Galaarid's Blog
Sunday, September 20, 2015
Sunday, June 14, 2015
Friday, April 11, 2014
Оюу толгойн талаархи мэдээлэл 70-80-аад оны кинонд
"Чехийн геологчидийн талаарх түүхийг 80 оны эхэн үеийн „Хайрхан өндөр хаана байна“ нэртэй уран сайхны кино өгүүлдэг билээ. Энэ кинонд Монголын хойд нутагт хийгдсэн геологийн ажлуудын талаар хүүрнэхээс гадна төгсгөлд нь нэгэн малчны ирээдүйг зөгнөсөн гэмээр үгсийг сонсох боломжтой. Тэрээр „Эрдэнэтийн овоо ч яахав, харин урд зүгт, говийн нутагт үүнээс ч илүү баялаг байгаа. Тэнд оюут уул бий - Оюу толгой.“ хэмээн хэлдэг байна" гэсэн байна. Энэ киног их дээр үед үзэж байсан болохоор санахгүй л байна л даа.
http://www.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=1238714
http://www.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=1238714
Thursday, March 27, 2014
АЛУУРЧИН ГЭГДЭХ Ч.БАТТУУЛ ХЭРЭГТЭН ҮҮ, ЗОЛИОС УУ?
Б.Галаарид
Ч.Баттуул гэдэг бүсгүй нэгэн америк
эрийг хөнөөсөн гэх хэргээр хоёр жил мөрдөгдөөд саяхан 23 жилийн ял авсан. Элдэв
янзын гэмт хэргийн тухай мэдээлэлд дарагдсаар дөжирсөн олон нийт үүнийг нэг их
анхаарахгүй байна. Харин Ч.Баттуулын ар гэрийнхэн, өмгөөлөгч нь энэ хэрэгт учир
зангилааг нь тайлаагүй ээдрээ будлиан их байна, жинхэнэ алуурчин (алуурчид) ял
завшаад байгаа юм биш үү гэсэн гомдол саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хүртэл дамжуулан илэрхийлж байна. Төсөрхөн түүний өмгөөлөгч Л.Баттогтох энэ
талаар бас нэг ярилцлага өгчээ (http://www.24tsag.mn/content/52308.shtml). Энэ ярилцлагад анхаарууштай хэд хэдэн зүйл
байна. Идэр есийн хүйтэн буюу нэгдүгээр сарын 5-ны шөнийн 02 цагт 23 настай
бүсгүй 60 метрийн зайнаас хохирогчийг
ангийн буугаар 8 удаа буудаж алаад, цогцсыг нь шатаагаад хөлдүү газар ухан булсан гэдэгт эргэлзэж
буйгаа тэр илэрхийлжээ. Энэ аллагын цаана хар тамхины наймааны хэрэг байгааг
хангалттай шалгалгүй, зөвхөн Баттуулын мэдүүлэгт хөтлөгдсөнөөс хууль хяналтын
байгууллага хуумгай шийдвэр гаргасан гэж тэр үзэж байгаа аж.
Үүнээс улбаалаад Баттуул гэх
бүсгүйн талаар урьд өмнө нь ямар
мэдээлэл гарч байсныг сонирхвол хоорондоо зөрүүтэй олон л мэдээлэл байх аж.
Тэдгээр дундаас Ч.Баттуул 2014.02.12-нд бичиж Батаар.мн сайтад нийтлэгдсэн
захидлын зарим үг өгүүлбэр анхаарал татлаа. Тэрээр “Жон
манай Монголд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, монгол эхнэр авч, уул уурхайн
салбарт ажиллан их баян хүн болох хүслийг өвөртөлж ирсэн. Гэхдээ энд ирэхдээ
ээжээсээ 10 мянган ам. доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи
зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ.
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй.
Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэсэн байна. (http://www.bataar.mn/10020167)
Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй.
Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй. Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй” гэсэн байна. (http://www.bataar.mn/10020167)
Тэрбээр өөрийгөө ямар ч аргаар
хамаагүй зөвтгөхийн тулд үүнийг өгүүлэв үү? Эсвэл хэргийн нөхцөл байдал үнэхээр
тэс өөр байв уу? Хэргийн мөрдөн байцаалт дутуу дулимаг болсон уу, эсвэл бодит
үнэнийг хөдөлбөргүй тогтоосон уу? Баттуул хэрэгтэн үү, эсвэл золиос уу? Далдыг
харагч Далай лам гээч нь биш учраас энэ талаар надад хэлэх үг алга. Харин гэмт
хэргийн онцгой нөхцөл байдал, мөн хэргийг илрүүлэх уламжлалт бус аргын тухайд
бол санаа оноо байна аа.
Эхлээд Ч.Баттуул золиос байж болох
магадлалыг авч үзье. Тэрээр америк эрийн
авчирсан хар тамхийг зарж борлуулахын тулд хэсэг хүмүүстэй ороолджээ.
Хар тамхины наймаанд цэвэр ёс суртахуунтай, зөв сайн хүмүүс оролцдоггүй. Ямар ч хэрэг хийхэд
бэлэн, хэнийг ч юунд ч хутгахаас буцахгүй хүмүүс л ийм зүйлд оролцдог. Тэд
Баттуулыг мансууруулж өөрийгөө хянах чадваргүй болгосон байж болох уу? Болно.
Өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ түүний хийсэн ажил хийсэн мэтээр итгүүлэгт
автуулсан байж болох уу? Бас байж болох хувилбар. Энэ хэргийг үүрч гарахгүй бол хамгийн дотно
хайртай хүмүүсийг чинь ална гэж сүрдүүлэх замаар худал мэдүүлэг өгүүлсэн байж
болох уу? Болно. Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй бодис, бэлдмэлийн
нэр төрөл улам бүр олширч, үнэртэх, татах, уух, тарих гээд хэрэглэх арга нь ч
улам баяжиж байгаа. Хамгийн сүүлд хөгжмийн тусламжтайгаар хөөрөл мансууралд оруулдаг арга технологи
хүртэл бий болоод байна. Энэ бүхнийг хэрэг нягтлах явцад анхаарч шалгасан,
мухарласан нь хэр бол?
“...
би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг
байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л
мэдэрч байсан” гэж Баттуул шоронгоос
бичсэн захидалдаа өгүүлсний цаана юу оршино вэ?
Үүний
учрыг олж хужрыг тунгаахад хэрэг болж мэдэх нэгэн саналыг дэвшүүлье. Ийм
ээдрээтэй нөхцөл байдлын дүр зургийг сэргээн тодруулахын тулд парапсихологичид
ховсын онцгой нэгэн арга болох
регрессийг ашигладаг. Регресс гэдэг нь ухрах буцах гэсэн агуулгатай үг
бөгөөд хэн нэгнийг ховсдон өнгөрсөн амьдралынх нь тодорхой үйл явдал, тэр бүү
хэл хэдэн үеийн өмнөх тодорхой цаг
хугацаанд нь аваачин юу хийж, бодож, үйлдэж байгааг нь яриулах арга юм. Олон
жилийн өмнө би регресс, прогрессын тухай бичиж байсан болохоор үнэнч уншигчдын
минь хувьд энэ бол шинэ сэдэв, гайхмаар юм биш. Харин Ч.Баттуул шиг хүмүүсийг
регресст оруулан гэмтэн үү, золиос уу гэдгийг ялган тогтоох учиг олох тухай
санал минь бол Монголын криминалистикийн хувьд шинэ зүйл. Уг нь энэ бол зарим
улс оронд гэмт хэрэг илрүүлэхдээ хэрэглэж л байдаг эд л дээ. Ялангуяа Ч.Баттуулынх шиг холбогдож буй гэмт хэргийнх нь үйлдэгдсэн цаг хугацаа тов тодорхой үед бол ховсдон яриулж нөхцөл байдлыг тодруулах нь мөн ч амархан байна даа.
2014.03.28
Labels:
Амьдрал,
Бодрол,
парапсихологи,
Цагийн өнгө
Wednesday, March 19, 2014
Андад минь туслаарай, аз жаргал бэлэглээрэй
Сайхан мэдээ сонсов. Тэртээ баруун хязгаарт нэг ангид 8 жил цуг суралцсан анд минь эмчилгээнд орохоор болжээ.Түүнийг маань Содномын Баянмөнх гэдэг. Мөн ч сэргэлэн, эвтэй нөхөрсөг хүүхэдсэн. Гэтэл найм төгссөнийхөө дараахан мориноос унасны улмаас сонсголгүй болсон юм. Найз минь гучин жил сонсголгүй явсан. Чухам л ардаар яваад ч бараагүй, анагаахаар яваад ч бараагүй. Тэр минь хувь тавилантайгаа эвлэрч бусдын яриаг амных нь хайрцгаар уншиж, болохгүй бол бичгээр харьцдаг болсоор 30 жилийг үджээ. Гэхдээ би дүлий хүн гэж элгээ эвхэж суугаагүй, хувь заяанд гомдоллоогүй. Амраг ханьтай болж, алаг үрстэй болж, гал голомтоо бадрааж бусдаас дутуугүй аж төрөх гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Манай ангийнхан найзаараа бахархдаг. Хаан тэвчээр, ноён нурууг нь бахдан хэлэлцдэг.
Гэтэл баярт мэдээ сонсогдлоо. Түүний сонсголыг эмчлэх эмч нар олджээ. Австралийн эмч нар 90 хувийн баталгаа амласан, хэзээ мөдгүй ирэх гэж байгаа гэнэ. Сайхан мэдээ... Гэхдээ эмчилгээнийх нь зардал чамгүй мөнгө гэнэ. Сайн санаат хүмүүс ээ, андад минь туслаарай. Гучин жил хорвоогийн авиа чимээг сонсоогүй андад минь өгсөн сэтгэлийн өглөг бол жинхэнэ буян болно шүү. Сайн сэтгэлт хүмүүн та доорхи холбоосоор нэг ороод үз дээ.
https://www.facebook.com/jargalbeleglene?fref=ts
Гэтэл баярт мэдээ сонсогдлоо. Түүний сонсголыг эмчлэх эмч нар олджээ. Австралийн эмч нар 90 хувийн баталгаа амласан, хэзээ мөдгүй ирэх гэж байгаа гэнэ. Сайхан мэдээ... Гэхдээ эмчилгээнийх нь зардал чамгүй мөнгө гэнэ. Сайн санаат хүмүүс ээ, андад минь туслаарай. Гучин жил хорвоогийн авиа чимээг сонсоогүй андад минь өгсөн сэтгэлийн өглөг бол жинхэнэ буян болно шүү. Сайн сэтгэлт хүмүүн та доорхи холбоосоор нэг ороод үз дээ.
https://www.facebook.com/jargalbeleglene?fref=ts
Thursday, March 06, 2014
Б.Галаарид: Үндэсний сэтгүүлзүйн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлмоор байна
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч, Соёлын гавьяат
зүтгэлтэн Б.Галааридтай сэтгүүлзүйн гал тогоонд өрнөж буй асуудлуудын талаар
ярилцлаа.
-Монголын сэтгүүлчдийн эвлэл 100 жилийн түүхэн ойгоороо ямар
ажил амжуулав?
-Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойг тэмдэглэх
ажлыг үндсэндээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн.
Энэ түүхт ойг тэмдэглэх шийдвэрээ МСЭ 2012 оны гуравдугаар сарын
6-нд анх зарласан. 2013 оны гуравдугаар сарын 6-нд үндэсний сэтгүүл зүйн
100 жилийн ойн баяраа тэмдэглэж, нэг жилийн бүтээлч ажлын аян зарласан. Өнөөдөр
бид 100 жилийн ойн хаалтаа хийж, шинэ зуун буюу хоёр дахь зууныхаа түүхийг
эхэлж байна.
МСЭ сэтгүүлзүйн толгой байгууллагын хувьд энэхүү түүхэн ойг
тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг санаачилж, гардан зохион байгуулж, удирдаж
ажиллалаа. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид түүхт ойгоо тэмдэглэх
үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төв, орон нутаг, хаа сайгүй олон ажил зохион
байгуулсан.
Үр дүн ч сайн байна. Сэтгүүлзүйн
шүүмж судлалын түүхийн асуудлыг анх удаа томоор хөндөж, таван товхимол гаргалаа. Үндэсний сэтгүүлзүйн анхдагчдыг мэргэжлийн
байгууллагын хувьд батламжлан тодруулах, баталгаажуулах ажлыг санаачилж хийлээ.
Энэ ажил маань цаашид ч үргэлжилнэ. Монголын хэвлэл мэдээллийн
салбарын урлагийн их наадмыг зохион байгууллаа. Төв, орон нутгийн хэвлэл
мэдээллийн хэрэгслийн олон авьяастныг хамарсан том арга хэмжээ болсон.
-Сэтгүүлзүйн түүхийг тодлох талаар нэлээд ажиллах шиг болсон?
-Тэгсэн. Манай байгууллага 1980-аад оны сүүлээс эхлэн архивын
бүрдүүлэлтээ орхичихсон байсан. Бид боломжоороо материал бүрдүүлж архивт
шилжүүллээ. Цахим архивтай боллоо. Монголын сэтгүүлчдийн сүлд дуу бий болгож,
МСЭ-ийн удирдах дээд байгууллага батламжиллаа.
Монголын сэтгүүлзүйн хамгийн, хамгийныг манай сэтгүүлзүйн
чиглэлийн эрдэмтэн, докторуудын бүрэлдэхүүнтэй баг тодруулж, тусад нь ном
болголоо. Мөн “Монголын сонины шинэ давлагаа” гэдэг томоохон хэмжээний ном
гаргаж, 1988-1998 оны хооронд гарсан ихэнх сонины анхны дугааруудын тухай
мэдээлэл оруулсан.
Эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн уншигчид ч хэрэгтэй,
сонирхолтой ном боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үе үеийн сэтгүүлч, уран
бүтээлчдийнхээ дурсамж ярилцлага, уулзалт нэвтрүүлгүүд олныг хийлээ. Спортын
цуврал арга хэмжээнүүд зохион байгуулсан. Хэд хэдэн аймаг өөрийн орон нутгийн
сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэлийг гаргасан гэх мэтээр олон ажил хийжээ.
-Хэлмэгдэж, хохирсон сэтгүүлчид, тэдний ар гэрээс уучлал гуйх,
архигүй арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон содон ажил хийсэн. Энэ
талаараа ярихгүй юу?
-Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян тэргүүтэй хорь шахам
сэтгүүлчдийг тухайн үеийн нийгмийн тогтолцооны золиос болоход нь хамгаалж
чадаагүйнхээ төлөө МСЭ 2012 онд уучлал гуйсан. Энэ маань олны талархал хүлээсэн
сайн арга хэмжээ болсон. Үндэсний сэтгүүлзүйн100 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх нь өөрөө маш том ажил байлаа. МСЭ аливаа арга хэмжээг архи дарсгүй
тэмдэглэх санаачлагыг анх гаргаж, 100 жилийн ой болоод дараа дараагийн томоохон
арга хэмжээнүүдийг архи дарсгүй тэмдэглэсэн. Энэ маань цаашид соёл болон
өвлөгдөх байх.
Мөн аливаа арга хэмжээнд заавал улстөрчид, дарга даамлыг
урьж оролцуулдаг, тэднээр арга хэмжээнийхээ рейтингийг тодорхойлдог жишиг
нийгэмд хэвшчихсэн байдаг. МСЭ үндэсний сэтгүүлзүйн 2013 оны шилдгүүдээ
шалгаруулахдаа энэ жишгээс албан ёсоор татгалзаж, нэг ч улстөрчийг
урилгүйгээр зөвхөн хэвлэл мэдээлийн салбарынхнаа цуглуулсан нь шинэлэг,
өвөрмөц ажил болсон.
-100 жилийн ойд зориулж олон ажил хийжээ. Гэхдээ хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хүмүүст өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа
асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Сэтгүүлчдийн нийгмийн асуудал
хүндэрлээ, энэ талаар юу хийх вэ гэж олон хүн асуухыг хүсч байгаа болов уу?
-Хөдөлмөрийн харилцаа
нь цэвэр Үйлдвэрчний эвлэлийн ажил байдаг. МСЭ Төрийн бус байгууллагын тухай хуульд захирагдан үйл
ажиллагаагаа явуулдаг учраас энэ асуудалд оролцоход их ярвигтай. Ер нь
ТББ-уудын орж чаддаггүй ганц асуудал нь хөдөлмөрийн харилцааны асуудал. Гэхдээ
энэ салбарт хүчирхэг ҮЭ байхгүй учраас бид дам утгаараа тэднийг орлох гэж
оролддог.
Гомдол бол манайд олон ирдэг. Тэр болгонд бид тухайн ажил
олгогчтой холбогдон нөхцөл байдлыг ойлгуулж, сэтгүүлчдийг хохиролгүй болгох
асуудлыг хөнддөг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хэрхэн ҮЭ байгуулах
вэ гэдэг асуудлаар зөвлөмж зөвлөгөөг бид байнга өгдөг. Үйлдвэрчний эвлэлийг
сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгуулдаг хуультай. Хөндлөнгөөс зохион байгуулж,
удирдан чиглүүлж болдоггүй учраас бидний ажил зөвлөгөө өгөх төдийгөөр
хязгаарлагддаг. Уг нь ҮЭ бол айгаад байхаар зүйл биш гэдгийг манай ажил
олгогчид ойлгох ёстой. Харин ч тэдний ажлыг нь хөнгөвчилж, хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлдэг нь нэгэнт батлагдсан шүү дээ.
Тиймээс манай
сэтгүүлчид Үйлдвэрчний эвлэлээ байгуулаасай. Байгуулсан цөөн хэдэн Үйлдвэрчний
эвлэлүүд нь хоорондоо маш сайн холбоотой ажиллаасай гэж хүсдэг. Үүнд нь
туслахыг оролддог.Манайд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч олон
үйлдвэрчний эвлэл байхгүй шүү дээ. Дөрөв, тавхан үйлдвэрчний эвлэлтэй. Бусад нь байгуулж чадахгүй
байгаа. Тиймээс хүчирхэг үйлдвэрчний эвлэлийг өөрсдөө байгуулж, эрх ашгаа
хамгаалах нь манай сэтгүүлчдийн өөрөө өөрсдийнхөө төлөө хийх ёстой ажил юм. МСЭ
хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
-Сэтгүүлчдийн ур чадварын асуудал өнөөдрийн энэ цаг үед их
хөндөгдөж байна. Олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд тодорхой хэмжээний
үнэлэлт, дүгнэлт өгнө байх?
-Өнөөдрийн сэтгүүлзүй хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ
ямар ч цаг үед зайлшгүй байх ур чадварын шалгуур үзүүлэлтүүд бий. Жишээлбэл,
утга найруулга сайтай, алдаагүй зөв бичих ёстой, эсвэл тухайн бичвэр маань
өөрөө тодорхой стандарт шаардлагыг хангасан байх ёстой гэдэг ч юм уу.
Сайн сэтгүүлч ер нь байгалиасаа төрмөл байдаг. Тэр төрмөл хүмүүс хүссэн
ч, хүсээгүй ч энэ салбарт төд удалгүй ялгараад гараад ирдэг юм. Харин бусад нь
энэ хүмүүстэй эн тэнцэхүйц төвшинд очихын тулд ур чадвараа хөгжүүлж, хичээх
шаардлагатай.
Өнөөгийн цаг үе
ачаалал их, хурдтай болчихсон учраас сэтгүүлчид маань танхимд суугаад өөрийгөө
боловсруулах талдаа учир дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ сэтгүүлчийн
мэргэжил бол хийнгээ суралцдаг өвөрмөц онцлогтой. Өдөр тутмын ажлаасаа
суралцдаг, хөгждөг онцлог мэргэжил шүү дээ. Сонины сэтгүүлчид өдөр тутам цаастай ноцолддог учраас найруулга
зүй, зөв бичгийн дүрмийн алдаа нь амархан цэгцэрч засардаг. Харин цахим
орчинд ажиллаж байгаа сэтгүүлчдэд арай өөр хэлбэрийн сургалтын арга барил
шаардлагатай юм болов уу гэж анзаарагдаж байна. Шинэ салбар учраас яг ямар арга
зүй хэрэгтэй вэ гэдэг нь амьдралын явц дундаас тодрох нь ойлгомжтой.
-Хэвлэл мэдээллийн салбарт байгаа хүмүүс өөрсдөө нийгмийг
түүчээлэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ салбарын ёс зүйн талаар зарим нь шүүмжлэлтэй
ханддаг?
-Ёс зүй гэдэг нь тухайн салбарын, тухайн ажил мэргэжлийн
хүмүүсийн хувьд бүгдээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хууль
гэсэн үг. Ёс зүйг хуульчлан баталгаажуулдаггүй. Ёс зүй өөрөө бүрэлдэн бий
болдог. Манай салбарын хувьд ёс зүйн асуудал ярвигтай байгаа нь үнэн. Ямар байх
ёстой, ямар болчихоод байгааг бүгд мэднэ. Гэхдээ ийм болчихлоо, яах вэ гэж
гаслахдаа гол нь биш. Зөв гарц олох ёстой. Бид олон юмаа золиослон байж, бас
урьд өмнө нь огт таарч тулгарч байгаагүй олон асуудлыг даван байж шилжилтийн
үеийг гэтэлсэн. Одоо хөгжлийн тухай, зөв замаар хөгжих тухай ярих цаг болсон.
Хэн нь ямар замаар явж ирсэн тухай ярих сонин биш. Харин хэрхэн цаашаа хөгжих
тухай яриа л чухал. Энэ салбарт ихээхэн хэмжээний капитал нэгэнт
хуримтлагдлаа. Энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийчихсэн, хэзээ ч
энэ салбарыг орхиод явахгүй нь тодорхой хэсэг бий болсон.
Тэгэхээр сэтгүүлзүйн өнгийг тодорхойлж чадаж байгаа, энэ
салбарын манлайлагч нь болсон гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн,
тэдний хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажиллагсад маань зөвшилцөж байгаад
нийтээрээ дагаж мөрдөх алтан дүрмийг тодорхойлж, бусдыгаа үлгэрлэмээр
байна. Зөв замаар явмаар байна. Алтан дүрмээ дагаж мөрдөж чадаж байгаа хэвлэл
мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг төр нь бодлогоор дэмждэг, бүтээгчид нь ч
санхүүгээр дэмждэг, мэргэжлийн байгууллагууд нь ч бүх талаар хөхиүлэн дэмждэг
болчихвол буруу чиг хандлагыг амархан залруулж болно. Буруу үйлдэл муухай
харагддаг болно.Түүнээс биш тийм байх ёстой гэж дээрээс зааж зааварлаад үр дүнд
хүрэхгүй.
-Сүүлийн үед өрсөлдөх чадвар гэж их ярьдаг болсон. Манай
сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадвар ямар төвшинд байдаг
юм бол?
-Монголын сэтгүүлзүй
гэдэг тогоон доторхи сэтгүүлчдийн ур чадварын асуудал, үнэлэмжээс ихээхэн
хамаарна гэж би боддог.
Үнэлэмжийн нэгдсэн тогтолцоо бий болговол сэтгүүлчид өөрийгөө чадваржуулах
эрмэлзлэлтэй болно. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн ийм чадваруудыг эзэмшсэн байвал
ийм төвшнийх гэсэн шалгуур үзүүлэлтийг бий болгох цаг нь болсон. Ур чадвар,
туршлага, хэл, IT-ийн мэдлэг болон бусад үзүүлэлтийг нэгтгээд тухайн
сэтгүүлчийн үнэлэмжийг тогтоодог болмоор байна. Гэхдээ үүнийг хэн дуртай нь
хийж, сертификат зардаг бохир бизнес болгож болохгүй. Өнөөдөр өмгөөлөгч, хуульчдыг
ур чадвар, туршлагаар нь үнэлж, ямар нэгэн хэрэг өмгөөлүүлэхдээ тохирсон
хөлсийг нь төлөөд явж байна шүү дээ.
Эсвэл сайн эмчид ахиу мөнгө төлж баталгаатай сайн үйлчилгээ
авчихаж байна. Бусад салбар ингэж болоод байхад сэтгүүл зүйн салбарт үнэлэмжийн
тогтолцоо байж яагаад болохгүй гэж. Өнөөдөр сургууль төгсөөд ажилд орж байгаа
залуу хүн, энэ салбарт 20 жил ажилласан сэтгүүлч хоёр шинэ ажлын байранд очлоо
гэхэд адилхан цалин хөлстэй буюу гарааны нөхцөл нь ижил төвшинд байгаа.
Ийм байхад сэтгүүлч хүн өөрийгөө хөгжүүлэх, үнэлэмжээ нэмэх
талаар нэг их санаа зовохгүй. Тэр нь эргээд сэтгүүлзүй гэдэг салбарынхаа чанарт
нөлөөлөөд байна. Үнэхээр чадвартай, мэргэжлийн байгууллагуудын бий болгосон
шалгуур үзүүлэлтүүдийг давж чадсан тэр сэтгүүлчийг хаана ч очсон тэдэн
төгрөгөөс доош цалин олгохгүй гэдэг ч юм уу, ер нь ийм үнэлэмжийг бий
болгомоор байгаа юм. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийг ажилласан жилээр нь үнэлж
болохгүй. Олон жил ажилласан боловч чадвар муутай сэтгүүлч зөндөө байдаг. Гэтэл
гуравхан жил ажиллаж байгаа ч 30 жил ажилласан сэтгүүлчээс илүү чадвартай бол
тэр хүн илүү цалин авдаг, илүү үнэлэгддэг л байх ёстой.
-Өнөөдөр сэтгүүлзүйтэй холбоотой их олон шүүмжлэл явдаг. Тухайлбал,
хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэтэрхий олон байна. Үүнийг цөөлж хаая гэх нь ч бий?
-Ямар нэгэн байдлаар хаалт, цензур тавьж ерөөсөө болохгүй. Зах
зээлийнхээ жам ёсоор шалгарч үлдэх нь үлдээд, дампуурах нь дампуурна.
Хувь хүн хөрөнгөө оруулаад, эрсдлээ өөрөө үүрээд явж байгаа бизнест ямар
ч хаалт хэрэггүй. Хууль зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг нь
үүрүүлээд бусад жам ёсны асуудлыг зах зээлд нь даатгаад л орхичих хэрэгтэй шүү
дээ. Амьдрах нь амьдраад, дампуурах нь дампуураад нэг л мэдэхэд манай зах
зээлийн багтаамж, чадавхид таарсан цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл
үлдэнэ. Ердөө цаг хугацааны л асуудал. 1990-ээд оны эхний хагаст гарч байсан
мянга гаруй сониноос өнөөдөр хэд нь байна?
-Үндэсний сэтгүүлзүйн түүхийн хоёр дахь зуун эхэлж байна. Энэ
сайхан мөчид та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Мэдээж 100 жилийн
дараахыг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа бол?
-Үндэсний сэтгүүлзүй
маань нэгэн зууны түүхээ дэвтэрлэж дуусаад хоёр дахь зууныхаа шинэ хуудсыг нээж
байгаа ийм сонин мөчид бид ярилцаж сууна. Үндэсний сэтгүүлзүй 101 дэх жилийн
эхний хуудсаа нээж буй энэ мөчид тус салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн
бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчиддээ хандаж уриалах нэг
зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага нь ямар байх
вэ, бид юунд зорьж тэмүүлэх ёстой вэ гэдгээ хамтдаа тодорхойлж, үзэл баримтлал,
хөгжлийн чиг хандлагаа томъёолъё гэж байгаа юм. МСЭ энэ ажлыг зохион байгуулъя.
Та нар маань дэмжээрэй, оролцоорой гэж уриалъя. Нэгэн зууны
туршид бидэнтэй үргэлж хамт байж, хөгжүүлж, ийм том салбар болоход үлэмжийн
хувь нэмэр оруулсан нийт уншигч, үзэгч, хэрэглэгч, олон түмэндээ талархал
илэрхийлье. Энэ салбарыг бий болгохын төлөө зүтгэж, тэмцэж явсан, түүнийхээ
төлөө сайн, муугаар хэлүүлж явсан ахмад үеийнхэн, энэ салбарыг зах зээлийн жам
ёсны гольдролд нь оруулах гэж, шинэ сэтгүүл зүйг бий болгох гэж эр зориг гарган
тэмцэж явсан чөлөөт хэвлэлийн анхдагчид, тэдний гаргасан зам мөрөөр өнөөдөр
Монголын сэтгүүлзүйг өдий дайны авч яваа хөрөнгө оруулагчид, энэ салбарт
ажиллаж байгаа нийт хүмүүстээ баярлалаа.
Бүгдэд нь шинэ зууны, үндэсний сэтгүүлзүйн хоёр дахь зууны эхний
өдрийн мэндийг хүргээд, ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан Г.Ганчимэг
(“Зууны мэдээ” сонин.
2014.03.06-ны дугаарт нийтлэгдсэн)
Эх сурвалж:
http://www.ikon.mn/n/4yf
Labels:
Ардчилал,
Иргэний сэтгүүлзүй,
Сэтгүүлзүй,
Цагийн өнгө
Sunday, March 02, 2014
"Тэнгэрийн аялгуу" жүжиг
Миний бичсэн "Тэнгэрийн аялгуу" нэг хүний жүжгийг маань энэ цаг үеийн авьяаслаг жүжигчдийн нэг Ц.Баясгалан тоглох гэж байна. "Тэнгэрийн аялгуу" бол эхийн хайр, ерөөсөө байгаль ертөнцөө, хүн хүнээ хайрлахын утга учрыг өгүүлсэн моно мюзикл юм. Найруулагчаар нь яг одоо дэлгэцнээ гарч буй "Анирлагч" киног найруулсан залуу найруулагч Д.Сангибат ажиллаж байгаа. Энэ залуу үзэгчдийн хувьд битүү морь байж мэдэх ч урлагийн хүрээнийхний тухайд авьяас сэтгэлгээ нь аль эрт анзаарагдсан хүн.
Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан өмнө нь миний "Эсрэг дурлал"-д үнэхээр сайхан хөгжим бичсэн. Энэ удаад ч бас гайхалтай сайхан аялгуу төрүүлсэн байна лээ.
Ерөнхий зураач Ц.Энхтуяа бол урлагийн үнэнч цэрэг, гоо сайхны мэдрэмж сайтай, гараас нь муу бүтээл гардаггүйг үзэгчид маань мэднэ. Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр тоглох гэж буй энэ жүжигт маань Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Ер нь бол үзэгчдийг догдлуулсан гэгээн тунгалаг, гэрэлтэй сайхан жүжиг болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл Баясгалан маань сайн жүжигчин, сайн дуучин, ард нь ажиллаж байгаа баг ч бас мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон билээ.
Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан өмнө нь миний "Эсрэг дурлал"-д үнэхээр сайхан хөгжим бичсэн. Энэ удаад ч бас гайхалтай сайхан аялгуу төрүүлсэн байна лээ.
Ерөнхий зураач Ц.Энхтуяа бол урлагийн үнэнч цэрэг, гоо сайхны мэдрэмж сайтай, гараас нь муу бүтээл гардаггүйг үзэгчид маань мэднэ. Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр тоглох гэж буй энэ жүжигт маань Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Ер нь бол үзэгчдийг догдлуулсан гэгээн тунгалаг, гэрэлтэй сайхан жүжиг болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл Баясгалан маань сайн жүжигчин, сайн дуучин, ард нь ажиллаж байгаа баг ч бас мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон билээ.
Subscribe to:
Posts (Atom)