Б.Галаарид “Гэрэлт Цалиг” сонины эрхлэгч
Гэгээн сонин-“Гэрэлт Цалиг”-ийн уншигч эрхэм Таны амгаланг айлтгая. Манай сонин мэндлээд хоёр жил боллоо. Үүний нэг бүтэн оныг үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинтой хамт үджээ. Өдөр тутмын сонинууд дундаа уншигч захиалагчийн тоогоор аман хүзүүддэг “Зууны мэдээ” сонины хамт олондоо ч, манай хавсралтын алдаа оноог хэлж, алхаа гишгээг тэгшилж ирсэн эрхэм уншигч Танд ч баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ хэлье.
“Гэрэлт Цалиг” энэ удаагийн хэвлэл захиалгаас эхлэн бие дааж байна. Сонин маань нүүрнийхээ тоог нэмж 8 болгон, арав хоногт нэг удаа өнгөтөөр хэвлэгдэх юм. Улиралд 9 дугаар гарна. Улирлын захиалгын үнэ 5000 төгрөг. Энэ бол өнгөт сонины хувьд маш хямд үнэ. Бид мэдлэг түгээх буянт үйлийг нэгд тавьж, ашиг олзны хойноос хөөцөлдөөгүй тул ийм хямд үнэ санал болгож буй юм. Та “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан” компаниудаар дамжуулан манай сониныг захиалаарай.
Ирэх улиралд бид гоц мэдрэхүйтэн Илья Чусовын номыг үргэлжлүүлэн цувралаар хүргэнэ. Гоц мэдрэхүйтний гарын авлага болсон энэ номноос Та өөртөө хэрэгтэй маш их зүйлийг олж чадна гэдгийг амлая.
Уламжлал ёсоор шинжлэх ухаан, танин мэдэхүйн булангуудаараа хамгийн шинэлэг, сонин содон, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэнэ. Түүхийн булангаараа монголчуудын өвөг түүхийн төдийлөн олонд хүрээгүй нарийн нандин бүхнийг дэлгэх болно.
Гоц үзэгдэл судлаачдын цоо шинэхэн бүтээлүүд манай сонины хуудаснаас л анх Тантай мэндэлнэ.
Б.Галаарид миний бие ид шид, гоц мэдрэхүй, далд ертөнцийн сэдэвт нийтлэлүүдээрээ дугаар алгасахгүй тантай уулзаж, сонирхсон захиалсан сэдвээр тань бичих болно. Мөн далд ертөнц, гоц үзэгдэл, бөө мөргөлийн талаар бичсэн нийтлэлүүдээ сорчлон багцалж хавтасласан “Далд ертөнцийн ил үнэн” хэмээх цоо шинэ номоо дөрөвдүгээр улиралд “Гэрэлт Цалиг” сониныг захиалсан хүн бүрт бэлэглэхээр зэхэж буйгаа уламжлахад таатай байна. Энэ номыг зөвхөн захиалагчдадаа бэлэглэх бөгөөд худалдаанд гаргахгүй юм.
Өнөөгийн хамгийн анхаарал татсан асуудлын нэг бөө мөргөлийн талаар үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг Та “Гэрэлт Цалиг”-аас өөр хаанаас ч олохгүй л болов уу.
Монгол орны өнцөг булан бүрт буй гоц чадвартнуудтай бид Таныг эчнээ уулзуулж, увдис чадал, ухаарал гэгээрлийнх нь талаар өгүүлэх болно.
“Гэрэлт Цалиг”-ийн мэдээ материал хугацаа алдан хуучирдаггүй, ач холбогдлоо алдан хэрэггүй болдоггүй, үнэ цэнэтэй гэдгээрээ онцлог билээ.
Та бүхэн харьяа шуудангийн салбарууд дээрээ очиж “Гэрэлт Цалиг” сониноо захиалаарай.
3 comments:
Gadaadad baidag hun tani soning yaj zahialah ve??
Таны сонинг эхний дугаараас нь уншиж байгаа. Ил, далд ертөнцийн тухай, шударга үнэн, хөгжлийн төлөө бодлого барьж байгаа нь таалагддаг. Танд амжилт хүсье.
Комээнт илгээгчдэд
Баярлалаа. Гадаад захиалгын талаар шийдэж чадаагүй л байна. Энэ улиралд шийдэж чадахгүй бололтой. Эхний захиалгйн дүнг харж байж дараагийн ажлаа төлөвлөх санаатай.
Post a Comment