Showing posts with label Сэтгүүлзүй. Show all posts
Showing posts with label Сэтгүүлзүй. Show all posts

Thursday, March 06, 2014

Б.Галаарид: Үндэсний сэтгүүлзүйн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлмоор байна


Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридтай сэтгүүлзүйн гал тогоонд өрнөж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Монголын сэтгүүлчдийн эвлэл 100 жилийн түүхэн ойгоороо ямар ажил амжуулав?
-Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг үндсэндээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн.
Энэ түүхт ойг тэмдэглэх шийдвэрээ МСЭ 2012 оны гуравдугаар сарын 6-нд анх зарласан.  2013 оны гуравдугаар сарын 6-нд үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн баяраа тэмдэглэж, нэг жилийн бүтээлч ажлын аян зарласан. Өнөөдөр бид 100 жилийн ойн хаалтаа хийж, шинэ зуун буюу хоёр дахь зууныхаа түүхийг эхэлж байна.
МСЭ сэтгүүлзүйн толгой байгууллагын хувьд энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг санаачилж, гардан зохион байгуулж, удирдаж ажиллалаа. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид түүхт ойгоо тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төв, орон нутаг, хаа сайгүй олон ажил зохион байгуулсан.
Үр дүн ч сайн байна. Сэтгүүлзүйн шүүмж судлалын түүхийн асуудлыг анх удаа томоор хөндөж, таван товхимол гаргалаа. Үндэсний сэтгүүлзүйн анхдагчдыг мэргэжлийн байгууллагын хувьд батламжлан тодруулах, баталгаажуулах ажлыг санаачилж хийлээ.
Энэ ажил маань цаашид ч үргэлжилнэ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадмыг зохион байгууллаа. Төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон авьяастныг хамарсан том арга хэмжээ болсон. 
-Сэтгүүлзүйн түүхийг тодлох талаар нэлээд ажиллах шиг болсон?
-Тэгсэн. Манай байгууллага 1980-аад оны сүүлээс эхлэн архивын бүрдүүлэлтээ орхичихсон байсан. Бид боломжоороо материал бүрдүүлж архивт шилжүүллээ. Цахим архивтай боллоо. Монголын сэтгүүлчдийн сүлд дуу бий болгож, МСЭ-ийн удирдах дээд байгууллага батламжиллаа.
Монголын сэтгүүлзүйн хамгийн, хамгийныг манай сэтгүүлзүйн чиглэлийн эрдэмтэн, докторуудын бүрэлдэхүүнтэй баг тодруулж, тусад нь ном болголоо. Мөн “Монголын сонины шинэ давлагаа” гэдэг томоохон хэмжээний ном гаргаж, 1988-1998 оны хооронд гарсан  ихэнх сонины анхны дугааруудын тухай мэдээлэл оруулсан.
Эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн уншигчид ч хэрэгтэй, сонирхолтой ном боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ дурсамж ярилцлага, уулзалт нэвтрүүлгүүд олныг хийлээ. Спортын цуврал арга хэмжээнүүд зохион байгуулсан. Хэд хэдэн аймаг өөрийн орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэлийг гаргасан гэх мэтээр олон ажил хийжээ.
-Хэлмэгдэж, хохирсон сэтгүүлчид, тэдний ар гэрээс уучлал гуйх, архигүй арга хэмжээ зохион байгуулах  зэрэг олон содон ажил хийсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян тэргүүтэй хорь шахам сэтгүүлчдийг тухайн үеийн нийгмийн тогтолцооны золиос болоход нь хамгаалж чадаагүйнхээ төлөө МСЭ 2012 онд уучлал гуйсан. Энэ маань олны талархал хүлээсэн сайн арга хэмжээ болсон. Үндэсний сэтгүүлзүйн100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь өөрөө маш том ажил байлаа. МСЭ аливаа арга хэмжээг архи дарсгүй тэмдэглэх санаачлагыг анх гаргаж, 100 жилийн ой болоод дараа дараагийн томоохон арга хэмжээнүүдийг архи дарсгүй тэмдэглэсэн. Энэ маань цаашид соёл болон өвлөгдөх байх.
Мөн аливаа  арга хэмжээнд заавал улстөрчид, дарга даамлыг урьж оролцуулдаг, тэднээр арга хэмжээнийхээ рейтингийг тодорхойлдог жишиг нийгэмд хэвшчихсэн байдаг. МСЭ үндэсний сэтгүүлзүйн 2013 оны шилдгүүдээ шалгаруулахдаа энэ жишгээс албан ёсоор татгалзаж, нэг ч улстөрчийг  урилгүйгээр зөвхөн хэвлэл мэдээлийн салбарынхнаа цуглуулсан нь шинэлэг, өвөрмөц ажил болсон.
-100 жилийн ойд  зориулж олон ажил хийжээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хүмүүст өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Сэтгүүлчдийн нийгмийн асуудал хүндэрлээ, энэ талаар юу хийх вэ гэж олон хүн асуухыг хүсч байгаа болов уу?
-Хөдөлмөрийн харилцаа нь цэвэр Үйлдвэрчний эвлэлийн ажил байдаг. МСЭ Төрийн бус байгууллагын тухай хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулдаг учраас энэ асуудалд оролцоход их ярвигтай. Ер нь ТББ-уудын орж чаддаггүй ганц асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Гэхдээ энэ салбарт хүчирхэг ҮЭ байхгүй учраас бид дам утгаараа тэднийг орлох гэж оролддог.
Гомдол бол манайд олон ирдэг. Тэр болгонд бид тухайн ажил олгогчтой холбогдон нөхцөл байдлыг ойлгуулж, сэтгүүлчдийг хохиролгүй болгох асуудлыг хөнддөг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хэрхэн ҮЭ байгуулах вэ гэдэг асуудлаар зөвлөмж зөвлөгөөг бид байнга өгдөг. Үйлдвэрчний эвлэлийг сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгуулдаг хуультай. Хөндлөнгөөс зохион байгуулж, удирдан чиглүүлж болдоггүй учраас бидний ажил зөвлөгөө өгөх төдийгөөр хязгаарлагддаг. Уг нь ҮЭ бол айгаад байхаар зүйл  биш гэдгийг манай ажил олгогчид  ойлгох ёстой. Харин ч тэдний ажлыг нь хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.
Тиймээс манай сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлээ байгуулаасай. Байгуулсан цөөн хэдэн Үйлдвэрчний эвлэлүүд нь хоорондоо маш сайн холбоотой ажиллаасай гэж хүсдэг. Үүнд нь туслахыг оролддог.Манайд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч олон үйлдвэрчний эвлэл байхгүй шүү дээ. Дөрөв, тавхан үйлдвэрчний эвлэлтэй. Бусад нь байгуулж чадахгүй байгаа. Тиймээс хүчирхэг үйлдвэрчний эвлэлийг өөрсдөө байгуулж, эрх ашгаа хамгаалах нь манай сэтгүүлчдийн өөрөө өөрсдийнхөө төлөө хийх ёстой ажил юм. МСЭ хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
-Сэтгүүлчдийн ур чадварын асуудал өнөөдрийн энэ цаг үед их хөндөгдөж байна. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд тодорхой хэмжээний үнэлэлт, дүгнэлт өгнө байх?
-Өнөөдрийн сэтгүүл­зүй хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ ямар ч цаг үед зайлшгүй байх ур чадварын шалгуур үзүүлэлтүүд бий. Жишээлбэл, утга найруулга сайтай, алдаагүй зөв бичих ёстой, эсвэл тухайн бичвэр маань өөрөө тодорхой стандарт шаардлагыг хангасан байх ёстой гэдэг  ч юм уу.  Сайн сэтгүүлч ер нь байгалиасаа төрмөл байдаг. Тэр төрмөл хүмүүс хүссэн ч, хүсээгүй ч энэ салбарт төд удалгүй ялгараад гараад ирдэг юм. Харин бусад нь энэ хүмүүстэй эн тэнцэхүйц төвшинд очихын тулд ур чадвараа хөгжүүлж, хичээх шаардлагатай.
Өнөөгийн цаг үе ачаалал их, хурдтай болчихсон учраас сэтгүүлчид маань танхимд суугаад өөрийгөө боловсруулах талдаа учир дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгүүлчийн мэргэжил бол хийнгээ суралцдаг өвөрмөц онцлогтой. Өдөр тутмын ажлаасаа суралцдаг, хөгждөг онцлог мэргэжил шүү дээ. Сонины сэтгүүлчид өдөр тутам цаастай ноцолддог учраас найруулга зүй,  зөв бичгийн дүрмийн алдаа нь амархан цэгцэрч засардаг. Харин цахим орчинд ажиллаж байгаа сэтгүүлчдэд арай өөр хэлбэрийн сургалтын арга барил шаардлагатай юм болов уу гэж анзаарагдаж байна. Шинэ салбар учраас яг ямар арга зүй хэрэгтэй вэ гэдэг нь амьдралын явц дундаас тодрох нь ойлгомжтой.
-Хэвлэл мэдээллийн салбарт байгаа хүмүүс өөрсдөө нийгмийг түүчээлэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарын ёс зүйн талаар зарим нь шүүмжлэлтэй ханддаг?
-Ёс зүй гэдэг нь тухайн салбарын, тухайн ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хууль гэсэн үг. Ёс зүйг хуульчлан баталгаажуулдаггүй. Ёс зүй өөрөө бүрэлдэн бий болдог. Манай салбарын хувьд ёс зүйн асуудал ярвигтай байгаа нь үнэн. Ямар байх ёстой, ямар болчихоод байгааг бүгд мэднэ. Гэхдээ ийм болчихлоо, яах вэ гэж гаслахдаа гол нь биш. Зөв гарц олох ёстой. Бид олон юмаа золиослон байж, бас урьд өмнө нь огт таарч тулгарч байгаагүй олон асуудлыг даван байж шилжилтийн үеийг гэтэлсэн. Одоо хөгжлийн тухай, зөв замаар хөгжих тухай ярих цаг болсон. Хэн нь ямар замаар явж ирсэн тухай ярих сонин биш. Харин хэрхэн цаашаа хөгжих тухай яриа л чухал.  Энэ салбарт ихээхэн хэмжээний капитал нэгэнт хуримтлагдлаа. Энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийчихсэн,  хэзээ ч энэ салбарыг орхиод явахгүй нь тодорхой хэсэг бий болсон.
Тэгэхээр сэтгүүлзүйн өнгийг тодорхойлж чадаж байгаа, энэ салбарын манлайлагч нь болсон  гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, тэдний хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажиллагсад маань зөвшилцөж байгаад нийтээрээ дагаж мөрдөх алтан дүрмийг  тодорхойлж, бусдыгаа үлгэрлэмээр байна. Зөв замаар явмаар байна. Алтан дүрмээ дагаж мөрдөж чадаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг төр нь бодлогоор дэмждэг, бүтээгчид нь ч санхүүгээр дэмждэг, мэргэжлийн байгууллагууд нь ч бүх талаар хөхиүлэн дэмждэг болчихвол буруу чиг хандлагыг амархан залруулж болно. Буруу үйлдэл муухай харагддаг болно.Түүнээс биш тийм байх ёстой гэж дээрээс зааж зааварлаад үр дүнд хүрэхгүй. 
-Сүүлийн үед өрсөлдөх чадвар гэж их ярьдаг болсон. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадвар ямар төвшинд байдаг юм бол?
-Монголын сэтгүүл­зүй гэдэг тогоон доторхи сэтгүүлчдийн ур чадварын асуудал, үнэлэмжээс ихээхэн хамаарна гэж би боддог. Үнэлэмжийн нэгдсэн тогтолцоо бий болговол сэтгүүлчид өөрийгөө чадваржуулах эрмэлзлэлтэй болно. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн ийм чадваруудыг эзэмшсэн байвал ийм төвшнийх гэсэн шалгуур үзүүлэлтийг бий болгох цаг нь болсон. Ур чадвар, туршлага, хэл, IT-ийн мэдлэг болон бусад үзүүлэлтийг нэгтгээд тухайн сэтгүүлчийн үнэлэмжийг тогтоодог болмоор байна. Гэхдээ үүнийг хэн дуртай нь хийж, сертификат зардаг бохир бизнес болгож болохгүй. Өнөөдөр өмгөөлөгч, хуульчдыг ур чадвар, туршлагаар нь үнэлж, ямар нэгэн хэрэг өмгөөлүүлэхдээ тохирсон хөлсийг нь төлөөд явж байна шүү дээ.
Эсвэл сайн эмчид ахиу мөнгө төлж баталгаатай сайн үйлчилгээ авчихаж байна. Бусад салбар ингэж болоод байхад сэтгүүл зүйн салбарт үнэлэмжийн тогтолцоо байж яагаад болохгүй гэж. Өнөөдөр сургууль төгсөөд ажилд орж байгаа залуу хүн, энэ салбарт 20 жил ажилласан сэтгүүлч хоёр шинэ ажлын байранд очлоо гэхэд адилхан цалин хөлстэй буюу гарааны нөхцөл нь ижил төвшинд байгаа.
Ийм байхад сэтгүүлч хүн өөрийгөө хөгжүүлэх, үнэлэмжээ нэмэх талаар нэг их санаа зовохгүй. Тэр нь эргээд сэтгүүлзүй гэдэг салбарынхаа чанарт нөлөөлөөд байна. Үнэхээр чадвартай, мэргэжлийн байгууллагуудын бий болгосон шалгуур үзүүлэлтүүдийг давж чадсан тэр сэтгүүлчийг хаана ч очсон тэдэн төгрөгөөс доош цалин олгохгүй гэдэг ч юм уу,  ер нь ийм үнэлэмжийг бий болгомоор байгаа юм. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийг ажилласан жилээр нь үнэлж болохгүй. Олон жил ажилласан боловч чадвар муутай сэтгүүлч зөндөө байдаг. Гэтэл гуравхан жил ажиллаж байгаа ч 30 жил ажилласан сэтгүүлчээс илүү чадвартай бол тэр хүн илүү цалин авдаг, илүү үнэлэгддэг л байх ёстой.
-Өнөөдөр сэтгүүлзүй­тэй холбоотой их олон шүүмжлэл явдаг. Тухайл­бал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэтэрхий олон байна. Үүнийг цөөлж хаая гэх нь ч бий?
-Ямар нэгэн байдлаар хаалт, цензур тавьж ерөөсөө болохгүй. Зах зээлийнхээ жам ёсоор шалгарч үлдэх нь үлдээд, дампуурах нь дампуурна.  Хувь хүн хөрөнгөө оруулаад, эрсдлээ өөрөө үүрээд явж байгаа бизнест ямар ч хаалт хэрэггүй. Хууль зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг нь үүрүүлээд бусад жам ёсны асуудлыг зах зээлд нь даатгаад л орхичих хэрэгтэй шүү дээ. Амьдрах нь амьдраад, дампуурах нь дампуураад нэг л мэдэхэд манай зах зээлийн багтаамж, чадавхид таарсан цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үлдэнэ. Ердөө цаг хугацааны л асуудал. 1990-ээд оны эхний хагаст гарч байсан мянга гаруй сониноос өнөөдөр хэд нь байна?
-Үндэсний сэтгүүлзүйн түүхийн хоёр дахь зуун эхэлж байна. Энэ сайхан мөчид та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Мэдээж 100 жилийн дараахыг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа бол?
-Үндэсний сэтгүүлзүй маань нэгэн зууны түүхээ дэвтэрлэж дуусаад хоёр дахь зууныхаа шинэ хуудсыг нээж байгаа ийм сонин мөчид бид ярилцаж сууна. Үндэсний сэтгүүлзүй 101 дэх жилийн эхний хуудсаа нээж буй энэ мөчид тус салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчиддээ хандаж уриалах нэг зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага нь ямар байх вэ, бид юунд зорьж тэмүүлэх ёстой вэ гэдгээ хамтдаа тодорхойлж, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлагаа томъёолъё гэж байгаа юм. МСЭ энэ ажлыг зохион байгуулъя.
Та нар маань дэмжээрэй, оролцоорой гэж уриалъя. Нэгэн зууны туршид бидэнтэй үргэлж хамт байж, хөгжүүлж, ийм том салбар болоход үлэмжийн хувь нэмэр оруулсан нийт уншигч, үзэгч, хэрэглэгч, олон түмэндээ талархал илэрхийлье. Энэ салбарыг бий болгохын төлөө зүтгэж, тэмцэж явсан, түүнийхээ төлөө сайн, муугаар хэлүүлж явсан ахмад үеийнхэн, энэ салбарыг зах зээлийн жам ёсны гольдролд нь оруулах гэж, шинэ сэтгүүл зүйг бий болгох гэж эр зориг гарган тэмцэж явсан чөлөөт хэвлэлийн анхдагчид, тэдний гаргасан зам мөрөөр өнөөдөр Монголын сэтгүүлзүйг өдий дайны авч яваа хөрөнгө оруулагчид, энэ салбарт ажиллаж байгаа нийт хүмүүстээ баярлалаа.
Бүгдэд нь шинэ зууны, үндэсний сэтгүүлзүйн хоёр дахь зууны эхний өдрийн мэндийг хүргээд, ажлын өндөр амжилт хүсье.
                                                                                                                             Ярилцсан Г.Ганчимэг
(“Зууны мэдээ” сонин. 2014.03.06-ны дугаарт нийтлэгдсэн)

Эх сурвалж:   http://www.ikon.mn/n/4yf

Thursday, January 02, 2014

МУСГЗ Б.Галаарид: Сэтгүүлчид бид нэгдвэл нэгдсэн шиг нэгдэж чадна

Нэлээд хэдэн сарын өмнө өгч байсан ярилцлагаа оллоо. Олсон дээрээ ийш нь чирээд ирлээ.


2013 оны 7 сарын 24

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай өнөөдөр сэтгүүлчдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаар цөөн хором ярилцлаа. 

-    Залуухан сэтгүүлчид өвчний улмаас хорвоог орхиж байна. Харамсалтай санагдах юм. Одоо ч бас нэгэн залуу сэтгүүлчийн бие маш хүнд байна. Та Монголын сэтгүүлчдийг базаж явдаг, толгойлдог хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ? 
-    Эрүүл мэндийн хувьд дан ганц сэтгүүлзүйн салбар ч биш, Монголчууд маань тэр чигээрээ эрүүл мэндийн доройтолд орсон юм биш үү л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нь магадгүй 90-ээд оноос хойш хүнсний бүтээгдхүүн дээр тавигдах хяналт муудснаас болж байгаа гэж бодож байна. Монгол айл бүрт  хорт хавдартай хүн байна гэхэд хилсдэхгүй болоод байна. Хуучин бол хорт хавдарт маш цөөн байсан. Одоо бол хамрын ханиад шиг л элбэг болж. Энэ нь эргээд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд яригдахаар болоод байна. Сэтгүүлзүйн салбарт ч гэсэн энэ нөлөөлж байна.
 
-    Сэтгүүлчдийн алба хөндлөнгийн хүн харахад амархан, хялбархан сайхан ажил шиг харагддаг ч, цаг наргүй хамгийн хүнд хүчир алба гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй? Хүнд хүчир албанаасаа болоод хүнд өвчин тусах нь элбэг байх шиг байна? 
-    Арваад жилийн өмнө бол сэтгүүлчийн албыг уурхайчны дараа орох хүнд хүчир ажил гэдэг байсан шүү дээ. Цаг наргүй, хоолтой хоолгүй зүтгэдэг алба. Орой 18 цаг болчихлоо. Ажил тарчихлаа гээд тараад явчихдаг, ажлын найман цагтай алба биш. Тэгэхээр хувь уран бүтээлч сэтгүүлч өөрөө ажил амралтаа маш сайн зохицуулдаг болох шаардлага тулгарч байна. Үүн дээрээс ажил олгогчид, хөрөнгө оруулагчид сэтгүүлчээ болон уран бүтээлчид, ажилчдынхаа эрүүл мэндийг маш сайн анхаарч нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Эрүүл зөв тогтолцоог яаж гаргаж бий болгох вэ гэдэг асуудал тулгарч гарч ирээд байна. Бид бол нэг үе зөвхөн ажлын төлөө зүтгэсэн. Ер нь ч энэ бол уран бүтээлч хүний зан байдаг. Нэг бүтээл эхлүүлсэн л бол дуусгаж байж санаа нь амардаг. Бусад шиг тодорхой цагт ажиллаад, тодорхой цагт амардаггүй. Ажлаа дуусгаж байж л сая санаа нь амарч, амсхийдэг  хүмүүс. Энэ нь ч магадгүй эрүүл мэнд нь муудахад илүү ихээр нөлөөлж байгаа байх.
 
-    Өнөөдөр  Монголын хэвлэл мэдээлэлийн аль ч хэрэгслийн жинхэнэ эзэд нь улс төрчид байдаг. Тэд зөвхөн ажиллахыг л шаарддаг. Хэзээ ч хувь уран бүтээлчийн ахуй амьдрал, нийгмийн асуудал, эрүүл мэндийг бодолцдоггүй. Тэд зөвхөн ажиллахыг, хатуухан хэлэхэд өөрийг нь хамгаалж дуугарахыг, өөрийнх нь алдар нэрийг мандуулахыг л биднээс хүсдэг нь нууц биш? Ээлжийн амралтын 15 хоногийг ч тухтай эдлүүлдэггүй араас утасдаад л эхэлдэг шүү дээ?
-    Бид энэ тал дээр ажил олгогчийг, эздүүдийг уриалмаар байгаа юм. Юу гэхээр ажилчдаа байнгын үзлэг хяналтанд оруулж байгаачээ, нөөц бололцоогоо ашиглаад ажилчдынхаа эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаараачээ гэж уриалмаар байна. Өнөөдөр манай салбар үндсэндээ МҮОНРТ-ээс бусад нь 100 хувь хувийн хэвшил болчихсон. Үнээгээ сүүтэй байлгая гэвэл сайн тэжээ гэдэг үг байдаг ш дээ. Түүнтэй адилхан энэ салбараас ашиг ольё гэж бодож байгаа бол ажилчдынхаа эрүүл мэнд, ахуй амьдралыг бодох цаг болсон гэж бодож байна. Бид өнгөрсөн жилүүдэд ашгийн төлөө явж ирсэн. Шатах нэг нь шатаж, хуримтлал үүсгэх нэг нь хуримтлал үүсгэсэн. Одоо харин ажилчидаа боддог болмоор байна. Чадалтай боловсон хүчинг илүү түлхүү дэмждэг болмоор байна. Энэ салбар өөрийн хүмүүсээ хайрладаг болмоор байна. Урьд нь бол бид хэдэн цаг ажиллах чинь хамаагүй, сайн ажилла. Харин дараа нь хэдэн  төгрөг өгөхөө би мэдье гэдэг зарчимаар ажилладаг байсан. Одоо шинэ үе шат  манай сэтгүүлзүйд ороод ирлээ. Шударга өрсөлдөөн бий болж эхэлж байна. Хүчтэй, шударга, шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байя гэх юм бол яах аргагүй ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд онцгой анхаарах ёстой. Ажилтнаа анхаарч байж л тухайн ажилтнаас чанартай бүтээл гарна. Тэгэхгүй бол зүгээр нэг эфир бөглөдөг, сонины зай талбай бөглөдөг сэтгүүлзүй одоо хол явахгүй. Одоо цэвэр мэргэжлийн өрсөлдөөн бий болж байна. Тийм зах зээл бий болоод байгаа нь ажиглагдаж байна.
-    Миний хувьд үнэхээр авьяастай, чадалтай сэтгүүлч бол өөрийгөө өндөр үнэлэх ёстой гэж боддог. Сэтгүүлч өөрийгөө үнэлэх ёстой биз дээ?
-    Үнэлэх ёстой. Одоо цэвэр мэргэжлийн өрсөлдөөн бий болох цаг нь болчихсон. Ийм цаг ирсэн нь ажиглагдаж байна. Тэгэхээр манай сэтгүүлчид өөрсдийгөө үнэлж сурах хэрэгтэй. Хүмүүс надад сайн сэтгүүлч олоод өгөөч гэж хүсэлт тавьдаг. Хариуд нь би “Сайн сэтгүүлч байна. Чи хэдэн төгрөгний цалин өгч чадах вэ” гэж асуудаг.  Санаанд багтамгүй жижигхэн тоо хэлдэг. Тэгсэн хэрнээ сайн сэтгүүлч авна гэдэг. Чи ийм цалингаар сайн сэтгүүлч хэзээ ч олохгүй гэж хэлдэг. Сэтгүүлчид минь өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. Сэтгүүлч үнэтэй байх ёстой.
 
-    Өнөөдөр сэтгүүлч Б.Эрдэнэцогтын бие маш тааруухан байна. Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалыг олохын төлөө бид бүхэн нэгдэж байна. МСЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд та маш нөлөөтэй оролцож байгаад тань бид бүхэн баяртай байгаа...?
-    Өнөөдөр манай авьяаслаг сэтгүүлч хүндээр өвдсөн байна. Энэ үед нь мэргэжил нэгт нөхөд нь, салбар байгууллага нь хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Монголын Сэтгүүлчдийн эвлэл хэвлэл мэдээллийнхэндээ хандаж уриалга гаргасан. Энэхүү уриалгыг маш сайн дэмжиж Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд нэг өдрийнхөө цалинг хандивласан “Монголын үнэн” сонин, “Шинэ Монгол” радио,  “Шинэ дэлхий” телевиз, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, ТВ-9 телевизийнхэнд талархлаа илэрхийлье. Мөн бидний хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авч нэг өдрийнхөө цалин болох 5 сая төгрөгийг хандиласан “Эко консракшин” компанийн хамт олонд баярлалаа. Мөн наймдугаар сарын 3-ны өдөр хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа. Бүх оддын нэгдсэн тоглолт хийхээр анд нөхдүүд нь ажиллаж байна. Энд манай урлаг соёлынхон харамгүй сэтгэлээр оролцох байх гэж бодож байгаа. Манай Б.Эрдэнэцогт азаар олон сайхан нөхөдтэй хүн юм байна гэдгийг энэ өдрүүдэд мэдлээ. Цаашид өшөө олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү хандивын үйл ажиллагаанд нэгдэх байх. Бид нэгдвэл нэгдсэн шиг нэгдэж чадна. Энэ тал дээр бол ёстой итгэлтэй байгаа шүү. Манай салбар ямар хүчирхэг болохыг хүн болгон харж байгаа.
 
-    Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 
Б.Чулуунцэцэг

Б.Галаарид: Сэтгүүлзүй хөлөг онгоцоор бол хайрдчихаад байна


Өнгөрч буй 2013 он улс эх орон болоод сэтгүүлзүйд ямар өөрчлөлт авчирсан жил байв?
Содон сонин үйл явдал арвинтай жил өндөрлөж байна. Тэр дундаа улстөрийн онцлог содон үйл явдал ихтэй жил байлаа.  Сэтгүүлзүйн тухайд нэгэн зууны түүхээ үнэлж цэгнэж, туулсан зам мөрөө эргэн харж, ололт амжилт, алдаа оноогоо тодорхойлсон жил байв. Монголын сэтгүүлчдийн эвлэл Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд олон ажил санаачилж хийлээ. Одоо ч хийж байна.
Оны төгсгөлд Монгол HD ТВ мэдээгээрээ нэр бүхий хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүмжилж, тэр нь нэлээд маргаан дагууллаа. Та үүнийг хэрхэн харав?
Сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг олон өнцгөөс харах сэдэл өгсөн нь сайн хэрэг. Бусдын асуудлыг хангалттай хөнддөг сэтгүүлзүй маань өөрийн дотоод асуудлаа ил ярилцаж эхэлсэн нь бас сайн хэрэг.
Тухайн мэдээний цаад зорилго юу байсан бэ?  
Захиалгат сэтгүүлзүй Монголд байна гэж нотлох гэсэн бололтой. Гэхдээ тэр төлбөр төлж түгээсэн мэдээллийг нь мэдээ гэхээсээ илүү сурталчилгаа гэвэл зохистой юм билээ. Шинэ ажил үйлчилгээний тухай төлбөртэй сурталчилгаа гэмээр ч юм уу? Тэнд гарч буй мэдээллийг нягтлаагүйд л асуудал байгаа болохоос биш төлбөр авсан нь асуудал биш.   
Монгол ТВ асуудлыг оновчтой гаргаж тавьж чадсан уу?
Минийхээр бол үгүй. Хэрвээ тэд улстөрийн нэг талыг барьсан нийтлэл, эсвэл хэн нэгэн хувь хүний нэр төрд халтай мэдээлэл бичээд түүнийгээ төлбөртэй нийтлүүлсэн бол жинхэнэ асуудал болох байлаа. 
Хүмүүсийн яриаг хэлэхгүйгээр нууцаар бичсэн нь мэдээллээ шударга бусаар олж авсан, ёс зүйгүй асуудал гэж хэвлэлийнхэн үзэж байгаа. Тэгэхээр тухайн хэрэглэсэн аргыг та юу гэж бодож байна вэ?
Санаа нь зөв, арга нь буруу байсан. Нэгэнт туршилт хийсэн юм бол дараа нь түүнийхээ тухай илэн далангүй яриад асуултаа нээлттэй тавьсан бол тэднийг хэн ч юу ч гэж тушгиж чадахгүй байх байсан.
Захиалгат сэтгүүлзүйг ил гаргасан нь сайн боловч хэвлэл мэдээллийн салбарыг олон нийтэд сул дорой, муухай харагдууллаа гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд хараад байх шиг?
Төлбөртэй өгсөн юм гээд мэдээллийг нягтлахгүй байж болохгүй ээ. Энэ бол яалтчгүй бүдүүлэг алдаа. Бүгд л “Монгол” телевиз рүү дайрч байна. Аль аль тал нь өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Тэгж байж энэ салбарт эрүүл байдал бий болно. Байгууллагын манаач унтаж байгаад юмаа алдчихаад “Энэ хулгайч намайг сэрээлгүйгээр гэтэж орсон учраас би буруугүй” гэж хэлж болохгүй биз дээ. Муухай байгаа бол муухайгаа, нүцгэн байгаа бол нүцгэнээ хэлж чаддаг, түүнийгээ засч залруулж чаддаг байх нь сайн чанар. 
Энэ асуудал цахим ертөнцийн гол сенсаци болсон. Фэйсбүүк, твиттерээр жиргэж байгаа хүмүүсийн жиргээг юу гэж бодов?
Цахим сүлжээ бол олон нийтийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх талбар. Зарим нь үнэн сэтгэлээсээ бичнэ, зарим нь маазарч бичнэ, зарим нь бусдыг доромжилж таашаал авна. Зарим нь бодлогоор дуугарна. Тийм болохоор ялгаа заагтай, эрүүл саруулаар хандахыг л хичээсэн. 
Төлбөрт мэдээллийн асуудал хуулинд хэрхэн, яаж тусгагдсан байдаг вэ? 
Энэ далимд манайхан Зар сурталчилгааны тухай хуулийг сайн судлаасай.  
Сэтгүүлзүйн худалдагдсан байдлыг хэн, яаж засаж залруулах вэ?
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, та бид бүгдээрээ хичээмээр байна. Адгийн тэнэгт ч гэсэн эрхэм нандин юм гэж байдаг даа. Сэтгүүлчдийн хувьд тэр нь ёс зүй, мэргэжлийн нэр хүнд, хараат бус байдал. Харамсалтай нь манай салбарын олон хүнд эдгээр үнэт зүйлийн үнэр ч алга болж дээ. Монголын сэтгүүлзүй ёс суртахууны хувьд хүрч болох доод хязгаартаа хүрч, хөлөг онгоцоор бол хайрдчихаад байна. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан муу муухай зүйлсээ хитэг давуулан чулуудахгүй л бол хайрдсан чигтээ байсаар байх болно.
Ярилцсан таньд баярлалаа.
Ярилцсан: Ж.Дагийсүрэн
Эх сурвалж: www.aravt.mn 

Tuesday, December 24, 2013

Монголын сэтгүүлзүй хүний амьдрах эрх, өмчлөх эрх, мэдэх эрхийг хамгаалах, бүтээгчдээ дэмжих үйл хэрэгт манлайлагч нь байх ёстой.

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ  ЁСЛОЛ ДЭЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАЛААРИДЫН ХЭЛСЭН ҮГ
2013.12.24                                Улаанбаатар хот.

Эрхэм хүндэт зочид, ноёд хатагтай нар аа! Үйлс зорилго нэгт эрхэм сэтгүүлчид ээ!
Нэгэн зууны намтар цадигаа дүүргээд, шинэ зууны түүхээ бичиглэж эхлэх хэмээж буй Монголын үндэсний сэтгүүлзүйн 2013 оны шилдгүүдийг шалгаруулан хүндэтгэх ёслолд залагдан ирсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг бүтэн жилийн турш бүтээлчээр тэмдэглэхээр МСЭ санаачлага гаргасныг төр засаг, олон нийт, нийт сэтгүүлчид дэмжин эрдэм шинжилгээ, урлаг, спорт, бүтээлч санаачлагын олон ажил хийж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм. МСЭ нь сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдээс нэр дэвшүүлсэн байгууллага, хүмүүсийн дундаас  хамгийн шилдгүүдийг нь шалгаруулснаа одоо тайлагнана. Энэ бол Монголын сэтгүүлзүй нэгэн зууны түүхийнхээ хамгийн сүүлийн жилд ямар амжилт ололтод хүрснээ тайлагнаж буй хэрэг юм.
Залран ирж буй 2014 он та бидний хувьд онцгой чухал он байх болно. 2014.03.06-нд бид Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн хаалтаа хийнэ. Тэр мөчөөс манай сэтгүүлзүй хоёр дахь зууны түүхээ эхлэх болно. Энэхүү түүхэн агшин хүртэл үлдээд байгаа богинохон хугацаанд та бидэнд хийх ажил нэн их байна. Эн тэргүүнд бид сэтгүүлзүйн өнөөгийн байдалдаа нухацтай дүн шинжилгээ хийж, шинэ зууны гарааны өнгөө тодорхойлох ёстой. Энэ нь Монголын ардчилал өөртөө дүгнэлт хийж, алдаа оноогоо эргэн харж, аврага биетэй ч бодол  богинотой төрөө засч, холыг хардаг, зөвийг дээдэлдэг ухаалаг төртэй болох зорилт тавиад буйтай бүрнээ нийцэж байна.
Монголын сэтгүүлзүй ч гэсэн өнгөрсөн хугацааны алдаагаа засч, ололтоо бататгах шаардлагатай байна. Ёс зүйн хил хязгаартай, мэргэжлийн ур чадвараараа  сайн дурынхнаас ялгардаг, зөв сайнаараа ижилсдэг, алдаа дутагдлаа нууж өөгшүүлэх бус харин хэлэлцэн засдаг, зөвд зөөлөн,  бурууд хатуу  сэтгүүлзүйг бий болгох нь та бидний гол зорилт юм. Манай салбар бизнесийн эрүүл зөв орчинтой, хууль эрхзүйн зөв зохицуулалттай, мэргэжлийн ур чадварыг онцгойлон дээдэлдэг салбар болох ёстой. Монголын сэтгүүлзүй хүний амьдрах эрх, өмчлөх эрх, мэдэх эрхийг хамгаалах,  бүтээгчдээ дэмжих үйл хэрэгт манлайлагч нь байх ёстой. Ийм байлгахын төлөө 2014 онд ч, цааш цаашдын он жилүүдэд ч МСЭ хичээн зүтгэх болно.
Эрхэм зочид, анд нөхөд өө!
 МСЭ-ээс зохион байгуулж буй 2013 оны салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нээснийг мэдэгдье.
МСЭ үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг энэ оны гуравдугаар сарын 6-нд зохион байгуулж тэмдэглэхдээ сэтгүүлзүйн түүхэнд анх удаа архигүй арга хэмжээ зохион байгуулсан билээ. Энэ сарын эхээр, шинэ жилийн уур амьсгал орохын өмнө МСЭ аливаа арга хэмжээг архи дарсгүй зохион байгуулах, шинэ соёл тогтоохыг уриалсан маань эхнээсээ хэрэгжиж, зарим байгууллагууд шинэ жилийн арга хэмжээгээ архи дарсгүй тэмдэглэж эхэлж байгаад баяртай байна.

Манай өнөөдрийн арга хэмжээнд нэг ч улстөрч уригдаагүй, гаднын нэг ч хүн байхгүй, зөвхөн манай салбарынхан оролцож байна. Ийм шинэ соёлыг сэтгүүлч бид л бий болгож хэвшүүлж, нийгмийг уриалан дуудахгүй бол өөр хэн хийх вэ? Тийм учраас бид ийм шинэлэг арга хэмжээ зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна.

Monday, June 03, 2013

Залуу сэтгүүлчид илгээх захидал №001

Сайн байна уу, мэргэжил нэгт анд минь ээ?

     Би сэтгүүлч мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай нэгэн. Тийм болохоор бидний дараа дараагийн үе ямар байх бол гэдэгт үргэлж санаа зовж, илүү хошуулдаг гэмтэй. Багшилж байхдаа "Та нар эхлээд хүн бол. Дараа нь сэтгүүлч бол" гэж шавь нартаа хэлдэг байсан минь буруу биш байжээ гэж сүүлийн үед улам их бодох боллоо.
     Хүнтэй хэрхэн мэндлэхээс хэн болох чинь танигддагийг эрхэм дүү нар минь эхлээд нэг саначихаарай. Камер мөрлөн сүрхийн орж ирж ирээд микрофоноо буу мэт тулган  дээрэнгүй түрэмгий загнах, хүний яриан дундуур орж ирэнгүүт хоёр өгүүлбэр бичив үү, үгүй юу таг дуугүй эргээд явах, ярианы төгсгөлд "Та овог нэр, албан тушаалаа хэлчих" гээд бичигчээ амруу чихэх дөхөх, ярилцлага авч байхдаа амандаа бохь зажлан тас няс хийлгэх, микрофоноо зүглүүлчихээд өөрөө цаашаа харах, ажил ихтэй хүмүүс "Түр хүлээж бай" гэхээр хаалгыг нь байн байн онголзуулах зэргээр нүүр улайлгах явдал надад олон удаа анзаарагдаж байна. Тэр бүү хэл хэзээ хойно утсаар овог нэр асуух нь ч бий. Хэвлэлд ярилцлага тогтмол өгдөг хүн болгон иймэрхүү адал явдалтай учирч байсан тухайгаа ярьж, тэр болгонд нь мэргэжил нэгтнүүдийнхээ өмнөөс ичиж улайх юм даа.
    Ажлын шаардлагаар  мэргэжил нэгтнүүдтэйгээ цаг болзох минь олон. Ихэнх тохиолдолд хоёр янзын түрэмгийлэлд өртдөг. Нэгдэх нь болзсон цагаасаа хэзээ хойно ирэх, заримдаа бүр сураггүй алга болчих. "Яасан бэ?" гэж асуувал "Өө уучлаарай, өөр ажил гарчихлаа" гэх. Хоёрдахь нь уулзах цаг завтай эсэхийг асуулгүйгээр шууд л "Та хаана байна. Одоо яваад очъё" гэж тулгах.
Сэтгүүлч хүн ихэвчлэн олны танил, цаг зав муутай, ажил ихтэй хүмүүстэй уулздаг. Ямар ч тохиолдолд өөрийгөө, бас ярилцагчаа хүндлэх ёстой. Бас тэр хүндээ гологдохгүйн тулд ярилцах сэдвээ, ярилцагчаа урьдчилан судалсан байх ёстойгоо та нар минь юунд үл тооно вэ?
     Нэлээд хэдэн жил сэтгүүлчээр ажиллаж буй бүсгүй  надад хандлаа. Сэлэнгэ аймагт саяхан болсон нэгэн сургалтад оролцоод мэргэжил нэгт бүсгүйчүүдээсээ хэрхэн ичсэнээ тэрээр халаглан өгүүллээ. Семинарын төгсгөлд зохион байгуулагч зоог барьжээ. Тэгэхдээ "Та бүхэн намайг уучлаарай. Би хундаганы өмнө уртхан үг хэлэхэд хүрэх нь" гээд ажлынхаа тухай хэсэгхэн ярьтал төвийн гайгүй гэгддэг 2 телевизийн  шинэхэн сурвалжлагч охид "Одоо болъё оо, архиа ууяа" хэмээн хашгирсан байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Та бид хөгшин ч бай, залуу ч бай Сэтгүүлчид гэдэг нэг тогооныхон. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэж монголчууд хэлэлцдэг. Алхам тутамдаа энэ мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж явах ёстой улс шүү гэдгийг л сануулъя.

Monday, May 06, 2013

Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт шинэчлэлийн эзэд нь байж чадах уу?


Сэтгүүлзүйн салбар нь нийгмийн оюун санааны манлайлагчийн хувьд аливаа өөрчлөлт шинэчлэлийг бусдаас түрүүлэн мэдрэгч, өөрөө ч ямагт шинэлэг байх ёстой салбар билээ. Зуун жилийн түүхтэй Монголын үндэсний сэтгүүлзүй шинэтгэл өөрчлөлт рүү нийгмийг уриалан дуудах үүргээ цаг ямагт онцсайн биелүүлсээр ирсэн түүхэн уламжлалтай. Харин салбар маань өөрийгөө шинэчлэх тал дээр тийм түргэн шуурхай байж чаддагсан бил үү? Зарим утгаараа чаддаг, зарим утгаараа үгүй. Ялангуяа “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх”  гэдэг сэдвийн хүрээнд авч үзэх юм бол “Хэзээ ч үгүй” гэсэн харамсмаар хариулт гарч ирж байна. Яагаад ийм болов? Үүнд хариулахын тулд Монголын сэтгүүлзүйн түүхэн үечлэлийг эхлээд тодруулах хэрэгтэй болно. Монголын сэтгүүлзүйн 100 жилийн түүхэн замналыг үндсэнд нь 3 хэсэг үечлэх ёстой гэж үзэж байна. Эдгээр үеүд нь дотроо дэд хэсгүүдэд задрахаар байгаа ч хэлэлцэн буй асуудалд онцын холбогдолгүй тул нарийвчлалгүй орхиё.
Нэгдүгээр үе буюу үндэсний сэтгүүлзүй бүрэлдэн бий болохын эхлэл болох 1913-1921 оны хооронд Монголд үндэсний сэтгүүлч боловсон хүчнүүд төрж, анхны тогтмол хэвлэлүүд гарч эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн харилцааны асуудал хараахан яригдах болоогүй, үйлдвэрчний эвлэлийн тухай монголчуудын ойлголт нэн сул байсан үе юм.
Хоёрдугаар үе буюу 1921-1990 оны хооронд Монголын үндэсний сэтгүүлзүй бие даасан салбарын хувьд бүрэн төлөвшиж, өөрийн гэсэн боловсон хүчний нөөцтэй, үйлдвэрлэлийн бааз суурьтай, сургалтын системтэй, нийгэмд гүйцэтгэх үүргийн хувьд онцгой чухал салбар болж чаджээ. Гэхдээ тухайн цаг үеийн нийгмийн тогтолцооноосоо болоод Хэвлэлийн эрх чөлөөг ойлгох ойлголт, Ажиллагсдын хөдөлмөрлөх эрхэнд хандах хандлагын хувьд нэлээд өөр байр суурьтай байсныг хэлэх ёстой. Түүхийн энэ зурвас үед Монголын сэтгүүлзүй нь коммунист үзэл суртлын гол зэвсэг байв. Сэтгүүлчдийг ч үзэл суртлын байлдагч гэдэг утгаар нь бэлтгэдэг, ажиллуулдаг байлаа. Сэтгүүлзүйн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааны асуудыг ч үзэл суртлын хэмжүүрээр хэмждэг байлаа. Монголын сэтгүүлзүй үйлдвэрчний эвлэлийн тухай ойлголтыг нийгэмд өгөх ажилд идэвхтэй оролцож 1928 ҮЭ-ийн анхны тогтмол хэвлэл болох “Бүх Монголын улаан үйлдвэрчин” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан ч салбар доторхи хөдөлмөрийн харилцааны асуудал тийм ч сайн байгаагүй нь түүхэн үнэн. Өнөөдөр миний толгойлж буй МСЭ-ийг анх 1951 онд Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн харьяанд байгуулсан боловч ингэж байгуулах шийдвэрийг тухайн үеийн үзэл суртлын асуудлыг зангидан базагч МАХН-ын Төв хороо гаргаж байв. Үүнийг чөлөөт үйлдвэрчин гэж нэрлэж хэрхэвч болохгүй нь тодорхой.
Гуравдугаар үе буюу 1990 оноос өнөөдрийг хүртэлх цаг хугацааг бид Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлзүйн хөгжил, төлөвшлийн үе хэмээн авч үзэж байна. 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд чөлөөт сэтгүүлзүй хөгжих хөрс суурь бүрдсэн билээ. Энэ цаг мөчид  Монголд жинхэнэ утгаар нь ҮЭ байгуулах нөхцөл ч бас бүрдэж, манай сэтгүүлзүйн томоохон төлөөлөгчдийн нэг Ц.Дашдондов энэхүү хөдөлгөөнийг санаачилж, тэргүүлж байв. Сэтгүүлчдийн байгууллага нь эн тэргүүнд сэтгүүлчдээ хамгаалдаг ҮЭ-ийн байгууллага байх ёстой гэдэг санал энэ үеэс эхлэн хүчтэй яригдаж  Ц.Дашдондов тэргүүтэй хэсэг сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж МЧАСЭ-ийг 1991 оны сүүлээр байгуулсан нь сэтгүүлчид жинхэнэ утгаараа хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт шинэчлэлийн эзэд болсон сайн жишээ байв. Монгол оронд чөлөөт ардчилсан сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан энэ байгууллага шинэ тулгар үүсч байсан хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгслүүдийг дэмжих, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бий болгох талаар ихээхэн зүйл хийсэн хүчтэй манлайлагч байгууллага байсныг бид талархан тэмдэглэж байна.
Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ, Монголын сэтгүүлзүйд өөрчлөлт шинэчлэл үгүйлэгдэж байна уу, сэтгүүлчид өөрсдөө хувь заяаныхаа эзэн болж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөхийгоролдъё. Би 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаас МСЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон, энэхүү үүрэгт албыг хашаад үндсэндээ жил хагасын нүүрийг үзлээ. Энэ хооронд олж харсан асуудал, шийдвэрлэх гэж оролдсон туршлагынхаа талаар ярья гэж бодож байна.
Монголын сэтгүүлзүй өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж буй салбарын нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн хэрэгслүүд олноороо нэмэгдэж, ялангуяа нэг дор олон хүн ажиллуулдаг телевизийн салбарт ажиллагсдын тоо огцом нэмэгдэж, цахим сэтгүүлзүйн салбарт ч асар олон ажлын байр бий боллоо. Үүнийг дагаад ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй эсэх, нийгмийн асуудал гээд олон олон асуудлууд тулгамдаж эхлээд байна. Манай сэтгүүлчид МСЭ энэ бүхнийг шийдсэнгүй, сэтгүүлчдийн цалин хөлс, нийгмийг асуудлыг шийдэх талаар юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. 
Үүнд анхаарлаа хандуулж, дорвитойхон ажиллах сонирхол одоогийн МСЭ-д байгаа юу гэвэл байна аа. Гэхдээ эрх зүйн чадамжгүй учраас дурын үүсгэл санаачлага хий хоосон яриа болон хувирч байна. Энэ юунаас болов?   
МСЭ бол үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байгууллага гэж сүүлчийн их хурлаараа тодорхойлсон. Бид ч энэ чиглэл рүү түлхүү ажиллах, салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг түлхүү хамгаалах гэж оролдсон. Харамсалтай нь МСЭ бол Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ТББ, тэгээд ч удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи нь шийдвэр гаргагчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, эрлэгч, удирдлагууд байдаг. Тэгээд ч их хурлаасаа баталсан дүрмийнхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулна. Харин ҮЭ-ийн асуудал ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр аливаа төрийн бус байгууллага ҮЭ болно гэж хүсээд л ҮЭ болчихдоггүй, сайхан тэмүүлэл  бодит амьдрал хоёр заримдаа зөрчилддөгийг бид ойлгох цаг нэгэнт болжээ.
Монголын сэтгүүлчдийн ууган байгууллага МСЭ  сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчилтэй тэмцэж чадаж байгаа юу гэвэл чадаж байгаа. Сэтгүүлчдийн  мэдлэг чадвар, чадавхийг дээшлүүлэх талаар ажиллаж, төр засгийн өмнө тэдний дуу хоолой, төлөөлөл болж чадаж байна уу гэвэл чадаж байна. Харин сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хүчин мөхөсддөг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт  хийвэл зохих хамгийн том өөрчлөлт энд л байна. Үүнийг хууль эрх зүйн хувьд хэн хэрхэн хийх боломжтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь ч тодорхой. Салбарын ҮЭ л энэ чиглэлд дорвитой алхам хийж чадна. Харин салбарын ҮЭ-г зөвхөн сэтгүүлчид л байгуулж чадна.
Намайг ингэж тайлбарлахаар тэгвэл тэр ҮЭ-ээ та нар байгуулаад өг л дөө, МСЭ биднийг хамгаалах үүрэгтэй биз дээ гэж сэтгүүлчид тулгадаг. Бид ҮЭ байгуулах эрх бүхий субъект байсансан бол аль эрт үүнийг хийгээд эхэлчих байсан. Салбарын хүчирхэг үйлдвэрчний эвлэлтэй бол МСЭ одоо байгаагаасаа хэд дахин хүчтэй ажиллах боломжтой, тийм  боломжоос татгалзах нь ч тэнэг хэрэг байхсан. Гэвч ҮЭ бол иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байж хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах хэлбэр юм. ҮЭ байгуулах асуудлыг хөндлөнгөөс зохион байгуулах, тулган шаардахыг хуулиар хориглосон учраас л өнөөдрийгхүртэл  МСЭ энэ асуудалд оролцож чадахгүй, гагцхүү зөвлөмж өгөх, сануулах уриалах төдий  үүрэгтэй байгаа юм.
Монголын сэтгүүлзүй өнөөдөр үндсэндээ хувийн хэвшил дээр суурилж байна. Ажил олгогч, эздийн хувьд аль болох бага зардлаар их ашиг олох сонирхолтой байдаг нь нууц биш. Сэтгүүлзүйн салбарт хөрөнгө оруулагчид ч мөн л ашгийн төлөө ажиллаж байгаа учраас ажиллагсдад аль болох бага цалин өгч, нийгмийн асуудалд нь аль болох бага зардал зарцуулахыг хичээдэг. Харин ҮЭ байгаа газарт ажиллагсад түүгээр дамжуулан эзэдтэйгээ хэлэлцээрт орж, хамтын гэрээ байгуулж, хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Ажлын байраа хууль ёсоор баталгаажуулж, хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулж, хийсэн цалиндаа тохирсон хөлс авах боломжтой болно. ҮЭ-ийн хамгийн давуу тал нь босоо тогтолцоо бүхий хүчирхэг бүтэц бөгөөд хуулиар сайтар хамгаалагдсан учраас хүчтэй, зоригтой ажиллаж, хүссэн үр дүндээ хүрэх бодит боломжтой юм.
Монголын сэтгүүлчид бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө, шударга үнэний төлөө, нийгмийн  сайн сайхны төлөө  цаг наргүй хөдөлмөрлөх атлаа өөрсдийн эрх ашгаа хамгаалах, хүчирхэг үйлдвэрчний эвлэлтэй болох талаар өдийг хүртэл дорвитой ажиллаж чадахгүй байгаа нь манай салбарт ҮЭ-ийн хүчтэй манлайлагч үгүйлэгдэж байгаатай, мөн хувь сэтгүүлчид ҮЭ-ийн ач холбогдлыг ойлгохгүй ойшоохгүй байгаатай, эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах туршлага байхгүйтэй, өөрсдийн хувь заяаг өрөөлд даатгаж хэн нэгэн өмнөөс нь диваажин байгуулж өгөхийг хүсдэг хэрэглээний сэтгэхүйтэй нь холбоотой гэдгийг хэлмээр байна. Сэтгүүлчид өөрсдийгөө ядуу хэмээн тодорхойлох нь элбэг. Тэгвэл тэрхүү ядуурлын үндэс суурь нь хаана байна вэ гэж асуумаар байна. Ядуурлын үндэс нь бага орлого, татуу цалинд байгаа юм биш. Ядуурлын үндэс нь хууль ёсны эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалж чадахгүйд, сэтгэхүйн ядуурал давамгайлсанд байгаа гэж хэлмээр байна. Сэтгэхүйн ядуурал халаас хоосрохоос аюултай. Хуулиар хамгаалагдсан боломж  байсаар байтал түүнийг ашиглаж чадахгүй байгаа нь аягалаад өгсөн хоолыг халбагадаад ам руугаа хийчихэж чадахгүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсныг харуулж байна. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай учраас би ийм хатуу үг хэлж байна. МСЭ-ийн Ерөнхийлөгч болсноос хойшхи нэг жил хагасын хугацаанд сэтгүүлчдийн хууль ёсных нь эрх ашгийг хамгаалах талаар хэр чадлаараа оролдож, аливаа ТББ хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулах эрхзүйн чадамжгүйг ухаарч, хэвлэл мэдээллийн салбарын ҮЭ-ээ байгуулаад өгөөч ээ, хамтран ажиллаж илүү ихийг хийе хэмээн байнга уриалж сануулаад тусыг эс олсон хүний хувьд би сэтгүүлчдэдээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ийнхүү хатуу үнэнийг  сануулж байна.
Сэтгүүлчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалж эвлэлдэн нэгдэж чадваас илүү хүчирхэг болно. Тэр хэмжээгээр салбараа өөрчлөн шинэчилж чадна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт хүлээгдэж буй өөрчлөлт шинэчлэлийн эзэд нь болж чадна. Үүний тулд эвлэлдэн нэгдэцгээ, эрхэм сэтгүүлчид ээ. МСЭ үргэлж та бүхэнтэй хамт байх болно.
Б.ГАЛААРИД   (МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ)
МХХ, МСЭ, Фридрих Эбертийн  сангаас хамтран 2013.05.02-нд зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэгт хэлсэн үг

Friday, February 15, 2013

Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүй



Сэтгүүлч бол онцгой мэргэжил

Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэсэн асуулт аливаа асуудалд адармаатай эргэлзээтэй зүйл олон байдгийн сонгодог жишээ юм. Гэвч энэ маргааныг эцэслэн шийдээгүйгээс болоод амьдрал зогсчихоогүй. Хүмүүс өндгийг ч, тахиаг ч хүнсэндээ хэрэглэсээр байна. Хүний амьд байх эсэх нь хүнс тэжээлээс хамааралтай учраас тэр.

Тэгвэл сэтгүүлч мэргэжил мөн үү, сэтгүүлзүй шинжлэх ухаан мөн үү? Эрдэмтэн судлаачид тийм, үгүй гэсэн эсрэг тэсрэг хариултын алийг нь сонгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байна. Гэвч энэ асуудлыг тодлон шийдээгүйн улмаас сэтгүүлзүй оршин тогтнохоо байчихаагүй, харин ч улам бүр хөгжиж, арга хэлбэр, агуулга нь өргөжин тэлж байна. Хүмүүн гэдэг нийгмийн амьтан учраас, тэдний оюун санааны хоол тэжээл нь мэдээлэл учраас тэр.

 Ихэнх улс орон анагаах, хууль зэрэг салбарынхныг онцгойлон үзэж, энэ салбарт заавал мэргэжлийн хүн ажиллах ёстой хэмээн зааж, мэргэжлийн холбоотой байх асуудлыг нь хуульчилж, хариуцлагын тогтолцоог нь баталгаажуулж өгдөг. Тэдний алдаа хор хохирол ихтэй учраас гэж  үүнийгээ тайлбарладаг. Тэгвэл сэтгүүлч хүн мэргэжлийн алдаа гаргаснаас үүсэх хор хохирол нь бүр ч их. Нэг эмч мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд хэн нэгэн хүн, түүний ахан дүүс хохирно. Харин сэтгүүлчийн алдаанаас болоод нийгэм бүхлээрээ ч хохирч мэднэ. Тийм ч учраас сэтгүүлзүйг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар гэж үздэг. Тэгэхээр сэтгүүлзүй бол онцгой мэргэжил юм. Онцгой мэргэжил учраас мэргэжлийн нэгдмэл холбоотой, хариуцлагын нэгдсэн тогтолцоотой,  ёсзүйн нэгдсэн зарчимтай, мэргэжлийн нэгдсэн дүрэмтэй байх ёстой. Ийм байх нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй хэлбэр хэмээн зарим хүн шүүмжилж байгаад үгүй хэмээн хариулмаар байна. Энэ бол сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг хамгаалах, өргөх тухай асуудал. Энэ бол сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх тухай асуудал. Энэ салбар хүчтэй, чадавхтай, мэргэжлийн байх тухай асуудал юм. Хэвлэлийн эрх чөлөөг хязгааргүй эрх чөлөө буюу анархи байдал болгон хувиргаж, энэ байдлыг нь хэлсэн, засаж залах гэсэн аливаа оролдлогыг  хэвлэлийн эрх чөлөөнд халдсан халдлага хэмээн буруутгаж, олж авсан мэдээллээрээ хэн нэгнийг айлган сүрдүүлж, рэкетлэж, болохгүй бол бүлэглэн намнаж, шударга ёсны эрх ашгийн үүднээс  нийгэмд түгэх ёстой мэдээллийн урсгалыг хувийн зорилгоор ашиглаж, зэрлэг капитализмыг өөгшүүлж буй хэсэг бүлэг этгээд Монголын сэтгүүлзүйн нэр хүндийг шороотой хутгасан. Тэд абсолют эрх чөлөөндөө хэзээ ч сэтгэл ханахгүй нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Тэд Монголын сэтгүүлзүйг мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, эрүүл байхын эсрэг тэмцэж байна.

 Сэтгүүлч бол мэргэжил, тэр дундаа ямар ч мэргэжлийн хүн мэргэшиж болдог онцлог мэргэжил. Энэ утгаараа суурь мэргэжил нь өөр ч сэтгүүлч болох хүсэлтэй олон олон хүн манай салбарт урваж, биднийг илүү чадварлаг, илүү хүчирхэг болгож ирсэн, цаашид ч тийм л байх болно. Мэргэжлийн холбоо байгуулагдвал тэр хүмүүсийг яах вэ гэдэг асуулт мэдээж гарна. Олон жил ажиллаж, ур чадвараа баталсан хүмүүст мэргэшсэн үнэмлэхийг нь шууд олгож болно. Бусдынх нь тухайд сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж буй одоогийн бааз суурь маань тэднийг богино хугацаанд мэргэшүүлэх хангалттай боломжтой.

Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх гол механизм болсон мэргэжлийн холбооны чиг үүргийг хуулиар тогтоохоос өөр хэлбэрээр төр оролцох ёсгүй. Өөрөөр хэлбэл энэ нь нийт сэтгүүлчдийн төлөөлөл болсон Сэтгүүлчдийн их хурлаар байгуулагддаг, их хурал нь сэтгүүлчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлж, Сэтгүүлчийн мэргэжлийн дүрэм, бусад дүрэм журмыг баталдаг байх нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээн ардчилал, зөвшилцлийн зарчмаар асуудлыг шийдвэл алдаа гардаггүйг эрт дээрээс сургасаар ирсэн. Бид ч гэсэн бүгдээрээ хэлэлцэн байж сэтгүүлчдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох мэргэжлийн холбоогоо байгуулж,  ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж, салбарын хувьд нэгдсэн бодлоготой, хүчтэй болж чадна.

Сэтгүүлзүйн салбарт ажиллагсад мэргэжлийн байхын чухлыг дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид ч хүлээн зөвшөөрч эхлээд байна. “Орчин үеийн мэдээллийн шинэ хэрэгсэлд ажиллагсад ямар нэгэн гэрчилгээ үнэмлэхгүй, мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, өөрсдийн дур зоргоор үйл ажиллагаа явуулж байгаа нь эрсдэлтэй” хэмээн үзэх хандлага сүүлийн үед идэвхжиж байгаа нь тэдгээрийг үгүйсгэсэн хэрэг биш, харин мэдээлэл олох, боловсруулах, түгээх үйл ажиллагаа мэргэжлийн байхын чухлыг өгүүлж буй хэрэг юм.

Чөлөөт хэвлэл бол хариуцлага

Сэтгүүлч онцгой мэргэжил. Тийм болохоор сэтгүүлчийн онцгой эрхийг үндсэн хуулиараа хамгаалсан улс орнууд нэлээд байдаг. 1831 онд баталсан Бельгийн Үндсэн хуулийн 25-р зүйлд “Хэвлэлийн эрх чөлөөг хангах ёстой, мэдээллийн агуулгыг хянах ёсгүй, зохиогч нийтлэгч хэвлэгч нараас баталгаа шаардах ёсгүй” гэж заасан байдаг. АНУ-ын Үндсэн хуулинд 1791 онд оруулсан алдарт нэгдүгээр нэмэлтийг бүгд мэднэ. Шведийн хэвлэлийн эрх чөлөөний акт нь  тус орны үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мэдээллийн эх сурвалжаа илчилсэн сэтгүүлчид хариуцлага тооцох заалттай. Японы үндсэн хуулийн 21 зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь мөн л сэтгүүлчдийн сурвалжлах эрхийг хамгаалдаг.

Ер нь бол дэлхийн 80 гаруй орон мэдээллийн эрх чөлөөг үндсэн хуулиар олгогдсон эрх гэж тодорхойлж, 70 гаруй улсад хэвлэлийн эрх чөлөөний бие даасан хууль үйлчилж байна. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах асуудал юутай чухлын нэгэн нотолгоо юм. Чөлөөт хэвлэлийн үзэл санааны талаар бид хангалттай мэдэх учраас давтан нуршихаас зайлсхийж сэтгүүлчийн хариуцлагын талаар хэдэн үг хэлье.

Хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч,  мэдээлэл түгээгчид маш их боломж олгодог. Онцгой нөхцөл боломж ч гэж хэлж болно. Энэ онцгой нөхцөл  боломжийг хэмжээ хязгааргүй ашиглавал хэвлэлийн эрх чөлөөг бүрдүүлэгч хүчин зүйлсийн зохист харьцаа, тэнцвэр алдагдаж, гажуудал үүснэ. Үүнээс сэргийлж тэнцвэржүүлэгч хүчин зүйл нь сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүй юм. Нэгэнт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдэлсэн л бол  хариуцлагаа ч бас биелүүлэх ёстой. Онцгой эрх эдлээд үүрэг хариуцлага хүлээхийг хүсэхгүй байх нь нийгмийн аливаа зөвшилцөөн зохицлоос ангид зэрлэг бүдүүлэг байдлыг хүсч буй хэрэг юм. Ийм нөхцөл байдал нийгэмд үүсч болдгийг шүүмжлэн дурдсан бүтээлүүд цөөнгүй байдаг. Нэг жишээ татъя.  

“Хэвлэн нийтлэгч авьяас билгийн ямар ч үнэргүй, худал хуурмаг, эсвэл хор хөнөөл бүхий номыг хэвлүүлж, телевизийн ивээн тэтгэгч өөрийнх нь үзэл бодлыг уландаа гишгэдэг тоймчдыг санхүүжүүлж, сонины эзэд хэвлэлийн боолчлолын тухай бархирагч залуу хулигаанд сониныхоо орон зайг тавьж өгөх болох нь. Өөрөөр хэлбэл, нэгэн хэсэг хүмүүс хэмжээ хязгааргүй эрх чөлөөг эдэлж, нөгөө хэсэг нь арчаагүй хариуцлагагүй байдалд умбах болох нь” гэж Айн Рэнд олон арван жилийн өмнө  “Капитализмыг өмөөрөх нь” бүтээлдээ бичиж байсан нь өнөөдөр манай нийгэмд яв цав, хэв хэвээрээ анзаарагдаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэнд ажиллагсдад хариуцлага юутай чухлыг бэлхнээ хэлээд өгч байна.

Сэтгүүлчийн ёс зүй бол хэвлэлийн эрх чөлөөний манаач

Дэлхийн ямар ч оронд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг туйлын эрх чөлөө гэж тодорхойлдоггүй. Олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг харгалзан энэхүү эрх чөлөөг хязгаарладаг янз бүрийн зохицуулалт байдаг. Тэдгээрээс хамгийн ихээр анхаарарл татдаг нь сэтгүүлчийн ёс зүйн асуудал. Үүнийг бид их томоор сэтгэж, өргөн хүрээтэй ярьдаг.  Гэтэл хэрэг дээрээ сэтгүүлчийн ёс зүй туйлын бага зүйлээс эхэлдэг.  Тухайлбал АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дагаж мөрдөж буй ёс зүйн дүрэм, журмуудад түгээмэл анзаарагддаг нэг зүйл нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангахын тулд мэдээний эх сурвалжаас бага ч болов бэлэг авахыг хориглодог, өөрийн гэр бүлийн хүний ажилладаг компанийн талаар мэдээ бэлтгэхийг хориглодог гэх мэт. Энэ мэтээр сэтгүүлч хүний дагаж мөрдөх ёс хэм хэмжээг дүрмээр тодорхойлох практик олон оронд мөрдөгдөж байна. Жишээ нь Их Британийн үндэсний сэтгүүлчдийн холбоо нь ийм ёс зүйн дүрэмтэй.  Зарим оронд сэтгүүлчдийн мөрдөх ёс зүйн зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Аль ч тохиолдолд сэтгүүлчийн ёс зүйн дүрэм нь тухайн редакц, сэтгүүлч аливаа маргаантай асуудлаар шүүхэд очихоос өмнө зохицуулалт хийх, хуулийн хариуцлага хүлээхээс өмнө ёсзүйн хариуцлага тооцон нэг ёсондоо хамгаалалт үүсгэхэд чиглэгдсэн байдаг. Монголд сэтгүүлчийн ёс зүйн дүрэм мөрдөх оролдлогууд олон удаа хийгдсэн. Бүр социализмын үеэс ч улбаатай гэж хэлж болно. МСЭ, Монголын чөлөөт сонинуудын холбоо, зарим редакцууд өөр өөрийн гэсэн ёсзүйн дүрэм баталсан ч хяналт тавих, хариуцлага тооцох механизм нь бүрдээгүйн улмаас бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Гэхдээ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, редакц  хүсэх юм бол энэ тийм ч хэцүү зүйл биш гэдгийг нотлох жишээ бидэнд байна.

2012.05.03-нд  “ЗА суваг” тв-ийн  эзэд, редакцийн хоорондоо хараат бус байдлын гэрээ байгуулж , редакцын дүрмээ баталжээ. Ингэхдээ эзэд нь редакцийн бодлогод оролцохгүй, сэтгүүлчид нь олон түмний мэдэх эрхийг дээдэлж, ёсзүйн зарчмаа чанд мөрдөнө гэдгээ гэрээгээр тохиролцсон байна. Редакцийн дүрмэндээ болохоор хөрөнгө оруулагч, редакц, сэтгүүлч, редакцийн зөвлөлийн эрх үүргийг тус бүрт нь зааж өгчээ. Жишээ нь, хөрөнгө оруулагч редакцийн бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Редакц болохоор сэтгүүлчийн ёсзүй, зарчимтай зөрчилдөх мэдээ мэдээллийг нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй. Сэтгүүлч нь аливаа мэдээллийг өөрийн итгэл үнэмшлээр бэлтгэнэ, хөрөнгө оруулагчийн нэр хүнд, ашиг сонирхолд харш мэдээллийг ч нэвтрүүлэх эрхтэй бөгөөд гагцхүү үнэн бодитой эсэхийг нь өөрөө хариуцна. Редакцийн зөвлөл нь ерөнхий редактор, сэтгүүлчдийн төлөөлөл, иргэний төлөөллөөс бүрдэх бөгөөд тус телевизийн сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой өргөдлийг шийдвэрлэнэ гэдгийг энэ дүрмэнд тусгажээ.

“За суваг” телевизийн энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл зөрчигдөөгүй, ямар нэг зөрчил хүндрэл үүсээгүй нь бид хүсвэл ёсзүйн зарчмаа чанд мөрдөн хараат бусаар ажиллаж чадна гэдгийг харуулж байна.

Сэтгүүлчид өөрийн эрхээ хэтрүүлэн ойлгох, ёсзүйн хэм хэмжээгээ мэдэхгүй байх, өөрсдийгөө дөрөвдэх засаглал гэж эндүүрэн захирч засаглах, хүчлэх, сүр үзүүлэх оролдлого хийх, ёс суртахууны хамгийн энгийн хэмжүүрт ч тэнцэмгүй ёс бус үйлдэл гаргах явдал түгээмэл байгаа нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сэтгүүлчид өөрсдөө боомилох, мэргэжлийн нэр хүндээ унагаах үндэслэл болж байна.  

Эцэст нь хэлэхэд “Хэвлэл мэдээлэл чөлөөт биш, үг хэлэх эрх бие даасан биш, оюун санаа чөдөртэй, айдас хүйдэст хүлэгдсэн бол төр засгийн ямар хэлбэр дор амьдарч буйгаас үл хамааран та иргэн биш, харин субъект л байх болно” гэж 1917 онд АНУ-ын сенатч Уильям Бора хэлснийг сануулмаар байна.

Тэгвэл өнөө цагийн монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллээр өвч хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байх уу гэдэг нь сэтгүүлч бидний мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус, эр зоригтой ажиллаж чадах эсэхээс  туйлын хамааралтай байна.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид

 

2012.11.06-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт тавьсан илтгэл

Monday, September 19, 2011

"Өнөөдөр" мэндэлсэн түүхнээ нэмэх бяцхан таталбар

Б.Галаарид (“Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, зохиолч, сэтгүүлч)

“Өнөөдөр” сонины түүхт ойг тохиолдуулан үе үеийн “Өнөөдөрчүүд”, цаг цагийн уншигчдадаа баярлалаа гэж хэлье. Анхдагчдад онцлон талархаж байна. Яагаад гэвэл “Өнөөдөр” гэдэг айлын буурийг нь тэгшилж, ханыг нь шийрлэж, өрхийг нь татаж, галыг нь бадрааж, “Өнөөдөр” гэдэг шинэ бүтээгдэхүүнээр уншигчдаа “дайлах” эрхэм хувь А.Баасандорж, Д.Баасанжаргал, Р.Байгалмаа, Ц.Балдорж, Д.Батцэнгэл, Б.Галаарид, Ш.Даваадорж, Д.Заяабат, Б.Лигдэн, З.Мэндсайхан, А.Мягмаржав, Ж.Орхон, Б.Нацагдорж, Б.Пүрэвдаш, Д.Энхболдбаатар, С.Энхжаргал, Р.Эрдэнэдэлгэр гэсэн 17 хүнд ноогдсон байдаг. Тэр 17 хүний “чанасан цай”-г эхэлж амтлах аз нэг түмэн уншигчид ноогдсон. Тэгэхээр “Өнөөдөр” сонины анхны дугаар 10000 хувь сониныг эхэлж уншсан хүмүүсийг ч би бас анхдагч гэж үзэн тус сонины анхны ерөнхий эрхлэгч(редактор)-ийн хувьд онцгойлон талархал илэрхийлж байна.

Эргээд харахад “Өнөөдөр” мэндэлж байсан мөчөөс хойш 15 он нэгэнт улирч, тэр үеийн бүх үйл явдал нь түүх, тэдгээр үйл явдалд оролцогсод нь түүхийн гэрчүүд болж хувирчээ. “Өнөөдөр” сонины тав, арван жилийн ойгоор ч, энэ удаад ч олон хүн дурсамж бичиж, ярилцлага өгч түүхээ тодлож байна. Тус сонины үүтгэл үеийн түүхийг хамгийн нарийн тодорхой мэдэх хүний хувьд зарим нөхдийн үл ялиг андуу эндүүг залруулах, бас бусдын огт мэдэхгүй түүхийг сөхөх нь өөрийг үүрэг гэж үзлээ.

Эхлээд хувийн чанартай нэг тодруулга хийе. Б.Галаарид гэдэг хүн хэн юм, яагаад “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор болсон юм гэж сонирхох хүн мэдээж байгаа. Би Ц.Балдорж эрхлэгчийн багт, төрийн төв хэвлэл-“Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад “Өнөөдөр”-ийг үүсгэн байгуулалцсан хүн. Энэ тухай “Өнөөдөр” сонины 2006 оны наймдугаар сарын 28-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн, манай анхдагчдын нэг Д.Заяабат хийж, Бал эрхлэгч маань өөрөө уншиж хянасан “Б.Галаарид: “Өнөөдөр”-ийг нийгэм хүлээж байсан юм шүү” ярилцлагад хэрхэн өгүүлснийг ишлэе.

“...УИХ-ын1996 онд болсон сонгуулийн үр дүн нийгэмд олон зүйлийг тодруулсан. Сөрөг хүчин анх удаа сонгуульд ялалт байгуулж засгийн эрх барих боллоо. Үүнийг дагаад хэвлэл мэдээллийн салбарт том өөрчлөлт орж эхэлсэн. Засгийн эрхэнд гарч ирсэн улстөрийн шинэ хүчин хуулийн дагуу төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг томилох нь гарцаагүй байв. Тиймээс энэ сонинд ажиллаж байсан сэтгүүлчдийн хувьд аль нэг намын харьяат хэвлэлд ажиллах уу, эсвэл чөлөөт, хэнээс ч хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйгээ дагах уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. Миний хувьд анхнаасаа ардчиллын төлөө явсан, Говь-Алтайд Ардчилсан холбоо байгуулж, Социал демократ намд хүчин зүтгэж, “Үг” сониныг анх гаргаж байсан гэдэг утгаараа ялсан улстөрийн хүчинд илүү талархалтай хандаж байлаа.

Түүнчлэн “Ардын эрх” сонинд ажиллаж, Балдорж гэж хэн бэ, ямархуу сэтгүүлч, уран бүтээлч, менежер вэ гэдгийг сайн мэддэг болсон байснаас сэтгэл хоёрдсон. Эрхлэгчид шинэ сонин гаргах санаа байсан нь лавтай. Дээрээс нь би “За эрхлэгч ээ, та шинэ сонин гарга. Би тэр сониныг чинь сонин шиг сонин болгоход тантай хамтран ажиллая. Хөл дээрээ баттай зогссоны дараа би явна. Надад өөрийн зам мөр бий” гэж хэллээ. Энэ яриа манай байшингийн үүдэнд болсон юм. Эрхлэгч намайг гэрт минь дөхүүлж өгөөд гадаа хэсэг ярилцаж зогсох үед бидний хооронд ийм яриа болсон хэрэг.

Тухайн үед “Ардын эрх” хамгийн шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн хүчирхэг баг байв. Энэ хүчирхэг баг өөрсдийн итгэл үнэмшил, үзэл бодлоороо хуваагдахдаа тулсан. “Өнөөдөр” сониныг улстөрийн аль нэг нам, хүчний харьяат бус байлгаж, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэсэн сонирхол эрхлэгч бид хоёрт байсан учир би энд ирсэн. Тэрч шалгуураар багаа бүрдүүлэх гэж оролдсон. Сонин анхны дугаараасаа эхлэн чөлөөт, ардчилсан гэдэг зарчим баримталсаар ирсэн...”

“Өнөөдөр” сониныг гаргахаар зориглоцгоосон түүх гэвэл энэ. Сониноо бүртгүүлэх, ямар баг бүрдүүлэх, хэнийг авах, сонины ерөнхий бодлого, загвар дизайн гээд бүх зүйл дээр шийдвэр гаргах эрхийг Бал эрхлэгч надад өгч, шаардлагатай гэж үзсэн үедээ л ярьж зөвлөж байсан болохоос хөндлөнгөөс хүчээр далайлгадаггүй, харьцангуй эрх чөлөөтэй ажиллах боломж олгодог, тэр хэрээр ажил урагштай явдаг байв.

Анх бид Соёлын төв өргөөний доод давхрын нэг жижигхээн өрөөнд, “ЖААГ” радиогийн хаяанд толгой хоргодох зуураа “Монгол ньюс” компанийг байгуулж, хуулийн этгээд болох эхний алхмаа хийсэн. Шинэ компани тэгэхэд Ц.Балдорж эрхлэгчийн барьсан цүнхэнд бүхлээрээ багтаж, “рекламны” Баярсайхан бид хоёр баруун зүүн гар нь болон татварын албанд бүртгүүлэх, данс нээх, тамга захиалах гэхчлэн аж ахуйн нэгж шинээр байгуулахад хийдэг хамаг ажилд гурвуулаа хэлхэлдэн хэд хоног явсан сан.

Дараа нь “Шинэ интернэшнл” компанийн байр руу нүүж, сонины редакц маань эхлээд нэг жижигхэн өрөөнд орсон. Нэг ширээ, хоёр сандалтай. Анхны дугаарын материалуудыг Р.Эрдэнэдэлгэр, Р.Байгалмаа нар шивж, Д.Батцэнгэл макет хийсэн. Жижигхэн өрөөнд олуулаа шахцалдаж овооролдохоор байр сав маань хэдий тавилгагүй ч гэсэн ер хоосон бодогдохгүй, хоосон сав шиг дүнгэнэх цуурайлах юмгүй их л дүүрэн сайхан байсан юмдаг.

Сэтгүүлчид маань өөр өөрийн боломжоор мэдээгээ цуглуулж, цонхны тавцан, цүнх сав аль таарсан юман дээрээ цаас дэлгэн бичицгээдэг байв. Шөнө өдөргүй ажиллацгааж байж дээ. Ямар ч тохижилтгүй тэр өрөөний цементэн шалан дээр нь сонин дэвсэн дугхийж байгаад жиндэн хатгаа авч, түүнийгээ тоохгүй явж байгаад хүндрүүлж сүйд болох шахсанаа санаж байна.

Анхны дугаараа бэлдэх зуур сонины эрхээ хөөцөлдсөн. “Монгол ньюс” ХХК байгуулагдаж, ерөнхий захирал Ц.Балдорж О1 тоот эхний тушаалаараа намайг “МН-Өнөөдөр” сонины ерөнхий редактороор томилж, сониныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг үүрэгдэв. Энэ бол 1996 оны есдүгээр сарын 18-ны өдөр.

Энэ тушаалтай холбогдуулан нэг тодруулга хийх ёстой байх. “Өнөөдөр” сонин анх ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, ерөнхий редактор Б.Галаарид гэсэн салаа удирдлагатай байсан, мөн анхнаасаа дороо олон орлогч эрхлэгчтэй нүсэр бүтэц байсан мэтээр сүүлийн үед энд тэнд бичдэг боллоо. Энэ бол эндүүрэл.

Ц.Балдорж эрхлэгч маань “Монгол ньюс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь байсан. “Мн-Өнөөдөр” сонин бол тус компанийн салбар нэгжүүдийн нэг, ерөнхий редактор нь Б.Галаарид миний бие байсан. “Ерөнхий редактор” гэдэг нэрийн тухайд бид бас бодож, хэлэлцэж байж өгсөн юм. Барууны орнуудад Editor-in-Chief гэж байдгийг “Ерөнхий редактор” гэж хэвшүүлье гэж хэлэлцээд анхны дугаартаа “Ерөнхий редактор Б.Галаарид” гэж тавьж, нэрийн хуудсандаа ч англи монголоор мөн тэгж оноон бичиж байв. Харамсалтай нь энэ нэр томъёог “их мэдэгчид” хуулбарлахдаа хоёр өөр үүрэг функцтэй албан тушаал гэж ойлгох болсныг одоо ч олон сэтгүүл, сониноос харж болно. Бид тухайн үедээ энэхүү марзан эндүүрлийг ихэд шоолон хэлэлцдэг байсан бөгөөд нэгэнт нийгэмд ийм гаж ойлголт үүссэн учраас “Ерөнхий эрхлэгч” гэдэг хуучин нэр томъёогоо эргүүлэн хэрэглэх нь дээр юм гэж ярилцах болсон Editor-in-chief-ийг Ерөнхий эрхлэгч гэж оноох болсон нь “Өнөөдөр”-ийн хувьд бүр хожмын, Б.Пүрэвдаш эрхлэгч ажлаа өгснөөс дараа үеийн хэрэг билээ.

Сонин маань анхандаа маш энгийн бүтэцтэй байсан бөгөөд хожим нь хөлөө олж бэхжихийн хэрээр удирдлагын бүтцээ зайлшгүй томруулах шаарлагатай болж, орлогч эрхлэгчидтэй болсон юм. Тодруулбал, 1997 оны аравдугаар сарын эхээр, намайг ажлаа өгч, Б.Пүрэвдаш гуай ерөнхий редактор болсон үеэс нэгдүгээр орлогч, мөн гурван орлогч эрхлэгчтэй болсон .

Одоо “Өнөөдөр”-ийн анхны дугаар хэрхэн хэвлэгдсэн түүхийг өгүүлье. Бал эрхлэгч ер нь аливааг хийхдээ зоригтой ч, зангарагтай ч хөдөлдөг нэгэн гэдгийг олон хүн мэднэ. Тэрээр сонины редакцаа хамгийн орчин үеийн маягаар тохижуулна хэмээн ширээ сандал, компьютер зэргийг авахаар хамаг мөнгөө шилжүүлчихсэн, нэг том танхим тохижуулаад эхэлчихсэн үеэр анхны дугаараа хэвлүүлэх боллоо. Дугаар хэвлэлтэд бэлэн болсон ч түүнийгээ хэвлүүлэх мөнгө байсангүй. Тэр үед “Чөлөөт хэвлэл” сангийн удирдлага нь Х.Наранжаргал байлаа. Тэдний хэвлэх үйлдвэр зээлээр нэг ч сонин хэвлэхгүй гэсэн хатуу журамтай. Зарчимч, шударга, дүрэм журмаа ягштал барьдаг Х.Наранжаргал эгч маань Бал эрхлэгч бид хоёрын гуйлтыг зөвшөөрч анхны дугаарыг маань зээлээр хэвлэж өгөхөөр болсон нь тухайн үедээ юутай ч зүйрлэшгүй том тус байж билээ.

Сонины хэвлэх үйлдвэрийн дарга Б.Галсандорж анд маань анхны дугаар хэвлэлийн машинаас гарч ирэх агшныг нүдээрээ харах хүсэлтийг минь зөвшөөрч үйлдвэр рүүгээ нэвтрүүллээ. Галаагийн ачаар би тийнхүү “Өнөөдөр” сонины хамгийн анхны дугаарыг хэвлэх машинаас гарахад нь дэлгэн үзэх хувь тохиосон юм. Гэрэл зургийн сурвалжлагч Р.Даваажав аливаа шинэ соргог үйл явдлыг үргэлж мэдчихсэн байдаг төрөлхийн мөрдөн сурвалжлагч зангаараа яг тэр эгшнийг хальснаа буулгаж авсан. Тэр зургууд бодвол архивт нь байдаг байх.

Би эхэлж авсан мөнөөх дугаараа гараасаа салгалгүй барьсаар редакц дээрээ ирж,тэнд байгсад уг сонин дээр бүгд гарын үсгээ зурцгаасан. Тэр мөчид “Хонгор зул” сонины эрхлэгч, яруу найрагч Я.Бадамсүрэн бидний баярыг хуваалцсан бөгөөд сонин сониноо дэмжлээ хэмээн ихэд баярлаж мөнөөх гарын үсэг бүхий сониноо би түүнд дурсгал болгон өгсөн юм даг. Тийм дурсгалтай сониныг Я.Бадамсүрэн алга болгоогүй нь лавтай. Манайхан хөөцөлдөж олж авбал маш сонин байх биз.

Анхны дугаарын материал бүрдүүлэлт их амархан байсан. Чадварлаг сайн баг гэдэг юунд ч түүртдэггүйг тэгэхэд л би харсан. Хүн болгон хоёр гурван материал бариад ирэхээршигшилт сонголт хийх ажил л үлддэг юм билээ. Анхны дугаарыг Б.Лигдэн, Б.Пүрэвдаш хоёр аль эрт бэлэн болгочихсон байсан гэж манай анхдагчдын нэг Б.Нацагдорж яагаад эндүү бичсэнийг би үнэндээ ойлгоогүй. Тийм холоос төлөвлөсөн бодлого бидэнд байгаагүй. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ар араасаа маш хурдтайгаар хөвөрсөн үйл явдлуудын өөрчлөлт, хувиралтын явцад шинэ сонин байгуулах шийдвэр гаргаж, багаа яаралтай бүрдүүлж, хэнд ямар материал байна, аваад ир гэж л хүссэн. Галаарид тэр олон материалаас сонголт хийх гэж зүдэрсэн байх гэж Б.Пүрэвдаш гуай хашир хүн болохоороо үнэн бичсэн байна лээ.

“Өнөөдөр” маань үндэсний хэмжээнд тардаг өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл. Анхдагч байна гэдэг бүх саад бэрхшээлийг эхэлж туулна, бүх зам мөрийг эхэлж гаргана гэсэн үг. Анхдагчийн гаргасан мөр, тогтоосон жишиг ямар байхаас дараа дараагийнхны хувь заяа их хамаардаг. Энэ бол анхдагчийн хамгийн гол хариуцлага. “Өнөөдөр” сонин энэ хариуцлагаа сайн мэдэрч, бүрэн дааж чадсан. Бодлогоор ч, техник технологиор ч тэргүүлэгч байх гэж тэмүүлдэг нь энэ сонины хувьд уламжлал, бас мөнхийн мөрдлөг болсон нь сайн хэрэг.

Би “Өнөөдөр”-т удаан ажиллаагүй. Хожим нь Бал эрхлэгч маань хүрээд ир гэж урихад нь очиж чадаагүй. Очиж чадаагүй учраа нэг сайхан тайлж хэлнэ дээ гэж бодсоор явтал эрхлэгч маань энэ хорвоогоос буцчихсан. “Өнөөдөр”-ийн ололт амжилтыг өөртөө хамаатуулах эрх надад байхгүй, тийм ёс суртахуун ч байхгүй. Гэхдээ анхдагчийн хувьд, “Өнөөдөр” гэдэг их айлын галыг нь бадраахад голлох үүрэгтэй оролцсон хүний хувьд, анхны ерөнхий эрхлэгч нь байсны хувьд өөрт хамаатай, өөрийн мэдэх цаг үеийн түүхийг үнэн мөнөөр нь тодлон үлдээх нь үүрэг гэж үзэн энэхүү дурсамжийг халтартууллаа.

“Өнөөдөр” сониныг өмнөх он жилүүдэд Монголын топ сонинуудын нэг байлгаж чадсан бүх хүмүүст, тэр уламжлалыг нь буухиалан хадгалж буй өнөөгийн хамт олонд, бүх цаг үеийн “Өнөөдөр”-ийн үнэнч уншигчдад 15 жилийн ойн мэнд дэвшүүлье.

“Өнөөдөр” сонин. №209. 2011.09.13.