Friday, May 07, 2010

Бар жилийн гэрэл сүүдрийг бөөгийн онго зурагласан нь

Б.Галаарид

Жилийн өнгийг янз бүрээр шинжих нь монголчуудын төдийгүй Азийн ард түмний өвөрмөц нэгэн соёл билээ. Энэ жил буюу бар жилийн өнгө улс орны хувьд ямар байхыг 2010 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу сар шинэдийн үеэр халх бөө Уртаагийн онго сахиус хэрхэн хэлснийг буулгаж авсан боловч цаг нь хараахан болоогүй хэмээн хорьсоор олны сонорт үл хүргэн өдий болов. Гэтэл саяхны нэгэн өдөр мөнөөх онго маань “Дээр миний хэлснийг дэлгэж хүргэвэл хүргэ” хэмээн найр тавьсан тул уншигч танаа сонирхуулж байна. Энд өгүүлсэн бүхнийг хэрхэн хүлээн авч тайлах, итгэх эсэх нь эрхэм уншигч таны хэрэг бөгөөд юутай ч санааны мухарт хадгалж яваад бар жил шилжирч, туулай жил морилон ирэх цаг дор шүүж үзвээс сонин байх болов уу хэмээн бодно. “Гэрэлт Цалиг” гадаад дотоод, эрт эдүгээгийн зөнч мэргэдийн айлдвар, бошгыг цаашид ч үргэлжлүүлэн сонирхуулах болно.

Хаан төрд хатуу
Харц олонд ээлтэй жил
Хар ямаа хаданд гарч
Хатад хүүхнүүд харьд одох нь ихсэх жил
Дундуур суудалтангууд дүүрэн идэштэй
Дээгүүр суудалтангууд дэнжигнэх нь их жил
Дундаас доошхи нь дээрээс хаясан дутуу мөлжүүртэй ясыг мэрнэ.
Дэлүү дүүрсэн өвчин дээш доошгүй газар авна.
Дэгдсэн хуй салхи дөрвөн удаа болно.
Холхисон муу хүмүүс хойд урдаас доншуучилж
Хор болохоос биш хотол олонд нэмэр нь үгүй юм.
Чивээр дамждаг өвчин
Чивэлтэй болгонд хүрэх нь.
Дайрлага өвчин гарах нь
Даамай их ус харагдах нь
Далай харин усаар дутах нь
Дорой буурай ядуус дотогшоогоо хумигдах нь
Хавартаа үертэй, намартаа салхитай байх нь
Үнэнч шударга нэг нь өөдөө дээшээ дэвших цаг
Өс санасан хүн өөрөө нүхэнд унах цаг
Хатуу дарсыг хэрэглээд харалган болох нь их
Өндөр дээд хаадаас өвчнөөр гурав нь үхнэ
Дээлээ гурав нь нөмөрнө
Хараалаар гурав нь үхэж хадганд биеэ ороолгоно
Жаргал нь хэтэрхий дэндээд жамаараа хоёр нь үхнэ
Үр хүүхэс олширно
Өтгөс хөгшид баярлах нь их
Төрийн төлөө гэсэн хөгшид
Түмнээс хишгээ хүртэнэ
Үхсэнээс үлдсэн мал нь өт мэт үржинэ
Өнчин үлдсэн ботго ч гэсэн
Өнөр олуул болж үржинэ
Үүнээс хойш мал үржинэ
Хаан эзэн нь харц мэт
Харь хүнээс хормой тосч гуйлга гуйна
Хатад хүүхнүүд нь боол мэт
Харийн хүнээс хатуу эд горьдоно
Хар чулуу үнэд орж
Хатад хүүхнүүд толгойд гарна
Шар чулуу үнэд хүрч
Шашин шүтлэг хөсөр унана
Уул усаа дээдэлж
Удмын онгодоо дуудах нь ихэснэ
Түмний төлөө тэрэгний морь мэт зүтгэнэ хэмээвч
Тэр нь цаанаа тэврээ түнтийлгэж, тэмээн чинээ олз харж байх юм
Уулгалан дайрч улайран зүтгэвч
Улсын өмнө гарч чадахгүй нь олон
Саруул ухаантан гэгээн бодлоготон олон болно
Сайн цагийн гэгээн үрс будаа мэт үржинэ
Төрөл дээшилж амьдрах
Төр түмний төлөө сайн үрс төрөх нь
Тариа будаа таригсдын хувьтай нь хувиа хүртэж
Хувьгүй нь хурын усанд хуу хамуулна
Даяарт танигдсан хүчтэнүүд
Далай Монголын нэрийг гаргана
Харьд танигдсан хүчтэнүүд
Хамаг Монголын сүрийг гаргана
Хаан төрийн үйлд
Хатас хүүхний хошууг бүү дэвсүүл
Өмнө үзэгдээгүй өнгөтөн үнэртэн
Өнөө жил онцгой сайхан ургана
Түмэн эмийн ургамал буман янзаар дэлгэрнэ.
Түүнийг таньдаг нь байвал
Түмнийг хамарсан түйвээнт
Олныг хамарсан айдаст өвчнийг дарна.
Уул усаа хайрладаг ухаантан олон болно
Ямхын чинээ боловч үнэн ямагт дийлдгийг бод
Чимхийн чинээ боловч чин шударга давдгийг сана
Өвгөдийн буяныг барах нь их байна
Өтгөсийн буяныг үрэх нь их байна
Өөрийн гэсэн галгүй мөртөө
Өрөөлийн галыг булаахыг хүсэгчид олон болно.
Газар хагарч галав юүлж мэднэ
Гай нь харин гадуур өнгөрнө
Харь хүн хар будаа авчирч
Хамаг олноор хулгана мэт цацах нь
Хаалга үүдээ харуулдаж
Хаяа хамраа манаж суумаар
Хаан төрд эзэн байвал сонс
Хамаг олонд нүд байвал хар
Үнэрлэж мэдэцгээ, үелж хөөцгөө.
Хожуу боловч дэлгэр зун болно
Өвөл нь ч гэсэн богино болно.
Өөрсдөө гараа хөдөлгөлгүй
Өрөөлөөс ихийг авах гэгсэд олон болно
Хурууны үзүүр хөдөлгөөд
Хуу хамах санаатан их болно
Харагдсаар байгаа их эдийг
Хайрлаж гамнахын оронд
Харин ч илүүг овоолоод
Идэж чадахгүй хаяна гэнэ.
Хатад хүүхнээ төрийн толгойд хамаагүй битгий гарга
Харийн муу санаатангуудаас хамаг нутгаа харамла.
Уртаа бөөгийн онго ийн айлдсаар нэлээд уджээ. Энэ зуур зарим хэлсэн зүйл нь нэгэнт биелжээ. Бар жил өндөрлөх хүртэл есөн сарын зай байна. Энэ зуур юу болохыг харж, харьцуулж суух л үлдлээ.
Харин “Харь хүн хар будаа авчирч хамаг олноор хулгана мэт цацах нь. Хаалга үүдээ харуулдаж хаяа хамраа манаж суумаар. Хаан төрд эзэн байвал сонс, хамаг олонд нүд байвал хар” гэдгийн тухайд харь муу хүн хар өнгөтэй будаа мэт зүйлийг хилээр оруулж, хаа сайгүй тараах аюул байна, хотол олноороо хойноос нь хөөцөлдөхгүй бол баригдахгүй, бас гай нь дуусахгүй шүү хэмээн онцолж захисныг дурдсу. “Өөрийн гэсэн галгүй мөртөө өрөөлийн галыг булаахыг хүсэгчид олон болно” гэсэн нь аав ээжийн голомтоос тасалсан галтай айл ховорджээ, тэгсэн атлаа өвгөдийн галаа шүтэж өнгөтэй өөдтэй яваа нэгнээ атаархлын нүдээрхарж, илүүд үзэх нь их байна хэмээн тайлсан билээ. Энэ мэтээр үг өгүүлбэр болгонд нь утга учир буйг анхаарч болгооно буй заа.
2010.05.05.
"Гэрэлт Цалиг" сонин №15 (46)

9 comments:

A.Амарсайхан said...

Дээдсээс хэн чадхийх юм бол доо хөөрхий.

Arsun said...

Өнөөгийн байдлыг яг л хэлсэн байна шүү дээ.

oldoshaksli said...

Yuruul butej
haraal tonilohiin
YURUUL urguyu.

Mendee said...

Би энэ бөө, мэргэн түргэн далдыш харагч нарт нэг л итгэдэггүй юмаа.

Mendee said...

Би энэ бөө, мэргэн түргэн далдыг харагч нарт нэг л итгэдэггүй юмаа.

Egel1n said...

Urid ni endees bo'ogiin helsen bar jiliin o'ngoiin tuhai unshij bsan maani doorhi niitleliig unshaad genet sanaand orson tul end oruulalaa.
-----------------------------------
Таван тонн үл мэдэгдэх бодис орж ирсэн байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүсийн мэдээлж буйгаар Замын -Үүдээс ирсэн 702-746 дугаарын вагонд үл мэдэгдэх, ямар ч дагалдах баримт, бичиггүй таван тонн химийн бодис ачсан байсныг илрүүлжээ.

Тус химийн бодисыг ачуулсан эзэн холбогдогч хар тугалгын эсэл гэж мэдүүлсэн байна. Гэвч энэ бодисонд ямар ч гаалийн татвар, дагалдах баримт байхгүй байгаа аж. Хэрвээ хар тугалгын эсэл мөн бол 120-130 сая төгрөгний үнэ хүрэх бодис юм байна.

Тус бодисыг одоо холбогдох хуулийн байгууллагууд шалган тогтоох юм.

Eh survalj:
http://news.gogo.mn/r/71590

Anonymous said...

sain bna u?Tanias yum auux gsen yum, svvliin ued boo mash ixeer todorch bna,xvn ugaa awaad boo bolonguuta l yum vzej xardag boldog yum u,xaraad baixnaa zarim ni shvleglej baixad zarim ni jiriin engiin yariagaar yarij buuj baix yum. Ene yag yunaas bolj ingedeg yum bol?Ene buult bol ix saixan shvleglej buusan baina shvv de. Tanid bayarlalaa, ix sonirxoltoi niitlel baina. Jemchug_s

galaarid said...

galaarid@gmail.com hayagaar holdogdooroi.

Anonymous said...

Ene boogiin talaar medeelel oruulaach