм уншигч Танд ч баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ хэлье.
“Гэрэлт Цалиг” энэ удаагийн хэвлэл захиалгаас эхлэн бие дааж байна. Сонин маань нүүрнийхээ тоог нэмж 8 болгон, арав хоногт нэг удаа өнгөтөөр хэвлэгдэх юм. Улиралд 9 дугаар гарна. Улирлын захиалгын үнэ 5000 төгрөг. Энэ бол өнгөт сонины хувьд маш хямд үнэ. Бид мэдлэг түгээх буянт үйлийг нэгд тавьж, ашиг олзны хойноос хөөцөлдөөгүй тул ийм хямд үнэ санал болгож буй юм. Та “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан” компаниудаар дамжуулан манай сониныг захиалаарай.
Ирэх улиралд бид гоц мэдрэхүйтэн Илья Чусовын номыг үргэлжлүүлэн цувралаар хүргэнэ. Гоц мэдрэхүйтний гарын авлага болсон энэ номноос Та өөртөө хэрэгтэй маш их зүйлийг олж чадна гэдгийг амлая.
Уламжлал ёсоор шинжлэх ухаан, танин мэдэхүйн булангуудаараа хамгийн шинэлэг, сонин содон, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэнэ. Түүхийн булангаараа монголчуудын өвөг түүхийн төдийлөн олонд хүрээгүй нарийн нандин бүхнийг дэлгэх болно.
Гоц үзэгдэл судлаачдын цоо шинэхэн бүтээлүүд манай сонины хуудаснаас л анх Тантай мэндэлнэ.
Б.Галаарид миний бие ид шид, гоц мэдрэхүй, далд ертөнцийн сэдэвт нийтлэлүүдээрээ дугаар алгасахгүй тантай уулзаж, сонирхсон захиалсан сэдвээр тань бичих болно. Мөн далд ертөнц, гоц үзэгдэл, бөө мөргөлийн талаар бичсэн нийтлэлүүдээ сорчлон багцалж хавтасласан “Далд ертөнцийн ил үнэн” хэмээх цоо шинэ номоо дөрөвдүгээр улиралд “Гэрэлт Цалиг” сониныг захиалсан хүн бүрт бэлэглэхээр зэхэж буйгаа уламжлахад таатай байна. Энэ номыг зөвхөн захиалагчдадаа бэлэглэх бөгөөд худалдаанд гаргахгүй юм.
Өнөөгийн хамгийн анхаарал татсан асуудлын нэг бөө мөргөлийн талаар үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг Та “Гэрэлт Цалиг”-аас өөр хаанаас ч олохгүй л болов уу.
Монгол орны өнцөг булан бүрт буй гоц чадвартнуудтай бид Таныг эчнээ уулзуулж, увдис чадал, ухаарал гэгээрлийнх нь талаар өгүүлэх болно.
“Гэрэлт Цалиг”-ийн мэдээ материал хугацаа алдан хуучирдаггүй, ач холбогдлоо алдан хэрэггүй болдоггүй, үнэ цэнэтэй гэдгээрээ онцлог билээ.
Та бүхэн харьяа шуудангийн салбарууд дээрээ очиж “Гэрэлт Цалиг” сониноо захиалаарай.

Friday, July 16, 2010

Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд

Б.Галаарид (Гоц үзэгдэл судлаач)

Ад зэтгэрийн тухай яриа аль ч ард түмэнд нэн эртнээс байсаар ирсэн. Муу хүч, хий юм, чөтгөр, зэтгэр, шулмас, адын юм, тэнэмэл сүнс, тийрэн гээд түмэн янзаар л нэрлэдэг. Христүүд эртний герегийн diabolos гэдэг үгээс улбаатай үгээр түгээмэл нэрлэнэ. Мөн сатана хэмээнэ. Энэ нь иврит хэлний дайсан, нүгэлтэн гэсэн утга бүхий үг юм гэсэн. Исламууд ад зэтгэрийн төрлүүдийг шайтан, иблис, жин гэхчлэн нэрлэнэ.
Энэхүү муу хүчтэй тэмцсэн тэмцлийн талаар үлгэр домог улс үндэстэн бүрт бий. Евангелие судрын наймдугаар бүлэгт “Тэндхийн уулнаа сүрэг гахай бэлчиж ахуйд энэхүү сүрэгт орохыг зөвшөөрөөч хэмээн тэд түүнээс хүссэнд ёсоор болговой. Хүний биеэс гарсан чөтгөрүүд гахайнуудад шингэж, тэр сүрэг нуур руу давхилдан орж живлээ” гэж өгүүлдэг.
Муу хүч үеийн үед байдаг ч аливаа сайн цагийн босгон дээр ихэд сэргэдэг тухай номлол ч бас улс үндэстэн бүрт түгээмэл байх шиг. Тэгвэл өнөөдөр муу хүч толгойгоо түрхэн зуурт өндийлгөх тэрхүү цаг дэлхий нийтэд ирээд байна гэлтэй. Монголын эшийг үзүүлж, ирээдүйг харагч мэргэдийн сургааль айлдвар дотор цөвүүн цагийн тухай, буруу муу бүхэн босох тухай өгүүлсэн нь элбэг. Христос муу хүчин буюу ад зэтгэрүүд ихэд хүчээ авах цаг ирэх тухай номлосон байдаг. Христүүд хүн төрөлхтний нүгэл ихэдсэн тул манай гараг чөтгөр шулмаст шимтэй хөрс болж хувирлаа гэж халаглаж байна. Муу сүнснүүд хуурамч шид үзүүлэн хүмүүсийг өөртөө татаад там руу авч явах гэж байна хэмээн тэд болгоомжилж байна.
Хүн төрөлхтөн бурханы үнэнийг чөтгөрийн худалтай хольж хутган самуурч байна хэмээн бусад шашны төлөөлөгчид ч халаглаж байгаа юм. Үүнийг баталсан үйл явдлууд манай Монголд ч гэсэн хангалттай байна. Бөө тодруулах нэрээр бизнес хийж буй хүмүүс өнөөдөр Монголд ад зэтгэр сэрээгчид болчихоод байгаагаа мэдэж байгаа болов уу?
Үүнийг өгүүлэхийн өмнө бөө гэж чухам хэн бэ гэдэг талаар цөөн үг хэлье. Бөө гэдэг нь өөрийн хүч чадал, хөлөл зэргээс хамааран өвөг дээдсийнхээ сүнстэй харьцах, уул усны эзэдтэй харьцах, тэнгэрүүдтэй харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд юм. Удмын бөө, лус хөллөсөн бөө, тэнгэр хөллөсөн бөө гэж ялгадгийн учир нь ч үүнтэй холбоотой. Түвшин тус бүр нь дотроо олон олон зэрэг дэвээр ялгагддаг. Одоогоор энэхүү зэрэг дэв, суудлын талаар тойм төдий ойлголт байгаа болохоос нарийн тодруулсан мэдээлэл хараахан алга байна. Энэ нь олон түвшний зэрэгцээ ертөнцийн тухай ойлголт учраас судалгаагаар олдож буй хомсхон мэдээлэл дээр тулгуурлан ямар нэг дүгнэлт хийх нь ихээхэн яарсан хэрэг болно.
Ялангуяа тэнгэр хөллөсөн бөөгийн тухайд онцлон хэлэхгүй бол буруу ташаа мэдээлэл хаа сайгүй түгснээс ихээхэн андуу эндүү бий болоод байна. Энд нэг зүйлийг онцлон анхаарах ёстой. Янз бүрийн түвшинд оршиж буй сүнснүүдийг тэнгэр хэмээн нэрийдсэнээс будлиан үүсч, тэнгэрийн тоо хэт олон болсон эндүүрлийг хэн ч хайхрахгүй байна. Эрт балар үед тэнгэр ганц хэмээн үзэж шүтэж байсан нь бүхнийг мэдэгч чадагч дээд хүч ганц, мэдээллийн нэг л том сангаас бүх мэдээлэл ирдэг гэсэн орчин үеийн парапсихологийн гол үзэл онолтой нийцэж байна. Улмаар ганц тэнгэрийн тухай ойлголт хожим нь 99 тэнгэрийн тухай үзлээр баяжсан нь нэн эртний онго орохоороо мөнх тэнгэр хэмээх ганц л тэнгэрийн тухай ярьдаг, дундад эртний үеийн онгод 99 тэнгэрийн тухай өгүүлдгээс тодорхой байна. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн үхсэн бөөг хүртэл тэнгэр гэх болсны улмаас тэнгэрийн тоо 300-400, тэр бүү хэл мянгаар тогтохгүй мэтээр ярьж бичих болсон нь том эндүүрэл, эрхэм судлаачид үүнийг хэлж засахын оронд хөөрөгдөн баяжуулах янзтай байгаа нь том ичгүүр билээ.
Тэнгэрийн бөөгийн тухай хоёр дахь анхаарах зүйл бол жирийн хүний үйлд ордоггүй, жижиг сажиг юмаар оролддоггүй, бусад бөө шиг олноор төрдөггүй явдал юм. Тэнгэрийн бөөгийн онгод өгүүлж хэлж буйг харьцуулбал урьд төрөлдөө үйлийн үрээ эдэлж барсан, нүгэл хилэнц хийгээгүй, үнэнч шударга, цэх шулуун, явдал мөр тэгш, санаа сэтгэл цагаан, өгөөмөр ууч, тэнгэрийн өмнө үлэмжийн гавьяатай нэгэн л тэнд онго болж оршдог гэнэ.
Бусад нь түүнээс доогуур хэр таарсан зэрэг дэвээрээ орших бөгөөд зарим нь хөндлөнгийн дарлага, өөрийн буруу үйл зэргээс болоод дээш дэгдэж байх ёстой газраа хүрч чадалгүй завсрын орноо хэдэн зуун жилээр ч уягдан торж байдаг аж. Энд би бөө хүмүүний сүнсний тухай ярилаа. Жирийн хүмүүсийн сүнс ч гэсэн амьд ахуйдаа хийсэн үйл, туулсан зам нь хэр хар цагаанаас хамаарч өөр өөр орчинд очих бөгөөд үйлийн үр ихтэй нэгнийх нь болохоор төрлөө эс олон тэнүүчилдэг гэх.
Ийнхүү тэнүүчлэх хий биетүүд нь сүнстэй харьцах аливаа зан үйлийн үед ихэд амархан өдөөгдөн босдог. Тухайлбал, лүйжин хэмээгч ламын зан үйлийн үеэр эргэн тойрны сайн муу хамаг сүнсийг ганлингийн дуу, номын хүчээр дуудан авчирч үнэрээр хооллоод дараа нь хөөж явуулдаг гэдэг. Үүнтэй нэгэн адил бөөгийн хэц хэнгэрэг дэлдэх, хуур татах үед энүүгээр тэрүүгээр холхигч эргэн тойрны тэнэмэл сүнснүүд ч бас хөдөлгөөнд ордог, болж өгвөл бөөгийн биед дайран орж, хүний ёсоор хооллож ундаалах гэж хичээдэг билээ. Тийм учраас туршлагатай сайн бөө нар бөөлөхийн өмнө хаалт хамгаалалтаа сайтар тавьж, зөвхөн өөрийн оруулах гэсэн онгоо дуудан ирүүлж чаддаг. Шавь нараа ч ийм байхад сургадаг. Гэтэл энэ бүхнийг үл тоосон, эс анзаарсны улмаас мэдрэмж өндөртэй хүмүүс завсрын юм буюу тэнэмэл сүнснүүдэд биеэ эзлүүлэх явдал сүүлийн үед ихсэх хандлагатай боллоо. Бөө хүн ингэж хий юманд биеэ эзлүүлэхийг тийрэнтэх хэмээнэ. Тийрэнтсэн бөө тэнгэрийн оронд гарч чаддаггүй гэж онгод айлдаж, бөө хүн ад зэтгэрт хорлогдохгүй байхыг ихэд чухалчлан сануулдаг билээ. Христ, Будда зэрэг бусад шашныхан ч гэсэн муу сүнстэй нөхцөх, аливаа зан үйлд тэдний хүчийг ашиглахыг дээд зэргийн нүгэл гэж жигшдэг.
Тэгэхээр бөө яагаад тийрэнтдэг вэ гэх асуулт гарч ирнэ. Тийрэнтэхгүйн тулд яах ёстой вэ гэсэн асуулт ч бас гарна.
Бөөг замчилж буй багш энд чухал үүрэгтэй. Тэрээр бөө болох оноолттой үрийн эхэлж оруулах ёстой жинхэнэ онгыг зөв таньж, үр хүүхэдтэй нь яриулж, хувцас хэрэглэл, хэц хэнгэрэг, тахил зэрэг нь ямар байх ёстойг тэр онгоор өөрөөр нь хэлүүлж бэлдүүлж, холбохын өмнө дахин бөөлж бэлтгэл ханасан эсэхийг асууж нягталж, долоо хэмжиж нэг огтолж гэмээнэ алдаа гардаггүй. Ялангуяа хувцас хуяг нь бүрэн бүтэн эсэхээс хөндлөнгийн юм дайрах эсэх ихээхэн хамаарна.
Халх, буриад, дархад, хотгойд зэрэг олон ястны бөөгийн анх онготойгоо холбогдох зан үйл нь харилцан адилгүй учир зарим нь хэл хуураар явган бөөлүүлж, зарим нь хувцас хуягийг нь бүрэн бэлдүүлж байж холбодог. Гэхдээ ад тийрэн амилж идэвхжсэн өнөө цагт шинээр бөө болж байгаа хүнийг хувцас хэрэглэл дутуу, хуур татуулах төдийгөөр холбох нь ихээхэн эрсдэлтэй гэдгийг олон жилийн ажиглалт, судалгаан дээр үндэслэн баттай хэлэх байна.
Уг удмаа хүндэлдэггүй, өргөл шүтлэг муутай байсан хүний онгод нь анх ирэхдээ уньж туньж, гуйлгаж аргадуулах нь элбэг. Ийн эргэлдэх зуур завсрын муу сүнснүүд улаачийн бие рүү дайрдаг. Мөн бөө болох ёстойгоо мэдэхгүй яваа хүн олон бөөгийн газраар явж байгаад ад тийрэнд эзлүүлэх нь бий. Олон бөө бөөлөх үед завсрын юманд дайруулан орилж хашгирсан, унаж татсан хүмүүсийг онго нь орчихлоо гэж эндүүрч байгаа нь харагддаг. Анхнаасаа буруу холбуулж тийрэнтсэн бөө ихтэй болсон өнөө цагт олон бөөгийн газраар явах нь тийм ч хүсмээр юм биш гэдгийг онго тэнгэрүүд хэлж захиж л байдаг даа.
Тийрэн тун хэцүү. Элдвээр хувилж, төөрөлдүүлж толгой эргүүлнэ. Сургааль ном айлдаж, арга засал хийж, эгээ л онго мэт аяглана. Тэгж байснаа буруу үйл хийлгэн хар зүгрүү чангаана. Анх хуур татаж буй хүн бүү хэл, онготойгоо холбогдчихсон, хэд гурав бөөлчихсөн хүн ч гэсэн үхээрийн үйлд орох, буруу мууг хийх зэргийн улмаас тийрэнтэх нь энүүхэнд. Тийрэн заримдаа тэр хүний онгодыг дуурайж төөрөлдүүлнэ.
Хоёр жилийн өмнө нэгэн шинэхэн бөө намайг бөө судалдаг сонирхдог хүний хувьд бөөлөхийг минь харж зөвлөгөө өгөөч хэмээн урьсан юм. Их зөв холбуулсан, аятайхан бөөлдөг нэгэн аж. Онго нь орж ирээд өрөөсөн хөл муу, нартын оронд байхдаа хүч чадалдаа эрдэн хүнд муу юм хийсний шийтгэлд нь хөлгүй болсон хэмээгээд бусдад муу юм бүү хий, хар муу үйлд бүү оролц, хүч чадал жигдэртэл орох орохгүй үйлээ ялгаж бай хэмээн сургав. Онгодныхоо үгнээс зөрөхгүй явбал алзахгүй гэдгийг нь би түүнд хэлээд явсан билээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө бөө маань “Миний онго нэг л биш болчихлоо” гэж хэл өглөө. Бөөлүүлж үзтэл онго нь урьдын адил орж ирж, тамхиа нэрж, хөдөлгөөн дуу хоолой бүх юманд нь ер сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Гагцхүү архийг нэлээд шаргуу нэхэж их хомхой уух аж. Уг нь түүний онго архи ер таашаадаггүй билээ. Би түүнтэй хөөрөлдөн сууж байснаа гэнэтхэн бардгийг нь шүүрээд “Улаачийн биеэс гар чи” хэмээн чангаар загнаад хэд ороолгож орхитол нөгөө бөө маань хэвдээ орж “Ёох, бие дотроос нэг юм сугалаад хаячих шиг боллоо” гэж байв. Би түүнд тэнэмэл сүнс өөрийн чинь онгодны дүрээр орж иржээ гэдгийг нь хэлээд бушуухан багш дээрээ очиж янзлуулж авахгүй бол эргээд дайрч мэднэ шүү гэж санууллаа. Тэр бөөгийн түшээ нь “Яг л өвөө мөн байсан юм даа. Архинд шунаад байхаар нь гайхсан юм” гэж суув. Хамгийн сүүлд уулзсанаас хойш ямар ямар үйлд бөөлснийг нь тэр бөөгөөр нэгд нэггүй яриулбал онгодны захиасыг умартан, өөртөө эрдэн хатуу үйлд хамаагүй орсноос болж сэвтсэн болж таарав.
Би тэр бөөгийн бардгийг нь авч шавхуурдахдаа нэг төрлийн туршилт хийсэн гэж болно. Яагаад гэвэл Иеромонах Пантелеймоны “Чөтгөрүүдийн санаа” хэмээх номонд зэтгэрт эзлүүлсэн хүмүүсийн зовлон, түүнээс ангижруулах талаар хангалттай өгүүлснийг уншсан, мөн нэгэн эмэгтэйн биед орсон чөтгөрийг үнэн алдартны шашны хар лам хэрхэн ариун ус, загалмайн тусламжтайгаар хөөн гаргаж буйг дүрс бичлэгээс харж байсан тул тийнхүү зоригтойгоор шавхуурдсан бүлгээ.
Оросууд ад зэтгэрийг дьявол, сатана, демон, злой дух, призрак, бесы гэхчлэн нэрлэж, тэдгээртэй тэмцэх арга домыг ихээхэн хөгжүүлсэн улс. Тийм болохоор тэдний хэрэглэдэг арга техникийг ерөнхийд нь ашиглаад үзвэл ямар бол хэмээн туршсан минь энэ билээ.
Бөө болоод тун удаагүй нэгэн эмэгтэй уулзахыг хүслээ. Сүүлийн үед бөөлөхөөр нэг л биш гэнэ. “Та эрхбиш олон бөөгийн буулт харсан, судалж сонирхдог хүн нэг юм хэлж өгөх байх” гэж байна. Тэрээр бөөллөө. Онго нь орлоо. Нэг л биш ээ. Мэнд усанд хариутай ч буудал суудлаа хэлэхгүй бултаж төөрүүлэх янзтай. Улаачийнх нь ураг удмын талаар асуувал мэдэх юмгүй шинжтэй. Гэнэдүүлж байгаад бардгийг нь шүүрэн авч чанга дуугаар загнан шавхуурдлаа.
-Ха ха, таньчихсан уу гэж доогтой инээгээд нөгөөх тийрэн бөөгийн биеэс гарав. Тэнд мэдрэмж өндөртэй хоёрын ч зэрэг хүн байсан бөгөөд бөөгийн биеэс тэр тийрэн гарах үед хачин үмхий үнэр гарсан хэмээн хоёул батлан хэлж байв. Өөр бас тав зургаан хүн байсан ч нэг нь ч тэр үнэрийг мэдрээгүй байв. Дараа нь тэр бөө өөрийн багш дээрээ очиж нягтлуултал эзгүй говийн элсэн дунд тэнэж явсан хий юм яахаараа охины биед ордог байна гэж гайхав гэнэ. Тэгээд лавшруулан үзтэл шавь нь найз нөхдийн гуйлтаар хар муу үйл хийснээсээ болж сэвтэж дэвтэж муу юманд эзэгнүүлсэн байжээ.
Энэ мэт жишээ хэдийг ч өгүүлж болно. Хамгийн гол нь нэгэнт тийрэнтсэн бөөгийн сүнс хэзээ ч тэнгэрийн оронд гардаггүй учир бөөг дутуу буруу холбож байгаа замчлагчид ч, бөө болох оноолттой хүмүүс ч ихэд хариуцлагатай хандахгүй бол үйлийн үрийн өр төлөөс хатуухан, халуухан байх вий.
Өнөөдөр бөө хэмээгдэж буй үй олон хүний хэд нь ад тийрэнд эзлүүлсэн яваа бол гэж бодохоос айдас төрнө. Онгодыг унаа хүлэгтэй нь учруулахдаа алдаа гаргасны улмаас хичнээн бөөгийн тэнгэр дэх зэрэг дэв доошлоо бол гэхээс харамсал төрнө. Тийрэнтсэн бөө дээр зовлонгоо нимгэлүүлэх итгэл сэтгэлээр зорин очиж буй хичнээн олон хүн буруу үамаар будаа тээж яваа бол гэх халаглал сэтгэл эзэмдэнэ.
Тэнгэр шүтлэг уг нь зөв хөгжүүлж, зөв шүтвэл агуу сайхан. Гагцхүү тэр агуу сайхныг олж мэдрэх хүртэл бартаа саад их. Тэрхүү бартаа саадыг олж эс харсан хөх толбот үрс ачит дээдсээ бус, ад тийрэнг баясгах нь мэдлэггүй, мэдээлэлгүйнх билээ.

"Гэрэлт Цалиг" сонин. №24. 2010.07.15

Wednesday, January 20, 2010

Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна

Б.Галаарид

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.

-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?
-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.
-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?
-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг.
-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?
-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.
-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар...
-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.
-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү.
-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?
-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.
-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?
-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам.
-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ?
-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм.
-Галын засал хийдэг тууль гэж байх уу?
-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг.
-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?
-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.
-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?
-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно.
-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?
-Тэгнэ ээ.
-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ.
-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?
-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.
-Та тууль хайж байхдаа орчноос тасардаг уу?
-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.
-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?
-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.
-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?
-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм.
-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ.
-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг.
-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?
-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.
-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?
-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.
-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ...
-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг.
-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?
-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.
-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?
-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.
-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?
-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.
-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг.

Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа.
Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна.
Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна.
Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна.
Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.
2010.01.19

Thursday, October 01, 2009

Монголчуудын бөө тодруулах, холбох ёсны алдаа, оноо

Монголчуудын бөө тодруулах, холбох ёсны алдаа, оноо
Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин)
Хүн төрөлхтний балар эртний нийтлэг шүтлэг болох бөө мөргөл цагийн аясаар янз бүрийн шашинд зайгаа тавьж, шахагдсаар өдгөө тун цөөхөн газар үлдэж хоцроод байгаагийн нэг нь Монгол юм. Гэхдээ Монголд ч гэсэн энэ шүтлэгийг хавчин шахах оролдлого үе үе хийгдэж байсан түүхийг мөшгөвөл нэлээд эрт үе рүү хөтөлнө. Энэ өгүүллийн зорилго нь өөр тул үүнийг үл өгүүлэн өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа бөө тодруулах, холбох ёсны тухайд ярья.
Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”1 гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.
Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол Дорнодын алдарт зайран, олноо Баавай хэмээн хүндлэгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.
Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “...шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”2 гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.
Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.
Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”3 гэсэн байдаг.
Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”4 тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.
Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.
Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
-Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
-Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
-Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?
-Үгүй.
-Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
-Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
-Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
-Багш хэлж өгч цээжлүүлсэн.
-Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
-Надтай дөрвөн хүнийг холбосон.
-Дуудлага нь бүгд ижил үү?
- Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
-Хэр их зардал гарав?
-Бараг гурван сая төгрөг.
-Цаашид яана гэж байна?
-Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
-Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.
-Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.
Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.
“Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.
Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”5 гэсэн нь ч үүнийг нотолж байна.
Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.
Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.
Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.
Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”6 хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.
Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.
Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.
Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.
“Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс (онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж (ариун буяныг), чадал чансаа зэргээрээ (эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг”7 хэмээн буриад удган Б.Батмөнх номондоо бичсэн байгаа нь үнэн.
Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.
Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.

Тайлбар
1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)
2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.
3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.
4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.
5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.
6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх тал
7. Б.Батмөнх. Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон. Уб., 2005.12 дахь тал.