Tuesday, December 24, 2013

Монголын сэтгүүлзүй хүний амьдрах эрх, өмчлөх эрх, мэдэх эрхийг хамгаалах, бүтээгчдээ дэмжих үйл хэрэгт манлайлагч нь байх ёстой.

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ  ЁСЛОЛ ДЭЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАЛААРИДЫН ХЭЛСЭН ҮГ
2013.12.24                                Улаанбаатар хот.

Эрхэм хүндэт зочид, ноёд хатагтай нар аа! Үйлс зорилго нэгт эрхэм сэтгүүлчид ээ!
Нэгэн зууны намтар цадигаа дүүргээд, шинэ зууны түүхээ бичиглэж эхлэх хэмээж буй Монголын үндэсний сэтгүүлзүйн 2013 оны шилдгүүдийг шалгаруулан хүндэтгэх ёслолд залагдан ирсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг бүтэн жилийн турш бүтээлчээр тэмдэглэхээр МСЭ санаачлага гаргасныг төр засаг, олон нийт, нийт сэтгүүлчид дэмжин эрдэм шинжилгээ, урлаг, спорт, бүтээлч санаачлагын олон ажил хийж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм. МСЭ нь сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдээс нэр дэвшүүлсэн байгууллага, хүмүүсийн дундаас  хамгийн шилдгүүдийг нь шалгаруулснаа одоо тайлагнана. Энэ бол Монголын сэтгүүлзүй нэгэн зууны түүхийнхээ хамгийн сүүлийн жилд ямар амжилт ололтод хүрснээ тайлагнаж буй хэрэг юм.
Залран ирж буй 2014 он та бидний хувьд онцгой чухал он байх болно. 2014.03.06-нд бид Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн хаалтаа хийнэ. Тэр мөчөөс манай сэтгүүлзүй хоёр дахь зууны түүхээ эхлэх болно. Энэхүү түүхэн агшин хүртэл үлдээд байгаа богинохон хугацаанд та бидэнд хийх ажил нэн их байна. Эн тэргүүнд бид сэтгүүлзүйн өнөөгийн байдалдаа нухацтай дүн шинжилгээ хийж, шинэ зууны гарааны өнгөө тодорхойлох ёстой. Энэ нь Монголын ардчилал өөртөө дүгнэлт хийж, алдаа оноогоо эргэн харж, аврага биетэй ч бодол  богинотой төрөө засч, холыг хардаг, зөвийг дээдэлдэг ухаалаг төртэй болох зорилт тавиад буйтай бүрнээ нийцэж байна.
Монголын сэтгүүлзүй ч гэсэн өнгөрсөн хугацааны алдаагаа засч, ололтоо бататгах шаардлагатай байна. Ёс зүйн хил хязгаартай, мэргэжлийн ур чадвараараа  сайн дурынхнаас ялгардаг, зөв сайнаараа ижилсдэг, алдаа дутагдлаа нууж өөгшүүлэх бус харин хэлэлцэн засдаг, зөвд зөөлөн,  бурууд хатуу  сэтгүүлзүйг бий болгох нь та бидний гол зорилт юм. Манай салбар бизнесийн эрүүл зөв орчинтой, хууль эрхзүйн зөв зохицуулалттай, мэргэжлийн ур чадварыг онцгойлон дээдэлдэг салбар болох ёстой. Монголын сэтгүүлзүй хүний амьдрах эрх, өмчлөх эрх, мэдэх эрхийг хамгаалах,  бүтээгчдээ дэмжих үйл хэрэгт манлайлагч нь байх ёстой. Ийм байлгахын төлөө 2014 онд ч, цааш цаашдын он жилүүдэд ч МСЭ хичээн зүтгэх болно.
Эрхэм зочид, анд нөхөд өө!
 МСЭ-ээс зохион байгуулж буй 2013 оны салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нээснийг мэдэгдье.
МСЭ үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг энэ оны гуравдугаар сарын 6-нд зохион байгуулж тэмдэглэхдээ сэтгүүлзүйн түүхэнд анх удаа архигүй арга хэмжээ зохион байгуулсан билээ. Энэ сарын эхээр, шинэ жилийн уур амьсгал орохын өмнө МСЭ аливаа арга хэмжээг архи дарсгүй зохион байгуулах, шинэ соёл тогтоохыг уриалсан маань эхнээсээ хэрэгжиж, зарим байгууллагууд шинэ жилийн арга хэмжээгээ архи дарсгүй тэмдэглэж эхэлж байгаад баяртай байна.

Манай өнөөдрийн арга хэмжээнд нэг ч улстөрч уригдаагүй, гаднын нэг ч хүн байхгүй, зөвхөн манай салбарынхан оролцож байна. Ийм шинэ соёлыг сэтгүүлч бид л бий болгож хэвшүүлж, нийгмийг уриалан дуудахгүй бол өөр хэн хийх вэ? Тийм учраас бид ийм шинэлэг арга хэмжээ зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна.

No comments: