Showing posts with label Цагийн өнгө. Show all posts
Showing posts with label Цагийн өнгө. Show all posts

Sunday, September 20, 2015

Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!


Цахим мэдээллийн тойм харлаа. “Хуучин байрны үнэ 10 орчим хувиар буурчээ”, “Ам долларын ханш буцаад өслөө”, “Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй!!!”, “Үндэсний үйлдвэрлэлийн “амиа хорлолт” тойрсон зовлон” зэрэг гарчгууд ирийнэ. Татварын дарамтанд орсон компани нэр нь танигдсан бүтээгдэхүүнээ үнэгүй тараах гэтэл хэт олон хүн дайрч дэлгүүрийн шилэн хаалга хагалан замбараагүй байдал үүссэн л гэнэ. Хоёр тэрбумын өрөө дараад улсаараа баярлаж байсан атал хэдхэн жилийн дараа хорин тэрбумын өртэй болчихлоо л гэнэ.

Амлалтын солиоролд итгэж төрийн түшээдээ анхнаас нь буруу сонгосон сонгогчдын амыг асуултай биш дээ. Нэг удаагийн сонгууль ч биш, сүүлийн хэд хэдэн сонгуульд диваажин амласан, архи тараасан, хэдэн төгрөг сэм атгуулсанд нь саналаа өгсөөр ирсний гор нь хатуухан гарч байна. Энэ бол эрхэм сонгогчид юугаар ч сольж болшгүй үнэт зүйлээ юугаар ч хамаагүй сольсны гай. Матрын нулимс унагаж, элэг зүрхээ өгөх нь холгүй аяглаж байгаад УИХ-ын гишүүн болмогцоо маргааш нь зангаа таниулдаг өөдгүй түшээг өргөж гаргаж ирсний гай. Ийм юмнууд УИХ-д олонхи болчихоод шудрага, ухаалаг, зөв гишүүдээ сонсохгүй олонхиороо ааглах байдал бий болчихоод байна. Түүнээс ч ноцтой асуудал нь Үндсэн хууль.

Үндсэн хууль бол төрийн тогтолцооны суурь. Энэ суурь бөх бат, алдаагүй байх ёстой. Гэтэл сууриа өрөхдөө хий цэцэрхэлцсээр хазгай буруу хийсний горыг өнөөдөр монголчууд нийтээрээ амсаж байна. Хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хуулийнхаа ойг нижгэр тэмдэглэсэн. Найрлаж, шагналд умбаж, магтаал хөвөрсөн болохоос Үндсэн хуулиас шалтгаалсан тогтолцооны гажуудлын талаар хэн ч дуугараагүй. Монгол төрийг гурван толгойтой болгочихсоноос болж улс орон хөгжиж чадахгүй, эе эвдэрч төр самуурсаар байгаад хэн нь  ч уучлал гуйгаагүй. Өнөөдрийн улс орны байдал, дүр зураг бол эцсийн эцэст Үндсэн хуулийн алдаанаас болсон төрийн буруу тогтолцооны үр дагавар юм. Манайхан үүнийг анзаарахгүй хувь хүнээс буруу эрээд байна. Тогтолцоо нь буруу учраас гажуудал гарч, нийтлэг эрх ашиг хохирч, нийтээрээ доройтож байна.

Сонгуульд ямар нам ялснаас үл хамааран Засгийн газраа хүссэн цагтаа унагаж, яам тамгын газрыг дуртай үедээ салгаж нийлүүлж, боловсон хүчнийг халж сольдог буруу жишиг Монголын төрд тогтчихжээ. Бүр аль намын хүн сайд болсноос хамаараад дээрээс доош нь бүх шатны албан тушаалтныг халдаг сольдог хорлонтой жишиг тогтов. Хэдхэн сарын настай сайдаас болоод мэргэшсэн боловсон хүчнүүд олноор халагдаж, туршлага мэдлэггүй хүмүүс ор сууж, Монгол төрийн холч бодлого, залгамж чанар гэдэг юм алга боллоо. Тэр болгонд төрийн дархлаа суларч байна. Тэр болгонд ард түмэн хохирон хэлмэгдэж байна. Тэр болгонд улс орноороо хамтдаа уруудан доройтож байна.

Дарга даамал болохоор, ямар нэгэн тамга барихаар гүйж яваа улс дотор төрд бүү хэл маньд гологдохоор нь мөн ч олон байх юм. Нэг сонсоход хэлж явсан албан тушаалдаа оччихсон л дуулдах. Монгол төр тэр чигээрээ “Би чадна” гэдэг шоуны талбар болсон гашуун үнэнээс зайлах газар алга. Төрийн алба түвэгтэй, бас хариуцлагатай гэдгийг хэн ч анзаарахаа больж, дөнгөж сургууль төгссөн, амьдралын туршлагагүй, ухааны бяд суугаагүй, омголон дэврүүн байдлаа давж харах чадваргүй залуусаар дүүрлээ. Тэр хэрээр Монголын төр хөнгөн хийсгэлэн, суурь муутай, зангараггүй болж байна. Хэн нэгэн даргын цүнхийг нь барьж, пальтог нь өмсүүлж гүйсэн овжин залуус бялууны захаас хүртэж, дараа дараагийн ээлж айсуй бялууны үнэрээр нь дураа дарж явна. Энэ бол залуу үеийнбуруу биш. Хүссэнээ хийх, хөгжиж дэвших боломжийг нь мафижсан намаас хамааралтай төрийн тогтолцоо хаачихаар тэд яах билээ. Эсвэл эрх мэдэлтэй нэгнийх нь  хөнжлийн сэжүүр доогуур шургана. Эсвэл харийн оронд ажиллаж амьдарна. Эсвэл бор зүрхээрээ зүтгэж шар махтайгаа хатаж,  угаасаа болохгүй байгаа тогтолцооны золиос болно.

Ийм л байдалд өнөөдөр монголчууд улс орноороо төртэйгээ, хүнтэйгээ шаварт суучихаад байна. Түүний балаг нь хамгийн түрүүнд эдийн засгийн хямралаар илэрч байна. Жил бүрийн наймдугаар сард байрны үнэ өсдөг бол энэ жил эсрэгээрээ уналаа. Орон сууцны найман хувийн зээлд иргэдийг хамруулж байгаа ч банкин дээр очоод болзол нөхцлийг нь хангах хүн цөөхөн байна. Яг үнэндээ монголчууд хэнэггүй, бас хүлээцтэйдээ л өнөөдөр чимээгүй байгаа болохоосбиш өөр орон байсан бол ард түмэн нь уур хилэнгээ аль эрт гадагшлуулахаар болчихоод байгааг эрх баригчид мэдэж байгаа болов уу?

Төрөөс юм шаардахгүй, тэнгэрээс гэнэт унаад ирэх бэлэгт итгэхгүйгээр цаг наргүй хөдөлмөрлөж, зээл тавин бизнес хийж, өөрөө өөрийгөө болгохоос гадна өчнөөн хүнийг тэжээж  байгаа олон мянган шудрага хүмүүс өнөөдөр байдгаа барьцаанд тавьж, өр зээлэнд баригдаж, амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэснийхээ шийтгэлийг амсаж байгааг эрх баригчид ер нь мэддэг болов уу? Өмнө нь ядуучууд хоолгүй хонодог байсан бол одоо дундчууд хоолгүй хонохдоо тулчихаад байгааг анзаарч байгаа болов уу? Өчнөөн зоогийн газар үйлчлүүлэгчгүй байх болж, өчнөөнлангуу түрээслэгчид зэлээ эвхэж, өрийн сүлжээ ямар аймшигтай болсныг тэд төсөөлдөг болов уу? Өөрт нь тал засч долигоносон, тайвшруулсан засвартай мэдээ тоймд тэд хууртсаар сууна уу? Чин хүсэл байвал бодит үнэнийг мэдэх ч уг нь амархан даа.

Өнөөдөр  улс орны байдал үнэхээр хүнд, ард түмэн бухимдалтай байна. Үүгээр далимдуулж популизм хийгсэд ч байна. Эх оронч нэгэндээ популист гэдэг хаяг зүүж үгийнх нь үнэ цэнийг санаатайгаар унагаах нь ч байна. Нам хооронд бүү хэл, нам дотроо ч нэг нэгнээ дарж авах аян шалтаг болгогсод олон байна. Баатар болж тодрохыг эрмэлзэгсэд зөндөө байна. Гэвч тэднээс юу ч горьдоод нэмэргүйг өнгөрсөн амьдрал хангалттай харуулсан. Одоо байгаа төр засагт чадавхи алга. Төрийн хямрал жирийн бидэнд ч тодорхой байгаа, хэдхэн сайдаа ч томилчихож чадахаа больсон ийм үед ганц найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч л байна. Ерөнхийлөгч онц байдал зарлаж бүх эрх мэдлийг гартаа авмаар байна. Тэгээд мэргэжлийн шигшмэл хуульчдыг суулгаж байгаад Үндсэн хуулиа боловсруулж, эрдэмтэн мэргэдээ дайчлан ойрын болон хэтийн хөгжлийн бодлогоо чамбайруулаад, энэ нурсан сүйрсэн байдлыг  цэгцэлж зөв замаар замнах бэлтгэлийг хангасны дараа онц байдлаа цуцлан жинхэнэ утгаар нь ардчилсан улсаа хөгжүүлмээр байна. Өөр сонголт хийх аргагүй болтол Монгол Улс дордчихоод байна. Ерөнхийлөгч Та эр зориг гарган үүнийг хийгээч хэмээн эх орондоо хайртай, шудрага ёсыг дээдлэгч жирийн нэгэн сэхээтний хувьд гуйя!

Урианхан Б.Галаарид
2015.09.20.

Sunday, June 14, 2015

БЛОГОО ЭРГЭЛЭЭ

Блогоо эргэлгүй удсан байна. Авдар саваа ухах гэрийн эзэгтэй мэт баахан онгичлоо. Дурсамж сэргээд сайхан байна. Блог, ФБ, Твиттер гурав миний хувьд нутгийн эдгээр уул мэт сэтгэлд дотно. Гагцхүү аль нь аль уултай төстэйг л хэлж мэдэхгүй байна даа, ккк.

Thursday, March 27, 2014

АЛУУРЧИН ГЭГДЭХ Ч.БАТТУУЛ ХЭРЭГТЭН ҮҮ, ЗОЛИОС УУ?


Б.Галаарид
Ч.Баттуул гэдэг бүсгүй нэгэн америк эрийг хөнөөсөн гэх хэргээр хоёр жил мөрдөгдөөд саяхан 23 жилийн ял авсан. Элдэв янзын гэмт хэргийн тухай мэдээлэлд дарагдсаар дөжирсөн олон нийт үүнийг нэг их анхаарахгүй байна. Харин Ч.Баттуулын ар гэрийнхэн, өмгөөлөгч нь энэ хэрэгт учир зангилааг нь тайлаагүй ээдрээ будлиан их байна, жинхэнэ алуурчин (алуурчид) ял завшаад байгаа юм биш үү гэсэн гомдол саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл дамжуулан илэрхийлж байна. Төсөрхөн түүний өмгөөлөгч Л.Баттогтох энэ талаар бас нэг  ярилцлага өгчээ (http://www.24tsag.mn/content/52308.shtml).  Энэ ярилцлагад анхаарууштай хэд хэдэн зүйл байна. Идэр есийн хүйтэн буюу нэгдүгээр сарын 5-ны шөнийн 02 цагт 23 настай бүсгүй 60 метрийн  зайнаас хохирогчийг ангийн буугаар 8 удаа буудаж алаад, цогцсыг нь шатаагаад  хөлдүү газар ухан булсан гэдэгт эргэлзэж буйгаа тэр илэрхийлжээ. Энэ аллагын цаана хар тамхины наймааны хэрэг байгааг хангалттай шалгалгүй, зөвхөн Баттуулын мэдүүлэгт хөтлөгдсөнөөс хууль хяналтын байгууллага хуумгай шийдвэр гаргасан гэж тэр үзэж байгаа аж.
Үүнээс улбаалаад Баттуул гэх бүсгүйн талаар урьд өмнө нь  ямар мэдээлэл гарч байсныг сонирхвол хоорондоо зөрүүтэй олон л мэдээлэл байх аж. Тэдгээр дундаас Ч.Баттуул 2014.02.12-нд бичиж Батаар.мн сайтад нийтлэгдсэн захидлын зарим үг өгүүлбэр анхаарал татлаа. Тэрээр “Жон манай Монголд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян хүн болох хүслийг өвөртөлж ирсэн. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10 мянган ам. доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ. 
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. 
Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ бол
ьчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэсэн байна. (http://www.bataar.mn/10020167)
Тэрбээр өөрийгөө ямар ч аргаар хамаагүй зөвтгөхийн тулд үүнийг өгүүлэв үү? Эсвэл хэргийн нөхцөл байдал үнэхээр тэс өөр байв уу? Хэргийн мөрдөн байцаалт дутуу дулимаг болсон уу, эсвэл бодит үнэнийг хөдөлбөргүй тогтоосон уу? Баттуул хэрэгтэн үү, эсвэл золиос уу? Далдыг харагч Далай лам гээч нь биш учраас энэ талаар надад хэлэх үг алга. Харин гэмт хэргийн онцгой нөхцөл байдал, мөн хэргийг илрүүлэх уламжлалт бус аргын тухайд бол санаа оноо байна аа.
Эхлээд Ч.Баттуул золиос байж болох магадлалыг авч үзье. Тэрээр америк эрийн  авчирсан хар тамхийг зарж борлуулахын тулд хэсэг хүмүүстэй ороолджээ. Хар тамхины наймаанд цэвэр ёс суртахуунтай, зөв сайн  хүмүүс оролцдоггүй. Ямар ч хэрэг хийхэд бэлэн, хэнийг ч юунд ч хутгахаас буцахгүй хүмүүс л ийм зүйлд оролцдог. Тэд Баттуулыг мансууруулж өөрийгөө хянах чадваргүй болгосон байж болох уу? Болно. Өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ түүний хийсэн ажил хийсэн мэтээр итгүүлэгт автуулсан байж болох уу? Бас байж болох хувилбар.  Энэ хэргийг үүрч гарахгүй бол хамгийн дотно хайртай хүмүүсийг чинь ална гэж сүрдүүлэх замаар худал мэдүүлэг өгүүлсэн байж болох уу? Болно. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис, бэлдмэлийн нэр төрөл улам бүр олширч, үнэртэх, татах, уух, тарих гээд хэрэглэх арга нь ч улам баяжиж байгаа. Хамгийн сүүлд хөгжмийн тусламжтайгаар  хөөрөл мансууралд оруулдаг арга технологи хүртэл бий болоод байна. Энэ бүхнийг хэрэг нягтлах явцад анхаарч шалгасан, мухарласан нь хэр бол?
“... би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан” гэж Баттуул шоронгоос бичсэн захидалдаа өгүүлсний цаана юу оршино вэ?
Үүний учрыг олж хужрыг тунгаахад хэрэг болж мэдэх нэгэн саналыг дэвшүүлье. Ийм ээдрээтэй нөхцөл байдлын дүр зургийг сэргээн тодруулахын тулд парапсихологичид ховсын онцгой нэгэн арга болох  регрессийг ашигладаг. Регресс гэдэг нь ухрах буцах гэсэн агуулгатай үг бөгөөд хэн нэгнийг ховсдон өнгөрсөн амьдралынх нь тодорхой үйл явдал, тэр бүү хэл хэдэн үеийн  өмнөх тодорхой цаг хугацаанд нь аваачин юу хийж, бодож, үйлдэж байгааг нь яриулах арга юм. Олон жилийн өмнө би регресс, прогрессын тухай бичиж байсан болохоор үнэнч уншигчдын минь хувьд энэ бол шинэ сэдэв, гайхмаар юм биш. Харин Ч.Баттуул шиг хүмүүсийг регресст оруулан гэмтэн үү, золиос уу гэдгийг ялган тогтоох учиг олох тухай санал минь бол Монголын криминалистикийн хувьд шинэ зүйл. Уг нь энэ бол зарим улс оронд гэмт хэрэг илрүүлэхдээ хэрэглэж л байдаг эд л дээ. Ялангуяа Ч.Баттуулынх шиг холбогдож буй гэмт хэргийнх нь үйлдэгдсэн цаг хугацаа тов тодорхой үед бол ховсдон яриулж нөхцөл байдлыг тодруулах нь мөн ч амархан байна даа.  
                                                                                                                                           2014.03.28 

Wednesday, March 19, 2014

Андад минь туслаарай, аз жаргал бэлэглээрэй

Сайхан мэдээ сонсов. Тэртээ баруун хязгаарт нэг ангид 8 жил цуг суралцсан анд минь эмчилгээнд орохоор болжээ.Түүнийг маань Содномын Баянмөнх гэдэг. Мөн ч сэргэлэн, эвтэй нөхөрсөг хүүхэдсэн. Гэтэл найм төгссөнийхөө дараахан мориноос унасны улмаас сонсголгүй болсон юм. Найз минь гучин жил сонсголгүй явсан. Чухам л ардаар яваад ч бараагүй, анагаахаар яваад ч бараагүй. Тэр минь хувь тавилантайгаа эвлэрч бусдын яриаг амных нь хайрцгаар уншиж, болохгүй бол бичгээр харьцдаг болсоор 30 жилийг үджээ. Гэхдээ би дүлий хүн гэж элгээ эвхэж суугаагүй, хувь заяанд гомдоллоогүй. Амраг ханьтай болж, алаг үрстэй болж, гал голомтоо бадрааж бусдаас дутуугүй аж төрөх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Манай ангийнхан найзаараа бахархдаг. Хаан тэвчээр, ноён нурууг нь бахдан хэлэлцдэг.
Гэтэл баярт мэдээ сонсогдлоо. Түүний сонсголыг эмчлэх эмч нар олджээ. Австралийн эмч нар 90 хувийн баталгаа амласан, хэзээ мөдгүй ирэх гэж байгаа гэнэ. Сайхан мэдээ... Гэхдээ эмчилгээнийх нь зардал чамгүй мөнгө гэнэ. Сайн санаат хүмүүс ээ, андад минь туслаарай. Гучин жил хорвоогийн авиа чимээг сонсоогүй андад минь өгсөн сэтгэлийн өглөг бол жинхэнэ буян болно шүү. Сайн сэтгэлт хүмүүн та доорхи холбоосоор нэг ороод үз дээ.
https://www.facebook.com/jargalbeleglene?fref=ts

Thursday, March 06, 2014

Б.Галаарид: Үндэсний сэтгүүлзүйн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлмоор байна


Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридтай сэтгүүлзүйн гал тогоонд өрнөж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Монголын сэтгүүлчдийн эвлэл 100 жилийн түүхэн ойгоороо ямар ажил амжуулав?
-Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг үндсэндээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн.
Энэ түүхт ойг тэмдэглэх шийдвэрээ МСЭ 2012 оны гуравдугаар сарын 6-нд анх зарласан.  2013 оны гуравдугаар сарын 6-нд үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн баяраа тэмдэглэж, нэг жилийн бүтээлч ажлын аян зарласан. Өнөөдөр бид 100 жилийн ойн хаалтаа хийж, шинэ зуун буюу хоёр дахь зууныхаа түүхийг эхэлж байна.
МСЭ сэтгүүлзүйн толгой байгууллагын хувьд энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг санаачилж, гардан зохион байгуулж, удирдаж ажиллалаа. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид түүхт ойгоо тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төв, орон нутаг, хаа сайгүй олон ажил зохион байгуулсан.
Үр дүн ч сайн байна. Сэтгүүлзүйн шүүмж судлалын түүхийн асуудлыг анх удаа томоор хөндөж, таван товхимол гаргалаа. Үндэсний сэтгүүлзүйн анхдагчдыг мэргэжлийн байгууллагын хувьд батламжлан тодруулах, баталгаажуулах ажлыг санаачилж хийлээ.
Энэ ажил маань цаашид ч үргэлжилнэ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадмыг зохион байгууллаа. Төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон авьяастныг хамарсан том арга хэмжээ болсон. 
-Сэтгүүлзүйн түүхийг тодлох талаар нэлээд ажиллах шиг болсон?
-Тэгсэн. Манай байгууллага 1980-аад оны сүүлээс эхлэн архивын бүрдүүлэлтээ орхичихсон байсан. Бид боломжоороо материал бүрдүүлж архивт шилжүүллээ. Цахим архивтай боллоо. Монголын сэтгүүлчдийн сүлд дуу бий болгож, МСЭ-ийн удирдах дээд байгууллага батламжиллаа.
Монголын сэтгүүлзүйн хамгийн, хамгийныг манай сэтгүүлзүйн чиглэлийн эрдэмтэн, докторуудын бүрэлдэхүүнтэй баг тодруулж, тусад нь ном болголоо. Мөн “Монголын сонины шинэ давлагаа” гэдэг томоохон хэмжээний ном гаргаж, 1988-1998 оны хооронд гарсан  ихэнх сонины анхны дугааруудын тухай мэдээлэл оруулсан.
Эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн уншигчид ч хэрэгтэй, сонирхолтой ном боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ дурсамж ярилцлага, уулзалт нэвтрүүлгүүд олныг хийлээ. Спортын цуврал арга хэмжээнүүд зохион байгуулсан. Хэд хэдэн аймаг өөрийн орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэлийг гаргасан гэх мэтээр олон ажил хийжээ.
-Хэлмэгдэж, хохирсон сэтгүүлчид, тэдний ар гэрээс уучлал гуйх, архигүй арга хэмжээ зохион байгуулах  зэрэг олон содон ажил хийсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян тэргүүтэй хорь шахам сэтгүүлчдийг тухайн үеийн нийгмийн тогтолцооны золиос болоход нь хамгаалж чадаагүйнхээ төлөө МСЭ 2012 онд уучлал гуйсан. Энэ маань олны талархал хүлээсэн сайн арга хэмжээ болсон. Үндэсний сэтгүүлзүйн100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь өөрөө маш том ажил байлаа. МСЭ аливаа арга хэмжээг архи дарсгүй тэмдэглэх санаачлагыг анх гаргаж, 100 жилийн ой болоод дараа дараагийн томоохон арга хэмжээнүүдийг архи дарсгүй тэмдэглэсэн. Энэ маань цаашид соёл болон өвлөгдөх байх.
Мөн аливаа  арга хэмжээнд заавал улстөрчид, дарга даамлыг урьж оролцуулдаг, тэднээр арга хэмжээнийхээ рейтингийг тодорхойлдог жишиг нийгэмд хэвшчихсэн байдаг. МСЭ үндэсний сэтгүүлзүйн 2013 оны шилдгүүдээ шалгаруулахдаа энэ жишгээс албан ёсоор татгалзаж, нэг ч улстөрчийг  урилгүйгээр зөвхөн хэвлэл мэдээлийн салбарынхнаа цуглуулсан нь шинэлэг, өвөрмөц ажил болсон.
-100 жилийн ойд  зориулж олон ажил хийжээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хүмүүст өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Сэтгүүлчдийн нийгмийн асуудал хүндэрлээ, энэ талаар юу хийх вэ гэж олон хүн асуухыг хүсч байгаа болов уу?
-Хөдөлмөрийн харилцаа нь цэвэр Үйлдвэрчний эвлэлийн ажил байдаг. МСЭ Төрийн бус байгууллагын тухай хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулдаг учраас энэ асуудалд оролцоход их ярвигтай. Ер нь ТББ-уудын орж чаддаггүй ганц асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Гэхдээ энэ салбарт хүчирхэг ҮЭ байхгүй учраас бид дам утгаараа тэднийг орлох гэж оролддог.
Гомдол бол манайд олон ирдэг. Тэр болгонд бид тухайн ажил олгогчтой холбогдон нөхцөл байдлыг ойлгуулж, сэтгүүлчдийг хохиролгүй болгох асуудлыг хөнддөг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хэрхэн ҮЭ байгуулах вэ гэдэг асуудлаар зөвлөмж зөвлөгөөг бид байнга өгдөг. Үйлдвэрчний эвлэлийг сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгуулдаг хуультай. Хөндлөнгөөс зохион байгуулж, удирдан чиглүүлж болдоггүй учраас бидний ажил зөвлөгөө өгөх төдийгөөр хязгаарлагддаг. Уг нь ҮЭ бол айгаад байхаар зүйл  биш гэдгийг манай ажил олгогчид  ойлгох ёстой. Харин ч тэдний ажлыг нь хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.
Тиймээс манай сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлээ байгуулаасай. Байгуулсан цөөн хэдэн Үйлдвэрчний эвлэлүүд нь хоорондоо маш сайн холбоотой ажиллаасай гэж хүсдэг. Үүнд нь туслахыг оролддог.Манайд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч олон үйлдвэрчний эвлэл байхгүй шүү дээ. Дөрөв, тавхан үйлдвэрчний эвлэлтэй. Бусад нь байгуулж чадахгүй байгаа. Тиймээс хүчирхэг үйлдвэрчний эвлэлийг өөрсдөө байгуулж, эрх ашгаа хамгаалах нь манай сэтгүүлчдийн өөрөө өөрсдийнхөө төлөө хийх ёстой ажил юм. МСЭ хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
-Сэтгүүлчдийн ур чадварын асуудал өнөөдрийн энэ цаг үед их хөндөгдөж байна. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд тодорхой хэмжээний үнэлэлт, дүгнэлт өгнө байх?
-Өнөөдрийн сэтгүүл­зүй хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ ямар ч цаг үед зайлшгүй байх ур чадварын шалгуур үзүүлэлтүүд бий. Жишээлбэл, утга найруулга сайтай, алдаагүй зөв бичих ёстой, эсвэл тухайн бичвэр маань өөрөө тодорхой стандарт шаардлагыг хангасан байх ёстой гэдэг  ч юм уу.  Сайн сэтгүүлч ер нь байгалиасаа төрмөл байдаг. Тэр төрмөл хүмүүс хүссэн ч, хүсээгүй ч энэ салбарт төд удалгүй ялгараад гараад ирдэг юм. Харин бусад нь энэ хүмүүстэй эн тэнцэхүйц төвшинд очихын тулд ур чадвараа хөгжүүлж, хичээх шаардлагатай.
Өнөөгийн цаг үе ачаалал их, хурдтай болчихсон учраас сэтгүүлчид маань танхимд суугаад өөрийгөө боловсруулах талдаа учир дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгүүлчийн мэргэжил бол хийнгээ суралцдаг өвөрмөц онцлогтой. Өдөр тутмын ажлаасаа суралцдаг, хөгждөг онцлог мэргэжил шүү дээ. Сонины сэтгүүлчид өдөр тутам цаастай ноцолддог учраас найруулга зүй,  зөв бичгийн дүрмийн алдаа нь амархан цэгцэрч засардаг. Харин цахим орчинд ажиллаж байгаа сэтгүүлчдэд арай өөр хэлбэрийн сургалтын арга барил шаардлагатай юм болов уу гэж анзаарагдаж байна. Шинэ салбар учраас яг ямар арга зүй хэрэгтэй вэ гэдэг нь амьдралын явц дундаас тодрох нь ойлгомжтой.
-Хэвлэл мэдээллийн салбарт байгаа хүмүүс өөрсдөө нийгмийг түүчээлэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарын ёс зүйн талаар зарим нь шүүмжлэлтэй ханддаг?
-Ёс зүй гэдэг нь тухайн салбарын, тухайн ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хууль гэсэн үг. Ёс зүйг хуульчлан баталгаажуулдаггүй. Ёс зүй өөрөө бүрэлдэн бий болдог. Манай салбарын хувьд ёс зүйн асуудал ярвигтай байгаа нь үнэн. Ямар байх ёстой, ямар болчихоод байгааг бүгд мэднэ. Гэхдээ ийм болчихлоо, яах вэ гэж гаслахдаа гол нь биш. Зөв гарц олох ёстой. Бид олон юмаа золиослон байж, бас урьд өмнө нь огт таарч тулгарч байгаагүй олон асуудлыг даван байж шилжилтийн үеийг гэтэлсэн. Одоо хөгжлийн тухай, зөв замаар хөгжих тухай ярих цаг болсон. Хэн нь ямар замаар явж ирсэн тухай ярих сонин биш. Харин хэрхэн цаашаа хөгжих тухай яриа л чухал.  Энэ салбарт ихээхэн хэмжээний капитал нэгэнт хуримтлагдлаа. Энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийчихсэн,  хэзээ ч энэ салбарыг орхиод явахгүй нь тодорхой хэсэг бий болсон.
Тэгэхээр сэтгүүлзүйн өнгийг тодорхойлж чадаж байгаа, энэ салбарын манлайлагч нь болсон  гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, тэдний хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажиллагсад маань зөвшилцөж байгаад нийтээрээ дагаж мөрдөх алтан дүрмийг  тодорхойлж, бусдыгаа үлгэрлэмээр байна. Зөв замаар явмаар байна. Алтан дүрмээ дагаж мөрдөж чадаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг төр нь бодлогоор дэмждэг, бүтээгчид нь ч санхүүгээр дэмждэг, мэргэжлийн байгууллагууд нь ч бүх талаар хөхиүлэн дэмждэг болчихвол буруу чиг хандлагыг амархан залруулж болно. Буруу үйлдэл муухай харагддаг болно.Түүнээс биш тийм байх ёстой гэж дээрээс зааж зааварлаад үр дүнд хүрэхгүй. 
-Сүүлийн үед өрсөлдөх чадвар гэж их ярьдаг болсон. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадвар ямар төвшинд байдаг юм бол?
-Монголын сэтгүүл­зүй гэдэг тогоон доторхи сэтгүүлчдийн ур чадварын асуудал, үнэлэмжээс ихээхэн хамаарна гэж би боддог. Үнэлэмжийн нэгдсэн тогтолцоо бий болговол сэтгүүлчид өөрийгөө чадваржуулах эрмэлзлэлтэй болно. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн ийм чадваруудыг эзэмшсэн байвал ийм төвшнийх гэсэн шалгуур үзүүлэлтийг бий болгох цаг нь болсон. Ур чадвар, туршлага, хэл, IT-ийн мэдлэг болон бусад үзүүлэлтийг нэгтгээд тухайн сэтгүүлчийн үнэлэмжийг тогтоодог болмоор байна. Гэхдээ үүнийг хэн дуртай нь хийж, сертификат зардаг бохир бизнес болгож болохгүй. Өнөөдөр өмгөөлөгч, хуульчдыг ур чадвар, туршлагаар нь үнэлж, ямар нэгэн хэрэг өмгөөлүүлэхдээ тохирсон хөлсийг нь төлөөд явж байна шүү дээ.
Эсвэл сайн эмчид ахиу мөнгө төлж баталгаатай сайн үйлчилгээ авчихаж байна. Бусад салбар ингэж болоод байхад сэтгүүл зүйн салбарт үнэлэмжийн тогтолцоо байж яагаад болохгүй гэж. Өнөөдөр сургууль төгсөөд ажилд орж байгаа залуу хүн, энэ салбарт 20 жил ажилласан сэтгүүлч хоёр шинэ ажлын байранд очлоо гэхэд адилхан цалин хөлстэй буюу гарааны нөхцөл нь ижил төвшинд байгаа.
Ийм байхад сэтгүүлч хүн өөрийгөө хөгжүүлэх, үнэлэмжээ нэмэх талаар нэг их санаа зовохгүй. Тэр нь эргээд сэтгүүлзүй гэдэг салбарынхаа чанарт нөлөөлөөд байна. Үнэхээр чадвартай, мэргэжлийн байгууллагуудын бий болгосон шалгуур үзүүлэлтүүдийг давж чадсан тэр сэтгүүлчийг хаана ч очсон тэдэн төгрөгөөс доош цалин олгохгүй гэдэг ч юм уу,  ер нь ийм үнэлэмжийг бий болгомоор байгаа юм. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийг ажилласан жилээр нь үнэлж болохгүй. Олон жил ажилласан боловч чадвар муутай сэтгүүлч зөндөө байдаг. Гэтэл гуравхан жил ажиллаж байгаа ч 30 жил ажилласан сэтгүүлчээс илүү чадвартай бол тэр хүн илүү цалин авдаг, илүү үнэлэгддэг л байх ёстой.
-Өнөөдөр сэтгүүлзүй­тэй холбоотой их олон шүүмжлэл явдаг. Тухайл­бал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэтэрхий олон байна. Үүнийг цөөлж хаая гэх нь ч бий?
-Ямар нэгэн байдлаар хаалт, цензур тавьж ерөөсөө болохгүй. Зах зээлийнхээ жам ёсоор шалгарч үлдэх нь үлдээд, дампуурах нь дампуурна.  Хувь хүн хөрөнгөө оруулаад, эрсдлээ өөрөө үүрээд явж байгаа бизнест ямар ч хаалт хэрэггүй. Хууль зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг нь үүрүүлээд бусад жам ёсны асуудлыг зах зээлд нь даатгаад л орхичих хэрэгтэй шүү дээ. Амьдрах нь амьдраад, дампуурах нь дампуураад нэг л мэдэхэд манай зах зээлийн багтаамж, чадавхид таарсан цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үлдэнэ. Ердөө цаг хугацааны л асуудал. 1990-ээд оны эхний хагаст гарч байсан мянга гаруй сониноос өнөөдөр хэд нь байна?
-Үндэсний сэтгүүлзүйн түүхийн хоёр дахь зуун эхэлж байна. Энэ сайхан мөчид та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Мэдээж 100 жилийн дараахыг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа бол?
-Үндэсний сэтгүүлзүй маань нэгэн зууны түүхээ дэвтэрлэж дуусаад хоёр дахь зууныхаа шинэ хуудсыг нээж байгаа ийм сонин мөчид бид ярилцаж сууна. Үндэсний сэтгүүлзүй 101 дэх жилийн эхний хуудсаа нээж буй энэ мөчид тус салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчиддээ хандаж уриалах нэг зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага нь ямар байх вэ, бид юунд зорьж тэмүүлэх ёстой вэ гэдгээ хамтдаа тодорхойлж, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлагаа томъёолъё гэж байгаа юм. МСЭ энэ ажлыг зохион байгуулъя.
Та нар маань дэмжээрэй, оролцоорой гэж уриалъя. Нэгэн зууны туршид бидэнтэй үргэлж хамт байж, хөгжүүлж, ийм том салбар болоход үлэмжийн хувь нэмэр оруулсан нийт уншигч, үзэгч, хэрэглэгч, олон түмэндээ талархал илэрхийлье. Энэ салбарыг бий болгохын төлөө зүтгэж, тэмцэж явсан, түүнийхээ төлөө сайн, муугаар хэлүүлж явсан ахмад үеийнхэн, энэ салбарыг зах зээлийн жам ёсны гольдролд нь оруулах гэж, шинэ сэтгүүл зүйг бий болгох гэж эр зориг гарган тэмцэж явсан чөлөөт хэвлэлийн анхдагчид, тэдний гаргасан зам мөрөөр өнөөдөр Монголын сэтгүүлзүйг өдий дайны авч яваа хөрөнгө оруулагчид, энэ салбарт ажиллаж байгаа нийт хүмүүстээ баярлалаа.
Бүгдэд нь шинэ зууны, үндэсний сэтгүүлзүйн хоёр дахь зууны эхний өдрийн мэндийг хүргээд, ажлын өндөр амжилт хүсье.
                                                                                                                             Ярилцсан Г.Ганчимэг
(“Зууны мэдээ” сонин. 2014.03.06-ны дугаарт нийтлэгдсэн)

Эх сурвалж:   http://www.ikon.mn/n/4yf

Sunday, March 02, 2014

"Тэнгэрийн аялгуу" жүжиг

Миний бичсэн "Тэнгэрийн аялгуу" нэг хүний жүжгийг маань энэ цаг үеийн авьяаслаг жүжигчдийн нэг Ц.Баясгалан тоглох гэж байна. "Тэнгэрийн аялгуу" бол эхийн хайр, ерөөсөө байгаль ертөнцөө, хүн хүнээ хайрлахын утга учрыг өгүүлсэн моно мюзикл юм. Найруулагчаар нь яг одоо дэлгэцнээ гарч буй "Анирлагч" киног найруулсан залуу найруулагч Д.Сангибат ажиллаж байгаа. Энэ залуу үзэгчдийн хувьд битүү морь байж мэдэх ч урлагийн хүрээнийхний тухайд авьяас сэтгэлгээ нь аль эрт анзаарагдсан хүн.
Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан өмнө нь миний "Эсрэг дурлал"-д үнэхээр сайхан хөгжим бичсэн. Энэ удаад ч бас гайхалтай сайхан аялгуу төрүүлсэн байна лээ.
Ерөнхий зураач Ц.Энхтуяа бол урлагийн үнэнч цэрэг, гоо сайхны мэдрэмж сайтай, гараас нь муу бүтээл гардаггүйг үзэгчид маань мэднэ. Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр тоглох гэж буй энэ жүжигт маань Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Ер нь бол үзэгчдийг догдлуулсан гэгээн тунгалаг, гэрэлтэй сайхан жүжиг болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл Баясгалан маань сайн жүжигчин, сайн дуучин, ард нь ажиллаж байгаа баг ч бас мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон билээ.
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн шинэ уран бүтээл эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дууны домог "ТЭНГЭРИЙН АЯЛГУУ" моно музыкл драмын жүжгээ охид бүсгүйчүүд ээжүүддээ зориулан 3-р сарын 07, 08, 09-нд 19:00 цагаас Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа тоглоно. Захиалга авч байна.

Tuesday, February 18, 2014

ТЭГ БАЛАНС


Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа  завсрын, түр хугацааны зүйлд бүр  их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү  шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна. Нийтийн өмч нэрийн дор хэн нь ч ямар ч өмчгүй байсан нийгмээс өмчийн олон хэлбэртэй эдийн засгийн эрх чөлөөт нийгэм рүү шилжихэд хугацаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өлгийтэй нялх байсан хүүхэд өрх толгойлох хүртэлх хугацаа зарах нь хэр бодитой вэ?  Үнэхээр шилжиж дуусахгүй байна уу, эсвэл шилжилтийн эцсийн цэгийг хаана хэзээ хатгахаа мэдэхгүй байна уу?
Хорин дөрвөн жилийн өмнө хувьдаа өнчин ишиггүй байсан мянга мянган хүн өнөөдөр өмчтэй, өөрийн гэсэн бизнестэй болж, хувийн сектор улс орны ачааны хүндийг нуруундаа үүрч байна. Тэд нийгмийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг аваад явж чадахуйц хэмжээнд нэгэнт хүрчээ. Монгол улсын 90 мянга гаруй  аж ахуйн нэгжийн 100 гаруйхан нь л төрийн өмчит компани бөгөөд хувийн өмч нийт өмчийн ерээд хувийг эзлэж байна.
Монгол Улс Парламентын засаглалтай болж, засаг захиргааны нэгж, бүтэц өөрчлөгдлөө. Иргэдийн  оюун санааны эрх чөлөө болоод бусад үндсэн эрхүүд баталгаажлаа.  Хууль эрхзүйн орчин эрс өөрчлөгдлөө. Татварын орчин шинэчлэгдэж олон төрлийн татварын систем үйлчилж эхэллээ. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйд ч өөрчлөлт гарч, асуудалд хандах хандлага нь эрс өөр болжээ. Өөрөөр хэлбэл шилжилт нэгэнт хийгдчихсэн, бүх зүйлд чанарын өөрчлөлт гарч, зарим нь анх байснаасаа 180 хэмээр эргэчихээд байна.    
Төрд хувьсгалын чанартай шинэчлэл хийх цаг нь болсныг  “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарласан. Тэрээр “Бид 24 жил дураараа хурдаллаа. Одоо мориноосоо буугаад ярилцах цаг болсон. Мориор бол морио сэлгэх, онгоцоор бол ээлж хийх цаг болжээ”  гээд том төрөөс ухаалаг төр өөд замнах арга зам, гарц, ирээдүйн дүр зургийг нь хүртэл танилцуулсан.
Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь гэмээр байна. Бид эдийн засгийн харилцаа, үнэлэмж, хандлагадаа эргэлт хийж, улс орноороо зах зээлд бүрэн шилжлээ гэдгээ албан ёсоор зарлаж,  Монгол Улсын өмчийн балансыг Тэгээс эхлүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалаас өмнө байсан хийгээд түүнээс хойш бий болсон нийт өмчийнхөө тоо хэмжээг үнэн зөв гаргаж, монголчуудын хэн нь ямар хөрөнгө орлоготой болсныг мэдэж байж бид хөгжлийн замаа зөв төлөвлөнө. Эдийн засгийн боломж нөөцөө зөв эргэлтэд оруулна.
Өнгөрсөн 24 жилд хүмүүс янз бүрийн аргаар хөрөнгөжсөн. Ганзагын наймаанд гүйж, гахай үүрэн зүтгэж бага багаар хуримтлалтай болсон нэг хэсэг бий. Өрөнд орж хоёр чихээ огтлуулахаас айлгүй зээл аван зүтгэсэн нэг хэсэг бий. Уул уурхайн салбараас боссон нь бий. Хуулийн цоорхой, төрийн хяналт сулаас буруу аргаар хөрөнгөжсөн нь бий. Дээрэм луйвар хийж, заль мэх гаргаж, бусдын нулимс урсган бэлжсэн хүмүүс ч бий. Энэ бүгдийг ухаж, хэн нь хэрхэн хөрөнгөжсөн түүхийг ярина гэвэл барагдашгүй хэрүүл, дарагдашгүй зарга үүснэ. Ер нь хүн амын тодорхой хэсэг хөрөнгөжих үйл явц ийм л замаар явдгийг бусад улс орны түүхээс бид хангалттай сайн мэднэ.
Хувийн өмчийг үзэн ядах сэтгэлгээний үлдэц, тэр надаас илүү их баяжчихлаа гэсэн атаархал, шударга ёс үйлчлэхгүй байгаад бухимдсан бухимдал, азгүйтсэн хэсгийн харамсал  зэрэг олон хүчин зүйл шударга ба шударга бус янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хүмүүс айдаст автах, хөрөнгө орлогоо  нуух, далд эдийн засаг хөгжих хөрс суурь болж эхэллээ.
Өнөөдөр Монгол улсын нийт бэлэн мөнгөний 40 орчим хувь нь гар дээр эргэлдэж, нийт өмчийн мөн тэр орчим хувь нь бүртгэлээс ангид байна гэсэн тойм судалгаа байна. Зарим нь мөнгөө гадаадад байршуулж, харийн улсуудад үл хөдлөх хөрөнгөтэй болж байна. Хууль хүчний байгууллага, АТГ-аас айгаад бусдын нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө нь үрэн таран болж, хүмүүс хоорондын зөрчил, бухимдал ихсэж байна. Хөрөнгөжсөн хэсгийн айдас, алдаан дээр нэг хэсэг нь тоглон өмч хөрөнгөнөөс нь хүссэнээрээ эс гэхэд чадахаараа салгаж байна. Энэ бүхний үр дагавар нь үзэн ядалт, хардалт, өс хонзон, дайсагнал авчирсаар  эцэстээ улс орны тогтворгүй байдал, хямрал руу л түлхэнэ. Нийгмийн аль ч давхаргын хэнд нь ч ашиггүй байдал руу л хөтөлнө.  Үүнээс хэн хохирох вэ? Монголчууд бүгдээрээ хохирно. Үүнийг хаа хаанаа ойлгож эрүүл ухаанаар хандах цаг нэгэнт болжээ.
Монгол хүний өмч бол хувь хүний өмчөөс гадна Монгол улсын эдийн засгийн салшгүй хэсэг, эд эс нь, монголчуудын хурааж хуримтлуулсан нийт хөрөнгө эргэлтэд бүрэн орох тусмаа хөгжлийн хурдац нэмэгдэнэ гэдгийг хаа хаанаа ойлгож, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг нэг удаа хүлцэх хэрэгтэй байна. Хөрөнгөний эх үүсвэр буруу зөв, бохир цэвэр гэдэг асуудлыг шилжилтийн үетэй нь хамт хааж орхиод Монгол улсын нийт өмчийн балансыг Тэгээс эхэлье. 
Өөрөөр хэлбэл ОХУ-д хэрэгжүүлсэн шиг, эсвэл манай зарим хүмүүс яриад байгаа шиг эдийн засгийн өршөөлийн хууль гаргах биш, харин илүү өргөн далайцтай алхам хийе. Том харж том сэтгэе.
Өмч хөрөнгийн Тэг баланс хийснээр манайх ямар хэлбэрийн хичнээн хэмжээний өмчтэй нь тодорхой болно. Монгол улсын эдийн засагт эргэж буй мөнгөн хөрөнгийн хэд нь гар дээр байгаа, хэдэн хувь нь гадаадад байгаа нь тодорхой болно. Зах зээлийн энэ үед түүчээ нь болж хөтлөх  чадвартай хичнээн хөрөнгөтөн, хичнээн том компани бий болсныг олж харна.  Шилжилтийн хугацаанд хэн нь дундаж хөрөнгөтэй болж, хэн нь  өмчгүй, мөнгөгүй үлдсэн нь  ялгараад ирнэ. Ингэснээр улс өөрөө зах зээлийн төлөвлөлтөө зөв хийж, хөгжлийн зөв замаа тодорхойлж чадна. Мөнгийг хавтгайд нь тараагаад байх уу, үгүй юу гэдэг бодлого тодорхой болно.
Санхүүгийн чадавхи сайтай ямар компаниуд байгааг үнэн зөвөөр мэдсэний үндсэн дээр төр тэднээр юу хийлгэх, хэрхэн дэмжих, хүч боломжийг нь хэрхэн ашиглах бодлого тодорхой болно. Гаднаас босгосон бондын мөнгийг гаднын компани руу урсгаад алдчихдаг гаж үзэгдлийг арилгаж, үндэсний баялгийг үндэсний компаниуд бүтээдэг болгомоор байна.
Хувь хүн босгоод үндэсний  хэмжээнийх болгосон компанийг төр нь бодлогоор дэмжиж, олон улсын хэмжээнийх болгож яагаад болохгүй гэж? Монголд өөрийн Билл Гейтс төрж яагаад болохгүй гэж?
Нийгмийн дундаж хэсэгт хандсан бодлого тодорхой болно.  Нийгмийн сэтгэлгээг гүйцээгүй, өмчгүй, мөнгөгүй, юу ч үгүй үлдсэн хэсгээ хэрхэн анхаарах бодлогоо зөв тодорхойлж чадна.
Ингэж өмчийн хэмжээгээ бодитой тогтоож, эдийн засгийн чадавхиа зөв тооцож,  нийгмийн бүх давхаргад хандсан бодлогоо оновчтой тодорхойлоход л Тэг баланс хэрэг болно. Ингэж өмчийн Тэг балансаар зах зээлийн эрүүл уур  амьсгал бий болгохгүй бол, шилжилтийн үеийг цэглэж хөгжлийн үүдийг нээхгүй бол бид өнөөгийн байдлаараа хол явахааргүй байна. Зөрчил гаргавал л шоронд хориод, мөнгөтэй хөрөнгөтэй хэсгээ айдаст автуулаад байвал юу болох вэ? Хөрөнгө мөнгөний урсгал гадагшаа чиглэж, бэлтэй хэсэг нь дүрвээд гарчихвал хэн хожих вэ? Энд эргэлтэнд орж эдийн засгийг тэлж хөгжүүлж байх ёстой хөрөнгө харьд байх нь бидэнд ашигтай юу? Өнөөдөр нэг хэсэг нь өмчөө бүртгүүлэх гэхээр шоронд орчих гээд, мөнгөө ил гаргая гэхээр гэмт хэрэгтэн болчих гээд байгаа, төр засаг нь болохоор хариас бадар бариад, өр зээл тавиад явж байгаа утгагүй, ойлгомжгүй байдлаа өөрчлөхгүйгээр бид хөгжих үү?
Нийтлэг эрх ашгийн үүднээс шилжилтийн үеийг цэглэж, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг эргэж сөхөхгүйгээр хаасан хууль гаргаж, хүмүүс нуусан далдалсан хөрөнгөө ямар ч айдасгүйгээр ил гаргах, бүртгүүлэх, хууль  ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг нь бүрдүүлж өгмөөр байна.
Том үйл хэрэг том эрсдэл дагуулдаг, бас том сургамж авчирдаг нь жам ёсны гэмээр зүйл. Тэгэхээр шилжилтийн үед хэн хэрхэн хөрөнгөжсөн нь одоо чухал биш, харин нэгэнт хуримтлуулсан хөрөнгө, мөнгийг Монголын минь баялаг гэдэг том бодлогоор харж эдийн засгаа тэлэх, дахиад алдаа хийдэл гаргахгүйн тулд бүх өмчөө бүртгэн балансаа Тэгээс эхлэх, харин үүнээс хойш бол шударга бусаар хөрөнгөжих оролдлогод ямар ч орон зай өгмөөргүй байна.
Далд нууц байгаа ихээхэн хэмжээний хөрөнгийг ил болгох хууль эрхзүйн орчныг нь бий болгосноор зах зээл тэлж, үйлчилгээ нэмэгдэж, ажлын байрууд бий болохоос гадна хамгийн гол нь хүмүүс хардаж хагаралдаж биш харин хамтарч ажиллах сэтгэлгээ бий болно. Тийм учраас байгууллага, иргэд нуусан мөнгө хөрөнгөө хуулийн хамгаалалт дор ил болгох нөхцлийг нэн даруй бүрдүүлж өгье. Ингэж ил болгосныхоо дараа өмчөө Тэг балансаас эхлэе.
Татварын өршөөлийн хууль зургаан сар үйлчилж ердөө гуравхан мянган компани хамрагдахад 4 тэрбум  доллар ил болж, тухайн үедээ Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд онцгой нөлөөлсөн гэдэг. Миний хэлж байгаагаар хийж чадвал үр ашиг нь түүнээс хэдэн арав дахин илүү байх болно. Үүнийг би Монгол улсын хөгжлийн шинэ гараа болно гэдэгт итгэлтэй байна. Улстөрийн намууд, нийгмийн янз бүрийн төлөөллүүд энэ асуудлаар  харилцан зөвшилцөөсэй, ялангуяа эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс санаа оноогоо хэлээсэй, ажил хэрэг болгоосой хэмээн хүснэ.

Сэтгүүлч Б.Галаарид
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин. 2014.02.19.

Monday, February 03, 2014

Монгольская власть до сих пор притесняет буддийскую веру


Уралд аж төрөгч Сергей Куваев хэмээх эрхэм монгол судлаач бөгөөд өөрийн блогтоо миний бичсэн зарим зүйлийг үе үе орчуулан тавьдагт нь талархнам.

Статья из «Ламского журнала» («Лам нарын сэтгүүл». декабрь, 2010, №4). Автор – Урианхан Бадам-Очирын Галаарид, маститый журналист и любопытный писатель. И, помимо прочего, воспитанник моей альма матер – Уральского университета, где он окончил в 1989 году факультет журналистики
Государство почитает веру, вера уважает государство» - так решён вопрос взаимоотношений государства и религии в Конституции демократической Монголии. Охрана права граждан на свободное исповедование религии также стала государственной задачей.
Хотя в нынешней Конституции религиозный вопрос и решён столь корректно, но, если взглянуть на исторические обстоятельства попристальнее, то можно будет сказать, что почитаемый большинством монгольских верующих буддизм до сих пор «подвергается репрессиям» со стороны государства.
« При этом, несмотря на то, что государство обособилось от религии, оно не отказалось от главного символа монгольских буддистов – соёмбо. Связанный с этим клубок вопросов по сей день не распутан. Поясню, что имеется  ввиду.
В 1686 году Ундур-гэгэн Занабазар изобрёл письмо под названием «соёмбо». Если вспомнить, что языком древнеиндийских сутр это название означает «саморождённое», то не будет неуместным предположить, что при помощи своего письма соёмбо первый Богдо постарался отделить религиозные писания от «монгольского письма» - государственной письменности Монголии. Примеров тому достаточно и в истории других государств. В частности, однажды российский император своим указом постановил использовать разные письменности для государственных нужд, для религиозной литературы и для нужд обычных граждан. Впрочем, письмо соёмбо не смогло укрепиться в употреблении даже в религиозной сфере, хотя его заглавную букву и продолжали использовать в начале религиозных текстов и для украшения храмов вплоть до ХХ века.

29 декабря 1911 года, когда Монголия освободилась от гнёта маньчжуров и стала самостоятельным государством, знак соёмбо стал государственным гербом. Только с этого момента имевшая к тому времени многовековую историю монгольская власть сделала знак соёмбо своей эмблемой
Отсюда возникает вопрос – каким же образом знак соёмбо сделался государственным гербом? Письменность соёмбо изобрёл первый глава буддийской веры в Монголии, а его заглавный символ использовал в качестве личной печати (бирга). Его восьмой перерожденец, вновь увидавший Монголию независимой и правивший страной в качестве хана, совместил в себе государственную и религиозную власть, причём последняя оказала немалое влияние на первую. Указом восьмого Богдо покоящееся на белом лотосе соёмбо стало гербом государства. «Печать совмещающего государство и веру солнечносветлого Богдо-хана» была вырезана монгольским письмом, квадратным письмом и письмом соёмбо. Поскольку он был ханом-самодержцем, было использовано монгольское письмо, поскольку он возглавлял религию – было использовано придуманное его первым перерождением «соёмбо», а квадратное письмо Пагба-ламы – оттого, что тот в своё время явился зачинателем традиции сочетания государственной и религиозной власти в одном лице.
Несомненно, обретшее в 1911 году независимость монгольское государство ставило «жёлтую веру» выше себя. По этой же причине посередине государственного флага, исписанного священными письменами, поместили знак соёмбо, а на трёх язычках флага – «Ом, а хум», при этом использовали монгольское, тибетское письмо и (санскритский – С.К.) шрифт ланча. Помимо своей государственно-репрезентативной функции это знамя имело, согласно указу, задачу приглашения Майтреи и «вершения великих деяний веры». То же самое предписывалось делать хухутхам и хубилганам, храмам и монастырям.
Таким образом, совершенно ясно, что знак соёмбо стал символом монгольского государства именно из-за того, что восьмой Богдо сделался монархом Монголии. Так что история «страны золотого соёмбо» насчитывает от силы сотню лет, хотя обычаю скрепления религиозных предписаний Ундур-гэгэна печатью со знаком соёмбо и исполнилось уже несколько веков.
Тут всплывает ещё один вопрос, связанный с Богдо, который нужно разрешить. Перерожденцы Богдо Жавзандамбы испокон веку возглавляли буддизм в Монголии. Живой будда Богдо Жавзандамба, Панчен-Богдо и Далай-лама были фигурами равновеликими, равнозначимыми и сами решали те или иные связанные с верой вопросы, возникавшие на возглавляемых ими территориях. По этой причине они самостоятельно определяли хубилганов, проживавших на подконтрольных им землях, однако что касается них самих, то в случае смерти одного из них двое других подтверждали истинность опознания его следующего перерождения.
В 1924 году монгольское правительство издало постановление, согласно которому на территории Монголии разыскивать хухухт и хубилганов официально запрещалось. И это постановление не отменено по сей день, а стало быть, и сегодня имеет законную силу. Следовательно, то, что в Монголии то тут, то там отыскивают хубилганов и хутухт – деяние противозаконное. Проблему монгольских верующих с приглашением либо отысканием главы веры официальные власти решать не собираются.
Буддийский первосвященник (хамбо-лама Гандантэгченлина – С.К.)  лишён права самостоятельно отыскивать или приглашать Богдо, и тот факт, что скрепляющая его личные предписания и указы печать до сих пор подчиняется мановению руки государственных мужей, я бы назвал продолжением притеснений.
Пусть же будет власть - властью, вера - верой, а история – историей.
Перевод Сергея Куваева

Эх сурвалж: http://oros-oros.blogspot.com/2012/08/blog-post_14.html

Thursday, January 02, 2014

Б.Галаарид: Сэтгүүлзүй хөлөг онгоцоор бол хайрдчихаад байна


Өнгөрч буй 2013 он улс эх орон болоод сэтгүүлзүйд ямар өөрчлөлт авчирсан жил байв?
Содон сонин үйл явдал арвинтай жил өндөрлөж байна. Тэр дундаа улстөрийн онцлог содон үйл явдал ихтэй жил байлаа.  Сэтгүүлзүйн тухайд нэгэн зууны түүхээ үнэлж цэгнэж, туулсан зам мөрөө эргэн харж, ололт амжилт, алдаа оноогоо тодорхойлсон жил байв. Монголын сэтгүүлчдийн эвлэл Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд олон ажил санаачилж хийлээ. Одоо ч хийж байна.
Оны төгсгөлд Монгол HD ТВ мэдээгээрээ нэр бүхий хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжилж, тэр нь нэлээд маргаан дагууллаа. Та үүнийг хэрхэн харав?
Сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг олон өнцгөөс харах сэдэл өгсөн нь сайн хэрэг. Бусдын асуудлыг хангалттай хөнддөг сэтгүүлзүй маань өөрийн дотоод асуудлаа ил ярилцаж эхэлсэн нь бас сайн хэрэг.
Тухайн мэдээний цаад зорилго юу байсан бэ?  
Захиалгат сэтгүүлзүй Монголд байна гэж нотлох гэсэн бололтой. Гэхдээ тэр төлбөр төлж түгээсэн мэдээллийг нь мэдээ гэхээсээ илүү сурталчилгаа гэвэл зохистой юм билээ. Шинэ ажил үйлчилгээний тухай төлбөртэй сурталчилгаа гэмээр ч юм уу? Тэнд гарч буй мэдээллийг нягтлаагүйд л асуудал байгаа болохоос биш төлбөр авсан нь асуудал биш.   
Монгол ТВ асуудлыг оновчтой гаргаж тавьж чадсан уу?
Минийхээр бол үгүй. Хэрвээ тэд улстөрийн нэг талыг барьсан нийтлэл, эсвэл хэн нэгэн хувь хүний нэр төрд халтай мэдээлэл бичээд түүнийгээ төлбөртэй нийтлүүлсэн бол жинхэнэ асуудал болох байлаа. 
Хүмүүсийн яриаг хэлэхгүйгээр нууцаар бичсэн нь мэдээллээ шударга бусаар олж авсан, ёс зүйгүй асуудал гэж хэвлэлийнхэн үзэж байгаа. Тэгэхээр тухайн хэрэглэсэн аргыг та юу гэж бодож байна вэ?
Санаа нь зөв, арга нь буруу байсан. Нэгэнт туршилт хийсэн юм бол дараа нь түүнийхээ тухай илэн далангүй яриад асуултаа нээлттэй тавьсан бол тэднийг хэн ч юу ч гэж тушгиж чадахгүй байх байсан.
Захиалгат сэтгүүлзүйг ил гаргасан нь сайн боловч хэвлэл мэдээллийн салбарыг олон нийтэд сул дорой, муухай харагдууллаа гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд хараад байх шиг?
Төлбөртэй өгсөн юм гээд мэдээллийг нягтлахгүй байж болохгүй ээ. Энэ бол яалтчгүй бүдүүлэг алдаа. Бүгд л “Монгол” телевиз рүү дайрч байна. Аль аль тал нь өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Тэгж байж энэ салбарт эрүүл байдал бий болно. Байгууллагын манаач унтаж байгаад юмаа алдчихаад “Энэ хулгайч намайг сэрээлгүйгээр гэтэж орсон учраас би буруугүй” гэж хэлж болохгүй биз дээ. Муухай байгаа бол муухайгаа, нүцгэн байгаа бол нүцгэнээ хэлж чаддаг, түүнийгээ засч залруулж чаддаг байх нь сайн чанар. 
Энэ асуудал цахим ертөнцийн гол сенсаци болсон. Фэйсбүүк, твиттерээр жиргэж байгаа хүмүүсийн жиргээг юу гэж бодов?
Цахим сүлжээ бол олон нийтийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх талбар. Зарим нь үнэн сэтгэлээсээ бичнэ, зарим нь маазарч бичнэ, зарим нь бусдыг доромжилж таашаал авна. Зарим нь бодлогоор дуугарна. Тийм болохоор ялгаа заагтай, эрүүл саруулаар хандахыг л хичээсэн. 
Төлбөрт мэдээллийн асуудал хуулинд хэрхэн, яаж тусгагдсан байдаг вэ? 
Энэ далимд манайхан Зар сурталчилгааны тухай хуулийг сайн судлаасай.  
Сэтгүүлзүйн худалдагдсан байдлыг хэн, яаж засаж залруулах вэ?
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, та бид бүгдээрээ хичээмээр байна. Адгийн тэнэгт ч гэсэн эрхэм нандин юм гэж байдаг даа. Сэтгүүлчдийн хувьд тэр нь ёс зүй, мэргэжлийн нэр хүнд, хараат бус байдал. Харамсалтай нь манай салбарын олон хүнд эдгээр үнэт зүйлийн үнэр ч алга болж дээ. Монголын сэтгүүлзүй ёс суртахууны хувьд хүрч болох доод хязгаартаа хүрч, хөлөг онгоцоор бол хайрдчихаад байна. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан муу муухай зүйлсээ хитэг давуулан чулуудахгүй л бол хайрдсан чигтээ байсаар байх болно.
Ярилцсан таньд баярлалаа.
Ярилцсан: Ж.Дагийсүрэн
Эх сурвалж: www.aravt.mn 

Tuesday, August 06, 2013

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид: “Үзэсгэлэнт байгалиа мухар сүсгийн золиос болгомооргүй байна


        Далд үзэгдэл судлаач, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-ны орчмыг цэвэрлээд ирсэн билээ. Түүнийг бөө мөргөлийн чиглэлээр олон жил судалгааны ажил хийж явааг уншигч та мэдэж байгаа. Тэрээр гурван сард “Мөнх тэнгэрийн ухаан” лекцээ хүмүүст үнэ төлбөргүй уншиж, тэнд очсон олон хүнийг гэгээрүүлж, ухааруулж чадсан. Түүнтэй уулзаж цөөн хорол хөөрөлдсөн юм.

-Та сая хэсэг хүмүүсийн хамт “Ээж мод” яваад сайн дураараа цэвэрлээд ирсэн. Яагаад ийм ажил санаачлах болов ?

-Өнгөрсөн сард би “Амьд байгалиа хайрлая” нэртэй сайн санааны аяныг санаачилж байгаагаа зарласан. Энэ маань тохиолдлын хэрэг байсангүй. Манайхны байгаль дэлхийдээ хандах хандлага даанч хүйтэн хөндий, эзэн сэтгэлгүй байна. Ургаа модонд уясан хадаг яндар эцэст нь тэр модоо үхүүлж байна, энд тэнд хаясан хог хаягдал амьд байгалийг мөхөөж байна. Ялангуяа сүсэг бишрэлтэй холбоотойгоор орчноо бохирдуулж байгааг асуудалд олон нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг  ойлгосон учраас ийм санаачлага гаргасан юм. Жиргээчид, сэтгүүлчид, жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, лам бөө гээд нийгмийн бүхий л төлөөлөл үүнийг маань дэмжсэний үр дүнд өнгөрөгч бямба гарагт 50 гаруй хүн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг “Ээж мод”-ны орчмыг бүрэн биш ч боломжоороо цэвэрлээд ирсэн. Тэр хавийн мод болгоныг хадгаар багласан учраас хэдхэн жилийн дараа тэр үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ мөхөх аюул тулгараад байгаа юм. Бидэнд туслаж дэмжсэн, хамт явсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

-Монголчууд эрт дээрээс л хадаг яндрыг бурхантайгаа зэрэгцүүлж шүтсээр ирсэн. Тийм нандин зүйлийг хаа хамаагүй уяж зангидах нь зөв үү?

-Уг нь ч эдийн дээд хадаг л гэдэг байлаа. Сүүлийн үед хадагны үнэ цэнэ даанч их унасан. Булаг рашааны эх, бут сондуул, ургаа мод, унанги дархи, гүүрний хашлага, хашааны шон гээд хаа л бол хаана хадаг уяастай. Ингэж болохгүй гэдгийг учир мэдэх хөгшид, лам хуврагууд бүгд л хэлж байна. Мухар сүсэг газар авсан учраас даанч сонсож ухаарахгүй нь бололтой. Тийм болохоор л “Ээж мод”-ыг сонгож цэвэрлэсэн юм. Олон түмнийг сануулж сэрүүлэх гэсэн оролдлого л доо. 
-Эсэргүүцэх хүн олон байна уу?

-Байна аа, байна. Хүмүүсийн сүсэг бишрэлд ингэж халдаж болохгүй л гэнэ. Хэсэг хүний сүсэг бишрэлийг хүндэлж байгаа нь энэ гэж дураар нь дургиулаад үлдсэн хүмүүс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулаад, унаган байгалиа сүйтгүүлээд суух юм уу? Түүний оронд буруу гэдгийг нь хэлээд ойлгуулаад, нэгэнт тарьсан хогийг нь цэвэрлээд өгөх нь дээр биз дээ? Биднийг муу хэлэх яах вэ, иргэдийн маань ухамсар бага ч болов дээрдэж, ургаа модоо бага ч болов хайрладаг болвол том дэвшил.

-Ингэж хадаг уях ёс хэзээнээс дэлгэрчихэв ээ? Бөөгийн ёс уу, ламын ёс уу?

-Алиных нь ч ёс биш. Амьд байгалиа сүйтгэх ёс алинд нь ч байхгүй. Энэ бол манайхны мухар сүсгийн илэрхийлэл. Худлаа мэдэмхийрч, элдэв зан үйл бодож олон сүсэгтэн олныг мунхруулагчид, бусдын итгэл сэтгэлээр бизнес хийгчдийн л гай нь ийм гамшиг дагуулж байгаа юм.

-Модонд уясан хадгийг авч хаявал лус хилэгнэдэг гэх юм? Та айхгүй байна уу?

-Хүнээр зүйрлээд үзье. Мөч бүхнийг  нь хүлж баглаад үхүүлэх гэж байгаа хүнд баярлах уу, тэр хүлээсийг тайлж гарцаагүй үхлээс аварсан хүнд баярлах уу? Хүн амьдралдаа ядаж нэг мод тарих ёстой гэдэг дээ. Тэгвэл тарчилж буй модыг үхлийн савраас аврах ч бас буян л байж таарна даа. Зөв юм хийж байгаа болохоор юунаасаа айх билээ дээ. Хадам ээж минь ная гарсан хөгшин бий. Биднийг ийм ажил хийгээд ирснийг сонсоод “Хүүхэс минь буянтай сайхан ажил хийж” гээд уйлсан. Тэр сайхан сэтгэлээс илүү том шагнал гэж байхгүй. Би урамшсан, омогшсон.

-Хадаг уяад байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүст ингэх сэдлийг нь төрүүлээд байгаа тэр лам бөө, домч засалч хүмүүс хамгийн түрүүнд ухаараасай гэмээр байна. Аргаа бараад өөрт чинь хандан тусламж хүссэн нэгний гарт хадаг бариулаад ургаа мод руу явуулах нь “Чи сайн сайхан болохын тулд тэдний нялх балчир хүүхдийг боогоод алчих” гээд олс атгуулаад илгээхтэй агаар нэг. Ийм буян нүглийг ялгахгүй хүнд итгэх нь зөв үү,  буруу юу гэдгээ иргэд маань ч цаашид эргэцүүлж бодоорой.

-Бөө нар модон дунд хадгаар хүрээ татаад орхичихдог, түүнд нь хүмүүс халдаж хүрэхгүй юм. Энэ ер нь хэдийнээс улбаатай ёс вэ?

-Ямар юмных нь ёс байхав дээ. Сүүлийн үед бий болсон буруу үзэгдэл. Уг нь бөө нар хээр хөдөө бөөлөхдөө хүрээ татаж хамгаалалт тавьдаг ёс бол бий. Тэгэхдээ сүү, тариа будаа тойруулан цацаж хүрээ татлаа гэж домнодог, олс дээс, сур аргамжаар хүрээ тавиад үйлээ дуусмагц хураагаад авчихдаг, эсвэл чулуугаар хүрээ татдаг байсан байна. Яаж ч бодсон байгальд хоргүй байгаа биз дээ. Тэгж л хүрээ тавих гээд байгаа бол энэ уламжлалаа сэргээцгээ гэж хэлмээр байна.  

-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

- “Амьд байгалиа хайрлая” аяныг бүх нийтийн хөдөлгөөн болтол нь өргөжүүлэхийг хичээнэ. Ямар ч айл хэд хоноод орон гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Тэгвэл монголчууд бид ядаж хавар, намартаа ганц ганц удаа орон даяараа  ийм цэвэрлэгээ хийж, хог буртагнаасаа салдаг албан ёсны өдөртэй болчих юмсан. Тэгвэл мөн хэрэгтэй еэ.

-Таны хувьд байгаль эхээ хүн хайрлахын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. Байгаль дэлхий маань амьд шүү, бидний л адил зовдог энэлдэг, бас баярладаг талархдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн бол байгальд халтай алхам хийхгүй дээ. Байгалийн сайхныг мэдэрдэггүй, онгон дагшин байгалиараа бахархдаггүй, түүнийг үр хүүхэд хойч үедээ үлдээх ёстойгоо ойлгодоггүй хүмүүс л байгаль хамгаалах аяныг эсэргүүцэх байх.  

-Таны “Мөнх Тэнгэрийн Ухаан” лекцэнд суусан. Сонирхолтой, бас их мэдээлэлтэй лекц байсан. Ганцхан би гэхгүй тэнд очсон бүх хүн тэндээс их юм мэдэж, ухаарч авсан байх. Тэгэхээр сүүлийн үед олширсон энэ олон бөө нараас жинхэнэ, худлааг нь яаж ялгах вэ?

-Мөнх тэнгэрийн ухаан бол бөө мөргөлөөс хамаагүй өргөн ойлголт юм шүү гэдгийг эхлээд хэлье. Энэ бол монголчуудын амьдрахуйн ухаан, оршихуйн ухаан, ертөнцийн зүй тогтлыг ойлгож түүнд зохицон аж төрөхүйн ухаан. Харин бөө мөргөл бол түүний нэгээхэн хэсэг нь төдий.
Худал үнэн бөөг таньж ялгахад хэцүү нь үнэн. Гэхдээ тэдний үг хэл, үйлдэл, байр байц нь монголчуудын өнө эртнээс дагаж мөрдөж ирсэн хүнлэг байх, чин шударгуу байх, аливаа шунал тачаалыг хазаарлан барих, ам андгайдаа үнэнч байх, ёс бусыг хийхгүй байх бичигдээгүй хуулиас гажиж байвал хуурамч бөө гэсэн үг.    

-Миний асуугаагүй ч таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Үйлийн үрийн өр төлөөс хатууг монголчууд минь ухаараасай. Амьд байгалиа хайрлаж, өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан нутгаа хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн төлөө хүн бүр хичээхсэн гэж л уриалмаар байна.

Эх сурвалж:www.aravt.mn