Sunday, November 14, 2010

Х.Нямхишиг гэдэг сайхан шүлэгчийн шинэ ном мэндлэх гэж байна

Манай "Цалиг" хэвлэлийн газар энэ жил бас ч гэж дориун ажиллачихжээ.
Я.Одгэрэлийн "Цэнхэр уруул", Т.Пүрэвжаргалын "Ганц улаан навч", Л.Мөнхчимэгийн "Зүрхэн хэлбэрт үүл", Б.Батзаяагийн "Баяртай, гуниг минь" номуудыг редакторлаж, эхийг нь бэлтгэж, хэвлүүлж, бас бага сага сурталчилгаа хийлгэсэн байна. Тэр бүр залуу уран бүтээлчдийн өмнө ийм "ногоон гэрэл" асдаггүй л байх.
Хэвлэлийн газрын маань "Өөр өнгө" цувралын редактор, яруу найрагч Б.Эрдэнэсолонго, шог зохиолч, дөнгөж сая "Тусгай салаа"-гаараа Монголын үзэгчдийг байлдан дагуулаад буй А.Амарсайхан хоёр маань надад их тус болох юм даа.Номонд өмнөтгөл бичнэ, "бөөс хуурсыг" нь түүнэ, гар бичмэлийг ном хэлбэрт оруулна гэдэг шат дамжлага ихтэй ярвигтай ажил шүү. Тэгээд ч энэ бүхнийг сайн дурын үндсэн дээр хийж, надтай цуг "субботниклоно" гэдэг энэ цаг үед, тэгээд ид хийж бүтээх насан дээрээ яваа улсад тээртэй байж болно оо доо. Гэвч тэд маань яаж ийгээд зав гаргаж, Монголын утга зохиолын залуу үе өсч торниход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа сайн залуус, сэтгэл сайтай хүмүүс билээ.
Би жаахан цаг гарвал залуучуудынхаа ном тус бүрийн талаар өгүүлэхийг бодно. Харин энэ удаа гараагүй байгаа, гарах гээд дуншиж буй нэгэн номын тухай яримаар санагдаж хэл загатнаад байна. Яагаад гэвэл би дөнгөж сая эцсийн уншилтыг нь хийж,сайхан шүлгэнд сэтгэл хөдлөөд ном нь гарахаас өмнө ганц ч болов шүлгээс нь андууддаа хэлж өгмөөр санагдлаа.
Х. Нямхишиг гэдэг энэ залуу өдгөө Эрдэнэтэд аж төрж, шүлгээ бичиж суугаа.Түүний шинэ ном нь "Зун гээсэн чөдөр" гэдэг нэртэй.
Тэрээр "Бүх яруу найрагчдад" гэсэн тодотголтойгоор:
Шорвог нуурын усанд
Шүүдрийн дусал
Шоовдор... гэж хэлсэн нь их хүчтэй сонсогдож байгаа биз?

Дурлалын минь нутагт
Зун болдог цагаар
Дуутай цагаан аадар
Зуурхан асгараад намдана
Намдмагц нь
Нойрны зүүдэн цэцэгс
Намайг хучин ургаж
Нойтон цагаан хус
Навчаа даахгүй гудайна
Дурлалын минь нутагт зун...
Дулаан бүрдийн нууранд хун... гэсэн шүлгээс нь монголчууд нарийн нууцлаг зүйлийг битүү тойруу хэллдэг уламжлал, тийн битүү боловч тов тод өгүүлэх ур хоёр сайн харагдана.

Адуут их хээр талын
Туурайн сиймхий зайцад
Анир гүмхэн хөх алсын
Туулайн зүүд шиг дайдад
Сарны бүүвэйнд үнэгчилж
Салхи гижигдэж ургасан
Би
Бөглүү хөх буйдын
Бөгтөр хөх өвс өө
Хавар хэмээх учралын
Хачин гоё хором дор жаргаж сагсуурсан
Бороо хэмээх дурлалын
Болор болор сархдыг залгиж согтуурхсан
Намар хэмээх хагацлын
Налуулж айсах агшинд залбирч сөгдсөн
Шүүдэр хэмээх гунигийн
Шүлгэн шүлгэн дарсыг завилж сөгнөсөн...
Зун хэмээх сархдын
Зугаа, инээд хоёрт сагаж бялуурсан
Нар хэмээх хайрын
Нандин гэгээн илчинд сарвайж бадамласан
Өвөл хэмээх зовлонгийн
Өрөвдөх нь үгүй жаварт сагсаргалж жиндсэн... гэсэн нэлээд урт, тэгэхдээ нэг л халгиж цалгисан эрч хүчтэй шүлэг нь надад маш их таалагдаж байгаа. Энэ мэт олон сайхан шүлэг бий.Ингээд бичээд байвал зөндөө л юм байна. Зогсоё доо.
Залуу найрагчийн ном худалдаанд гарах үеэр нь мэдээлнэ ээ.

6 comments:

Р.Улам-Оргих said...

bugtur huh uws geed nomiig n unshij bsan. ih saihan setgegdel turuulsen. dahiad bas neg saihan shine nom n mendelj baigaan bn. bayar hurgii.

Anonymous said...

Нямхишиг ахынхаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Шинэ номыг танв шинэ шүлгүүдийг тань тэсэн ядан хүлээж байна. ЦАЛИГ хэвлэлийн газар болон Галаарид ахдаа туйлын их баярлаж байна. Залуусыг ингэж сайн дэмжиж байгад нь. Та бүхэнийхээ цаашдын ажилд ч мөн ӨНДӨРӨӨС өндөр амжилтыг хүсэн ерөөе.

obdoo said...

Сайн байна уу
би блогмн.нэт ийн блогч Обдоо байнаа
та миний wwww.blogmn.net/obod блог руу ороод Бөө мэргэч төлөгчдийн уршиг нэртэй нийтлэлийг үзээрэй
таньтай ирэхээр тань холбогдоё

ganba0226 said...

хойч үеээ, тэр тусмаа тал тохой таталгүй гагц авьяас билгээр нь өлгөн дэмжинэ гэдэг монголын утга зохиолд үнэлж баршгүй том хувь нэмэрээ... танд амжилт хүсье, яах аргагүй авьяас билэгт залуу юм.

ganba0226 said...

хойч үеээ, тэр тусмаа тал тохой таталгүй гагц авьяас билгээр нь өлгөн дэмжинэ гэдэг монголын утга зохиолд үнэлж баршгүй том хувь нэмэрээ... танд амжилт хүсье, яах аргагүй авьяас билэгт залуу юм.

ba said...

өөрөөр сэтгэж байна шүү
энэ номыг хаанаас авч болох вэ