Showing posts with label Экологи. Show all posts
Showing posts with label Экологи. Show all posts

Tuesday, August 06, 2013

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид: “Үзэсгэлэнт байгалиа мухар сүсгийн золиос болгомооргүй байна


        Далд үзэгдэл судлаач, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-ны орчмыг цэвэрлээд ирсэн билээ. Түүнийг бөө мөргөлийн чиглэлээр олон жил судалгааны ажил хийж явааг уншигч та мэдэж байгаа. Тэрээр гурван сард “Мөнх тэнгэрийн ухаан” лекцээ хүмүүст үнэ төлбөргүй уншиж, тэнд очсон олон хүнийг гэгээрүүлж, ухааруулж чадсан. Түүнтэй уулзаж цөөн хорол хөөрөлдсөн юм.

-Та сая хэсэг хүмүүсийн хамт “Ээж мод” яваад сайн дураараа цэвэрлээд ирсэн. Яагаад ийм ажил санаачлах болов ?

-Өнгөрсөн сард би “Амьд байгалиа хайрлая” нэртэй сайн санааны аяныг санаачилж байгаагаа зарласан. Энэ маань тохиолдлын хэрэг байсангүй. Манайхны байгаль дэлхийдээ хандах хандлага даанч хүйтэн хөндий, эзэн сэтгэлгүй байна. Ургаа модонд уясан хадаг яндар эцэст нь тэр модоо үхүүлж байна, энд тэнд хаясан хог хаягдал амьд байгалийг мөхөөж байна. Ялангуяа сүсэг бишрэлтэй холбоотойгоор орчноо бохирдуулж байгааг асуудалд олон нийтийн оролцоо хэрэгтэй байна гэдгийг  ойлгосон учраас ийм санаачлага гаргасан юм. Жиргээчид, сэтгүүлчид, жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, лам бөө гээд нийгмийн бүхий л төлөөлөл үүнийг маань дэмжсэний үр дүнд өнгөрөгч бямба гарагт 50 гаруй хүн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг “Ээж мод”-ны орчмыг бүрэн биш ч боломжоороо цэвэрлээд ирсэн. Тэр хавийн мод болгоныг хадгаар багласан учраас хэдхэн жилийн дараа тэр үзэсгэлэнт байгаль тэр чигээрээ мөхөх аюул тулгараад байгаа юм. Бидэнд туслаж дэмжсэн, хамт явсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

-Монголчууд эрт дээрээс л хадаг яндрыг бурхантайгаа зэрэгцүүлж шүтсээр ирсэн. Тийм нандин зүйлийг хаа хамаагүй уяж зангидах нь зөв үү?

-Уг нь ч эдийн дээд хадаг л гэдэг байлаа. Сүүлийн үед хадагны үнэ цэнэ даанч их унасан. Булаг рашааны эх, бут сондуул, ургаа мод, унанги дархи, гүүрний хашлага, хашааны шон гээд хаа л бол хаана хадаг уяастай. Ингэж болохгүй гэдгийг учир мэдэх хөгшид, лам хуврагууд бүгд л хэлж байна. Мухар сүсэг газар авсан учраас даанч сонсож ухаарахгүй нь бололтой. Тийм болохоор л “Ээж мод”-ыг сонгож цэвэрлэсэн юм. Олон түмнийг сануулж сэрүүлэх гэсэн оролдлого л доо. 
-Эсэргүүцэх хүн олон байна уу?

-Байна аа, байна. Хүмүүсийн сүсэг бишрэлд ингэж халдаж болохгүй л гэнэ. Хэсэг хүний сүсэг бишрэлийг хүндэлж байгаа нь энэ гэж дураар нь дургиулаад үлдсэн хүмүүс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулаад, унаган байгалиа сүйтгүүлээд суух юм уу? Түүний оронд буруу гэдгийг нь хэлээд ойлгуулаад, нэгэнт тарьсан хогийг нь цэвэрлээд өгөх нь дээр биз дээ? Биднийг муу хэлэх яах вэ, иргэдийн маань ухамсар бага ч болов дээрдэж, ургаа модоо бага ч болов хайрладаг болвол том дэвшил.

-Ингэж хадаг уях ёс хэзээнээс дэлгэрчихэв ээ? Бөөгийн ёс уу, ламын ёс уу?

-Алиных нь ч ёс биш. Амьд байгалиа сүйтгэх ёс алинд нь ч байхгүй. Энэ бол манайхны мухар сүсгийн илэрхийлэл. Худлаа мэдэмхийрч, элдэв зан үйл бодож олон сүсэгтэн олныг мунхруулагчид, бусдын итгэл сэтгэлээр бизнес хийгчдийн л гай нь ийм гамшиг дагуулж байгаа юм.

-Модонд уясан хадгийг авч хаявал лус хилэгнэдэг гэх юм? Та айхгүй байна уу?

-Хүнээр зүйрлээд үзье. Мөч бүхнийг  нь хүлж баглаад үхүүлэх гэж байгаа хүнд баярлах уу, тэр хүлээсийг тайлж гарцаагүй үхлээс аварсан хүнд баярлах уу? Хүн амьдралдаа ядаж нэг мод тарих ёстой гэдэг дээ. Тэгвэл тарчилж буй модыг үхлийн савраас аврах ч бас буян л байж таарна даа. Зөв юм хийж байгаа болохоор юунаасаа айх билээ дээ. Хадам ээж минь ная гарсан хөгшин бий. Биднийг ийм ажил хийгээд ирснийг сонсоод “Хүүхэс минь буянтай сайхан ажил хийж” гээд уйлсан. Тэр сайхан сэтгэлээс илүү том шагнал гэж байхгүй. Би урамшсан, омогшсон.

-Хадаг уяад байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүст ингэх сэдлийг нь төрүүлээд байгаа тэр лам бөө, домч засалч хүмүүс хамгийн түрүүнд ухаараасай гэмээр байна. Аргаа бараад өөрт чинь хандан тусламж хүссэн нэгний гарт хадаг бариулаад ургаа мод руу явуулах нь “Чи сайн сайхан болохын тулд тэдний нялх балчир хүүхдийг боогоод алчих” гээд олс атгуулаад илгээхтэй агаар нэг. Ийм буян нүглийг ялгахгүй хүнд итгэх нь зөв үү,  буруу юу гэдгээ иргэд маань ч цаашид эргэцүүлж бодоорой.

-Бөө нар модон дунд хадгаар хүрээ татаад орхичихдог, түүнд нь хүмүүс халдаж хүрэхгүй юм. Энэ ер нь хэдийнээс улбаатай ёс вэ?

-Ямар юмных нь ёс байхав дээ. Сүүлийн үед бий болсон буруу үзэгдэл. Уг нь бөө нар хээр хөдөө бөөлөхдөө хүрээ татаж хамгаалалт тавьдаг ёс бол бий. Тэгэхдээ сүү, тариа будаа тойруулан цацаж хүрээ татлаа гэж домнодог, олс дээс, сур аргамжаар хүрээ тавиад үйлээ дуусмагц хураагаад авчихдаг, эсвэл чулуугаар хүрээ татдаг байсан байна. Яаж ч бодсон байгальд хоргүй байгаа биз дээ. Тэгж л хүрээ тавих гээд байгаа бол энэ уламжлалаа сэргээцгээ гэж хэлмээр байна.  

-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

- “Амьд байгалиа хайрлая” аяныг бүх нийтийн хөдөлгөөн болтол нь өргөжүүлэхийг хичээнэ. Ямар ч айл хэд хоноод орон гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Тэгвэл монголчууд бид ядаж хавар, намартаа ганц ганц удаа орон даяараа  ийм цэвэрлэгээ хийж, хог буртагнаасаа салдаг албан ёсны өдөртэй болчих юмсан. Тэгвэл мөн хэрэгтэй еэ.

-Таны хувьд байгаль эхээ хүн хайрлахын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. Байгаль дэлхий маань амьд шүү, бидний л адил зовдог энэлдэг, бас баярладаг талархдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн бол байгальд халтай алхам хийхгүй дээ. Байгалийн сайхныг мэдэрдэггүй, онгон дагшин байгалиараа бахархдаггүй, түүнийг үр хүүхэд хойч үедээ үлдээх ёстойгоо ойлгодоггүй хүмүүс л байгаль хамгаалах аяныг эсэргүүцэх байх.  

-Таны “Мөнх Тэнгэрийн Ухаан” лекцэнд суусан. Сонирхолтой, бас их мэдээлэлтэй лекц байсан. Ганцхан би гэхгүй тэнд очсон бүх хүн тэндээс их юм мэдэж, ухаарч авсан байх. Тэгэхээр сүүлийн үед олширсон энэ олон бөө нараас жинхэнэ, худлааг нь яаж ялгах вэ?

-Мөнх тэнгэрийн ухаан бол бөө мөргөлөөс хамаагүй өргөн ойлголт юм шүү гэдгийг эхлээд хэлье. Энэ бол монголчуудын амьдрахуйн ухаан, оршихуйн ухаан, ертөнцийн зүй тогтлыг ойлгож түүнд зохицон аж төрөхүйн ухаан. Харин бөө мөргөл бол түүний нэгээхэн хэсэг нь төдий.
Худал үнэн бөөг таньж ялгахад хэцүү нь үнэн. Гэхдээ тэдний үг хэл, үйлдэл, байр байц нь монголчуудын өнө эртнээс дагаж мөрдөж ирсэн хүнлэг байх, чин шударгуу байх, аливаа шунал тачаалыг хазаарлан барих, ам андгайдаа үнэнч байх, ёс бусыг хийхгүй байх бичигдээгүй хуулиас гажиж байвал хуурамч бөө гэсэн үг.    

-Миний асуугаагүй ч таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Үйлийн үрийн өр төлөөс хатууг монголчууд минь ухаараасай. Амьд байгалиа хайрлаж, өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан нутгаа хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн төлөө хүн бүр хичээхсэн гэж л уриалмаар байна.

Эх сурвалж:www.aravt.mn

Friday, July 17, 2009

Цөлжилт: Ногоон цөлжилт буюу бэлчээрийн тураал

Монгол орон жилд 60-65 сая хонь толгойтой мал тэжээх чадавхитай гэгддэг 110 сая га бэлчээртэй. Энэ нь Монголын нийт нутгийн 72.1 хувь. Сүүлийн 23 жилд малчдынх нь тоо 338, малынх нь тоо 150 орчим хувиар өссөн гэж байгаа. Харамсалтай нь энэ өсөлтийг дагаад бэлчээрийн зай талбай нэмэгдэх боломжгүй болохоор аливаа асуудал хүндрэлийг энэ л орон зай дотроо шийдэх ёстой.
Ер нь манай мал аж ахуй ихээхэн үрэлгэн гэмээр, амиа аргацаасан аж ахуй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Газар нутгийн 72.1 хувийг эзэлдэг, нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажилладаг атлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг л үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ 21 хувийг үйлдвэрлэхийн тулд жил бүр байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулж буйг тооцсон нэгдсэн статистик одоогоор алга. Манай эрдэмтэн судлаачид малын тоо толгойг хэдэд баривал зохистой болох, бэлчээрийн даац ямар байгаа, сүргийн бүтэц юу болж байгаа талаар үе үехэн дуугаравч төрийн бодлого буюу институцын тогтолцоо маань энэ бүгдийг анхаарч хайхрахдаа тун дурамжхан байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн менежментийн талаар ярьдаг дуугардаг эрдэмтэн мэргэд нь байвч тэдний дуу хоолойг сонсож, санаа авч ажил болгох механизмынх нь эрэг шураг зэвэрч муудаад, эвдэрч гацаад нэг л биш ээ.
Дэлхий даяараа экосистемийн доройтлын талаар ярьж, санаа зовниж буй энэ үед бие биенээсээ дэндүү харилцан хамааралтай энэхүү гараг ертөнцийн нэгээхэн хэсэг, тэгэхдээ нэлээдгүй том орон зайг нь эзэлсэн газар нутагтай улс атлаа ийнхүү алгуурлах нь дэндүү хариуцлагагүй явдал юм.
Сүүлийн үед гадаадын эрдэмтэд “ногоон цөлжилт” гэдэг нэр томъёог хэрэглэж эхэллээ. Тэрхүү ногоон цөлжилтийн хамгийн сонгодог жишээ нь Монгол орон болоод байна. Ургамлан бүрхэвч нь ногоон боловч судлаад үзэхээр тэр нь шимт чанараар бага, өөрөөр хэлбэл хогийн ургамал зонхилсон буюу дагнасан байхыг ногоон цөлжилт гэдэг. Товчхондоо, “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг холоос харахад нов ногоон газар, зориод очиход модлог бутлаг ургамал аруу таруухан ургасан, нарийн ногоо юу ч үгүй байдаг гэсэн үг.
Уг нь бэлчээрийн чанарын өөрчлөлт хүн бүрт мэдрэгдэхээр байгаа. Ерхөг, хялгана тэргүүтэй нарийн өвс найгаж байдаг, өнгө өнгийн цэцэг алаглаж байдаг, нялхсын зулай мэт зөөлөн зүлэг ногоорч байдаг асан олон сайхан газар өнөөдөр лууль, шарилжиндаа баригдчихсаныг хөдөөгийнхөн бүү хэл хотынхон ч анзаарч л байгаа. Энэ бол үет ургамалтай бэлчээрийг талхалж, гал түймэр тавьж, хоцрогдсон технологиор уул уурхай ажиллуулж, хаа дуртай газраа машин зам гаргаж, байгаль орчиндоо хүйтэн цэвдэг, эзэн сэтгэлгүй хандсаны үр дагавар юм. Байгаль орчноо хайрлан хамгаалж, амьдчилан харьцдаг өвөг монгол ухаанаа гээсний халгай юм.
Хэдхэн жилийн өмнө өвсөн дундуур нь явсан машины хөдөлгүүр рүү шивээ чихэж шатааж байсан Дорнодын их тал өнөөдөр шагайгаар татах өвсгүй шахам болчихсон, нефтийн хятад тэрэгнүүд хэдэн зуун салаа зам гарган сүлжиж, өлөн тоос хадааж байна. Мал амьтан хүртэл экологийн хувирлыг даган өөрчлөгдөж, говийн үхэр хэлээрээ өвс ороож идэж мэдэхгүй, бог мал нь хулан шиг ургамлын үндэс цавчин ухдаг болчихоод байна. Сүүлийн үед хонь махан тарга авахгүй, дан өөхөн тарга аваад байгаа нь ч мөн л ногоон цөлжилтийн ул мөр. Агь, шарилжнаас өөр идэх юмгүй болсон хонь яаж ч махан тарга авах билээ дээ.
“Хавар намартаа хавчигдаад зунгүй боллоо” гэдэг шиг оршихуй эс оршихуйн ширүүн тэмцэлд ялагдсан нэг наст ургамлууд олон наст ургамалд зайгаа тавьж, өвслөг бүрхэвч модлог бүрхэвчээр солигдон, үүний улмаас биологийн төрөл зүйлүүд ч устан үгүй болж эхэллээ.
Газрын төдөв байдал, чанарын талаар мэдээллийг сансрын зураг дээр үндэслэн Улаанбаатарт суугаа хэн нэгэн албан тушаалтан боловсруулбал амьдралаас юутай хол зөрөхийг ногоон цөлжилт бэлхнээ хэлээд өгч байна. Яагаад гэвэл сансраас авсан зургаар монголын бэлчээрийн байдлыг тодорхойлж, түүнийх нь дагуу отор нүүдлийг зохицуулна гэвэл лууль, шарилжнаас өөр ургамалгүй газар руу хэдэн малчдаа нүүхийг шаардана гэсэн үг.
Уг нь ногоон цөлжилтийн зовлон ганц Монголын зовлон бас биш юм. Цөлжилтөд газар нутгийнхаа тодорхой хэсгийг алдсан улс орон болгон түүний юу болохыг мэднэ. Энэ бол цөлжилтийн онцгой шат буюу яаралтай арга хэмжээ авахгүй бол болохоо байсны дохио. Өвчтэй хүнээр бол өвчин нь үгдэрч хүндрэн хэвтэрт орж эхэллээ гэсэн үг. Оновчтой зөв эмчилгээ хийвэл босоод ирнэ, олигтой анхаарахгүй бол үхэл рүү улам дөхнө.
Африк, Австрали, АНУ-ын баруун өмнөд хэсэгт ийм ногоон цөлжилттэй газрууд бий. Эрдэмтэд үүнийг экосистемийн доройтлын гинжин хэлхээний нэг хэсэг, бэлчээр талхагдаж, хөрсний шим тэжээл буурснаар ашиггүй хог ургамал ихээр ургаж, уугуул ургамлан бүрхэвчийг үгүй болгон, улмаар биологийн төрөл зүйлийг доройтуулж буй нь энэ гэж тайлбарладаг.
Биологийн төрөл зүйл доройтох нь өөрөө эргээд сөрөг хариу үйлдэлтэй үйл явц юм. Тухайлбал, махчин амьтад нь алга болчихвол өвсөн тэжээлтнүүд хязгааргүй өсч, хөрс бэлчээр талхлагдаж, ургамал ногоо муудах зэргээр зохистой харьцаа заавал алдагддаг. Тийм учраас монголчууд амьтдыг хоморголон алдаггүй, ургамал ногоог хамаагүй тасаддаггүй, байгалийн амьд харилцан шүтэлцээг эвддэггүй байжээ. Ингэсний хүчинд л харьцангуй хуурай сэрүүн уур амьсгалтай, эмзэг хөрстэй энэ бүс нутагт олон мянганы турш байгалийн ноцтой шийтгэл амсалгүй хорьдугаар зууны дунд үе хүрч чадсан байдаг. Гэвч хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас энэ уламжлал гээгдэж, үүнтэй зэрэгцэн хотжилт, атар газар эзэмших кампанит ажил гэхчлэн хөрсний бодлогод урвуу нөлөө бүхий олон үйл явц өрнөснөөр цөлжилтийн хурдац нэмэгдсэн байдаг. 1990-ээд оноос нийгмийн шинэ харилцаанд шилжиж, зах зээлийн баримжаат эдийн засгийн бодлого барих үед хөрс хамгааллын асуудал бүр орхигдож, Засгийн газрын “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр байдал улам дордов. Ноолуурын үнэ өсч хөрсний дайсан ямааг малчид ихээр өсгөсөн, уул уурхайн хайгуул, ашигт малтмалын зөвшөөрлийг замбараагүй, хяналтгүй олгосон, хэт ашгийн төлөө улайрагчид мөнгө болж болох бүхнийг байгалиас авч эхэлсэн, уур амьсгалын дулаарал давхацсан, төрөөс малчдын талаар явуулж буй бодлогод экологийн нөлөөллийн асуудал тусгагдаагүй гээд бэлчээр, хөрс доройтох хүчин зүйлүүд ар араасаа нэмэгдсээр байна.
Одоогоос таван жилийн өмнө Байгаль орчны яам гол горхи, усан хангамжаа бүртгэж үзэхэд хэдхэн жилийн дотор 700 гол горхи, 1484 булаг шанд, 760 нуур цөөрөм ширгэсэн байв. Гэтэл үүнийг төр засаг ч, иргэд олон нийт ч төдийлөн анзаарахгүй, харин ч дасан зохицох, зүй ёсны үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөх хандлагатай байгаа нь харамсалтай. Энэ бүртгэлээс хойш мөнгөн ус, цианит натри зэрэг хорт бодис ашиглан алт, үнэт металл олборлох бизнес цэцэглэн хөгжсөн болохоор экологийн доройтол ямар түвшинд хүрснийг төсөөлөхөд амархан.
Малын тоо толгойг хэт өсгөх нь ногоон цөлжилт буюу бэлчээрийн доройтолд хүргээд байгааг хаа хаанаа бодолцож, энэхүү сүйрлийн хэмжээг бодитоор тогтоох аргачлал боловсруулж, тэмцэх арга замаа тодорхойлж, дорвитойхон хөдлөхгүй бол Монгол орон минь газрын тураалаар өеөдчихөөд тамир алдран хэвтэнэ биш үү?
Хүмүүн гэгч энэ ертөнцөд төрж, өтөл насалтлаа их л удах мэт боловч үнэндээ цаг хугацааны дэндүү өчүүхэн нэсгийг хумсалж орхиод, үлдсэнийг ирээдүйд даатган оддог билээ. Төрт ёсны 2000 гаруй жилийн уламжлалтай монголчууд өнгөрсөн бүх хугацаанд мандан бадрах, гундан доройтохын аль алийг ханатлаа үзэхдээ нэг л зүйлийг орхилгүй дээдэлж ирсэн. Тэр нь байгалиа хайрлах хамгаалах явдал. Энэ уламжлалыг хэт ашгийн төлөө харалган бодлогоор сольж орхивол ирээдүй үе маань биднийг уучлахгүй. Хойч үеийнхнийхээ хишиг буяныг өнөөдөр сэгсэрч суугаа нүглээ эртхэн цайруулж, алдаагаа засъя гэвэл одоохондоо бас ч боломж байна. Гэхдээ одоохондоо шүү. Харин дараа бол үгүй. Хэзээ ч үгүй.

Tuesday, July 07, 2009

Цөлжилт: Газартайгаа дайтсан гашуун түүх

Хүн гээч бодгаль байгалаас дэндүү хамааралтай. Соёл иргэншил хөгжихийн хэрээр, технологийн дэвшил нарийсахын хэрээр хүн байгалыг улам бүр эрхшээлдээ оруулж чадна гэдэг үзэл онол абсурд болох нь батлагдаж, нийгмийн амьдралыг байгалын хуульд захируулах оролдлого сүүлийн үед хийгдэж эхэллээ. Ингэхээс ч аргагүй юм. Хүн төрөлхтөн байгалын хуулийг зөрчиж, зөвхөн баялгийн хойноос улайран тэмцсэн хязгааргүй шунал, тэмүүлэл нь эцэстээ дэлхий нийтийг хамарсан экологийн сүйрэлд хүргээд байна. Энэ бол байгалтайгаа амьдчилж харьцдаггүй, ухаалаг хэрэглээнд захирагддаггүй, байгалын баялгийг “Ашиг, бас дахин ашиг” зарчмаар хүч түрэмгийлэн эзэмдэж байсны үр дагавар юм. Амьдран суугаа, ашиг шимийг нь хүртэж буй газар шороондоо эрлэгийн элч мэт хатуу харгис хандсан түүхэн баримт олон бий.
Өнөөдөр дэлхийн 100 гаруй орны нутаг дэвсгэр цөлжилтөд эмзэг гэсэн судалгааны дүн байдаг. Дэлхийн хуурай газрын гучин хувь, нэг тэрбум орчим хүнд бодит аюул учруулаад байгаа цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийн 87 хувь нь газар, ус, ургамал, байгалын бусад баялгийг зүй бусаар ашигласан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж байна. Хүн төрөлхтөн зөвхөн хэрэглэгч байх үеэс эхтэй энэ сөрөг үйл ажиллагаа хүмүүс бүтээгч болсноос хойш улам бүр өсөн нэмэгдсээр өнөөдөр ийм дүр зургийг бий болгоод байгаа юм. Энэ удаад би дан ганц газар ашиглалтын сөрөг үр дагаврын талаар өгүүлье.
Хүн төрөлхтөн жимс ногоо түүх, ан агнах төдийгөөр өөрийгөө аргацааж байсан тэр үе өдгөөгөөс 35-40 мянган жилийн тэртээ билээ. Дараа нь газар тариалан эрхэлж, амьтдын гаршуулан тэжээж ихэнх хэрэгцээгээ хангах болов. Тэгэхдээ ургамал дотроос эрдэнэшиш, будаа, улаан буудай зэрэг хамгийн үржил шимтэйг нь, амьтад дундаас хонь, үхэр, ямаа, нохой мэтийн хамгийн ашиг тустайг нь олж сонгож чадсан байдаг.
Хүн чухам хэдийнээс газрыг боловсруулж, тариалан эрхлэх болсон талаар эх сурвалжууд он тооллын хувьд зөрүүтэй мэдээлэл өгдөг. Тэр бүү хэл бидний өвөг дээдэс л энэ бүгдийг бий болгосон гэж өмчлөхийг оролдсон, шашинжуулсан мэдээ баримт туйлын их байдаг.
Улс үндэстний зан заншил, соёл, бүс нутгийн онцлогоос болоод газарт хандах хандлага, газартай харьцах харьцаа өөр өөр байдаг. Гэхдээ эцсийн эцэст газар нийтийн , төрийн, хувийн алиных нь эзэмшил вэ гэдгээс түүний хувь заяа хамаардаг. Христийн тооллын өмнөх 1800-гаад оны үед Вавилоны хаан Хамеурапи газар зарах, худалдан авах, түрээслэх асуудлыг зохицуулсан хууль гаргаж байв. Хятадад христийн тооллын өмнөх гуравдугаар зуунд газрыг төрийн өмч болгож, энэ уламжлалыг нь Чин улсын үед давтаж байлаа.
Европ, Ази, Африкийн уудам тал нутгуудад хүрэл зэвсгийн үед мал аж ахуй ихээхэн хөгжсөн гэж үздэг. Эртний Египет, Грек, Ромд ч газар эзэмшлийн асуудал чухлаар тавигдаж, тэр бүү хэл газар нутгаа томсгох хүслэн Ромын эзэнт гүрнийг бий болгож байлаа.
Хүн төрөлхтөн ийнхүү газарт шунан тэмүүлж, түүний төлөө үеийн үед дайн байлдаан хийж, цус урсгасаар ирснийг нь харвал газрын үнэ цэнийг дээд зэрэг мэдэрч ухварласан мэт. Гэтэл их хэмжээний газрыг үржил шимгүй болгож, үхүүлж доройтуулсныг нь харвал газарт үргэлж дайсагнаж байсан мэт. Энэ дайсагнал нь газрын доройтол гэгчийг хүн төрөлхтөнд “бэлэглэсэн” юм. Христийн тооллоос өмнөх дөрөвдүгээр зуунд гүн ухаантан Платон “Урьд өмнөхтэй нь харьцуулбал хүнд өвчинд нэрвэгдэж араг яс болсон бие шиг байна” хэмээн доройтсон газрыг тодорхойлсон байдаг. Монголчуудын холын өвөг гэдгийг сүүлийн үед түүхч судлаачид олж тогтоогоод байгаа сүмэрчүүд бараг 4000 оны тэртээ “Ой модыг тайрч устгавал цөлжилт нүүрлэнэ” гэдгийг сануулан ном сударт бичиж үлдээсэн гэх мэдээ ч бас байна.
Тэгэхээр газрын хөрсийг доройтуулж, цөлжилтөд хамгийн ихээр нөлөөлж буй салбар бол газар тариалан юм. Ялангуяа хоцрогдсон, буруу, хортой технологи хэрэглэх нь цөлжилтийн эрчийг огцом нэмэх шалтгаан болж өгдөг. Үржил шимээ нэгэнт өгөхөө больсон газрыг зөнд нь орхиж, шинэ газар руу дайрч сүйтгэдэг харалган үйлдэл цөлжилтөд асар их хувь нэмэр оруулжээ. Ямартаа л Бенжамин Франклин “Дэндүү их газартай учраас л бид муу фермерүүд” гэж байхав дээ. АНУ-ыг үндэслэгчдийн нэг Жон Тейлор америкчуудын газар ашиглах аргыг “Хөрсний алуурч” гэсэн нь бусад үндэстэнд ч хамаатай юм. Дашрамд өгүүлэхэд 18-19 дүгээр зууны Америкийн түүх энэ ард түмэн газартаа их халтай байсныг нотолдог. Тухайлбал, 18 дугаар зуунд Америкийн өмнөд мужуудын гол экспорт нь тамхи байлаа. Гэтэл тамхины ургамал хөрсийг хамгийн түргэн үхүүлдэг, жинхэнэ “хөрсний алуурч”. Үүний дараагаар хөрсний хамаг шим шүүсийг сорогч гэгддэг хөвөнгийн ургамал ихээр тариалж байлаа. Энэ мэтээр түр зуурын ашиг орлогын төлөө мөнхийн капитал болох газар шороогоо сүйтгэсэн жишээ олон бий.
Хорьдугаар зуун хүн төрөлхтний урьд өмнө байгаагүй их туршилтын зуун байж, олон сөрөг үр дагавар авчирсан. Газар тариалангийн салбар ч үүнд ихээхэн нэрвэгдсэн юм. Өнгөрсөн зууны эхээр Америкийн их талыг газар тариалангийн бүс болгох бодлогогүй алхам 40 сая га газрын хөрсийг улаанаар нь эргүүлсэн. Америкчууд энэ алдаагаа засч байх хооронд Евразийн асан том үржил шимт газар болох Черноземийн бүс нутгийг ЗХУ мөн сүйтгэж орхисон байдаг. Хрущевын атрын аян 1953-1964 онуудад зохиогдож анх төлөвлөснөөсөө 4 дахин их газар хагалж, тал хээрийн хуурай бүс нутгийн 20 сая га хөрсийг эргүүлсэн нь өнөөдөр ихээхэн том алдаа байсан гэгдэж байна. Энэ бүс нутгийн ургамлын уугуул бүрхэвч нөхөн сэргээгдэхгүйгээр устаж талхлагджээ. Атрын аяны гол зорилго нь 1914 оноос Америкт алдаад байсан үр тарианы үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах явдал байсан ч энэ аян оновчтой бодлого гэхээсээ солиорол байжээ гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. ЗХУ тэр үед 1 га-д 1-2 центнер үр цацаж, цэврээр 4-6 центнер ургац авч байжээ. Эдийн засгийн алдагдлаа цэрэг, оюутан, илгээлтийнхэн гэх мэт үнэгүй ажиллах хүчээр хаахыг оролдсон нь ч амжилтад хүрсэнгүй. Тэр үед Голланд 1 га газраас авсан ургацаараа 16.5 хүн тэжээж байхад ЗХУ 1.2 хүн тэжээдэг байв. Арга мухардсан ЗХУ 1963 оноос гадаадаас үр тариа худалдан авч эхэллээ. Зөвхөн 1976-1985 оны хооронд л гэхэд 308 сая тонн тариаг 50 тэрбум доллараар авчээ. Энэ мөнгийг олохын тулд нефть их хэмжээгээр олборлосон бөгөөд 1960-1970-аад оны нефть олборлох технологийн сөрөг үр дагаврын улмаас газрын гадаргын болон гүний цэвэр ус их хэмжээгээр давсжиж хөрс доройтож, агаар бохирдов. Түүхч Ключевский “Оросын тариачид газар хоосруулах онцгой авьяастай” гэж нэгтээ дуу алдсан нь 20 дугаар зууны сүүлийн хагаст ийнхүү дахин нотлогдов. Атрын аяны хугацаанд нэг ч дархан газар байгуулсангүй, харин ч хуучин байсан дархан газруудаа тариалангийн зориулалтаар хагалж орхижээ. Энэ бодлогогүй алхмын гороор Орос орон үндсэндээ бэлчээргүй, малгүй, махгүй орон болж хувирсан юм. Байдал ийнхүү нүдэн дээр муудсаар байхад тэр үеийн удирдлагууд шийдвэртэй арга хэмжээ аваагүйгээр барахгүй хөрс сайжруулах нэрээр газар тариаланд зохимжгүй газруудаа хүртэл ухаж хөндөж, унаган төрхийг нь алдуулж байлаа. Энэ ажил 1990 он буюу ЗХУ-ыг задартал үргэлжилсэн юм.
ЗХУ-ын атар эзэмших нэрээр газар шороотойгоо хийсэн энэхүү дайны улмаас олон тэрбум тонн хөрсний ялзмаг алдагдаж, 1 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд дэгдэн дэлхийн бөмбөрцгийн озон давхарга цоороход “үнэтэй” хувь нэмэр оруулжээ. Мөн хагалсан газрын өнгө илүүтэй бараантдагийн улмаас хөрс илүү халж хуурайшин гол ус олноороо ширгэх бас нэг нөхцөл болжээ.
Өнгөрсөн зууны эхээр Столыпины атрын шинэчлэлийн үеэр Уралын өмнөд бие, Казахстаны хойд хэсэг, Дорнод Сибирьт 3.3 сая тариачин авчран уугуул хөрсийг эвдсэн, 1930-аад онд Ростов мужийн Салийн талыг устгасан оросууд ийнхүү гуравдахь удаагийн дайралтаараа үржил шимтэй ихээхэн нутгаа сүйдэлсэн билээ. Оросын эрдэмтэн В.В.Докучев 1880-аад онд хөрс судлал хэмээх шинжлэх ухааны шинэ салбарыг үндэслэж хүн төрөлхтний өмнө үлэмжийн гавьяа байгуулсан ч хойч үеийнх нь “хэтэрхий мэргэн жараахайнууд” их эрдэмтний сургаал номлолыг ийнхүү сөрсөн түүхтэй.
Газар тариаланг хэтийн бодлоготой эрхэлж, хэт ашиг хөөхөөсөө өмнө экосистемийн харилцан шүтэлцээг бодолцохгүй бол ямар гунигт үр дүнд хүрдгийг бусад орны жишээнээс ч харж болно. Жишээ нь, Нигери улс экспортын зориулалтаар газрын самар их хэмжээгээр тариалсны улмаас үнэ нь унажээ. Тэгмэгц газрын самарны оронд хар будаа тариалтал хөрс нь идэгдэн дан элс болсон байна. Европын өндөр хөгжилтэй Испани, Итали зэрэг орон оливын мод ихээр тариалснаас болж мөн хөрсөө үхүүлсээр байна. Африкийн Сахельд 1970-аад оны эхээр хүн ам огцом өсч, газрын шимийг түргэн шавхсаны улмаас 200 мянга гаруй хүн өлбөрч үхсэн гашуун түүх ч бий.
Хөрсний үржил шимийг амархан сордог рапсыг ашиг хөөгчид тариалах сонирхол ихтэй байдаг ч хор хөнөөлийг нь ойлгосон улс орнууд өөртөө тариалахаас татгалзаж эхлээд байна. Рапсын тариалан сүүлийн үед экологийн бодлого сул, ядуу буурай улс орнууд руу шилжих төлөвтэй байгаа аж.
Газар тариалангийн буруу үйл ажиллагаанаас дутахгүй гамшиг тарьж, цөлжилтөд хүргэж мэдэх өөр нэг салбар бол мал аж ахуй юм. Бэлчээр ашиглаж буй арга хэлбэр, бэлчээрийн даацыг хэтрүүлсэн эсэхээс хөрсний талхагдал, ургамлын бүрхэвчийн ядуурал хамаардаг. Мал аж ахуй амьжиргааны гол эх үүсвэр болсон бүс нутгуудад хэт ашиг хөөн бэлчээрийн даац хэтрүүлэх, сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдах явдал түгээмэл гардаг.
Газар, түүний баялгийг буруугаар ашигласнаас цөлжилт үүсгэж буй хүчин зүйлийн тоонд ой модыг хайр гамгүй огтлох, уул уурхайн үйлдвэрлэлийн хоцрогдсон технологи, хотжилт, автозамын замбараагүй сүлжээ зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Дээр дурдсан хүчин зүйлүүдийн ихэнх нь өнөөдрийн Монголд бодит зүйл болоод байгаа нь бид газар нутгаа цөлжилтөд идүүлсэн эмгэнэлт түүхийн тоог нэгээр нэмэхэд ойрхон буйг харуулж байна. Газар шороогоо доройтуулсан бусдын гунигт түүхийг мэдсээр байж давтвал ирээдүй үе биднийг хэзээ ч уучлахгүй.
Өнөөдөр Африкийн Кени улс газар нутгийнхаа 80 хувийг цөлжилтөд өртүүлсэн “амжилт”-аар дэлхийд тэргүүлж байгаа. Монголчууд тууштай цогц арга хэмжээ авахгүй бол 2080 онд газар нутгийнхаа 90 хувийг цөлжилтөд “бэлэглэсэн” амжилтаар тэднийг гүйцэж түрүүлэх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа гарчихаад байна. Олимпын наадамд монгол тамирчин кенийн гүйгчийг гүйцэж түрүүлбэл бахархах сан. Харин цөлжилтийн үзүүлэлтээр тэднийг гүйцэж түрүүлбэл даанч эмгэнэлтэй.
Б.Галаарид

Monday, July 06, 2009

Цөлжилт: Тэнэрэгийн мод ганц л байгаасай

Сахарын өмнөд хэсэгт хэн боловч тойрч гарахыг эрмэлздэг нэгээхэн хэсэг газар бий. Нийтдээ 1300 ам дөрвөлжин километр талбайтай энэ газрыг Тэнэрэ гэнэ. Тарки хэлнээс орчуулбал “онцгой бүс” гэсэн утгатай аж. Энэ нутаг үзэсгэлэнтэй сайхан, эсвэл онцгой түүхтэйдээ ийн нэрлэгдээгүй юм гэнэлээ. Зам нь туулахад хэцүү, уур амьсгал нь хатуу бэрх учраас ингэж онцолжээ. Зам болгон энэ нутгийн захад ирээд дөлж хазайдаг атал баруунаас зүүн тийш тэг дундуур нь зүтгэж одсон ганцхан зам бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 700 км урттай энэ замыг адал явдалд дурлагсад бий болгосонгүй. Олонтой нийцгүй зөрүүд нэгэн ч бий болгосонгүй. Цөл нутгийн хатуу бэрхэд дасан зохицож, тэсвэр тэвчээр суусан уугуул иргэд энэ замаар нэг талаас хар будаа, нөгөө талаас давс зөөсөөр хичнээн үе элээснийг өнөөдөр хэн ч эс мэднэ.
Ямар ч өвсгүй, бараг усгүй энэ урт замыг гагцхүү хүний сэтгэлийн хат, тэмээ гэгч амьтны тэвчээр хоёр л давдаг байжээ. Жилдээ хоёр удаа жингийн цуваа үүгээр явна. Хүнд хэцүү зам, хулгайч дээрэмчин гээд зовлон бэрхшээл их ч жингийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Хэдэн мянган тэмээтэй (Зарим эх сурвалж нэг удаад 10 мянга хүртэл тэмээ ачаалдаг гэсэн нь бий) их аян элчилгүй цөл дундуур зугуухан, хэлбэрэлтгүй урагшилж байна гээд та төсөөлөөд үз дээ. Гайхамшигтай дүр зураг байгаа биз.Гэвч энэ бол үхэл амьдралын зааг дээрх хүнд бэрх аян байсныг өнөөдөр хүртэл замын хажуугаас олдсоор байгаа тэмээний хувхай яснууд гэрчилдэг.
Их замыг хагаслах үед цөлийн хатуу ширүүн уур амьсгал дунд хэдэн зуун жил ургасан хөгшин хуас (acacia) аянчдыг угтдаг байж. Энэ модны өндөр гурван метрээс хэтрэхгүй ч захгүй цэлийх элсэн цөл дунд тун холоос, бас чамгүй бараа сүртэй харагддаг, аяншиж ядарсан хүмүүс түүнийг олж харангуутаа дуу шуу орон сэргээд явчихдаг байжээ. Эргэн тойрон дөрвөн зуун километрт нэг ч модгүй болохоор арга ч үгүй биз. Тэгээд ч усгүй цөлд ганцаар ургасны учрыг тайлахад хэцүү болохоор энэ модонд ер бусын нууцлаг шидэт чанар оршдог хэмээн итгэж, мөчрийг нь ч хугалахаасаа эмээнэ. Аянчдын хоноглох газар, чиг баримжаагаа болгодог энэ өнчин модыг 1930-аад оны эцсээр дэлхий даяараа мэдэх болов. Шалтгаан нь тун энгийн. Тэнэрэ нутгийг газарзүйч эрдэмтэд судалж, газрын зураг үйлдэхдээ энэ бүс нутагт тэмдэглээд үлдээчих гол мөрөн, уул толгой, ядаж худаг ч болов байхгүй болохоор мөнөөх өнчин хуасыг зурагтаа тэмдэглэв. Тэнэрэгийн өнчин хуас газрын зурагт тэмдэглэгдсэн анхны, бас цорын ганц мод болов. Мөн 400 километрийн радиуст нэг ч ургаа мод байхгүй учраас дэлхийн хамгийн ганцаардмал мод гэдэг алдрыг хүртлээ.
Ганцаардмал мод маань хэдийгээр 300 орчим жилийн настай ч дахиад өнө удаан амьдрахуйц эрүүл чийрэг мод байлаа. Харамсалтай нь 1973 онд ливийн нэгэн согтуу жолооч ачааны тэргээр түүнийг дайран унагажээ. Тэнэрэгийн нэрийн хуудас, бахархал болсон, түүгээр аялагчдын чиг заагч болсон сүүлчийн мод ийнхүү үгүй болов. Тусгай комисс байгуулагдаж, 1973 оны арваннэгдүгээр сарын 8-нд өнчин хуасыг Нигерийн нийслэлд, Үндэсний мүзейд авчирлаа. Дөрвөн жилийн дараа Модны мавзолей нээгдлээ. Өнөөдөр энэ мавзолей Нигерт очсон хэн хүний заавал үзэж сонирхдог газрын нэг болжээ.
Энэ модонд юунд нь ийм их ач холбогдол өгнө вэ хэмээн учир мэдэхгүй хүмүүс гайхах нь бий. Хязгааргүй цэлийх элсэн далай дунд мөхөж сөнөсөн шимгүй хөрснөөс ургасан, амьдын шинж тэмдэггүй асар их орон зайд амьдралыг орь ганцаараа сануулж, амьдрахуйн билэг тэмдэг нь болж байсан гэдгийг, мөн сөнөсөн ертөнцөд амьд бүхэн ер бусын хүндлэлтэй гэдгийг эргэцүүлэн бодох юм бол энэ бүхний учир тайлагдана.
Домогт хуас ургаж асан газарт өнөөдөр хүмүүс төмрөн мод босгожээ. Энэ төмрөн мод бол мөнөөх хуасанд зориулсан дурсгалын хөшөө. Бас үүгээр дайран өнгөрөгсдөд зам заагч болдог. Хүмүүс байгальд хүйтэн хэрцгий хандвал юунд хүрдгийг нь өгүүлж, тэдний ирээдүйгээ боддоггүй аминч, харалган зан, бас хожимдсон ухаарлаар нь даажигнах мэт энэхүү төмрөн мод Тэнэрэгийн хөлнөөс зуурах элсэн дунд уйтгартайяа торойж, дэргэд нь аянчид буудалладаг тоосгон хороо сүр муутайхан барсайж харагддаг.
Тийм ээ, энэ бүгд бол “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” хүн төрөлхтний гунигт түүхийн нэгээхэн тохиолдол.
Эрдэмтэд Тэнэрэгийн өнчин хуас уг нь эрч хүчтэй амьдрал буцалсан газрын хүйсэн дээр анх соёолсныг олж тогтоосон юм. Нэгэн цагт энэ цөл буй газарт нуур байжээ. Хүмүүс энэ нуураас тал талруу суваг татаж, тариа ногоогоо усалдаг байв. Бүр хүй нэгдлийн үед, одоогоос 600 мянган жилийн тэртээгээс л энэ нуурын эргээр хүмүүс амьдарч, зэр зэвсэг урлаж, ан ав хийж, мэдээж дурлаж хайрлаж, өсч өнөржиж байв. Нуураас холгүйхэн голтой, голын эргээр ургамал ногоо сайтай, заан сүрэглэж, анааш үржиж, зээр дэгдсэн сайхан нутаг байв. Археологийн олдворууд энэ бүхнийг хөдөлшгүй нотолж байгаа юм. Харамсалтай нь эртний Сахарын соёл иргэншил устан үгүй болж, ул мөр нь амьгүй элсэн далайн ёроол руу улам бүр шургасаар байна. Үхмэл цөлийн халуун өдөр, хүйтэн шөнүүд ар араасаа хөвөрч он жилүүд урсахын хэрээр хүмүүс энэ түүхэн үнэнийг улам бүр мартаж, байгальд хайргүй хандсан гэм нүгэл нь ч мартагдаж, Сахарын цөл угаасаа л ийм цөл байсан мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Харамсалтай нь цөлжилтийн гол буруутан хүн байдаг. Хүн гэдэг төрөлх чанараараа шуналтай бодгаль. Хөгжил даган хэрэглээ нь ч, шунал нь ч давхар өсдөг хүн төрөлхтөн Тэнэрэ шиг газар олон арвыг бий болгосон. Эртхэндээ бол үржил шимгүй болгосон газраа орхин дайжиж болдог байлаа. Гэвч алив бүхэнд хэмжээ хязгаар байдаг болохоор ийнхүү дайжих боломж нь улам бүр хомсдож байна. Технологийн өндөр хөгжил, өөрийнх нь хүсэл сонирхлоос үл хамааран улс орнуудыг бүрхсэн даяаршил, хүн амын өсөлт бидэнд Дэлхий бол хязгаарлагдмал нөөцтэй, эмзэг агаад уйтан ертөнц болохыг дохиолсоор байна. Цөлжилт улам бүр хүрээгээ тэлж, 2025 онд Дэлхийн нийт хуурай газрын 1/3-ийг хамарна гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.
Эрдэмтэд цөлжилт буюу desertification гэдэг нэр томъёог анх бий болгож, биолог, нийгэм эдийн засгийн асуудал, экосистемийн доройтол гэж үзэж эхэлсэн 1970-аад оны сүүл хавьд асуудал өнөөгийнх шиг ийм эрчтэй хүндэрнэ гэдгийг олж харж байсангүй. Улс орнууд ч төрийн бодлогын хэмжээнд авч үзэхдээ хойрго байлаа. НҮБ-ын түвшинд цөлжилтийн асуудал анх 1977 оны Нейробигийн бага хурлаар яригдаж эхэлсэн. Тэр үед “Энэ бол шийдэж болох асуудал. Шинэ мянганы босгон дээр бүрэн шийдчихнэ” гэсэн өөдрөг сайхан итгэл үнэмшил ноёлж байлаа.
Гэвч өнгөрсөн хугацаанд цөлжилт буцаан сэргээх өртөг нь дийлдэшгүй, өөрөө хурдасдаг үйл явц болох нь батлагдаж, хүмүүсийн ядуурал, хүнсний хомсдол, эрүүл мэндийн доройтлын нэг шалтгаан болсон экологийн хурц асуудал гэдгээ нэгэнт баталж чадлаа. Эрдэмтэн судлаачид нөхцөл байдлын цар хүрээг бодитоор харах болж, цөлжилт хаяагаа хумих биш, улам бүр тэлж байгааг 1992 онд Рио-де-Жанейрод болсон олон улсын бага хурал дээр хүлээн зөвшөөрчээ.
Цөлжилт дэлхий нийтийг хамарсан экологийн хямралд хүргэх гол хүчин зүйл гэдгийг өнөөдөр мэргэжлийн хүмүүс нэгэн дуугаар баталж байна. Гэвч Дэлхий дээр экологийн хямрал тоотой хэдхэн удаа болж, тухай бүрт амьдрал мөхөж байсныг тэр болгон хүн ойлгохгүй, ойлгосон ч тоомсорлохгүй байгаа нь харамсалтай. Хүн бүр энэ аюулыг ойлгож, хүрээлэн буй байгаль орчноо дор бүрнээ хайрлан хамгаалж, цөлжилтийн эсрэг аянд хувь нэмрээ оруулахгүй бол маргааш гэхэд нэгэнт хожимдоно гэдгийг Тэнэрэгийн модны гунигт түүх сануулж байна. Дээр нь суусан мөчрөө угаар нь тайрсан тэнэгийн үлгэрийг бүгд мэддэг атлаа давтсанаа тэр цагт ухаарч толгойруугаа шаавч бүх зүйл оройтно гэдгийг сануулж байна.
Монгол орны тухайд яривал манайх цөлжилтийн сонгодог жишээнд орсоор удлаа. Монголын говь, говийн шар шороон шуурганы тухай дэлхий даяараа ярьж байна. Харин бид өөрсдөө болохоор улстөржиж, шашинжиж, хий хоосон дүрэмдсээр, хөл толгойгүй бужигнасаар цөлжилт хэмээх чимээгүй үхлийн саварт боомилуулж дуусах нь. Эсэргүүцэн тэмцэхгүй бол энэ савар атгалтаа ягуухан чангалсаар байгаад санасандаа хүрч, ургамал ногоогүй, ус чийггүй, амьд амьтангүй, үржил шимгүй эзгүй хоосон цөл болсон хойно сая нэг санаа нь амарч зах хязгааргүй элсэн биеэ сул хаядаг. Газрын зурагт өөрчлөлт орж, мөнөөх цөлийг ямар нэгэн нэрээр тэмдэглэдэг.
Ирээдүйн хүмүүс “Хааш хаашаагаа хэдэн зуун километрт нэг ч амьд амьтангүй, нэг ч ургамал ногоогүй эзгүй хоосон цөл Монголын нутагт үүслээ. Шинээр газрын зураг үйлдэхээр явсан эрдэмтэн судлаачид Тэнэрэгийн модтой адил өнчин ганц модыг энэ цөлийн тэг дундаас олж газрын зурагт Монгол мод хэмээн тэмдэглэв. Энэ мод Тэнэрэгийн модны халааг авч дэлхийн хамгийн ганцаардмал мод боллоо” гэж уншиж суувал харамсалтай.
Тэнэрэгийн амийг тасалсан хүмүүст өршөөлтэй хандаж болно. Яагаад гэвэл тэр үед байгаль экологийн тэнцвэрт байдлын тухай тоймтой ойлголт тэдэнд байгаагүй. Хөрсний элэгдэл, усны хомсдол, экосистемийн доройтол юунд хүргэдгийг, хүний үйл ажиллагаа үүнд ямар их үүрэгтэйг тэр үед ухаараагүй, мэдлэг, мэдээлэл хомс байсан.
Харин бид Сахар, Намиб, Атакама, Каракумын цөл хэрхэн бий болсныг мэдсээр байж, гол мөрөн ширгэж, газрын гарц муудаж, Хөвсгөлийн тайга, Хэнтийн хөвчид хүртэл элс бий болсныг үзсээр байж, цөлжилтийн эсрэг дэлхий нийтээрээ сэтгэл зовниж буйг харсаар байж юу ч хийхгүй суух нь өршөөж үл болох гэмт хэрэг билээ.
Их зохиолч Д.Нацагдорж 1930-ад онд “Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд” гэж бахархан шүлэглэж байлаа. Тэр үед говь, элс, элсэн манхан Монголын байгальд өнгө нэмсэн, найрагчийн сэтгэлд онгод хөглөсөн гайхамшигт орчин байлаа. Дэлхий ертөнцөд цөлжилтийн аюул хараахан нүүрлээгүй байлаа. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгджээ. Үүнийг дагаад чиг хандлага ч өөрчлөгдөв. Элсэн манхан бол бахархал биш, эмгэнэлийн бодит тусгал гэдгийг ертөнц даяар ойлгочихоод байхад монголчуудын сэтгэлгээнд л өөрчлөлт орсонгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд нөгөө л элсэн манхан далайгаар бахархсан шүлгээ цээжлүүлсээр, мөнгөжих хүсэлд дөрлүүлсэн хүмүүс байгалийн унаган төрхийг алдуулж, цөлжилтөд хүргэх үйлд ханцуй шамласаар л байна. Монгол ийнхүү “Азийн Тэнэрэ” болох замруугаа алхам алхмаар дөхөж байна. Харин жинхэнэ Тэнэрэд төмрөөр хийсэн хиймэл мод цөлийн гүнд анхаарлын тэмдэг мэт ёрдойсоор гучин жил боллоо.. Амьгүй цөлийн гүнд орь ганцаар ургаж, нааш цааш өнгөрөгсдөд байгалиа эс хайрлавал юунд хүрдгийг анхааруулж асан домогт мод “Хүмүүс та нар нэгэнт үхсэн цөлд амь оруулж чадахгүй. Тийм болохоор үхэхээс нь өмнө авран хамгаал” гэж мөнхөд сануулахын тулд ийнхүү төмрөн биед хувилсан гэлтэй. Ийнхүү сануулсаар байхад эх дэлхийгээ цөлжүүлсээр байгаа хүмүүн бидний тэнэгийг бас гайхна уу гэлтэй. Тэнэрэгийн мод нэг л байж, түүний түүх давтагдахгүй бол сайнсан.
Б.Галаарид

Цөлжилт: Түйрэнтэй тэмцсэн түүх

Газрын хөрсөө доройтуулсны улмаас шороон шуурганы гамшгийг хэзээ ч мартахгүйгээр амссан орны нэг бол АНУ юм. Ерөнхийлөгч Франклин Рузвельт “Өөрсдийн газар шороог сүйтгэдэг улс үндэстэн өөрсдийгөө үгүй хийнэ” гэж хэлсэн нь цөлжилт буюу хөрсний доройтлын гамшгийг улс үндэстнээрээ мэдэрсний илрэл. Дэлхийн хамгийн хүчирхэг орны нэгийг цочирдуулсан энэ гамшиг хэрхэн бий болов?
Америк орныг донслуулсан энэ үйл явдал Грийт Плайнд болсон юм. Хойд Канадаас Нью-Мексико, Техас муж хүртэл уртаашаа 4000 км, Роки нуруунаас Өмнөд Дакота, Канзас, Оклахома муж хүртэл өргөөшөө 640 км сунаж тогтсон тал хээрийн хуурай бүс нутгийг Грийт Плайн (Great Plains) гэдэг. Энэ нутгийг 1800-гаад оны үед газрын зурагт “Америкийн их тал” гэж тэмдэглэдэг байв. Энэ бол сая сая одос үхэр сүрэглэж асан домогт нутаг бөгөөд 19 дүгээр зууны эцэс гэхэд мөнөөх л хүн хэмээгчийн хязгааргүй шунал, ухаангүй үйлдлийн улмаас энэхүү уугуул сүрэг алга болсон юм. Грийт Плайныг хүн аж төрөх, аж ахуй эрхлэхэд зохисгүй нутаг хэмээн судлаачид 1820 онд тодорхойлж байлаа. Америкийн их тал гэдэг нэр 1930-аад оны дундаас “Тоост аяга” гэдэг таагүй нэр хүртжээ. Зуу гаруйхан жилийн дотор тал хээрийн энэ бүс нутаг “Тоост аяга” болж хувирсан түүх их энгийн, бас эмгэнэлтэй.
Грийт Плайн 20 жилийн давтамжтай ган болж, хөрс хэт хуурайшдаг онцлогтой нутаг. Үүнээс нь болоод л энэ нутгийг хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэхэд зохимжгүй гэж үздэг байлаа. Гэвч газар үнэд орохын хэрээр ямар ч үнэгүй, өргөн уудам зай бүхий энэ нутагт шилжин суугчдын тоо эрс нэмэгдэв. 19-р зууны хоёрдугаар хагасаас энд мал аж ахуй түлхүү хөгжсөн ч бэлчээрийн даац хэтэрсэн тул 1890 оноос газар тариаланруу хошуурцгаав. Хэсэгхэн хугацаанд хур бороо элбэгшсэнээр Грийт Плайны хөрс сэргэж, уур амьсгал нь ч зөөлөрлөө. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөнд бүр ч нэрмээс болов. Дараа нь Дэлхийн нэгдүгээр дайны гал ид дүрэлзэж, үр тарианы үнэ тэнгэрт хадсанаар “Америкийн их тал” фермерүүдийг соронзон мэт татаж, хэдэн сая га газрыг тариалангийн талбай болгов. Ямар ч сайхан үлгэрт төгсгөл байдаг хойно энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Нэг л мэдэхэд улаан буудайн үнэ уналаа. Фермерүүд алдагдалд орохгүйн тулд тариалангийн талбайгаа нэмэхээр улайрлаа. Урьд нь үржил шимгүй хэмээн голж орхисон газруудаа хүртэл хагаллаа. Гэвч ингэснээр аврал ирсэнгүй. Ядаж байхад эдийн засгийн хямралд Америк сөхөрч, худалдан авах чадвар буурч байсан мөчлөгтэй энэ бүхэн давхцав.
1930 онд урьд хожид үзэгдэж дуулдаагүй ган гачиг Грийт Плайныг нөмөрлөө. Ган гачиг ерөнхийдөө таваас зургаа, зарим газарт бүр арван жил үргэлжиллээ. Ургац авах ямар ч найдваргүй болсон том компаниуд банкны өрөнд газраа өгч байж хоёр яс саллаа. Тэднээс газар түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан жижиг аж ахуйн нэгжүүд дагаад дампуурав. Ажилгүйдэл, өлсгөлөн, ядуурал, ган гачиг, итгэл найдвараа алдсан мянга мянган хүмүүс… Үүнээс илүү бараан дүр зураг гэж юу байх билээ? Гэвч зовлон үүгээр дууссангүй. Тал хээрийн угаасаа эмзэг хөрсийг хайр найргүй хагалж боловсруулсны гор гарч, ус чийггүй болсон сул хөрс өчүүхэн төдий салхинд л хийсч бөөн тоос манан хадаана. Хүчтэй салхины тухайд бүр ч ярилтгүй. Хөрс барьцалдуулагч ургамлын уугуул бүтэц нь дахин сэргэхгүйгээр устсан болохоор хэдэн зууны турш бүрэлдэн бий болсон үржил шимт хөрсийг салхи хөөрөгдөн агаарт дэгдээж байлаа. Тэр үед хүчтэй шуурганы улмаас агаарт хөөрсөн хөрс шороо бөөн хар үүл болж хэдэн өдрийн турш нар халхалдаг байжээ.
Үүний нэг жишээ нь 1935 оны дөрөвдүгээр сарын 14-нд дэгдсэн хүчтэй шороон шуурга юм. Энэ өдрийн шуурганаар боссон тоос нарыг урьд байгаагүй ихээр халхалж, хар шороон үүл Атлантын далайд хүрсэн учраас “Хар ням гараг” гэж нэршин түүхэнд үлдсэн юм. Байдлыг газар дээрээс нь сурвалжилсан Associated Press-ийн сэтгүүлч Роберт Гейгер шуурга болсон нутгийг “Тивийн тоост аяга” (Dust Bowl) хэмээсэн нь энэ бүс нутгийн онцлогийг оновчтой тодорхойлсон хэрэг байлаа. Яагаад гэвэл далайн түвшнээс 700-1800 метрийн өндөрт орших Америкийн их тал эргэн тойрондоо уулсаар хүрээлэгдсэн алганы хонхор мэт нутаг билээ. Хэдэн арван цагийн турш тасралтгүй шуурсан хүчтэй салхи газрын гадаргыг тэр чигээр нь хуу татаж, тариалангийн талбай нүцгэрч байсныг нүдээрээ харсан хүмүүс хожим нь дурссан байдаг. Энэ шуурганаар ямар их тоос агаар мандалд дэгдсэн нь 1935 оны өвөл Шинэ Англид улаан шороотой цас орсноос тодорхой. Мөн иргэдийн дунд уушигны өвчлөл эрс нэмэгдсэн байдаг.
Dust Bowl гэдэг нэр энэ удаагийн хүчтэй шуурганаас хойш Америкийн их талын ерөнхий нэр, мөн энэ бүс нутгийн хөрс элэгдэх, цөлжих үйл явцын нэр болсон аж.
Нэгэн цагт ашиг орлого, сайхан амьдралын төлөө бөөн бөөнөөрөө нүүдэллэн ирж байсан хүмүүс үржил шимээ өгөхгүй нь тодорхой болсон Грийт Плайнаас зайлахын түүс болов. Түйрэнгийн ай сав болсон 40 сая га газраас дүрвэгсдийн цуваа зүг зүг рүү хөвөрлөө. Цөлжилт ийнхүү Америкийн түүхэн дэх хамгийн том дүрвэлтийн шалтгаан боллоо. 1940 он гэхэд 2.5 сая хүн Грийт Плайнаас дүрвэсэн гэсэн тоо байдаг. Хөрш зэргэлдээ Канадын олон зуун мянган хүмүүс хөдөөгөөс хот руу шилжин суурьшихын гол шалтгаан ч Грийт Плайны хар шуурга болжээ.
Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авахын тулд эхлээд Грийт Плайны цөлжилтийн үндсэн шалтгааныг тодорхойлов. Газрын даацыг хэтрүүлж буруу ашигласан нь хөрсний эвдрэл доройтлын шалтгаан болсныг тэд тогтоов.
Үүнээс гадна тухайн бүс нутаг угаасаа ган гачигт өртөмтгий учраас урьдчилан сэргийлэх, түүнээс учрах хохирлыг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. 1933 онд Хөрс хамгаалах албыг түр агентлаг хэлбэрээр байгуулав. Энэ алба эн тэргүүнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг байгальд хоргүй, хөрсний эвдрэлээс хамгаалах шинэ арга, технологид суралцуулахад анхаарчээ. Борооны ус тогтоохын тулд уулын хажууг шатлан хөндлөн хагалах, далан үүсгэх зэрэг арга техникт тэднийг сургалаа. Тариалангийн талбайг жил өнжүүлэх, сэлгэн тарих зэрэг аргыг хэрэглэдэггүй байсан нь хөрсний доройтолд ихээр нөлөөлснийг мөн анхааралдаа авчээ.
Хөрс хамгаалах алба 1935 оны дөрөвдүгээр сарын 14-нд Хөдөө аж ахуйн департаментын байнгын нэгж болж, Байгалын баялгийг хамгаалах алба (Natural Resources Conservation Service) нэртэй болж, өнөөг хүртэл ажилласаар, хөдөө аж ахуйн салбарын хамгийн нэр хүндтэй байгууллага хэмээгдсээр байна. . Энэ алба Ажлын байр нэмэгдүүлэх газар, Иргэний байгал хамгааллын корпус зэрэг хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, тэдний санал болгосон ажиллах хүчнийг хөрсний эвдрэлээс хамгаалах ажилд ашиглажээ. Фермерүүд тэднээс их зүйл сурсан юм. Тухайлбал, ус урсахаас хамгаалах, хуримтлуулахын тулд тариалангийн талбайг хүрээлэн анжсаар хагалдаг, мөн боловсруулаагүй газрын чийгийг ч ийнхүү барьдаг болов. Эрдэнэ шиш, улаанбуудайг хамтад нь үелэн тарьдаг болсноор хөрс салхинд элэгдэх нь багасав. Уринш хийхдээ сул хөрсийг барьцалдуулах зорилгоор тарианы иш, үлдэгдлийг талбайд нь орхидог болов. Тэгш задгай талбайг тойруулан мод, бут зурваслан тарьдаг болов.
Хамгийн гол нь цөлжилтөд өртөг магадлал өндөртэй эмзэг цэгүүдийг нэгбүрчлэн тогтоож, тодорхой хугацаагаар ашиглахгүй байх, нөхөн сэргээх, хөрсний бүтцийг сайжруулах, өөр төрлийн ургамал тариалах зэрэг арга хэмжээ авчээ.
1937 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн чармайлтаар муж улс бүр хөрс хамгаалах газартай болох тухай ижил хуультай болжээ. Ингэснээр Америк даяар хөрс хамгааллын нэгдмэл бодлоготой болох, нөгөөтэйгүүр орон нутаг бүр өөр өөрийн онцлогт тохируулсан хөрс хамгаалах ажлыг зонхилон гүйцэтгэх боломж бүрдсэн юм. Ийнхүү 1930-аад оны дундуур бий болсон хөрс хамгаалах бодлого өнөөг хүртэл уламжлагдан хэрэгжсээр байна. Тэгэхдээ дан ганц төрийн зүгээс цалжилтөд анхаарах бус, тухайн газар эзэмшигч фермер өөрөө энэ үйлсэд идэвхтэй оролцох механизмыг нь бүрдүүлж чадсанаар энэ ажил амжилтад хүрчээ. Тухайлбал, 1950 онд Грийт Плайнд дахин гангийн аюул нүүрлэхэд АНУ-ын конгресс тусгай хөтөлбөр баталж, фермерүүдтэй гэрээ байгуулсан байдаг.
Гэрээ ёсоор усжуулалтын суваг татах, худаг гаргах, салхи хаах хаалт байгуулах зэрэг хөрсний элэгдлээс хамгаалж чадахуйц ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж, зардлыг нь хуваалцдаг болжээ. Үүнээс хойш олон он улирч, олон зүйл өөрчлөгдсөн хэдий ч хөрс хамгаалалтын энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлджээ. Фермерүүд өнөөдөр төрөөс туслалцаа авахын тулд газрын хөрсөө хамгаалах үүргээ сайн биелүүлдэг.
1935 оны цуутай шороон шуурга хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ихээр газар шороогоо хувхайруулсан америкчуудад ийм сургамж, ухаарал үлдээжээ. Тэд алдаагаа түргэн засч, цөлжилтийн аюулыг саармагжуулж, удаашруулж, зогсоож болдгийг дэлхий нийтэд бодит үйлээр нотлон харуулж чадсан юм.
Ная гаруй жилийн тэртээх Грийт Плайны гашуун түүхийг сонсох бус, давтах аюул монголчууд бидэнд ойрхон байна . Өнөөдөр манай орны нийт газар нутгийн 41.3 хувь цөлжилтөд өртсөн гэсэн албан ёсны тоо бий. Хэрэг дээрээ үүнээс илүү хувь нь ч цөлжөөд байж мэднэ. Сүүлийн хориодхон жилийн дотор Монголын байгал юутай их өөрчлөгдсөнийг та бид нүдээрээ харж байна. Цөлжилт нэг номерын аюул болох бүх нөхцөл нэгэнт бүрдчихээд байна.
Нобелийн шагналт Альберт Гор “Хүн төрөлхтний хөгжилд учраад буй хамгийн том аюул заналыг нэрлэ гэвэл цөмийн дайн, дэлхийн дулаарал, хэт их ашгийн төлөөх харалган бизнес гурвыг нэрлэх байна” гэсэн байдаг. Тэгвэл энэ гурван аюулын хоёртой нь бид нүүр тулаад удлаа. Дэлхий дахиныг түгшээж буй дулаарлын түвшнийг сүүлийн 65 жилээр дундчилж үзвэл Монголд дэлхийн дундчаас гурав дахин их байна. Энэ аюул биш гэж үү? Дулааны улирлын хур тунадасны хэмжээ даруй 20 хувиар буураад байна. Сүүлийн аравхан жилийн дотор цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн хэмжээ 5.4 дахин нэмэгдээд байна. Малын тоо толгойг бодлого зохицуулалтгүй өсгөснөөс бэлчээрийн даацын асуудал хурцадлаа. Монгол орон хонин толгойд шилжүүлснээр 60-80 сая толгой мал агуулах бэлчээртэй гэгддэг. Гэвч газар тариалан, уул уурхайн хөгжлийн чиг хандлагыг харвал энэ үзүүлэлт ирээдүйд ихээхэн багасна. Гэтэл малын тоо толгой жилээс жилд нэмэгдэж, тэр дундаа газрын дайсан ямаа сүргийн бүтцийн зонхилогч болж, нийт малын өсөлтийн 80 хувийг эзэлж байна. Ноолуурын үнэнд шүтсэн малчдын сонирхол, малчдын аяыг дагасан улстөрчдийн бодлого хоёр ч энэ гаж үзэгдлийг дэмжиж, хөөрөгдөж байна.
1990-ээд оны эхээр Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Алт” хөтөлбөр, дараа дараагийн Засгийн газруудын үед эмх замбараагүй олгогдсон ашигт малтмалын хайгуул, олборлолтын зөвшөөрөл нь өнөөдөр олох их ашгийн төлөө ирээдүйгээ гаргуунд нь хаясан, цөлжилтийг сааруулах бус дэмжсэн алхам болж хувираад байна.
Эрхэм Альберт Горын хэлсэнчлэн “хэт их ашгийн төлөөх харалган бизнес”-ийн аян дайнд монголчууд мордоод удлаа. Бид ашгийн төлөө, эд баялгийн төлөө газар дэлхийгээ сүйтгэж, ургамал ногоо, ан амьтан, ашигт малтмал, юу байгаа бүхнээ хууль ёсны болоод хууль бус замаар мөнгө болгон хувиргаж байна. Чингэхдээ өдрөөс өдөрт эрчимжиж буй цөлжилтийн аюулыг аюулд тооцохгүй байгаа нь харамсалтай.
Америкчууд хэрхэн түйрэнтэй тэмцэж, хэрхэн хазаарлаж авсан түүхийг Азийн Тэнэрэ, эсвэл Азийн Dust Bowl болохгүйн тулд санагтун, монголчууд аа.
Б.Галаарид

Wednesday, June 17, 2009

Түйрэнгийн түйвээн

Нутаг нутгийн салхи өөр өөрийн нэртэй, бас өөр өөрийн онцлогтой байдаг. Оросын Тверь мужийн Селигер гэдэг үзэсгэлэнт нуур орчимд өдөртөө дэгдэж, шөнөдөө намждаг салхи бий. Нутгийнхан шөнөдөө амирладаг болохоор нь түүнд Эхнэртэй салхи гэдэг нэр өгчээ. Сахарын цөлд үдийн халууны дараа дэгддэг Жэйни (djani), Швейцарьт уулын хөндий дагадаг Дэйвосэр тэйлвайнд (Davoser Talwind), Каспийн тэнгисийн орчимд хойноосоо салхилдаг Иван нэртэй салхи байх жишээтэй. Желаргы шамалы гэлцэн киргизүүд сандраад эхэлбэл нутгийн хүчтэй салхи заавал дэгдэнэ. 2003 онд Иракт Хамсин (арабаар “50 салхи”) гэдэг хар салхи гарч, хүч нь заримдаа 95 м/с хүрч Америкийн цэргийн ажиллагаанд хүндрэл учруулж байв. Харин Монголын говьд шуурга хэрхэн дэгддэгийг зураглаад үзье.
…Эргэн тойрон гэв гэнэт жигтэй хачин нам гүм болов. Сэтгэлд түгшүүр төрүүлэхүйц сэжигтэй нам гүм байдалд говь хэмээх уужим орон зай тэр чигээрээ автав. Тэнгэрийн хаяанаа гарч ирсэн малгайн чинээ үүлийг эс тооцвол энэ их уужим дайдад оршин буй бүхэн цөм хөшиж царцав уу гэлтэй аж. Гагцхүү тэнгэрийн хаяанаа гарч ирсэн үүл л энэ нам жим, хөгжил хөдөлгөөнгүй байдалд үл захирагдан хором хормоор томрон тэлж, өнгө нь улам өтгөрч харлана. Хаанаас ч юм сэр сэр салхи үүсч говийн шаргал элсийг илэх мэт сэвэлзсэнээ гэнэтхэн уурсан догширч нүүр нүдгүй шороогоор балбав. Салхины хурд хэдий нь 30 м/с-ээс давжээ. Энэ хүчтэй шуурганд говийн эмзэг сул хөрс ховх сорогдон агаарт дэгдэж тэнгэр газар нийлэв…
Монголын говьд хавар цагт үе үе дэгддэг хүчтэй шороон шуурганы эхлэл ер нь л иймэрхүү байдаг. Энэ шуургыг дэлхий дахинаа Говийн элсэн шуурга гэж нэрлэдэг. Мөн шар салхи (Хятадаар бол хуан фэнг) гэдэг нэр ч их танил. Солонгосууд “Азийн тоос”, японууд “шар шуурга” буюу “сажин араши” гэнэ. Монголчууд өөрсдөө үүнийг түйрэн гэдэг. Хамаг юмыг түйвээгээд сандаачаад хаячихдаг болохоор нь түйрэн гэсэн юм уу, аль эсвэл муу муухай, гайтай хорлонтойн жишиг болсон ад тийрэн гэдэг үгнээс үүдэлтэй юм уу, бүү мэд. Юутай ч түйрэн гэдгийг манайхан сайн мэднэ. Харин энэхүү түйрэн маань хэдийнээс гадаадад тийн алдаршив аа?
Японы алдарт зохиолч Акутагава Рюноскэгийн нэгэн өгүүллэг байдаг. Одоогоос зуу шахам жилийн өмнө бичигдсэн энэ өгүүллэг “Морины хөл” нэртэй. Нэгэн япон эр нас барж, нөгөө ертөнцөд очтол тэр дор нь эд эрхтэнээр нь тасчин салгаж эхэлжээ. Гэтэл мань эр хэн нэгний алдаагаар андуурагдан тэнд хүргэгдсэн нь тогтоогдож эх дэлхий рүү нь буцаах болтол хоёр хөл нь олдсонгүй. Аргаа барсан нөгөө ертөнцийнхөн дэргэд нь хэвтэх адууны хөлийг залгаж өгөөд явуулчихжээ. Тэр нь монгол адууны хөл байсан юмсанж. Энэ ертөнцөд эргэж ирсэн мань эр адууны хөлөө амьтан хүнээс нуух том ажилтай болжээ. Монголын тал нутагт дэгдсэн шар шороон шуурганы үзүүр хавар болмогц Японд хүрэхэд унасан газрынхаа салхины үнэрийг мэдэрсэн адууны хөл нь эзэндээ захирагдалгүй нутгийн зүг тоос татуулан давхив… Өгүүллэгийн товч утга нь ерөнхийдөө иймэрхүү. Тэгэхээр зуугаад жилийн өмнө манай говийн шар шороон шуурга Японд очдог л байж. Гэхдээ одоогийнх шигээ аюул сүйтгэл дагуулдаггүй байсан аж. Шар шуурганаар туугдан ирсэн 0.005 мм-ээс томгүй ширхэгтэй тоостой цуг загас, мод ургамалд хэрэгтэй шим тэжээл Монголоос тээгдэн ирдэг учраас япончууд яг ийм нарийн шар тоосыг нь “коса” гэж нэрлэдэг, бас чиг нэг их тээршаадаггүй байжээ.
Одоо бол Монголын говьд дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайран баахан хүч нэмж аваад Солонгосын хойгийг бүрхэж, Японыг эрхэндээ оруулж, улмаар Номхон далайг торох юмгүй гатлан Канад, Хойд Америкт хүрдэг болжээ. Өөрөөр хэлбэл 13 мянга гаруй км зам туулж далайн чинадын агаар, хөрс бохирдуулж, тэндхийн оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн үг. Ийнхүү хөл нь чангарч, явдал нь холдсон төдийгүй Хятадын аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман зам гудаст таарсан амьд бүхнийг хордуулдаг болсон гэж байгаа. (Хятадын аж үйлдвэрийн бүсийн агаарт дэгдсэн, газрын хөрсөнд шингэсэн хүнд металл, диоксин зэрэг хүний биед хортой бодисууд түйрэнгийн нөлөөгөөр тардаг.)
Түйрэн түйвээсэн газарт үзэгдэх орчин муудаж авто ослын тоо ихсэх магадлал нэмэгдэнэ. Амьсгалын замын болон зүрх, нүдний өвчин эрс ихсэнэ. Онгоцны нислэгүүд хойшлогдоно. Үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орно. Солонгост сургуулиуд түр хаагдаж, Тайваньд гадаа удаан зугаалахгүй байх, амны хаалт нэмж авахыг сануулж эхэлнэ. Япончууд ч ялгаагүй түйрэнтэй тулалдахаар зэхнэ. Түйрэнгийн замдагуух орнуудад жуулчдын тоо эрс багасдаг шинэ үзэгдэл сүүлийн үед ажиглагдаж байна.
Шар шуурганаар шорооны том ширхэгтэй хэсэг нь ойрхон газар хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн босоо хуй хэлбэрээр хэдэн мянган км зам туулдаг. Энэхүү нарийн ширхэгтэй шороо нь электроникийн бичил схемүүдийн ганц заналт дайсан болдог. Гэтэл электроник хамгийн их хөгжсөн, түүнээсээ хараат болсон орнууд түйрэнгийн зам дагуу оршдог.
Түйрэн өнгөрсөн зууны дундуур буюу 1950-ад оны үед жилд дунджаар таван удаа болдог байсан бол өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жил гуч гаруй удаа ч шуурч байна.
Элс шороо дэгдэмхий бас нэг бүс нутаг бол Төв Ази. Энд байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр асар их газар цөлжсөн байдаг. Мөн Арал тэнгисийн ус сүүлийн жилүүдэд огцом багасч, нуурын эрэг хавийн ихээхэн хөрс давс хужраар хучигдаад байна . Үүний улмаас энэ бүс нутагт элс шороо, давс хужир холилдсон шуурга ихээхэн асуудал үүсгэдэг.
Азид ийнхүү элдэв янзын шуурга түйвээж байхад Африкт мөн л үүнтэй төстэй үзэгдэл болдог. Африкийн хуурай газраас боссон их тоос Атлантын далайг гатлан Карибын тэнгис, Төв Европ хүрч цаг уурт нөлөөлөх төдийгүй алдарт шүрэн арлуудыг мөхөөх нэгэн хүчин зүйл болж байна. Мөн далайн амьтан, ургамалд сөргөөр нөлөөлж, өвчлөл үүсгэдэг.
Сахарын шороон шуурга л Европт нөлөөлж байна гэдэг үзэл сүүлийн үед бас өөрчлөгдлөө. 2007 оны гуравдугаар сард Украйнд бий болсон тоосон үүл Словак, Польш, Чех, Германыг нөмөрч, тэр бүү хэл Британид хүрсэн нь үүний нотолгоо юм. Энэ шороон үүлний нийт жин нь 600 мянган тонн гэж судлаачид тооцжээ. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний шороо элс Украйны хөрснөөс дэгдэн Европ даяар тоосрон буужээ. Чехийн геологчид энэ нь ихээхэн дутуу тооцоо, үүлний жин ойролцоогоор 3 сая тонн байсан гэж үзжээ. Европт 1кубметр агаарт дунджаар 50 микрограмм тоос байвал хэвийн гэж үздэг. Тэгвэл 2007 оны Украйны шороон үүлний үеэр энэ үзүүлэлт 4-60 дахин ихэсч байв. Украйн олон жил газар тариалан эрчимтэй эрхэлсний улмаас хөрс ихээр элэгдсэний гор ийнхүү гарчээ. Япон, Солонгос зэрэг Азийн орныхон амны хаалт ихээр хэрэглэдгийг хачирхдаг байсан Европчууд ийм тоосон үүлийг зогсоох ямар ч боломжгүйн улмаас тэдний нэгэн адил амны хаалттай нөхөрлөх болсны гол буруутан нь хөрсний элэгдэл, цөлжилт юм.
Австралийн төв хэсэг ган гачиг, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод бас л шороон шуурганд автдаг. Хүчтэй шороон шуурга эндхийнхний эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтцэд ихээхэн түйтгэр тарьдаг. Ялангуяа Өмнөд Австралийн хойд хэсгээр жилдээ 60 хүртэл удаа шороон шуурга дэгдэж, тухай бүртээ ихээхэн хохирол учруулдаг.
Дэлхийн өнцөг булан бүрт ийнхүү их бага хэмжээгээр шуурга дэгдэж, шороо тоосон үүл нүүж байдаг. Үүнд ган, хуурайшилт, уур амьсгалын дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөө байдаг ч гол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Хүмүүс газрын даацыг хэтрүүлж, эсвэл буруу ашигласнаас хөрсний үржил шимт өнгөн давхарга устаж үгүй болдог. Газар тариаланд хэт шүтэх, мал олноор өсгөх, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх нь хөрсний эвдрэлийн гол шалтгаан болдог. Хайр гамгүй ашигласан газрын хөрсөн дэх шимт бодисууд устан үгүй болж, ургамал ногоо ургахаа болино. Хөрсний өнгөн хэсэг салхинд туугдаж, усанд идэгдсээр ашиглахын аргагүй болно. Хүнээр бол өвчин хуучинд идэгдэж, хүч тамир нь алдарч, наснаасаа эрт доройтлоо гэсэн үг. Ус чийг дутаж, өгөршиж гандсан газрын хөрс сул шороо болон хувирна. Тэгээд л салхины аясаар туугдан улс гүрэн дамжин, тэнгис далай гатлан тэнүүчилж эхэлнэ. Газрын өнгөн хэсгийн шимт хөрс урт удаан хугацаанд бүрэлдэн бий болдог (1 см-ийн зузаантай шимт хөрс бий болоход 100 жил шаардагддаг) учраас ийнхүү салхинд тавиад туучих нь онцгой хохиролтой. Байгаль цаг уурын онцгой үзэгдэл болох түйрэнг захирч чадахгүйгээс хойш яалтай ч билээ, тэгээд ч дэлхийн бөмбөрцгийн хаа сайгүй л ийм салхи гарч байдаг юм байна шүү дээ гэж Та бодож байж болох юм. Гэвч түйрэнгийн аюулыг зогсоож чадсан сайхан жишээ хүн төрөлхтөнд бий юм шүү.
Та XIX зууны сүүл хавийн газрын зураг дахь “Америкийн их цөл” гэж тэмдэглэгдсэн хэсгийг өнөө үеийн газрын зурагтай харьцуулаад үз дээ. Тал хээрийн энэ өргөн уудам бүс нутагт үе үе хүчтэй ган болдог, хуурайшилт ихтэй, тухайн үедээ газар тариалангийн зориулалтаар ашиглах , хүн амьдрах боломжгүй гэж үздэг байж. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны үед үр тарианы үнэ өссөн нь фермерүүд энэ бүс нутгийг сонирхоход хүргэв. Тэгээд ч тухайн цаг үед хур бороо элбэгшиж, тал хээрийн бүсэд амьдрал сэргэсэн нь тэдний хорхойг хүргэсэн биз. Хязгааргүй мэт орон зай, үнэгүй газар, шинэ амьдрал эхлэх боломж олон олон аз жаргалын эрэлчнийг Грийт Плайн руу дуудлаа. АНУ-ын чийг ус сайтай бүс нутагт газар тариалан эрхэлж байсан фермерүүд энд ирж хэдэн сая га газарт улаан буудай тариалав. Модон анжис мориор чирүүлж газар хагалдаг үе трактор хэмээх техникийн дэвшилд байраа тавьж өгснөөр газрын хөрсийг 20 дахин илүү хурдтайгаар “хүүчиж” эхэллээ. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр улаанбуудайн үнэ унав. Үнэ унах бүрт фермерүүд тариалалтын талбайгаа нэмэв. Үржил шим сайтай газраа хагалж дуусаад өмнө нь голж орхисон арай бага шимтэй газар руугаа дайрлаа. Тэгж байтал 1931 онд жинхэнэ улаан ган болж, дараагийн арван жилийн турш хур усаар дутлаа. Бүх тариалангийн талбай хатав. Уугуул ургамал нь хөрс барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол улаанбуудайн хатсан үндсэнд тийм шид байсангүй. Хэдэн зууны турш бага багаар хуримталсан үржил шимт хөрс салхинд хийсч, тоос шороо хэдэн бээрийн өндөртэй хар үүл болж замд таарсан бүгдийг шороогоор дарав. Хөрсний эвдрэл, хөдөө аж ахуйн буруу үйл ажиллагаанаас болж асар их хэмжээний газраа хар шуурганы ай сав болгож орхисон америкчууд алдаагаа түргэн ойлгож, зөв шуурхай арга хэмжээ авснаар байдлыг засч чадсан юм. Хэрхэн гэдгийг дараагийн нийтлэлд өгүүлнэ. Одоо энэ бүс нутагт тодорхой давтамжтай ган гачиг болж, салхи салхилав ч америкчууд 1930-аад оны сүүлийн хагас шиг барьц алдаж, хохирол амсахаа нэгэнт больсон гэнэм. Тэгэхээр түйрэнгийн түйвээн их ч, түүнээс зайлах арга бас байдаг аж. Цөлжилтийн аюул нүүрлэсэн орны тоонд дээгүүрт нэрлэгддэг монголчууд бидэнд бусдын сайн аргаас суралцаж, өөрсдөө бас бий болгох онцгой шаардлага байна. Яагаад гэвэл бид түйрэнгийн эхлэлийн цэг дээр амьдардаг.
Б.Галаарид

ЦӨЛЖИЛТ ГЭТЭН АЙСУЙГ ӨГЛӨӨ БҮР САНУУЛЪЯ

Б.Галаарид
Өнөөдөр дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр. Би ч гэсэн энэ тэмцэлд хувь нэмрээ оруулж, урьд өмнө нь цөлжилтийн талаар бичиж байсан нийтлэлүүдээ өнөөдрөөс эхлэн блогтоо байршуулахаар шийдлээ. Энэ сэдвийг судлах тусам хүмүүс, төр засаг ямар хайхрамжгүй, харалган байна вэ гэх бухимдал төрдөг юм.

Дэлхийн бөмбөрцгийн хуурай газартай хэсгийн гуч гаруй хувь цөлжилтөд автаад байна. Өөрөөр хэлбэл ийм их газар чимээгүй үхэж байна. Цөлжилт хэмээх чимээгүй үхэл тэр нутагт амьдран суугаа хүмүүст эхэндээ төдийлөн анзаарагддаггүй. Цөлжилтийн бодит аюулыг мэдэх хүмүүс л жинхэнээсээ сэтгэл түгшдэг. Энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс “Манай энд бороо орох нь багаслаа. Ногоо ургах нь муудсаар байна. Заримдаа шороогоор сүрхий шуурдаг боллоо” гэхчлэн ярьсаар, хөрсний доройтол гэдэг газар шорооны хувьд аюулт тахал гэдгийг анзаарахгүй явсаар нэг л өдөр эрсдлийн хязгаар алдагдаж, цөлжилт өөрөө өөрийгөө хурдасгаж эхлэх мөчид халаг хоохой болон дэвхцэж эхэлдэг. Тэгснээ байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж, арай илүү үржил шимтэй нутаг руу дүрвэнэ. Ийм экологийн дүрвэгсдийн тоо зөвхөн Африкт гэхэд л арван жилийн дараа 50-60 саяд хүрэх төлөвтэй байна. Тэд аргагүйн эрхэнд нутгаа орхин Арабын орнууд, Европ руу дүрвэж, хар тивд үлдэгсдийн 75 хувь нь гаднаас нийлүүлэх тусламжийн хоол хүнсэнд найдахаас өөр гарцгүй болно. Ер нь экологийн дүрвэгсдийн асуудал өнөөдөр дэлхий дахины сэтгэлийг түгшээсэн хурц асуудлын нэг болоод байна. Энэ бол газраа доройтуулж, цөлжилтөд нэрвэгдүүлсэн алдаагаа засч чадалгүй оройтсоны шийтгэл. Хорьдугаар зууныг технологийн зуун хэмээн хөөрцөглөж, шинжлэх ухааны нээлт, технологийн шинэ шийдлүүдийн хожмын үр дагаврыг үл тооцон олдсон боломж бүрийг хэт ашгийн төлөөх дайнд зориулсны бодит тусгал нь энэ юм. Ер нь бол байгаль дэлхийтэй хэр хүйтэн харьцана, хариу үйлдэл нь төдий чинээ хатуу байна гэдгийг дэлхийн экологийн өнөөгийн байдал харуулж байна.
Монголчууд яг одооноос дорвитой арга хэмжээ авахгүй бол хар тивийн гашуун амьдралыг амтлах цаг холгүй болоод байна. Яагаад? Яагаад гэвэл өнөөдөр албан ёсны тоо баримтаар Монголын нийт нутгийн 40 гаруй хувь, албан бус тооцоогоор түүнээс ч их хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байна. Зургаан хүүхэдтэй айлын гурав нь гарцаагүй үхэлд хүргэдэг аюулт өвчнөөр өвдчихөөд байхад аав ээж нь сэтгэл амар сууж чадах уу? Тэгвэл Монголын газар шороо өнөөдөр яг тийм болчихоод байхад эрх мэдэлтнүүд хаанахын ордыг хэрхэн ухахаа ярихаас биш, хөрсөө хэрхэн хамгаалах, цөлжилтийг хэрхэн сааруулах талаар ярихгүй байгаа нь эмгэнэлтэй. Элсний нүүдэл хаяагаа тэлэхийг цөлжилт гэдэггүй, харин хөрс элэгдэн доройтож, ургамал амьтан, биологийн төрөл зүйлийн тоо цөөрч, хүрээлэн буй орчин аажим аажмаар үл анзаарагдахуйцаар мөхөж сөнөж эхлэхийг цөлжилт гэж хэлдэг гэдгийг тэд мэдэхгүй байна уу? Эсвэл хэт ашгийн төлөөх дайнд зүрх нь хөөрч, нүд нь булингартчихаад юуг ч олж харахгүй байна уу? Ямаагаа цалинжуулж, орд газруудаа экологийн үр дагаврыг нь тооцолгүйгээр ухаж, ой мод руугаа ханцуй шамлан дайрч, атар эзэмших нэрийн дор үеэ өнгөрөөж хоцрогдсон технологиор газраа хүүчиж, гол усаа бохирдуулан ширгээж байгаа энэ замбараагүй үйлдлийн төлөөс нь дэндүү хатууг бусдын жишээнээс харж ухаарах билэг оюун монголчуудад алга гэж үү?
Хувь хүн бүр цөлжилтийг сааруулахын ач холбогдлыг ойлгож ухамсарлаж, энэ үйлсэд өөрийнх нь үүрэг оролцоо их гэдгийг мэдрэх аваас,энэ аюултай төр нь ч, иргэн нь түвшин түвшиндээ тэмцэх аваас үр дүнд хүрдгийг бусдын жишээ харуулж байна.
Зөв менежмент хийж чадвал байгалийн баялгийг нөхөн сэргээж болно. Үүнийг хамгийн их туршиж, янз бүрийн түвшний үр дүнд хүрч байгаа газар бол Африкийн орнууд. Тэндхийн фермерүүд аж ахуй эрхэлнэ гэдэг зөвхөн ашгийн төлөө ажиллахын нэр биш, урт хугацааны үр ашигтай бизнес эрхэлж, эрүүл аюулгүй орчинд амьдаръя гэвэл газраа хайрлаж, хүн байгалийн харилцан шүтэлцээг эвдэхгүй байх ёстой гэдгийг ойлгож эхэлсэн учраас газрын эрчимжүүлсэн менежментийг сонирхох болжээ.
Ялангуяа хөрсийг ус, салхины элэгдлээс урьдчилан хамгаалах талаар их зүйл хийж байна. Үүний нэг нь хагалж боловсруулаагүй талбайд тариалах арга юм. Энэ нь эртний индиануудын уламжлалт арга бөгөөд саваагаар газар нүхэлж үр суулгаснаар хөрсний уугуул бүрхэвч эвдэрдэггүй, салхи борооны нөлөөнд автдаггүй сайн талтай. Энэ аргыг Өмнөд Америк, Африкт нийтлэг хэрэглэж байна.
Нигерт neem гэдэг модыг тариалангийн талбайн захаар зурваслан тарьснаар салхины нөлөөгөөр хөрс хуурайших эь багасч, чийгшил нэмэгдсэн байна. НҮБ-аас тус улсад “Keita” гэдэг төсөл хэрэгжүүлж, элэгдэж гэмтсэн газрыг нөхөн сэргээх талаар томоохон ажил хийсэн байна. Элсний нүүдлийг тогтоохын тулд шар будааны ургамлын хатаасан ишээр хашаа барьж, энэ ажилдаа нийгмийн эмзэг бүлгийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг татан оролцуулснаар байгаль хамгаалах, ядуурлыг бууруулах асуудлыг нэгэн зэрэг шийдсэн нь анхаарал татаж байна.
Ер нь цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэхэд тухайн орны Засгийн газар нь анхаарч, тодорхой зорилт тавин тодорхой бодлого хэрэгжүүлж байж л үр дүнд хүрдгийг олон орны туршлага харуулж байна. 1930-аад онд АНУ-ын Грийт Плайнд газар тариаланг бодлогогүй, буруу хөгжүүлсний уршгаар их хэмжээний хөрс сүйдэж, бүс нутгаараа ядуурч, экологийн сүйрэл нөмрөхөд Америкийн Засгийн газраас авсан арга хэмжээ үүний хамгийн том нотолгоо юм. Аргентин, Мозамбик зэрэг орнууд ажилгүй залуусыг ойжуулах ажилд хамруулан нэг сумаар хоёр туулай буудаж байна. Мод тарьсан, ногоон бүсийг хамгаалсны төлөө иргэдээ урамшуулдаг эдийн засгийн хөшүүрэг олон оронд бий. Байгальд хоргүй арга технологиор тариалан эрхэлснийх нь төлөө фермерүүддээ тодорхой хэмжээний урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг механизм Швейцарьт үйлчилж байна.
Байнга шуурдаг, хэт хуурай халуун газруудад том том чулуугаар гортиг татах, сүрлэн хашаа сараалж босгох, ганд тэсвэртэй ургамал тариалах зэрэг аргуудыг хэрэглэдэг.
Уулархаг өндөр газрынхан тариан талбайдаа хөрсний эвдрэл багатайгаар ус тогтоохын тулд дэнжлэн хагалах, ус алгуур шүүрдэг хаалт далан босгох зэрэг арга хэрэглэдэг. Тайланд, Филиппинд амьд хашаа барих гэдэг ойлголт бий. Энэ нь үндэс урттай, өндөр ургадаг олон настыг ландшафтын онцлогт тохируулан зурваслан тариалж, нэг талаас хөрс хамгаалах, нөгөө талаас байгалийн үзэсгэлэнд чимэг нэмэх хэлбэрээр ашиглах арга юм.
Хятад улс ногоон хэрэм байгуулах, ойжуулах талаар асар их зүйл хийж байгааг бид мэднэ. Гэхдээ их хэмжээний газрыг ингэж эрчимтэй ойжуулахдаа шинээр тарьж буй мод бут тэр газрынхаа хөрсний бүтэцтэй хэр зохицох, ирээдүйд өөрийгөө тэжээгээд явах шимт орчныг үүсгэж чадах эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайтар тооцож байж ойжуулахгүй бол зарим хөрсөнд дасан зохицдог ургамал өөр хөрсөнд очмогцоо “хөрсний алуурч” болж хувиран, тодорхой хугацааны дотор хамаг үржил шимийг нь ховх сорсноор ургамлын бүрхэвч ч үгүй, хөрс ч үгүй болдгийг сүүлийн үед мэргэжилтнүүд үе үе сануулдаг болжээ.
Африкт гэхэд л зөвхөн нутгийн онцлогт тохирсон уугуул моддыг нарийн шалгуураар сонгон тарьснаар үр дүнд хүрч байна. Тухайлбал, (acacia) гэхэд Африкийн цөлд жинхэнэ тохирсон мод бөгөөд гүвсэн навч нь азотоор баялаг учраас хөрсөнд чухал амин дэм болдог. Ийм хуасаар төгөл байгуулж, завсар хооронд нь ургамал тариалахад илүү хурдан ургаж буй нь тогтоогджээ.
Манайд бол заг, тоорой, сухай зэрэг Монгол говьдоо зохицсон, байгалийн шалгарлаар бий болсон унаган шүтэлцээний салшгүй эд эс болсон мод ургамал олон бий. Тэгэхээр энэ уугуул ургамлуудыг хөрс хамгаалах, элсний нүүдлийг зогсооход ашиглахаас гадна заган шугуй, тооройн төгөл зэргийг бараадуулан өөр төрлийн ургамал тариалж ургамлын бүрхэвчийг баяжуулах, хөрс бэхжүүлэх ажил хийж болох юм. Генийн инженерчлэлийн ачаар байгалийн хатуу бэрх нөхцөлд тэсвэртэй өвс ургамал гаргаж авч байгаа арга туршлага, ололтыг ч бас анхаарч байгалийн зөнгөөрөө нөхөн сэргэх үйл явцыг түргэтгэж болмоор бодогдоно.
Цөлжилтөд хэдийгээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөтэй ч эцсийн эцэст гол буруутан нь хүн юм. Иймд бидний буруугаас устан алга болж буй ургамал амьтан зэрэг биологийн төрөл зүйлийг нөхөн сэргээх талаар одооноос анхаарахгүй бол болохгүйг дэлхий нийт нэгэнт ойлгож санаа тавьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хүн байгаль хоёр амин шүтэлцээтэй, нэг нь уствал нөгөө нь үгүй болно гэдгийг ойлгож, байгалийн жхм ёсыг дагаж эхлээд байна. Байгалийн бус шинжлэх ухааны салбарууд хүртэл сүүлийн үед байгалийн хуулийг өөрийн салбарт хэрэглэхийг оролддог боллоо. Байгалийг эзэгнэж бус, байгальтай харилцан шүтэлцэж амьдаръя гэсэн уриа шинэ зууны гол уриа болоод байна. Ахуй, ухамсар хоёрыг эрэмбэлж, аль нэгийг нь тэргүүн зэрэгт тавьснаар орчлонгийн бүх асуудлыг шийдчих гэж олон зуун жил оролдсон хүн төрөлхтөн ингэснээр ямар ч үр дүнд хүрэхгүйгээ сая л нэг юм ойлгож, үүний цаана гуравдахь хүчин зүйл болох амь байдгийг мэдэрлээ. Өөрөөр хэлбэл байгальтайгаа амьдчилж харьцахгүйгээр юунд ч хүрэхгүйгээ ойлголоо. Гэтэл үүнийг аль эртнээс мэдэж, амьдралын унаган хэвшлээ болгочихсон байсан монголчууд маань дэлхий нийтийн энэ чиг хандлагын яг эсрэг зүгт явж байгаа нь газрын менежментийн бодлогоос тодорхой байна. Иймд газрын менежментийн чиглэлээр дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа шилдэг туршлагуудыг судалж, монгол хөрсөнд идээшиж чадахыг нь ашиглах, газар ашиглалтын талаархи шинжлэх ухааны ололтуудыг соргог мэдрэх, уламжлалт мэдлэгээ сэргээх асуудал цөлжилттэй хийх тэмцлийн тэргүүн зорилго болоод байна.
Цөлжилт сүүдэр мэт чимээгүй гэтэж байна. Энэ аюулд бид бас чимээгүй дасч байна. Өчигдөр өвс ургаж байсан газар өнөөдөр улаан шороо салхины аясаар хуйларч байгаад, өчигдөр нуурын ус цэлэлзэж байсан газарт өнөөдөр хатсан шал арзайж байгаад, өчигдөр навчсын сэрчигнээн сэтгэл баясгаж байсан газар өнөөдөр өгөршсөн үндэснүүд оршуулгын газрын чулуун хөшөө мэт ёрдойж байгаад, өчигдөр амьдрал цэцэглэж байсан газарт өнөөдөр эл хуль ноёлж сүйрлийн дараахи хот мэт гуниг төрүүлж байгаад, өчигдөр байгалийн тансаг найрал хөгжим эгшиглэж байсан газарт өнөөдөр гагцхүү золбин салхи ганцаар гунигийн дуу аялж байгаад бид дасч байна. Бид цөлжилтөд нэгэнт дасч эхэлжээ. Энэ бол бид үхэл мөхөл, сүйрэлд дасч байна гэсэн үг. Нэгэн цагт агуу их Чингэс хаан “Өмнө зүгт Тангуд улс байдгийг өглөө болгон надад сануулж бай” гэсэн юм гэнэлээ. Харин одоо бид “Цөлжилт бодит аюул боллоо” гэдгийг өглөө бүр бие биедээ сануулах цаг болжээ.