Ярилцсан Б.Галаарид
Сорхагтани бэхийн амаар хэлсэн сургаал номыг Увс аймгийн харьяат дөрвөдийн хөх нохой овгийн Журнайн Нүрзэд гэдэг хүний удмынхан цээжээр өртөөлөн өнөө үед хүргэж ирснийг олон хүн уухайлан угтаж цаг заваа гарган бүхэл бүтэн судлал болгон хүрээгээ тэлээд суралцсан шавь нар нь зуугаар тоологдон монгол ухаанд суралцаж байгаа гэх. Энэхүү сургаалын талаар баттай мэдэх хүний нэг нь түүхч зохиолч Н.Нагаанбуу гуайг гэж сонсоод учрыг лавлалаа.
-Та Сорхагтани бэхийн “Алтан үнэний дээд аялгуу” гэдэг номын сурвалж түүхийн талаар сонирхуулаач. Учир мэдэх хүний нэг гэж сонсоод ирлээ.
-Амаар дамжиж ирсэн тийм сурвалж байхгүйг Хэл зохиолын болон Түүхийн хүрээлэнгийнхэн мэдэж байгаа.
-Тэгэхээр энэ бүхэн цуурхал шуугиан болж таарах нь уу?
-Ер нь тиймэрхүү л юм.
-Өдий хүртэл яагаад та дуугарсангүй вэ? Ж. Нүрзэд гуайтай найз байсан учраас амаа хамхиад байсан уу…
-Нууцтай, гайхалтай, хэрэгтэй юм байгаа бол судлацгааг л дээ. Соргог хатан ч бай, Ж.Нүрзэд ч бай монгол хүний л тархи толгойноос гарсан санаа утгас тэр номд байгаа. Тиймээс олон хүн судлахад юу нь болохгүй гэж?
-Гэхдээ ХIII зууны сурвалж юм уу, эсвэл ХХ зууны зохиол уу гэдэгт учир нь байна. Сорхагтани хатан ингэж хэлж байжээ гэж сурвалж болгох, эсвэл ин¬гэж хэлэх байсан гэж зохиосныг унших хоёр өдөр шөнө шиг ялгаатай биз дээ?
-Тийм сурвалж байхгүй ээ гэж би хэлсэн шүү дээ. Хэлний болоод түүхийн хүрээлэнгийнхэн мэдэж байгаа гэж.. Тийм учир эшилэхдээ Соргог хатан биш Ж.Нүрзэдийн нэрийг заавал дурдах ёстой. Хатны нэрээр юм шиг хэвлүүлснийг нь зах зээлийн арга сүйхээ гэж бод. Ердөө 1999 оны зун л зохиосон юм.
-Хүрээлэнгүүд ер нь шалгаж сонирхсон уу?
-Үгүй дээ. Гэхдээ Ж.Нүрзэд өөрөө тийм ном анх гаргаад Хэлний хүрээлэнгийн захирал академич Х.Сампилдэндэвтэй уулзсан. Ийм ном гаргалаа гээд нэгийг өгч өөрөө цээжилсэн, нагац ах Гэнгээ бил үү өвгөн 1963 он хүртэл надад цээжлүүлсэн. Түүнийг орчин цагийн монгол хэл дээр орчуулж гаргалаа гэж хэлжээ. Энэ үг номон дээр нь ч байгаа. Гэтэл Сампилдэндэв “Та ямар хэл мэддэг хүн, ямар хэлээр цээжилсэн номыг орчуулсан юм бэ?” гэж асууж. Эртний монгол хэлээр цээжилсэн. Нууц товчоог Ц.Дамдинсүрэн гуай утгачлан орчуулсан шиг ухааны юм гэж мань хүн хэлж. Тэгтэл доктор Х. Сампилдэндэв “Та түр хүлээж бай. Би нэг ажилтнаа дуудаад дуу хураагуурт бичүүлээд авъя” гэж шуурхайлж.
Ж. Нүрзэд тэгэхээр нь хамаагүй цагт уншиж болдоггүй энэ тэр гээд ум хумгүй гарч ирснээ ярьж байсан юм.
Сүүлд нь Б. Хүрэлтогоо гэдэг залуу Ж.Нүрзэдийг нас барсны дараа бас нэг тийм зүйлтэй манайд ирээд “Та багшийн талаар (Ж.Нүрзэдийг хэлж байгаа юм) бас энэ номын сэдэв үнэн болох тухай өмнөх үг бичиж өгөөч гэж архи зөөгөөд өнжиж хоноод салдаггүй. Аргаа бараад Т.Мандирынд аваачиж өгөөд салсан. ХIII зууны үед монгол хэл ямархуу байсныг хэлний эрдэмтэд судлаачид гадарлана. Шинжлэх ухааныг хуурч болохгүй, түүхийг зальдаж гуйвуулж нэр ашиг олж болохгүй гэдгийг хатуу хэлсэн. Гэтэл тэр залуу бас номоо гаргачихсан л байсан. Хэдий Ж.Нүрзэд маань тэнгэрт гарсан ч шавь нь юм бол багш нь түүнд эртний хэлээр юу цээжлүүлснийг шалгачих хэрэгтэй л дээ. Нэгэнт ном болоод гарчихсан юм чинь эртний хэлээр нь уншихад одоо айх цээр нь арилсан л байж таарна.
-Ж.Нүрзэд гуай тийм зүйл цээжлээгүйг та баттай мэдэж байгаа юу?
-1990-ээд оны дундуур би “Монголын гурвал онол” гэдэг ном бичээд хэвлүүлэх мөнгө байхгүй учраас зохиолч Ж.Дашзэгвийн гаргаж байсан “Айдас жайс” сонины нэг дугаарт зохиомол гадаад нэрээр хэсгээс нь хоёр нүүрт тавьж даажигнасан юм. Гэтэл Чингэс хааны дэлхийн академийнх гээд байдаг П.Даваанямаас эхлээд олон хүн хачирхаж сонирхоод бөөн юм болов. Түүний нэг нь Ж.Нүрзэд. Зохиолч Ж.Дашзэгвэ Налайхад олон жил ажиллаж амьдарч байсан хуучны танилууд байж. Уг сэдвийг бичсэн хүн гадаадын хүн биш Н.Нагаанбуу гэж Ж.Дашзэгвэ хэлжээ. Нүрзэд тун сонирхолтой гээд хаяг авч бид танилцсан хэрэг.
Тэгэхэд мань эр “Уялгын онол” ч гэл үү нэг зүйл тэрлэж Нууц товчоог судлаж байгаа гэж хэлж цүнхнээсээ гарган гүйлгүүт харуулсан. Сүүлд нь бичиж дуусанаа хэлээд дэмжих хүн асуусан. “Их засаг”-ийн Н.Ням-Осор гэж Чингэсээр өвчилсөн, дэмжвэл мөнгөтэй хүн байна гэж би хэлсэн. Үнэхээр тэр үед Ням-Осороос өөр дэмжих хүн байгаагүй нь үнэн шүү. Нүрзэд “Ерөөсөө хоёулаа нэрээрээ гаргая. Одоо чи засч янзал, ёстой гүйж өгнө шүү” гэв. Тэгснээ бас “Сорхагтани бэхигийн сургаал” ч гэдэг юм уу чам шиг зохиомол нэрээр гаргая. Чи ч гэсэн “Гурвал онол”-оо Хабулын ч юмуу, Хасарын сургаал онол гээд гаргачихаач гэж ятгаж байсан.
-Та зөвшөөрсөн үү?
-Мэдээж үгүй. Тэр хүн Налайх гэдэг сууринд олон жил инженерээр ажилласан шинийг санаачлагч, бичиг номоос хол хөндий хүн. Эх орондоо, Монголдоо, түүх соёлдоо хайртай, эрдэмтэн мэргэд ихэс сайдууд Монголынхоо төлөө юм хийдэггүй гэж бухимддаг, хэдүй бичих зохиох ажилд сонирхолтой ч тархи толгойны ужиг өвчтэй хүн байв. Гэтэл би хар багаасаа зохиол ном түүх судар гэж гүйсэн учраас тэр санаа явуургүй санагдсан. Гэхдээ цохмол эх дээрх илт алдаа мадгийг нь хэлж, зарим санаа түүхийн талаар тодруулж товойлгох үүднээс харамгүй зөвлөсөн. Тэр гар эх одоо байгаа бол миний гарын үсгээр цоохорлосон эрээн юм байгаа. Нэүрэт гэж гарчиглаад байгаа үг нь МНТ-ны эхэд гурван нүүр нүүдлийн газар гэсэн утгаар байдаг үг л дээ. Гэтэл түүнийг утгажуулан тайлбарлаж авснаас эхлээд үнэндээ номтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг байсан л даа.
-Гол санаа нь юу байсан?
-Ойрдод хажир гэсэн нэр орсон бичмэл сургаал байсныг, бас Соргог хатан ямар нэг номлол айлдсаныг тэмдэглэсэн гэх аман домог байдгийг сонссон юм билээ. Өөрөө хуучин бичиг мэдэхгүй ч бичлэг дуудлага нь манай дөрвөд зэрэг ойрд аялгуутай адилхан юм гэж ярьдаг, тува түрэг хэл сонирхдог хүн байсан. Гэхдээ түүний бичлэг арай дэндсэн муйхар, хэт үнэмшилгүй байсан. Жишээ нь ЖРЛГ гэж бичсэнийгээ яаж цээжилсэн гэх вэ? Яг энэ 4 гийгүүлэгчээр бол “жэрлэг” гэж цээжилж хэлэх ёстой. Тэгвэл “зарлиг” биш “зэрлэг” гэсэн утга болно. Цээжилсэн юм бол ТНГР гэж буулгах ёсгүй. Тэгээд ч худам монголоор бичиж аваагүй цээжилсэн гэх гээд байгаа. Нэүрит гэдэг үг бол “нүүдлийн соёл иргэншил” гэсэн үг гэжээ. Хэлэх үг “МАХН” гэдэг шиг товчлогддог гэх үү? Эсвэл тэр үед нүүдэл соёл иргэн гэх мэт үг байгаагүй гэх үү? Иргэн гэдгийг иргүн гэсэн байна. Монгол бичгээр иргэн ирхэн гэж дуудахаар байдаг. Гэтэл чи “ир – гүн” гээд лут гүн утгажуулах гээд байдаг. АаийИй ЭИЭ ЖӨЭИЭЖӨН үйИЭсий гэх мэт үгнүүдийн дундах том эгшгийг, эсвэл нэг үгний зарим үсэг нь томоор бичигдэх ёстойг чи яаж ялгавартай цээжилсэн гэх вэ гэх мэтээр мохоож нэр хамтрах талаар тойрч өнгөрөөсөн. “Жааий¬суиааг хэмээх их засаг” гэхээр, их засаг бас жааийсуиааг ч юмуу хаашаа юм гээд унтууцахад “ойлгогдохгүй байх тусмаа сайн байхгүй юу” гэсэн юмсан. Ирээдүй гэдэг үгийг Ир ИЭ дүй гэж биччихээд Ир гэдэг нь тэсэж магад гарах чадвар, Иэ- гэгээрэл, Дүй- гарын авьяас гэж “орчуулсан” байх. Энэ үг ирээгүй гараагүй гэх мэт үгийг ирээдүй гараадуй гэж бичдэг монгол бичгийн ёс байх жишээтэй санаа зовмоор юмнууд дүүрэн байсан.
-Тэгээд анхны хэвлэлдээ зассан байсан уу?
-Дэнтэй дунтай л болов уу. Тухайлбал Монголын гурвал онол гэх мэт миний номын үг утгууд болон тэр үед радиогоор нэвтрүүлж байсан П.Сандуйжав гуайн “Босоо голчийн бодлого” зэрэг үг санаануудыг шууд оруулсан байсан. Энэ бүхэн орчин үеийн хэллэг гэдгийг хэлж би таагүй зан гаргасан. Хоёрдох номоо бас үзүүлсэн. Дуугүй байж тэвчилгүй төгсөв гэхийгээ “төгс болов” гэчихээч энэ тэр гэсэн юм хэлж л байсан. Гарахаар нь бас зад шүүмжилсэн. Харин гуравдахиа дахин засч бэлэн болгохдоо 2003 оны хавар Их засагийн Н.Ням-Осор захирал, “Үнэн” сонины (Тоншуулын) гэх ахмад сэтгүүлч Г.Дамба гуай нарт “Нагаанбууг маргааш аваад ир” гээд өөрөө ч над руу утсаар ярьсан. Сүүлчийн бичлэгээ надад өгч би засаад орчин цагийн монгол хэлэнд хамтран хөрвүүлсэн гэж бичих юм ярихаар нь би дургүйцсэн. Маргааш өглөө нь Н.Ням-Осор Г.Дамба гуай хоёр намайг гэрээс авахаар ирэхэд яаж ч чадалгүй хамт явлаа. Харамсалтай юм болж урьд орой нь хүнтэй маргалдаад цаадах нь цохисон ч гэлүү нас бараад эхнэр Долгорсүрэн нь еэвэнгээр идээ тавьчихсан эмгэнээд сууж байсан.
-Түүх соёлд ийм байдлаар хандаж болохгүй гэж шавь гээд байгаа тэр Хүрэлтогоод нь та хэлээ л биз дээ?
-Хэлээд ядсан. Монголын нууц товчоо гэдэг үг эртний хэлээрээ “Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ ЧУ төө бай ой Чин” гэдэг төдийгүй “Хүрэлтогоо” нэрийг нь орчин цагийн монгол хэлэнд орчуулахад “Авралын бурхан” гэж буудаг гээд мэлзэж байгаа хүнтэй юу ярих вэ. Холхон л байсан нь дээр. Тэр эртний хэлийг эдний Бичээчийнхэн гэдэг овгийн Төмөр Хүрэл Зэс Гуулин Ган тогоонууд. Ган эхлэсэн долгор дулам баяр чимэг гээд ах дүү есүүлээ орчуулсан гэж номынхоо төгсгөлд жагсаан бичсэн байна лээ. Иймд уг ном үнэхээр эртний Мон Огоу Ул хэлээр байгаа эсэхийг тэднээр дуудуулаад мэдчих нь шинжлэх ухаанд ч бөөн олз буй за. Дашрамд хэлэхэд Монголын нууц товчоо гэхэд Мон Огоу Ул ийн гэдэггүй Ману Кү Эл ой ийн гэдэг заримдаа Ману кол, бүр эхэндээ Моногоуул бас Моногу гээд таван ч янз хувилбараар орчуулсан “Монгол” гэдэг үг ч цаанаа таван онолтой “цээжлэгдсэн” буй за.
-Нийтдээ дөрвөн ном байгаа юм уу?
-“Авралын бурхан”-ы хувилбартай дөрөв болчихов уу даа. Ж.Нүрзэдийнх гурав байх. Гэхдээ засаад байсан тул хоорондоо адилгүй тэс өөр номууд болчихсон. Хөх монголыг Их засагаар бадраах, Нүүдлийн соёлоор бадраах, Төрөөр бадраах, Ний хэмээр бадраах гээд дөрвөн ч том ном болов уу даа. Цаана нь тав зургаа дахь номыг эхнэр нь тува хэлнээс “орчуулж” гаргах гэж байгаа хачин юм дуулдсан. Уг нь Ж.Нүрзэд авга өвгөнөө “өдөр бүр цаг гаруй ойлгогдохгүй юм уншдаг түүнийг нь сонссоор байгаад цээжилчихсэн” гэж анхны номондоо бичсэн байх шүү. Тэгээд биччихье гэж ярьж байсан. Гэтэл нэг цагийн уншлага ийм олон том ном болчихлоо. Тэгээд ч 1250 оноос хойш 15 үе дамжуулан цээжилсэн гэдгээсээ эхлээд даажигнаж байгаагаа ойлгуулсан л юм. Үнэн бол 30 дахь үе нь байх ёстой жишээтэй.
-Уг нь цээжилсэн гэж хэлэх нэг л зүйл байсан биз дээ?
-Цээжилсэн гээд бичиж байгааг нь чи хар л даа. “Толуй үйИсий жүй НЭҮ тэн нэе БӨӨ ой Чу Кү дор сай эрой төө бай ой ЭрКү сий Чу ган НЭҮ Кү жүйте Кү чий гий КАУ жх ааиймий ой НЭҮ жил ОЙ ЭКЭ КАУ УЛ ИР ЭЛ ой төө ЗҮ ИР ой жүй ейгэ түр Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ Чу Ку төө бай ойЧинии КАУ төөмий бээр ииэн жүйааийий ойжин Чу Кугий бэ ба”. Энэ юу гэсэн үгүүлбэр вэ гээд “орчуулахад”
“Толуй эзний бошго дор (сайэр ой), шар (төө бэиэ Эргий) шороон Кү чийгий язгуурт 6-р хулгана жил Их хуралдай хурж байх 8-р сард монголын нууц товчоог би худмаар бичив” гэж тоймлогдох ажээ. Тодруулбал энэ үгүүлбэрийн утга Нууц товчооны төгсгөлд байдаг үгс аж. Нөгөө “Ману Кү Эл ой ийн НЭҮ КАУ Чу төө бай ой Чин” буюу монголын нууц товчоо гэдэг үгийг бас орчуулж “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх” гэсэн үг гэсэн байгаа. Энэ номыг Соракоктай бөө цэцэн хатан бичсэний баримт энэ гэнэ. Дээрх “цээжилсэн” дотор байхгүй “бэиэ Эргий” гэх үг болон орчуулагдаагүй Кү чийгий гэх мэт үгс гарч ирэх, үгийн дундах том үсгүүдийг жишээ нь нууц буюу “НЭҮ КАУ Чу” гэдэг үгийн эхний 7 үсгийг яаж томоор, эцсийн ганц эгшгийг яаж багаар цээжилснийг талийгаач байхгүй ч Авралын бурханаас асуух завшаан бидэнд бий.
-Энэ хэсэгт гэхэд таны зөвлөсөн зүйл байна уу?
-Тэр бүхнийг одоо яаж нарийн санахав дээ. Ямар ч гэсэн МНТ-нд төддүгээр хулгана жил гэж байхгүй, бас 8-р сар гэсэн нь григорийн тоолол юм бол МНТ-нд Гур буюу хаврын сар гэх мэтээр хэлж л байсан. Налайхад дүүгийнхээ архины үйлдвэрт Зүүнхараагаас спиртийг нь ойртуулдаг ажилтай гээд архитай манайд ирээд ярилцаж байснаа тод санаж байна. Тэгэхэд Монгол гэдгийг чи МӨНХГАЛ гээд нар сар гал шүтээнтэй холбосон байна. Нийгэм гэдгийг нэг амь, нийдэм гэдгийг нийт амь гэх утгаар чи бичиж. Би бүр өөрөөр НИЙХЭМ гээд тайлбар хийчихлээ гэх мэтээр ярьж миний дургүй хүрч маргаж байсныг ахмад сэтгүүлч Г.Дамба гуай сонсон бид хоёроос залхахдаа “Өөр юм ярьцгаая” гэж байсныг ч санаж байна. Ямар ч гэсэн энэ тийм лут бүтээл болсон юм бол Ж.Нүрзэд гэдэг хүний зохиомж шүү. Харин Соргог хатны сургаал гэж гурван хуудас тэмдэглэл Арабт хүний биеийн өндөртэй чацуу вааранд байдаг, түүнийг хатны сүнс хамгаалж байдаг гэсэн домгийг Ч.Далай багш хуучилж, Б.Хүрэлтогоо гэдэг залуу шинжлэх ухааныг басч доромжилсон дэмий балай юм чалчиж явна гэж уурлангуй дурсаж байсныг ч санаж байна. Ойрдод хажир гэдэг үг орсон нимгэн бичмэл байсан эсэхийг ч нягтлах шаардлага бий.
-Та энд хэнийг буруутай гэж үзэж байна?
-Хар ухаанаар бодвол манайхны худал үнэн алдартанд юм уу, гадаадынханд сүжирч долигонодог, ерийн монгол хүний ухаан санаа мундаг суут байлаа ч хайхардаггүй “алдрын дон” л ийм жүжиг тоглогдоход хүргэсэн. Миний “Гурвалын онол” “Монголын эртний он цаг тоолол”, “Анх Эх Мөнхийн амин зурхай”, “Итгэл зүйн ухаан” зэрэг номууд эрдэмтдэд чухал ч эши татъя гэтэл би алдартан биш учраас ач холбогдолгүй болчих жишээтэй. Харин Ж.Нүрзэд шиг зоригловол, бас үхчихвэл нэг учир байх бололтой. Мөн хэн нэгнийг тэнгэрт гартал мандуулж өөрсдийн үзэл сурталч бэлтгэх намын бодлого байдаг. Тийм хүмүүс өнөөдөө алдарт дарагдавч маргаашгүй байдаг юм. Үнэхээр суут гэхээр зүйл байгаа бол Ж.Нүрзэд агсныг магтацгаа. Харин сэтгэл хөдлөлөөр юм уу, нэр алдрын, эсвэл мөнгөний тулд биш, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй шүү.
“Гэрэлт Цалиг” сонин 2010.03.04 Пүрэв ¹08 (39)
18 comments:
Эртний Монгол хэл ийм өөр гэж ерөөсөө бодоогүй шүү. Их сонирхолтой юмаа. Энэ хэлээр ярьж байгааг дуу хураагуурт бичээд блогтоо тавьж болох уу?
Үнэхээр таалагдлаа. Ялангуяа ямар нэг сургаар дуулдсан зүйлийн араас хөөж, тэрэндээ үнэмшиж тэрнийгээ даган бишрэн дуурайх биш, харин нийгмийн ч бай, байгалийн ч бай аливаа шинжлэх ухаан гэдэг өөрийн гэсэн судалгааны арга барил, судлагдахуунтай байдаг, хэн нэгэн хүн сэтгэл хөдлөлөөр бичдэг, ярьдаг эд биш гэсэн санааг гаргасан нь их таалагдлаа. Энийг л хүмүүс ойлгоосой гэж үнэхээр хүсч байна.
баярлалаа
Новш гэж. хараал хэлж байгаад уучлаарай. Солиотой галзуу Хүмүүс хүн амьтан хуураад явж байгааг ядаж мэдээд хэлж дуугарч байгаад баярлалаа. Муу хүмүүс тийм зүйл хийж мөнгө их олдог болж дээ. Уу нь ном бол сайн нөхөр, Үнэнч нөхөр, Ихийг дуулсан нөхөр тул танд хань болно гэдэг гэтэл одоо юу болж байна даа бурхан минь.
Тус болох нөхөр гурав,
Ус болох нөхөр гурав.
Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно.
Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялдууч, цуурхай амт нөхөр болой гэжээ.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Би таны блогийг унших их дуртай болоод байгаа. Би өөрөө сэтгүүлч мэргэжлээр сурдаг оюутан болохоор таны блогоос их зүйл мэдэж авч байна. Тэр дундаа иргэний сэтгүүл зүйн талаар бичсэн нийтлэл чинь их таалагдлаа. Миний хувьд иргэний сэтгүүл зүй ялангуяа блог гэдэг зүйл хэн нэгнээс хараат бус жинхэнэ чөлөөт мэдээллийн олон талт эх сурвалж гэж ойлгодог, дэмждэг. Харин манайд хичээл заадаг багш нар хуучинсаг уламжлалт сэтгүүл зүйдээ их хайртай, сэтгүүл зүйн өөрчлөлт шинэчлэлтэнд их дургүй, хүлээж авахдаа маруухан хүмүүс. Гэхдээ би хөгшин багш нарыгаа муулж байгаа юм биш л дээ. Тэд нарыхаа ачаар л тантай иргэний сэтгүүл зүйн талаар ярилцъя гэж хэлэх зоригтой болсон. Би тантай өөрийнхөө сонирхож байгаа зүйлийнхээ дагуу ярилцах гэсэн юм. Та надад е-майл хаягаа үлдээж болохсон болов уу? Баярлалаа танд амжилт хүсье
Тэр номыг нь би хальт харсан. Үнэн мэдрэлийн солиотой хүн бичсэн нь илт харагдаж байсан. Тааралдвал тасчаад хаямаар ном байна лээ.
Иймэрхүү ч анзааны юм байгаа болов уу гэж бодсон юм аа. Хүний элэг доог болох юм хийх ч гэж дээ.
Элэг хөшөөчих юм байна л даа. Ер нь тиймэрхүү ч юм байгаа болов уу гэж бодсон юм аа.
mongoliantranslation.blogspot.com руу орж үзээрэй.
тэр номыг зохиомол бөгөөд гутаан доромжилсон хэн ч болов мөнх тэнгэрийн гэсгээл хүртэж үхнэ. үнэхээр ухааны сүв нь хаагдсан нохой заяат новшнууд юм аа
өвгөн маарамба лам Лэгжин гуайн оригинал хэлмэлийг л Нүрзэдийн тайлбаргүйгээр олж үзмээр.
Нүрзэдийг ойлгох гээд хэрэггүй гээд лам ах нь хэлээд байхад баахан нэмж бичсэн байгаа юм. Гэрийн 5 хүн нь, танидаг хүмүүс нь бас.
Нүрзэд хэвлэхийн тулд puzzle болгосон юм бишүү. Мэдэж ойлгох хүн нь л учирыг нь шууд харна.
Алтан судар бол амьтай үнэн ном. Нүрзэд агсан хөрвүүлэхдээ төгс хөрвүүлээгүй байж болно. Нагаанбуу гуай зөвхөн хэдхэн үгэн дээр нь л иш татаж номыг тэр чигт нь буруутгасан байна. Нүрзэд агсан хөрвүүлэхдээ алдсан, эндсэн, ташаарсан зүйл байхыг үгүйсгэхгүй, тэглээ гээд энэ ном бүхэлдээ худал гэсэн үг огт биш.
Мөн 15 өртөөлөгч дамжуулж ирсэн болохоос 15 үе гэж шууд ойлгож болохгүй. 1251 оноос тооцоход 30 орчим үе гэж хэлж болох ч үе болгон нь энийг цээжилж байгаагүй. Гэнгээ агсан өөрийн хүүхэддээ биш Нүрзэд агсанд цээжлүүлсэн, харин Нүрзэд агсан амьд байсан бол хүүдээ биш түүнийг алгасаад ачдаа цээжлүүлвэл үе нь хэдий их байх ч өртөөлөгч нь бага байна. Тиймээс үе биш өртөөлөгч гэдгийг ойлгох хэрэгтэй. Үе ба өртөөлөгч гэдгийн ялгааг л өөрсдөө зөвөөр ухаад ойлгохгүй байж иймэрхүү жижиг сажиг зүйл дээр дөрөөлж ийм ярилцлага өгсөн нь тун таагүй хэрэг.
Мөн хэл, түүхийн судалгааны шинжлэх ухааны байгууллагууд нь судалж үзэв үү гэхэд судлаагүй гэж хариулжээ. Гэтэл судлаагүй байж яаж худал гэдгийг нь мэдээв. Судалж байж л мэдэх бишүү. Судлаагүй байж худал гэж ярих нь өөрөө шүтээд байдаг шинжлэх ухаанд чинь харш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн Нүрзэд агсанг илт доошоо хийж доромжлох агуулга харагдаж байна, Нүрзэд агсантай хувийн харилцаатай байсан тэр таагүй харилцаагаа харин Нагаанбуу та энэ шинжлэх ухаан гэдэгтэйгээ яагаад хольж байгаа юм бэ, Хүн нас барсан байхад харамсах зүйл ч үгүй эхнэр нь еэвэнгээр таваг засаад тавьчихсан уйлж байлээ гэж хэнэг ч үгүй хэлдэг хүн ёс суртахуун талаасаа ямар хүн байх нь ойлгомжтой. Ер нь Нагаанбуу та энэ номыг биш Нүрзэд гуайг л үзэн ядаж энэ ярилцлагыг өгсөн нэг нь авсан бололтой.
Алтан сударт Монголын засагдаагүй чин үнэн түүх агуулагдаж байгаа. Бат-Отгон судлаач үүнийг тайлбарлаж 5 боть ном 50 цуврал лекц гаргаж олны хүртээл болгосон. Нүрзэд тийм сод ухаантай санаанаасаа зохиосон юм бол Бат-Отгон түүнийг нь тайлж ийм олон бүтээл хийх байсан гэж үү? Мөн Бат-Отгон түүхийг нь биш харин энэ номонд байгаа Монгол арга ухаан, суу билиг, хөгжлийн онолоос тайлбарласан. Түүхийг нь огт тайлбарлаагүй. Тэгэхээр түүхийг тайлбарлахад маш их судалгаа хэрэгтэй нь үнэн.
Мөн энэ ном бол Монгол бөөгийн тухай, монгол суу ухаан, хөгжлихүйн онолын талаар их зүйлийг агуулсан, олж тайлж чадвал. Маш олон бөө нар энэ номыг үнэн гэж баталдаг. Чингис хааны албан ёсны залгамжлагч нь Өгөдэй биш Толуй, Чингис хааныг төрөхөд нь ТэмүЧИН гэсэн нэрийг биш НЭУИЭдүи ЭН гэсэн нэрийг хайрласан бөгөөд түүнийг 7 нас хүрэхэд нь ТэмүЧИН хэмээсэн гэж тэмдэглэсэн байна. Энэ ном Монголын түүхийг нэлээд өөрчлөнө.
Хамгийн гол нь түүхээс гадна энэ номонд Монголчуудын хөгжлийн онол байгаа юм. Монголчууд 13-р зуунд Дэлхийг байлдан дагуулж байсан нууц ТЭНГЭР үзлийн тухай, өвөг дээдсийн сургааль номлолууд бий. Энэ номонд Монголыг дэлхийн усны эхэн, анхны амь, амьтан, мангдай үүссэн газар гэж бичсэн. Нүрзэд үүнийг санаанаасаа зохионо гэж үү.
Мөн энэ номонд бөөгийн тухай улирал, он 12 жилийн амийн тухай, Бөөгийн 99 тэнгэрийн тухай бий. Гэтэл Нагаанбуу гуайн муулаад байдаг бичиг ном мэдэхгүй хар мулгуу инженер хүн яаж бөөгийн ийм зүйлийг санаанаасаа зохиож бичихэв.
Нагаанбуу таньд дахин хэлэхэд өв Монгол хэлнээс үүнийг ганц Нүрзэд гуай л хөрвүүлсэн болохоор тэр хүний санаа үзэл бодол хөрвүүлэгт нь нэвт шингэсэн байгаа. Харин түүн дээр нь дөрөөлж энэ ном судрыг бүхэлд нь Нүрзэдийн уран зохиол гэж хэлвэл та нэгт шинжлэх ухаанч бус хоёрт түүхийн энэ амьт судрыг гутаан доромжилсныхоо төлөө Тэнгэрийн гэсгээл амсах байх шүү. Таны хэлээд байгаа тэр Өв Монгол хэл өөр байсан, өөр байх ёстой, хэлнийхэн түүхийнхэн бид гадарлана гээд байгаа бол энэ судрыг судалж үзээч. Цээжлэгдэж ирсэн эхийг нь олж судалчаад муул. Энэ судрын хөрвүүлэг нь муу болсон гэхийн оронд Энэ ном Сорхагтани хатных биш, огт тийм юм байхгүй, би мэдэж байна, би харж байсан гэх ухааны юм яриад бас мөнгө олох гэсэн арга, шинжлэх ухаанч биш гэж улаан цайм баримтгүй зүйл ярих нь юу вэ? Монголын Чин Үнэн түүх, засагдаагүй түүхийг гаргаж ирэх гэсэн хүмүүсийг шинжлэх ухааны гэх нэр зүүсэн энэ мэт нь ингэж дараад байх юм бол яах болж байна.
Нүрзэд агсанг муулж болно. Энэ судрыг худал гэж гүтгэж үл болно.
Би Түүхч биш гэхдээ улс төр судлаач, мөн бөө судалдаг, энэ Алтан судрын тухай хэнтэй ч ялангуяа Нагаанбуу таньтай мөн Галаарид гуай таньтай ярилцаж, мэтгэлцэж болно шүү. Нэг түүхч, Нэг сэтгүүлч хоёр нийлээд Алтан судрыг маань навс доош нь хийжээ. Энэ судар цаг мөч өнгөрөх бүр үнэн гэдэг нь батлагдах болно, үүнийг судалж байгаа маш олон Монгол судлаачид, залуу эрдэмтэд бий, Тэд нар бүгд Нагаанбуу тань шиг биш л байх шүү. Цаг нь ирэхээр үнэн илчлэгдэх л болно, Түүх гэдэг болж өнгөрсөн үнэн зүйлийг хэлдэг. Тэрнээс заримыг нь хааж дарагдуулаад, зөвхөн заримыг нь бичсэнийг л ганц түүх гэхгүй. Дарагдсан нуугдсан, устгагдсан тэр бүх түүх гарч ирэх л болно.
Дахин хэлье Нүрзэд агсанг амаа цууртал муулж болно. Алтан судрыг бүү муултугай.
Амаа мэдэж ярьмаар юм.
Галаарид гуай та ч бас энэ нийтлэлээ дахин нэг харахыг хүсч байна. Та бөө их судалж бичдэг мөртлөө Нагаанбуу гуайтай нийлээд Бөөгийн Ухааныг хамгийн ил тодоор бичсэн энэ номыг яахан гүтгэнэ вэ? Таны хэлдэг тэр Мөнх Хөх Тэнгэр эцэг харин энэ үгүйсгэгч мунхагчуудыг ниргэнэ шүү.
Галаарид гуай дээдсүүдтэй уулзах үедээ энэ судрын талаар нэг лавлаад асуучихна биз ээ.
Үүний талаар чин үнэнийг танаас ч биш, надаас ч биш, Нагаанбуу гэдэг хүнээс ч биш, онгод тэнгэрүүдээс асууж сураглавал илүү даахуйц хариултыг олж сонсоно байх.
Утга агуулгыг нь үгүйсгэж чадаагүй байна аа. Өнгөний талаас нь үгүйсгэхийг, хүмүүст худал гэж итгүүлэхийг оролдож. Үнэхээр энэ номонд уншаад бодоод байхад худал гэж хэлэхэд хүнд, гүн гүнзгий утга санаа бүхий мөртүүд их байдаг, тэр бүү хэл мань мэтээсээ хэтийдсэн утга агуулга их байдаг. Хэрвээ Нагаанбуу гуай Сорхогтани хатных биш гэж байгаа бол Нүрзэд ямартай ч хоосонгүй юм бичжээ гэж хэлж болно. Хичнээн үгүйсгэх гэж оролдоод утга санааг нь бол үгүйсгэх хэцүү шүү дээ. Хоёрт Монголчуудын уламжлалт гүн ухааны тухай эндээс л мэдээлэл авч байна шүү дээ. Үнэхээр тийм худал гээд байгаа бол өөрсдөө нэг ном гаргамаар байна аа. Гуравт Долоон голтой монгол хүн, Цацлын Есөн хүсэл гэх мэтээр бидний ахуйд байдаг уламжлал хэл хэллэгүүдийн тайлбар энд маш их байдаг тэднийг яаж үгүйсгэх бэ? Агуулгыг нь үгүйсгэж чадахгүй бол энэ мэт өнгөний зүйлсээр хүмүүсийг төөрөгдүүлэх ямар хэрэг байна аа??
Хэн нэг нь “Алтан аялгуу” худал гэдгийг хэлээсэй гэж бодож байтал Нагаанбуу хэлчихлээ. Хүмүүс дугуй л байхаас биш, худал гэдгийг мэддэг олон хүн буй.
1.Хэл зохиолын хүрээлэнгийн захирал агсан доктор, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Х.Санмпилдэндэв гуай амь сэрүүн байхдаа Нүрзэдийн зохиол болохоос биш, Сорхагтани бэхийн сургаал биш гэдгийг баталж байсан.
2.Үнэндээ Сорхагтани бэх чинь Христосын шашинд орсон хүн байсан шүү. Хэрвээ түүний сургаал байдаг бол баахан Бибиль ярсан зүйл л байх байсан болов уу.
3.13-р зууны Монгол үг одоогоос бараг ялгаагүй байсан, ам дамжин цээжлэгдэж ирсэн байтугай тухайн үеийн бичгийг ч гэсэн одоо уншаад шууд ойлгодог юм. Хэрвээ тийм зүйл байсан бол орчуулах ямар ч шаардлага байхгүй билээ.
Галаарид гуай соёлтой байгаач Хүний номыг гүйцэд уншаад бичээч. Тэр Нагаанбуу гээч уншилгүй ойлгох тэнхээгүй учраас дэмийрч балайрсаныг уншигчид эрхбиш ойлгоод байна.Энэ сударыг хэнбугай ч орчин цагт зохиож чадахгүй нь ойлгомжтой.Эрдэмтэд юм бол ёс жудагтай байж уншиж байж бичицгээгээч ч
Post a Comment