Tuesday, February 18, 2014

ТЭГ БАЛАНС


Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа  завсрын, түр хугацааны зүйлд бүр  их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү  шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна. Нийтийн өмч нэрийн дор хэн нь ч ямар ч өмчгүй байсан нийгмээс өмчийн олон хэлбэртэй эдийн засгийн эрх чөлөөт нийгэм рүү шилжихэд хугацаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өлгийтэй нялх байсан хүүхэд өрх толгойлох хүртэлх хугацаа зарах нь хэр бодитой вэ?  Үнэхээр шилжиж дуусахгүй байна уу, эсвэл шилжилтийн эцсийн цэгийг хаана хэзээ хатгахаа мэдэхгүй байна уу?
Хорин дөрвөн жилийн өмнө хувьдаа өнчин ишиггүй байсан мянга мянган хүн өнөөдөр өмчтэй, өөрийн гэсэн бизнестэй болж, хувийн сектор улс орны ачааны хүндийг нуруундаа үүрч байна. Тэд нийгмийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг аваад явж чадахуйц хэмжээнд нэгэнт хүрчээ. Монгол улсын 90 мянга гаруй  аж ахуйн нэгжийн 100 гаруйхан нь л төрийн өмчит компани бөгөөд хувийн өмч нийт өмчийн ерээд хувийг эзлэж байна.
Монгол Улс Парламентын засаглалтай болж, засаг захиргааны нэгж, бүтэц өөрчлөгдлөө. Иргэдийн  оюун санааны эрх чөлөө болоод бусад үндсэн эрхүүд баталгаажлаа.  Хууль эрхзүйн орчин эрс өөрчлөгдлөө. Татварын орчин шинэчлэгдэж олон төрлийн татварын систем үйлчилж эхэллээ. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйд ч өөрчлөлт гарч, асуудалд хандах хандлага нь эрс өөр болжээ. Өөрөөр хэлбэл шилжилт нэгэнт хийгдчихсэн, бүх зүйлд чанарын өөрчлөлт гарч, зарим нь анх байснаасаа 180 хэмээр эргэчихээд байна.    
Төрд хувьсгалын чанартай шинэчлэл хийх цаг нь болсныг  “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарласан. Тэрээр “Бид 24 жил дураараа хурдаллаа. Одоо мориноосоо буугаад ярилцах цаг болсон. Мориор бол морио сэлгэх, онгоцоор бол ээлж хийх цаг болжээ”  гээд том төрөөс ухаалаг төр өөд замнах арга зам, гарц, ирээдүйн дүр зургийг нь хүртэл танилцуулсан.
Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь гэмээр байна. Бид эдийн засгийн харилцаа, үнэлэмж, хандлагадаа эргэлт хийж, улс орноороо зах зээлд бүрэн шилжлээ гэдгээ албан ёсоор зарлаж,  Монгол Улсын өмчийн балансыг Тэгээс эхлүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалаас өмнө байсан хийгээд түүнээс хойш бий болсон нийт өмчийнхөө тоо хэмжээг үнэн зөв гаргаж, монголчуудын хэн нь ямар хөрөнгө орлоготой болсныг мэдэж байж бид хөгжлийн замаа зөв төлөвлөнө. Эдийн засгийн боломж нөөцөө зөв эргэлтэд оруулна.
Өнгөрсөн 24 жилд хүмүүс янз бүрийн аргаар хөрөнгөжсөн. Ганзагын наймаанд гүйж, гахай үүрэн зүтгэж бага багаар хуримтлалтай болсон нэг хэсэг бий. Өрөнд орж хоёр чихээ огтлуулахаас айлгүй зээл аван зүтгэсэн нэг хэсэг бий. Уул уурхайн салбараас боссон нь бий. Хуулийн цоорхой, төрийн хяналт сулаас буруу аргаар хөрөнгөжсөн нь бий. Дээрэм луйвар хийж, заль мэх гаргаж, бусдын нулимс урсган бэлжсэн хүмүүс ч бий. Энэ бүгдийг ухаж, хэн нь хэрхэн хөрөнгөжсөн түүхийг ярина гэвэл барагдашгүй хэрүүл, дарагдашгүй зарга үүснэ. Ер нь хүн амын тодорхой хэсэг хөрөнгөжих үйл явц ийм л замаар явдгийг бусад улс орны түүхээс бид хангалттай сайн мэднэ.
Хувийн өмчийг үзэн ядах сэтгэлгээний үлдэц, тэр надаас илүү их баяжчихлаа гэсэн атаархал, шударга ёс үйлчлэхгүй байгаад бухимдсан бухимдал, азгүйтсэн хэсгийн харамсал  зэрэг олон хүчин зүйл шударга ба шударга бус янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хүмүүс айдаст автах, хөрөнгө орлогоо  нуух, далд эдийн засаг хөгжих хөрс суурь болж эхэллээ.
Өнөөдөр Монгол улсын нийт бэлэн мөнгөний 40 орчим хувь нь гар дээр эргэлдэж, нийт өмчийн мөн тэр орчим хувь нь бүртгэлээс ангид байна гэсэн тойм судалгаа байна. Зарим нь мөнгөө гадаадад байршуулж, харийн улсуудад үл хөдлөх хөрөнгөтэй болж байна. Хууль хүчний байгууллага, АТГ-аас айгаад бусдын нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө нь үрэн таран болж, хүмүүс хоорондын зөрчил, бухимдал ихсэж байна. Хөрөнгөжсөн хэсгийн айдас, алдаан дээр нэг хэсэг нь тоглон өмч хөрөнгөнөөс нь хүссэнээрээ эс гэхэд чадахаараа салгаж байна. Энэ бүхний үр дагавар нь үзэн ядалт, хардалт, өс хонзон, дайсагнал авчирсаар  эцэстээ улс орны тогтворгүй байдал, хямрал руу л түлхэнэ. Нийгмийн аль ч давхаргын хэнд нь ч ашиггүй байдал руу л хөтөлнө.  Үүнээс хэн хохирох вэ? Монголчууд бүгдээрээ хохирно. Үүнийг хаа хаанаа ойлгож эрүүл ухаанаар хандах цаг нэгэнт болжээ.
Монгол хүний өмч бол хувь хүний өмчөөс гадна Монгол улсын эдийн засгийн салшгүй хэсэг, эд эс нь, монголчуудын хурааж хуримтлуулсан нийт хөрөнгө эргэлтэд бүрэн орох тусмаа хөгжлийн хурдац нэмэгдэнэ гэдгийг хаа хаанаа ойлгож, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг нэг удаа хүлцэх хэрэгтэй байна. Хөрөнгөний эх үүсвэр буруу зөв, бохир цэвэр гэдэг асуудлыг шилжилтийн үетэй нь хамт хааж орхиод Монгол улсын нийт өмчийн балансыг Тэгээс эхэлье. 
Өөрөөр хэлбэл ОХУ-д хэрэгжүүлсэн шиг, эсвэл манай зарим хүмүүс яриад байгаа шиг эдийн засгийн өршөөлийн хууль гаргах биш, харин илүү өргөн далайцтай алхам хийе. Том харж том сэтгэе.
Өмч хөрөнгийн Тэг баланс хийснээр манайх ямар хэлбэрийн хичнээн хэмжээний өмчтэй нь тодорхой болно. Монгол улсын эдийн засагт эргэж буй мөнгөн хөрөнгийн хэд нь гар дээр байгаа, хэдэн хувь нь гадаадад байгаа нь тодорхой болно. Зах зээлийн энэ үед түүчээ нь болж хөтлөх  чадвартай хичнээн хөрөнгөтөн, хичнээн том компани бий болсныг олж харна.  Шилжилтийн хугацаанд хэн нь дундаж хөрөнгөтэй болж, хэн нь  өмчгүй, мөнгөгүй үлдсэн нь  ялгараад ирнэ. Ингэснээр улс өөрөө зах зээлийн төлөвлөлтөө зөв хийж, хөгжлийн зөв замаа тодорхойлж чадна. Мөнгийг хавтгайд нь тараагаад байх уу, үгүй юу гэдэг бодлого тодорхой болно.
Санхүүгийн чадавхи сайтай ямар компаниуд байгааг үнэн зөвөөр мэдсэний үндсэн дээр төр тэднээр юу хийлгэх, хэрхэн дэмжих, хүч боломжийг нь хэрхэн ашиглах бодлого тодорхой болно. Гаднаас босгосон бондын мөнгийг гаднын компани руу урсгаад алдчихдаг гаж үзэгдлийг арилгаж, үндэсний баялгийг үндэсний компаниуд бүтээдэг болгомоор байна.
Хувь хүн босгоод үндэсний  хэмжээнийх болгосон компанийг төр нь бодлогоор дэмжиж, олон улсын хэмжээнийх болгож яагаад болохгүй гэж? Монголд өөрийн Билл Гейтс төрж яагаад болохгүй гэж?
Нийгмийн дундаж хэсэгт хандсан бодлого тодорхой болно.  Нийгмийн сэтгэлгээг гүйцээгүй, өмчгүй, мөнгөгүй, юу ч үгүй үлдсэн хэсгээ хэрхэн анхаарах бодлогоо зөв тодорхойлж чадна.
Ингэж өмчийн хэмжээгээ бодитой тогтоож, эдийн засгийн чадавхиа зөв тооцож,  нийгмийн бүх давхаргад хандсан бодлогоо оновчтой тодорхойлоход л Тэг баланс хэрэг болно. Ингэж өмчийн Тэг балансаар зах зээлийн эрүүл уур  амьсгал бий болгохгүй бол, шилжилтийн үеийг цэглэж хөгжлийн үүдийг нээхгүй бол бид өнөөгийн байдлаараа хол явахааргүй байна. Зөрчил гаргавал л шоронд хориод, мөнгөтэй хөрөнгөтэй хэсгээ айдаст автуулаад байвал юу болох вэ? Хөрөнгө мөнгөний урсгал гадагшаа чиглэж, бэлтэй хэсэг нь дүрвээд гарчихвал хэн хожих вэ? Энд эргэлтэнд орж эдийн засгийг тэлж хөгжүүлж байх ёстой хөрөнгө харьд байх нь бидэнд ашигтай юу? Өнөөдөр нэг хэсэг нь өмчөө бүртгүүлэх гэхээр шоронд орчих гээд, мөнгөө ил гаргая гэхээр гэмт хэрэгтэн болчих гээд байгаа, төр засаг нь болохоор хариас бадар бариад, өр зээл тавиад явж байгаа утгагүй, ойлгомжгүй байдлаа өөрчлөхгүйгээр бид хөгжих үү?
Нийтлэг эрх ашгийн үүднээс шилжилтийн үеийг цэглэж, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг эргэж сөхөхгүйгээр хаасан хууль гаргаж, хүмүүс нуусан далдалсан хөрөнгөө ямар ч айдасгүйгээр ил гаргах, бүртгүүлэх, хууль  ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг нь бүрдүүлж өгмөөр байна.
Том үйл хэрэг том эрсдэл дагуулдаг, бас том сургамж авчирдаг нь жам ёсны гэмээр зүйл. Тэгэхээр шилжилтийн үед хэн хэрхэн хөрөнгөжсөн нь одоо чухал биш, харин нэгэнт хуримтлуулсан хөрөнгө, мөнгийг Монголын минь баялаг гэдэг том бодлогоор харж эдийн засгаа тэлэх, дахиад алдаа хийдэл гаргахгүйн тулд бүх өмчөө бүртгэн балансаа Тэгээс эхлэх, харин үүнээс хойш бол шударга бусаар хөрөнгөжих оролдлогод ямар ч орон зай өгмөөргүй байна.
Далд нууц байгаа ихээхэн хэмжээний хөрөнгийг ил болгох хууль эрхзүйн орчныг нь бий болгосноор зах зээл тэлж, үйлчилгээ нэмэгдэж, ажлын байрууд бий болохоос гадна хамгийн гол нь хүмүүс хардаж хагаралдаж биш харин хамтарч ажиллах сэтгэлгээ бий болно. Тийм учраас байгууллага, иргэд нуусан мөнгө хөрөнгөө хуулийн хамгаалалт дор ил болгох нөхцлийг нэн даруй бүрдүүлж өгье. Ингэж ил болгосныхоо дараа өмчөө Тэг балансаас эхлэе.
Татварын өршөөлийн хууль зургаан сар үйлчилж ердөө гуравхан мянган компани хамрагдахад 4 тэрбум  доллар ил болж, тухайн үедээ Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд онцгой нөлөөлсөн гэдэг. Миний хэлж байгаагаар хийж чадвал үр ашиг нь түүнээс хэдэн арав дахин илүү байх болно. Үүнийг би Монгол улсын хөгжлийн шинэ гараа болно гэдэгт итгэлтэй байна. Улстөрийн намууд, нийгмийн янз бүрийн төлөөллүүд энэ асуудлаар  харилцан зөвшилцөөсэй, ялангуяа эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс санаа оноогоо хэлээсэй, ажил хэрэг болгоосой хэмээн хүснэ.

Сэтгүүлч Б.Галаарид
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин. 2014.02.19.

No comments: