Monday, July 06, 2009

Цөлжилт: Тэнэрэгийн мод ганц л байгаасай

Сахарын өмнөд хэсэгт хэн боловч тойрч гарахыг эрмэлздэг нэгээхэн хэсэг газар бий. Нийтдээ 1300 ам дөрвөлжин километр талбайтай энэ газрыг Тэнэрэ гэнэ. Тарки хэлнээс орчуулбал “онцгой бүс” гэсэн утгатай аж. Энэ нутаг үзэсгэлэнтэй сайхан, эсвэл онцгой түүхтэйдээ ийн нэрлэгдээгүй юм гэнэлээ. Зам нь туулахад хэцүү, уур амьсгал нь хатуу бэрх учраас ингэж онцолжээ. Зам болгон энэ нутгийн захад ирээд дөлж хазайдаг атал баруунаас зүүн тийш тэг дундуур нь зүтгэж одсон ганцхан зам бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 700 км урттай энэ замыг адал явдалд дурлагсад бий болгосонгүй. Олонтой нийцгүй зөрүүд нэгэн ч бий болгосонгүй. Цөл нутгийн хатуу бэрхэд дасан зохицож, тэсвэр тэвчээр суусан уугуул иргэд энэ замаар нэг талаас хар будаа, нөгөө талаас давс зөөсөөр хичнээн үе элээснийг өнөөдөр хэн ч эс мэднэ.
Ямар ч өвсгүй, бараг усгүй энэ урт замыг гагцхүү хүний сэтгэлийн хат, тэмээ гэгч амьтны тэвчээр хоёр л давдаг байжээ. Жилдээ хоёр удаа жингийн цуваа үүгээр явна. Хүнд хэцүү зам, хулгайч дээрэмчин гээд зовлон бэрхшээл их ч жингийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Хэдэн мянган тэмээтэй (Зарим эх сурвалж нэг удаад 10 мянга хүртэл тэмээ ачаалдаг гэсэн нь бий) их аян элчилгүй цөл дундуур зугуухан, хэлбэрэлтгүй урагшилж байна гээд та төсөөлөөд үз дээ. Гайхамшигтай дүр зураг байгаа биз.Гэвч энэ бол үхэл амьдралын зааг дээрх хүнд бэрх аян байсныг өнөөдөр хүртэл замын хажуугаас олдсоор байгаа тэмээний хувхай яснууд гэрчилдэг.
Их замыг хагаслах үед цөлийн хатуу ширүүн уур амьсгал дунд хэдэн зуун жил ургасан хөгшин хуас (acacia) аянчдыг угтдаг байж. Энэ модны өндөр гурван метрээс хэтрэхгүй ч захгүй цэлийх элсэн цөл дунд тун холоос, бас чамгүй бараа сүртэй харагддаг, аяншиж ядарсан хүмүүс түүнийг олж харангуутаа дуу шуу орон сэргээд явчихдаг байжээ. Эргэн тойрон дөрвөн зуун километрт нэг ч модгүй болохоор арга ч үгүй биз. Тэгээд ч усгүй цөлд ганцаар ургасны учрыг тайлахад хэцүү болохоор энэ модонд ер бусын нууцлаг шидэт чанар оршдог хэмээн итгэж, мөчрийг нь ч хугалахаасаа эмээнэ. Аянчдын хоноглох газар, чиг баримжаагаа болгодог энэ өнчин модыг 1930-аад оны эцсээр дэлхий даяараа мэдэх болов. Шалтгаан нь тун энгийн. Тэнэрэ нутгийг газарзүйч эрдэмтэд судалж, газрын зураг үйлдэхдээ энэ бүс нутагт тэмдэглээд үлдээчих гол мөрөн, уул толгой, ядаж худаг ч болов байхгүй болохоор мөнөөх өнчин хуасыг зурагтаа тэмдэглэв. Тэнэрэгийн өнчин хуас газрын зурагт тэмдэглэгдсэн анхны, бас цорын ганц мод болов. Мөн 400 километрийн радиуст нэг ч ургаа мод байхгүй учраас дэлхийн хамгийн ганцаардмал мод гэдэг алдрыг хүртлээ.
Ганцаардмал мод маань хэдийгээр 300 орчим жилийн настай ч дахиад өнө удаан амьдрахуйц эрүүл чийрэг мод байлаа. Харамсалтай нь 1973 онд ливийн нэгэн согтуу жолооч ачааны тэргээр түүнийг дайран унагажээ. Тэнэрэгийн нэрийн хуудас, бахархал болсон, түүгээр аялагчдын чиг заагч болсон сүүлчийн мод ийнхүү үгүй болов. Тусгай комисс байгуулагдаж, 1973 оны арваннэгдүгээр сарын 8-нд өнчин хуасыг Нигерийн нийслэлд, Үндэсний мүзейд авчирлаа. Дөрвөн жилийн дараа Модны мавзолей нээгдлээ. Өнөөдөр энэ мавзолей Нигерт очсон хэн хүний заавал үзэж сонирхдог газрын нэг болжээ.
Энэ модонд юунд нь ийм их ач холбогдол өгнө вэ хэмээн учир мэдэхгүй хүмүүс гайхах нь бий. Хязгааргүй цэлийх элсэн далай дунд мөхөж сөнөсөн шимгүй хөрснөөс ургасан, амьдын шинж тэмдэггүй асар их орон зайд амьдралыг орь ганцаараа сануулж, амьдрахуйн билэг тэмдэг нь болж байсан гэдгийг, мөн сөнөсөн ертөнцөд амьд бүхэн ер бусын хүндлэлтэй гэдгийг эргэцүүлэн бодох юм бол энэ бүхний учир тайлагдана.
Домогт хуас ургаж асан газарт өнөөдөр хүмүүс төмрөн мод босгожээ. Энэ төмрөн мод бол мөнөөх хуасанд зориулсан дурсгалын хөшөө. Бас үүгээр дайран өнгөрөгсдөд зам заагч болдог. Хүмүүс байгальд хүйтэн хэрцгий хандвал юунд хүрдгийг нь өгүүлж, тэдний ирээдүйгээ боддоггүй аминч, харалган зан, бас хожимдсон ухаарлаар нь даажигнах мэт энэхүү төмрөн мод Тэнэрэгийн хөлнөөс зуурах элсэн дунд уйтгартайяа торойж, дэргэд нь аянчид буудалладаг тоосгон хороо сүр муутайхан барсайж харагддаг.
Тийм ээ, энэ бүгд бол “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” хүн төрөлхтний гунигт түүхийн нэгээхэн тохиолдол.
Эрдэмтэд Тэнэрэгийн өнчин хуас уг нь эрч хүчтэй амьдрал буцалсан газрын хүйсэн дээр анх соёолсныг олж тогтоосон юм. Нэгэн цагт энэ цөл буй газарт нуур байжээ. Хүмүүс энэ нуураас тал талруу суваг татаж, тариа ногоогоо усалдаг байв. Бүр хүй нэгдлийн үед, одоогоос 600 мянган жилийн тэртээгээс л энэ нуурын эргээр хүмүүс амьдарч, зэр зэвсэг урлаж, ан ав хийж, мэдээж дурлаж хайрлаж, өсч өнөржиж байв. Нуураас холгүйхэн голтой, голын эргээр ургамал ногоо сайтай, заан сүрэглэж, анааш үржиж, зээр дэгдсэн сайхан нутаг байв. Археологийн олдворууд энэ бүхнийг хөдөлшгүй нотолж байгаа юм. Харамсалтай нь эртний Сахарын соёл иргэншил устан үгүй болж, ул мөр нь амьгүй элсэн далайн ёроол руу улам бүр шургасаар байна. Үхмэл цөлийн халуун өдөр, хүйтэн шөнүүд ар араасаа хөвөрч он жилүүд урсахын хэрээр хүмүүс энэ түүхэн үнэнийг улам бүр мартаж, байгальд хайргүй хандсан гэм нүгэл нь ч мартагдаж, Сахарын цөл угаасаа л ийм цөл байсан мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Харамсалтай нь цөлжилтийн гол буруутан хүн байдаг. Хүн гэдэг төрөлх чанараараа шуналтай бодгаль. Хөгжил даган хэрэглээ нь ч, шунал нь ч давхар өсдөг хүн төрөлхтөн Тэнэрэ шиг газар олон арвыг бий болгосон. Эртхэндээ бол үржил шимгүй болгосон газраа орхин дайжиж болдог байлаа. Гэвч алив бүхэнд хэмжээ хязгаар байдаг болохоор ийнхүү дайжих боломж нь улам бүр хомсдож байна. Технологийн өндөр хөгжил, өөрийнх нь хүсэл сонирхлоос үл хамааран улс орнуудыг бүрхсэн даяаршил, хүн амын өсөлт бидэнд Дэлхий бол хязгаарлагдмал нөөцтэй, эмзэг агаад уйтан ертөнц болохыг дохиолсоор байна. Цөлжилт улам бүр хүрээгээ тэлж, 2025 онд Дэлхийн нийт хуурай газрын 1/3-ийг хамарна гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.
Эрдэмтэд цөлжилт буюу desertification гэдэг нэр томъёог анх бий болгож, биолог, нийгэм эдийн засгийн асуудал, экосистемийн доройтол гэж үзэж эхэлсэн 1970-аад оны сүүл хавьд асуудал өнөөгийнх шиг ийм эрчтэй хүндэрнэ гэдгийг олж харж байсангүй. Улс орнууд ч төрийн бодлогын хэмжээнд авч үзэхдээ хойрго байлаа. НҮБ-ын түвшинд цөлжилтийн асуудал анх 1977 оны Нейробигийн бага хурлаар яригдаж эхэлсэн. Тэр үед “Энэ бол шийдэж болох асуудал. Шинэ мянганы босгон дээр бүрэн шийдчихнэ” гэсэн өөдрөг сайхан итгэл үнэмшил ноёлж байлаа.
Гэвч өнгөрсөн хугацаанд цөлжилт буцаан сэргээх өртөг нь дийлдэшгүй, өөрөө хурдасдаг үйл явц болох нь батлагдаж, хүмүүсийн ядуурал, хүнсний хомсдол, эрүүл мэндийн доройтлын нэг шалтгаан болсон экологийн хурц асуудал гэдгээ нэгэнт баталж чадлаа. Эрдэмтэн судлаачид нөхцөл байдлын цар хүрээг бодитоор харах болж, цөлжилт хаяагаа хумих биш, улам бүр тэлж байгааг 1992 онд Рио-де-Жанейрод болсон олон улсын бага хурал дээр хүлээн зөвшөөрчээ.
Цөлжилт дэлхий нийтийг хамарсан экологийн хямралд хүргэх гол хүчин зүйл гэдгийг өнөөдөр мэргэжлийн хүмүүс нэгэн дуугаар баталж байна. Гэвч Дэлхий дээр экологийн хямрал тоотой хэдхэн удаа болж, тухай бүрт амьдрал мөхөж байсныг тэр болгон хүн ойлгохгүй, ойлгосон ч тоомсорлохгүй байгаа нь харамсалтай. Хүн бүр энэ аюулыг ойлгож, хүрээлэн буй байгаль орчноо дор бүрнээ хайрлан хамгаалж, цөлжилтийн эсрэг аянд хувь нэмрээ оруулахгүй бол маргааш гэхэд нэгэнт хожимдоно гэдгийг Тэнэрэгийн модны гунигт түүх сануулж байна. Дээр нь суусан мөчрөө угаар нь тайрсан тэнэгийн үлгэрийг бүгд мэддэг атлаа давтсанаа тэр цагт ухаарч толгойруугаа шаавч бүх зүйл оройтно гэдгийг сануулж байна.
Монгол орны тухайд яривал манайх цөлжилтийн сонгодог жишээнд орсоор удлаа. Монголын говь, говийн шар шороон шуурганы тухай дэлхий даяараа ярьж байна. Харин бид өөрсдөө болохоор улстөржиж, шашинжиж, хий хоосон дүрэмдсээр, хөл толгойгүй бужигнасаар цөлжилт хэмээх чимээгүй үхлийн саварт боомилуулж дуусах нь. Эсэргүүцэн тэмцэхгүй бол энэ савар атгалтаа ягуухан чангалсаар байгаад санасандаа хүрч, ургамал ногоогүй, ус чийггүй, амьд амьтангүй, үржил шимгүй эзгүй хоосон цөл болсон хойно сая нэг санаа нь амарч зах хязгааргүй элсэн биеэ сул хаядаг. Газрын зурагт өөрчлөлт орж, мөнөөх цөлийг ямар нэгэн нэрээр тэмдэглэдэг.
Ирээдүйн хүмүүс “Хааш хаашаагаа хэдэн зуун километрт нэг ч амьд амьтангүй, нэг ч ургамал ногоогүй эзгүй хоосон цөл Монголын нутагт үүслээ. Шинээр газрын зураг үйлдэхээр явсан эрдэмтэн судлаачид Тэнэрэгийн модтой адил өнчин ганц модыг энэ цөлийн тэг дундаас олж газрын зурагт Монгол мод хэмээн тэмдэглэв. Энэ мод Тэнэрэгийн модны халааг авч дэлхийн хамгийн ганцаардмал мод боллоо” гэж уншиж суувал харамсалтай.
Тэнэрэгийн амийг тасалсан хүмүүст өршөөлтэй хандаж болно. Яагаад гэвэл тэр үед байгаль экологийн тэнцвэрт байдлын тухай тоймтой ойлголт тэдэнд байгаагүй. Хөрсний элэгдэл, усны хомсдол, экосистемийн доройтол юунд хүргэдгийг, хүний үйл ажиллагаа үүнд ямар их үүрэгтэйг тэр үед ухаараагүй, мэдлэг, мэдээлэл хомс байсан.
Харин бид Сахар, Намиб, Атакама, Каракумын цөл хэрхэн бий болсныг мэдсээр байж, гол мөрөн ширгэж, газрын гарц муудаж, Хөвсгөлийн тайга, Хэнтийн хөвчид хүртэл элс бий болсныг үзсээр байж, цөлжилтийн эсрэг дэлхий нийтээрээ сэтгэл зовниж буйг харсаар байж юу ч хийхгүй суух нь өршөөж үл болох гэмт хэрэг билээ.
Их зохиолч Д.Нацагдорж 1930-ад онд “Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд” гэж бахархан шүлэглэж байлаа. Тэр үед говь, элс, элсэн манхан Монголын байгальд өнгө нэмсэн, найрагчийн сэтгэлд онгод хөглөсөн гайхамшигт орчин байлаа. Дэлхий ертөнцөд цөлжилтийн аюул хараахан нүүрлээгүй байлаа. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгджээ. Үүнийг дагаад чиг хандлага ч өөрчлөгдөв. Элсэн манхан бол бахархал биш, эмгэнэлийн бодит тусгал гэдгийг ертөнц даяар ойлгочихоод байхад монголчуудын сэтгэлгээнд л өөрчлөлт орсонгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд нөгөө л элсэн манхан далайгаар бахархсан шүлгээ цээжлүүлсээр, мөнгөжих хүсэлд дөрлүүлсэн хүмүүс байгалийн унаган төрхийг алдуулж, цөлжилтөд хүргэх үйлд ханцуй шамласаар л байна. Монгол ийнхүү “Азийн Тэнэрэ” болох замруугаа алхам алхмаар дөхөж байна. Харин жинхэнэ Тэнэрэд төмрөөр хийсэн хиймэл мод цөлийн гүнд анхаарлын тэмдэг мэт ёрдойсоор гучин жил боллоо.. Амьгүй цөлийн гүнд орь ганцаар ургаж, нааш цааш өнгөрөгсдөд байгалиа эс хайрлавал юунд хүрдгийг анхааруулж асан домогт мод “Хүмүүс та нар нэгэнт үхсэн цөлд амь оруулж чадахгүй. Тийм болохоор үхэхээс нь өмнө авран хамгаал” гэж мөнхөд сануулахын тулд ийнхүү төмрөн биед хувилсан гэлтэй. Ийнхүү сануулсаар байхад эх дэлхийгээ цөлжүүлсээр байгаа хүмүүн бидний тэнэгийг бас гайхна уу гэлтэй. Тэнэрэгийн мод нэг л байж, түүний түүх давтагдахгүй бол сайнсан.
Б.Галаарид

1 comment:

voyuna said...

Багачууд,сурагчид - бидний үр хүүхдүүд сурах бичгээсээ унших боломжтой байгаасай