Б.Галаарид
Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.
Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.
Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй...Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв...
...Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга...” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?
Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж... Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.
Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.
Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.
Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.
Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.
Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.
Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.
Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.
Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй...” гэсэн байдаг.
Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.
Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.
Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
"Зууны мэдээ"-гийн хавсралт "Гэрэлт Цалиг" сонин 2009.IX сар. № 15
12 comments:
Луйварчингуудтай хамгийн түрүүнд тооцоо хийх байх даа
2012 Onii Luu jil Mongol Tuurgatnii hugjin devshliin ih uieiin ehlel baih bolno. Mgaihaltai ni nuuts bicheesuud bolon zugnul, odoogiin tengeruudiin helj bui ni bugd taarch baina daa
Sonirholtoi l yum.
Тэнгэрт олон нар жагсаад дэлхийд хамаг юм хатаж байхад Эрхий мэргэн нэгээс бусад нарыг харвахад хараацайн сүүл таарч салаа болсон гээд манайд монгол үлгэрт бас тэнхлэг өөрчлөгдсөн тухай үлгэр байдаг. Үлгэр домог, туульс ямар нэг хэмжээгээр үнэн агуулж байдаг тухай урлаг судлаачид цаг ямагт ярьж ирсэн. Карол Лий-н "Индиго хүүхдүүд", "Крайон" номуудыг та монгол хэлнээ орчуулж гаргасан уу?
үнэхээр сонирхолтой байлаа баярлалаа
sonirholtoi geheesee iluu mongolchuud bid odoonoos baigali eh delhiigee ooriin ergen toirnoosoo ehlen hairlan hamgaalahgui bol hamgiin turuund ih tseverlegeend oroh baihdaa. hamgiin naad zah ni delguurees yum avahdaa gereesee daavuun toroo avch garaad baga ch gesen hog tarihgui baihaas ehleh heregtei!!!
Мэдэхгүймдөө. Дэлхий нэг л өдөр сүйрэх байх харин тэрийг нь ингээд урьдчилаад мэдчихдэг бол бид олон юмнаас хол байж чадах шд. Хэдийгээр техник энэ тэр нь дэндүү сайн мэдсэн ч байгалийн араншинг хэлж мэдэхгүймдөө гээд тэр шинжлэх ухааныхан чинь хэлээд л байна лээ шд.
Харин сүйрэх өдөр хэний ч мэдэхгүй байхад гэнэт л ирнэ гэдэгт санаа нийлнэ шоо. Тэр өдөр ирвэл тэгээд л үхдэг байхдөө гсн кккккккк
жигүүр
Сонирхолтой байлаа баярлалаа
olon aldaatai, bas neleen ih hudlaa zuiluud bichjee. jishee ni:
1.delhiin tenhleg uurchlugduh tuhaid. delhiin soronzon tuil bolon gazarzuin tuiluudiig holij oilgoson bololtoi. soronzon tuiliin hamgiin suuliin soligdolt(reversal) 780000 orchim jiliin umnu bolson. ene uyeer ni sansriin tsatsrag metiin zuiluud l amid biyted hortoi nuluulj magadgui bolohoos neg ih galav yuleed bhaar yum bolohgui. harin delhiin gazarzuin tuil bol tegj esergeeree soligdood bdg yum bish. tiim bdg bsn bol delhiid amidral bish yumaa ghd tomhon amitan l lav bhgui bh bsn.
2.Delhiin soronzon oron 0 boloh ulmaar tur zogsood nuguu tiishee ergedeg boloh tuhai. soronzon orong hemjdeg bolson tsagaas hoish l lav iim yum ajiglagdaagui. delhiin ergeh hurd bagasch, udriin urt nemegdej bgaa ni unen ch ene ni zuun jild 1.7ms. udriin urt 1 terbum jild 4.7 tsagaar urtsah buyu ergeltiin hurd ni dunguj l 20% buurna. zogsoh hurtel haa ch bsn yum.
3.Үндсэн резонансын давтамж; Schumann resonance-g heleed bgaa bololtoi. ene davtamj ni ugaasaa todorhoi mujid l yarigddagaas bish shuud togtoogood ugchihsun utgatai bdg hemjigdehuun bish(hamgiin baga davtamjiinh ni l ghd 7.83+
-1.5Ghz.).
4.sansriin suirel deh neitron odnii tuhai. suult odiig neitron odtoi anduuraad bgaa bololtoi. neitron od gdg ni mash ih nyagttai, sunusun od. hervee narnii systemd neitron od orood irvel narnii system shuud l neitron od ruu sorogdchihno shd.
5.Quantum leap gej atomiin electron energy-n neg tuvshnees nuguu tuvshin luu shiljihiig heldeg yum. tghr ene chini bainga l boldog zuil gsn ug.
tsaash bichihees zalhuu hurev. ta bichij bgaa zuilsiinhee talaar jaahan lavlaj uzej bmaar yum daa.
Ай хөөрхий. Яана даа. Үнэхээр бүх бариммыг нэг дор нэгтгэж чаджээ. Юу ч гэхэв дээ.
aaa sonirholtoi...
ter erhii mergenii harwaj unagasan 7 nar gedeg ni 7 honogiig helj bsiin bish biz..
7 honog nar garaad, gazar delhiig shataaj bsiin bolow uu... mongoliin gazarzuin bairlal terentei ni tohirch bgaan boluu shalgaj uzehsen...
бас ингэж хүний юмыг үг үсэггүй хуулдагаа...өчүүхэн миний өчүүхэн нийтлэлийг тоож хуулсанд баярлалаа Галаарид гуай...Би энийг 2012 оноос өмнөхөн нийтэлж байсан юм.2009 он гэчихжээ бас...
Post a Comment