Б.Галаарид
Хүний далд ухамсар, сэтгэцэд зайнаас нөлөөлөх арга технологи улам бүр нарийсч байгаа, психотронын хэмээх шинэ зэвсэг шинэ зуунд хамгийн аюултай зэвсэг болж болзошгүй талаар би 2005 онд “Өөр ертөнцийн тэмдэглэлүүд” номондоо тодорхой өгүүлж байсан билээ.
Өнгөрөгч онд оросын сэтгүүлч П.Одинцовын “Бид бүгдээрээ зомби” номыг орчуулж байхад энэхүү итгэл үнэмшил маань улам нэмэгдсэн гэж болно. Гэвч орчин цагийн мэдээллийн хэт урсгал дунд хүнд хэрэгтэй, мэдүүштэй, санаж сэрүүштэй олон чухал мэдээлэл орхигдон мартагддагийн нэгэн адилаар энэхүү шинэ зэвсгийн талаарх мэдээлэл ч бас төдий л анзаарагдахгүй байх шиг.
Уг нь бол психотронын зэвсэг шинэ юм биш л дээ. Аль хорьдугаар зуунд хийгдэж туршигдсан, одоо улам бүр төгөлдөржиж яваа эд. Гагцхүү улс орнуудын тусгай албад нэг талаас эгэл жирийн иргэдээ туршилтын туулай болгож байгаагаа нуух, нөгөө талаас өөрийн техник технологийн нууцыг хадгалах үүднээс нээлттэй зарладаггүй. Харин ЗХУ хэмээх хатуу чанд хяналттай, ихэнх мэдээлэл хаалттай аварга том систем задарснаар тэнд хаалттай хийгдэж байсан судалгаа туршилтын талаар бага сага мэдээлэл задарсны дунд психотронын зэвсгийн талаар нэлээд баримтууд ил болсон түүхтэй. Ер нь бол ийм төрлийн зэвсгийн талаарх мэдээлэл тухайн технологи хоцрогдож хэрэггүй болохын цагт л ихэвчлэн нээлттэй болдог учраас яг өнөөдөр ямар түвшинд хүрчихсэнийг хэлэхэд хэцүү.
Хүний тархи, сэтгэцийн үйл ажиллагаа гэдэг асар нарийн боловч бас сул талтай эд. Бид амт, үнэр, дүрс, дуу чимээг мэдэрдэг. Гэхдээ эдгээр мэдрэхүй маань бүгд дээд доод хязгаартай. Тэр хязгаараас хальсан бүхэн бидэнд мэдрэгдэхгүй. Тухайлбал бид радио идэвхт цацрагийг мэдрэхгүй. Цахилгаан соронзон орны үйлчлэлийг мэдрэхгүй. Гэхдээ энэ бүхнийг хүний зохион бүтээсэн багаж төхөөрөмж мэдэрнэ. Жишээ нь, рентген зураг авахуулах тийм ч аюулгүй эд биш гэж эрдэмтэд хэлдэг. Харин бидэнд айгаад байх юм юу ч байдаггүй. Цээжээ нүцгэлээд нэг төхөөрөмжийн өмнө зогсоход хэцүү юм байхгүй. Хэдэн минут, хэдэн цаг ч зогссон болно. Гэтэл эмч нар удаан зогсохыг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл рентген цацраг хэрхэн нөлөөлж буй нь тухайн хүнд мэдэгдэхгүй ч хортой. Тэгвэл психотронын зэвсэг гэдэг нь яг ийм хүнд үл үзэгдэгч, үл мэдрэгдэгч цацраг туяа, долгион, эсвэл хэт гаж дуу чимээний тусламжтайгаар хүмүүсийн бие махбод, сэтгэхүйд нөлөөлж, тэдний үйлдлийг хянах удирдах зорилгоор бүтээгдсэн зэвсгүүд юм.
Нэгэнт цацраг учраас ихэнх төрлийн хаалт саадыг нэвтэрнэ. Хүйтэн дайны үед цөмийн зэвсгээс хамгаалах хоргодох байр барихдаа зузаан хар тугалгаар дээвэрлэж байсан нь цацраг ийнхүү нэвтрэхээс хамгаалсан хэрэг байж.
Долгионы хувьд ч ялгаагүй. Долгионы янз бүрийн давтамж хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг нь нэгэнт тодорхой зүйл. Үүн дээр үндэслэн сэтгэцэд сөргөөр нөлөөлөх зэвсэг бүтээх нь асуудал биш.
Психотронын зэвсгийг анх америкчууд 1960-аад оны үед туршжээ. Угаасаа суурь судалгаа нь аль хорьдугаар зууны эхнээс хэд хэдэн оронд хийгдсэн эд учраас ийм зэвсэг бүтээхэд нэг их хүндрэл байгаагүй биз. Хүйтэн дайны улмаас бүх талаараа улайран өрсөлдөж байсан ЗХУ ч америкуудаас нэг их хоцорсонгүй. Гэхдээ тэдний бүтээсэн зэвсэг нь дэндүү болхи байв. Тэд хүний унтах, идэх, секс хийх, аллага үйлдэх хүсэл сэдлийг удирддаг ухамсрын анхдагч голомтыг олж тогтоон ашиглахаас хэтэрсэнгүй. Хүний сэтгэцийн нарийн төвөгтэй үйлдлүүдийг хянах, удирдахад энэ нь хангалтгүй байлаа. Гэхдээ энэ чиглэл рүү алхам алхмаар урагшилсаар байв. Психотронын нөлөөллийн онцлог нь хүний ухааныг самууруулах төдийгүй удирдаж чаддагт байх ёстой гэсэн зорилго өнөөдөр нэгэнт биелэгдэж, психотроны зэвсэг жинхэнэ байлдааны зэвсэг болчихоод байна гэж хэлж болно.
1978 оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө Гайаны ширэнгэ ой дахь Жонс таун тосгонд Peoples Temple нэртэй шашны бүлэглэлийн 918 хүн бөөнөөрөө үхсэн байдаг. Тэд амиа хорлосон уу, алуулсан уу, өөр шалтаг байсан уу гэдэг нь маргаантай хэвээр. Гэхдээ ТТГ тэдэн дээр психотронын шинэ зэвсгээ туршсан гэдэг хувилбар хүчтэй яригддаг нь бас анхаарал татах асуудал.
Яг энэ аллагатай ойролцоо цаг үед ЗХУ-ын улсыг аюулаас хамгаалах хорооны дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн “Хүний психофизик байдлыг зайнаас удирдах нь” гэдэг сэдвээр шинэ судалгаа туршилт эхэлж, ЗХУ задрах хүртэл Москвагийн сэтгэцийн эмгэгийн нэгэн эмнэлгийг түшиц газраа болгож байжээ. Ингэхдээ тэд өвчтөнүүд дээр туршилт хийхээсээ илүүтэйгээр эрүүл хүн дээр сэтгэцзүйн туршилт хийснээ халхавчлахын тулд энэ эмнэлгийг ашиглаж байсан гэдэг. Тэр үед психотронын зэвсэг хийхэд оролцож байгаад, хожим нь буюу 1993 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн болсон Ю.Ю.Леонов “Энэ зэвсэг жинхэн байлдааны зэвсэг болоод хэдэн жил болж байна. Улсыг аюулаас хамгаалах хороо тэр үед ямар ч ажиг сэжиг аваагүй хүмүүс дээр туршилт хийдэг байлаа. Дан ганц бие, ихэвчлэн насөндөр хүмүүс дээр туршилт хийдэг байсныг ямар нэг утгаар хүнлэг гэж хэлж болно. Өнөөдөр бол эх захгүй байдал тодорхой хэмжээгээр бий болоод байна. Холбооны аюулгүйн алба (ФСБ) өөрсдийнх нь сонирхлыг тэгтлээ татсан зэвсгийг бүтээх хүсэлдээ шатаж бараг бүх хүн дээр туршилт хийж байна. Жишээ нь, та арванхоёр давхар барилгын есдүгээр давхарт амьдардаг байхад л хангалттай. Дээврийн хонгилд та болоод таны хөршийг туршилтанд оруулахад хэрэг болох тусгай цацруулагч зоогоод л бол оо. Технологийн түвшин, Холбооны аюулгүйн албаны тусгай тасгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварын түвшин нь 95 хувийн “эерэг” үр дүнд хүргэх чадвартайг хэлэх хэрэгтэй” гэж “Завтра” сонины 1999 оны аравдугаар сарын 26-ны дугаарт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн нь бий. Энэ бол хэн нэгэн шуугиан таригчийн үг биш, харин хүйтэн дайны үед ийм төрлийн зэвсгийг бүтээж явсан хүний үг гэдгийг бодоорой.
Оросууд 1992 онд их дээд сургууль төгссөн залуучууд дундаас сэтгэл зүйч, сэтгэц судлаач, сэтгэл мэдрэлийн эмч мэргэжлийн асар олон хүнийг КГБ ажилд авсан нь хожим тодорхой болсон. Хөндлөнгийн судлаачид үүнийг шинэ төрлийн психотронын зэвсэг үйлдвэрлэх томоохон хөтөлбөр хэрэгжиж байж магадгүй гэсэн таамагтай холбон тайлбарладаг. Хэрэв тийм бол өнгөрсөн 18 жилийн дотор тэр олон мэргэжилтнүүд ихээхэн зүйл хийж амжсан нь тодорхой.
Одоо психотронын зэвсэг хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар сонирхъё. Хүн болгоны ярих дуртай 25 дугаар кадрын нөлөө бол хүний далд ухамсарт нөлөөлөх хамгийн энгийн аргын нэг. Үүнийг харахуй болоод сонсохуйд нөлөөлөх арга гэдэг. Аятайхан сайхан аялгуун дор ухуулсан агуулгатай текстийг тодорхой хэмжээнд удаашруулан дэвсэх арга өнөөдөр мөн л хоцрогдсон технологи гэгдэж байна.
Аливаа дүрс, текстийг тодорхой урттайгаар тасдан тодорхой секунд тутамд давтан өгөх арга ч хоцрогдлоо. Энэ бол бусдын ухамсарт нөлөөлөх хамгийн бүдүүлэг аргууд.
Харин хэт нарийн буюу өндөр давтамжтай авианы нөлөө бол шал өөр. Хүн 100 Гц-ээс дээш авианы механик нөлөөг мэдэрдэггүй. Гэтэл энэ нь хүний сэтгэн бодолт, мэдрэлийн системд хүчтэй нөлөөлж, толгой өвдөнө, эргэнэ, нүд харанхуйлна, амьсгаа давчдана, бүр татаж унана. Маш нам давтамжтай инфра буюу чанад авиа ч бас хүний эсрэг зэвсэг болж, тодорхой давтамжаас дээш болохоор хүний зүрхийг зогсоож ч чадна.
Хэт өндөр давтамжийн цацраг ашигласан психотронын зэвсэг бол бүр аюултай. Хүнийг ядрааж сульдааж, толгой тархийг нь өвтгөж, бөөлжүүлж огиулж, зарим төрлийн өвчнөөр өвтгөж, сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, эсвэл бууруулж, янз бүрийн хүсэл төрүүлж, үйлдэл хийлгэж чадна. Жишээ нь хувийн, байгууллагын, эсвэл улсын нууцыг задруулах хүсэл төрж болно. Бусдын тавьсан саналыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх хүсэл төрж болно. Айдас түгшүүр, үзэн ядалт, ухасхийн зугатах, хүч хэрэглэх, эсвэл бүр амиа хорлох хүсэл ч төрж мэднэ. Үйлдлүүд нь гагцхүү хэрхэн ямар түвшинд “боловсруулснаас” л хамаарна.
Байшин барилга сүйдэхгүй, материаллаг хохиролгүй, дэлбэлж тэслэх шаардлагагүй, үл анзаарагдам, хохирогчдыг элдвээр оношлох боломжтой гэдгээрээ психотронын дайн хүчний байгууллагууд, армийнхны анхаарлыг татдаг. Энэ чиглэлийн технологийн хувьд хүйтэн дайны үед оросууд илт давамгайлж байсан ч ЗХУ задарсны дараа АНУ тэргүүлэгч болоод байна. АНУ сансрын 300 орчим дагуултай сүлжээ, тэрчлэн телевиз, радио зэргийг хамарсан психотронын зэвсэглэлтэй гэгдэж байна.
Технологийн боломжийг нь харахад гар утас, интернэтийг ч шаардлагатай үедээ ийм зорилгоор ашиглах магадлал энэ чиглэлийн судалгаа туршилт хийдэг улс орнуудын хувьд нээлттэй байгаа юм.
Психотронын зэвсгийн хойноос хөөцөлдөх явцад олсон мэдлэгийг даг ганц цэрэг дайны зорилгоор ашиглаад байгаа биш гэдгийг хэлэх ёстой. Гэмт хэргийн бүлэглэл, их мөнгөний эргэн тойрныхон бага оврын псигенератор, торсион үүсгүүр зэргийг өрсөлдөгчөө жагсаалаас гаргахын тулд түгээмэл ашигладаг, улстөр биенесийн хүрээнийхэн өөрийн зорилго шийдвэрийг бусдаар зөвшөөрүүлэхийн тулд тэдгээрийн тусламжтайгаар нөлөөлөхийг оролддог гэхчлэн олон жишээ бий. Манай улсад харин энэ талаар мэддэггүй, тоодоггүй учраас хүн ам нь бусдын нөлөөнд далд ухамсрын түвшинд автах, шийдвэр гаргагчид нь золиос болох магадлал өндөр гэдгийг сануулж байна.
Нөгөөтэйгүүр хүний биеийг илааршуулдаг, сэргэлэн цовоо болгодог гэх нэрийн дор гарал үүсэл нь тодорхойгүй, хүний биед ямар сөрөг нөлөөтэй нь ч тогтоогдоогүй төрөл бүрийн багаж төхөөрөг сүүлийн үед нэлээд зарагдаж байна. Тэдний ажиллах зарчим нь мөн л ямар нэгэн долгион, цацраг дээр суурилдаг учраас сөрөг үйлчлэлийг нь нарийн судлан тогтоож байж хэрэглэмээр байна. Хүний зовлонг мартуулж аз жаргалтай мэт санагдуулдаг, өвчин мэдрэх мэдрэмжийг нь мохоодог, ажиллах чадварыг нь нэмж робот мэт болгодог гэхчлэн олон “ид шид” нь эцсийн бүлэгт тэр хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлж байна, бие махбодын хувьд хор нөлөө нь юу вэ гэдгийг сайтар бодолцохгүй бол бол нууц технологийн золиос болох тийм ч хүсмээр эд биш билээ.
2010.08.25 (“Гэрэлт Цалиг” сонин. 2010.09.02. №З1)
5 comments:
Урьд нь огт сонсож байгаагүй сонирхолтой мэдээлэл байна. Шинжлэх ухаан, технологийн шинэ мэдээллүүдийг сонирхон ганц 2 мэдээ гарчиглаж суудаг хүний хувьд дүгнэхэд амьдралд бүрэн байж болох зүйл гэж бодож байна. Хүний тархины болон оюун ухааны нууцыг бүрэн тайлж чадаагүй гэдэг боловч тархи судлалын шинжлэх ухаан бас ч гэж зүгээр суугаад байсангүй. Хүний тархинаас ялгарах долгионуудыг уншиж түүгээр тэргэнцэр болон роботын хөдөлгөөнийг удирдаж сураад байна. Сүүлийн үед "хүний бодол санааг зайнаас уншиж гар утасны яриа болгон хувиргах", "эм болон бага зэргийн цахилгаан үйлчлэлийн нөлөөгөөр хүний таагүй ой дурсамжийг арилгах" гэх мэтийн хачин жигтэй судалгааны ажлууд хийгдэж амьдрал дээр батлагдаж байгаа тухай мэдээлэгдэх боллоо.
Үнэндээ хүний тархины мэдрэлийн эсүүдийн хоорондын үйл ажиллагаа цахилгаан болон химийн дохиоллуудын үндсэн дээр явагддаг нь илэрхий болсон зүйл. Цахилгааныг бол хаанаас ч яаж ч удирдаж чадаж байна. Цахилгаан соронзон болон дууны долгион, дээр дурдагдсан хэт туяаны долгионыг яаж л бол яаж ашиглан цахилгааны дохиоллуудыг өөрчилж болно. Үүн дээр нэмээд эм зэрэг химийн бодис хэлбэрээр (жишээ нь хоолонд холих, амьсгалж буй агаарт цацах замаар) химийн дохиолол, түүнийг харилцан үйлчлэлийг өөрчилөх бүрэн боломжтой юм. Энэ нь ийм төрлийн зэвсэг болон сэтгэхүйд нөлөөлөх багаж хэрэгсэл хийхэд ямар ч саад тотгор байхгүй гэдгийг харуулж байгаа юм.
Гагцхүү эдгээр нь цэрэг дайны болон, тагнуулын зориулалтаар ашиглагддаг учир ихэнхдээ хаалттай, нийтэд мэдээлэгддэггүй байх. Америкт л гэхэд зөвхөн цэрэг армийн зориулалттай 10 мянгаар тоологдох эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ажиллаж тэдгээрт хамгийн сүүлийн үеийн, өндөр технологийн судалгаанууд хийгдэж байна. Үүнд буюу Батлан хамгаалах зардалд улсын төсвийн багагүй хувийг зарцуулсаар ирсэн. Хэт болон өндөр давтамжтай дууны долгионы зэвсэг одоогоор зарим улсад ашиглагдаж байгаа бололтой юм. Япончууд лав усан хилийн хамгаалалтдаа шаардлага биелүүлээгүй хил зөрчигч хүмүүсийг сөрөг үйлдэл хийхээс сэргийлэх зорилгоор ашигладаг.
Энэ ч лут эд байна лээ
Ene talaar History suvag mash goy delgerengui nevtruulguud hiisen google deer Mind Contol Weapon geed haival mash ih zuils medej bolno. Hamgiin anh 1960-aad ond orsuud Moskva dahi ANU-iin elchin saidiin yamand esreg gudamjinaas n hortoi dolgion tsatsah zamaar elchin saidiig chuhal uulzaltiin uyer ovtgoh gej oroldoj baigaad barigdsan tuuh baidag.
Одоо сонсож байгаа Улс орны эрсдэлийн менежмент гэдэг хичээл дээр Солонгосын онцгой байдал, эрсдэлийн менежментийн багт ажилладаг нэг мэргэжилтэн ирж семинарын хичээл сонсдог хэдхэн оюутнуудад зориулж амьдрал дээрх үйл явцын талаар ярьж өгсөн юм. Даанч тэр хүн сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад хүний сэтгэл зүйд нөлөөлөх багаж тоног төхөөрөмж гарч ирж хэрэглэгдэж тэр нь бодит амьдралд өргөн тархах байдалтай харагдаж байгаа нь маш осолтой этэр гээд яриад бсын. Бас ийм тоног төхөөрөмжөөс хамгаалах төгс хэлбэр одоохондоо алга байна гэж мэгээд хэхэ. Тэр үед би сайтар ухаж ойлгохгүй байсан юм. Иймэрхүү төрлийн юм яриад байсан бий вий. Одоо л сайн ойлгож авлаа. Баярлалаа
Солонгос дээр хэлж байсан нэр нь хүртэл таарч байна.
Post a Comment