Showing posts with label "Өөр өнгө" цуврал. Show all posts
Showing posts with label "Өөр өнгө" цуврал. Show all posts

Friday, December 17, 2010

Нэгэн шөнийн нойроо олон зуунаар солимуй

Яруу найрагч Х.Нямхишигийн шүлгийн шинэ түүвэр “Өөр өнгө” цувралд орж байна. Тэрээр алс баруун Алтайд төрж өссөн, төрмөл ухаанаа таримал ухаанаар бордож бантагнуулаагүй, эцэг өвгөдөөс залгамжилсан монгол ухаан нь элдэв төрлийн “изм”-д автаагүй цөлх нэгэн билээ. Нас залуу тэрбээр их хотын хөл ихт амьдрал руу тэмүүлсэнгүй. Би найрагч хэмээн цээж дэлдэж дөвчигнөсөнгүй. Буйдхан, эгэл даруухан, шоовдорхон ч гэмээр амьдарна. Талхны мөнгөө олохын тулд таарсан ажлаа хийнэ. Өрх гэрээ тэжээнэ. Үлдсэн бүхнийг шүлгэндээ зориулна. Шүлгээр амьсгална. Тэнгэр түүнийг шүлэгч болгон заяажээ.

Гэгээрэл ухаарлыг олоход холхи одох, хотлыг тойрох хэрэггүй нь түүний:

Аглагийн даяанч өвснүүд

Малын шүдний тухай бясалгасаар

Манангаас өөрцгүйг нь

Ойлгож...” буй тухай шүлгээс нь тодорхой байдаг.

Шинэ гэгч төгс бус аа

Шилжээд л хуучин

Хуучин гэгч мөнх бус аа

Хувираад л шинэ” гэсэн мөрүүдээс ч энэхүү гэгээрэл нэвт мэдрэгдэнэ.

Түүний шүлэг бүр нь давтагдашгүй, эгээ л төрж өссөн Алтай нутгийнх нь ургаж гүйцсэн таана мэт шимтэй, амьдралыг өөрийн гэсэн өнцгөөс дуулж чадсан байдаг.

Голын эрэг дээрх хуучин дүнзэн байшинг хараад:

Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан

Дээрээс нь он цаг дарчихсан

Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад

Тоохоо больчихсон

Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад

Тойрдог болчихсон

Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг

Бас, чоно шиг ульдаг

Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг

Байшин биш шиг харагддаг

Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт

Дүрс нь голын усанд

Чулуу мэт . . . гэж уран зураг харагдтал бичиж чадаж байгаа хүнийг найрагч гэхгүй бол өөр хэнийг найрагч гэх юм бэ? Үеэ өнгөрөөж, цагаа элээсэн бүхний дүр нь хүртэл чулуу мэт хүнд байдаг нь яалтгүй амьдралын гашуун үнэн билээ.

Х.Нямхишигийг би жинхэнэ монгол найраг бичдэг залуу гэж боддог. Түүний уран бүтээлийн амин сүнс нь монгол ахуй. Харийн номноос хуулбарласан орчуулгын шинжтэй юм түүнд ер үгүй. Хаврын сүүл сарын тухай шүлэг нь үүний нотолгоо. Тэнд бэлчээрийн монгол морьд хаврын өдөр, шөнийг ямархан дүртэй өнгөрүүлдгийг товчхон дүрсэлж, хаврыг түүгээрээ дамжуулан илэрхийлж, зөвхөн Х.Нямхишигийнх гэх хаврын зураг бүтээсэн байдаг.

Сүрэг, сүрэг адуу

Сүүлэндээ нөмөрдөж хононо

Сүүдэртээ нөмөрдөж өнжинө

Үдшээр, дэлэндээ нөмөрдөнө

Үүрээр, зүүдэндээ нөмөрдөнө.

Гэссэн цасны эцсэн ус

Гээгдсэн хялгаснаас зуурсаар

Шилсэн мөрийн хонхорхойд унаж

Шингэнэ...” хэмээсэн түүний энэхүү шүлэг биднээс сэм сэмхнээ холдсоор байгаа, бид ч ягуухан зугуухан дайжсаар байгаа Монголын хөдөөгийн зурвасхан агшныг өгүүлсэн үгэн хөрөг юм. Тэрээр

Шорвог нуурын усанд

Шүүдрийн дусал

Шоовдор гэж дуу алдсан нь эгээ л өөрийнхөө шүлгүүдийг, өөрийнхөө өнөөдрийн амьдралыг хэлчихсэн мэт санагднам.

Хотжоогүй, эрлийзжээгүй, Монголоороо үлдсэн найрагчийн дурлалын тухай шүлэг нь хүртэл монгол ахуйн эгэлхэн атлаа өөр хаана ч байхгүй дүр зургаар дүүрэн аж.

Танайхаас явсан миний мөрийг

Танадаж жаахан ажаарай, бүсгүй минь

Чихэнд чинь дуулгаж амжаагүй

Чиний тухай шүлгээн би

Ташуу жалгын хунгарт

Ташуураар бичиж орхисон шүү

Тэр шүлгийг цэцэг болохлоор

Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь...”

Ганцхан Ли Бай л гараг эрхэстэй шүлгээрээ хүүрнэсэн юм биш. Тэнгэртэй ярьж, газартай хуучилсан, ододтой нөхөрлөж, наран саранд өчил дуулгасан үе үеийн монгол найрагчдын яруу тансаг мөрүүд, уран нарийн мэдрэмжид Х.Нямхишиг ч бас өөрийнхөөрөө хувь нэмж л явна.

Моддын буйд чөлөөнд

Могой хурхирахаас өөр аниргүй

Тэр төглийн дунд

Тэнгэр бидэн хоёр болзоотой.

Сөнгө улаан саранд

Сөөмхөн бийрээ дүрж

Нэгэн шөнийн нойроо

Олон зуунаар солимуй

Нэгэн шөнийн нойроо хасан байж, нэгэн биеийн жаргалыг умартан байж олон олон зуунд нэрийг нь дуурсгах бүтээл туурвихаар шамдах нь жинхэнэ уран бүтээлчийн тэмүүлэл. Тэмүүлэлтэй хүнийг тэнгэр тэтгэдэг билээ.

“Өөр өнгө” цувралын эрхлэгч Урианхан Б.Галаарид

2010 оны есдүгээр сарын 09.


Жич: Х.Нямхишиг сургуульд сураагүй ч бие даан бичиг үсэг сурч, өөрийгөө боловсруулж, хэнтэй ч ном хаялцах хэмжээнд хүрсэн нэгэн. Намтар түүх нь товчхон. Малчин байсан, одоо ажилчин болсон. Тэгээд л гүйцээ. Тэрээр эгэл даруухан, нам гүмхэн амьдардаг. Шүлгүүд нь харин эзнээсээ тэс ондоо. Түүний шүлгүүд утга гүн, санаа уран, бардам омголон, бас ухаарал гэгээрэл төгс. Түүний дөнгөж сая хэвлэлтээс гарсан "Зун гээсэн чөдөр" шүлгийн түүврийг та зориуд нэг уншаарай.

Sunday, November 14, 2010

Х.Нямхишиг гэдэг сайхан шүлэгчийн шинэ ном мэндлэх гэж байна

Манай "Цалиг" хэвлэлийн газар энэ жил бас ч гэж дориун ажиллачихжээ.
Я.Одгэрэлийн "Цэнхэр уруул", Т.Пүрэвжаргалын "Ганц улаан навч", Л.Мөнхчимэгийн "Зүрхэн хэлбэрт үүл", Б.Батзаяагийн "Баяртай, гуниг минь" номуудыг редакторлаж, эхийг нь бэлтгэж, хэвлүүлж, бас бага сага сурталчилгаа хийлгэсэн байна. Тэр бүр залуу уран бүтээлчдийн өмнө ийм "ногоон гэрэл" асдаггүй л байх.
Хэвлэлийн газрын маань "Өөр өнгө" цувралын редактор, яруу найрагч Б.Эрдэнэсолонго, шог зохиолч, дөнгөж сая "Тусгай салаа"-гаараа Монголын үзэгчдийг байлдан дагуулаад буй А.Амарсайхан хоёр маань надад их тус болох юм даа.Номонд өмнөтгөл бичнэ, "бөөс хуурсыг" нь түүнэ, гар бичмэлийг ном хэлбэрт оруулна гэдэг шат дамжлага ихтэй ярвигтай ажил шүү. Тэгээд ч энэ бүхнийг сайн дурын үндсэн дээр хийж, надтай цуг "субботниклоно" гэдэг энэ цаг үед, тэгээд ид хийж бүтээх насан дээрээ яваа улсад тээртэй байж болно оо доо. Гэвч тэд маань яаж ийгээд зав гаргаж, Монголын утга зохиолын залуу үе өсч торниход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа сайн залуус, сэтгэл сайтай хүмүүс билээ.
Би жаахан цаг гарвал залуучуудынхаа ном тус бүрийн талаар өгүүлэхийг бодно. Харин энэ удаа гараагүй байгаа, гарах гээд дуншиж буй нэгэн номын тухай яримаар санагдаж хэл загатнаад байна. Яагаад гэвэл би дөнгөж сая эцсийн уншилтыг нь хийж,сайхан шүлгэнд сэтгэл хөдлөөд ном нь гарахаас өмнө ганц ч болов шүлгээс нь андууддаа хэлж өгмөөр санагдлаа.
Х. Нямхишиг гэдэг энэ залуу өдгөө Эрдэнэтэд аж төрж, шүлгээ бичиж суугаа.Түүний шинэ ном нь "Зун гээсэн чөдөр" гэдэг нэртэй.
Тэрээр "Бүх яруу найрагчдад" гэсэн тодотголтойгоор:
Шорвог нуурын усанд
Шүүдрийн дусал
Шоовдор... гэж хэлсэн нь их хүчтэй сонсогдож байгаа биз?

Дурлалын минь нутагт
Зун болдог цагаар
Дуутай цагаан аадар
Зуурхан асгараад намдана
Намдмагц нь
Нойрны зүүдэн цэцэгс
Намайг хучин ургаж
Нойтон цагаан хус
Навчаа даахгүй гудайна
Дурлалын минь нутагт зун...
Дулаан бүрдийн нууранд хун... гэсэн шүлгээс нь монголчууд нарийн нууцлаг зүйлийг битүү тойруу хэллдэг уламжлал, тийн битүү боловч тов тод өгүүлэх ур хоёр сайн харагдана.

Адуут их хээр талын
Туурайн сиймхий зайцад
Анир гүмхэн хөх алсын
Туулайн зүүд шиг дайдад
Сарны бүүвэйнд үнэгчилж
Салхи гижигдэж ургасан
Би
Бөглүү хөх буйдын
Бөгтөр хөх өвс өө
Хавар хэмээх учралын
Хачин гоё хором дор жаргаж сагсуурсан
Бороо хэмээх дурлалын
Болор болор сархдыг залгиж согтуурхсан
Намар хэмээх хагацлын
Налуулж айсах агшинд залбирч сөгдсөн
Шүүдэр хэмээх гунигийн
Шүлгэн шүлгэн дарсыг завилж сөгнөсөн...
Зун хэмээх сархдын
Зугаа, инээд хоёрт сагаж бялуурсан
Нар хэмээх хайрын
Нандин гэгээн илчинд сарвайж бадамласан
Өвөл хэмээх зовлонгийн
Өрөвдөх нь үгүй жаварт сагсаргалж жиндсэн... гэсэн нэлээд урт, тэгэхдээ нэг л халгиж цалгисан эрч хүчтэй шүлэг нь надад маш их таалагдаж байгаа. Энэ мэт олон сайхан шүлэг бий.Ингээд бичээд байвал зөндөө л юм байна. Зогсоё доо.
Залуу найрагчийн ном худалдаанд гарах үеэр нь мэдээлнэ ээ.